Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2017/252

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Ж” ХХК

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/181 дүгээр тушаалын “Ж*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Ж” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл түүний хууль зүйн үндэслэлээ:

“...Байгаль орчин, Ногоон Хөгжил, Аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/181 тоот тушаалын манай компанид холбогдох заалтыг доор дурдсан үндэслэлүүдийг харгалзан хүчингүйд тооцож өгнө үү. Үүнд:

  1. Энэ тушаал нь “Газар ашиглах гэрээг цуцлах тухай” гарчээ. Гэтэл манай компани 2011 оноос өнөөдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын захиргааны буруутай үйл ажиллагааны улмаас газар ашиглах гэрээний сунгалт хийгдэлгүй өнөөдрийг хүрлээ. Иймээс бидэнд цуцлах гэрээ байхгүй юм. Энэ талаар бид Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 03 дугаар сард хандаж нэхэмжлэл гаргасан байгаа.
  2. Дээрхи тушаалын Хөвсгөл аймгийн Тусгай Хамгаалалттай газарт холбогдох   2-р   хавсралт   жагсаалтын   15-д  Ж ХХК  нь  Газрын  тухай

 

хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заатыг зөрчсөн гээд ашиглаж байгаа газрын 50-иас илүү хувь буюу 5,1 га газрыг хасахаар жагсаалтад оруулжээ. Гэтэл манай компани нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.1.5, 39 дүгээр зүйлийн 39.1.1, дэх заалтууд, ер нь ямар нэг хууль тогтоомж зөрчсөн үйлдэл гаргаж байгаагүй. Газар ашигласны төлбөр хураамжийг цаг тухайд нь төлж ирсэн ба анх 1994 оны 1 дүгээр сард Ж амралтыг дуудлага худалдаагаар 7200 га эдэлбэр газрын хамт хувьчилж авснаас хойш өнөөдөр 23 дахь жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд гэрээний үүргээ нэгч удаад зөрчиж байгаагүй.

                  Монгол Улсын Иргэний хуулийн 7-р бүлгийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2, 103.3 дугаарт заасан заалтын дагуу ашиглах эрхээ эдэлж төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа болно. Гэтэл Хөвсгөл аймгийн Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын захиргаа гэх байгууллага Тусгай Хамгаалалттай газар нутгийн болон Газрын тухай, Барилгын тухай Монгол Улсын хуулиудыг зөрчиж манай ашиглаж байгаа үл хөдлөх эд хөрөнгө байршсан газраас ямарч зөвшилцөл, яриагүйгээр айлын хашааны газар бусдад олгож байгаа мэт (зарж) элдэв хашаа, шон хатгаж газрын кадастрын зураглал давхардуулан хийлгэх, эрүүл ахуйн бүсээс карьер ашиглуулах зөвшөөрөл олгох зэрэг бидний эрхийг ноцтойгоор зөрчиж эд хөрөнгийн хохирол учруулсан төдийгүй ер нь Хөвсгөл нуур орчмын газрыг хот тосгоны гэр хороолол шиг болгож хөрс, агаар, ус бохирдуулсан үйлдлүүд удаа дараа гаргаж байгаад шүүмжлэлтэй хандаж Улсын Мэргэжлийн Хяналтын газарт хандсаны төлөө хариу арга хэмжээ болгож манайхаас таслан авч бусдад (худалдсан) шилжүүлэхээр улайрч байгаа, газраа баталгаажуулахаар яаманд хуурамч мэдээлэл өгч дээрх тушаалын хавсралтад оруулж амжсан байна.

Энэ тухай бид 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Захиргааны Хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар манай Ж******* ХХК-ны нэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн Тусгай Хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд холбогдох хэргийг хэлцэх үеээр олж мэдлээ. Гурвалсан гэрээний хугацаа сунгах асуудлыг тэд биш бид удаа дараа шаардаж ирсэн бөгөөд эцэст нь арга буюу 2016 оны 03 дугаар сард шүүхэд хандсан юм

Нэмэлт нотлох баримт бүрдүүлэх шалтгаанаар шүүх хурал хойшилсоор энэ оны 12 дугаар сарын 07-ны өдөр хуралдаж уг шүүх хуралдаан дээр хариуцагчаас нэмэлт  нотлох  баримт  нэрээр  гаргаж  ирсэн  нь  дээрхи  Байгаль  Орчин Ногоон

хөгжил, Аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/181 тоот тушаал гэх баримтыг олж үзсэн юм. Иймээс уг А/181 тоот тушаалын Хөвсгөлийн Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргаанд холбогдох заалтын 2-р хавсралт жагсаалтын 15-д Ж ХХК гэснийг хүчингүйд тооцох арга хэмжээ авч өгнө гэдэгт найдаж байна” гэжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д  шүүхэд ирүүлсэн хариу тайлбар түүний хууль зүйн үндэслэлээ:

“...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль нь Монгол Улсын Үндсэн Хууль, Газрын тухай хууль бусад хууль тогтоомжид нийцүүлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу Газрын тухай хуульд нийцүүлэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухай газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг үндэслэн “Ж” ХХК-ийн газар ашиглах эрхийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/181 дугаар тушаалаар цуцалсан.

“Ж” ХХК нь Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд мэдэгдэлгүйгээр 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Б*******” ХХК-р хуучин Жанхай амралтын төмөр хашаа бүхий талбайг хамруулан нийт 4 өөр газар дур мэдэн 10 га талбай болгож кадастр хийлгэсэн.

Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №117 тоот, 2011 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн №22 тоот, 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №95 дугаар албан бичгүүдээр “Ж" ХХК-ны Хөвсгөл нуурын баруун эрэгт Жанхайн “Ардаг сайр” нэртэй газарт байрлалтай хуучин оросын геологийн ангийг хувьчилж авсан байр, хашаа бүхий 4,8 газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр бусад 5,2 га газрыг ашиглуулах боломжгүй гэсэн саналуудыг үндэслэн дээрх тушаалыг гаргасан.

Учир нь бусад 5,2 га газар нь Хөвсгөл нууранд түрж орсон булан буюу усны эрүүл ахуйн бүс, нутгийн иргэний газартай давхацсан, ойн сан бүхий газар нутагт кадастр хийлгэснийг хамгаалалтын захиргааны зүгээс дэмжээгүй.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны А-293 тоот тушаалыг үндэслэн 2011 оны 10 сарын 12-ны өдөр 2011/55 тоот дугаар бүхий “Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт  газар  ашиглах  гэрчилгээ”-г  10 га талбайд “Жа*******” нэртэй

 

газарт “Ж” ХХК-нд ашиглуулахаар 5 жилийн хугацаагаар олгосон нь хууль бус бөгөөд Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дэмжих саналгүйгээр олгогдсон байсан тухай болон 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 90 тоот, 2015 оны 01 дугаар сарын 05-ны өдрийн 03 тоот албан бичгүүд, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг зөрчсөн тул Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/181 дугаар тушаалаар “Ж” ХХК-ийн 5,1 га газар цуцлагдсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтууд шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн шаардлагад холбогдох захиргааны актыг хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэсэн үндэслэлээр түдгэлзүүлж  шийдвэрлэв.

Нэхэмжлэгч тус шүүхэд хандаж “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/181 дүгээр тушаалын “Ж” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “газрын төлбөрөө цаг тухайд нь төлж ирсэн...гэрээний үүргээ зөрчөөгүй байхад гэрээг сунгахгүй байгаа бөгөөд эл асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа” гэж тайлбарлаж, хариуцагч “...төлбөрөө хугацаанд нь төлөөгүй...газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй...Хөвсгөл аймгийн Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанаас дэмжихгүй гэсэн санал ирсэн” гэж тус тус тайлбарлан мэтгэлцэж байна.

“Ж” ХХК, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга болон Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга нарын хооронд байгуулсан 2005 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гурвалсан гэрээгээр “Ж” ХХК-д 10 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар тохиролцжээ.  

Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2010  оны  10  дугаар  сарын  26-ны  өдрийн 117 тоот албан бичгээр “...Ж

 ХХК нь 2007 оноос газрын төлбөрийг төлж ирсэн...гэрээний хугацаа нь дууссан тул газрын асуудлыг шийдвэрлүүлэх”-ээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргад хандсаны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/293 дугаар тушаалаар “Ж” ХХК-д өмнө ашиглаж байсан 10 га газрыг 5 жилийн хугацаанд аялал жуулчлалын зориулалтаар үргэлжлүүлэн ашиглуулахаар шийдвэрлэж 2011/55 дугаартай гэрчилгээ олгосон байна.

Харин маргаан бүхий акт болох Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/181 дүгээр тушаалаар “Ж” ХХК-ийн ашиглах эрх бүхий 10 га газраас “Жанхайн царам, ардагийн зах” нэртэй газарт байрлах 5.1 га газрыг хасаж багасгахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр, “газар ашиглах гэрээг цуцлах”-аар шийдвэрлэжээ.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйллийн 37.2-д зааснаар газар ашиглуулах /эзэмшүүлэх/ гэрээнд газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа, гэрээний талуудын эрх үүргийг заавал тусгахаар зохицуулсны дээр эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудаас үзэхэд нэхэмжлэгчийг газрын төлбөрөө хугацаандаа төлөөгүй, газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэж үзэх үндэслэлүүд нь талуудын хооронд байгуулагдах газар ашиглах гэрээгээр зохицуулагдах харилцаа байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл   “Ж” ХХК-тай тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрээ байгуулагдаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн газар ашигласны төлбөр төлөх хугацааг хэдийнээс эхэлж тооцох, хэдэн төгрөгөөр тооцож хэдэн га газарт төлөх, уг төлбөрийг ямар хэлбэрээр төлөх үүрэгтэй байсан, уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлага болон газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх хугацааг хэдийнээс эхэлж тоолох талаар талууд тохиролцоогүй байсан байна.

Уг асуудлаар нэхэмжлэгч нь Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын    захиргаанд    холбогдуулан   “Хөвсгөлийн   тусгай   хамгаалалттай

 газрын хамгаалалтын захиргаанд газар ашиглах гэрээг сунгахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаснаар захиргааны хэрэг үүссэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нь тогтоогдов.

Үүнээс үзвэл Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас газар ашиглах гэрээ байгуулахгүй байгаа үйлдэл, эс үйлдэхүйн хууль зүйн үндэслэл буюу Ж ХХК-ийн газрын төлбөрөө хугацаанд нь төлсөн эсэх, зориулалтын дагуу газраа ашигласан эсэх асуудлаар маргаан үүссэн байхад нэхэмжлэгчийг газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/181 дүгээр тушаалын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх боломжгүй энэ нь шүүхээс нэмж тодруулах зүйлийн цар хүрээ, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна.

Иймд маргаж буй захиргааны акт болох Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/181 дүгээр тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Захиргааны   хэрэг  шүүхэд  хянан   шийдвэрлэх  тухай   хуулийн  106 дугаар

 зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, Газрын тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.6, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус  баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь “Ж” ХХК-ийн газар ашиглах гэрээг сунгах эсэх талаар дахин шинэ акт гаргах хүртэл  Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/181 дүгээр тушаалын "Ж" ХХК-д холбогдох хэсгийг 6 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/181 дүгээр тушаалын "Ж" ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх  хэсэгт  зааснаар  нэхэмжлэгчээс  улсын  тэмдэгтийн  хураамжид

урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114-.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.Д