Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 16 өдөр

Дугаар  2024/ШЦТ/384

 

 

2024      09          16                                          2024/ШЦТ/384

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З,    

улсын яллагч Т.Т,

шүүгдэгч Ж.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Ж.Э-д холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 20** оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэвлэлийн эх бэлтгэгч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *************** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Б овогт Ж-ы Э /РД; **********/,

Шүүгдэгч Ж.Э нь;

2024 оны 7 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Wave /Вэйв/ баарны гадна хохирогч Н.Т-ийн гээгдүүлсэн “Samsung S21G загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч, найз Ж.Х-т бэлэглэж 550.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан завших гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Ж.Э “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;

хохирогч Н.Т-ийн “...2024 оны 7 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө “Wave баараар үйлчлүүлж байх үедээ эхнэр Б.Д-ий фэйсбүүк рүү 01.20 цагт зураг явуулахад гар утас маань байсан, 01.40 цагийн үед баарнаас гарсан, 02.00 цагийн үед гар утсаа алга болсныг мэдсэн. ...гар утсаа бүрэн бүтнээр нь хүлээж авсан, гомдол, саналгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17, 19 дэх тал/,

гэрч Ж.Х-ийн “...тухайн 94939717 гэх дугаарыг сүүлийн 3-4 жилийн хугацаанд ашиглаж байна, би “Samsung galaxy S21G” загварын гар утас ашигладаг. Тухайн гар утсыг найз Ж.Э 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр надад бэлэглэсэн болохоор нь авч ашиглаж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

Ж.Э-ын яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Wave” баарны гадна байх “GS25” дэлгүүрт сандалны хажуу талд нэг утас хэвтэж байхаар нь авсан. Тэгээд 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр өөрийн найз Ж.Х-т өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

“Хас-Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 16-ны 1970 дугаартай; “...“Samsung S21G” загварын гар утас 550.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

“Мобиком корпораци” ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 4/5589 дугаартай “...3352946241325115 дугаар Имэй кодтой утсыг 9******* дугаарын хэрэглэгч Ж овогтой Х 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ашигласан.” гэсэн албан бичиг /хавтаст хэргийн 11 дэх тал/ зэрэг болно. 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Ж.Э-оос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Ж.Э дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх,

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хохирогч Н.Т-ийн “...2024 оны 7 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө “Wave баараар үйлчлүүлж байх үедээ эхнэр Б.Д-ий фэйсбүүк рүү 01.20 цагт зураг явуулахад гар утас маань байсан, 01.40 цагийн үед баарнаас гарсан, 02.00 цагийн үед гар утсаа алга болсныг мэдсэн.” гэх,

гэрч Ж.Х-ийн “...гар утсыг найз Ж.Э 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр надад бэлэглэсэн болохоор нь авч ашиглаж байна.” гэх,

Ж.Э-ын яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Wave” баарны гадна байх “GS25” дэлгүүрт сандалны хажуу талд нэг утас хэвтэж байхаар нь авсан. Тэгээд 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр өөрийн найз Ж.Х-т өгсөн.” гэх мэдүүлгүүдээр,

мөн “Хас-Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 16-ны 1970 дугаартай, “...“Samsung S21G” загварын гар утас 550.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан,  “Мобиком корпораци” ХХК-ийн 2024 оны 4/5589 дугаартай “...3352946241325115 дугаар Имэй кодтой утсыг 9********** дугаарын хэрэглэгч Ж овогтой Х 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ашигласан.” гэсэн албан бичиг зэрэг хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй болно.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд,

шүүгдэгч Ж.Э нь 2024 оны 7 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Wave баарны гаднаас хохирогч Н.Т-ийн гээгдүүлсэн “Samsung S-21G” загварын гар утсыг олж, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч, найз Ж.Х-т бэлэглэсэн үйл баримт тогтоогдож байна.

Монгол хэлний толь бичигт “завших” гэдгийг бусдын юмыг өөрийн болгох, хувьдаа ашиглах ... гэж тайлбарлажээ.

“Гээгдэл хөрөнгө” гэдэг нь эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүй байдлаас өөрийн хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар хаягдаж орхигдсон, тухайн үедээ эд хөрөнгийн эзэн хэн болох нь мэдэгдэхгүй байгаа эд зүйлийг ойлгох бөгөөд ийм гээгдэл эд хөрөнгийг олж авсан этгээд уг эд хөрөнгийг өөрийн өмч мэтээр захиран зарцуулж, ашигласан, түүнчлэн уг “гээгдэл эд хөрөнгө”-ийн үнэ 300.000 төгрөгөөс дээш үнэтэй бол “гээгдэл эд хөрөнгийг завших” гэмт хэрэгт тооцогдоно.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд хуваагддаг бөгөөд ... гээгдэл эд хөрөнгө ... завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа тухайн этгээдэд завших сэдэл төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг.

“Гээгдэл хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш өөрөөр хэлбэл 300.000 төгрөгөөс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан, мөн өөр бусад хэлбэрээр ашигласнаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Ж.Э-ын олж авсан гар утсыг хөрөнгийн мэргэшсэн үнэлгээчин 550.000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон бөгөөд шүүгдэгч нь тухайн гар утсыг найз Ж.Х-тээ бэлэглэж ашиглуулсан нь тогтоогдсон тул шүүх Н.Тийн гээгдүүлсэн “Samsung S-21G” загварын гар утсыг гээгдэл хөрөнгө гэж дүгнэж, гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлд байгааг мэдсээр байж авч завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Ж.Э-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой,

түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан.” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь тухайн зүйл хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзнэ.   

          Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан, шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Ж.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Ж.Э-ыг “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны үед;

улсын яллагч “...шүүгдэгч Ж.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” гэсэн санал гаргав.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзсан болно.  

          Шүүх шүүгдэгч Ж.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

          гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

          зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

          шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”-ийг, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.  

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Хэргийн 19 дэх талд авагдсан, хохирогч Н.Т-ийн “...гар утсаа бүтнээр нь хүлээж авсан. Гомдол саналгүй.” гэсэн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хэрэгт хураасан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдаж, 

шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Б овогт Ж-ы Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э-ыг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э дээрх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Хэрэгт хураан ирүүлсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.Э