| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2024/0184/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/200 |
| Огноо | 2024-09-04 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Н.Цогням |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунболд,
Улсын яллагч Н.Цогням,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ******* аймгийн ******* сумын 10 дугаар баг “Оготнотой булаг”-ийн тоглоомын талбайд гээгдүүлсэн Самсунг АЗЗ маркийн гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас насанд хүрээгүй хохирогч *******т 440.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Насанд хүрээгүй хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ... 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагийн үед ******* аймгийн ******* сумын Оготнотой булаг дээр ангийнхантайгаа хамт очоод мод тарих гэж байгаад болиод тоглосон. Тэгэхдээ гадуур өмсөж байсан цагаан өнгийн майкандаа гар утсаа ороогоод сандал дээр тавьсан байсан, 2-3 цаг тоглоод явахдаа цаг майкнаасаа гар утсаа авах гэтэл байхгүй байсан. Тэгээд утас руугаа залгахад холбогдоод дуудаад байсан. 3-ийн эсрэг 3-ийн сагсны талбай дээр тоглосон. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Манай ангиас 11-12 хүүхэд байсан, мөн танихгүй хүүхдүүд байсан. Тэгээд хажуу талын 5-ийн эсрэг 5-ийн том сагсны хэсэг рүү орсон. Тэгэхдээ юм аа аваагүй үлдээсэн байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/,
Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн ... Би дугаарыг эзэмшиж, ашигладаггүй. Тухайн дугаарыг манай төрсөн дүүгийн эхнэр буюу ******* нь эзэмшиж ашигладаг. Учир нь 2023 оны намар байсан санагдаж байна, ******* нь “Мобикомоос гэр интернэт авах гэсэн юм, хөдөөний хүнд өгөхгүй гэж байна, та нэр дээрээ дугаар аваад өгөөч” гэхээр нь өөрийн нэр дээр дугаарыг *******т авч өгсөн. Тухайн дугаар нь гэр интернэтийн дугаар байгаа юм. Одоо хүртэл ашиглаж байгаа гэсэн. ******* рүү залгахад “таны гэр интернэтэд авч өгсөн дугаарыг утас олоод хийсэн чинь цагдаагаас ярьсан” гэж хэлсэн. Би тухайн үед нөгөө авч өгсөн дугаараа ч мартсан байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/,
Яллагдагч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн ... Миний хувьд гар утас олсон нь үнэн. Тэгээд эзэнд нь бүтнээр нь хүлээлгэж өгсөн. Тиймээс уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.
Манайх ******* аймгийн сумын 1 дүгээр багийн нутагт байдаг. Би 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хөдөө гэрээсээ аймгийн төвд орж ирсэн ба маргааш өдөр нь буюу 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн үдээс хойш 16-17 цагийн үед ******* аймгийн Оготонотой булгийн хажуугийн хүүхдийн тоглоомын талбай дээр явж байтал Сагсан бөмбөгийн тайлбай сандлын доод талаар цайвар цэнхэр өнгийн гар утсыг олсон. Тухайн утас асаалттай байсан ба эзнийг нь залгах байх гээд 2 хоног утсыг унтраагаагүй. Хөдөө явах хугацаа болсон хөдөө аваад явсан, манай хөдөө гэрт гар утасны сүлжээ барьдаггүй. Тэгээд 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр аймагт орж ирэхдээ нөгөө гар утасныхаа түгжээг гар утас засварын газарт тайлуулаад өөрийн дугаарыг хийгээд тэр өдөртөө хөдөө гэр лүүгээ явсан. Тэгтэл 2024 оны 07 дугаар сард цагдаагаас намайг дуудсан тул очиж уулзахад бусдын гээгдүүлсэн гар утсыг та олсон байна гэж хэсэн. Тэгээд би гар утсыг цагдаагийн ажилтанд хүлээлгэн өгсөн. Эд зүйл олоод Цагдаагийн байгууллагад авчирч өгөх ёстой талаар сайн мэдээгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52/,
Энх-нахиа ХХК-ийн 2024 оны 07 сарын 16-ны өдрийн 123 дугаартай “...Эд зүйлийн нийт үнэ 440.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-31/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,
Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 53, 55-58, 60-63/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;
Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ******* аймгийн ******* сумын 10 дугаар баг “Оготнотой булаг”-ийн тоглоомын талбайд гээгдүүлсэн Самсунг АЗЗ маркийн гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас насанд хүрээгүй хохирогч *******т 440.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Насанд хүрээгүй хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-17/, Гэрч *******ийн мэдүүлэг /хх-ийн 24-25/, шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хх-ийн 51-52/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, ******* аймгийн прокурорын газраас *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *******ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч нь гар утсаа биет байдлаар хүлээн авсан тул шүүгдэгч *******ээс нэхэмжлэх зүйлгүй талаараа илэрхийлсэн байна.
Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийг таваг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* нь уг хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА