| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2020/02789/И |
| Дугаар | 184/ШШ2022/00733 |
| Огноо | 2022-03-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 184/ШШ2022/00733
2022 03 03 184/ШШ2022/00733
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Нэхэмжлэгч: “К” ХХК ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:О.Ц
Хариуцагч: Б.Г нарт холбогдох
“Зээлийн гэрээний үүрэгт 48,020,712,00 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн “К” ХХК-тай байгуулсан 2019.08.23-ны өдрийн №000 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, Г.Э, хариуцагч О.Ц итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Б.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч, О.Ц өмгөөлөгч Р.П, нарийн бичгийн даргад Т.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “К” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн О.Ц, Б.Гнар нь тус банктай 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 3026-19/76 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулан 40,000,000.00 /дөчин сая/ төгрөгийг хашаа байшин 8 нэрийн дэлгүүр худалдан авах зээлийн зориулалтаар, жилийн 24.00 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай авсан болно. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 3026-19/76-1 тоот “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-ээр доорх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгчид барьцаалсан болно. Үүнд:
-Зээлдэгч О.Цын өмчлөлийн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-000000дугаарт бүртгэгдсэн, 1111111 тоот хаягт байршилтай, 63 м.кв талбайтай, хувийн сууц.
-Зээлдэгч О.Цын өмчлөлийн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-000000дугаарт бүртгэгдсэн, 1111111111111 тоот хаягт байршилтай, 195 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар.
Нэхэмжлэгч нь барьцааны эрхээ хуульд заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагуудад бүртгүүлсэн болно. Нэхэмжлэгч нь зээлдэгч О.Цын К дахь 020202 тоот дансанд 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 40,000,000.00 /дөчин сая/ төгрөгийг шилжүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн болно. Хариуцагч нар нь өнгөрсөн хугацаанд үндсэн зээлд 401,830.74 төгрөг, үндсэн хүүд 2,755,252.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 421.54 төгрөг буюу нийт 3,157,504.45 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байна. Зээл төлөлтийн дэлгэрэнгүй задаргааг нэхэмжлэлд хавсаргасан зээл, зээлийн хүүний тооцоололд тусгасан болно. Хариуцагч нар нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ огт биелээгүй болно. Иймд хариуцагч нартай байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №3026-19/76 тоот “Зээлийн гэрээ”-г хугацаанаас нь өмнө шүүхээр цуцлуулах, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хариуцагч нараас 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 3026-19/76 тоот “Зээлийн гэрээ”-ний үүрэгт зээлийн өрийн үлдэгдэлд 39,598,169.00 төгрөг, хуримтлагдсан үндсэн хүүд 5,303,488.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 8,014.00 төгрөг буюу нийт 44,909,672.00 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нар үндсэн зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг сайн дураар төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч “К” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 10 дугаар 26-ны өдрийг хүртэлх хугацаанд бодогдсон хуримтлуулсан үндсэн хүүг 3,098,421.00 төгрөгөөр, нэмэгдүүлсэн хүүг 12,620.00 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж байна. Иймд хариуцагч нараас 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №898989 тоот “Зээлийн “-ний үүрэгт зээлийн өрийн үлдэгдэлд 39,598,169.00 төгрөг, хуримтлагдсан үндсэн хүүд 8,401,909.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 20,634.00 төгрөг буюу нийт 48,020,712.00 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн бусад шаардлагаа дэмжиж байна гэжээ. /1-р хх 101-103/
3. Хариуцагч О.Ц, Б.Гнараас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй О.Ц, Б.Гнарт холбогдох “зээлийн төлбөр гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах” агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч талын зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн зохицуулалтын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Нэхэмжлэгч банкны зүгээс зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулах, гэрээ цуцалсны үр дагаврыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ. Иргэний хууль тогтоомж, зээлийн гэрээний зохицуулалт зэргээр нэмэлт хугацаа олгож, мэдэгдэл өгсний үндсэн дээр урт хугацааны гэрээг цуцалдаг хуулийн журмын зохицуулалтыг нэхэмжлэгчийн зүгээс зөрчсөн байна. Мөн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2 дах заалтын аль заалтаар гэрээг цуцлах үндэслэл болгосон нь тодорхой бус байна. Үүний тодорхой болгосны үндсэн дээр нэхэмжлэлээ гаргах ёстой байсан юм. Мөн энэхүү зээлээр бидний хувьд найман нэрийн дэлгүүр худалдан авах зорилготой байсан юм. Гэтэл 8 нэрийн дэлгүүрийг 2 өөр үнийн дүнгээр, 2 өөр гэрээ байгуулан худалдан авч, татвараас зайлсхийх асуудлыг банкнаас зөвлөн халхавчилсан гэрээ хийлгүүлсэн хэрнэ одоо зээлийн төлбөрт тооцох асуудлыг тавьж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 40 сая төгрөгийн үнийн дүнгээр байгуулсан гэрээг банкны ажилтан ил болгохгүй гээд хураан авсан. Харин 8 болон 5 сая төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг бидэнд өгсөн болно. Энэ асуудлыг банкны ажилтан урьдчилан мэдэж байсан учир зээлийн гэрээний хүчин төгөлдөр байх асуудал заавал яригдах асуудал болох юм. 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр зээл олголтын шимтгэл гэсэн нэрийдлээр 400,000 төгрөгийг 3026004200 тоот харилцан данснаас данс эзэмшигч бидний ямар нэгэн зөвшөөрөл, гарын үсэггүйгээр суутган авчээ. Энэ нь зээл олгох үүргээ банкны зүгээс санаатайгаар зөрчсөн буюу зээл олголтыг дутуу хийн, хууль бусаар 400,000 төгрөгийг суутган авсан байна. Үүнийхээ үндэслэл болгож зээлийн гэрээнд 3.1.7-д “Зээл олгосны шимтгэл: Зээлийн дунгийн 1 хувь” гэсэн заалт оруулж хууль зөрчсөн байна. Энэ асуудлын хүрээнд сөрөг нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх болно. Зээлдэгч миний хувьд зээлийн хөрөнгийг бүрэн бүтнээр зээлийн хугацааны туршид зориулалтын дагуу ашиглах эрхтэй атал банкны зүгээс санаатайгаар зээлийг дутуу олгож, зээлийг бүрэн бүтэн олгох гэрээний үүргээ зөрчсөн байхаас гадна Иргэний хуулийн 451.1-т “... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх ...”Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх гэж заасныг тус тус зөрчсөн үйлдэл болсон байна. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. /1-р хх 37-38/
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: Иргэн О.Ц нь анх нэхэмжлэгч “К” ХХК-аас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авахаар тохиролцон нэхэмжлэгч “К” ХХК нь 2019-08-22-ны өдөр хариуцагч О.Цад “Худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж өгсөн байна. Тэгсэн атлаа шүүхэд “Зээлийн гэрээ”-ний үүргийн биелэлтийг хүү алдангийн хамтаар шаардсан нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч “К” ХХК нь бусдын зээлийн төлбөрт хураагдан өөрийн өмчлөлд нь шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч О.Цад худалдахаар тохиролцсоноос бус хариуцагч О.Цад үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахад зориулагдсан ипотекийн зээлийг олгоогүй байдаг. Өөрөөр хэлбэл хариуцагч О.Ц нь нэхэмжлэгч “К” ХХК-тай зээлээр үл хөдлөх эд хөрөнгө худалдан худалдан авах гэрээ байгуулж маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн нэр дээр шилжүүлэн өгөх нь хуульд нийцэх байсан боловч нэхэмжлэгч нь санаатайгаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор 2019-08-23-ны өдрийн зээлийн гэрээг байгуулан хариуцагчид 40.000.000 төгрөгийг шилжүүлэн өгч мөнгийг шилжүүлсэн даруйдаа эргүүлэн 35.000.000 төгрөгийг буцаан шилжүүлж авсан нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулагдсан зээлийн гэрээ гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд хуульд заасны дагуу “К” ХХК болон О.Ц нарын хооронд байгуулагдсан 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 898989 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ. /1-р хх 182-183 /
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчлөх тухайд: “К” ХХК нь зээл хүссэн бүрдүүлбэр хангаагүй хүсэлтэд зээлийн үйл ажиллагааны журам болон холбогдох хууль тогтоомжийг зөрчин зээл олгосон учир зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл банк өөрийн барьцаанд байгаа зээлийг бусдад Н.Х зээлийг төлүүлэх зорилгоор илтэд хууль бус зээлийн гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэлтэй. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан үр дагаврыг үүсгэсэн гэж үзэж байна гэжээ. /2-р хх 155 /
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, Г.Э нараас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч “К” ХХК нь эрхийн улсын бүртгэлийн Ү-000000дугаарт бүртгэгдсэн, 1111111111 тоот хаягт байршилтай, 63 м.кв талбайтай, хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-000000дугаарт бүртгэгдсэн, 11111111111 тоот хаягт байршилтай, 195 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус өмчилж, эзэмшиж байгаагүй болно. Нэгэнт өмчлөлд, эзэмшилд байгаагүй дээрх хөрөнгүүдийг “К” ХХК нь иргэн О.Ц, Б.Гнарт худалдах хууль зүйн үндэслэлгүй боломжгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /1-хх 196/
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иргэн О.Ц нь анх нэхэмжлэгч “К” ХХК-аас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авахаар тохиролцон нэхэмжлэгч “К” ХХК нь 2019-08-22-ны өдөр хариуцагч О.Цад “Худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж өгсөн байна.Тэгсэн атлаа шүүхэд “Зээлийн гэрээ”-ний үүргийн биелэлтийг хүү алдангийн хамтаар шаардсан нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч “К” ХХК нь бусдын зээлийн төлбөрт хураагдан өөрийн өмчлөлд нь шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч О.Цад худалдахаар тохиролцсоноос бус хариуцагч О.Цад үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахад зориулагдсан ипотекийн зээлийг олгоогүй байдаг. Өөрөөр хэлбэл хариуцагч О.Ц нь нэхэмжлэгч “К” ХХК-тай зээлээр үл хөдлөх эд хөрөнгө худалдан худалдан авах гэрээ байгуулж маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн нэр дээр шилжүүлэн өгөх нь хуульд нийцэх байсан боловч нэхэмжлэгч нь санаатайгаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээг байгуулан хариуцагчид 40.000.000 төгрөгийг шилжүүлэн өгч мөнгийг шилжүүлсэн даруйдаа эргүүлэн 35.000.000 төгрөгийг буцаан шилжүүлж авсан нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулагдсан зээлийн гэрээ гэж үзэх үндэслэлтэй байна гэв.
8. Б.Ганбилэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч О.Цын өмгөөлөгч Р.П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой мөнгө нэхэмжлээд орж ирж байгаа нөхцөл байдал нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 452 зүйлд зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн хүү хуульд заасан байдаг. Хуульд заасан үндэслэл журмаар олгож байгаа зээл л зээл байх ёстой. Уг эд хөрөнгийг К худалдсан . Тийм учир хавтаст хэрэгт Худалдах худалдан авах гэрээ, Барьцааны гэрээ, Зээлийн гэрээ нь нэг он, сар өдөртэй. Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хэрэгжсэн гэрээ гэж хэлэх нь зүйтэй. Зээл олгох гэж байгаа бол О.Ц гэдэг хүний хүссэн зээлийг олгох гэж байгаа юм аа гэж олгох ёстой болохоос биш, 100% муу чанаргүй зээл төлүүлэх үндэслэлээр зээл олгоно гэж хэлж байгаа нь юу хэлж байгаа юм. Тэр чанаргүй болж байгаа зээлтэй холбоотой асуудлаа эхлээд яагаад өөрсдөө шийдвэрлэхгүй байгаа юм. Хэрвээ уг эд хөрөнгөө нэхэмжлэгч нь худалдчихаад зээлийн гэрээ байгаад зээл олгосон бол тухайн барьцаалж байгаа барьцааны эд хөрөнгө ямар байх нь нэхэмжлэгчид хамааралгүй байх ёстой, худалдсан гэдэг нь юугаар нотлогдох вэ гэхээр зээл олгоод худалдсан, Өөрсдийнх нь яриад байгаагаар бол зээл олгосон хугацаагаар 5 сарын хугацаанд уг эд хөрөнгийг хүн амьдрах боломжгүй гэдгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөд, уг байшинг зарах, засварлах өөр зорилгоор худалдах зорилгоор О.Цад мэдэгдэлгүйгээр түлхүүрийг нь авсан. 6,7 сарын хугацаатай. үйл баримтын талаар нэхэмжлэгч тал үгүйсгээгүй. Харин түлхүүрийг буцааж өгсөн байдаг. Зээлийн гэрээг зээлийн үйл ажиллагааны үндэслэл журмын дагуу олгогдоогүй байгаа тул зээлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах зүйтэй гэж үзэж байна. 2020 оны 06 сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг эс зөвшөөрч байна. Үнэхээр зээлийн гэрээ байсан гэж үзээд тус гэрээг дуусгавар болгосон гэж үзсэн бол яагаад нэхэмжлэгч тал дуусгавар болсон гэрээн дээр мөнгө нэмж нэхээд байгаа юм. К ХХК нь үндэслэлгүй хөрөнгөжих гэсэн зорилготой гэж үзэж байна.Нэхэмжлэгч нь тухайн эд хөрөнгийг ашиглаж үйл ажиллагаа явуулаад байгааг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд тухайн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна гэв.
9.Нэхэмжлэгч талаас: компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, О.Цын зээл хүссэн өргөдөл, хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбарууд, зээлийн болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ,144 тоот амины орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын кадастрын зураг, О.Цын зээлийн дансны хуулга, банкны мэдэгдэх хуудас, зээл, зээлийн хүүний тооцоолол, хариуцагчийн оршин суух хаягийн тодорхойлолт, зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнүүд, Хас банкны харилцагч О.Цын 2019.08.23-наас 2019.09.01-ны хоорондох депозит дансны хуулганууд, 2019.08.26-ны өдрийн төлбөрийн баримт болон бусад нотлох баримтуудыг / 1-р хх 7-30,103,196-219/, 2-р хх 1-26, 3-р хх 1-231 /
10. хариуцагч талаас: Хас банкны харилцагч О.Цын 2019.08.01-нээс 2020.01.01-ны хоорондох депозит дансны хуулга, амины сууцны талаарх гэрэл зургийн үзүүлэлт, төрийн мэдээллийн сангаас үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаанууд, О.Цын 2019.08.01-нээс 2020.01.31-ны хоорондох депозит дансны харилцагчийн хуулга /30260002225, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 111111111 тоот хаягт байршилтай, 195 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын кадастрын зураг, амины сууцны гэрэл зураг, орон сууц хөлслөх болзол биелүүлснээр орон сууцыг ирээдүйд худалдах, худалдан авах гэрээ, зээл болон барьцааны гэрээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, худалдах, худалдан авах гэрээ /2019.08.21 бүртгэлийн дугаар 2100/, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, худалдах, худалдан авах гэрээ /2019.08.21 бүртгэлийн дугаар 2099/ зэрэг нотлох баримтуудыг шүүхэд ирүүлжээ. / 1-р хх 39-43, 68-78, 88-90,91-99, 2-р хх 5-10, 30-33/
11.Шүүхээс хариуцагч талын хүсэлтээр: зээлийн гэрээ зээлийн эргэн төлөлтийн хуваарь, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнүүд, барьцаалбар1-1124406, 3026-18/40 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ,хавсралт, 3026-18/40 тоот зээлийн барьцааны гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, барьцаалбар 11-1507122, О.Цын 2019.08.23-наас 2020.11.06-ны хоорондох депозит дансны харилцагчийн хуулга /30260002225/, гэрчээр Н.Х мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлжээ. /1-р хх 82-85, 105-129, 191-194, 215-217, 2-р хх 45, 69-71, 75-78, 82-104/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч О.Ц, Б.Гнарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 39,598,169 төгрөг, хүү 5,303,488 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,014 төгрөг нийт 44,909,672 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан ба
2020.10.29-нд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа 2020.06.30-ны өдрөөс 2020.10.26-ны өдрийг хүртэлх хугацаанд хуримтлуулсан хүүд 3,098,421 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 12,620 төгрөг, нийт 3,111,041 төгрөгөөр ихэсгэж, үндсэн зээлийн төлбөрт 39,598,169 төгрөг, хуримтлагдсан хүүд 8,401,909 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 20,634 төгрөг, нийт 48,020,712 төгрөг шаарджээ. /1-р хх-1-2, 102/
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Үндсэн нэхэмжлэлийн талаар :
1. Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч О.Ц, Б.Гнарыг банктай 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 3026-19/76 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулан 40,000,000.00 төгрөгийг хашаа байшин 8 нэрийн дэлгүүр худалдан авах зориулалтаар, жилийн 24.00 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай авч, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 232323 тоот “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ” байгуулан зээлдэгч О.Цаас өөрийн өмчлөлийн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-000000дугаарт бүртгэгдсэн, 11111111111тоот 63 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө мөн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-000000дугаарт бүртгэгдсэн... 11111111 тоот хаягт байрлах 195 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар барьцаалсан. Хариуцагч нар нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ огт биелээгүй тул хариуцагч нартай байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 232323 тоот “Зээлийн гэрээ”-г хугацаанаас нь өмнө шүүхээр цуцлуулах, үндсэн зээлийн үлдэгдэлд 39,598,169.00 төгрөг, хуримтлагдсан үндсэн хүүд 8,401,909.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 20,634.00 төгрөг нийт 48,020,712.00 төгрөгийг гаргуулж, барьцаар хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна хэмээн шаарджээ.
2. Хариуцагч талаас эс зөвшөөрч О.Ц нь анх “К” ХХК-аас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авахаар тохиролцсон. “К” ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч О.Цад “Худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж өгсөн.Тэгсэн атлаа шүүхэд “Зээлийн гэрээ”-ний үүргийн биелэлтийг хүү, алдангийн хамтаар шаардсан нь хуульд нийцэхгүй, нэхэмжлэгч “К” ХХК нь бусдын зээлийн төлбөрт хураагдан өөрийн өмчлөлд нь шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч О.Цад худалдахаар тохиролцсоноос бус хариуцагч О.Цад үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахад зориулагдсан ипотекийн зээлийг олгоогүй, нэхэмжлэгч нь санаатайгаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээг байгуулан хариуцагчид 40.000.000 төгрөгийг шилжүүлэн өгч, шилжүүлсэн даруйдаа эргүүлэн 35.000.000 төгрөгийг буцаан шилжүүлж авсан. 10.000.000 төгрөгөөр худалдаж авах гэж байгаа байранд 40.000.000 төгрөгийн зээл шилжүүлсэн. Зээл олгох гэж байгаа бол О.Ц гэдэг хүний хүссэн зээлийг олгох ёстой болохоос биш, 100% муу чанаргүй зээл төлүүлэх үндэслэлээр зээл олгохгүй тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж, зээлийн гэрээг дуусгавар болгоно гэсэн бол дуусгавар болсон гэрээн дээр мөнгө нэмж нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргажээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар: нэхэмжлэгч “К“ ХХК болон хариуцагч О.Ц, Б.Гнарын хооронд 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 111111дугаартай “Зээлийн гэрээ”, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 11111-1 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-нүүд /амины сууц, газар/ байгуулагдаж, 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар зээлдэн авч, зээлийн гэрээний үүрэгт О.Цаас өөрийн өмчлөлийн 11111111111тоот хаягт байрлах, 63 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 195 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус барьцаалж, зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон болох нь тогтоогдов.
4.Зээлдүүлэгч “К“ ХХК-аас 40,000,000 төгрөгийг зээлдэгч О.Цын 000000 тоот дансанд шилжүүлсэн, зээлдэгч нарыг зээлийн гэрээний үүргээ биелүүлж, төлбөрөө төлөх хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн болох нь нотлогдсон, хариуцагч талаас дээрх зээлийн гэрээг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулагдсан хүчин төгөлдөр бус гэрээ гэжээ.
5. 3 дугаар хавтаст хэргийн 23-26 талд авагдсан нотлох баримтаар 2019 оны 08 дугаар сарын 21-нд хариуцагч О.Ц нь иргэн Н.Х 11111111111тоот хаягт байрлах, 63 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг 27.000.000 /хорин долоон сая/ төгрөгөөр, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай 195 м.кв газрыг 8.000.000 /найман сая/ төгрөгөөр тус тус худалдан авах “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан үйл баримтыг нотариатчаар гэрчлүүлж, тус гэрээг 2019 оны 08 дугаар сарын 22-нд улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь тогтоогдож байна./1-р хх 90, 3-р хх 22-26/
Дээрх гэрээг хариуцагч О.Цаас Канд өгч зээл авах өргөдөл гаргасан тул зээлдүүлэгчээс дээрх “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-нд / 35 сая/ үндэслэн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 3026-19/76 дугаартай “Зээлийн гэрээ”-г О.Ц, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Гнартай, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 3026-19/76-1 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-г О.Цтай байгуулж, зээлдүүлэгч банкнаас түүнд “хашаа байшин, 8 нэрийн дэлгүүр” худалдан авахад нь зориулан О.Цад 40,000,000 төгрөг буюу 35,000,000 төгрөгийг худалдан авах гэрээнд үндэслэн, 5,000,000 төгрөгийг дэлгүүр ажиллуулахад олгосон ба хариуцагчаас 35,000,000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгө худалдсан Н.Х данс руу шилжүүлсэн болох нь нотлогджээ. /1-р хх 8-27, 208-213, 3-р хх 3-25/
6. Хариуцагч талаас зээлийн барьцаанд барьцаалсан...11111 тоот хаягт байрлах гэр бүлийн зориулалтай газрыг 5,000,000 төгрөгөөр, хувийн сууц, үйлчилгээний зориулалтай 8 нэрийн дэлгүүрийг 5,000,000 төгрөгөөр нийт 10,000,000 төгрөгөөр худалдан авах гэрээ хийсэн хэмээн 2019 оны 08 дугаар сарын 21-нд О.Ц, Н.Х нарын хооронд байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г /10 сая / шүүхэд ирүүлсэн. /2-р хх 30-33 /
Шүүх дээрх 2019 оны 08 дугаар сарын 21-нд О.Ц, Н.Х нарын хооронд байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” гэсэн 10,000,000 төгрөг, 35,000,000 төгрөг гэсэн хоёр /2/ гэрээнээс 35,000,000 төгрөгөөр худалдах авах гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзлээ.
Н.Х, О.Ц нарын хооронд ...144 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийн 35,000,000 төгрөгөөр худалдаж авахаар байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан” гэж, 42 дугаар зүйлийн 42.4-д “Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг хийхэд нотариат... гэрчлүүлнэ” гэж, 182 дугаар зүйлийн 182.1-д “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ” гэж тус тус заасны дагуу хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд тус улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрээг банканд өгч зээл авсан, хариуцагч талаас тус гэрээг хүчин төгөлдөр бус эсэхэд үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах хүсэл зорилго байгаагүй талаар болон гэрээнд зурсан гарын үсгийн тухайд маргаагүй болно. /1-р хх 8-29, 3-р хх 3-25/
7. Хариуцагч О.Ц нь тухайн хувийн сууцанд амьдарч 8 нэрийн дэлгүүрийг түрээслэн ажиллуулж байхдаа түрээслэгч Н.Хаас үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авахаар тохиролцсон болох нь гэрч Н.Хын ...хашаа байшин зарагдсан учир 35 сая төгрөг хасагдсан...Ц эгчийн нэр дээр бүртгүүлсэн учир улсын бүртгэл хүчинтэй... дэлгүүр түрээслүүлэх зар тавьж байхад Ц эгч ирж уулзаж, дэлгүүр түрээсэлсэн тэр үеэс таньдаг болсон...татвар бага төлөхийн тулд үнийн дүнг нь багаар гэрээ хийсэн гэж мэдүүлсэн ба шүүх түүний мэдүүлгийг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэлэв. /2-р хх 70-71/
8. 2019 оны 08 дугаар сарын 21-нд О.Ц, Н.Х нарын хооронд байгуулагдсан гэр бүлийн зориулалтай газрыг 5,000,000 төгрөгөөр, хувийн сууц, үйлчилгээний зориулалтай 8 нэрийн дэлгүүрийг 5,000,000 төгрөгөөр нийт 10,000,000 төгрөгөөр худалдан авах гэрээ хэрэгт авагдсан ба тус гэрээг шүүхийн журмаар бүрдүүлээгүй, хариуцагч талаас 2021.02.23-нд хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан баримт ирүүлэхдээ 2021.03.15-нд нотариатчаар давхар гэрчлүүлж шүүхэд өгсөн байна. /2-р хх 30-33 /
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д “ Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө...” гэж,
44.4-д “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэж тус тус заасан, 44.4-т заасан бичмэл нотлох баримтыг энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан үндэслэлээр шүүхийн журмаар бүрдүүлэх нотлох баримтад хамаарах юм.
Хуулийн дээрх заалт нь шүүх талуудын хүсэлтээр нотлох баримтыг гаргуулсан тохиолдолд архивын “хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулах ба зохигч өөрсдөө нотлох баримт бүрдүүлсэн бол эх хувь эсхүл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөхийг ойлгох бөгөөд хариуцагч талаас архивын “хуулбар үнэн” тэмдэг дарж баталгаажуулсан шаардлага хангаагүй нотлох баримтыг ирүүлэхдээ давхар нотариатчаар гэрчлүүлж ирүүлсэн энэ баримт хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтгэж үзэх боломжгүй тул үнэлээгүй, хариуцагч О.Цаас энэ баримтыг банканд өгч хувийн сууц, газар, үйлчилгээний зориулалтай буюу 8 нэрийн дэлгүүрийг худалдан авахаар зээл гаргуулаагүй, мөн гэрч Н.Хаас 10,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээний талаар шүүхэд “... татвар бага төлөхийн тулд үнийн дүнг нь багаар гэрээ хийсэн” гэсэн мэдүүлгийг шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэлсэн бөгөөд тус гэрээг үндэслэн банк зээл олгоогүй байна.
Иймээс хариуцагч талын 144 хаягт байрлах хувийн сууц, газар, үйлчилгээний зориулалтай буюу 8 нэрийн дэлгүүрийг 10,000,000 төгрөгөөр худалдан авсан гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд гэрээний үүргээ зөрчөөгүй талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар няцаагаагүй.
9. Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 111111дугаартай “Зээлийн гэрээ”, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 3026-19/76-1 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ” /амины сууц / 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 3026-19/76-1 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ” нь /газар/ Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах зарчимд нийцүүлэн гэрээний үүрэгтэй холбоотойгоор гэрээг цуцлах нөхцөлийг нэрлэн зааж тохиролцсон байх бөгөөд хариуцагч О.Ц, Б.Гнар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, дээрх зээлийн болон барьцааны гэрээг үгийн шууд утгаар нь гэрээний агуулгыг тодорхойлох боломжтой тул гэрээнүүд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасан заалтад нийцжээ.
Хэдийгээр хариуцагч талаас дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх боловч шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээд нэхэмжлэгч “К“ ХХК болон хариуцагч О.Ц, Б.Гнарын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 156 дугаар зүйлийн 156.1,156.2 дах хэсэгт заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэв.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “...зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” гэж,
энэ хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж,
453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү,гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар хариуцагч О.Ц, Б.Гнар нь үндсэн зээл, хүүг төлөх атал гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.
10. Хариуцагч талаас зээлдүүлэгч “К ” ХХК-ийг 144 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг зээлдэгч О.Цад худалдах худалдан авахаар тохиролцсон. “К” ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч О.Цад “Худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж өгсөн атлаа шүүхэд “Зээлийн гэрээ”-ний үүргийн биелэлтийг хүү, алдангийн хамтаар шаардсан нь хуульд нийцэхгүй, нэхэмжлэгч “К” ХХК нь бусдын зээлийн төлбөрт хураагдсан өөрийн өмчлөлд нь шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч О.Цад худалдахаар тохиролцсоноос бус хариуцагч О.Цад үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахад зориулагдсан ипотекийн зээлийг олгоогүй хэмээн тайлбарладаг.
Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 1111111 тоот хаягт байрлах, 63 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө гэр бүлийн хэрэгцээний зориулалтай 195 м.кв газрыг иргэн Н.Х нь бусдаас худалдан авч 2018 оны 03 дугаар сарын 07-нд улсын бүртгэлд бүртгүүлж, тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр бүртгэгдэж гэрчилгээ олгосны дагуу тэрээр “К ” ХХК-аас зээл авч, зээлийн барьцаанд барьцаалсан тул зээлдүүлэгч банкнаас барьцаалбар бүртгүүлсэн, хариуцагч О.Ц нь эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэн үйл ажиллагаа явуулж байхдаа түрээслэгч Н.Хаас худалдан авахаар тохиролцож, 2019 оны 08 дугаар сарын 21-нд худалдах, худалдан авах гэрээ байгуулан улсын бүртгэлд бүртгүүлж 1111тоот хувийн сууц үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай 195 м.кв газар өмчлөгч болсон үйл баримт нотлогдож байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна./1-р хх 88-90/
Хариуцагч нар нь өөрсдийн шаардлага ба татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй гэж шүүх үзэв.
11. Хариуцагч Б.Гнь О.Цын К ХХК-тай байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 111111дугаартай “Зээлийн гэрээ”-ний хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож гэрээнд гарын үсэг зурсан ба гэрээнд зурагдсан гарын үсгийн талаар маргаагүй.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж заасанчлан хариуцагч О.Ц, Б.Гнарын К ХХК-тай байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 3026-19/76 дугаартай зээлийн гэрээгээр зээлдэгч нарын хүлээх үүргийн талаар тохиролцоогүй, нэхэмжлэгч талаас зээлийн гэрээний төлбөрийг зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нараас бүхэлд нь шаардсан байх тул нь Б.Гхамтран хариуцах үүрэгтэй.
12. Зээлдэгч О.Цаас 2020 оны 03 дугаар сарын 13-нд ар гэрийн гачигдал болон бусад нөхцөл байдлын улмаас зээлийн эргэн төлөлтийг хугацаандаа төлөх боломжгүй байгаа талаар мэдэгдэж, үндсэн зээлийнхээ хүүг төлөх талаар Канд хүсэлт гаргаж байснаас үзэхэд зээлдэгч нараас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа зээлээ төлөхгүй байх, хуваарь зөрчих зэрэг нөхцөл байдал үүссэн нь зээлээ төлөх төлбөрийн чадвар нь муудсан, зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал үүссэн болохыг харуулж байна. /3-р хх 1/
Энэ нөхцөл байдлын улмаас зээлдүүлэгчээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.5 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, энэ хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хариуцагчаас шаарджээ.
Гэхдээ нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойших хугацааны хүүд 3,098,421 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 12,620 төгрөг, нийт 3,111,041 төгрөгийг шаардах эрхгүй юм.
Учир нь нэхэмжлэгч “К” ХХК-аас хариуцагч нартай байгуулсан гэрээнээс татгалзаж, 2020.06.29-нд тасалбар болгон гэрээгээр шилжүүлсэн мөнгийг буцаан шаардсан тул үүнээс хойших хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжлэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагаа 3,111,041 төгрөгөөр ихэсгэж байгааг хангах үндэслэлгүй болно. /1-р хх-1-2, 102/
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үүрэгт үндсэн төлбөр 39,598,169 төгрөг, хүү 5,303,488 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,014 төгрөг нийт 44,909,672 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,111,041 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар:
1.Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “К” ХХК болон О.Ц нарын хооронд байгуулагдсан 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 3026-19/76 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан үндэслэлээ “К” ХХК нь бусдын зээлийн төлбөрт хураагдсан өөрийн өмчлөлд нь шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч О.Цад худалдахаар тохиролцсоноос бус хариуцагч О.Цад үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахад зориулагдсан ипотекийн зээлийг олгоогүй. хариуцагч О.Ц нь нэхэмжлэгч “К” ХХК-тай зээлээр үл хөдлөх эд хөрөнгө худалдан худалдан авах гэрээ байгуулж маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн нэр дээр шилжүүлэн өгөх нь хуульд нийцэх байсан боловч нэхэмжлэгч нь санаатайгаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор 2019-08-23-ны өдрийн зээлийн гэрээг байгуулан хариуцагчид 40.000.000 төгрөгийг шилжүүлэн өгч мөнгийг шилжүүлсэн даруйдаа 35.000.000 төгрөгийг буцаан шилжүүлэн авсан банк өөрийн барьцаанд байгаа зээлийг бусдад Н.Хын зээлийг төлүүлэх зорилгоор илтэд хууль бус зээлийн гэрээг байгуулсан гэжээ. /1-р хх 208-213, 2-р хх 155 /
Үүнээс үзэхэд талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгч “К“ ХХК болон хариуцагч О.Ц, Б.Гнарын хооронд байгуулагдсан 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 111111дугаартай “Зээлийн гэрээ” байна.
2. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдөр О.Ц нь Канд 40.000.000 төгрөгийн зээл авах хүсэлт өгсөн. О.Ц Б.Гнарт зээл олгоё гэж 100 хувийн саналаар О.Цад 40.000.000 төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн. Худалдах худалдан авах гэрээ нь 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь 2019 оны 08 дугаар сарын 23 өдөр байгуулагдсан. Газрыг 8.000.000 төгрөгөөр, үл хөдлөх эд хөрөнгийг 27.000.000 төгрөгөөр үнэлж худалсан “Худалдах, худалдан авах гэрээ”-г банканд өгсөн. Зээлийн хорооны шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгө нь Кны барьцаанд бүртгэгдээд тэрний дараа О.Цад 40.000.000 төгрөгийн зээл олгогдсон. О.Ц нь 35.000.000 төгрөгийг Н.Хын данс руу худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлэв “Цаас” гэж шилжүүлсэн. Үлдэгдэл 5.000.000 төгрөг дээр О.Ц бизнесийн хөрөнгө авна гэж авсан. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь Кны өмч биш. Н.Хын нэр дээрээс О.Цын нэр дээр шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ хэрэгт авагдсан хэмээн маргажээ.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар: 11111111111тоот хаягт байршилтай, 63 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө болон 195 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагч О.Цыг худалдаж авахаас өмнө эдгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Н.Хаас “К” ХХК-аас зээл аваад зээлийн барьцаанд барьцаалсан байхад нь тухайн эд хөрөнгийг түрээслэн 8 нэрийн дэлгүүр ажиллуулан амьдарч байсан О.Цаас эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг Н.Хаас 35,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2019 оны 08 дугаар сарын 21-нд худалдах, худалдан авах гэрээ байгуулан нотариатчаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлэн 1111111 тоот хувийн сууц, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрын өмчлөгч болжээ. /3-р хх 3-25/
4.Үүний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг 35,000,000 төгрөгөөр худалдах худалдах авах гэрээг Канд өгч зээл авах хүсэлт гаргасны дагуу зээлдүүлэгчээс 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 111111дугаартай “Зээлийн гэрээ” байгуулан О.Цаас зээлийн барьцаанд дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж, банктай 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 3026-19/76-1 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулж, банкнаас түүнд “хашаа байшин, газар,8 нэрийн дэлгүүр” худалдан авахад нь зориулан О.Цад 40,000,000 төгрөг буюу 35,000,000 төгрөгийг худалдан авах гэрээнд үндэслэн, 5,000,000 төгрөгийг дэлгүүр ажиллуулахад олгосон ба хариуцагчаас 35,000,000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгө худалдсан Н.Хын данс руу шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. /1-р хх 208-213/
5. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дах хэсэгт “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус байхаар заажээ.
Хуулийн дээрх заалт нь тухайн хэлцэл хийж буй талууд тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус хэлцлийнхээ үр дагаврыг бий болгохыг зорихгүй, хүсэл зориггүйгээр, тодорхой шалтгаантай зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилготой хийсэн байхыг ойлгох бөгөөд нэхэмжлэгч К, хариуцагч О.Цын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Н.Х, О.Ц нараас хийсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах авах гэрээнд үндэслэн зээлдэгчээс тухайн 144 тоот хаягт байрлах хувийн сууц, үйлчилгээний зориулалтай 8 нэрийн дэлгүүр, гэр бүлийн зориулалтай газрыг худалдан авах хүсэл зорилго, эрмэлзэл байсан тул зээлдүүлэгч банкнаас худалдаж авсан эд хөрөнгийн төлбөрийг төлөх зорилгоор худалдан авсан гэрээг өгч, зээлийн гэрээ байгуулж зээл авч төлбөрөө төлсөн үйл баримт тогтоогдсон.
Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан Н.Х, худалдан авсан О.Ц нарын хооронд хийгдсэн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр хэлцэл гэж шүүх дүгнэсэн, хариуцагч талаас үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах хүсэл зорилго байсан эсэхэд тус гэрээг хүчин төгөлдөр бус гэж, гэрээнд зурсан гарын үсэг, зээлийн гэрээний дагуу авсан 40,000,000 төгрөг, зээлийн гэрээнд гарын үсэг зурсан талаар маргаагүй.
6. Мөн 1111111 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байсан Н.Х нь нэхэмжлэгч Ктай 2018 оны 03 дугаар сарын 05-нд 3026-18/40 тоот “Зээлийн гэрээ “ байгуулан зээл авч, барьцаанд нь 11111111111тоот хаягт байршилтай, 63 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө болон 195 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 22222222 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан бөгөөд энэ барьцаа хөрөнгөөс ... 111111 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч О.Цад худалдсан тул банкнаас түүнтэй байгуулсан дээрх гэрээг 2019 оны 08 дугаар сарын 27-нд 3026-1840 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ байгуулан худалдсан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн тул барьцааны гэрээ дуусгавар болсон үйл баримтууд тогтоогджээ. /1-р хх 90, 106-129, 2-р хх 99-103/
Тиймээс нэхэмжлэгч Кнаас өөрийн банканд барьцаалсан 11111 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг зээлдэгч О.Цад худалдсан биш харин барьцуулагч Н.Хаас барьцааны эд хөрөнгийг бусдад худалдсаны дагуу худалдан авсан О.Ц үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу Кнаас зээл авч төлбөрийг төлсөн үйл баримт нотлогдсон тул хариуцагч талын дээрх тайлбарууд няцаагджээ.
Иймд хариуцагч нараас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа нотолж чадаагүй байна.
7. Шүүхээс нэхэмжлэгч “К“ ХХК болон хариуцагч О.Ц, Б.Гнарын хооронд байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 3026-19/76 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэжээ.
Ингээд шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Барьцаа хөрөнгийн талаар:
1. Хариуцагч О.Ц, нэхэмжлэгч “К“ ХХК нарын хооронд 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 3026-19/76-1 тоот “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ” байгуулан зээлдэгч О.Цаас өөрийн өмчлөлийн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-000000дугаарт бүртгэгдсэн, 11111111111тоот 63 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө мөн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-000000дугаарт бүртгэгдсэн... Амины орон сууц 3 гудамж, 144 тоот хаягт байрлах 195 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус зээлийн барьцаанд барьцаалсан ба тус гэрээний талаар талууд маргаагүй.
Дээрх барьцааны гэрээнүүд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1,156.2-д заасан заалтыг зөрчөөгүй хүчин төгөлдөр гэрээ гэж шүүх үзсэн байна.
Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана” гэж,
энэ хуулийн169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй “ гэж тус тус заажээ.
2. Иймд хариуцагч хариуцагч О.Ц, Б.Гнараас зээлийн төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох О.Цаас өөрийн өмчлөлийн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-201016307 дугаарт бүртгэгдсэн, 11111111111тоот 63 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө мөн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-000000дугаарт бүртгэгдсэн... 1111111 тоот хаягт байрлах 195 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар сууцаар тус тус Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийн хангуулах нь зүйтэй.
3. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шүүх үнэлэхдээ 1-р хавтаст хэргийн хуудас 51-52-р тал, 2-р хавтаст хэргийн хуудас 92-97-р талд авагдсан нотлох баримтууд хэрэгт хамааралгүй гэж, 2-р хавтаст хэргийн хуудас 30-33-р тал, 3-р хавтаст хэргийн хуудас 53-76 ,93-194-р талд авагдсан нотлох баримтууд хэрэгт ач холбогдолгүй гэж, 3-р хавтаст хэрэгт авагдсан 27-36, 41, 43-50, 74- 92, 195-219, 223-231-р талд авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлээгүй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дах хэсэгт зааснаар шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 184/ШЗ2021/03813 дугаар захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар авсан арга хэмжээг хэвээр үлдээв.
Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 587.427 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч О.Ц, Б.Гнараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 261.350 төгрөг буюу нийт 522,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “К ХХК-д олгож, хариуцагч О.Цын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1,225 дугаар зүйлийн 225.5, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Ц, Б.Гнараас нийт 44.909.672 /дөчин дөрвөн сая есөн зуун есөн мянга зургаан зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “К“ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.111.041 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Ц, Б.Гнар нь төлбөрөө төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаанд барьцаалсан барьцаа хөрөнгө болох хариуцагч О.Цын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-000000дугаартай 111111111 тоот хаягт байрлах, 63 м.кв талбайтай хувийн сууц, өмчлөлийн улсын бүртгэлийн Г-000000дугаартай 222222222222тоот хаягтай 195 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Цын “К” ХХК-тай байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 3026-19/76 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 587,427 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч О.Ц, Б.Гнараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 261.350 төгрөг буюу нийт 522,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “К ХХК-д олгож, хариуцагч О.Цын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дах хэсэгт зааснаар шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 184/ШЗ2021/03813 дугаар захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар авсан арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ