Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1042

 

 

   2024         09           25                                    2024/ШЦТ/1042

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтуяа,

улсын яллагч Э.Ууганзаяа,

хохирогч Н.С,

шинжээч Б.Д /цахимаар/,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х  овогт Д-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408023****** дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

 

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** тоотод хохирогч Н.С-г “архи уулаа гэж загнасан” гэх шалтгааны улмаас газарт унагааж зүүн хацар хэсэгт хөлөөрөө дэвсэж, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...тухайн өдөр архи уугаад гэртээ ирээд агсам согтуу тавьсан байсан. Эхнэр архи уулаа гэж хэлсний төлөө нь биед нь хүрсэн нь үнэн. Би тэр өдөр нилээн согтолттой байсан. Би эхнэрийг түлхсэн, цохисон, унасан байхад нь дэвссэн, хэдэн удаа гэдгийг санахгүй байгаа” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Хохирогч Н.С шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тэр өдөр манай нөхөр нилээн согтуу байсан. Гэрээ олохгүй байна гэхээр нь байгаа газраас нь очиж авчирсан. Тэгээд би архи уулаа гээд уурлахад баруун шанаа, нүүр зэрэг лүү цохисон. Газар унасан байхад дэвссэн. Миний хамарт үүссэн гэмтэл нь энэ хэрэг гарахаас өмнө үүссэн. Би бөх барилддаг байсан ба тэр үед үүссэн гэмтэл юм. Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй болно ” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Шинжээч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “...***” эмнэлгийн толгойн КТГ-д “...хамрын зүүн талын хажуу хана зөрүү багатай хугаралтай, хамрын таславч баруун тийш  муруйлттай гэж бичсэн байсан хэдий боловч дүгнэлт хэсэгтээ эдгээр гэмтлийг тусгаагүй. Яагаад оруулаагүй гэвэл уг гэмтлийг тухайн үед үүссэн шинэ гэмтэл гэж үзээгүй. Учир нь, хамрын яс шинээр хугарсан байвал хамрын ясанд эмзэглэл байхаас гадна хавдаж, хөхрөх шинж тэмдэг байх ёстой. Энэ хүнд зүүн хацар, шанаа, хүзүү лугших зовиуртай гэж байсан. Хамрын нуруунд ямар нэгэн ил харагдах хөхөрч няцарсан гэмтэл байхгүй байсан учир энэ гэмтлийг тухайн өдөр үүссэн шинэ гэмтэл гэж үзээгүй тул дүгнэлт хэсэгт тусгаж оруулаагүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, *** тоотод хамтран амьдрагч Н.С “архи уулаа гэж загнасан” гэх шалтгааны улмаас газарт унагааж зүүн хацар хэсэгт хөлөөрөө дэвсэж, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт,  зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь: 

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

 

2.Хохирогч Н.С: “...2024 оны 6 дугаар сарын 16-ны өдөр би гэртээ амарч байсан ба хамтран амьдрагч Б над руу 22 цагийн үед согтуу залгаад “би гэрээ олохгүй байна, намайг ирээд аваадхаач” гэхээр нь би гэрээс гараад нөхөр Б-г гэртээ оруулсан. Манай хамтран амьдрагч тухайн үед согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан бөгөөд над руу уурлаж хэл амаар доромжилж эхэлсэн. Тэгэхээр нь би уурлаад маргалдаж байтал хамтран амьдрагч Б намайг газар унагааж байгаад зүүн хацар луу хөлөөрөө дэвссэн, дараа нь нүүр лүү хэд хэдэн удаа өшиглөсөн ба бас бие хэвлий хэсэг рүү өшиглөсөн. Түүний дараа миний нүүр хэсэг рүү гараараа цохисон. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Бид хамт амьдраад 7 сар болж байна. Дундаасаа хүүхэдгүй бөгөөд бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй. Миний хамарт үүссэн гэмтэл нь энэ хэрэг гарахаас өмнө үүссэн. Би бөх барилддаг байсан ба тэр үед үүссэн гэмтэл юм. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй болно. Сэтгэцийн хор уршгаа тогтоолгохгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7, 9 дэх тал),

 

3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн **** дугаартай шинжилгээний хэсэг газрын үзлэг хэсэгт “...зүүн хацар, зүүн чихний дэлбэнг хамарсан 15х5см, эрүүний  баруун урд хэсэгт 3х2см хүрэн ягаан өнгийн, дээд уруулын зүүн хэсгийн салстад 1,5х1см хөхөлбөр ягаан өнгийн,  цээжний баруун урд доод хэсэгт 4х2см, зүүн урд дээд хэсэгт 7х2см хүрэн ягаан өнгийн цус хуралттай, орчны эд хавдсан. Доод уруулын зүүн хэсгийн салстад 1х0,5см нимгэн цагаан өнгөр бүхий шархтай,  шархны эргэн тойрон хавсан. Хамрын нуруу тэмтрэхэд эмзэглэлтэй. Баруун шууны гадна унд хэсэгт 1х0,1см, зүүн өвдөгний дунд хэсэгт 1х1 см улаан хүрэн өнгийн зулгаралттай.

2024.06.17-ны өдрийн *** эмнэлгийн толгойн КТГ-д: хамрын зүүн талын хажуу хана зөрүү багатай хугаралтай. Хамрын таславч баруун тийш муруйлттай, ... баруун талын  хоншоорын хөндий салст бага зэрэг зузаарсан ... зүүн хацар, шанаа хэсэгт  зөөлөн эдийн хаван хавдартай ... эмч О.Т гэжээ.

Дүгнэлт хэсэгт “...Н.С-н биед зүүн хацар, зүүн чихний дэлбэн, эрүү, уруул, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

 

4.Шинжээч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “...***” эмнэлгийн толгойн КТГ-д “...хамрын зүүн талын хажуу хана зөрүү багатай хугаралтай, хамрын таславч баруун тийш  муруйлттай гэж бичсэн байсан хэдий боловч дүгнэлт хэсэгтээ эдгээр гэмтлийг тусгаагүй. Яагаад оруулаагүй гэвэл уг гэмтлийг тухайн үед үүссэн шинэ гэмтэл гэж үзээгүй. Учир нь, хамрын яс шинээр хугарсан байвал хамрын ясанд эмзэглэл байхаас гадна хавдаж, хөхрөх шинж тэмдэг байх ёстой. Энэ хүнд зүүн хацар, шанаа, хүзүү лугших зовиуртай гэж байсан. Хамрын нуруунд ямар нэгэн ил харагдах хөхөрч няцарсан гэмтэл байхгүй байсан учир энэ гэмтлийг тухайн өдөр үүссэн шинэ гэмтэл гэж үзээгүй тул дүгнэлт хэсэгт тусгаж оруулаагүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

5. Аюулын зэргийн үнэлгээ, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 19, 48-50 дахь тал),

 

6. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хавтаст хэргийн 51-57 дахь тал),

 

7. Шүүгдэгч Д.Б-н: “...Би 2024 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гадуур архи согтууруулах ундаа хэрэглэж байгаад орой 22 цагийн үед гэртээ орох гэтэл согтсон байсан учир гэрээ олохгүй байсан. Тэгээд эхнэр С лүү согтуу залгаж “чи намайг ирээд аваадхаач би гэрээ олохгүй байна” гэхэд эхнэр төд удалгүй ирж намайг аваад гэр лүү оруулсан. Гэртээ орсны дараа эхнэр С-тэй муудалцаж улмаар биед нь гар хүрч унагаасан ба дараа хацар луу нь хөлөөрөө дэвссэн. Тэгээд би гэрээс гараад 21-ийн уулзварын пабад пиво ууж байхад цагдаа нар ирж намайг аваад явсан. Бид хамт амьдраад 1 жил болж байна, дундаасаа хүүхэдгүй, гэрлэлтийн баталгаагүй. Би согтуудаа С-ийг газар унагааж байгаад зүүн хацар луу нь дэвссэн. Дараа хэд хэдэн удаа өшиглөсөн ба цаашдаа юу болсон талаар нарийн санахгүй байна. Би өмнө эхнэртээ гар хүрч байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, шүүгдэгч Д.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж өөрийгөө хянах чадваргүй болсон байсан нь гэрээ олохгүй, хамтран амьдрагч Н.С-ийг гарч өөрийг нь хайж олохыг шаардаж буй нөхцөл байдлаар илрэх ба тэрээр гэртээ хүргүүлж ирсний дараагаар  Н.С-ээс өө хайж шалтаг шалтгаан гарган маргалдсан төдийгүй Н.С-ийг “архи уулаа” гэж хэллээ гэх шалтгаанаар зодсон, шүүгдэгчийн үйлдлээс шалтгаалж хохирогчийн нүүр, цээж, баруун шуу зэрэг хэсгийг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан байх тул шүүгдэгчийн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Д.Б нь хүний биед халдвал гэмтэл учрах эрсдэлтэй гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийг цохих, өшиглөх зэргээр түүний бие махбодод халдаж хүч хэрэглэж буй үйлдлийг хохирогчид хохирол учруулахыг хүсэж үйлдсэн гэж үзэх, дүгнэх үндэслэл болсон тул шүүгдэгч Д.Б-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон  гэж үзэж түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч Н.С-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээний зардал нэхэмжилсэн баримтыг гаргаж өгөөгүй, улмаар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг, хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. (хавтаст хэргийн 9 дэх тал)

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” тухай дүгнэлтийг,

Хохирогч Н.С нь “...миний нөхөрт торгох ял оногдуулах боломж байна уу гэж,

Шүүгдэгч Д.Б нь “...надад торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.

Шүүгдэгч Д.Б үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан “анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Д.Б нь согтуурсан үедээ  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн арга, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн байдал, хохирогч нь хохирол нэхэмжлэхээс татгалзсан байдал, мөн шүүгдэгч Д.Б хувийн байдал / өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй, ажил хөдөлмөр эрхэлдэг, орлоготойг илэрхийлэх баримттай/ зэргийг тус тус харгалзан прокурорын санал болгосон ялыг оногдуулалгүйгээр шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1350,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Д.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Д-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д 1350 (нэг мянга гурван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 (нэг сая гурван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ