| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 183/2021/00313/И |
| Дугаар | 001/ХТ2025/00232 |
| Огноо | 2025-12-18 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 001/ХТ2025/00232
Бүгд Найрамдах Сингапур Улсын иргэн
Л-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Н.Баярмаа, Э.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Бүгд Найрамдах Сингапур Улсын иргэн Л-ийн нэхэмжлэлтэй,
Ө.Б, Б.Б, П.Д нарт холбогдох
2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Л, хариуцагч Ө.Б болон түүний өмгөөлөгч Д.Д нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Л, хариуцагч Ө.Б, хариуцагчийн өмгөөлөгч Т.Г, Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Бүгд Найрамдах Сингапур Улсын иргэн Л нь хариуцагч Ө.Б, Б.Б, П.Д нарт холбогдуулан 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, *** улсын дугаартай *** маркийн автомашиныг хууль бус эзэмшлээс гаргуулах, 5,000 ам.доллар буюу 14,246,300 төгрөг, хөрөнгө оруулалт 394,410,936 төгрөг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 20,000,000 төгрөг, Баянгол дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, *** тоот хаягт байршилтай, 62,73 м.кв талбайтай орон сууцнаас ногдох хэсэг 73,708,000 төгрөгийг тус тус гаргуулж, уг орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
2.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/04353 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1., 399 дүгээр зүйлийн 399.1, 400 дүгээр зүйлийн 400.3-т заасны дагуу хариуцагч Ө.Б-гаас 20,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Бүгд Найрамдах Сингапур Улсын иргэн Л-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 468,148,000 төгрөг гаргуулах, *** улсын дугаартай, *** маркийн 2013 онд үйлдвэрлэгдсэн автомашиныг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Бүгд Найрамдах Сингапур Улсын иргэн Л-д холбогдох хариуцагч Ө.Б-гийн сөрөг нэхэмжлэлийг хангаж 2017 оны 01 сарын 23-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Бүгд Найрамдах Сингапур Улсын иргэн Л-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,425,200 төгрөг, хариуцагч Ө.Б-гаас сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,001 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 257,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 245,001 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2025/01519 дүгээр магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/04353 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 399 дүгээр зүйлийн 399.1, 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.Б-гаас 93,708,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Бүгд Найрамдах Сингапур Улсын иргэн Л-д олгож, Улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол *** тоот хаягт байршилтай, 62,73 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөс Л-ийг хассан бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 394,440,000 төгрөг гаргуулах, *** улсын дугаартай, *** маркийн 2013 онд үйлдвэрлэгдсэн автомашиныг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
2 дахь заалтыг “Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Бүгд Найрамдах Сингапур Улсын иргэн Л-д холбогдох, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээг хүчингүй болгуулах тухай хариуцагч Ө.Б-гийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчилж,
тогтоох хэсэгт 3 дахь заалт нэмж, уг заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.Б, Б.Б, П.Д нарт холбогдох, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг даалгах, хариуцагч Ө.Б-д холбогдох 5,000 ам.доллар буюу 14,246,300 төгрөг гаргуулах, Баянгол дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, *** тоот хаягт байршилтай, 62,73 м.кв талбайтай орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагаасаа нэхэмжлэгч Бүгд Найрамдах Сингапур Улсын иргэн Л татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж нэмж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 4 гэж өөрчлөн дугаарлаж, уг заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Бүгд Найрамдах Сингапур Улсын иргэн Л-ээс төлсөн 5,425,200 төгрөг, хариуцагч Ө.Б-гаас төлсөн 245,001 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Б-гаас 626,490 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Бүгд Найрамдах Сингапур Улсын иргэн Л-д олгосугай.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 4 дэх заалтыг 5 гэж өөрчлөн дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Л-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.05.21-ний өдрийн 192/ШШ2025/04353 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авч хэлэлцээд 2025.09.08-ны өдрийн 210/МА2025/01519 дүгээр магадлалаар нэхэмжлэгч Бүгд Найрамдах Сингапур Улсын иргэн Л-ийн хариуцагч Ө.Б-гаас нэхэмжилсэн 138,400 ам.доллар буюу 394,440,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн 2 дахь шаардлага болох *** улсын дугаартай, *** маркийн автомашиныг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэгтэй бол бид маргахгүй байна. Мөн 3, 4 дэх шаардлагууд болох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 20,000,000 төгрөг гаргуулах болон Баянгол дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, *** тоот хаягт байршилтай, 62,73 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцнаас өөрт ногдох хэсэг 73,708,000 төгрөг гаргуулахтай холбогдсон нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг анхан болон давж заалдах шатны шүүх үнэн зөв үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа болно. Харин Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн 1 дэх шаардлага болох 138,400 ам.доллар буюу 394,440,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлийг дүгнэхдээ анхан шатны шүүхийн нэгэн адил дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний үүднээс буруу хуулийг хэрэглэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах үүднээс хяналтын журмаар дахин хянуулах нь хуульд нийцнэ гэж үзэж байгаа болно. Нэхэмжлэгч Л-д хариуцагч Ө.Б-гийн зүгээс “О” ХХК-д хөрөнгө оруулж хамтран ажиллах санал тавьж, Ө.Б нь хүлээн зөвшөөрүүлж чадсанаар Ө.Б нь Хаан банкан дахь долларын дансаараа 138,400 ам.доллар буюу 394,440,000 төгрөгийг авсан байдаг. Ингэхдээ ямар ч хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээ бичгээр байгуулагдаагүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Энэ нь хариуцагч Ө.Б нь анхнаасаа нэхэмжлэгчийг мөнгөө “О” ХХК-ийн данс руу хийх гэсэн боловч арга саам хэрэглэн өөрийнхөө буюу Ө.Б-гийн Хаан банкан дахь долларын дансаар авсан байдаг нь анхнаасаа хамтран ажиллах хүсэлгүй байсан гэж үзэх үндэслэлтэй байдаг. “О” ХХК-ийн гол хөрөнгө оруулагч Л болон мөн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Ж.Б нарын тайлбар, мэдүүлгээр Ө.Б нь өөрөөсөө “О” ХХК-ийг үүсгэн байгуулагдахад нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй бөгөөд хариуцагчийн зүгээс өөрөө ч гэсэн би хөрөнгө оруулсан гэх нэг ч нотолгоо баримт байхгүй нь гэрчүүдийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогддоггүй. “О” ХХК нь анх байгуулагдахдаа Ж.Б нь өөрийн өрмийн компани болох “МЮД” ХХК-ийнхаа тоног төхөөрөмж, эд хөрөнгөтэй нь “О” ХХК-д нэгтгэн нийлүүлж дээр нь хөрөнгө оруулагч Л-гийн шилжүүлсэн мөнгө болох 100,000,000 төгрөгөөр тоног төхөөрөмж авсан гэх тайлбар, тухайлбал “О” ХХК-д 40,000 ам доллароор Солонгос Улсын 3 ширхэг өрөм, дагалдах хэрэгслийн хамт 20,000 ам.доллароор *** маркийн өрмийн машин, 30,000 ам.доллароор компрессор зэрэг тоног төхөөрөмжийг худалдан авсан, тухай бүрт нь кемпийн бэлтгэл хангахад, мөн компанид компьютер, тавилга, шүүгээ хийлгэсэн” гэсэн тайлбарыг шүүх дээр гаргадаг боловч уг баримт нь хангалтгүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газраас болон Хаан банк зэргээс шүүхийн журмаар гаргуулсан 1/161 тоотоор “О” ХХК-ийн өмчлөлд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө өнөөдрийн байдлаар бүртгэлгүй байна” гэсэн албан бичиг мөн Хаан банкны 29/148 тоот албан бичгүүдээр тус тус тогтоогдон үгүйсгэгдэж байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс уг баримт нотолгоог хангалттай үнэлж дүгнэлгүй үндэслэл муутай шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Мөн хариуцагч Ө.Б нь хөрөнгө оруулагч, тухайн үедээ хувьцаа эзэмшигч байсан Л-тай хамтран ажиллахаар тохиролцсон тохиролцооныхоо дагуу “О” ХХК-д өгсөн мөнгийг нь тус компанийн үйл ажиллагаанд хэрхэн зарцуулсан талаарх тайлан,тооцоог тогтмол гаргуулан авах хүсэлтийг удаа дараа гаргахад ямар ч санхүүгийн баримтуудыг гаргаж өгдөггүй байсан бөгөөд санхүүгийн баримтуудыг надад ирүүлж байгаагүй, компанийн ногдол ашгаас шилжүүлж байгаагүй учраас “О” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж үзэхгүй. Хавтаст хэрэгт талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй байхгүй, мөн хамтран ажиллаж байгаагүй байдал нь нотлох баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгчийн зүгээс хамтран ажиллах үүрэг албан ёсоор хүлээгээгүй, хамтын удирдлага, хамтын шийдвэр гаргалт, хамтын хяналт хэрэгжүүлж байгаагүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байхад нотлох баримтыг буруу үнэлсэн.
Хариуцагч Ө.Б “О” ХХК нь ямар ч ашиггүй ажилласан тул компанийг яаралтай зарах хэрэгтэй байна. Ингэж компанийг зарж байж өөрийн чинь оруулсан мөнгийг гаргаж өгөх хэрэгтэй боллоо гэж итгүүлж Л-г өөрийн хувьцаанаасаа татгалзсан тухай итгэмжлэлийг элчингээр дамжуулан хийж өгөхийг зөвлөж улмаар зөвшөөрүүлэн итгэмжлэл аван хувьцааг нь зарж мөнгийг нь гаргаж өгөхөөр болж тохиролцсон боловч Ө.Б нь уг итгэмжлэлийн дагуу “О” ХХК-ийг зараагүйгээр барахгүй харин өөрийн ээж С.С-ийн дүү болох С.О-т хувьцааг нь шилжүүлэн харин үйл ажиллагаа хэвийн явуулж энэ тухайгаа хэрхэн шийдвэрлэснээ хариу мэдэгдээгүй таг чиг алга болсон байдаг. Тэрбээр асуудлыг ойлголцлын журмаар шийдэхээр өөрт нь хандсан боловч авсан мөнгийг өгөхгүй гэж мэдэгдсэн тул шүүхэд хандахдаа өөрийгөө хувьцаа эзэмшигчээр хэвээр байгаа тул хувьцаа эзэмшигчээсээ татгалзахад бэлэн байгаа тул хөрөнгө оруулалт нэрээр авсан мөнгөө гаргуулж авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Шүүхийн ажиллагааны явцад өөрийнх нь хувьцааг өөрийн хүндээ өгсөн, “О” ХХК-ийг зараагүй болохыг нь олж мэдсэн. Ийнхүү нэхэмжлэгч Л нь харин өөрийг нь хууран мэхэлж компанийг болон хувьцааг нь өөрөөс нь салган авсан болохийг хожим олж мэдсэн. Дээрх зүйлүүд дараах баримтаар тогтоогддог. Хэргийн 2 дахь хавтаст 125 дугаар талд авагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар Л нь “О” ХХК-ийн 24 хувийн хувьцаа эзэмшигчээр 2018.09.19-ний өдөр бүртгэгдсэн байдаг. Гэтэл 2020.10.16-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ болон “О” ХХК-ийн 2020.10.16-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн тогтоолоор Л нь 24 хувийн хувьцаагаа С.О-т шилжүүлсэн байсан. Гэвч 2020.10.16-ны өдрийн бүртгэлээр Ж.Б 24 хувь, Ө.Б 50 хувь, С.О 26 хувийн хувьцаа эзэмшигч болсон байдаг нь нотлох баримтаар тогтоогддог. Харин тус “О" ХХК өрөмдлөгийн компаниараа дамжуулан хариуцагч Ө.Б нь 800,000,000 гаруй төгрөгийн өрөмдлөгийн ажил хийж орлого олсон нь тус компанийн Хаан банкан дахь төгрөгийн дансны баримт хуулгаар нотлогддог. Энэ нь “О” ХХК-ийн Хаан банкны дансны хуулга болох 29/148 тоот албан бичиг дансны хуулгаар нотлогддог. Түүнээсээ ямар ч хувьцаа эзэмшигчдээ ноогдол ашиг өгч байгаагүй цалинг нь өгдөггүй байсан, компани ашиггүй ажилласан гэж хувьцаа эзэмшигчдэд болон ажиллагсдад итгүүлсэн гэж хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Ж.Б-ийн шүүхэд гаргасан гэрчийн мэдүүлэг тайлбараар нотлогддог.
Ө.Б нь хамтран ажиллагч хувьцаа эзэмшигч Ж.Б-д хүртэл Л-гийн мөнгийг төлж байгаа гэж хэлж итгүүлэн компанийнхаа дансаар орсон орлогоос их хэмжээний мөнгийг хамтран ажиллагчдаа хууран мэхэлж өөрийн данс руугаа авсан нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн журмаар гаргуулсан “О” ХХК-ийн Хаан банкны төгрөгийн дансны хуулгаар тогтоогдсон байдаг. Тэрээр хувьцаа эзэмшигч Ж.Б нь энэ талаар Л-гээс мэдээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст 2024 оноос хойш өргөдөл гарган өнөөдрийг болтол шалгуулж байгаа болно. Нэхэмжлэгчийн зүгээс өмнө нь Эрүүгийн цагдаагийн газарт болон Нийслэлийн крокурорт болон ХЗДХЯ-ны Сайдад хүртэл өргөдөл гомдол гаргаж байсан боловч иргэний хэрэг маргаан байна гэдэг үндэслэлээр хэргийг шалгахгүй буцааж байсан. Дээрх үйл баримтуудыг харьцуулан дүгнэхэд: Нэхэмжлэгчийн “...хариуцагч Ө.Б нь 2017 онд “О” ХХК нэртэй өрөмдлөгийн компанид хөрөнгө оруулан надтай хамтарч ажиллаач... гэсэн санал тавьж намайг итгүүлж чадсан учир миний бие зөвшөөрч түүний захирлаар нь ажилладаг “О” ХХК-тай холбоотой зардлуудыг гаргасан, Ө.Б нь мөнгийг авахдаа Хаан банкан дахь долларын дансаараа 138,400 ам.доллар буюу 394,440,000 төгрөгийг авсан нь анхнаасаа хамтран ажиллах хүсэлгүй байсан гэж үзэх үндэслэлтэй. Талуудын хооронд хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ бичгээр байгуулагдаагүй явдал. Хэрвээ анхнаасаа хамтран ажиллахаар байсан бол мөнгийг нь тус компанийн үйл ажиллагаанд хэрхэн зарцуулсан талаарх санхүүгийн баримт, тайлан, тооцоог тогтмол гаргаж өгөх ёстой байсан. Хамтран ажиллаж байсан бол тус компанид хувьцаа эзэмшигч хэвээр байлгах байсан. Хариуцагчийн бүх тайлбар хангалттай нотлогдоогүй, хангалтгүй байхад шүүхээс буруу дүгнэсэн. Хэрвээ хамтран ажиллах гэрээ гэж дүгнэвэл компани байгуулахгүйгээр хамтран ажиллах байсан. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 1/161 тоот дугаартай албан бичиг болон Хаан банк зэргээс шүүхийн журмаар гаргуулсан “О” ХХК-ийн өмчлөлд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө өнөөдрийн байдлаар бүртгэлгүй байна гэсэн албан бичгээр болон Хаан банкны 29/148 тоот албан бичиг, “О” ХХК-ийн Хаан банкан дахь төгрөгийн дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар хамтран ажиллаагүй гэдэг нь нотлогддог. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2-т заасан заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Талуудын хооронд хамтран ажиллах гэрээ бичгээр байгуулагдаагүй, хамтран ажиллаж байгаагүй байдал нь нэхэмжлэгчийн зүгээс хамтран ажиллах үүрэг хүлээгээгүй, хамтын удирдлага, хамтын шийдвэр гаргалт, хамтын хяналт хэрэгжүүлж байгаагүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон байхад анхан болон давж заалдах шатны шүүхийн зүгээс хамтран ажиллах гэрээ гэж үзээд Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилахаар заасан. Анхан шатны шүүхийн талуудыг хамтран ажиллах үйл ажиллагааг дүгнэж, хөрөнгийн жагсаалт, тайлан, тооцоо гаргаагүй гэж дүгнэн нэхэмжлэгчийн 138.400 ам доллар буюу 394,440,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг мөн адил давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь хууль хэрэглээний хувь зөрүүтэй хэрэглэсэн байна гэж үзэж байгаа болно. Учир нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ”, мөн 476.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно” гэж заасан. Үүнээс харахад талууд хоорондоо хамтран ажиллахаар “О” ХХК-ийг дундаа хамтран байгуулсан байдаг. Мөн хамтран ажиллах гэрээг бичгээр хийгээгүй болох нь тогтоогддог. Тиймээс хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т зааснаар талууд “О” ХХК байгуулсан учир хамтран ажиллах гэрээ гэж үзэхгүй болно. Тиймээс хамтран ажиллах гэрээ гэж дүгнэсэн нь буруу бөгөөд энэ маргааныг компанийн тухай хуулиар шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна.
Хариуцагч Ө.Б нь нэхэмжлэгчийг компанийн хувьцаа эзэмшигчээс нь компаниа зараад мөнгийг чинь гаргаж өгье гэж хэлэн хууран мэхэлж нэхэмжлэгчийг компаниас шахан гаргасан явдал нь компанийн өмнө хувьцаа эзэмшигчийн үүднээс үүрэг хариуцлага хүлээх статусыг нь үгүй болгосон байдаг. Нэхэмжлэгч Л нь “О” ХХК-д хөрөнгө оруулалт хийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн боловч хариуцагч Ө.Б нь хэзээ ч хамтран ажиллаж байгаагүй бөгөөд зөвхөн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаан дээр л татан оролцуулж хамтарсан боловч бусад хэлбэрээр хамтын удирдлага, хамтын хяналтыг хэзээ ч хэрэгжүүлээгүй тул хамтарч ажиллаагүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог.
Энэ нь Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т зааснаар Компанийг нэгээс дээш этгээд үүсгэн байгуулах тохиолдолд үүсгэн байгуулагчид нь компани үүсгэн байгуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулж болох бөгөөд уг гэрээнд үүсгэн байгуулагчдын хамтран ажиллах журам, үүсгэн байгуулагч тус бүрийн хүлээх үүрэг, тэдгээрийн худалдан авах хувьцаа болон бусад үнэт цаасны ангилал, төрөл тус бүрийн тоо, үнэ, худалдан авах хугацаа зэрэг шаардлагатай гэж үзсэн бусад асуудлыг тусгана гэж заасан хуулийн заалт хэрэгжээгүй гэж үзэж байна. Түүнчлэн зохигчдын хоорондох хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээ бичгээр байгуулагдсаны үндсэн дээр хөрөнгө оруулахаас гадна хамтын үйл ажиллагаа явуулах гэрээгээр хүлээсэн эрх, үүрэг хүлээсэн байх ёстой байтал хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээ бичгээр байгуулагдаагүй учир үүрэг хариуцлага хүлээлгээгүй нь нэхэмжлэгчийг зөвхөн Ө.Бд мөнгө шилжүүлснээс өөрөөр “О” ХХК-д ямар ч оролцооны үүрэг роль байхгүй байсан нь түүний гаргаж буй үйлдлээр нь болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт материалуудаар харагдаж байна. Тийм учраас зөвхөн хамтрах нэрийн доор хөрөнгө оруулалтыг нь л өөртөө авч ашиглах, ганцхан өөрийн удирдлагын доор зөвхөн өөртөө ашиг, орлого олох хүсэл зорилгыг агуулж байсан нь баримт нотолгоогоор нотлогдож байна.
Дээрх байдалд дүгнэлт хийхэд хамтран ажиллах хөрөнгө оруулах тухай гэрээ бичгээр байгуулагдсан байх ёстой байтал гэрээний үүргээ хэн хэн нь биелүүлээгүй гүйцэтгээгүй нөхцөл байдал бий болсон хамтран ажиллах гэрээ бичгээр байгуулагдаагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилахаар заасан. Анхан шатны шүүхийн талуудын хамтран ажиллах үйл ажиллагааг дүгнэж, хөрөнгийн жагсаалт, тайлан, тооцоо гаргаагүй гэж дүгнэн нэхэмжлэгчийн 138.400 ам доллар буюу 394,440,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний хувьд буруу дүгнэн шийдсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэх үндэслэлтэй байна. Учир нь хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээ бичгээр байгуулагдаж байж гэрээний үүрэг дуусгавар болох асуудал яригдана. Мөн хамтын ажиллагааг талууд бичгээр байгуулагдсан хамтран ажиллах гэрээнд үндэслэн хамтын удирдлагын доор хамтран удирдан явуулж, нэг нэгэндээ хэрэгжүүлсэн ажлын үр дүн, хөрөнгө зарцуулалтыг тайлагнах үүрэгтэйгээс гадна харилцан хяналт тавих эрхтэй байх ёстой. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас харахад ямар ч тайлан тооцоогоо тайлагнах, хяналт хэрэгжүүлэх оролцоог Ө.Б болон түүний захирлаар ажилладаг “О” ХХК-ийн зүгээс бүрэн хангаагүй хэрэгжүүлээгүй байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн дүгнэхэд хариуцагч Ө.Б нь “О” ХХК-ийн захирал мөн болохынхоо үүднээс бизнесийн болон үйл ажиллагааныхаа талаарх мэдээллийг хамтрагч хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшигчийн шаардсан шаардлагыг үндэслэн мэдээлэл өгөх, тайлагнах, хяналт тавих, ашиг, алдагдлаа тооцох зэрэг ажиллагааг огт хийж байгаагүй байдаг. Компанийнхаа үйл ажиллагаандаа огт оруулж байгаагүй бөгөөд хувьцааг нь өөрийн хүндээ авах замаар компанийн хууль ёсны оролцоог үгүй хийсэн нь хэргийн баримтаар нотлогдож байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2-т заасан заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний хувьд 480 дугаар зүйлийн
480.3 дахь хэсэгт заасныг баримталж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон тул Иргэний хуулийн 480.1.4-т зааснаар хамтын удирдлагыг, хамтын хяналтыг хэзээ ч хэрэгжүүлж байгаагүй, мөн оруулсан хөрөнгөндөө барьцаа болгон хувьцаа эзэмшигчээр орсон байсан хувьцааг нь худал хэлж хууран мэхэлж авч компаниас гаргасан явдал зэрэг нь хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болгосон нөхцөл байдал бий болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Өмгөөлөгчийн зүгээс тус “О” ХХК-д хөрөнгө оруулсан учраас компанийн тухай хуулиар шийдэх ёстой байсан. Ийнхүү Иргэний хуулийн 205 дугаар зүйл 205.1-т зааснаар Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан хуулийн заалтуудыг баримтлан шийдэх байсан гэж үзэж байна. Мөн хамтран ажилласан гэх баримт нотолгоо алга байх учраас Иргэний хуулийн 492 дугаар зүйлд Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийг заасны дагуу нэхэмжлэх нь зүйтэй байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно. Өөрөөр хэлбэл, зохицуулалтаар талуудын хооронд үүргийн харилцаа үүсээгүй, харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар нэхэмжлэгчээс хариуцагчтай тохиролцож өөрийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн байх, хариуцагчийн үйлдэл буюу эс үйлдэхүй нэхэмжлэгчийн хүсэл зоригт нийцэхгүй тохиолдолд нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй юм. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492.3, 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн нэхэмжлэгч Л-ийн зүгээс хариуцагч Ө.Б-гаас үндэслэлгүй хөрөнгөжсөн 138,400 ам.доллар буюу 394,440,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан шаардлагыг дахин нягталж хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж өгнө үү гэжээ.
5.Хариуцагч Ө.Б болон түүний өмгөөлөгч Д.Д нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025.05.21-ний өдрийн 192/ШШ2025/04353 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.09.08-ны өдрийн 210/МА2025/01519 дүгээр магадлалыг эс зөвшөөрч ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар дараах гомдлыг гаргаж байна. Анхан болон давах шатны шүүхүүд нэхэмжлэлийн гурав дахь шаардлага болох орон сууцыг түүний олгосон итгэмжлэлийн дагуу худалдсан ба 20 сая төгрөг авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх шаардлагыг хангасан хэсгийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэг. Нэхэмжлэгч Л нь нэхэмжлэлдээ: 2019 онд Хан-Уул дүүргийн *** хороо *** тоотод байрлах, 120 м.кв талбай бүхий орон сууцыг 550 сая төгрөгөөр худалдан авч, өмчлөгчөөр бүртгүүлж 20 орчим сая төөргийн тавилга худалдан авч тохижуулсан. 2020 оны 1 сард Корона гарч Монгол Улсад ирэх нислэг цуцлагдсан. Ө.Б зар гэж ятгаж зарахаар болсон. Ө.Б нь Сеntury-12 нэртэй хөрөнгө зуучлалын компани санал болгож, уг компанитай үгсэн хуйвалдаж, хууран мэхэлсэн гэж үзэж байна. Л 550 сая төгрөгөөр заруулахаар зөвшөөрсөн боловч Ө.Б нь 540 саяар зарж, Л-д 520 сая төгрөг өгч, 20 сая төгрөгийг авч үндэслэлгүй хөрөнгөжсөн тул 20 сая төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан гэдэг. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар мэдүүлэгтээ "... Л худлаа ярьж байна, тэр өөрийн өмчлөлийн орон сууцаа худалдах хүсэлтэй байгаа талаараа Ө.Б надад ганцхан хэлээгүй, компанийн орчуулагч ажилтан н.М-т бас хэлж байсан бөгөөд итгэмжлэл явуулна, түүнээс өмнө хөрөнгө зуучлалын компанитай гэрээ хийчих гэсний дагуу Үл хөдлөх хөрөнгө зуучлалын Сеntury-12 компанитай Орон сууц худалдах гэрээг албан ёсоор байгуулж зуучлуулсан байдаг. Уг байрыг зарахаар зар өгөхдөө гал тогооны цахилгаан хэрэгслүүдийн хамтад нь зарахаар зар өгөгдсөн байсан. Энэ тухайгаа түүнд цаг тухайд нь мэдэгдэж түүний хүссэний дагуу цахилгаан хэрэгслийн хамт зарахаар зар өгсөн гэдгээ хэлсэн. Гэтэл Л гэнэт би ерөөсөө гал тогооны бүх цахилгаан хэрэгслээ байртай хамт худалдахаа болилоо, байрыг 480 сая төгрөгөөр авсан надад 520 саяар зарахад л болно гэсэн. Би одоо болохгүй шүү дээ нэгэнт зар өгсөн авах хүн нь үзсэн гэж тайлбарлахад чи наанаасаа бүх гарах зардлаа, татвар зэргээ шинээр тэр юмнуудыг нь аваад тавиад өгчих тэгээд зохицуулчих, илүү гарсан нь надад хамаагүй, чамд их ажил удчихлаа, эд хогшил янзлах, нүүлгэх, угааж цэвэрлэх, үлдээгээгүй цахилгаан барааг эд хогшлыг нөхөж худалдан авч тавих гээд ядарсан уу..." гэх мэтээр ярьж, асууж баярлаж талархсанаа илэрхийлж бид байнга л харилцаж одоо тэгж байна, ингэж байна гэж мэдэгдэж холбогдож байсан, түүнийг байраа зар гэж ятгаж байгаагүй ... тухайн үед би жирэмсэн байсан тэр мэдэж байсан. 20 сая төгрөгийн тухайд Л нь корона вирус өвчин дэлхий дахинд гарч бүх улсын хил хаалттай ирэх боломжгүй болж нислэг нь цуцлагдсан байсан тул Сингапуртаа байсан бөгөөд Ө.Б-д олгосон итгэмжлэлийн дагуу түүний орон сууцыг худалдах зарыг үл хөдлөх хөрөнгө зуучлалын “Сеntury-12” ХХК-тай албан ёсоор гэрээ байгуулж зуучлалын хөлсөнд 8,150,000 төгрөг төлсөн. Нэхэмжлэлдээ Ө.Б нь “Сеntury-12” нэртэй хөрөнгө зуучлалын компани санал болгож, уг компанитай үгсэн хуйвалдаж, хууран мэхэлсэн гэж бичсэн байдаг бөгөөд тус “Сеntury-12” ХХК-иар зуучлуулсан болох нь нэхэмжлэлд бичсэнээр нотлогдож байна гэж үзэж байна. Түүний байрыг суллахын тулд хүмүүс хөлслөн 4 удаа ачуулж нүүлгэсэн, тухай бүрд нь тээврийн болон ажлын хөлс төлж байж компанийн скаладанд хураалгасан. Байранд их цэвэрлэгээ хөлсөлж хийлгэсэн. Байранд нөхөөд шинээр авсан цахилгаан зуух, аяга таваг угаагч, хиншүү сорогч, шарах шүүгээ /печь/ зэргийг авч өгсөн. Энэ бүгд 10,000,000 орчим төгрөг болсон. Би ийм зүйл болно гэж бодоогүй учир худалдаж авсан баримтыг нь өөртөө хадгалаагүй, харин гэрчүүд байгаа гэдэг. Үлдсэн мөнгөөр нь "О” ХХК-ийн манаач 6 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй н.М-д иж бүрэн 5 ханатай гэр, ор хөнжил цагаан хэрэгсэл, ширээ, хөлдөөгч ... бүх юмыг авч өгч гэрийг нь бүрэн тохижуулж өгсөн. Учир нь өөрийн гэсэн орон гэргүйгээс болж бага хүүхдээс нь бусад бүх хүүхэд нь айл айлуудаар тарж амьдардаг, сургууль завсардсан хэцүүхэн амьдралтай байсан тул аж ахуйн хашаандаа гэр барьж нэг гэр бүлийг нэгтгэж аз жаргалтай болгон буяны ажлыг хийсэн, энэ тухайгаа шинээр манаач авсан гэр оронгүй байсан ийм болгож өгсөн, одоо амьдарч байгаа гэж хэлсэн. Тэр сайшааж байсан. Өнөөдөр хүртэл манаачаар ажиллаад компанийн хашаанд амьдарч байгаа. Энэ нь манай компанийн дэргэдэх "С" нийгэмд үйлчлэх ТББ-ын ажил л хийсэн. Орон сууц худалдан авах гэрээний 6.1-т Орон сууц худалдах, худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох бөгөөд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар өмчлөх эрх худалдан авагч талд үүсэх, худалдагч талын өмчлөх эрх дуусгавар болно. Гэрээний 6.3-т заасны дагуу Ө.Б нь 2020.07.17-ны өдөр өөрийн Хаан банкны данснаас 4,000,000 төгрөг Үл хөдлөх хөрөнгө борлуулсны албан татварт төлсөн нь хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдоно. Харин гэрээний 6.4-т зааснаар гэрээг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдсон зардлыг худалдан авагч тал хариуцахаар заасан тул Б.Б, П.Д нар төлсөн. Энэ бүх нотлох баримт нь Гадаад харилцааны яамнаас ирүүлсэн 2020.07.14-ний өдрийн Л-гээс Ө.Б-д Хан-Уул дүүргийн *** хороо, *** тоот Үл хөдлөх хөрөнгийг бусдад бэлэглэх, худалдах, арилжих, гэрээ байгуулах, шилжүүлэх захиран зарцуулах бүрэн эрхийг олгосон итгэмжлэл, гэрч н.М, н.С нарын өгсөн мэдүүлэг, Фото зураг, Улсын бүртгэлийн газраас ирсэн баримтууд зэрэг нотлох баримтуудаар Ө.Б нь 20 сая төгрөгийг авч үндэслэлгүй хөрөнгөжөөгүй болохыг нотлох баримтууд авагдсаар байтал хоёр шатны шүүх гэрчүүд асуусан мөртлөө гэрчүүдийн мэдүүлэг, фото зураг, үл хөдлөх хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа зэргийг хэрэгт хамааралтай болохыг үнэлж дүгнэж чадаагүйд гомдолтой байна. Түүнчлэн гэрчээр уг орон сууцыг худалдах, худалдан авах процесст оролцож, байрыг хүлээн авсан Т.У мэдүүлэг өгсөн бөгөөд тэрээр тухайн үед орон сууц худалдаж авахад цахилгаан хэрэгслийг хамтад нь худалдахгүй гэсэн учраас Ө.Б нь нөхөж цахилгаан зуух печь, хиншүү сорогч, аяга таваг угаач зэрэг цахилгаан барааг шинээр авч өгч байсан зэргийг гэрчилж мэдүүлсэн байхад шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнэж гэж үзэж гомдолтой байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч Ө.Б нь 20,000,000 төгрөгөөс зуучлалын хөлс төлсөн, орон сууц нуулгэлтийн зардал төлсөн гэж татгалзаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтуудаар уг зардал гарсан болох нь тогтоогдохгүй байна. Тодруулбал, Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг хүлээнэ. Талууд хөлс төлөхөөр харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Хариуцагч нотолж чадаагүй гэж дүгнэсэн. Харин ч дээрх гэрчүүдийн мэдүүлгүүд худалдан авчруулж байрлуулж буй цахилгаан хэрэгслүүд, фото зургийн үзүүлэлт, үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсны татвар заавал төлөх хуультай бөгөөд нэхэмжлэгч төлөөгүй ба төлсөн гэдгээ ч нотлоогүйгээр барахгүй тухайн үед Монгол улсад огт байгаагүй нэхэмжлэгчийн өмнөөс түүний хүссэний дагуу төлбөр тооцоо хийж бүх гэр орон эд хөрөнгийг нь зөөж боож баглаж нүүлгэн хадгалж, татварыг нь хүртэл төлж түүний өгсөн даалгаврыг хангалттай биелүүлсэн байхад нэхэмжлэгч өөрөө төлөх үүрэгтэй хэмээн шүүх дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагч нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй дээрх бүх нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэг байсаар байтал ямар учраас үнэлээгүй нь ойлгомжгүй, шүүх энэ талаараа үндэслэл бүхий дүгнэлт тайлбарыг гаргаагүй. Хэргийн материалаас үзэхэд нэхэмжлэгч нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөө худал мэдээлэл өгсөн, эсвэл орчуулгын алдаа ойлголтоос болсон байж болзошгүй нөхцөл байдал бас шүүх дээр байнга гардаг, Ө.Б-г залилагч хууран мэхэлж мөнгө эд хөрөнгийг нь авсан гэх мэтээр гүтгэх, худал тайлбар хэлэх, компанитай холбоотой асуудлаар хүсэлт гаргах гэх мэт асуудлыг байнга гаргадаг, шүүх хуралдааныг мөн л байнга хойшлуулдаг Ө.Б-г доромжлох зэрэг байдал гаргадаг байсан. Тухайлбал, Сингапур Улсын иргэн Л үл хөдлөх хөрөнгө захиран зарцуулах эрх олгоогүй байхад түүний орон сууцыг худалдаж завшсан, тэрээр зарахыг хүсээгүй байхад Ө.Б зар гэж ятгаж заруулсан, гадаад харилцааны яамаар дамжуулж итгэмжлэл явуулаагүй гэх мэтээр тайлбар хэлж шүүхийн журмаар гадаад харилцааны яамнаас удаа дараа нотлох баримт гаргуулж байсан нь хэрэгт авагдсан хүсэлт тайлбаруудаас харагдана. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ. Мөн хуулийн 37.2-т “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олох ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтооно” гэж 2021.01.15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан байдаг. Шүүх нотлох баримтыг бүхэлд нь үнэлж чадаагүй, мөн гэрчээр манаач н.М өөрөө шүүх хуралдаан дээр мэдүүлэг өгч шүүгч, талуудын асууж тодруулсан зүйлд хариулж гэрийнхээ фото зургийг ч өгсөн байхад шүүх үнэлээгүйд гомдолтой байна.
Хоёр. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 6 дахь хэсэгт: Нэхэмжлэгчийн зүгээс Баянгол дүүргийн *** хороо, *** хороолол, *** тоотод байршилтай, 62,73 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах, дээрх орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагчаас 2017.01.23-ны өдрийн "Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ"-г хүчингүй болгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Анхан шатны шүүх хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 399 дүгээр зүйлийн 399.1, 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.Б-гаас 93,708,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлээс орон сууцнаас ногдох хэсэг 75,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж хариуцагч Ө.Б-гийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Баянгол дүүргийн *** хороо, *** хороолол, *** тоотод байршилтай, 62,73 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах, хариуцагч нь сөрөг шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч нь хариуцагчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн тул бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулна гэж тодорхойлсон. 2017.01.23-ны өдөр "Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ"-гээр Ө.Б нь дээрх орон сууцны өөрт ногдох хэсгийн 37,500,000 төгрөгийн хөрөнгийг нэхэмжлэгчид хариу төлбөргүйгээр шилжүүлжээ. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д зааснаар бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн тохиолдолд бэлэглэгч нь бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй. Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчийг бэлэглэлийн гэрээ хүчингүй болгох хэмжээний ноцтой үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Түүнчлэн, хариуцагч нь дээрх сөрөг шаардлагын үндэслэлээ ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.
Анхан шатны шүүх талуудын байгуулсан 2017.01.23-ны “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ”-г дүр үзүүлэн байгуулсан, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь бэлэглэлийн гэрээ нь нэг талын гэрээ бөгөөд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан “...нэхэмжлэгч нь Монгол Улсад байнгын оршин суух зөвшөөрөл авах шаардлагатай болсон тул түүнийг орон сууцны хамтран өмчлөгчөөр оруулахаар бэлэглэлийн гэрээ байгуулсан” гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Хариуцагч тухайн орон сууцыг өөрийн хөрөнгөөр авсан гэж тайлбарласан. Нэхэмжлэгч нь хариуцагчийг тухайн орон сууцыг авахад мөнгөн хөрөнгө оруулсан гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй боловч нэхэмжлэгч нь бэлэглэлийн гэрээний дагуу тухайн орон сууцыг хариуцагчтай дундаа хэсгээр өмчлөх болсон байна. Иймд тухайн орон сууцыг нэхэмжлэгч болон хариуцагч нарын дундын өмч гэж үзнэ гэж дүгнэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “...хууран мэхлэгч, залилагч, энэ байрыг авахад би мөнгө өгч авсан, хууран мэхэлж мөнгөн хөрөнгүүдийг авсан, машиныг нь хуурч мэхэлж авсан 1хх 1-4 талд шүүхэд гаргасан нэхэмжлэл нотлох баримт болно. Нэхэмжлэгч Л нь Эрүүгийн хэрэгт холбогдож шалгагдаж байгаа нь Ө.Б-гаас болсон, барьж өгсөн гэж үзсэнээс болж гүтгэх нэр төрийг нь гутаах зэрэг үйлдлийг гаргах болсон. Сингапур Улсын иргэн Л нь өөрийнхөө 300 гаруй монгол эмэгтэйчүүдтэй бэлгийн харилцаанд орж байгаа дүрс бичлэгийг нууцаар хийн бэхжүүлэн хадгалж байсан бичлэгийг цагдаагийн байгууллага түүний орон байрнаас олж илрүүлэн хураан авч, түүнийг Монгол Улсын хилээр орж ирмэгц мөрдөн шалгах ажиллагаа явуулан эрүүгийн *** дугаартай хэрэг үүсгэн шалгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял шийтгүүлсэн. Түүний хүчингийн гэмт хэргийн хохирогч нь Ө.Б, н.М нар бөгөөд Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн байдаг. Сингапур Улсын иргэн Л-гийн хувийн байдлыг харуулсан нотлох баримт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Таслан сэргийлэх арга хэмжээг авах тухай захирамж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч н.С-ийн гаргаж өгч, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас харагддаг. Энэ талаараа шүүхэд хэлэхээсээ ичиж зовж, нэр төрөө бодоод нөхөр бусад хүмүүсээс ичсэн айсан байдалтай байсан. Choose an item, Фэйсбүүк хаягийн чат зурвасны зураг, орчуулга, Өндөр эмээ гэх фэйсбүүк хаягийн зураг орчуулга, нэхэмжлэгч нь олон нийтийн цахим орчинд Ө.Б болон түүний нэр төрийг гутаан доромжилж гүтгэсэн пост бичин эмээгийнх хаяг руу илээр бичсэн, мөн танил найз нөхөд рүү нь чат бичиж Ө.Б-г гүтгэсэн нэр төрийг нь гутаасан зурвасууд явуулсан байдаг.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч анх 2021.01.18-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба 2021.01.27-ны өдөр шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байдаг. 2021.03.17-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С нь хүлээн авсан байна. Хариуцагч нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022.01.17-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүгчийн 2022.01.31-ний өдрийн 01740 дугаартай захирамжаар хүлээн авахаас татгалзсан байдаг. Үүний дараа Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэний хэргийг хариуцагчийн хүсэлтээр шилжүүлсэн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд сөрөг нэхэмжлэлийг дахин гаргаж ФВ цахим орчинд Ө.Б болон түүний гэр бүл удам судрыг нь гутаасан, доромжилсон зүйлийг нийтэд илээр нийтэлсэн, энэ нийтлэлийг нь хамаатан, найз нөхөд садан төрлийн 60 гаруй хүн үзсэн уншсан байдаг. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт заасан Бэлэг хүлээн авагч бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн бол бэлэглэгч нь бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох эрхтэй. Ямар тохиолдолд “ноцтой” гэж үзэх нь тухайн тохиолдлоос хамаарна. Энд тухайн тодорхой тохиолдлын нөхцөл байдал ач холбогдолтой. Бэлэглэгчийн нийгэмд эзлэх байр суурь, нэр хүнд, эсхүл бэлэглэгч болон бэлэг хүлээн авагчийн садан төрлийн байдал, мөн цаашлаад гомдоосон үйлдлийг нийтэд ил, эсхүл хувийн хүрээнд хийсэн эсэх харилцан муудалцсан эсэх, бэлэглэгч нь өөрөө өдөөн хатгасан эсэх, бэлэг хүлээн авагчийн үйлдлийг хувь хүний хувьд ойлгох боломжтой байсан эсэх гэх мэт. Энэ гомдоох үйлдэл нь заавал бичгээр эсвэл амаар хийгдсэн байх ёстой биш мөн бодит үйлдэл байж болохыг анхаарах ёстой. Гомдооно гэдэг ойлголт нь агуулгын хувьд тухайн этгээдийн нэр хүнд нийгэмд эзлэх байр суурьд сөргөөр нөлөөлөхийг хэлнэ гэж хуулийг тайлбарласан байдаг. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.05.21-ний өдрийн 04353 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.09.08-ны өдрийн 01519 дугаартай магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
6.Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.11.27-ны өдрийн 001/ШХТ2025/01132 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Л, хариуцагч Ө.Б болон түүний өмгөөлөгч Д.Д нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
7.Нэхэмжлэгч Сингапур улсын иргэн Л нь хариуцагч Ө.Б-д холбогдуулан нэхэмжлэлийн хэд хэдэн шаардлага гаргасан байна.
7.1.Хариуцагч Ө.Б-гаас 138,400 ам.доллар буюу 394,440,000 төгрөгийг гаргуулах шаардлагынхаа үндэслэлийг тайлбарлахдаа “Ө.Б нь 2017 онд “О” ХХК-д хөрөнгө оруулан хамтарч ажиллах санал тавьсныг зөвшөөрч, өрөмдлөгийн компанийн зардалд 2016.12.21-нээс 2018.10.20-ны хооронд нийт 138,400 ам.долларыг Ө.Б-д шилжүүлсэн ба тайлан, санхүүгийн баримтуудыг ирүүлж байгаагүй, компанийн ногдол ашгаас шилжүүлж байгаагүй учраас үүнийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж үзэхгүй, тэрээр намайг хуурч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй.
7.2.*** улсын дугаартай 2013 онд үйлдвэрлэгдсэн *** маркийн автомашиныг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухайд “...2018 оны 8 сард Л өөрийн Сингапур улсад хэрэгцээндээ унаж байсан автомашинаа Монгол Улс руу ачуулсан. Ө.Б нь машиныг гааль дээр хүлээж аваад, татвар болон бусад зардалд төлөх мөнгө гэж 2,400 ам.доллар авсан. Улмаар машин гадаад хүний нэр дээр бүртгэлтэй байж болохгүй гээд өөрийн нэр дээр авсан. Машинаа авах гэхээр автомашины зардалд шилжүүлсэн 5000 ам.долларыг өгөөд аваарай гэсэн. Түүний шилжүүлсэн 5,000 ам.долларыг урьд нь Л-гээс зээл хэлбэрээр авсан 30,000 ам.долларын зарим хэсэг гэж ойлгосон. Ө.Б автомашины зардалд гаальд төлнө гэж авсан 2,400 ам.долларыг хэрхэн зарцуулснаа нотлохгүй байгаа.
7.3.Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж 20,000,000 төгрөг гаргуулах шаардлагаа “Л нь Хан-Уул дүүргийн *** тоот орон сууцыг 2019 оны 07 сард 550,000,000 төгрөгөөр авч, өмчлөгчөөр бүртгүүлсэн ба 20 орчим сая төгрөгийн тавилгаар тохижуулсан. 2020 оны 01 сард Л Сингапур яваад цар тахлын улмаас 2 сард буцаж ирэх байсан нислэг цуцлагдсан. Ө.Б нь тухайн орон сууцыг түрээслүүлснээс зарсан нь дээр гэж ятгасан ба 550,000,000 төгрөгөөр зарахаар зөвшөөрсөн боловч Ө.Б нь миний монгол хэл мэдэхгүй, Монголд ирж чадахгүйг далимдуулан хууран мэхэлж, итгэмжлэл авч Б.Б, П.Д нарт 540,000,000 төгрөгөөр зарсан болохыг хожим мэдсэн. Нэхэмжлэгчийн банкны данс руу 520,000,000 төгрөгийг, өөрийн данс руугаа 20,000,000 төгрөг шилжүүлж, итгэмжлэлээр олгосон төлөөлөх бүрэн эрхийг буруугаар ашиглаж энэ мөнгийг авсан.
7.4.Баянгол дүүргийн ... Энхтайваны өргөн чөлөө гудамж, 9в байрны 92 тоот 3 өрөө орон сууцнаас өөрт ногдох хэсэгт 73,708,000 төгрөг гаргуулах үндэслэлээ “...бид 2015 оноос найз нөхөд, ажил хэргийн харилцаатай байсан ба 2017 онд улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, .... 92 тоот 3 өрөө орон сууцыг хамтран худалдан авч, хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн. Цаашид уг орон сууцыг хариуцагчтай хамтран өмчлөх боломжгүй болсон тул Иргэний хуулийн 108, 119.3-т зааснаар орон сууцны өөрт ногдох хэсгийг “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээний тал хувиар тооцож, 73,708,000 төгрөг” гэж тодорхойлсон.
8.Хариуцагч Ө.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзахдаа:
8.1.“Л нь “О” ХХК-ийн 24% хувьцаа эзэмшигч тул компанид хөрөнгө оруулсныг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан. Тухайлбал, БНХАУ, Тайланд гадаад томилолтоор явахад нь 4 хүний онгоцны тийз, зочид буудал, хоол, тээврийн зардалд зарцуулагдсан. Л өөрийн танилцсан хүүхнийг дагуулж явсан. Компанид солонгос 3 ширхэг өрөм, дагалдах хэрэгслийн хамт 40,000 ам.доллар, *** маркийн өрмийн машин 20,000 ам.доллар, компрессор 30,000 ам.доллараар авсан, мөн кемпийн бэлтгэл хангах, компьютер, тавилга, шүүгээ хийлгэсэн. 138,400 ам.доллар буюу 394,410,936 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэж,
8.2.Нэхэмжлэгчийн Сингапурт 5 жил гаруй ашигласан, мөргөлдөж сэвтсэн хуучин машиныг худалдаж авсан. 2000 сингапур долларын үнэлгээтэй автомашинаа 5,000 ам.доллараар зарсан нь гаалийн баримтаар нотлогдоно. Өнөөдрийг хүртэл уг машин над дээр байдаг. 2018 оноос хойш нэхэмжлэгч автомашиныг авах тухай ярьж байгаагүй. Түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С машиныг өгөхийг гуйж, сүүлдээ жирэмсэн намайг шоронд суулгаж чадна шүү, насаараа цагдаад ажилласан гэж сүрдүүлж, дарамталж улмаар хууль бус бичлэг хүртэл хийж байсан. Энэ талаар Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж байсан.
8.3.Л-ний олгосон итгэмжлэлээр зуучлалын байгууллага, компаниудад хандаж гэрээ байгуулснаар байр зарагдсан. Харин байртай хамт цахилгаан хэрэгслүүдийг зарахгүй, чи нөхөөд аваад тавьчих гэсэн тул түүний бүхий л тавилга, эд зүйлсийг хүмүүс хөлслөн баглуулж, 4 удаа ачуулж нүүлгэн, хөлс төлж, компанийн агуулхад хурааж, байранд их цэвэрлэгээ хийлгэж, шинээр авсан цахилгаан зуух, аяга таваг угаагч, хиншүү сорогч гэх мэт барааг захиалан, суурилуулсан ба энэ бүхэнд хөлс төлсөн. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн татвар, зуучлалын байгууллагад мөнгө төлсөн баримт, ажлыг харж хийлцэж байсан хүмүүс байгаа. Цар тахлын улмаас манай улс хилээ хаасан тул ирж чадахгүй гээд байраа зармаар байна, чи зар өгөөдөх гэж ярьсан, бид бүх мэдээллээ солилцож байсан. 520,000,000 төгрөгт зарахад болно, илүү гарсныг нь надад хамаагүй чи зохицуулаарай, чамд маш их ажил удчихлаа баярлалаа гэж байсан. Иймээс 20,000,000 төгрөг шаардсан нь үндэслэлгүй.
8.4.Миний бие 2016.12.15-ны өдөр ...92 тоот 3 өрөө орон сууцыг Г.Х-аас 75,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Нэхэмжлэгчээс нэг ч төгрөг аваагүй. Харин Л нь ирээд Монгол Улсад байнга оршин суух эрх авах, ОХУ руу явмаар байна гэсний дагуу энэ эрхийг авахын тулд үл хөдлөх хөрөнгөтэй эсвэл хөрөнгө оруулагч байх ёстой гэж мэдээд, тэрээр өөртөө үл хөдлөх хөрөнгө авахаараа буцаагаад шилжүүлчихэж болох юм гэж ярилцсаны үндсэн дээр 2017.01.23-ны өдөр түүнд өөрийн өмчийн 50% буюу 37,500,000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх хэсгээс өөрт ногдох хэсгээс бэлэглэх гэрээгээр өмчлүүлсэн. Үүнийг буцааж өгнө гэж байсан гэж маргаж, Л-д холбогдуулан 2017.01.23-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ”-г хүчингүй болгуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
Тэрээр “...2016.12.15-ны өдөр Баянгол дүүргийн ... 92 тоот, *** дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг өөрөө худалдан авсан. Гэтэл Л нь надтай хамт 2017 онд хамтран худалдаж авч, хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн гэжээ. Би 2015.10.29-2017.11.27-ний өдрийг хүртэл ...гадаад улсын зочид буудалд ахлах менежерээр ажиллаж, ам долларын өндөр цалинтай байсан. Би 2016.01.30 гэхэд 21,000 ам.долларын хадгаламжтай байсан. Энэ мөнгөнөөсөө байр худалдан авсан. Л-гээс мөнгө авч, хамтран байр худалдан авч байгаагүй. 50 хувийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэх учир шалтгаан нь дээр дурдсан тохиролцоотой байсан. ... гэтэл өнөөдөр намайг гутаан доромжилж, залилан мэхлэгч мэтээр хүмүүст ойлголт төрүүлж, нэр хүндэд халдаж байгаад туйлын гомдолтой байна” гэжээ.
9.Нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан 2017.01.23-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ”-г хүчингүй болгуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, “...хариуцагч нь иргэний хэрэг үүсгэснээс хойш 1 жил 4 сарын дараа сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авсан нь ойлгомжгүй, өмнө нь Хан-Уул дүүргийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа. Баянгол дүүргийн шүүх ажиллагаа явуулж байхад Хан-Уул дүүргийн шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасныг хүлээн авахаас татгалзах ёстой. ... 92 тоот, *** бүртгэлтэй орон сууцыг хамтран өмчлөх эрх Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан нөхцөл үүсээгүй, улсын бүртгэлд өөрчлөлт ороогүй хүчин төгөлдөр байгаа тул сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, мөн бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй. Ө.Б нь Нигери улсад ажиллаж байсан, 21000 ам.долларын хадгаламжтай байсан зэрэг нь уг орон сууцыг дангаараа худалдан авсан гэдгийг шууд нотлохгүй. Нэхэмжлэгч Л-г Монголд байнга оршин суух зөвшөөрөл авахын тулд орон сууцны хамтран өмчлөгч болсон гэх ямар ч нотлох баримтыг хариуцагч гаргаагүй байна. Бэлэглэлийн гэрээнд тухайлсан нөхцөл заагдаагүй ба Л бэлэглэлийн журмаар шилжсэн дундын өмчлөлийн зүйлийн өөрт ногдох хэсгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан хүрээнд хэрэгжүүлэхэд ямар нэгэн хязгаарлалт байхгүй. Харин ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хариуцагч Ө.Б компанитай үгсэн хуйвалдсан, хууран мэхэлсэн байж болзошгүй гэж үзсэн санаагаа илэрхийлснийг учир дутагдалтай гэж үзэж болохоор боловч энэ нь ноцтой гомдоосон үйлдэлд хамаарахгүй. Нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй” гэж маргажээ.
10.Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.Б, Б, Д нарт холбогдох 5,000 ам.доллар буюу 14,246,300 төгрөг гаргуулах, 2020.07.16-ны өдрийн Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг даалгах, Баянгол дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, *** тоот хаягт байршилтай, 62,73 м.кв талбайтай орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагаас тус тус татгалзсан байна.
11.Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ:
11.1. 138,400 ам.доллар буюу 394,440,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд “... дансны хуулгаар 2016.12.26-2018.10.02-ны хооронд нийт 119,156.28 ам.долларыг хариуцагч Ө.Б банкны шилжүүлгээр хүлээн авч, энэ хөрөнгөөр компанийн үйл ажиллагаа явуулах тоног төхөөрөмж авч, нэхэмжлэгч нь 24 хувийн хувьцааг эзэмшсэн. байна. Ө.Б нь Л-гийн удирдлага дор “О” санд хуримтлагдсан хөрөнгөөр хандивын болон тусламж дэмжлэгийн үйл ажиллагаа эрхлэх бөгөөд англи хэл болон бусад техникийн чадварыг хөгжүүлэх зорилгоор ТББ-ын үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон зэргээс үзвэл нэхэмжлэгч, хариуцагч нарыг хамтран ажиллахаар тохиролцсон гэж үзэв. Талууд хамтын үйл ажиллагааны хүрээнд нэхэмжлэгч мөнгөн хөрөнгө шилжүүлж, хариуцагч нь үйл ажиллагааг “О” ХХК-аар удирдан явуулж байсан байх тул хамтын ажиллагаа хэрэгжсэн гэж үзэх боломжтой. Нэхэмжлэгч нь хариуцагчтай хийсэн хэлцлээр шилжүүлсэн хөрөнгийг хариуцагчаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж буцаан шаардсан ч талуудын хооронд харилцан тохиролцсон хамтын ажиллагаа тодорхой хугацаанд хэрэгжсэн тул нэхэмжлэгч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлгүй. Түүнчлэн талууд хамтын ажиллагаа дуусгавар болгосон ч явуулсан үйл ажиллагааг дүгнэж, хөрөнгийн жагсаалт, тайлан, тооцоо гаргаагүй, хамтын ажиллагаа дуусгавар болоход нэхэмжлэгчид 138,400 ам.доллар буюу 394,440,000 төгрөг хуваарилагдсан нь баримтаар тогтоогдоогүй учир нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хангах үндэслэлгүй” гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн.
11.2.Хариуцагчийн хууль бус эзэмшлээс автомашин гаргуулах шаардлагын тухайд “... Маргааны зүйл болох автомашин нь нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа боловч түүнийг уг автомашиныг хууль бусаар эзэмшиж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Иймээс хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсан нь үндэслэлгүй” гэсэн.
11.3.Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 20,000,000 төгрөг гаргуулах тухайд “...Нэхэмжлэгч нь Ө.Б-д 2020.07.14-ний өдрийн итгэмжлэлээр *** тоот орон сууцыг бусдад худалдах эрхийг 3 сарын хугацаатай олгосны үндсэн дээр улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр худалдан авагч Б.Б бүртгүүлсэн. Нэхэмжлэгчийн дансанд нийт 520,000,000 төгрөг, Ө.Б-гийн дансанд 20,000,000 төгрөг тус тус шилжсэн. Хариуцагч нь өөрийн дансаар авсан мөнгийг нэхэмжлэгчийн зааврын дагуу зарцуулсан болохоо нотолж чадаагүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас даалгаврын гэрээний үүрэгт 20,000,000 төгрөгийг шаардаж, гаргуулах эрхтэй” гэж дүгнэн, хариуцагчаас 20,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн.
11.4.Баянгол дүүрэг, *** тоот орон сууцнаас ногдох хэсэг 73,708,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага, 2017.01.23-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд. “...Ө.Б нь Г.Х-аас 2016.12.15-ны өдөр 92 тоот орон сууцыг 75,000,000 төгрөгөөр худалдан авсан ба тэрээр энэ орон сууцны 50 хувь буюу 37,500,000 төгрөгт ногдох хэсгийг Л-д бэлэглэснээр нэхэмжлэгч, хариуцагч нар хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн. Хариуцагч бэлэглэлийн гэрээг бичгээр байгуулж, нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн ч бэлэглэлийн гэрээг талууд дүр үзүүлэн байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул талуудын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл” гэсэн агуулгатай дүгнэлт хийж, үндсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангасан байна.
12.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...нэхэмжлэгч нь хариуцагч Ө.Б, Б.Б, П.Д нарт холбогдох зарим шаардлагаас татгалзсаныг тогтоох хэсэгт шийдвэрлээгүй орхигдуулсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна. Түүнчлэн анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлээс орон сууцнаас ногдох хэсэг 75,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг залруулна гээд “...нэхэмжлэгч нь хариуцагчийг бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах хэмжээний ноцтой үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй, хариуцагч нь сөрөг шаардлагын үндэслэлээ хуульд зааснаар баримтаар нотолж чадаагүй байхад бэлэглэлийн гэрээг дүр үзүүлэн байгуулсан, хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. ...нэхэмжлэгч нь байнгын оршин суух зөвшөөрөл авах шаардлагатай болсон тул түүнийг орон сууцны хамтран өмчлөгчөөр оруулахаар бэлэглэлийн гэрээ байгуулсан гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй. Иймээс талуудын хооронд хүчин төгөлдөр бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх тул талуудад орон сууцыг дундаа 50, 50 хувиар, хэсгээр өмчлөх эрх үүссэн, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгийнхээ үнийг хариуцагчаас шаардах эрхтэй. ...орон сууц 147,416,000 төгрөгөөр үнэлэгдсэн тул хариуцагчаас 73,708,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөс хассан бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгана. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас нийт 93,708,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй” гэжээ.
13.Анхан болон давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт нэг агуулгатай хууль зүйн дүгнэлт хийж, ижил шийдэл гаргасан боловч орон сууцнаас өөрт ногдох хэсгээ шаардсан нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэл болон талуудын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар ялгаатай дүгнэлт хийж, өөр шийдэл гаргасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Л, хариуцагч Ө.Б болон түүний өмгөөлөгч Д.Д нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
14.Нэхэмжлэгч Л нь хариуцагч Ө.Б-д холбогдуулан, *** улсын дугаартай *** маркийн автомашиныг түүний хууль бус эзэмшлээс гаргуулах, хөрөнгө оруулалт нэрээр үндэслэлгүй хөрөнгөжсөн 394,440,000 төгрөг, орон сууц худалдсан үнээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 20,000,000 төгрөг, Баянгол дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, *** тоот хаягт байршилтай, 62,73 м.кв талбайтай орон сууцнаас ногдох хэсэг 73,708,000 төгрөг тус тус гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Ө.Б бүхэлд нь эс зөвшөөрч, 2017.01.23-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг шаардлага гарган маргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Ө.Б, Б.Б, П.Д нарт холбогдох 2020.07.16-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг даалгах, Ө.Б-д холбогдох 5,000 ам.доллар буюу 14,246,300 төгрөг гаргуулах, Баянгол дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, *** тоот хаягт байршилтай, 62,73 м.кв талбайтай орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагаасаа татгалзсан.
15.Нэхэмжлэгч нь хариуцагч Ө.Б-гаас 138,400 ам.доллар буюу 394,440,000 төгрөгийг гаргуулахаар шаардахдаа “О” ХХК-д хөрөнгө оруулан хамтарч ажиллах санал тавьсныг зөвшөөрч, компанийн зардалд нийт 138,400 ам.долларыг түүнд шилжүүлснийг хувьдаа авч, хуурч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэхийн зэрэгцээ “...138,400 ам.долларыг нэхэмжлэгчид төлсөн тохиолдолд тус компанийн 24 хувийн хувьцаа эзэмшигчээс татгалзах боломжтой, ...өөрт ногдох хувьцааг зарах итгэмжлэлийг ... элчин сайд баталж өгөөгүй, ...” гэсэн тайлбар гаргажээ.
Тэрээр хариуцагчид 138,400 ам.долларыг шилжүүлсэн гэх боловч хоёр шатны шүүх “...119,156.28 ам.долларыг хариуцагч Ө.Б банкны шилжүүлгээр хүлээн авч, энэ хөрөнгөөр компанийн үйл ажиллагаа явуулах тоног төхөөрөмж авч, нэхэмжлэгч нь 24 хувийн хувьцааг эзэмшсэн. Ө.Б нь Л-гийн удирдлага дор “О” санд хуримтлагдсан хөрөнгөөр хандивын болон тусламж дэмжлэгийн үйл ажиллагаа эрхлэх бөгөөд англи хэл болон бусад техникийн чадварыг хөгжүүлэх зорилгоор ТББ-ын үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон, хамтын ажиллагаа дуусгавар болгохдоо ... тайлан, тооцоо гаргаагүй тул хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй...” гэж дүгнэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрсөн агуулгаар хяналтын журмаар гомдол гаргасан байна.
16.Нэхэмжлэгч хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж шаардах эрхээ тодорхойлж, хариуцагч нь уг мөнгөн хөрөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэсэн агуулгаар марган, зарим баримтыг гаргасан боловч хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар талуудын хооронд компани үүсгэн байгуулахтай холбоотой буюу түүнд анх оруулсан хөрөнгө оруулалт, зардлын зарцуулалт, хувьцаа эзэмшигч хоорондын маргаан эсхүл талуудын хооронд ердийн хамтран ажиллах гэрээний маргаан үүссэн эсэх нь тодорхойгүй, зохигчийн хооронд энэ талаар хангалттай мэтгэлцээн өрнөсөн гэж үзэх боломжгүй байна.
Зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцааны эрх зүйн үндэслэлийг зөв тодорхойлох нь талууд шаардах эрхтэй эсэх, эсхүл энэ эрх нь дуусгавар болсон эсэх, улмаар зөвшөөрөх, татгалзах, үгүйсгэх бусад нөхцөл бий эсэх асуудлаар эрх зүйн дүгнэлтийг зөв хийхэд ач холбогдолтой юм.
17.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шүүх бүрэн шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна. Тухайлбал, СиДи бичлэгт 4 хүний яриа бичигдсэн байх бөгөөд үүнд “гадаад эрэгтэй хүний хоолой англи хэлээр ярив” гэж тэмдэглэсэн ч юу хэлсэн нь бичигдээгүй, нэг эмэгтэй орчуулга хийсэн гэх боловч аль хэсгийг нь орчуулсан нь ойлгомжтой бус, яриа компанийн үйл ажиллагаатай холбоотой, компанийн хувьцаа эзэмшигчийн хоорондын маргаанд дүгнэлт хийхэд ач холбогдолтой байж болохоор буюу зарим худалдан авалтын талаар ярьсан, маргааны үйл баримтад хамааралтай байж болохуйц байхад шүүх уг ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийгээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчсөн байна. /III xx- 71-88/
Түүнчлэн талуудын хооронд “О” ХХК-ийн хувь эзэмшлээс гадна төрийн бус байгууллагыг хамтран байгуулсан, компанийн зарим ашгийг энэ байгууллагад зориулахаар тохиролцсон гэх ба хариуцагч орон сууц худалдан борлуулсан мөнгөний зарим хэсгийг энэ байгууллагын зорилгод зарцуулсан гэжээ.
18.Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл, татгалзлын талаар зохигчийн гаргасан тайлбар нь харилцан зөрүүтэй байхад хоёр шатны шүүх хэрэгт авагдсан ямар тодорхой баримт, нотолгоог үндэслэн нэхэмжлэлийг хангасан болон хэрэгсэхгүй болгосон тухайгаа үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна. Хариуцагч Ө.Б сөрөг шаардлагаа тодорхойлохдоо нэхэмжлэгчид туслах зорилгоор Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж тайлбарлахын зэрэгцээ нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь түүнийг ноцтой гомдоосон, нийгмийн цахим сүлжээгээр ойр дотныхонд нь худал мэдээлэл тарааснаас хохирсон гэсэн өөр өөр үндэслэлээр тайлбар гарган маргасныг шүүх хангалттай тодруулаагүй, хэрэгт зарим нэгэн баримт байх боловч энэ нь хангалттай бус, авагдсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.
19.Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодорхой гэж үзэхэд учир дутагдалтай, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хяналтын шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/04353 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2025/01519 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн 2025 оны 09 сарын 30-ны өдөр төлсөн 2,131,750 төгрөг, хариуцагчийн 2025 оны 09 сарын 24-ний өдөр төлсөн 628,090 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
Э.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД