Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2020/ДШМ/1284

 

 

 

 

     2020           10             01                                         2020/ДШМ/1284

 

Ө.А-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Еркебулан,

яллагдагч Ө.А, түүний өмгөөлөгч Ц.Цэгмид,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/2581 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Х.Еркебуланы бичсэн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 49 дугаартай прокурорын эсэргүүцэлд үндэслэн Ө.А-д холбогдох эрүүгийн 1941 0004 50170 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Ө.А нь татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 119 ширхэг гар утас, 135 ширхэг ухаалаг чихэвч, 81 ширхэг бугуйн цаг зэрэг эд зүйлд 335.850.382 төгрөгийн татвар ногдох орлогоос 50.377.557,54 төгрөгийн гаалийн татварыг төлөлгүйгээр татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ө.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалт гаалийн улсын байцаагч “...Нийт татвар 717.647.690 төгрөг, татварт ногдох торгууль 215.294.307 төгрөг нийт 932.941.997 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх нь зүйтэй байна” гэсэн дүгнэлт гаргасан. Мөн шинжээч Г.Өнөрцэцэг “...шалгалтаар 717.647.690 төгрөгийн нөхөн татвар төлөх ёстой. Мөн тухайн татварт ногдох торгууль 215.294.307 төгрөг байхаар байна. Нийт 932.941.997 төгрөг. “А” ХХК-ний хураагдсан утаснуудыг Гаалийн мэдүүлэгтэй тулган шалгахад 40 утас нь Гаальд мэдүүлсэн. Бусад утас, цаг, чихэвч нь Гаалийн байгууллагад мэдүүлээгүй...” гэж мэдүүлэг өгсөн. Гэтэл хохирогч М.Баттулга “...335.850.382 төгрөгийн бараанд ногдох 15 хувийн 50.377.577,54 төгрөгийг хохирогчийн зүгээс нэхэмжилж байна” гэж мэдүүлсэн бөгөөд уг мэдүүлгийг үндэслэж, хохирлын хэмжээг тогтоосон нь үндэслэлгүй, ...ямар учраас хохирлын хэмжээ багассан, юуг үндэслэж, хэрхэн тооцоо хийж хохирлын хэмжээг тогтоосон болох нь тодорхойгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан холбогдох мөрдөн шалгах ажиллагааг хийж, хохирлын хэмжээг нэг мөр, эргэлзээгүй нотлон тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ нотлогдон тогтоогдсоны дараа яллагдагч нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргах эрх нээлттэй болох”-ыг дурдаж хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

Прокурор Х.Еркебулан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалт гаалийн улсын байцаагч “2148 ширхэг гар утас, 294 ширхэг ухаалаг чихэвч, 229 ширхэг цаг зэрэг барааг гаалийн байгууллагад мэдүүлээгүй. Нийт татвар 717.647.690 төгрөг, татварт ногдох торгууль 215.294.307 төгрөг, нийт 932.941.997 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх нь зүйтэй байна” гэсэн дүгнэлтийг гаргасан. Гэвч Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалт гаалийн улсын байцаагч нь “А” ХХК-ний санхүүгийн баримтуудаас гадна хувийн хар дэвтэр зэрэгт үндэслэн дүгнэлт гаргасан боловч Ө.А-ийн дотоодоос худалдан авсан гар утас, мөн гаалийн татвар төлөгдсөн айфон үйлдвэрийн гар утас, ухаалаг чихэвч, бугуйн цаг зэрэг эд зүйлсийн төлбөрийг хасалгүйгээр нийт 932.941.997 төгрөг хэмээн тооцож гаргасан байх бөгөөд Ө.А, түүний өмгөөлөгч Ц.Цэгмид нараас татвар төлсөн баримт болон дотоодын худалдан авалт хийсэн талаарх баримтуудыг гаргаж өгсний дагуу мөрдөгч нэг бүрчлэн нягтлан шалгаж, хохирлын хэмжээг “119 ширхэг гар утас, 135 ширхэг ухаалаг чихэвч, 81 ширхэг бугуйн цаг зэрэг эд зүйлд 335.850.382 төгрөгийн татвар ногдох орлогоос 50.377.557,54 төгрөгийн гаалийн татварыг төлөлгүйгээр татвар төлөхөөс зайлсхийсэн” хэмээн хохирлын хэмжээг тодорхойлсон. ...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ө.А-д холбогдох хэргийг 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсан атлаа 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр буюу 4 хоногийн дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн хугацааг ноцтой зөрчиж, гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааныг зарлан явуулсан байна. ...шүүх Ө.А-д холбогдох хэргийг хүлээн авч хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-4.6 дахь заалтад заасан хуулийн шаардлагыг хангасан эсэхэд бодит үнэлэлт дүгнэлт өгөлгүй эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2581 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Яллагдагч Ө.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаж, ердийн журмаар хэргээ шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Цэгмид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаж, хэргийг прокурорт буцааж зарим зүйлүүдийг шалгуулах хүсэлтэй байна. Хохирлын хэмжээн дээр олон хар дэвтрийг хурааж авчихаад түүнийгээ жагсааж бичээд 900 сая төгрөгт ногдох татвараас зайлсхийсэн гэж үзсэн байсан. Төлсөн татварыг төлөөгүй гээд оруулсан байсан. Давхардаад орсон байсан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд прокурор, мөрдөгч нар Ө.А-д холбогдох хэргийг зүйлчлэхдээ хохирлын хэмжээг буруу тодорхойлсон байх тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардагдсан, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжилгээ хийлгэнэ” гэж, мөн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэжээ.

Хэрэгт эдийн засгийн тусгай мэдлэгийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг үндэслэн шинжилгээ хийлгэхээр томилсон Гаалийн Ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалт Гаалийн Улсын байцаагчийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн №01-1/2019 дугаартай дүгнэлтээр Монгол Улсын Гаалийн байгууллагын автоматжуулсан мэдээлийн системийн гаалийн мэдүүлгийн мэдээллийн санд байгаа “А” ХХК-ийн 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Монгол Улсын гаалийн хилээр оруулсан, гадаад улсаас худалдан авсан барааны мэдээллийг загвар, сериал дугаар, төрөл, багтаамж зэрэг үзүүлэлтээр нь тулган шалгахад гар утас 2148 ширхэг, ухаалаг чихэвч 294 ширхэг, цаг 229 ширхэгийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй байсан. Илэрсэн зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсгийг зөрчсөн нь үндэслэлтэй байх тул нийт 932.941.997 төгрөгийн нөхөн татвар, торгуулийг “А” ХХК-д ногдуулж, барагдуулж, улсын төсөвт төвлөрүүлэх нь зүйтэй гэж хохирлын хэмжээг тогтоосон байна.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор тогтоогдсон Улс хоорондын шуудан илгээмжийн Гаалийн газрын Гаалийн зөрчил хариуцсан байцаагч М.Баттулгын “...Яллагдагчийн зүгээс гаргасан 335.850.382 төгрөгийн бараанд ногдох 15 хувийн 50.377.557,54 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /4 хх 54/ гэсэн мэдүүлэг, яллагдагч болон түүний өмгөөлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр сайн дураар “Гаалийн татварт” тушаасан 50.377.558 төгрөгийн баримтыг үндэслэн Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 355 дугаартай тогтоолоор “...Ө.А нь татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд 119 ширхэг гар утас, 135 ширхэг ухаалаг чихэвч, 81 ширхэг цаг зэрэг эд зүйлст ногдох 335.850.382 төгрөгийн орлогоос 50.377.558 төгрөгийн гаалийн татварыг төлөлгүйгээр татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн” гэж дүгнэн, үндэслэлгүйгээр хохирлын хэмжээг багасгасан нь хэргийн бодит байдалд нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг шаардлагатай асуудлаар мэргэжлийн шинжээчээр дүгнэлт гаргуулж татвар, торгуулийн дүнг тогтоосон байх тул тухайн дүгнэлтийг нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хохирлын хэмжээг тодорхойлсон гэж үзнэ.

Нөгөөтэйгүүр яллагдагч Ө.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаж байна” гэж мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргаж байсан хүсэлтээсээ татгалзсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан...бол шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэж заасан бөгөөд энэхүү нөхцөл байдал нь хэргийг прокурорт буцаах үндэслэл болно.

Иймд “Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэх” гэсэн агуулгаар бичсэн прокурор Х.Еркебуланы 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 49 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/2581 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/2581 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Х.Еркебуланы бичсэн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 49 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ