Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/288

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг

Улсын яллагч Э.Ундармаа

Иргэний нэхэмжлэгч *******

Хохирогч *******

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Урансувд

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хүрэлсүх

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Ундармаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421001800178 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1963 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Багшийн коллежийн 5 дугаар байрны 8 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 18 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Нарлаг худалдааны төвийн зүүн талын уулзвар замд улсын дугаартай Ниссан санни маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, мөн дүрмийн 12.3-д зааснаар жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч *******г мөргөж улмаар биед нь бүсэлхийн L2 дугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун дунд чөмөгний доод булууны хугарал, мөгөөрсний урагдал, баруун өвдөгний жийргэвчийн урагдал, зөөлөн эдийн няцрал, шөрмөсний суналт, зүүн шуу, тохойнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өөрийн буруутай үйлдлээс болж гэмт хэрэг үйлдсэндээ, хүний биед гэмтэл учруулсандаа харамсаж байна. Миний бие хуулийн дагуу гарсан хохирол төлбөрийг барагдуулж дуусгана. Мөн хохирогчоос уучлалт хүсэж байна...” гэв.

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний бие 04 дүгээр сарын 10-ны өдөр сургуулиас нь хоёр ачийгаа авч, дэлгүүр ороод харих замдаа авто машины осолд орж шүүгдэгчийн машинд дайруулсан. Тухайн ослоос үүдэж хөл гар, нуруу сээр, өвдгөө хугалуулж, 100 хувийн асаргаанд орж, тэр дороо шээс сул болж, эмнэлэгт өмдөндөө шээж очоод тэр үеэс хойш живх хэрэглэдэг болсон. Мөн хэвлий маань гэмтсэн. Одоо ч миний бие сайжраагүй, хурдан шээхгүй бол өмдөндөө шээж байгаа. Цаашид хөл гарын иж бүрэн хагалгаанд орох шаардлагатай бөгөөд сэтгэл санаагаар маш их хохирсон. Одоо ч асаргаанд байгаа, өөрийнхөө хүслээр явж чадахгүй сэтгэл санааны гутралтай, өдөр шөнөгүй хөл гар өвдөж, өвчин намдаах тариагаар амьдарч байна. Одоо 01 дүгээр сард хагалгаанд орох хүртэл таягтайгаа тачигнаж хагалгааны хүндрэл ирээдүйд эрүүл саруул байх нь тодорхойгүй. Тиймээс өөрийнхөө эрүүл саруул байсан үеийнхээ хөл гартай болмоор байна. Сэтгэл санааныхаа хохирлыг дээд хэмжээгээр тогтоолгуулж, хагалгааны төлбөр гаргуулах хүсэлтэй байна. ...Ирээдүйд би эрүүл саруул, хазгар доголон алин болох нь мэдэгдэхгүй байгаа учраас өөрийнхөө төлөө хохирлын мөнгө төгрөгийг зарцуулна гэж бодож байна. Би маш их сэтгэл санааны гутралтай байгаа бөгөөд бараг намайг дайраад нэг мөсөн хөнөөчихгүй яав даа гэж бодож байна. Шүүгдэгч өөрөө намайг хэвтэрт, живхэнд өгзгөө түлсэн байхыг хэд хэдэн удаа харсан. Байнгын шээс алдаж хэчнээн боодол живх хэрэглэж байнгын өвчин намдаагч уусаар эм тарианы хордлогод орж ходоод гэдэс өвдөж мөөгөнцөртсөн. Зөвхөн эдгээр гэмтлүүдээс гадна бусад эрхтнээрээ хохирч эмэгтэйчүүдийн эмнэлгээр явсан хохирлыг гаргаж өгөөгүй байгаа. Би өдөр хоногийг арай л өнгөрөөж байна. Үр хүүхдээ зовоосон. Ялангуяа миний хүү хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан бөгөөд миний гол асрагч байсан учраас 2 сар гаруй хугацаанд ажлаа тасалсан. Дээрээс нь хот, хөдөөд амьдардаг хүүхдүүд маань хаа хол Баян-Өлгий аймаг, Улаанбаатар хотоос ирсэн. Ирэх 01 сард хагалгаанд ороход мөн адил хүүхдүүд маань цугларна. Хагалгаанд орлоо гэхэд тухайн үед хагалгааны төлбөрийг бөөнд нь өгөх цувруулж өгөх яваад өгөх эсэх нь тодорхойгүй байна. Сая шүүх хуралдаанд хэлсэн шиг сайхан сэтгэл надад гаргаагүй. Эхнэр хүүхэд нь надтай уулзаагүй бөгөөд осолд ордог орой хүлээн авах газар нэг очсон. Би намайг эмнэлэгт хэвтүүлж эмнэлгийн тусламж үзүүлээд өгөөч гээд уйлаад сууж байсан. Өөрөө бол надтай хэд хэдэн удаа уулзаж боорцог сүү бариад ирдэг байсан. Миний хүү эрүүл саруул байсан ээжийг минь та яаж байгаа юм гэж хэлсэн. Өмнө нь би дуулж, бүжиглэсэн тэгшхэн хөлтэй хүн байсан байтал өнөөдөр би бүх хөдөлгөөнөө хасуулж сэтгэл санааны гутралтай гэрийн буг болсон. Би насаараа гэртээ суух, ирээдүйд юу болох нь тодорхойгүй байна. Би одоо үхэхийг хүсэхгүй байна, өөрийгөө бие гайгүй хэдэн жил насална гэж бодож байгаа. Миний ирээдүй маш бүрхэг байна. Өвчиндөө шаналж фейсбүүк дээр байгаа элдэв янзын зүйл түрхэж байгаа...” гэв.

Иргэний нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний бие ээжийгээ 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл яг 64 хоног асарсан. Тиймээс шүүгдэгчээс ажлаа хийгээд олох байсан орлого 13,263,800 төгрөгийг нэхэмжилж байгаа...” гэв.

Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 10-ны орой 18 цагийн үед Хэрлэн сумын 6 дугаар баг Нарлаг төвийн баруун талын зам буюу замын зүүн хэсгээр хойд зүгт чиглэн хоёр ач болох , нарыг сургуулиас нь авчхаад явж байхад нүдний буланд баруун талаас цагаан саарал өнгийн машин харагдсан бөгөөд тухайн машины жолооч намайг машинаараа мөргөж, үүний дараа тухайн машин Нарлаг худалдааны төвийн зогсоол дээр машинтайгаа очиж зогссон. ...тухайн машины жолооч нь нэлээн согтуу байсан бөгөөд миний баруун хөлийн тойг, нурууны сэртэн яс хугарч олон тооны гэмтэл учирсан байна. ...Миний хувьд гомдолтой байгаа бөгөөд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гэртээ ганцаараа байж байхад манай найз нь Агар нэртэй 0,5 литрийн савлагаатай 1 шил архи бариад миний санаж байгаагаар 13-14 цагийн үед орж ирсэн. Харин манайд тал шил архи байсан бөгөөд бид хоёр тухайн хоёр шил архийг хуваан ууцгаагаад юм яриад суусан. Улмаар 17 цагийн үед тэрээр согтоод нэлээн халсан байдалтай харагдсан бөгөөд гэр рүүгээ явлаа гээд манайхаас гарсан. Түүний гэр нь Хэрлэн сумын 6 дугаар баг 25 дугаар байранд байдаг. Маргааш нь буюу 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр над руу залгаад "өвгөн нь танайхаас гараад машинаа унаад явчихжээ.  Машинаа унаж явж байхдаа хүн мөргөсөн байна" гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хувьд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч ажилтай. 2024 оны 04 дүгээр сарын 10-ны орой 18 цагаас 23 цаг хүртэл тус тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Ч.ын хамт оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд буюу 2024 оны 04 дүгээр сарын 10-ны орой 18 цаг 30 минутаас 40 минутын үед жижүүрийн 102 дугаараас "Хэрлэн сумын 6 дугаар баг 24 дүгээр байрны зүүн талд буюу Нарлаг худалдааны төвийн баруун урд хэсэгт согтуу жолооч хүн мөргөлөө" гэсэн утгатай дуудлага мэдээлэл ирүүлсэн. Хэргийн газарт ойролцоогоор 2-3 минутын дараа ирэхэд хохирогч нь Хэрлэн сумын 6 дугаар баг Нарлаг худалдааны төвийн баруун урд талын замын зүүн хэсэгт дайруулсан байдалтай газарт сууж байсан. Харин жолооч гэх нь хэргийн газраас хойд зүгт ойролцоогоор 20-30 метр зайд буюу Нарлаг худалдааны төвийн авто зогсоол дээр машинаа зогсоочихсон, машин дотроо согтуу буюу өөрийгөө хянах чадваргүй сууж байсан. Юу болсон талаар жолоочоос тодруултал ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй согтуу байсан. Ер нь хүн мөргөснөө ч мэдэхгүй, согтолтын зэрэг нь хүнд байгаа харагдсан. Улмаар хэргийн газрын хамгаалалт авч, хохирогчийг түүний ар гэрийнхэн нь авч эмнэлэг явсан. Харин бид нар жолоочийг авч яваад машиныг нь журамлаад жолоочийн согтолтын зэргийг Alcotest-7510 маркийн драгерээр хэмжихэд 4,02 хэмжээний согтолттой байсан. ...Биднийг ирэхэд осол болсон газраас 20-30 метрийн зайд зогсож байсан. Зугтаасан эсэхийг мэдэхгүй байна. Тухайн хүн өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтсон харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32/

Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Хэрлэн сумын нутаг дэвсгэрт ажилтай гадуур явж байхад ээжтэй хамт явж байсан манай ах охин над руу залгаад "эмээ машинд мөргүүлчихлээ” гэж 18 цагийн үед хэлсэн. Тэгээд би ...Нарлаг худалдааны баруун урд талд ирэхэд замын зүүн хэсэгт манай ээж нь газарт суугаад гэмтсэн байдалтай ёолоод байж байсан. Харин ээж г мөргөсөн гэх машины жолооч осол болсон газраас хойд зүгт ойролцоогоор 20-30 метрийн зайд зогсож байсан бөгөөд цагдаа нар ирээд хэргийн газрын хамгаалалт авч байсан. Тухайн үед ээжээсээ юу болсон талаар асуухад “намайг зогсож байхад машин ирээд гэнэт мөргөчихлөө, хөл хугарсан, гар бас сонин байна, жолооч нь согтуу байсан” гэж хэлж байсан. Тэгээд би ээжийгээ аваад эмнэлэгт ирсэн. ...Миний хувьд хэрэг гарсан өдрөөс хойш ээж г гардан асарч байгаа бөгөөд ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байна. Би өдөртөө 250,000-260,000 төгрөгийн орлоготой, орлогоо олж чадахгүй байгаа. Өөрийн ашигладаг Хаан банкны дугаарын дансны сүүлийн 6 сарын хуулгыг ээж гийн өмгөөлөгч Урансувдад хүлээлгэн өгсөн. Улмаар уг хэрэгт хохирогчоор оролцож байгаа ээж , өмгөөлөгч Урансувд нар нь материалаа цэгцлээд эмчилгээний зардал, асран хамгаалсан хүмүүсийн цалин, хөлс, бензин шатахуун, тээврийн зардал, ирээдүйд хийгдэх эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол зэргийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 34/

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хэргийн улмаас ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс 28,350 төгрөгийн эмчилгээ, 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгээс 20,000 төгрөгийн эмчилгээ, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс 141,480 төгрөгийн эмчилгээ, Гэмтэл согог үндэсний төвөөс 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 196,380 төгрөгийн эмчилгээ тус тус хийлгэсэн байна. Тухайн эмчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийтдээ 385,210 төгрөг зарцуулагдсан байна. Иймд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэсэн хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэх үүднээс ******* гэх хүний биед гэмтэл учирсан гэм буруутай этгээдээс уг зардлыг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 94/

Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хувьд 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 14 цагийн үед ...найз Баттулгын оршин суух Хэрлэн сумын 6 дугаар баг 23 дугаар байранд ирэхэд тэрээр ганцаараа байсан. Ингээд бид хоёр 0,5 граммын савлагаатай Агар нэртэй бүтэн архи, тал үлдээсэн байсан мөн адил Агар нэртэй архийг хуваан уугаад сууцгаасан. Тэгээд би 18 цагийн үед тэдний гэрээс гараад 25 дугаар байрны гадаа байрлуулсан байсан өөрийн эзэмшлийн Ниссан санни маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон тус байрны урдуур ертөнцийн зүгээр зүүн тийш чиглэн явсан. Улмаар Нарлаг худалдааны төвийн баруун урд талын замаар хойшоо эргэх гэж байгаад огцом хөдөлж хажуу талын шороотой хэсэг рүү орж тухайн хэсэгт явж байсан явган зорчигч *******г мөргөсөн. Улмаар би сандралд ороод хэргийн газраас хойд зүгт 20-30 метр яваад гэнэт юу болчихов гээд хүн мөргөснөө мэдээд зогссон. Улмаар тэр хавиар явж байсан хүмүүс цагдаа болон түргэн дуудсан юм байна лээ. ...Миний хувьд хэргийн газраас зугтаасан зүйл байхгүй. Согтуу байсан учраас сандарсандаа хойд зүгт чиглэн явсан бөгөөд тээврийн хэрэгслээ өөрөө зогсоосон. Тухайн үед би согтуу байсан учраас хохирогчид анхны тусламж үзүүлж чадаагүй, тэрүүгээр явж байсан хүмүүс эмнэлэг дуудаж хохирогчийг аваад явсан бөгөөд тухайн асуудлын дараа эмнэлэг рүү араас нь очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 222 тоот дүгнэлтэд:

1. *******гийн биед бүсэлхийн L2 дугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун дунд чөмөгний доод булууны хугарал, мөгөөрсний урагдал, баруун өвдөгний жийргэвчийн урагдал, зөөлөн эдийн няцрал, шөрмөсний суналт, зүүн шуу, тохойнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

3. Бүсэлхийн L2-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун дунд чөмөгний гадна булууны хугарал, мөгөөрсний урагдал, баруун өвдөгний жийргэвчийн урагдал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 39-42/

Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн магадлагаанд:

6.1.Ниссан санни маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн байна.

6.2. Явган зорчигч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь тогтоогдохгүй байна.

6.2.Ниссан санни маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь 3.7.а согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол болох гол шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна гэжээ. /хх-ийн 45-46/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээч Н.Уянгын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 15 тоот дүгнэлтэд:

1. *******гийн биед бүсэлхийн L2-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун дунд чөмөгт ясны дистал гадна булууны зөрөөгүй хугарал, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, урд чагтан холбоосын хэсэгчилсэн урагдал, дотор, гадна жийргэвч мөгөөрсний урагдал, арын чагтан холбоос, 4 толгойн булчингийн шөрмөс, тойгны холбоос, гадна болон дотор хажуугийн холбоосын суналт, зүүн шуу, тохойн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

3. Бүсэлхийн L2-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун дунд чөмөгт ясны дистал гадна булууны зөрөөгүй хугарал, урд чагтан холбоосын хэсэгчилсэн урагдал, дотор, гадна жийргэвч мөгөөрсний урагдал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул тус бүртээ хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг, арын чагтан холбоос, 4 толгойн булчингийн шөрмөс, тойгны холбоос, гадна болон дотор хажуугийн холбоосын суналт, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, тохойн зөлөөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул тус журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлтийн байдлаас хамаарна гэжээ. /хх-ийн 97-101/

- Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 08/

- Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тухай тэмдэглэл /хх-ийн 12/

- Хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14/

- Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодит хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 15/

- Зам тээврийн ослын схем зураглал /хх-ийн 16-18/

- улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19/

- Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 20/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60/

- Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 62-67/

- *******ийн хохирогчид хохирол төлбөрт 3,500,000 төгрөг төлсөн баримт /хх-ийн 69-71, 73, 114/

- Хохирогч *******гийн эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх-ийн 87-90/

- Хохирогч *******гийн Med trauma Дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх-ийн 102-104/

- Эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 105/

- Хохирогч *******гийн Асралт мед зүүн талын өвдөгний соронзон резонанст томогарафийн шинжилгээ /хх-ийн 106/

- Шинжээч Н.Уянгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 109-110/

- Шүүгдэгч *******оос хохирогч *******гийн эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөр болох 385,210 төгрөгийг төлсөн баримт /хх-ийн 113/

- Шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой шагналын баримтууд /хх-ийн 115-120/

- Хохирогч *******гаас нэхэмжилж буй хохирлын баримтууд /хх-ийн 123-143, 182-190/

- *******ын Хаан банкны тоот дансны хуулга /хх-ийн 144-178/

- Хохирогч *******гийн осолд орсон талаарх гэрэл зургууд, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 179-181/

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 196-198/

- *******ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай прокурорын тогтоол /хх-ийн 205-206/ болон иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувдаас шинээр гаргаж өгсөн *******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт 1 хуудас, шүүх хуралдааны өмнө шүүгдэгчээс хохирол төлбөрт  9,000,000 төгрөг төлсөн баримт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээрээ үнэлж шүүгдэгч *******ид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 18 цагийн орчимд согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Нарлаг худалдааны төвийн зүүн талын уулзвар замд улсын дугаартай Ниссан санни маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, мөн дүрмийн 12.3-д зааснаар жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч *******г мөргөж биед нь бүсэлхийн L2 дугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун дунд чөмөгний доод булууны хугарал, мөгөөрсний урагдал, баруун өвдөгний жийргэвчийн урагдал, зөөлөн эдийн няцрал, шөрмөсний суналт, зүүн шуу, тохойнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******, хохирогч ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, гэрч , , ******* нарын мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 222 тоот “*******гийн биед бүсэлхийн L2 дугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун дунд чөмөгний доод булууны хугарал, мөгөөрсний урагдал, баруун өвдөгний жийргэвчийн урагдал, зөөлөн эдийн няцрал, шөрмөсний суналт, зүүн шуу, тохойнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Бүсэлхийн L2-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун дунд чөмөгний гадна булууны хугарал, мөгөөрсний урагдал, баруун өвдөгний жийргэвчийн урагдал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээч Н.Уянгын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 15 тоот “*******гийн биед бүсэлхийн L2-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун дунд чөмөгт ясны дистал гадна булууны зөрөөгүй хугарал, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, урд чагтан холбоосын хэсэгчилсэн урагдал, дотор, гадна жийргэвч мөгөөрсний урагдал, арын чагтан холбоос, 4 толгойн булчингийн шөрмөс, тойгны холбоос, гадна болон дотор хажуугийн холбоосын суналт, зүүн шуу, тохойн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Бүсэлхийн L2-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун дунд чөмөгт ясны дистал гадна булууны зөрөөгүй хугарал, урд чагтан холбоосын хэсэгчилсэн урагдал, дотор, гадна жийргэвч мөгөөрсний урагдал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул тус бүртээ хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг, арын чагтан холбоос, 4 толгойн булчингийн шөрмөс, тойгны холбоос, гадна болон дотор хажуугийн холбоосын суналт, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, тохойн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул тус журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт, Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “...Ниссан санни маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн байна. Явган зорчигч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь тогтоогдохгүй байна. Ниссан санни маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь 3.7.а согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол болох гол шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна...” гэх магадлагаа, Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодит хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, зам тээврийн ослын схем зураглал, улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүнийг 2 жилийн хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Хохирогч ******* нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд энэ гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол болох эм тарианы үнэ, эмчилгээ, үзлэг оношилгооны төлбөр, шатахууны үнэ, замын зардал, ээлжилж асарч байсан хүүхдүүдийн ажилгүй байсан хугацааны цалин, бусад зардалд нийт 10,067,311 төгрөг, иргэний нэхэмжлэгч ******* нь ээж *******г асарч ажилгүй байсны улмаас олох байсан орлого 13,263,800 төгрөг нийт 23,331,111 төгрөгийг шүүгдэгч *******оос нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай болон болгоомжгүй  үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн  505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус  заасан байна.

Хохирогч *******гийн шүүхэд ирүүлсэн хохирол төлбөртэй холбоотой баримтуудыг шинжлэн судлаад нотлох баримтын шаардлага хангасан эм эмчилгээ, оношилгоонд  зарцуулсан 2,172,159 төгрөг,  бензин шатахууны зардал 1,127,311 төгрөг, хүү С. ээжийгээ асарч ажилгүй байсан 10 хоногийн цалин 1,163,720 төгрөг, бусад зардал /том хүний живх, дэвсгэр, өвдөгний бэхэлгээ/-д  355,050 төгрөг нийт 4,818,240 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд дөрөвдүгээр зэрэглэлтэй гэж хүснэгтээр тогтоон ирүүлсэн ба Улсын дээд шүүхийн 25 дугаар тогтоолоор баталсан “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3 дугаар зүйлийн 3.8-д заасан нөхцөл байдлуудыг харгалзан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 30 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр хохирлыг тооцож  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар /660,000x30=19,800,000/ 19,800,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид 3,500,000 төгрөг, шүүхийн шатанд 9,000,000 төгрөг нийт 12,500,000 төгрөгийг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, төлбөр төлсөн баримт зэргээр тогтоогдож байна.

Шүүхээс шүүгдэгч *******оос гаргуулах хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 19,800,000 төгрөг, нотлох баримтаар тогтоогдсон хохиролд 4,818,240 төгрөг нийт 24,618,240 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 12,500,000 төгрөгийг хасаад өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгчээс 12,118,240 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хоол хүнс, ахуйн хэрэглээний бараа авсан 818,585 төгрөгийн зардлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Иргэний нэхэмжлэгч *******ын олох байсан орлого 13,263,800 төгрөг, хохирогчийн хүү , бэр нарын ажлаасаа чөлөө авч ээжийгээ асарсан хугацааны нийт цалин 3,338,287 төгрөг, хохирогчийн нотлох баримтгүй нэхэмжилсэн хохирол зэргийг өнөөдрийн шүүх хуралдаанаар гаргуулах боломжгүй байна. Учир нь хэрэгт , нарын цалингийн тодорхойлолт авагдсан боловч ажлаасаа хэдэн хоногийн чөлөө авсан нь тодорхойгүй байна. Түүнчлэн иргэний нэхэмжлэгч *******ын Хаан банкны дансны хуулга, нийгмийн даатгал төлсөн баримт зэргээр түүний олох байсан орлогыг тодорхойлох боломжгүй байна. Иймд иргэний нэхэмжлэгч *******, хохирогч ******* нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, 2024 оны 07 дугаар сарын 03-ны эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ******* ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 2 жилийн хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн   хугацаагаар хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт нийт 12,118,240 төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч *******гийн нэхэмжлэлийн шаардлагаас хоол хүнс, ахуйн хэрэглээний бараа авсан 818,585 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

8. Хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо, иргэний нэхэмжлэгч ******* нь олох байсан орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд *******оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, 2024 оны 07 дугаар сарын 03-ны эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА