Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2025/00214

 

 

Ц.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Э.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 317/ШШ2025/00483 дугаар шийдвэр,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 223/МА2025/00026 дугаар магадлалтай

Ц.Б-ийн нэхэмжлэлтэй,

“ТТТ” ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч “ТТТ” ХХК-д холбогдуулж тус компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/1032 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй тул Дотоод хяналтын хэлтсийн дотоод хяналтын мэргэжилтний ажлын байранд эгүүлэн тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоох хүртэл хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогчоос нөхөн гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 317/ШШ2025/00483 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ийг хариуцагч “ТТТ” ХХК-ийн Дотоод хяналтын хэлтсийн Дотоод хяналтын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 18,909,771 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 9,020,668.60 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийн төрөлд хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч “ТТТ” ХХК-аас тэмдэгтийн хураамж /70,200+252,499/-д нийт 322,699 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

3.Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 223/МА2025/00026 дугаар магадлалаар: Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 317/ШШ2025/00483 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ийг хариуцагч “ТТТ” ХХК-ийн Дотоод хяналтын хэлтсийн Дотоод хяналтын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 18,909,771 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 9,020,668.60 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ийн “ТТТ” ХХК-ийн Дотоод хяналтын хэлтсийн дотоод хяналтын мэргэжилтний ажлын байранд эгүүлэн тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоох хүртэл хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

2 дахь заалтад “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийн төрөлд хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч “ТТТ” ХХК-аас тэмдэгтийн хураамж /70,200+252,499/-д нийт 322,699 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлого болгосугай...” гэснийг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийн төрөлд хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай...” гэж өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгч Ц.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, давж заалдах шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал, үйл баримт, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс эрх зүйн дүгнэлтийг буруу хийж холбогдох хуулийн заалтын ач холбогдлыг алдагдуулж улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэн Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.04.09-ний өдрийн 317/ШШ2025/00483 дугаар шийдвэрийн зарим хэсгийг, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.06.26-ны өдрийн 223/МА2025/00026 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.

Нэг.Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хянуулах тухайд: Шийдвэрийн Үндэслэх хэсэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмыг үндэслэж, Тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх заалтыг баримталсан атлаа ажилгүй байсан хугацааны олговрын хэмжээг тодорхойлох дундаж цалин хөлсийг буруу тооцоолсон. Хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэгч Ц.Б миний гаргасан тооцооллоор: ажилласан сүүлийн 3 сарын нийгмийн даатгалын шимтгэл тооцсон цалин хөлсний нийлбэр 12,221,444 төг, 2024 оны 5-р сар 2,690,000 төг, 6-р сар 4,010,000 төг, 7-р сар 5,521,444 төгрөг. Нэг сарын дундаж цалин хөлс 12,221,444 төг : 3 сар = 4,073,815 төгрөг. Нэг өдрийн дундаж цалин хөлс 4,073,815 : 21 өдөр = 193,991.2 төгрөг. Олговор тооцох нийт ажлын өдөр 2024.08.01-ний өдрөөс 2025.04.09-ний өдрийг хүртэл 178 өдөр, олговрын нийт дүн 193,991.2 төг х 178 өдөр = 34,530,433.6 төг болсон. Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 10.2-т дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилласан сүүлийн 3 сарыг бус харин 2024 оны 3, 4, 5 дугаар саруудын цалин хөлсийг хууль зүйн үндэслэлгүйгээр дундаас нь сонгон авч тооцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3, 2.3.5-д тус тус заасантай нийцээгүй. Миний нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан сүүлийн 3 сар буюу 2024 оны 6, 7 дугаар саруудын цалин хөлс нь 2024 оны эхний хагас жилийн ажлын үр дүнгээр олгогдсон цалин хөлс болон ээлжийн амралтын олговор хамрагдсан цалин хөлс учраас эдгээр нь Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.3-т заасны дагуу дундаж цалин хөлс тооцох сүүлийн 3 сарын цалин хөлсөнд хамаарах хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 9,020,668.60 төгрөгийг хариуцагч “ТТТ” ХХК-аас нэмж гаргуулахаар Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.04.09-ний өдрийн 317/ШШ2025/00483 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, шийдвэрийн 1 дэх заалтын бусад хэсгийг болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү.

Хоёр.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хянуулах тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг зөрчсөн талаар. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд баримтлах журмыг мөрдөөгүй, шүүх хуралдаанаар зохигчийн гомдол, тайлбаруудыг нэгтгэн яриулсны дараа хариуцагчаас гаргасан тодорхой нэр заасан нотлох баримт шинжлэн судлуулах хүсэлтийг шинжлэн судалснаар тооцно гэж дурдаад шүүх хуралдаан даргалагч нэмж тодруулах зүйл байгаа эсэхийг зохигчоос асууж тодруулаагүй, зохигчид харилцан асуулт тавих боломжийг олгоогүй, зохигчийг сүүлийн тайлбар хэлүүлэх боломжоор хангахгүйгээр шууд зөвлөлдөх тасалгаанд орж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.5, 169 дүгээр зүйлийн 169.1 дэх заалтуудыг ноцтой зөрчсөн үйлдэл нь тухайн шүүх хуралдаанаас гарсан магадлал хүчингүй болох хангалттай үндэслэл болж байна. Эдгээр бүх зөрчлүүд нь шүүх хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагдаж байгаа болно. Хэргийн илтгэгч шүүгч нь шүүх хуралдааны үеэр “Хэрэгт ач холбогдолгүй асуулт асууя” гэж хэлээд хариуцагчаас асуусан ганцхан асуулт нь маргааны үйл явцыг бүдгэрүүлэх шинжтэй оролдлого байсан гэж нэхэмжлэгч үзэж гомдолдоо дурдаж байна. Шүүх бүрэлдэхүүн хуралдаанд бэлтгэлгүй оролцож байгааг нь ойлгож болох ч хуралдааны явцад огтхон ч анхааралгүй, идэвхгүй, нэхэмжлэгч, хариуцагч талууд аль аль нь гомдол гаргасан маргаантай хэргийн талаар зохигчоос асуулт ч асуугаагүй, хуралдаанаас гарсан магадлалын агуулгыг тайлбарлахдаа “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон” гэж тайлбарласан атал бичгээр албажиж гарсан магадлалд “Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон” нь зөрчилдөж байна. Магадлалын Хянавал хэсгийн 5-д “Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “ТТТ” ХХК-ийн 2024.07.01-ний өдрийн “Мэдэгдэх хуудас”-ыг нэхэмжлэгч Ц.Б-т 2024.07.01-ний өдөр гардуулан өгсөн, уг мэдэгдэх хуудас хүлээн авсан хэсэгт Ц.Б гарын үсэг зурсан болох нь нотлогдож байх тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдсэн тухайгаа нотлох үүргээ ажил олгогчийг хэрэгжүүлсэн гэж үзэв” гэснийг Хянавал хэсгийн 5.1-д “...Хэрэгт хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн “...Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10, 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4 дэх хэсэг, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг, аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн тул хуулийн дагуу Ц.Б таныг 2024.08.01- ний өдрөөс ажлаас чөлөөлөхийг мэдэгдэж байна...” гэсэн агуулга бүхий “ТТТ” ХХК-ийн мэдэгдэх хуудаснаас /хх-н 175/ үзэхэд уг мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгч Ц.Б 2024.07.01-ний өдөр гардаж авсан, энэ үйл баримтын талаар зохигчийн хэн аль нь маргаагүй байна.” гэснийг хянавал хэсгийн 5.2-т “Дээрх мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгч Ц.Б-т гардуулж өгсөн 2024.07.01-ний өдрөөс Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт заасан хугацаа тоолох журамд заасны дагуу тоолоход 30 хоногийн дараа буюу 2024.07.31-ний өдөр “ТТТ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/1032 дугаартай “Ц.Б-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаал гарсан байна.” гэснийг, Хянавал хэсгийн 5.3-т “Үүнээс үзвэл “ТТТ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.07.31-ний өдөр Б/1032 дугаартай “Ц.Б-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаал гарахаас 30-аас доошгүй хоногийн өмнө нэхэмжлэгч Ц.Б-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдсэн байх ба ажил олгогч “ТТТ” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасны дагуу мэдэгдэх үүргээ биелүүлсэн байна.” гэснийг тус тус хүлээн зөвшөөрөх боломжгүй, хуулийг буруу хэрэглэсэн алдаатай дүгнэлтүүд гэж үзэж дараах баримтуудаар няцааж байна. Төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаа хэдийд ч тасралтгүй үргэлжлэн явагддаг зарчмын үүднээс эрх зүйч хүний хувьд нэгэнт надад тулгаж буй мэдэгдлийг хүлээн авч гарын үсэг зурсан, энэ нь хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс намайг буруутгаад байгаа ажлаас чөлөөлж байгаа үйл явцыг хүлээн зөвшөөрсөн хэрэг огт биш бөгөөд би хөдөлмөрийн маргаантай асуудлаа холбогдох байгууллагад нь хандаж шийдвэрлүүлэхээ ухамсартайгаар мэдэж хийсэн үйлдэл байсан. Харин уг мэдэгдэлд 2023.08.01-ний өдөр ажлаас чөлөөлөх талаар дурдсан байгаа ба мэдэгдлийг хүлээлгэн өгснөөс хойш 30 дахь өдөр 2023.07.31-ний өдрөөр тасалбар болгож, хуулиар тогтоосон 30-аас доошгүй хоног нь гүйцээгүй байхад ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т “...30-аас доошгүй хоногийн өмнө...” гэж хуульчилсантай нийцэхгүй байна. Шүүх “өдөр”, “хоног” гэх ойлголтуудыг ялгаж салгаж тооцохгүйгээр дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.6, мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т тус тус заасан байх ба мэдэгдлийг 2023.07.01-ний өдөр гардуулсан, 2023.07.31-ний өдөр буюу 30 дахь хоног нь гүйцээгүй /24 цаг болоогүй/ байхад буюу 30 дахь өдөрт нь ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байгааг харуулж байна. Хянавал хэсгийн 6.1-д “...Ажилтны хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох юм. Иймд ажил олгогч нь дээрх үндэслэлээр буюу аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэх тохиолдолд ажил олгогч нь аль ажилтантай хөдөлмөрийн гэрээний харилцааг үргэлжлүүлэх эсэхээ сонгох нь түүний эрх хэмжээний асуудал байдаг.” гэсэн шударга ёсны эсрэг гаргасан шүүхийн дүгнэлтийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй ба ийм дүгнэлт гаргаж буй Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнийг дээрх процессын хууль зөрчсөн үйлдлүүдийнх нь хамтаар Шүүхийн сахилгын хороонд хандан хариуцлага тооцуулах хангалттай үндэслэл болж байна. Ажилтны тоог цөөрүүлэх тохиолдолд аливаа шалгуургүйгээр дурын ажилтныг ажлаас чөлөөлөх тухай ёс зүй, ёс суртахууны хэм хэмжээ болон хууль тогтоомжийн зохицуулалт төрийн 100 хувийн өмчит “ТТТ” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам, бусад холбогдох дүрэм, журмаар зохицуулагдаагүй болох нь хэрэгт хавсаргасан баримтуудаар нотлогдож байгаа болно. Хянавал хэсгийн 7-д “ТТТ” ХХК-ийн Дотоод хяналтын хэлтэс нь 2023 оны үйл ажиллагааны жилийн ажлын тайлангаа 2023.12.04-ний өдөр гаргасан бөгөөд уг тайланд нийт 8 ажилтны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, ажлын цаг ашиглалт, ирц, хариуцлага, ёс зүй, харилцаа хандлага, бусад нэмэлт ажлууд, мэдлэг ур чадвараа дээшлүүлсэн байдалд тус тус үнэлгээ өгөхөд Ц.Б нь 96.5 оноо авчээ. /хх-н 43/ Энэхүү үнэлгээ нь “ТТТ” ХХК-ийн Дотоод хяналтын хэлтсийн 2023 оны жилийн ажлын тайлангаар нэхэмжлэгчийн авсан үнэлгээ болохоос биш ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр Ц.Бийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахад баримталсан шалгуур үнэлгээ гэж үзэх боломжгүй байх ба шалгуур үнэлгээ болгон авч үзсэн талаар зохигчийн хэн аль нь нотлоогүй.” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй ба Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хэт нэг талыг барьж, хэргийн нотлох баримтуудыг зөв үнэлээгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг нотлох баримтад тулгуурлан хянаагүй болохыг илтгэх илэрхий буруу ташаа дүгнэлт гэж үзэж байна.

Миний бие нь 45 настайдаа цагдаагийн байгууллагаас тэтгэвэрт гарсан, цаашид амьдрахын тулд үргэлжлүүлэн ажил хийх шаардлагын үүднээс тус компанид 2020.02.21-ний өдрөөс эхлэн Хуулийн хэлтсийн захиалагчийн хяналтын гүйцэтгэлийн хяналтын мэргэжилтэн, нууцыг хамгаалах ажилтан, хуулийн мэргэжилтэн, Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, Дотоод хяналтын хэлтсийн дотоод хяналтын мэргэжилтэн зэрэг ажлын байранд нийт 4 жил хагас үр бүтээлтэй, хариуцлагатай ажилласан, 2023 оны эхээр хэлтсийн шинэ залуу даргатай болсон ба миний ажлын арга барил, шударга шулуун зан чанар таалагдаагүй байсан байж болох юм, намайг та бусдадаа боломж олго гэх мэтээр шахаж, улмаар Захиргааны хэлтэст мэдэгдэх хуудас гаргуулахаар хүргүүлсэн Дотоод хяналтын хэлтсийн дотоод албан бичигт намайг цэргийн тэтгэвэртэй, гүйцэтгэлийн үнэлгээгээр хамгийн бага оноо авсан хэмээн /ажил дүгнэсэн үнэлгээгээр 96.5 %-иар хэлтсийн 8 ажилтнаас 4 дүгээр байрт дүгнэгдсэн ба уг тайланг хэлтсийн дарга Д.М 2024.12.05-ны өдөр хянаж, гарын үсгээрээ баталгаажуулсан/ дурдсан байгаа бөгөөд үнэлгээний дүнг нэгтгэсэн хуудсыг дахин хуурамчаар үйлдэж, өмнө нь өөрөө “96.5%” гэж дүгнэсэн оноогоо “66%” болгон өөрчилж бичсэн байсан. Тэрхүү дотоод албан бичгийг үндэслэн надад Мэдэгдэх хуудас өгсөн талаар би нэхэмжлэлдээ дэлгэрэнгүй тайлбарласан ба анхан шатны шүүх хуралдаанд гаргасан миний тайлбар, тайлбараа нотолсон гүйцэтгэлийн үнэлгээний тайлан дахь миний бодит үнэлгээ, гүйцэтгэлийн үнэлгээ хийх журам зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотолж энэ талаар анхан шатны шүүх шийдвэртээ маш тодорхой дүгнэлт хийсэн байгааг хянуулахаар гомдол гаргав.

Дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шийдвэр, магадлалыг хянан үзэж, Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.04.09-ний өдрийн 317/ШШ2025/00483 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэгч Ц.Б миний нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны олговорт 34,530,433.60 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар өөрчлөлт оруулж, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.06.26-ны өдрийн 223/МА2025/00026 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

Тайлбар: Давж заалдах шатны шүүх иргэний Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчиж, мөн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж алдаа гаргасан нь хэргийн шийдвэрт нөлөөлсөн учраас нээлттэй хуралдааны бичлэгийг гаргуулж гомдолд хавсаргуулах хүсэлтийг тус шүүхийн тамгын газарт гаргасан боловч татгалзсан хариу ирүүлсэн тул хууль, журмын дагуу холбогдох маргааныг давж заалдах шатанд нээлттэй шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн шүүх хуралдааны бичлэгийг холбогдох хууль, журмын дагуу гаргуулан авч, хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэхдээ харгалзан үзэхийг Монгол Улсын дээд шүүхийн Иргэний танхимын эрхэм шүүгчид та бүхнээс хичээнгүйлэн хүсье гэжээ.

5.Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.10.31-ний өдрийн 001/ШХТ2025/01004 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Ц.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгч Ц.Б хариуцагч “ТТТ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “…гүйцэтгэх захирлын 2024.07.31-ний өдрийн Б/1032 дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-ийг үндэслэн гаргасан атлаа ...2024.07.01-ний өдрийн 13\128 тоот албан бичигт ...2023 оны ажлын гүйцэтгэлийг үнэлсэн үнэлгээгээр хамгийн бага оноо авсан, цэргийн тэтгэвэртэй учир орон тооны бүтцээр ажлаас чөлөөлөх саналтай байгаа гэж дурдсан нь намайг ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн утга агуулгатай, ...ТУЗ-ийн 2023.12.27-ны өдрийн 42 дугаар тогтоолыг ажилтнуудад танилцуулаагүй, мэдэгдээгүй атлаа Дотоод хяналтын хэлтсийн дотоод хяналтын мэргэжилтэн ажлын байр хасагдсан, тус ажил албан тушаалын байр байхгүй болсон үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 80.4, Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2, 16 дугаар зүйлийн 4-т заасныг тус тус зөрчсөн тул урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 34,530,433.6 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, маргахдаа “… ТУЗ-ийн 42 дугаар тогтоолоор орон тоо цөөрүүлэх шийдвэр гаргасны дагуу Компанийн тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд бүтэц, орон тоон дээр хэнийг авч үлдэх нь ажил олгогчийн эрхийн асуудал. Ц.Б-ийг ажлаас халах нь нэгжийн даргатай хамааралтай, Нэгжийн дарга нь Ц.Б-тэй тохиролцсон гэж үзэж байна. Нэхэмжлэгчид ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудсыг өгсөн, Ц.Б нь гарын үсэг зураад баталгаажуулсан, ажлаас чөлөөлөх тушаалыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж авсан, үндэслэлгүй гэж үзсэн бол зөвшөөрөхгүй гээд гарын үсгээ зурахгүй байх байсан. Ажил олгогчоос тэтгэмжийг олгосон, Маргаан таслах комисст 2024.09.17-ны өдөр гомдол гаргасан нь хуульд заасан хугацаанд биш, нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны олговрыг тооцоолсон нь бодит биш, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхгүй, нөхөн олговор авах боломжгүй, үндэслэлгүй гомдол гаргасан” гэсэн агуулгатай тайлбар гаргасан байна.

7.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ: “…Ц.Б-ийг ажиллаж байхад Дотоод хяналтын хэлтэс нь нийт 12 орон тоотой байсан ба ”ТТТ” ХХК-ийн ТУЗ-ийн 2023.12.27-ны өдрийн “Компанийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” тогтоолоор орон тоо 8 болж багассан. Ажил олгогч нь 2024.07.01-ний өдрийн “Мэдэгдэх хуудас”-ыг Ц.Б-т мөн өдрөө гардуулан өгсөн, тэрээр хүлээн авсан хэсэгт гарын үсэг зурсан байх тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдсэн байна. Ц.Б нь 2024.07.30-ны өдрөөс 8 сарын 01-ний хооронд “Чөлөөлөгдсөн болон халагдсан ажилтны тойрох хуудас”-г бөглөн, 8 албан тушаалтны  гарын үсгийг зурагдсан. Дотоод хяналтын хэлтэс нь 2023 оны үйл ажиллагааны тайлангаа 2023.12.04-ний өдөр гаргаж, ажилтнуудын тайланг хэлэлцэж дүгнэсэн ба хамгийн бага буюу 92.2 оноог мэргэжилтэн Э.Ж авсан бол мэргэжилтэн Ц.Б 96.5 оноог авсан байна. Гэтэл Ц.Б-ийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэсэн баримтад ...96.5 (А) гэж хянасан байхад 2024.07.01-ний өдрийн 13/128 тоот албан бичигт “…2023 онд ажил дүгнэсэн үнэлгээгээр Ц.Б хамгийн бага оноо авсан” гэж илт худал бичигдсэн нь тогтоогдож байна.

Түүнчлэн ажилтан өндөр насны тэтгэвэр авч байгаа нь түүний цалин хөлсийг бууруулах болон бусад эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэсэн хуулийн зохицуулалттай ба “насны байдлаар ялгаварлан гадуурхсан” гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй. Ажил олгогч нь Ц.Б-ийг ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасныг үндэслэл болгосон бөгөөд ямар шалгуур үзүүлэлтээр чөлөөлсөн нь тодорхой бус, холбогдох бичгийн нотлох баримт байхгүй.

Хариуцагч тал нэхэмжлэгч Ц.Б-ийг ажлаас гарах талаар Дотоод хяналтын хэлтсийн дарга Д.М-тай биечлэн уулзаж, тохиролцсон гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан нь бичгийн баримтаар тогтоогдоогүй, ажилтныг ажлаас халсан үндэслэлээ хуульд зааснаар нотлоогүй тул Ц.Б-ийг “ТТТ” ХХК-ийн Дотоод хяналтын хэлтсийн Дотоод хяналтын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож,  ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 25,509,771 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй. Ц.Б-т 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 6,600,000 төгрөгийг олгосон байх тул уг олговроос энэ мөнгийг суутган тооцож, 18,909,771 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй” гэсэн агуулгатай дүгнэлт хийжээ.

8.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлыг хангаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. Магадлалд “… анхан шатны шүүх хэргийн үйл баримтад  хуульд заасны дагуу үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй. Ажилтны хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох юм. Иймд ажил олгогч нь дээрх үндэслэлээр буюу аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэх тохиолдолд ажил олгогч нь аль ажилтантай хөдөлмөрийн гэрээний харилцааг үргэлжлүүлэх эсэхээ сонгох нь түүний эрх хэмжээний асуудал байдаг. Гэтэл анхан шатны шүүх “ТТТ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/25 тоот тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 3.1.1-д заасан заалтыг хэрхэн хэрэгжүүлсэн болох нь тодорхой бус гэж дүгнэжээ. Харин энэ заалт нь ажилтанг сонгон шалгаруулж, ажилд авах харилцааг нарийвчлан зохицуулсан журам байх тул аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тохиолдолд уг журам хамаарахгүй болно.

Дотоод хяналтын хэлтсийн 2023 оны үйл ажиллагааны тайланд нийт 8 ажилтанд үнэлгээ өгөхөд Ц.Б нь 96.5 оноо авсан ба үүнийг  ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр Ц.Б-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахад баримталсан шалгуур үнэлгээ гэж үзэх боломжгүй байх ба шалгуур үнэлгээ болгон авч үзсэн талаар зохигчийн хэн аль нь нотлоогүй. Иймд компанийн ТУЗ-ийн 2023.12.27-ны өдрийн 42 дугаар тогтоолоор байгууллагын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулж, компанийн ажилтны орон тоог бууруулж Дотоод хяналтын хэлтсийн дотоод хяналтын мэргэжилтний ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн байх тул ажил олгогч нь Ц.Б-тэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсныг буруутгах үндэслэлгүй” гэж үзжээ.

9.Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг өөрөөр шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад Хөдөлмөрийн тухай хуулийг ялгаатай тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгч Ц.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, гомдлыг хангах нь зүйтэй байна.

10.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд  нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч “ТТТ” ХХК-д 2020 оны 3 сараас  ажиллаж эхэлсэн бөгөөд 2022 оноос Дотоод хяналт шалгалтын мэргэжилтнээр ажилласан ба түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан “ТТТ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Л-гийн 2024.07.31-ний өдрийн Б/1032 тушаалыг 2024.08.20-ны өдөр гардаж авч, улмаар 2024.09.17-ны өдөр компанийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст ...ажлаас чөлөөлсөн тушаалыг зөвшөөрөхгүй тухай гомдол гаргасан.  Уг комисс 2024.11.13-ны өдрийн 24/04 дүгээр хуралдааны тэмдэглэлийг үйлдэж, нэхэмжлэгчид 2024.11.20-ны өдөр хүлээлгэн өгсөн байна. Ц.Б-ийн Зуунмод сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан гомдлыг 2024.12.17-ны өдөр хуралдааны 2024/12-1 дүгээр тэмдэглэлээр шийдвэрлэсэн ба  нэхэмжлэгч тэмдэглэлийг 2025.01.16-ны өдөр гардан аваад, 2025.01.16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Ц.Б-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан 2024.07.31-ний өдрийн Б/1032 дугаартай тушаалд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1, 83 дугаар зүйлийн 83.2, 83.6, 110 дугаар зүйлийн 110.3, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 42 дугаар тогтоол, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.4.2.2-т заасныг  тус тус үндэслэсэн байх бөгөөд энэ нь Дотоод хяналтын хэлтсийн Дотоод хяналтын мэргэжилтний ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэсэн агуулгатай байна.

11.Талууд ажил олгогч компанид зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт хийгдэж, зарим орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн үйл баримтын тухайд маргаагүй. Харин нэхэмжлэгчийг ямар үндэслэл, шалгуураар энэ өөрчлөлтөд хамрагдаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон талаар маргаж, хоёр шатны шүүх ажил олгогчийн гаргасан шийдвэрийн үндэслэлд ялгаатай дүгнэлт хийжээ.

Ажил олгогч нь өөрийн хэрэгцээ, шаардлага, цаг үеийн нөхцөл байдал, санхүүгийн нөөц бололцоо, үйл ажиллагааны цар хүрээнд тохируулан дотооддоо зохион байгуулалтын өөрчлөлт хийж, тодорхой шалтгааны улмаас зарим ажлын байрыг хасах шийдвэр гаргах эрхтэй хэдий ч ийнхүү ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо үндэслэл бүхий шийдвэр гаргах ёстой.

Хэргийн баримт, зохигчийн тайлбараас үзэхэд “ТТТ” ХХК-ийн Дотоод хяналтын хэлтсийн дарга Д.М-ын гарын үсэг бүхий 2024.07.01-ний өдрийн 13/128 тоот Захиргаа, хүний нөөцийн хэлтэс Ц.С танаа гэсэн “ТУЗ-ийн 2023.12.27-ны өдрийн 42 тоот тогтоолоор батлагдсан тогтоолын дагуу тус хэлтсийн 2023 онд ажил дүгнэсэн үнэлгээгээр хамгийн бага оноо авсан, цэргийн тэтгэвэртэй дотоод хяналтын мэргэжилтэн Ц.Б-ийг орон тооны бүтцээр ажлаас чөлөөлөх саналтай байгаа тул 2024.07.01-ний өдрийн дотор мэдэгдэл хүргүүлж, 08 сарын 01-ний өдрийн дотор ажлаас чөлөөлөх арга хэмжээг авна уу.” гэсэн албан бичиг нь ажил албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэл болсон гэж үзэхээр байна.

12.Дээрх …албан бичигт нэхэмжлэгч Ц.Б-ийг ...хамгийн бага оноо авсан... гэж илт худал бичигдсэн болох нь 2023 оны  үйл ажиллагааны тайлангийн үнэлгээгээр тогтоогдож байгаа тухай анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. 

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх үүрэгтэй. “ТТТ” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 3.1-д Ажилтан сонгон шалгаруулах, 3.1.1-д Хүний нөөцийн сонгон шалгаруулалт хариуцсан нэгж нь Үйлдвэрээс бусад нэгжийн ажилтнуудыг, ...тухайн үйлдвэрийн Хүний нөөц хариуцсан ажилтан хамтран компанийн батлагдсан бүтэц, орон тооны дагуу хүний нөөцийн төлөвлөлт, бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтыг явуулна. Ажилтан сонгон шалгаруулж, ажил авах харилцааг холбогдох журмаар нарийвчлан зохицуулна гэсэн заалтыг хэрхэн хэрэгжүүлсэн болох нь тодорхой бус, энэ талаарх баримтыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй, улмаар хамгийн бага үнэлгээ авсан нөгөө ажилтны бус харин нэхэмжлэгчийн гэрээг цуцалсан үндэслэл, шалгуураа тодорхой тайлбарлаж чадаагүй буюу шийдвэр гаргахдаа ил тод, шударга байж чадаагүй гэж үзэхээр байна.

Нөгөөтэйгүүр, Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т “Ажилтан өндөр насны тэтгэвэр авч байгаа нь цалин хөлсийг бууруулах болон энэ хуульд заасан бусад эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй” гэсэн зохицуулалт байх бөгөөд Ц.Б нь өндөр насны тэтгэвэр авдаг талаар талууд маргаагүй, түүнийг цэргийн тэтгэвэртэй талаар 2024.07.01-ний өдрийн 13/128 тоот албан бичигт тусгажээ.

13.Хариуцагч нь “...тухайн хэлтсээс мэдэгдэх хуудас авсан хүмүүс бүгд ажлаас чөлөөлөгдсөн. Нэгжийн дарга Д.М-тай нэхэмжлэгч Ц.Б-ийг биечлэн уулзсан, хоорондоо тохиролцсон” гэж хэлсэн гэж тайлбарласан боловч энэ тухай баримт гаргаагүй ба нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч, хуульд заасан журмын дагуу маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр холбогдох газруудад хандаж байсан үйл баримт тогтоогдсон байна.

Ажлын байр хасагдсан, орон тоог цөөрүүлэхдээ хэрхэн ямар шалгуур үзүүлэлтийг үндэслэл болгосон тухайгаа хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нотлоогүй байх тул нэхэмжлэгч Ц.Б-ийг хариуцагч “ТТТ” ХХК-ийн Дотоод хяналтын хэлтсийн Дотоод хяналтын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг хуульд нийцсэн гэж үзнэ.

14.Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2024 оны 8 сараас 2025 оны 4 дүгээр сарын 9-ийг хүртэл тооцож, 25,509,771 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар тооцоолж, үүнээс нэхэмжлэгч Ц.Б-т олгогдсон тэтгэмж 6,600,000 төгрөгийг хасч шийдвэрлэхдээ дундаж цалин хөлс тодорхойлох журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын “…шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэгч Ц.Б миний нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны олговорт 34,530,433.60 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү” гэснийг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

15.Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлээгүйгээс “…ажил олгогч нь дээрх үндэслэлээр буюу аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэх тохиолдолд ажил олгогч нь аль ажилтантай хөдөлмөрийн гэрээний харилцааг үргэлжлүүлэх эсэхээ сонгох нь түүний эрх хэмжээний асуудал байдаг. “ТТТ” ХХК-ийн Дотоод хяналтын хэлтсийн 2023 оны жилийн ажлын тайлангаар нэхэмжлэгчийн авсан үнэлгээ болохоос биш ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр Ц.Б-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахад баримталсан шалгуур үнэлгээ гэж үзэх боломжгүй байх ба шалгуур үнэлгээ болгон авч үзсэн талаар зохигчийн хэн аль нь нотлоогүй” гэж үзэхдээ Дотоод хяналтын хэлтсийн дарга Д.М-ын гарын үсэг бүхий 2024.07.01-ний өдрийн 13/128 тоот албан бичгийн талаар дүгнэлт өгөөгүй, маргааны үйл баримтын учир, шалтгааныг хуульд нийцүүлэн тогтоож чадаагүй байна.

Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж дүгнэж, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангана.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 223/МА2025/00026 дугаар магадлалыг хүчингүй болгож, Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 317/ШШ2025/00483 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2025 оны 08 сарын 09-ний өдөр төлсөн 70,200 төгрөг, 2025 оны 08 сарын 01-ний өдөр төлсөн 330,602 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                     Э.ЗОЛЗАЯА

                                                                      Д.ЦОЛМОН

                                                                                 Х.ЭРДЭНЭСУВД