Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 00122

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар О.Өлзийбуян

Улсын яллагч Л.Отгончимэг

Шүүгдэгч. Д.Түвшинбаярыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Д.Түвшинбаярт холбогдох эрүүгийн 201722000183 тоот хэргийг 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Тайтан овогт Дүүжийн Түвшинбаяр, 1975 оны 11 дүгээр сарын 16-нд Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс дархад, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын ЕБС-д биеийн тамирын багш ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багт оршин суух, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, Регистрийн РВ75111639 дугаартай

Шүүгдэгч Д.Түвшинбаяр нь 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын төвд байрлах ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын зааланд өөрийн удирдсан ангийн сурагч болох Б.Лхагвасүрэнг сургуулийн үйлчлэгч нарыг хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар зодож биед нь тархи доргилт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч Д.Түвшинбаяр нь 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын төвд байрлах ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын зааланд өөрийн удирдсан ангийн сурагч болох Б.Лхагвасүрэнг сургуулийн үйлчлэгч нарыг хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар зодож биед нь тархи доргилт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

Хохирогч Б.Лхагвасүрэнгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2017 оны 3 дугаар сарын 23-ны өглөө 3 дугаар цаг, 4 дүгээр цаг дээр манай анги биеийн тамирын хичээл орох ёстой байсан. Тэгтэл манай ангийн багш Түвшинбаяр манай ангийн 2 хүүхэд архи ууснаас болоод нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино шүү гэж хэлээд спорт заалыг угаа гэж хэлсэн. Тэгээд манай ангийнхан заалны шал угаагаад байж байсан чинь үйлчлэгч Оюунгэрэл эгч орж ирээд шалны алчуур авъя гэсэн тэгэхэд нь би та нар шал угаах ёстой юм байгаа биздээ гэж хэлэхэд үйлчлэгч Оюунгэрэл эгч та нар байнга хар зураас гаргаж байдаг биздээ гэсэн, тэр үед би та нар цалинг нь авдаг биздээ, та нар л угаах ёстой биздээ гэж хэлсэн. Тэгээд үйлчлэгч Оюунгэрэл эгч шалны алчуур, шалны мод мод аваад гарсан. Намайг заалны үүдэнд байдаг Олимп танхимд байж байхад ангийн багш Түвшинбаяр багш орж ирээд заал руу түлхэж оруулаад зодсон. Миний толгойн тус газар цохиж, гуя хөлрүү өшиглөж заалны нэг захаас нөгөө зах хүртэл өшиглөсөн. Тухайн үедээ ямар нэгэн гэмтэл үүсээгүй. Тэр өдрөөс хойш 2-3 хоногийн дараа толгой өвдөөд байхаар нь үзүүлсэн чинь толгой хөдөлсөн байсан /хх-ийн 41-р тал/,

Насанд хүрээгүй гэрч Э.Тодбилэгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Манай ангийн Гүндлаай Цэрэнчимэд нар архи уусан гэж шийтгүүлж сургуулийн спорт заал цэвэрлэхээр болсон. Тэгээд манай ангийнхан заал цэвэрлэхээр болоод сургуулийн үйлчлэгч нараас шалны алчуур гуйж аваад заал цэвэрлээд байж байтал үйлчлэгч орж ирээд шалны алчуураа авах гээд орж ирсэн. Тэгэхэд нь Лхагвасүрэн та цалинг нь авдаг байж та цэвэрлэх ёстой юм байгаа биздээ гэж хэлсэн, тэгэхэд нь үйлчлэгч эгч гараад явсан. Намайг заалны хойд хаалганы тэнд байхад манай ангийн Лхагвасүрэн урд хаалгаар унаад орж ирсэн хойноос нь ангийн багш уурласан байдалтай орж ирсэн. Лхагвасүрэнг уурлахдаа наад хүн чинь ардаа амьдралтай ажилаа хийж байгаа хүн чи ганцаараа хэл амтай хүн юм уу гэж байсан. Тэгээд урд хаалганы тэндээс Лхагвасүрэнг хөөгөөд араас нь ганц хоёр цохиод заалны хойд булан хүрсэн. Хойд буланд ирээд хөлөөрөө өвдөглөж байсан. Би нарийн ширийн зүйлүүдийг бол сайн хараагүй. Дараа нь манай ангийн хүүхдүүдийг зааланд жагсааж байгаад цаагуур чинь манай ангийг архичин анги гэж яригдаж байна. Дахин ийм асуудал гаргахгүй гээд гарын үсэг зуруулж авсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/,

Насанд хүрээгүй гэрч Б.Тэнгисийн хэрэгт бүртгэлтийн шатанд өгсөн: Манай ангийнхан заал цэвэрлэхээр болоод сургуулийн үйлчлэгч нараас шалны алчуур гуйж аваад заал цэвэрлээд байж байтал үйлчлэгч орж ирээд шалны алчуураа авах гээд орж ирсэн. Тэгэхэд нь  манай ангийнхан шалны алчуургүй яаж цэвэрлэх юм бэ гэж хэлсэн. Лхагвасүрэн та цалин авдаг байж та цэвэрлэх ёстой юм байгаа биздээ гэж хэлсэн. Удалгүй сургуулийн заалны үүдэнд байдаг өрөөнөөс хэрүүл гарч эхлээд заал руу орж ирсэн. Зааланд орж ирээд зодож хөөгөөд заалны хойд буланд очоод зодсон гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 228 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-р тал/,

Шүүгдэгч Д.Түвшинбаярын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2017 оны 3 дугаар сарын 23-ны өглөө 11 цагийн үед манай анги болох 11а анги гурав, дөрөвдүгээр цаг биеийн тамир орох ёстой байсан юм. Тэгээд манай анги биеийн тамирын хичээлд орох гээд иэрэхэд нь би ангиас согтууруулах ундаа хэрэглэсэн асуудал гарсан байхаар нь нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино шүү гэж хэлээд сургуулийн заал цэвэрлүүлсэн юм. Манай ангийн хөвгүүд нь заал цэвэрлээд охидууд нь Олимп танхим, ангиа цэвэрлэсэн юм. Би тэр үед сургуулийн коридороор явж байтал цэвэрлэгч Д.Оюунгэрэл, Б.Саруулчимэг, Д.Энхтуяа нар надад танай ангийн Батхүүгийн хүү Лхагвасүрэн бид нарыг хэл амаар доромжилж байгаад гараад явлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би заал руу орох гээд явж байтал заалны үүдэнд байхаар нь түлхэж оруулаад 2-3 удаа өшиглөөд 2-3 удаа нуруу руу нь цохисон юм. Тэрнээс өөр гар хүрээгүй тухайн үед бөхийн бэлтгэл орох зааланд сургуулийн нийгмийн ажилтан Батсанаа, залуу бөх Батбямба, Уламдэлгэр нар байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч А.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Д.Түвшинбаяр нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 44-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь хохирол төлбөрөө барагдуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн 201722000183 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ: