| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 169/2024/0037/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/36 |
| Огноо | 2024-02-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.А |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/36
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч Г.Анх-Ирээдүй
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг ******* оны 02 дугаар сарын ******* өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын ******* өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамтаар Дундговь аймгийн ******* сумын баг дугаар байрны 9 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт , Регистрийн дугаар: ,
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ ******* оны 01 дүгээр сарын ******* 23-нд шилжих шөнө Дундговь аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Нитро” бааранд хохирогч “Чи зайлаач” гэсэн үг хэлсэн гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар шилэн стакан шидэж хохирогчийн нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь “баруун нүдний зовхинд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “Шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол төлбөрөө авсан, ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байна.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч овогт нь ******* оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дундговь аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Нитро” бааранд хохирогч үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар шилэн хундага шидэж хохирогчийн нүүрэн тус газарт нь онож гэмтэл учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******т нүүрэн тус газартаа шилэн стакан шидүүлсэн талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч “******* оны 01 дүгээр сарын 22-ны өдөр би Дундговь аймгийн ******* сумын 7 дугаар баг төвд байх ажил дээрээсээ 19 цагт найзууд болох , , , , , нарын хамт тараад “Нандин” нэртэй караоке ороод архи болон пиво нэлээн ууж байгаад тэндээсээ 23 цагийн үед гараад “Нитро” баар орсон. Тэнд ороод зүүн талын хойноосоо 2 дахь ширээнд сууцгаасан. Тэгээд бид долоо 1 шил “Эдэн” нэртэй 0.75 литрийн архи хувааж уугаад талбай дээр гарч бүжиглэцгээсэн. Бүжиглээд байж байтал “Нитро” дотор байсан надтай хамт явж байсан гийн найз гэх эмэгтэй бид нарын сууж байсан ширээн дээр ирж суугаад миний өөдөөс дунд хуруугаа гаргаад байхаар нь би т хандан “Чи зайлаач ээ” гэж хэлтэл надад хандан “Чи намайг зайлуулдаг хэн бэ” гэж хэлээд манай ширээн дээр байсан жижиг хэмжээтэй өнгөгүй, сэнжгүй бөөрөнхий хундага мэт шилэн зүйлийг аваад 1 метр орчим зайны цаана байгаа над руу чиглүүлээд шидсэн. Тэгтэл тухайн шилэн хундага нь миний баруун нүдний дээд талд оноод миний нүдэнд оч манараад би доошоо хараад суучихсан. Тэгээд манай хэд бүжиглэж байсан найзууд талбайгаасаа ирээд “Яасан бэ” гээд цагдаа дуудсан. ... Би тухайн үед дунд зэргийн согтолттой байсан, болж байгаа зүйлийг хангалттай мэдэх чадвартай байсан. нь нэлээн их хэмжээний согтолттой байсан. ... Миний баруун нүдний зовхи язарч би Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэг дээр очиж уг шарханд оёо тавиулсан, өөр миний биед гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 5-р хуудас/
Гэрч “******* оны 01 дүгээр сарын 22-ны өдөр би ажил дээрээ байж байгаад 18 цагийн үед ажлаасаа тараад гэртээ очоод хоол унд хийчихээд хамт ажилладаг хүмүүс “Нандин” караокед хүрээд ир гээд дуудахад 21 цагийн үед Нандин караокед очсон. Нандинд очих үед хамт ажилладаг , , , Цээгий, , нар байсан. Тэгээд бид нар тэндээ байж байгаад 23 цаг өнгөрөөд “Нитро” баар ороод зүүн талаасаа 2 дахь суудал дээр нь суусан, баар ороод 1 шил архи бөөнөөрөө дундаа аваад суусан. ... нь руу дунд хуруугаа гаргаад байсан, тэгтэл нь т хандан “Яах гээд байгаа юм” гэтэл өөдөөс уурлаад урдаа байсан архи хундагалдаг жижиг шилэн хундагыг руу чиглүүлж байгаад шидчихсэн. Тэгээд тэр шилэн хундага нь ын баруун нүдний дээд талын хэсэгт оноод газар унаад хагарчихсан. Тэгээд би т хандан “Яаж байгаа юм бэ” гэтэл өөдөөс уурлаад овилгогүй зан гаргасан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 9-р хуудас/
Гэрч “******* оны 01 дүгээр сарын 22-ны өдөр орой 21 цагийн үед найзуудаараа уулзахаар болоод найз найз ирж хоол ид гээд яваад очсон. гийн гэрт найз Шатар, найз Өлзийцэцэг, , нартай хоол унд идээд тэндээ байж байгаад 22 цаг өнгөрч байхад найзуудаараа бүгд “Нитро” баар орсон. Тэгээд ороод бид нар 2, 2 шилтэй Тайгер нэртэй пиво авч ууцгаасан. Бид нар пиво уугаад, бүжиглээд байж байтал гаднаас халамцуу хүүхнүүд орж ирээд бид нарын сууж байсан ширээний хоёр талын ширээн ирж суусан. Тэгээд нэлээн бүжиглэж байгаад 01 цагийн үед тэр хажуугийн хойд талын ширээний нэг хүүхнийг таньдаг бололтой харагдсан. Тэгтэл нь хойд талын ширээнд 4-5 эмэгтэйтэй хамт сууж байх үед бүжгийн талбайгаас гэх үсээ задгай тавьчихсан, өндөр хүүхэн тухайн хойд талын сандал дээр очингуутаа руу заагаад “Энийг зайлуул” гэж хэлээд шилэн хундагатай архийг аваад ын нүүр рүү цацсан. Тэгтэл нь урд байсан 1 зүйл барьж аваад руу цацчих шиг болоод гар нь хөдөлсөн. Тэгээд бид нар очоод ыг аваад гарах гэтэл баарны зөөгч нь “Цагдаа ирж байна хүлээж бай” гээд бид нар хүлээсэн. Өлзийн-Угалзыг дараа нь хартал баруун хөмсөгний хавьд нь эсгэчихсэн юм шиг харагдсан, цус гараагүй дусаагүй байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 11-р хуудас/
Гэрч “******* оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 18 цагт би ажил дээрээ ирээд манай баар 18 цаг нээгдсэн. Тэгтэл ******* оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс ******* оны 01 дүгээр сарын ******* өдрийн 01 цагийн үед би текнээс юм аваад явж байтал баарын дотод зүүн талын жигүүрийн 2 дугаартай ширээн дээр урд талд нь сууж байсан саарал хослолтой 30 нэлээн гаран насны эмэгтэй рүү хойд талд нь сууж байсан шар үстэй, 30 гаран настай эмэгтэй стакантай ус шиг зүйл цацчихсан. Тэгээд би цаашаа харалгүй хүний захисан зүйл аваачиж өгөх гээд өөр ширээ рүү явчхаад буцаад иртэл 2 дугаар ширээний баруун хойд өнцөгт архи хийх зориулалттай, 100 граммын багтаамжтай, шилэн, бариулгүй, өнгөгүй стакан хагарчихсан доор хэвтэж байсан. Стаканыг юм бодолгүй аваад хогийн саванд хийчихээд эргээд хартал манай текэн дээр зогсож байсан охин Азаа надад хандан “2 дугаар ширээн дээр хүмүүс зодолдчихсон байна шүү” гэж хэлэхээр нь би уг ширээн дээр очоод баруун хөмсөгний доод талаас цус гарчихсан, өмнө нь хүн рүү юм цацаж байсан шар үстэй эмэгтэйгээс юу болсон талаар асуутал цагдаа дуудъя гээд байсан. Тэгэхээр нь би цаашаа яваад өгсөн хамт байсан найзууд нь цагдаа дуудсан байх...” гэх мэдүүлэг, /хх-ийн 13-р хуудас/
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн ******* оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 34 дугаартай “ биед баруун нүдний зовхинд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. биед учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй” гэсэн дүгнэлтээр /хх-ийн 16-18-р хуудас/ нотлогдсон байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчоос мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газар руу шилэн хундага /стакан/ шидэхэд түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч ******* нь хохирогч нүүрэн тус газар руу шилэн хундага шидсэн үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогчийн биед халдсан үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.
Шүүгдэгчийн шууд санаатай үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирлын талаар:
Шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч “Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй, 2.400.000 /Хоёр сая дөрвөн зуун мянга төгрөг/ хүлээж авсан” гэх хүсэлтээр нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй учир түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /Гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД