Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2022/00838

 

 

 

 

 

 

 

 

 

                               2022         03            15

                               184/ШШ2022/00838

              

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Н-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.О-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,160,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуундарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Н, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

...2019 оны 5 дугаар сард 1,000,000 төгрөгийг зээлдүүлж, зээлийн гэрээ байгуулсан. Түүнээс хариуцагч 270,000 төгрөгийг нь төлсөн байх үедээ үлдэгдэл 730,000 төгрөг дээрээ нэмээд, 1,190,000 төгрөг зээлж авсан. Тухайн үед нотариат дээр гэрээтэйгээ танилцаад, хүлээн зөвшөөрч байгаа учраас С.О гарын үсгээ зурж, баталгаажуулсан. Баримтыг нь хэрэгт хавсаргасан. Үлдэгдэл 800,000 гаруй төгрөгийг төлөөгүй байхдаа тэр мөнгө дээрээ нэмээд Сүрэнжавын Отэй 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 2,000,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй 1 сарын хугацаатайгаар 2019 оны 7 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл зээлүүлсэн. Тэр мөнгөнөөсөө 2019 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 50,000 төгрөг, 7 дугаар сарын 10-ны өдөр 50,000 төгрөг, нийт 100,000 төгрөгийг Б.Нд буцааж өгсөн.

Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч С.О нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөдрийг хүрч байна. Зээлийн гэрээний 3.7-д зааснаар үүргийн гүйцэтгэлийн хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Гэхдээ манайх энэ алдангийг нэхэмжлэхгүй байгаа бөгөөд зөвхөн 1 сарын хүү болох 160,000 төгрөгийг үндсэн мөнгө дээрээ нэмж авахаар буюу нийт 2,160,000 төгрөгийг хариуцагч С.Оээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

1,190,000 төгрөгийг хариуцагчийн дансруу шилжүүлсэн, хариуцагчаас 100,000 төгрөг буцааж өгсөнтэй маргахгүй. Өмнө зээлсэн зээлийн үлдэгдэл дээр нэмж зээлсэн зээл, хүүгийн хамт нийт 2,160,000 төгрөгөөс төлсөн 100,000 төгрөгийг хасахад татгалзах зүйлгүй гэжээ.  

 

Хариуцагч С.О, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ маргаан нь 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой. Зээлийн гэрээний 3.4-д зээлийг бэлэн бусаар С.Оийн дансанд шилжүүлнэ гэж заасан. Гэхдээ зээлийг бэлнээр өгсөн байхыг үгүйсгэхгүй хэдий ч өгсөн гэдгээ нотлох хэрэгтэй. С.Оийн дансанд шилжүүлсэн мөнгийг нь харахаар 1,190,000 төгрөг байна. Үүнийг зээлийн гэрээнд заасан зээлүүлэгчийн үүргээ зохих журмаар гүйцэтгээгүй гэж үзэж байна. Тиймээс шилжүүлсэн мөнгөний хэмжээгээр хүүгийн төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй.

Хэрэв талуудын хооронд өмнөх 1,000,000 төгрөгийн асуудал байлаа гэж бодоход тэрийгээ дараа нь нэхэмжлэх боломжтой. Өнөөдрийн маргаан бол 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан зээлтэй холбоотой. 2019 оны 5 дугаар сард шилжүүлсэн гэх 1,000,000 төгрөг энэ хэрэгт ямар ч хамааралгүй. Хэрэв тийм асуудал байгаа бол нотлох баримтаа гаргаад тусдаа нэхэмжилж болно.

С.О хэлэхдээ 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 1,190,000 төгрөгийг авсан л гэж хэлсэн. 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 2,000,000 төгрөг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Харин шилжүүлсэн хэмжээнд буюу 1,190,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Түүнээс 2019 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 50,000 төгрөг, 7 дугаар сарын 10-ны өдөр 50,000 төгрөг, нийт 100,000 төгрөгийг Б.Нд буцааж өгсөн гэжээ.

 

- Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт. Үүнд: Зээлийн гэрээ, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Голомт банк, Хаан банкны дансны хуулга.

 

- Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт. Үүнд: Хаан банкны депозит дансны хуулга.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч С.Од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,160,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,090,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрсөн тайлбарыг гарган мэтгэлцдэг.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 1,185,200 төгрөгийг хангаж, үлдэх 974,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч С.Отэй 2019 оны 6 сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, сарын 8 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлүүлэхээр, зээлэхээр харилцан тохиролцсон байх бөгөөд зээлдүүлэгч нь 1,190,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн, зээлээс 100,000 төгрөгийг зээлдэгч буцаан төлсөн талаар талууд маргадаггүй.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлийн харилцаа үүссэн байх ба тэдний хооронд байгуулагдсан энэхүү зээлийн гэрээ /хх 3, 4/ нь хүчин төгөлдөр хэлцэл тул нэхэмжлэгч нь уг гэрээний дагуу зээлийн үүргийг шаардах эрхтэй болно.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.3 “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж заасны дагуу зээлийн гэрээнд харилцан тохиролцож хүү тогтоосон, гэрээг бичгээр байгуулсан тул мөн зээлийн хүүг шаардсан байна.

 

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас ...өмнөх 1 сая төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмж зээл хүссэний дагуу 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 2 сая төгрөгийн гэрээ байгуулж 1,190,000 төгрөгийг шилжүүлсэн нь үнэн, тухайн өдөр 2 сая төгрөг шилжүүлээгүй. 2 зээл нийлээд 2,000,000 төгрөг тул хүү 160,000 төгрөгийн хамт нэхэмжилж байгаа, төлсөн 100,000 төгрөгийг хасч тооцож болно гэж, хариуцагч тал нь ...Өмнөх 1 сая төгрөгийн зээл тусдаа. Энэ бол 6 сарын 7-ны өдрийн зээл бөгөөд энэ зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч шаардаж байгаа тул зээлүүлсэн буюу шилжүүлсэн 1,190,000 төгрөгийг, хүүгийн хамт хариуцана, үүнээс төлсөн 100,000 төгрөг хасагдах учиртай гэж тайлбар гаргадаг.

 

Талууд 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээгээр ...2,000,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, бэлэн бусаар Хаан банкны Оийн 5022842243 тоот дансанд мөнгийг шилжүүлнэ гэж тохиролцсон хэдий ч тухайн өдөр зээлдүүлэгчээс зээлдэгчийн данс руу 1,190,000 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч болон хариуцагч нарын ХААН банкны дансны хуулгаар /хх 29-31, 39, 40/ нотлогддог. Энэ үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөгийн зээлийн харилцаа үүсээгүй, харин 1,190,000 төгрөгийн зээлийн харилцаа үүссэн ба дээр дурдсан хууль болон гэрээнд заасны дагуу зээлдэгч С.Од шилжүүлсэн авсан хөрөнгөө буюу 1,190,000 төгрөгийн зээл, түүний хүүг буцаан төлөх үүрэг үүснэ гэж шүүхээс дүгнэлээ.

 

Зээлийн гэрээний үүрэг болох зээл 1,190,000 төгрөг, түүний 8 хувийн хүү 95,200 төгрөг, нийт 1,285,200 төгрөгийг зээлдэгч буюу хариуцагч С.О нь зээлдүүлэгч буюу Б.Нд буцаан төлөх үүрэгтэй. Үүнээс 100,000 төгрөг төлсөн талаар талууд маргадаггүй тул хариуцагчид зээлийн үүрэгт 1,185,200 төгрөгийг хариуцуулах нь зүйтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 974,800 төгрөгийн хувьд 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч шаардах эрхгүй болно.

   

Иймд хариуцагч С.Оээс 1,185,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 974,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 49,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хангагдсан нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 32,995 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Оээс 1,185,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 974,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 49,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Оээс улсын тэмдэгтийн хураамж 32,995 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Нд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.АМИН-ЭРДЭНЭ