| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2024/0165/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/199 |
| Огноо | 2024-09-04 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Н.Цогням |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/199
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч Н.Цогням,
Хохирогч *******, түүний өмгөөлөгч *******,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******,
Нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, тоот регистрийн дугаартай, овогт ийн ,
Монгол Улсын иргэн, тоот регистрийн дугаартай, овогт ийн ,
Монгол Улсын иргэн, тоот регистрийн дугаартай, овогт гийн ,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн “...2022 оны 07 дугаар сарын 28-ний өдрөөс 2022 оны 07 сарын 29-ний шилжих шөнө аймгийн сумын Улаансайр 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Холбоогийн хөндий” гэх газраас шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2 тооны үхэр буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлан авч иргэн *******д 2,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн ... Би 2022 оны 07 дугаар сарын 26-28-ны өдрийн хооронд аймгийн сумын Улаан сайр 1 дүгээр багийн нутаг “Холбоогийн хөндий” гэх газраас 2 тооны Монголын үхэр хулгайд алдсан. Би тэр үед нь цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, ямар нэгэн ул мөр гэх зүйл байгаагүй. Манай алдсан 2 тооны үхэр нь бүдүүн бөөр алаг үнээ, халтар гунж зүүн чих нь хойноосоо ташуу исгэмэл, баруун чих урдаасаа ташуу исгэмэл имтэй. Манай 2 үхрийг хулгай хийсэн хүнд гомдолтой байна ... гэсэн мэдүүлэг / хх-ийн 63-64/,
Иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр би *******ийн хаан банкны данс руу 3 сая төгрөгийг шилжүүлж тоёота приус 20 маркийн 39-17 БНА улсын дугаартай улаан хүрэн өнгийн 2004 онд үйлдвэрлэгдэж 2014 онд Монгол улсад орж ирсэн онтой тээврийн хэрэгслийг худалдаж авсан. Одоо надад тээврийн хэрэгсэл надад байгаа. Намайг худалдаж авахад *******ийн нэр дээр байсан, одоо хүртэл шилжүүлэг хийгээгүй, өөрийнх нь нэр дээр байгаа юм. Надад энэ хэрэгтэй холбогдуулан нэхэмжлэх зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-68/,
Иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн байцаалтад өгсөн ... Манай компанийн эзэмшилд 39-17 БНА улсын дугаартай, тоёота приус 20 маркийн, хүрэн өнгийн тээврийн хэрэгсэл байгаа. 2023 оны 05 дугаар сарын 11- ний өдөр н , ийн нар 4,200,000 төгрөгийн барьцаанд унаж тавихаар болсон. Тухайн төлөлт хийгдээгүй ба 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн сарын төлөлт одоо хүртэл төлөгдөөгүй, хугацаа хэтрэлттэй ба тухайн хүмүүстэй холбоо барьж чадахгүй, манай байгууллагын зүгээс аймгийн иргэний шүүхэд 2024 оны 05 сард нэхэмжлэл гаргасан байгаа. Одоо хүртэл шийдэгдээгүй байгаа. Одоо тухайн хүмүүс өнөөдрийн байдлаар 2,200,000 төгрөгийг зээлийн үлдэгдэлтэй байгаа ба тухайн зээлийн хүү бодогдоно, мөн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой зардлууд нэмэгдэж гарна. Манай байгууллагын зүгээс бол зээлийг бүрэн төлүүлэх, төлөхгүй шаардлага үүсвэл барьцаа хөрөнгийг хураан авах нь шүүхээр шийдэгдэнэ ... гэсэн мэдүүлэг / хх-ийн 75-76/,
Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн ... 2022 оны 07 дугаар сарын сүүлээр аймгийн баяр наадмын урд өдөр аймаг орсон. Энэ үед сумын төвөөс аймгийн төв ирж надтай уулзсан “манайх хоёр үхэр хулгайд алдчихлаа” гээд намайг хардаад байсан. Тухайн үед намайг “2 үхэр хулгай хийчихлээ” гэж хардаж нэлээн маргаан болж байсан. Би сүүлд нь эхнэрийн төрсөн дүү болох тай уулзаад “намайг 2 үхэр хулгай хийсэн гээд хардаад салахгүй юм” гэхэд надад хэлэхдээ “гийн хоёр тооны үхрийг авсан” гэж хэлсэн. Би тэр үед нь д “танай 2 үхрийг авсан гэж ярилаа” гэж хэлсэн. надад 2023 оны 10, 11 сарын үед аймагт гэртээ байхдаа “гийн 2 үхрийг авсан” гэж надад өөрөө тэгж хэлсэн... гэсэн мэдүүлэг / хх-ийн 86-87/,
Гэрч ы мөрдөн байцаалтад өгсөн ... Би 2022 оны 07 дугаар сарын 27-29-ний хооронд сумын Улаан сайр 1 дүгээр багийн нутаг “Холбоогийн хөндий” гэх газраас үхэр дотроосоо 2 тооны Монголын үхрээ хулгайд алдсан. Хар бөөр алаг үнээ, зүүн талынхаа хааны урд цагаан мэнгэтэй, зүүн чих нь урдаасаа жишүү цуулбар, бараан чих нь араасаа жиш үү цуулбар имтэй гунжин үнээ хулгайд алдсан. Тухайн үед сумын “Холбоогийн хөндий” өвдөгний бууцны доохон талд эргийн мухарт арьс шир, толгой, гэдэс зэргийг бүгдийг нь булж жижиг тээврийн хэрэгслийн дугуйны мөр байсан. Тухайн үед нь , гэх 2 хүнийг сэжиглэж байсан. Манай үхрийг тэр хоёроос өөр хүн хулгай хийж аваагүй... гэсэн мэдүүлэг / хх-ийн 90-91/,
Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн ... Би тухайн үед Улаанбаатар хотод “Хүчит шонхор” зах дээр махны наймаа эрхэлж байсан. Энэ мөнгийг тухайн үед үхрийн мах худалдаж аваад шилжүүлсэн байх гэж бодож байна. Тэгээд тухайн үеийн үхрийн махны ханшаар бодохоор 2 үхрийн махны мөнгө шилжүүлсэн байх гэж бодож байна. Олон хүнээс мах авсан учраас яг ямар хүнээс мах авч шилжүүлснээ санахгүй байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 107/,
Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн ... *******гийн 2 тооны үхрийг хулгайд алдсан талаар би сураг сонсож байсан. Би т *******гийн 2 тооны үхрийг авсан гэж ярьж хэлж байсан удаа огт байхгүй, яаж яваад миний нэр тухайн хэрэгт орсон талаар бол би мэдэхгүй байна. надад “******* намайг үхрийг нь авчихлаа” гээд хардаад байна” гэж хэлж байсан зүйл байгаа. Гэхдээ би хэзээ гэдгийг санахгүй байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 111-112/,
Яллагдагч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2022 онд би сар, өдрөө сайн санахгүй байна, ах намайг гэртээ байхад дуудсан юм, намайг “2 үхэр төхөөрөхөд гаргалцаад өгөөч” гээд дуудахаар нь би сум дээр гэртээ байж байгаад сумын 1 дүгээр багийн нутаг “Холбоогийн хөндий” гэх газарт өөрийнхөө саарал өнгийн, улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоциклоо унаад ганцаараа яваад очсон. Гэтэл ах намайг очиход ганцаараа байсан ба 7-8 тооны үхрийг “Холбоогийн хөндий” гэх газарт эргийн ёроол руу шахсан байсан. Тухайн 7-8 тооны үхрээс ах 2 тооны үхрийг барьж аваад төхөөрсөн. Би бол тухайн 2 тооны үхрийг төхөөрөхөд хамжилцсан. 2 тооны үхрийг бараг төхөөрөөд дуусаж байхдаа ах ыг дуудсан. улаан өнгийн приус 20 маркийн машинтай ганцаараа ирсэн. Улсын дугаарыг нь мэдэхгүй байна. Тэгээд нядалсан 2 тооны үхрээ тухайн машинд ачаад сум руу явсан. Би тухайн газраас гэр лүүгээ явсан юм. Тэрнээс өөр юм би мэдэхгүй байна. Оройны 21 цагийн орчимд санагдаж байна, гадаа бүрэнхий болж байсан байх. Тухайн 2 тооны үхрийн нас, зүс, им тамгыг би санахгүй байна. Би “Холбоогийн хөндий” гэх газарт ганцаараа өөрийнхөө мотоциклтой очсон, намайг очиход эргэнд тухайн үхрүүдийг шахсан байсан. ах тухайн үед өөрөө мотоциклтой байсан байх аа сайн санахгүй байна. өөрөө янзалсан байх. д хутга нь байсан, одоо хаана, байгаа талаар би мэдэхгүй байна, надад “банкны мөнгө, машины лизингийн мөнгө болчихсон л” гэж хэлсэн. Би хэний эзэмшлийн үхэр гэдгийг мэдээгүй, би тухайн үед ямар учиртай үхэр, хулгайн үхэр гэдгийг би огт мэдээгүй. Надад ямар нэгэн хөлс өгсөн зүйл байхгүй юм. Тухайн мотоцикл эвдэрсэн, явах боломжгүй сумын 1 дүгээр багийн нутаг “Дэлгэрэх” гээд хаваржаан дээр байгаа юм. Би тухайн үхрүүдийг бол мотоциклоор туугаагүй юм. энэ хэрэгт ямар оролцоотой байсныг би мэдэхгүй байна, тэр талаар би сайн мэдэхгүй байна. Машинтайгаа ирээд тухайн 2 тооны үхрийн махыг ачаад явсан. Би өөр зүйл мэдэхгүй байна. Миний одоо өгч байгаа мэдүүлэг үнэн зөв, тухайн өмнөх өгсөн мэдүүлэгтээ цагдаагаас айж сандраад юу ярьснаа сайн санахгүй байна. үхэр гаргаад дуусах гэж байхад ирсэн нь үнэн зөв мэдүүлэг байгаа юм. Надад мөнгө төгрөг, мах өгсөн зүйл байхгүй” ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 150-152/,
Яллагдагч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн... Би он, сар, өдрөө мэдэхгүй байна, би тухайн үед Улаанбаатар хотод ажил хийдэг байж байгаад суманд гэртээ ирээд удаагүй байсан юм, тэгээд намайг гэртээ байхад ******* ах намайг утсаар ярьж дуудаад “хот явах гэж байгаа юм уу, 2 мах ачаад аваад явъя, өөрөө цуг явна” гэсэн юм. Намайг сумын 1 дүгээр багийн “Үсэргээ овоо”-н дээр “хүрээд ир” гэхээр нь би өөрийн эзэмшлийн улаан өнгийн Тоёота приус 20 маркийн 39-17 БНА улсын дугаартай машинтай ганцаараа очсон юм, цаашаа уруудаад намайг “Холбоо хөндий”-д “ороод ир” гэхээр нь би тухайн газарт яваад очтол ******* ах ганцаараа цэнхэр өнгийн юм дэлгэсэн, дээр нь үхрийн мах дэлгэсэн байсан. Тэгээд тухайн махыг би машиндаа ачаад сум ороод хотоос ирсэн нэг найз ыг аваад ******* ахтай бид гурав шууд Улаанбаатар орсон. Тухайн үед “Шонхор” зах орж ******* ахыг махтай нь буулгаад би ажил руугаа явсан юм. Тэгээд би хотод үлдсэн юм. Орой л байсан санагдаж байна, би цагийг нь сайн санахгүй байна. Намайг очиход ******* ах ганцаараа байсан, би ямар зорилгоор тухайн үхрийг нядалсан талаар би мэдээгүй, намайг зүгээр “ачаад яв л” гэж хэлсэн, “янз бүрийн юманд орооцолдох юм байхгүй л" гэж надад хэлсэн. Хэний үхэр байсныг би мэдээгүй, намайг очиход ******* байгаагүй юм. Би хичнээн тооны үхэр байсныг мэдэхгүй байна, тараагаад тавьсан махнууд байсан, би үхэр гаргаж үзээгүй болохоор мэдэхгүй байна. Би тухайн үед хулгайн үхэр гэдгийг огт мэдээгүй. Надад тухайн үед Улаанбаатар хот руу очсоны дараа 300,000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн, тухайн үед хаан банкны тоот данс руу шилжүүлсэн. Тухайн үед ******* нь мотоциклтой явсан байсан, тухайн үед харанхуй байсан болохоор би хараагүй, мэдэхгүй байна. Тухайн газарт амьд үхэр байгаагүй. Миний одоогийн өгч байгаа мэдүүлэг үнэн зөв юм. Би тухайн үед гэж сумын цагдаатай уулзахад намайг “чи хамт явж хулгай хийгээ биз дээ пизда минь, би энд нь янзлах гээд байна" гэхэд нь би амыг нь дагуулаад л хэлчихсэн юм. Намайг зодож дарамталсан зүйл бол байгаагүй, над руу орилж хашхираад дайраад “хамт явж хулгай хийчхээд пизда минь” гээд дарамтлаад байсан. Тэгэхээр нь би “хамт явсан, цуг очиж, янзалсан” гэж, хэлсэн юм. Тухайн үед цагдаа бид хоёр л хамт байсан. Би тухайн авто машинаа 2024 оны өвөл 3 сая төгрөгөөр гэж хүнд худалдсан юм, одоо машин нь сумын төв дээр гэж хүнд байгаа ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 158-160/,
Яллагдагч *******ы мөрдөн байцаалтад өгсөн ... 2022 оны 07 дугаар сарын сүүлээр, өдрөө сайн санахгүй байна. аймгийн сумын Улаан сайр 1 дүгээр багийн нутаг “Холбоогийн хөндий” гэх газарт хөдөө хээр бэлчээрт 10-аад тооны үхэр байсан юм. Тухайн үхрээс 2 тооны үхрийг барьж аваад тухайн газраа нядалсан. Би гэх хүнийг сумаас “би хүнээс 2 үхэр авчихлаа, түүнээс хамжилцаад өгөөч” гэж гуйгаад той нийлээд хамжилцаж тухайн 2 үхрийг нядалсан. Тэгээд тухайн үед яваад өгсөн ба би ыг “машинтайгаа хүрээд ирээч” гэж дуудсан. машинтайгаа хүрээд ирэхээр нь би “за ахын дүү үүнийг аччих” гэхэд нь “ах аа энэ юу юм бэ, зүгээр юм уу” гэж надаас асуухаар нь би “зүгээр ээ зүгээр” гэж хэлээд машинд нь ачуулсан. Тэгээд би тухайн 2 тооны үхрийн махыг шууд Улаанбаатар хот руу оруулж “Хүчит шонхор” зах дээр махны ченжид худалдсан. Тэгээд би т бензиний мөнгө гэж 300,000 төгрөгийг өгөөд үлдсэн мөнгийг нь би өөрөө хэрэглэсэн, Тийм л зүйл болсон юм. Тухайн хэргийг орой 21-22 цагийн орчимд үйлдсэн юм. Би тухайн үхрийг хэний үхэр гэдгийг мэдээгүй. Нэг нь хар бөөр алаг үнээ байсан, нөгөөх нь шүдлэн болов уу гэмээр хар үхэр байсан, им тамга зэргийг бол ажиглаагүй. Би тэр өдөр сумаас Мустанг-5 маркийн улсын дугааргүй, хүрэн өнгийн мотоциклийг ганцаараа жолоодоод үдээс хойш 15 цагийн орчимд гараад “Холбоогийн эх”-ээр ороод уруудаад явж байхад тухайн 10-аад тооны үхэр таарсан. Би тэгээд тухайн үхрүүдийг мотоциклоороо 200-300 орчим метр газар туугаад эрэг таарахаар нь хашаад руу утсаар яриад “хүрээд ирээч” гээд дуудсан. сумаас мотоциклоор ирээд тэндээ бид хоёр 2 тооны үхрийг хамжилцаад нядалсан. Нядалж дуусаад ыг мөн утсаар ярьж дуудсан, ыг ирэхээс өмнө явсан байсан ба дараа нь хүрэн өнгийн Тоёота приус-20 маркийн авто машинтай ирсэн, улсын дугаарыг нь сайн санахгүй байна, тэгээд машинд нь 2 тооны үхрийн махыг ачаад шууд Улаанбаатар хот орсон, тухайн үед ын найз гэх гэх хүн хамт сумаас хот руу явсан. Гэхдээ тухайн гэх залуу үхэр нядалсны дараа сумаас суусан юм. Тухайн 2 тооны үхрийг нядалсан газраа, эргийн ёроолд газарт булсан юм. 2 тооны үхрийг 2 ширхэг хутга ашиглан нядалсан ба хоёулаа миний хутга байгаа юм, одоо тухайн 1 хутга нь сумын төвд гэрт, нэг хутгыг нь бол би мэдэхгүй байна, алга болсон байсан. 2 тооны үхрийн махыг нийлүүлээд 1,300,000 төгрөгөөр худалдсан ба би тухайн мөнгийг гэх хаан банкны өөрийн дансаар шилжүүлсэн авсан, т би өөрийн дээрх данснаас ын өөрийнх нь данс руу шилжүүлсэн, Мах худалдан авсан хүнээс миний данс руу 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн байсан байх аа, би яг одоо сайн санахгүй байна, тухайн өдрөө мөн т 300,000 төгрөгийг дансаар нь шилжүүлэн өгсөн. Миний машины лизингийн хугацаа хэтрээд мөнгөний хэрэг гарахаар нь би тухайн 2 тооны үхрийг нядлах болсон юм. Би т хэлэхдээ “хүнээс худалдаж авсан юм аа, нядлахад хамжилцаад өгөөч” гэж гуйсан юм, тэрнээс хулгайн үхэр гэдгийг мэдээгүй юм. т бол “мөнгө болгох гэсэн юм ирээд ачаад өгөөч” гэж гуйсан юм. Тухайн үед бол т нь “наадах чинь болох юм уу” гэхэд нь би “зүгээрээ, ах нь хүнээс авсан юм” гэж хэлээд хамт Улаанбаатар хот руу явсан. Тухайн үед 10 бол хүрэхгүй тооны үхэр байсан, 8-9 тооны байсан уу, 7-8 тооны байсан уу, тийм л тооны үхэр байсан, 8-9 тооны үхрийг бол багцаалдаад л 10-аад тооны гэж ярьж байгаа юм, тэрнээс бол 10-аас их тооны үхэр байгаагүй юм. Сумаас эхлээд миний унаж явсан мотоцикл бол ийн мотоцикл байгаа юм, дараа нь намайг ийг дуудахад ямар ч л байсан мотоциклтой ирсэн, харин ямар мотоциклтой ирснийг бол мэдэхгүй байна. Тухайн мотоцикл бол ер нь эдэлгээнд ороод дууссан байгаа байх, хаана байгааг нь мэдэж байгаа, миний унаж явсан эхний хүрэн өнгийн мотоциклоор би тухайн үхрүүдийг туусан юм. тухайн үхрүүдийг туулцсан зүйл бол байхгүй юм. Туулцахад байгаагүй, ирэхэд би эргэнд үхрүүдийг хашсан байсан юм.
Би энэ хоёроос зүгээр тусламж л гуйсан юм, энэ хоёр бол тухайн үхрийг хулгайн үхэр гэдгийг огт мэдээгүй, тухайн үед байсан, тухайн эрэг нь өндөр эрэг байдаг ба тэр эрэг рүү хаяад дээрээс нь шороо нураасан, тэрнээс бол газарт ухаж булсан зүйл бол байхгүй юм. Би тухайн сая төгрөгөөс машиныхаа мөнгөнд өгөөд үлдэгдэл мөнгийг нь зардал гээд эргээд аймаг руу буцахад зарцуулаад дууссан, эргэж ирэхдээ мөн тай хамт ирсэн ба тэр үед бид хоёр хоёулхнаа ирсэн юм... гэсэн мэдүүлэг /хх-ийн 166-169/,
Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... Манай ******* найз намайг гуйсан юм. Би очоод хамжилцаад өгсөн. Тэгээд би явсан. Хулгайн мал гэдгийг мэдээгүй. Ямар нэгэн мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. Хоёр тооны үхрийг холбоогийн хөндийд янзалсан. иргэний мухарт шахсан байсан.. гэх мэдүүлэг,
Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... ******* нь манай хүргэн ах байгаа юм. Намайг хот руу мах ачаад явчих гэсэн. Тэгээд би тэр махыг нь ачаад хот оруулж өгсөн... гэх мэдүүлэг,
Хэргийн газарт нөхөн хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-35/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 36-40/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 52-54/,
Яллагдагч *******ийн хаан банкны дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 55-57/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 47-51/,
Энх-Нахиа ХХК-ны эд зүйлд үнэлгээ хийсэн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 51 тоот шинжээчийн
“... нас гүйцсэн үнээний үнэ 1.600.000 төгрөг, 4 настай Монголын үнээ 1,200,000 төгрөг, нийт 2,800,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэсэн дүгнэлт /хх-ийн 115/,
Энх-Нахиа ХХК-ны эд зүйлд үнэлгээ хийсэн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 110 тоот шинжээчийн
“... Монголын үнээний үнэ 1.400.000 төгрөг, 4 настай Халтар гунж үнээ төгрөг, нийт 2,300,000 төгрөг болохыг тодорхойлов... “ гэсэн дүгнэлт /хх-ийн 122-124/,
Энх-Нахиа ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 93 тоот шинжээчийн
“...2004 онд үйлдвэрлэгдсэн, 2014 оны 4 сард Монголд орж ирсэн, 39-17 БНА улсын дугаартай, тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 7,000,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэсэн дүгнэлт /хх-ийн 129/,
Энх-Нахиа” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 116 тоот шинжээчийн
“...Улсын дугааргүй, мустанг 5 мотоциклийн үнэ 80,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэсэн дүгнэлт /хх-ийн 134-136/,
Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 171-223/ болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч талаас гаргаж өгсөн хохиролтой холбоотой 9 хуудас нотлох баримт, шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой 2 хуудас нотлох баримт, шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой 3 хуудас нотлох баримтууд зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;
Мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх дараах ноцтой зөрчил тогтоогдлоо.
Мөрдөгч, түүний үйл ажиллагаанд хяналт тавьж буй прокурор нь гэмт хэргийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг зөвхөн хуулиар зөвшөөрсөн арга хэрэгслээр шалгаж тогтоох үүрэгтэй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлах, хуульд заасан журмыг зөрчих замаар цуглуулж бэхжүүлсэн баримтыг нотлох баримтаар тооцох боломжгүй юм.
1-р хавтаст хэргийн 92-104 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч *******, *******, ******* нарын өөрийнхөө эсрэг өгсөн гэрчийн мэдүүлгийг прокурор нотлох баримтаар тооцож яллах дүгнэлтэд тусгасан нь буруу байна.
Учир нь мөрдөгч хэн нэгэн хүнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл бүхий гомдол, мэдээлэл, баримт сэлтийг хүлээн авсан үед тухайн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй хүнд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулж, түүнээс гэрчийн мэдүүлэг авах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “... өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно...” гэсэн заалтыг ноцтой зөрчих тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар тухайн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй.
Өөрөөр хэлбэл, мөрдөгч нь гэмт хэрэгт холбогдуулан шууд нэр заасан, эсхүл хамаарал бүхий нотолгоо бий болсон хүнд худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулж түүнээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй”, мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно.” гэсэн заалтыг тус тус ноцтой зөрчих бөгөөд ийнхүү гэмт хэрэгт сэрдэгдэж буй хүнээс хууль сануулж өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авахыг сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлсэнд тооцно.
Мөн 1-р хавтаст хэргийн 32-40 дүгээр хуудсанд авагдсан “Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл”, “мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл” зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны явц, үр дүнг баталгаажуулахаар тухайн ажиллагаанд хоёроос доошгүй хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөн байх бөгөөд уг мөрдөн шалгах ажиллагаа нь хуульд заасан журмыг зөрчих замаар цуглуулж бэхжүүлсэн баримт гэж үзнэ.
Иймд дээр дурдсан шүүгдэгч нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, “Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл”, “мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл” зэрэг мөрдөн шалгах ажиллагаа зэргийг нотлох баримтаар тооцохгүй байх тухай шүүгдэгч нарын өмгөөлөгч *******, *******, ******* нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтийг бүхэлд нь хангаж 1-р хавтаст хэргийн 92-104 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч *******, *******, ******* нарын гэрчийн мэдүүлэг, 1-р хавтаст хэргийн 32-40 дүгээр хуудсанд авагдсан “Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл”, “мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл” зэргийг нотлох баримтаар тооцоогүй, шүүхийн шийдвэрийн үндэслэлд хамаарахгүй болно.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэргийн материал болон шүүгдэгч нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг тус тус нягтлан үзвэл дараах нөхцөл байдал тогтоогдлоо.
-Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 28-ний өдрөөс 2022 оны 07 сарын 29-ний шилжих шөнө аймгийн сумын Улаансайр 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Холбоогийн хөндий” гэх газраас иргэн *******гийн 2 тооны үхрийг хулгайлж, хулгайлсан 2 тооны үхрээ төхөөрч нядлахдаа өөрийн найз шүүгдэгч *******ийг дуудан ирүүлж өөртөө туслуулсан.
-Шүүгдэгч ******* нь хулгайлсан 2 тооны үхрээ төхөөрч нядалж дууссаны дараа өөрийн хадам дүү болох шүүгдэгч *******ийг дуудан ирүүлж түүний эзэмшлийн тоёота приус 20 маркийн 39-17 БНА улсын дугаартай авто машинаар махыг нь зөөвөрлөж Улаанбаатар хот руу оруулж “Хүчит шонхор” зах дээр махны ченжид 1,720,000 төгрөгөөр худалдсан.
-Шүүгдэгч ******* нь хулгайлсан 2 тооны үхрийн махыг шүүгдэгч *******ийн эзэмшлийн тоёота приус 20 маркийн 39-17 БНА улсын дугаартай авто машинаар зөөвөрлөсний хөлсөнд 300,000 төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдсон байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.
Мөн тухайн гэмт хэргийн субьектив тал нь зөвхөн шууд санаатай, шунахайн сэдэлттэй байх ба шунахайн сэдэлт нь хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын заавал байх нэг гол элемент ба субьектив талын нэг гол шинж нь гэм буруутай этгээд өөрийн үйлдлийг хэн ч мэдээгүй хэмээн ойлгодогт орших бөгөөд хулгайлах гэмт хэргийг гэмт этгээд бусдын эд зүйл, өмч хөрөнгийг нууцаар өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр авч, өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар завшиж өөрт хэрэглэх буюу ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилготой байдаг.
Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэргийн материал болон шүүгдэгч нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдсон хэргийн үйл баримтаар шүүгдэгч *******, ******* нарын үйлдэлд дээр дурдсан хулгайлах гэмт хэргийн субьектив талын хамгийн гол шинж болох ашиг орлого олох, шунахай сэдэлт зорилго тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******, ******* нар нь шүүгдэгч *******тай мал хулгайлах гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсон баримт нотолгоо байхгүй, урьдчилан үгсэн тохиролцоогүй, ашиг орлого олох, шунахай сэдэлт зорилго агуулаагүй байх тул шүүгдэгч *******, ******* нарын үйлдлийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******, ******* нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн субьектив талын шинж болох ашиг орлого олох, шунахай сэдэлт зорилго байхгүй байгаа нь шүүгдэгч *******, ******* нарын гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсэж байгаа тул шүүгдэгч *******, ******* нарт ашигтайгаар шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Харин шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******ы хулгайлсан 2 тооны үхрийн махыг зарж борлуулсан орлого 1,720,000 төгрөг гэдгийг мэдсээр байж 300,000 төгрөгийг авч ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан” гэх “Мөнгө угаах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас олж авсан мөнгө гэдгийг мэдсээр байж авч ашигласан байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шүүгдэгч *******ийг цагаатгаж,
шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,
шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлээс 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсгийг хасан өөрчилж,
шүүгдэгч *******ыг шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч *******ийг “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авч, ашиглаж мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.
Хохирол хор уршгийн талаар:
Эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлтээр алдагдсан 2 тооны үхрийн нийт үнэлгээг 2,300,000 төгрөгөөр тогтоосон ба шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч *******д 3,000,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь алдагдсан үхрээ эрж хайх, мэргэлүүлэх зэрэг хохиролд тооцуулахаар гаргаж өгсөн баримтуудаас хуулийн шаардлага хангасан хөдөө орон нутгаас аймагт ирж буцсан 140,073 төгрөгийн үнэ бүхий шатахууны зардлын баримт нь шаардлага хангаж байгаа боловч шүүгдэгч нар нь хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 2,300,000 төгрөгөөс илүү 700,000 төгрөгийг өгсөн байх тул 140,073 төгрөгийн баримтыг хэлэлцэхгүй орхиж шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин бусдад төлөх төлбөргүй, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж хуульд заасан ял оногдуулж шийдвэрлэв.
Ингэхдээ шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-д заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтой, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т заасан зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх боломжтой гэж үзлээ.
Бусад асуудлын талаар:
Бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэж үзээгүй, гэм буруутайд тооцоогүй тул хэрэгт битүүмжилсэн иргэн гийн эзэмшлийн 39-17 БНА улсын дугаартай улаан хүрэн өнгийн Тоёота приүс 20 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн иштэй 26 сантиметр урттай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, СиДи 1 ширхгийг хэргийн хамт хадгалж, шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
*******ийн эзэмшлийн Мустанг маркийн мотоцикл нь одоо рам их бие нь байгаа, эвдэрсэн гэх бөгөөд Энх-Нахиа ХХК-н 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 116 дугаар шинжээчийн дүгнэлтээр 80,000 төгрөгөөр үнэлэгдсэн боловч шүүгдэгч *******т холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн тул Мустанг маркийн мотоциклийн үнэлгээг гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 34.14 дүгээр зүйл, 34.19 дүгээр зүйл, мөн хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шүүгдэгч *******ийг цагаатгасугай.
2. аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
3. Шүүгдэгч овогт гийн ыг “бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч овогт ийн ийг “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авч, ашиглаж мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч гийн ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ийн ийг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тооцсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж байгаа газраас эмнэлэг, эмийн сан, хүнсний зах, хүнсний дэлгүүр, эрхэлж буй ажил гэсэн чиглэлээр зорчихоор даалгасугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.
9. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гийн эзэмшлийн 39-17 БНА улсын дугаартай улаан хүрэн өнгийн Тоёота приүс 20 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгосугай.
10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн иштэй 26 сантиметр урттай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, СиДи 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.
11. Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
12. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих, шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
13. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА