Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1044

 

 

 

   2024          9           25                                   2024/ШЦТ/1044

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтуяа,

улсын яллагч С.Энхням,

хохирогч Ө.М,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ч овогт Б Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408000****** дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

 

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 7 дугаар сарын 13-ны шөнө 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дугаар гудамж ** тоотод Ө.М-тэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа иргэн Ө.М-г өөрийн эхнэртэйгээ хардаж муудалцан гэрээс гарсан даруй банзаар хохирогч Ө.М-ийн гар хэсэгт цохисны улмаас түүний эрүүл мэндэд зүүн богтос ясны зөрүүтэй далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...би М-ийг танина. Би ууж идэж байхдаа М-ийг эхнэртэйгээ хардаад ийм асуудал болсон. Урьд нь ийм асуудал болж байгаагүй. Би харуулаар ажилладаг, ажлаа хийж байгаад хохирогчид хохирлыг нь төлж барагдуулах болно. Мөрдөн байцаалтад 400,000 төгрөг шилжүүлсэн байгаа” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Хохирогч Ө.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Б нь намайг эхнэртэйгээ хардаад миний гар луу банзаар цохиж хугалсан. Тэгээд хагалгаанд орж гараа хадуулсан байгаа. Би Б-ээс 400,000 төгрөг авсан байгаа. Өнөөдрийн гаргаж өгсөн баримтаар нэхэмжилж байгаа хохирлоос шүүгдэгчийн илүү төлсөн дүнг хасаж тооцоход татгалзах зүйлгүй. Би өнөөдрийн гаргаж өгсөн эм тарианы зардал, мөн сэтгэл санааны хохирол, ажилгүй байсан хугацааны цалин хөлс орлогоо бүгдийг нь шүүгдэгчээс нэхэмжилж байгаа” гэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 7 дугаар сарын 13-ны шөнө 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дугаар гудамж ** тоотод н.Ж-ийн гэрт н.Ж, Ө.М нартай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа иргэн Ө.М-г өөрийн эхнэртэйгээ хардаж муудалцаж, тухайн айлаас гарсан даруй хашааны банзаар хохирогч Ө.М-н гар хэсэгт цохисны улмаас түүний эрүүл мэндэд зүүн богтос ясны зөрүүтэй далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

  1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

 

2. Хохирогч Ө.М: “...Би 2024 оны 7 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** байрлах найз У-н гэрт айраг уунгаа бөх үзээд байж байтал манай нутгийн ах болох өмнө нь хамт ажилладаг байсан Ж гэх хүн миний утас руу залгаад “хаана байгаа юм, гэртээ байгаа бол манайд хүрээд ирэх үү” гэхээр нь ...найзынхаасаа гараад гэртээ харилгүй шууд Ж ахын гэрт очсон. Намайг гэрт нь ирэхэд 23 цаг орчим болж байсан бөгөөд Ж ахын эхнэр У, мөн манай нутгийн танил болох Э, түүний нөхөр Б нар архи ууцгааж байсан. Тэгээд би ууж байсан архинаас нь хамт ууж сууж байгаад цаг гараны хугацааны дараа Э багийнхаа явдлыг яриад “М бид хоёр багадаа айл саахалт байсан, энэ тэр” гээд яриад байж байтал Б эхнэрээ надтай хардаад “та нарын айл саахалт байсан чинь хэнд хамаатай юм, тэр үедээ та нар хоорондоо унтаж хэвтдэг байсан юм уу” гээд уурлаад намайг эхнэртэйгээ хардаад надтай маргалдсан, Ж ахын эхнэр У нь Б бид хоёрыг “гэрт битгий маргалдаад бай, гадаа гарч маргалд” гээд бид хоёрыг гэрээсээ гаргасан. Гадаа гарч ирээд Б миний нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлээд нэг удаа нүүрэн хэсэгт нь цохисон чинь Б хамраас нь цус гарчихсан, гэтэл Б уурандаа газраас модон банз аваад миний толгой руу цохихоор нь би газарт уначихсан, тэгээд л намайг газарт унасаны дараа гартаа барьж байсан банзаараа толгойруу нүдчихсэн, би тэр үед нь 2 гараараа толгой болон нүүрээ хаагаад газарт хэвтчихсэн байсан бөгөөд хамраасаа гарсан цусаа миний нүүр лүү цацаад чамайг алчихъя гээд цохиод байсан. Тэгээд би Б доороос нь босоод шууд гэр лүүгээ зугтаасан. Гэртээ хариад эхнэртэй болсон асуудлыг хэлэхэд эхнэр Ж ахын гэрт очоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Банзаар хэдэн удаа цохисон гэдгийг нь мэдэхгүй байна, ямартай ч олон удаа цохиж зодсон. Миний толгой их өвдөж байгаа, мөн зүүн талын гарын шууны яс зөрүүтэй хугарч гэмтсэн. Уг гэмтлээсээ болж би тэр өдрөөс хойш эмнэлэгт хэвтэн эмчлүүлж хагалгаанд ороод зүүн гарныхаа хугарсан ясанд 7 шрүп суулгуулсан. Би 2024 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн “гар сарвууны” тасагт хэвтэн эмчлүүлж байх хугацаандаа 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр зүүн гарын шуу буюу богтос ясанд 7 хадаас, 11 оёдол тавиулсан. Ингээд эмнэлэгт эмчлүүлж байгаад 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр эмнэлгээс гарч одоогоор гэрээр эмчлүүлж байна. Би Баатарсүхээс 400,000 төгрөг авсан байгаа. Шүүхэд гаргаж өгсөн баримтаар нэхэмжилж байгаа хохирлоос шүүгдэгчийн илүү төлсөн дүнг хасаж тооцоход татгалзах зүйлгүй. Би эм тарианы зардал, мөн сэтгэл санааны хохирол, ажилгүй байсан хугацааны цалин хөлс орлогоо бүгдийг нь шүүгдэгчээс нэхэмжилж байгаа…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10, 12 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

 

3. Гэрч Б.У: “... 2024 оны 7 дугаар сарын 12-ны өдөр манай гэр болох Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дугаар гудамж ** тоотод нөхөр Ж, хөрш айлын залуу Б, түүний эхнэр Э нарын хамт байсан. Ингээд нөхөр Ж, Б нар нэг шил 0.75 литрийн Соёрхол нэртэй архийг хувааж уусан. Харин Э бид хоёр архи уугаагүй, 1 ширхэг 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво хувааж уусан. Тэгсэн орой 23 цагийн орчим урд өмнө хөрш айл байсан М гэх залуу гаднаас согтуу ганцаараа орж ирсэн. Тэгээд М гэх залуу Б-ийн хамтаар дэлгүүр яваад гаднаас нэг шил архи барьчихсан орж ирсэн. Тухайн үед манай нөхөр Ж согтоод унтаад өгсөн байсан. Харин М, Б нар дэлгүүрээс авчирсан нэг шил 0.5 литрийн хараа нэртэй архийг ууж байхдаа хоорондоо бие биенийгээ заамдаж аваад зодолдох гээд байхаар нь хашаанаас гарч зодолдоорой гэж хэлээд гаргасан. Тэгээд хэсэг хугацааны дараа араас нь Э хамт гартал хашааны гадна М, Б нар барьцалдаад авчихсан байсан, тэгээд очиж салгаад Б хашаа руу оруулсан ба М машинаа үлдээгээд одоо харьж амар гэж хэлээд байж байтал Б нь М хаана цохисныг хараагүй, модоор ямартай ч нэг удаа цохисон. Тэгсэн М цаашаа зугтаагаад яваад өгсөн. Тэгэхээр нь Б гартаа барьчихсан явсан модыг булааж хашаа руу оруулсан. Ингээд гэртээ ороод байж байтал араас удалгүй М эхнэр О гэх эмэгтэй орж ирээд манай нөхрийг та нар зодсон байна гэж орилж, хашгираад байхаар нь М гэрт очиход зүүн гарын шуу хэсэгнээс цус гоожсон байсан. Толгойноос нь цус гоожсон зүйл байхгүй зүгээр харагдсан. Тэр үед М, Б, Э бид хэд байсан, өөр хүн байгаагүй. Б эхнэр Э нь М-тэй холын хамаатан юм шиг санагдсан. Ингээд Б нь Э-гийг М-тэй хардаж улмаар хувийн таарамжгүй харилцааны улмаас зодолдох болсон гэж ойлгосон. М гэх залуу манайд орж ирэхдээ нилээн согтолтой байсан. Харин гарнаас цус гараагүй зүгээр байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),

 

4. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч Э.Э-ын 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн **** дугаартай хүний биед  хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ: “...Ө.М биед зүүн богтос ясны зөрүүтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал)

 

5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ: “...Хохирогч Ө.М /РД:**********/-ийн сэтгэцэд 2024 оны 7 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Дээрх шинжүүд нь түр зуурын эсхүл байнгын шинжтэй эсэх, цаашид хохирогчид хэрхэн нөлөөлөх, үргэлжлэх цаг хугацаа зэрэг нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл хамт олны дэмжлэг бүхий орчноос хамаарна. 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаар тогтоолоор батлагдсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлалын дагуу шүүхээс тогтооно...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 62-64 дэх тал)

 

6. Шүүгдэгч Б.Б: “...Би 2024 оны 7 дугаар сарын 12-ны өдөр найз болох Ж гэрт очсон. Ингээд баяр наадам болж байсан болохоор Ж гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Миний санаж байгаагаар 2 шил 0.5 литрийн Соёрхол нэртэй архийг хувааж уусан. Ингээд архи ууж байхад нутгийн залуу М гаднаас согтуу орж ирсэн ба Ж бид хоёрын ууж байсан архинаас хамт уусан, ингээд архи дууссаны дараа М бид хоёр дахин дэлгүүр явж дэлгүүрээс 1 шил 0.33 литрийн экс нэртэй архи, 1 ширхэг 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво худалдан авч Ж гэрт М бид хэд архи уусан. Харин У, Э нар пиво уусан. Тэгсэн архи ууж байхад М гэх залуу манай эхнэр Э нэг нутаг, саахалт айл байсан гэж яриа өгүүлэл гаргаж байсан, тэгэхээр нь та нарын нэг нутаг байх ямар хамаатай юм гэж хэлэхэд М гэх залуу согтуу босч ирээд миний хоолойноос гараараа багалзуурдаж аваад хоолой боогоод байсан. Тухайн үед М зодож цохиогүй, дээрээс Ж эхнэр гэрээс гар, гадаа гарч маргалд гэж хэлэхээр нь бид хоёр хашааны гадаа гарсан. Бид хоёрын араас У гарч ирсэн. Тэгсэн намайг зүгээр зогсож байхад М гэх залуу миний хамар руу гараараа нэг удаа цохисон. Би аль гараараа цохисоныг санахгүй байна. Тэр үед миний хамраас бага зэрэг цус гоожсон тэгээд хажуунаас У гэр рүү орж унт гэж хэлээд оруулсан, харин М гэх залууг гэртээ харьж амар гэж хэлсэн чинь явахгүй байхаар нь би хамарлуугаа цохиулсандаа бухимдаж хашаан дотор байсан банзнаас авч М баруун талын далруу цохисон, тэгсэн банз газар хугарч унасан. М гэх залуу зугтаагаад яваад өгсөн. Миний биед ил харагдах шарх, сорви байхгүй тул шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Миний хамар хэвийн зүгээр мурийж, хавдсан зүйл болоогүй. Манай найз Ж эхнэр У харж байсан өөр хүн байгаагүй. М гэх залуу эмнэлэгээс гарах өдрөө над руу залгаж ор хоногийн мөнгө 300,000 төгрөг гарсан гэж хэлэхээр нь өөрт байсан 400,000 төгрөгийг эхнэр Э Хаан банкны 5034****** дугаарын данснаас Хаан банкны 5019****** дугаарын дансруу шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-43 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.

 

Хэргийн үйл баримтыг дүгнэвэл, 2024 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дугаар гудамж ** тоотод оршин суух иргэн н.Ж гэрт дээрх нэр бүхий хүмүүс баяр тэмдэглэж архи  согтууруулах ундааны зүйлийг  хэрэглэцгээсэн байна.

Улмаар хохирогч Ө.М нь шүүгдэгч Б.Б эхнэртэй нэг нутгийнх, саахалт  айл байсан асуудлыг ярьснаас үүдэн шүүгдэгч Б.Б нь өөрийн эхнэрээ Ө.М-тэй хардаж улмаар хохирогч Ө.М-тэй уг асуудлаар марган түүний зүүн гар луу  банзаар цохисон үйл баримтыг хохирогч Ө.М мэдүүлсэн, түүний мэдүүлгийг гэрч Б.У нь давхар гэрчилж мэдүүлсэн, шүүгдэгч Б.Б нь мэдүүлэгтээ мөн хохирогчийг банзаар цохисноо үгүйсгээгүй байна.

Шүүгдэгчийн цохисон үйлдлээс шалтгаалан хохирогчийн биед гэмтэл учирсан байх бөгөөд  шинжээчийн дүгнэлтээр уг гэмтлийг хүндэвтэр зэрэглэлд хамааруулан дүгнэсэн байна. 

Дээрх байдлаас үзвэл, шүүгдэгч Б.Б нь хүний биед халдаж буй тухайн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарласан ч түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн шинжтэй байх тул шүүгдэгч Б.Б тус хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэхээр байна.

Иймд шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд: Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон. 

                “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ө.М эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн гэх 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гар сарвууны мэс заслын тасагт 300.000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Хос хун эмийн сан 26.000 төгрөгийн  баримт, шүүхийн хэлэлцүүлэгт эм, чиг авсан талаарх 187,000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн буюу нийт 513.000 төгрөгийг нэхэмжилсэн байна. (хавтаст хэргийн 53 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл)

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ХААН банкны 5019****** тоот данс руу 400.000 төгрөг шилжүүлсэн нь дансны хуулгаар тогтоогдсон, хохирогч нь уг мөнгийг хүлээн авснаа зөвшөөрч мэдүүлсэн байх тул /513,000-400,000=/ зөрүү төлбөр болох 113,000 төгрөгийг шүүгдэгч Б.Б-с гаргуулж хохирогчид олгохоор байна.  (Хавтаст хэргийн 84 дэх тал)

Мөн хохирогчоос сэтгэцэд учирсан гэм хорын төлбөр нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв. Учир нь,

Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-т “сэтгэцийн эмгэг” гэж өвчний олон улсын ангиллын “сэтгэц, зан үйлийн эмгэгүүд” бүлэгт заасан оношилгооны хэмжүүрээр оношилж болох бүх өвчнийг хамааруулахаар заасан байна.

Улсын Их Хурал 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд уг хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д  зааснаар Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хуульд сэтгэцэд учирсан хохирлыг тооцох, арилгуулахтай холбоотой зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Уг хуулийг дагалдуулан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан байна.

2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээгээр “...Хохирогч Ө.М сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэл”-д хамааруулан дүгнэсэн байна.

Улмаар “Нөхөн төлбөр тооцох жижиг аргачлал”-ын гуравдугаар зэрэглэлд “хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийн нөхөн төлбөрийн хэмжээг  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хувь хэмжээгээр тооцохоор заасан байх тул хохирогчид учирсан хохирол, хор уршгийн байдлыг харгалзан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг буюу 660.000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлж 8.580.000 төгрөгийг шүүгдэгч Б.Б-с гаргуулахаар шийдвэрлэв. (хавтаст хэргийн 62-64 дэх тал)

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Б-с нийт /113,000+8,580,000=/8.693.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ө.М-д олгохоор шийдвэрлэв.

Харин хохирогч нь гэмтэл авснаас хойш ажил хөдөлмөр эрхлээгүй хугацааны дутуу авсан цалин хөлс орлогоо нэхэмжилнэ гэх боловч холбогдох баримтыг гаргаж өгөөгүй тул энэ зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтойг дурдав.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” тухай дүгнэлтийг,

Хохирогч “... ямар нэгэн саналгүй ” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...шүүгдэгч Б.Б нь эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, тэрээр “***” ХХК-нд харуулаар ажилладаг хүн байх бөгөөд  мөрдөн байцаалтын шатанд хохирогчоос гаргаж өгсөн баримтын хүрээнд хохирлыг төлсөн, өнөөдөр гаргаж өгч нэхэмжилж буй зардал, сэтгэл санааны хохирол,  дутуу авсан цалин хөлс орлогыг баримтын хүрээнд төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байгаа тул түүний орлогын байдал, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг 500 нэгжээр тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.

Шүүгдэгч Б.Б үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан “анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж,  хохирогчид хохирлоос тодорхой хэмжээгээр төлж ирсэн, үлдсэн хохирлыг төлөхөө илэрхийлсэн байдал, мөн шүүгдэгч Б.Б хувийн байдал /ажил хөдөмлөр эрхэлдэг, орлого олдог эсэхийг нотолсон баримттай/ зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох оногдуулж, шүүгдэгчийн сард олдог орлогын байдлыг нь харгалзан 3 сарын хугацаанд тус тус төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Ч овогт Б Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 800  (найман зуу)  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-с нийт 8.693.000 (найман сая зургаан зуун ерэн гурван мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Ө.М-д олгож, хохирогч нь дутуу авсан цалин хөлс орлого, бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АЛТАНЦЭЦЭГ