| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2024/0377/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/382 |
| Огноо | 2024-09-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.А |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/382
2024 09 12 2024/ШЦТ/382
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Г.А,
шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Р.Ц, Ц.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ч.Б-д холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 9 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Завхан аймаг Тэс суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “***************” ТӨҮГ-т жолооч ажилтай, ам бүл 3, аав, охины хамт ********************** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Ө овогт Ч-ийн Б /РД; **********/,
Шүүгдэгч Ч.Б нь;
2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг “Зуун айл” худалдааны төвийн баруун талын хаалганы хажууд хохирогч Б.Н-тай маргалдан хохирогчийн нүүрэн тус газарт олон удаа цохиж, эрүүл мэндэд нь “баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, дээд, доод уруулын салстад цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг; Гэм буруугийн талаар;
шүүгдэгч Ч.Б дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, миний уур хүрээд “чи над шиг эцэгтэй л байлгүй” гэж хэлээд нүүрэн тус газар нь 3-4 удаа цохисон” гэх хавтаст хэргийн 30 дахь талд авагдсан мэдүүлгээс гадна,
хохирогч Б.Н “...2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр “Зуун айл” худалдааны төвийн гадаа 18 тоот контейнерт барилгын материалаа зараад зогсож байтал үл таних настай ах ирээд “өчигдөр манай хүүхдүүд танайхаас ламперэн тааз авсан байна, надад солиод өг” гэж хэлсэн, тэгэхээр нь “за яасан юм бол” гэж асуусан чинь “эвдэрхий, цөмөрхий юм өгч явуулсан байна” гэж хэлсэн, би нөгөө настай ахад “өчигдөр танай хүүхдүүдэд эвдэрхий лампер өгөөгүй тоолоод эвдрэлгүй хүлээлгэж өгсөн, манайх сольж өгөхгүй” гэж хэлсэн чинь “танайхаас авсан юм чинь танайх сольж өгнө” гэж над руу уурласан. Би контейнерт оруулж “ахаа манайд эвдэрхий лампер огт байхгүй” гэж хэлээд харуулсан чинь нөгөө ах тамхи татаад зогсоод байхаар нь “та гар” гэж хэлсэн чинь нөгөө ах “даварчихсан хулгайч нар вэ” гэж хэлээд контейнероос гараад “Зуун айл”-ын баруун талын хаалганы хажууд зогсож байснаа гэнэт бөгжтэй баруун гараараа миний баруун нүд рүү гараа атгаж байгаад цохисон, толгой манараад хойш савсан чинь дахиж үргэлжлүүлээд 4-5 удаа цохисон, миний нүд хавдаад дээд, доод уруул дотор талдаа язарчихсан. ...миний толгой байнга өвдөж, үе, үе дотор муухайрч байна, зодуулснаасаа болоод дөрөв хоног ажилдаа яваагүй. ...Энэ гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд ямар нэгэн хор уршиг учраагүй. Би эмчилгээний зардал 1.000.000 төгрөг нэхэмжилж байна, эмчилгээний зардлыг өгчихвөл гомдол санал байхгүй.” гэх /хавтаст хэргийн 14, 16 дахь тал/ мэдүүлэг,
мөрдөгчийн 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Уг бичлэг дээр төмөр хашааны хаалгаар хар үстэй шар хөх өнгө алагласан хувцастай эрэгтэй, ягаан өнгийн цамцтай эмэгтэйн хамт нэг өндөр залуу шар цэнхэр өнгийн контейнероо цоожлоод зогсож байтал шууд баруун зүүн гараараа 3-4 удаа нүүрэн тус газар нь цохиход нөгөө өндөр залуу нүүрээ дараад доошоо сууж байгаагаар бичлэг дуусаж байна. Уг камер дуу бичдэг байх бөгөөд дуу нь сайн сонсогдохгүй байсныг тэмдэглэлд тусгав.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-10, 11 дэх тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 719 дугаартай; “...Б.Н биед баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, дээд, доод уруулын салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, цохих, цохигдох хүчний үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байхаар шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэсэн /хавтаст хэргийн 25-26 дахь тал/ дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлыг буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхийг, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг,
мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тус тус хянасан болно.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Б.Н-д 1.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн хавтаст хэргийн 60 дахь талд авагдсан баримтыг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн,
дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж,
шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
“Зуун айл” худалдааны төвийн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ө овогт Ч-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Хэрэгт ирүүлсэн “Зуун айл” худалдааны төвийн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э