Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1040

 

 

 

    2024         09          25                                  2024/ШЦТ/1040

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтуяа,

            улсын яллагч А.Марал, /ТПГ/

            шинжээч Т.Н /цахимаар/,

            шүүгдэгч М.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

         Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Т овогт М Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403003****** дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Н нь 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 06 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошууны зам, Жанцангийн баруун урд уулзвар замд Toyota Probox маркийн **** УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 8.9. Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Toyota Prius маркийн **** УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч С.Х эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгч М.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

2.Шинжээч Т.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “...би иргэн С.Х биед 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр үзлэг хийж **** дугаартай дүгнэлтийг 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гаргасан. Намайг дүгнэлт гаргах үед хуучин журам үйлчилж байсан. 2024 оны 5 сард батлагдсан шинэ журмыг манай шинжилгээний байгууллагад 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн баримталж дүгнэлт гаргаж эхэлсэн байгаа” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Н нь 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 06 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошууны зам, Жанцангийн баруун урд уулзвар замд Toyota Probox маркийн **** УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчих үүргээ үл биелүүлэн өөрийнх явж буй чиглэлийн тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг хориглосон улаан гэрэл дохио ассан байхад зогсоох арга хэмжээ авалгүй үргэлжлүүлэн хөдөлгөөнд оролцсоны улмаас зөвшөөрөгдсөн гэрлэн дохиогоор явж байсан Toyota Prius маркийн **** УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч С.Х эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-9 дэх тал),

 

2. Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл: “...Сонгинохайрхан дүүрэг Баянхошууны тойргийн зүүн талын гэрлэн дохиотой уулзвар байх бөгөөд уулзварын зүүн талаас харагдах ба бичлэг эхлэх үед уулзварын гэрлэн дохио солигдож улаан гэрэл асаж бичлэгийн 8 дахь секундэд 2 автомашин мөргөлдөж байгаа нь тусгагдсан. (хавтаст хэргийн 52 дахь тал),

 

3. Хохирогч С.Х: “...2024 оны 6 дугаар сарын 05-ны өглөө 06 цаг 30 минутад Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянхошуунд байх гэрээсээ гараад ажил руугаа явсан. Баянхошууны тойргоос зүүн яваад байдаг эхний гэрэл дохиотой 4-н замын уулзвар дээр хойд талаас нь ирээд зүүн гар тийш эргэх үйлдэл хийх үедээ зүүнээс баруун зүгт явж байсан автомашинтай мөргөлдсөн. Уулзвар руу хойноос нь дөхөөд ирэх үед миний талаас зөвшөөрөгдсөн ногоон гэрэл дохио асаж байхаар нь би зүүн гар тийш эргэх үйлдлийг зөвшөөрөгдсөн гэрлээр хийгээд уулзварын дунд хэсэгт явж байтал уг уулзварын зүүн талаас нь өөр нэг автомашин ирж миний жолоодож явсан автомашинтай мөргөлдсөн. Одоо миний биеийн байдал хэвийн байгаа. Би эмчилгээний зардалд 550.000 төгрөг, машины төлбөр хохиролд 5.667.750 төгрөгийг тус тус авсан. Одоо бол нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэцэд учирсан гэм хорыг нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),

 

4. Иргэний хариуцагч П.М: “...Би Toyota Probox маркийн **** УНН улсын дугаартай автомашиныг 2017 онд Да хүрээ худалдааны төв дээрээс 9.800.000 төгрөгөөр худалдан авч байсан. Түүнээс хойш өөрийн хувийн хэрэгцээнд унаж хэрэглэдэг ба хааяа манай хүүхдүүд унаж хэрэглэдэг. 2024 оны 6 дугаар сарын 05-ны өглөө миний эзэмшлийн уг автомашиныг манай хүү Н жолоодуулаад эхнэрийн хамт Дэнжийн мянгаас мах аваад буцаад Баянхошуу явах замд осол гаргасан. Миний хүү автомашин жолоодож яваад миний эзэмшлийн машинаар осол гаргасан тул би иргэний хариуцагчаар оролцож байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 тал),

 

5. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч Т.Н 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн **** дугаартай:

Хэсэг газрын үзлэгт: “... Духны баруун дээд хэсэгт 2х0.2см хүрэн улаан өнгийн зулгаралттай, баруун бугуйн үений хөдөлгөөн бага зэрэг хязгаарлагдсан эмзэглэлтэй”, 

Дүгнэлт хэсэгт: “...С.Х биед баруун шуу ясны доод хэсгийн хугарал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн (хавтаст хэргийн 55-56 дахь тал),

 

6. 2024 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн “Тэргүүн үнэлгээ” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр: “...С.Х эзэмшлийн Toyota Prius 20 маркийн **** УНР дугаартай автомашиныг 5.667.750 төгрөг” гэсэн тогтоосон (хавтаст хэргийн 92-97 дахь тал),

 

7. 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн **** дугаартай мөрдөгчийн магадлагаа: “...Toyota Probox **** УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Н нь  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 8.9. Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно гэсэн заалтууд зөрчсөн байх үндэслэлтэй. Toyota prius маркийн 64-29 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй байна.  (хавтаст хэргийн 121 дэх тал)

 

8.Шүүгдэгч М.Н: “...2024 оны 6 дугаар сарын 05-ны өглөө ээжийн хамт Дэнжийн мянга худалдааны төв орж мах аваад буцаад ээжийн ажил дээр нь очихоор явж байгаад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баянхошууны тойргийн зүүн талын уулзвар өөр автомашинтай мөргөлдөж осол гаргасан. Өөрийн гаргасан зөрчлөө ухаарч ойлгож байгаа. Хохирогчид хохирлыг төлж барагдуулсан. Гэрэл дохиотой ба гэрлэн дохио нь ажиллаж байсан хэдий ч тухайн үед автомашины хөдөлгөөн бага байхаар нь анзааралгүй уулзвар нэвтрэх үедээ осол гаргасан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 134 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 

Хэргийн үйл баримтаас харахад, шүүгдэгч М.Н нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчих ёстой атал тэрээр өөрийнх нь хөдөлгөөнийг хориглосон гэрлэн дохиогоор буюу улаан гэрлэн дохио ассан байхад замын хөдөлгөөнд оролцсоноор зөвшөөрөгдсөн гэрлэн дохиогоор явж байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөхөд хүргэж, улмаар өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахад хүргэсэн байна.

 Шүүгдэгчийн гаргасан дээрх үйлдэл нь захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 8.9. Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн байх тул тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч М.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон. 

 “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа  гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь  сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Х-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба эмчилгээнд зардалд 555.200 төгрөг,  автомашины эвдрэл гэмтлийн зардалд 5.667.750 төгрөг, нийт 6.222.950 төгрөгийн зардал гарсныг нэхэмжилж холбогдох баримтуудыг гаргаж өгсөн байна. (хавтаст хэргийн 97, 116 дахь тал)

Мөрдөн байцаах ажиллагааны явцад шүүгдэгч М.Н нь хохирогч С.Х нийт 6.217.750 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогч С.Х мэдүүлэг, хүсэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв. (хавтаст хэргийн 117, 137, 138, 142, 148 дахь тал)

Мөн шүүгдэгч М.Н жолоодож явсан иргэн П.М эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 5.426.800 төгрөгийн хохирол учирсан ч иргэний нэхэмжлэгч П.М нь өөрийн төрсөн хүү М.Н дээрх зардлыг   нэхэмжлэхээс татгалзсан, мөн хохирогчоор тогтоогдсон П.Т эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх боловч тэрээр шүүгдэгчээс хохирол нэхэмжлэхээс татгалзсан байгаа тул  шүүгдэгч М.Н хохирогч /иргэний нэхэмжлэгч/ П.Т, иргэний нэхэмжлэгч П.М нарт төлөх төлбөргүй гэж үзлээ. (хавтаст хэргийн 14, 21 дэх тал)

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч нь “... Шүүгдэгч М.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “...би эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, сард олох орлогын хэмжээ  зэргээс үзвэл 10 сарын хугацаанд  5 сая төгрөгийг төлөх асуудал арай чанга байна” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгч М.Н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг баримтын хүрээнд төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч М.Н үйлдсэн гэмт хэргийн шинж буюу тэрээр замын хөдөлгөөнд дагаж мөрдвөл зохих хууль, дүрмээ биелүүлээгүй, анхаарал болгоомжгүй байдал нь тухайн зам тээврийн осол гарахад хүргэсэн, түүний үйлдлээс шалтгаан бусдын биед хүндэвтэр, хөнгөн хохирол учирсан, хор уршгийн шинж чанар, хохирогчид хохирлыг бүрэн төлж барагдуулсан, цаашид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж,  3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний  сард олох орлогын байдлыг харгалзан 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Н нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,  тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

 

Шүүгдэгч М.Н оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт М Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч М.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 3000 (гурван мянга)  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000.000 (гурван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н оногдуулсан торгох ялыг 12 (арван хоёр) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ