| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2024/0184/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/189 |
| Огноо | 2024-12-09 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 11.6.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/189
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Анхбаяр
Улсын яллагч А.Эрдэнэдэлгэр
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх
Хохирогчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг
Хохирогч Э.Саруул, Б.Нарандэлгэр
Гэрч Г.Ганбат, А.Батдулам
Шүүгдэгч Э.Э*******, Б.Г******* нарыг оролцуулан Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Э.Э*******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Г******* нарт холбогдох 2331003770131 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1** оны ** дугаар сарын **-ны өдөр С** аймгийн С******* суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, С** аймаг, С******* сум, ** дугаар баг, ** дугаар хэсэг, 1** тоотод оршин суух хаягтай, урьд
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 252 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 7.560,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Б******* овогт Э******* Э******* /РД:*******/,
2. Монгол Улсын иргэн, 1** оны ** дүгээр сарын **-ний өдөр Ө******* аймгийн А******* суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт С** аймаг, С******* сум, ** дүгээр баг, ** дугаар хэсэг, 1** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Б Г******* /РД: /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Э*******, Б.Г******* нар нь бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 17 цагийн орчим "машин зам дээр явлаа" гэх асуудлаас шалтгаалан хоорондоо маргалдаж, Сэлэнгэ аймаг С******* сумын 8 дугаар баг "Аян" нэртэй дэлгүүрийн орчимд хохирогч Э.Саруулыг сүхний ар хэсгээр олон удаа цохисны улмаас бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал, баруун зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг,
Шүүгдэгч Э.Э******* нь хохирогч Б.Н сүхний ар хэсгээр цохиж зүүн VI хавирганы битүү хугарал, баруун сарвуунд зулгаахний зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э******* мэдүүлэхдээ: ... 2023 оны 10 дугаар сарын 28-нд гишүү мод айлд аваачиж өгөхөөр машиндаа ачаад Цагдаагийн урд замаар явж байтал замын голоор хоёр хүн явж байхаар нь замаар яагаад яваад байгаа юм машинд дайруулах нь уу гэж хэлснээс болж нөгөө хоёр залуутай маргаж барилцаж аваад нилээн юм болсон энэ үед Онцгойгийн ажилтан гарч ирээд биднийг салгаад тэр хоёр залуу цааш явсан, гэтэл миний малгай , утас алга болохоор нь малгай авахаар нөгөө хоёр залуу руу явах гэтэл Г******* машинтай явж таараад цуг очсон. Биднийг очиход Нарандэлгэр шууд өөрөө дайраад ирж ноцолдсон,нөгөө талд Саруул нь Г*******тай маргаж байхаар нь очиход надруу дайраад би ганц нэг цохисон, сүхний ишээр цохисон.Энэ зодоонд Г******* огт оролцоогүй салгасан. Харин Саруул, Г******* нар согтуу байсан. Би эрүүл байсан, өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлнө гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г******* мэдүүлэхдээ: .. 2023 оны 10 дугаар сарын 28-нд мал руугаа явж байгаад зам дээр Э*******тай таарсан, Э******* нь хоёр залуутай маргаад миний утас, малгай хоёр алгаа 2-лаа цуг яваад ирье гэхээр нь би тэр хүмүүсийг цагдаад өгөөч гэж хэлсэн. Ямар ч байсан утас малгайгаа олоодохъё гэхээр нь цуг очсон. Гэтэл Нарандэлгэр, Саруул нар нь шууд л дайраад ноцолдсон, би энэ үед эд нарыг салгасан, зодоон цохионд оролцоогүй, хэний ч зодож цохиогүй. Миний хувьд гомдолтой байна. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.С ... 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Нарандэлгэр нь манайд очиж морь малыг чинь үзье гэхээр нь бид хоёр зам дээр цуг явж байтал Э******* нь араас машинтай ирээд замаас хол яваач үхдэл болох гээ юу гэж хэлээд Н маргаж улмаар барилцаж авсан. Энэ үед би салгасан. Тэгээд бид хоёр ажил дээрээ орж хувцасаа тавьчихаад гараад “Аян” дэлгүүрийн тэнд явж байсан чинь Э******* нь цагаан Ланд-105 машин байсан ирээд шууд маргаж Н барилцаж авсан. Энэ үед би Г*******тай маргах болсон шалтгааныг яриад зогсож байхад Э******* шууд ирээд намайг сүхээр цохисон, би шууд хөдөлж чадахгүй Э*******тай зууралдаад газар унасан, энэ үед араас Г******* цохих шиг болсон. Тухайн үед би эргэж харах боломжгүй байсан. Би Г*******ыг цохисон гэж бодож байна. Энэ хүмүүст зодуулсны улмаас 3 сар хэвтэрт эмчилгээ хийлгэсэн. Э*******, Г******* нар нь нэг ч ирж уулзаагүй, тусалцаа үзүүлээгүй. Байгууллагаас ажилдаа орохгүй бол группэд ор гээд байн байн утасдаад , би олон жил ажилчихаад тэтгэвэрт орохын хооронд группэд орох гэхээр хэцүү, сэтгэл санааны хувьд маш хүнд байсан. Одоо энэ гэмтлийн улмаас эмчилгээний зардал 2.176.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 7.150.000 төгрөг, цалингийн зөрүү 3.786.823 төгрөг, гинжний үнэ 1.222.000 төгрөг, түүний үнэлгээний зардал 40.000 төгрөг, бүгд 15.834.823 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ хүмүүст эмчилгээний зардал болон нэхэмжилсэн мөнгийг өгчихвөл адилхан залуу улс байна, гомдол санал гэх зүйл байхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Н: ... 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр би дүү Сд очиж морь малаа яаж тэжээж байгаа талаар асууж үзэж харчихаад ажил руу хамт явж байтал Цагдаагийн урд зам дээр явган хүний зам байхгүй та бүхэн мэдэж байгаа тэнд Э******* нь машинтай араас ирээд замаас гараач үхдэл болох гээ юу гэж хэлээд бид маргаж барилцаж авсан .Энэ үед Саруул биднийг салгаж бид ажил руугаа ороод би хувцасаа тавьчихаад буцаж гараад “ Аян “ дэлгүүрийн тэнд явж байтал Э******* цагаан өнгийн Ланд-105 машинтай Г*******тай араас ирж сүх бариад машинаас буух үед нь би машиных нь хаалгыг дараад бид хоёр нилээн юм болсон, тэгээд би зугтаасан. Энэ үед энэ гурав зууралдаад үлдсэн. Тухайн үед би Саруулыг Г******* яг цохиж байгааг хараагүй, зугтааж явсан . Одоо надад гомдол санал байхгүй, энэ хүмүүсийг хөнгөн шийтгэж өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Г ... Тэр өдөр Э*******тай айлд мод буулгахаар машинтай Цагдаагийн урд замаар явж байхад энэ хоёр залуу замын голоор явж байснаас болж, замаас гарч яваач гэж хэлснээс эд нар маргаж барилцаж аваад энэ хоёр залуу Э*******ыг цохисон. Онцгойгоос хүн гарч ирээд эд нарыг салгасан. Тэгээд би цаашаа явсан, Э******* малгайгаа хайгаад үлдсэн, өөр надад мэдэх зүйл байхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч А.Б ... 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр намайг ажилтай байхад манай нөхөр утсаар яриад намайг хоёр хүн цохисон би явж чадахгүй байна хүрээд ирээч гэсэн. Би очиход гишгэж явж чадахгүй байсан. Би ямар хүн зодсон гэж асуухад энэ хоёр хүнийг зааж байсан, манай нөхөр хөдөлж чадахгүй, явж чадахгүй би даахгүй байхад энэ хоёр хүн өргөөд ч өгчихгүй хараад зогсож байсан. Би түүнд нь гомдсон. Мөн гинж нь алга болсон байсан чинь Г******* миний гинж алга гээд бид хоёр явж гинжээ хайсан боловч Г******* гинжээ олоод манай гинж олдоогүй, би нөхрийн маань амийг хааж байгаан байлгүй дээ орхие гээд гинжийг дахин хайгаагүй орхисон гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Э.С өгсөн "... Өнөөдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр би гэрээсээ өөрийн ажилладаг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар орох гээд хүргэн ах Б.Н хамтаар явж байсан юмаа. Ингээд бид С******* сумын 8 дугаар баг дэлгүүрийн орчимд ирсэн бөгөөд тухайн хэсэгт явган хүний зам байхгүй байсан учир машин зам руу орсон. Тэгтэл цагаан өнгийн ачааны тээврийн хэрэгсэл /портер юм уу бонго/ ирээд манай хүргэн ах Б.Н маргаад байсан. Ямар шалтгааны улмаас маргасан талаар би сайн мэдээгүй. Би гайхаад ахаасаа тухайн маргаад байсан хүнээс нь салгатал тухайн хүн миний нүүр хэсэг рүү гараараа нэг удаа алгадсан. Тэгээд л бид хоорондоо маргаж байгаад салсан. Ингээд бид ажил руу орчхоод буцаж гараад гэр рүүгээ явсан юмаа. Явах замдаа "Аян" нэртэй дэлгүүрийн хойд талд явж байтал улсын дугаарыг нь сайн хараагүй цагаан өнгийн "Ланд крузер" бололтой маркийн тээврийн хэрэгсэл маш хурдтайгаар дайрчих шахаад ирсэн. Би хажуу тийш болоод зогстол тухайн тээврийн хэрэгслээс бидэнтэй маргаж байсан хүн гартаа сүх бариад буугаад ирсэн. Би "Энэ хүн арайч цохихгүй байх" гэж бодоод яах гэж байгаа юм бол гэж бодоод очтол тухайн хүн намайг пизда ална гэх мэтээр хараагаад шууд л намайг гартаа барьж байсан сүхээрээ нэг удаа цохисон. Би бултаад хажуу тийш болтол тухайн сүхээр миний нуруу хэсэгт цохисон. Би тухайн хүнийг болиулах гээд хөл хэсгээс нь бариад автал тухайн хүн миний нуруу, сүүж ташаа, дал хэсэг рүү 5-6 удаа цохисон. 5-6 цохисны дараа би хөл дээрээ ч зогсож чадахгүй байсан учир би тухайн хүмүүсээс зугтсан. Тэгээд л би 3 дугаар цэцэрлэг явдаг гудамжинд зогсоод утсаараа эхнэрээ дуудсан бөгөөд манай эхнэр ирээд би Цагдаагийн байгууллагад хандаж байгаа юмаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Э.С дахин өгсөн "... Би өмнө өгсөн мэдүүлэгтээ тухайн хүнийг огт харж байгаагүй нэрийг нь мэдэхгүй байсан учир буруу хэлсэн байх. Би яагаад Оогоо гэж хэлсэн талаараа мэдэхгүй байна. Би хүнд зодуулсны дараагaap Цагдаагийн байгууллагад ирэхэд намайг зодсон гэх Э*******, Ака нар ирсэн байсан бөгөөд би тэр хүмүүсийг намайг зодсон гэж зааж хэлсэн. Өмнө мэдүүлэг өгөх үеэр миний бие муудаад байсан учир дутуу мэдүүлэг өгсөн байна. Болсон асуудлын талаар хэлэхэд "Эрка гэх залуу нь машинаас гартаа сүх бариад бууж ирээд манай хүргэн ах Н цээж хэсэг рүү сүхээрээ цохиод унагасан. Улмаар би зугтаах гэтэл АКА хочтой Б.Г******* миний энгэр хэсгээс гараараа зуураад миний цамцны захаар намайг боосон. Би АКА хочтой Б.Г*******ын гарыг нь тавиулах гээд зууралдаад байж байтал нөгөө Эрка гэх залуу нь хүрч ирээд намайг цохисон бөгөөд би бултаад тонгойтол Эрка гэх залуу миний нуруу хэсэг рүү сүхээр цохисон. Тэгэхээр нь би тухайн Эрка гэх залууг бэлхүүс хэсгээс нь тэврээд автал Эрка гэх залуу миний нуруу хэсэг рүү сүхээр миний нуруу, сүүж, ташаа, дал хэсэг рүү 5-6 удаа цохисон. 5-6 цохисоны дараа би хөл дээрээ ч зогсож чадахгүй болсон учир тухайн Эрка гэх залуутай зууралдаад газарт унаад байж байтал тухайн залуугийн гартаа барьсан сүхийг АК хочтой Г******* аваад миний нуруу хэсэг рүү дахин 2 удаа цохисон. Тэгээд л би тухайн хүмүүсээс зугтах гэтэл миний хөл маш ихээр өвдөөд гишгэж чадахгүй байсан хэдий ч би босоод хөлөө чирээд тухайн хүмүүсээс холдсон. Аз болж тухайн хүмүүс миний хойноос ирээгүй ба би 3 дугаар цэцэрлэгийн орчим эхнэрээ гар утсаар дуудсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Н өгсөн: "... Би 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өөрийн хадам дүү С гэрт очсон. Би энэ жил өөрийн хашаандаа адуу тэжээх гэж байсан учир С гэрт очсон. Саруул өмнө жил хашаандаа адуу тэжээж байсан учир би хэрхэн тэжээж байсан талаар нь харсан. Ингээд би С гэрт очиж адуу хашиж байсан хашаа, хэрхэн усалж байсан зэргийг нь харж байж байгаад орой 17 цагийн орчим буцаад ажил орж ажлын хувцсаа ажилд оруулж үлдээх гээд С гэрээс Саруул бид хоёр гарсан. Бид Сэлэнгэ аймгийн ОБГ-ын урд байх "Game 99" нэртэй дэлгүүрийн урд замд дээр явж байтал цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл ирж зогсоод "Үхэл чинь ирээ юу пизда минь" гэж хараасан. Тухайн "Game 99" нэртэй дэлгүүрийн урд явган хүний зам байхгүй шууд машин зам байдаг учир бид зам дээр явж байсан юмаа. Ингээд бид тухайн хэсэгт явган хүний зам байхгүй байгаа талаар нь хэлээд "уучлаарай" гэж хэлтэл тухайн залуу улам биднийг элдэв үгээр хараасан. Тиймээс бид юун сүртэй юм гэх мэтээр маргаж байгаад салаад явсан. Бид салаад С******* сумын 8 дугаар багт байх "Аян" нэртэй дэлгүүрийн орчим явж байтал бидний хойноос цагаан өнгийн Ланд крузер маркийн 10-09 СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл биднийг дайрчих шахаад ирсэн бөгөөд бид 2 тийшээ болтол бидний дундуур орж зогссон. Улмаар тухайн машинаас бидэнтэй "GАМЕ 99" дэлгүүрийн орчим маргасан залуу гартаа сүх бариад бууж ирсэн. Би тухайн залууг машинаас нь буулгахгүй гээд хаалгыг нь дартал тухайн залуу цонхоо буулгаад гартаа барьсан сүхний ир, ар, иш хэсгээр нь миний хоёр гар, цээж хэсэг рүү хэд хэдэн удаа цохсон. Би тухайн залууг дийлээгүй учир тухайн залуу машинаасаа бууж ирээд дахин миний цээж хэсэг рүү сүхний ар хэсгээр хэд хэдэн удаа цохисон. Энэ үед тухайн тээврийн хэрэгслийг АК гэх хочтой Б Г******* жолоодож байсан бөгөөд Саруул цаана Г*******тай маргаж байсан. Улмаар тухайн залуу бууж ирээд намайг сүхээрээ цохиход нь би зугтсан учир машины нөгөө талд байсан Саруулыг гартаа барьсан байсан сүхээрээ цохисон. Намайг харах үед Саруул газарт уначихсан Г******* болон бидэнтэй маргасан залуу хоёр С дээрээс сүхээрээ цохиод байсан. Тэндээсээ би зугтаагаад Саруултай гар утсаараа ярьж байгаад шууд цагдаа дээр ирсэн юмаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Н гэрчээр өгсөн: "... Тэгээд надаас салаад манай дүү болох Саруул руу нөгөө үл таних залуу, зүс таних Ака нар дайраад, үл таних залуу сүхний ар хэсгээр нь цээж хэсэг, нуруу хэсэг рүү нь 4, 5 цохисон. Ингээд зүс таних Ака гэдэг залуу дахиад сүхийг аваад 4, 5 цохисон. Нийтдээ тэр 2 нийлээд Саруул дүүг маань 10 удаа сүхний ард талаар цохисон" гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Г.Г өгсөн "...Өнөөдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 28- ны өдөр зүс мэдэх Эрка буюу Э******* гэх залуу намайг хамт гишүү ачилцаад өгөөч гэж хэлсэн юмаа. Үүнийг нь би зөвшөөрөөд Эркагийн хамтаар гэрээс нь нарс модны гишүү Эркагийн эзэмшлийн 61-30 СЭҮ байх улсын дугаартай цагаан өнгийн хюундай портер маркийн тээврийн хэрэгсэлд ачаад С******* сумын 3 дугаар баг "Салхитын ам"-нд байх айлд буулгана гэсэн. Ингээд бид гишүүгээ ачаад С******* сумын төв рүү орж ирээд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын урд явж байтал машин зам дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай 2 залуу гарч ирсэн. Тухайн хоёр залуу 1 дүгээр эгнээний замыг голлоод гараа алдлаад алхаад байсан учир Эрка тухайн 2 хүнд тулж зогсоод "Та хоёр машинд дайрууллаа шүү дээ. Цаашаа яваач" гэж хэлтэл тухайн хоёр залуу "та нар юу гээд байгаа юм" гэж хэлээд маргасан. Гэтэл тухайн залуу Эркагийн тээврийн Хэрэгслийн урд шил рүү гараараа нэг удаа цохисон. Эрка энэ үйлдэлд нь уурлаад буутал тухайн хоёр залуу нийлээд Эркаг хэд хэдэн удаа цохисон. Би тухайн залуучуудыг салгах гэтэл тухайн залуучуудын гарыг нь би дийлээгүй тэгээд Эрка тухайн хоёр залуутай хэд хэдэн удаа цохисон. Тэгээд л онцгой байдлын газрын жижүүр хийж байсан залуу гарч ирээд тухайн хүмүүсийг салгасан. Тэгээд би Эркагийн тээврийн хэрэгслийг замаас холдуулах гээд хөдлөх гэтэл Эрка замаас нэг машинд суугаад явсан. Би тухайн үед Эркагийн машиныг хөдөлгөөд С******* сумын 8 дугаар баг "Миний дэлгүүр" -ийн баруун талд зогсоолд очоод зогсоод байж байтал Эрка миний хойноос хүрээд ирсэн Эрка ирээд намайг Та нөгөө айлдаа очоод модыг нь буулгачих намайг зодсон хүмүүс цагдаа дээр гомдол гаргаад байгаа юм шиг байна" гэж хэлээд үлдсэн. Ингээд би С******* сумын 3 дугаар баг "Салхитын ам"-ны орчим очоод нөгөө айлд нь модыг нь буулгаад байж байтал Эрка дахиж над руу залгаад "та цагдаагийн газарт хүрээд ирээч танаас мэдүүлэг авах юм байна" гэж хэлээд дуудсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Х.Ц өгсөн: "... Тухайн хэрэг болсон 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр би Сэлэнгэ аймгийн ОБГ-т ажилтай байсан юмаа. Би тухайн үед ОБГ-ын үүдний х байран дээрээ байсан. Орой 17 цагийн орчим манай ажлын урд зам дээр маргаан болоод хүмүүс чанга чанга яриад байхаар нь би очоод хартал манай ажлын Э.Саруул, Б.Нарандэлгэр нар ажил дээр юм үлдээнэ гэж хэлээд ирж байсан бөгөөд ирэхдээ манай ажлын урд талын "Ні mart" нэртэй дэлгүүрийн урд зам дээр портер бүхий хүнтэй маргаад байж байсан. Би буцаад ажил дээрээ ирээд байж байтал тухайн хүмүүс дахин маргаад чанга чанга яриад байсан ба ажлаас "Наана чинь юу болоод байгаа юм бэ" хэмээн асуусан. Тэгэхээр нь би тухайн маргаж байсан хүмүүс очтол Э.Саруул, Б.Нарандэлгэр нар болон үл таних цагаан өнгийн портер бүхий хүмүүстэй маргасан хэвээр байхаар нь би буцаад ажил дээрээ ирсэн. Тэгж байтал Э.Саруул ах гүйчихсэн "Цагдаад хэлнэ" гэж хэлээд орилоод байсан. Удалгүй Э.Саруул, Б.Нарандэлгэр ах нар орж ирээд "Энэ хувцсыг салаан даргадаа өгчхөөрэй гэж хэлээд тортой хувцас үлдээгээд явсан. Э Саруул, Б.Нарандэлгэр ах нар явсны дараа тэд нартай маргаж байсан портертой ах утсаар "Хаана байна хүрээд ир" гэж хэлээд яриад байсан. Удалгүй зам дагаад цагаан өнгийн Ланд крузер маркийн тээврийн хэрэгсэл ирээд Э.Саруул, Б.Нарандэлгэр ах нартай маргаж байсан ах тухайн тээврийн хэрэгсэлд суугаад "зодолдоно", "ална" гэсэн зүйл яриад л явсан" гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч А.Б өгсөн: "... 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр би гадуур ажилтай явж байсан юмаа. Гэтэл орой 17 цагийн орчим манай нөхөр Э.Саруул "Би хүнд зодуулчихлаа. Би явж чадахгүй байна. Би 3 дугаар цэцэрлэгийн хойно байна" гэж хэлээд намайг дуудсан. Ингээд би С******* сумын 3 дугаар цэцэрлэгийн хойно очтол манай нөхөр Э.Саруул ганцаараа хамаг хувцас нь шороо болчихсон байдалтай сууж байсан. Ингээд би юу болсон талаар асуухад Э.Саруул "Намайг хоёр хүн зодоод намайг сүхээр цохиуллаа" гэж хэлсэн. Тиймээс би нөхрөө дагуулаад Цагдаагийн байгууллагад ирсэн юмаа. Намайг очих үед манай нөхөр хувцастай байсан учир эхэндээ анзаарагдаагүй хувцас нь шороо болсон байдалтай байсан. Ингээд би нөхрийн хамтаар Цагдаагийн байгууллагад ирэхэд манай нөхөр "Миний нуруу өвдөөд байна" гэхээр нь хувцсыг нь тайлаад үзтэл манай нөхрийн нуруу хэсэгт 5-6 орчим дөрвөлжин хэлбэртэй улайлт бүхий хэд хэдэн толбо үүсэн, хүзүү хэсэгт боосон бололтой хүзүү тойроод улайсан байсан. Ингээд манай нөхрийн бие өвдөөд эмнэлэг явсан бөгөөд эмнэлэгт очоод бүтэн биеийн томограф хийлгэх гээд хувцсыг нь тайлтал манай нөхрийн хоёр өвдөг зулгарч, хөхөрч, няцарсан шархтай байсан" гэх мэдүүлэг /41-42 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Т өгсөн: "... Би Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасагт мэдээлэл хүлээн авагч цагдаагаар ажилладаг бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 28-аас 29-ний хооронд тус Цагдаагийн газарт ажилтай байсан юмаа. Гэтэл орой 17 цагийн орчимд С******* сумын 4 дүгээр баг "Аян" Дэлгүүрийн орчимд бусдад сүхээр цохиулсан хэмээн Э.Саруул, Нарандэлгэр гэх хоёр иргэн ирсэн бөгөөд бид хойшлуулшгүй ажиллагааг түргэн шуурхай явуулах зорилгоор шаардлагатай ажиллагааг хийж гүйцэтгэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд мэдээлэл өгч ажиллагаа хийлгэж ажилласан. Гомдол гаргасан иргэдийг тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байсан мөрдөгч, дэслэгч Б.Дөлгөөн, эрүүгийн мөрдөгч, дэслэгч Д.Итгэл нартай холбож тухайн иргэдийг зодоод явсан гэх "Ака" хочтой Г*******ын тээврийн хэрэгслийг яаралтай олж тогтоох чиглэлээр зохион байгуулж ажилласан. Тухайн үед тус Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх саатуулах байранд байх согтуурал шалгах төхөөрөмж ажиллахгүй байсан бөгөөд Замын Цагдаагийн тасгийн ашигладаг согтуурал шалгах төхөөрөмж "Гурвалжин”-ийн постонд байсан юмаа. Тухайн постноос согтуурал шалгах төхөөрөмж авчруулах зорилгоор хариуцсан алба хаагч руу холбогдоход тухайн иргэдийг зодсон гэх "Ака хочтой Г*******ын тээврийн хэрэгслийг яаралтай олж тогтоох чиглэлээр ажиллаж байсан учир хугацаа шаардлагатай байсан. Тиймээс ажиллагааг түргэн шуурхай явуулах зорилгоор хохирогч Э.С болсон асуудлын талаар мэдүүлэг авахаар болсон. Тухайн хохирогч Э. Саруул мэдүүлэг өгч байх явцдаа бие муудсаны улмаас эмнэлэгт хүргэгдсэн учир тухайн үед согтуурал шалгах төхөөрөмжөөр шалгаагүй юм" гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч С.Б өгсөн: "... Хохирогч Э.С биед бүсэлхийн нугалмын L1, L2 хажуугийн сэртэнгийн хугарал, L4, L5, S1 нурууны нугалам хоорондын диск цүлхийсэн, фиброзон цагаригийн ургадал, баруун, зүүн өвдгөнд цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдсон. Хохирогч Э.Саруул "Эрка гэх залуу миний нуруу хэсэг рүү сүхээр миний нуруу, сүүж, ташаа, дал хэсэг рүү 5-6 удаа цохисон" гэж мэдүүлсэн тул энэ цохилтоос үүсэх бүрэн боломжтой. Мөн АКА хочтой Г******* нь мөн нуруу хэсэгт цохисон байгаа учир тус цохилтоос ч үүсэх боломжтой. Гэмтэл нэгэнт учирсан байгаа үед хэний цохилтоос үүссэн гэдгийг нарийн тогтоох боломжгүй. Тиймээс Эрка гэх хүн болон АКА хочтой Г******* нарын хэнийх нь ч цохилтоос үүсэх боломжтой" гэх мэдүүлэг /хх-ийн 138 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 394 дугаартай: "Б Н биед зүүн VI хавирганы битүү хугарал, баруун сарвуунд зулгаралт, цус хуралтын зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шинээр үүссэн, тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,
2023 оны 10 сарын 28-ны өдрийн 19 цаг 25 минутын Яаралтай тусламжийн хуудас №5930, Б.Н шинжилгээний хариу /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 404 дугаартай "Э.С биед бүсэлхийн нугалмын L1, L2 хажуугийн сэртэнгийн хугарал, L4, L5, S1 нурууны нугалам хоорондын диск цүлхийсэн, фиброзон цагирагийн урагдал, баруун, зүүн өвдгөнд цус хуралтын зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шинээр үүссэн, тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1- д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлт, эрүүл мэндээс хамаарна" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 69-70 дугаар хуудас/,
2023 оны 10 сарын 28-ны өдрийн 19 цаг 00 минутын Яаралтай тусламжийн хуудас №5929, Э.С шинжилгээний хариу бүхий баримт /хх-ийн 78-79 хуудас/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 119 дугаартай "... Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээ №404 дугаартай дүгнэлтийн хүндэвтэр зэрэгт хамааруулсантай санал нэг байна. Тухайн үед Э.С биед бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал, баруун зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал-дузаараат гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тог журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар салх гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй. Э.С бүсэлхийн 3 дугаар нугалмаас ууцны 1 дүгээр нугалмын завсрын жийргэвчийн дохионы эрчим буурсан буюу дегенератив өөрчлөлттэй, нугалмын завсрын жийргэвч цүлхийсэн, фиброзон цагариг урагдалтай байгаа нь архаг өөрчлөлт бөгөөд 2023.10.28-ны өдөр болсон гэх хэрэгтэй шалтгаант холбоогүй байна. Э.С биед хүзүү, хоёр гар, хоёр хөлийн булчин, шант чөмөгт гэмтэл тогтоогдоогүй байна. Хоёр өвдөгт учирсан цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй" гэх бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх-ийн 104-108 дугаар хуудас/,
2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 449 дугаартай Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон: “Хохирогч Э.С сэтгэцэд 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байна. 2. Э.С сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. 3. Э.С сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 125-127 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ц.Д мэдүүлэг, иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтууд /хх-ийн 165-172 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Ц.Д өгсөн: Би тухайн тодорхойлолтыг гаргасан учир сайн мэдэж байна. Би дээрх хэргийн улмаас хохирогч Э.С биед гэмтэл учирсантай холбоотойгоор 10 удаагийн үйлчилгээгээр нийт 373.000 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ, мөн хохирогч Б.Н биед гэмтэл учирсантай холбоотойгоор 6 удаагийн үйлчилгээгээр нийт 295.000 төгрөгийн эмчилгээний төлбөрийн нэхэмжилмээр байна” гэх мэдүүлэг /хх-ийн 172 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 63-66, 92-95, 109-112 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай прокурорын тогтоол /хх-ийн 151-156 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 06-10 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримтууд
Шүүгдэгч Э.Э*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 173 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Э*******ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 174 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Э.Э*******ын автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 175 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.Г*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 176 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.Г*******ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 177 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Э*******ын урьд эрүүгийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 178 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн Э.Э*******ын урьд захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 179-180 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.Г*******ын урьд эрүүгийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 181 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн Г.Г*******ын урьд захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 182-186 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Э.Э******* 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 17 цагийн орчим "машин зам дээр явлаа" гэх асуудлаас шалтгаалан хоорондоо маргалдаж, Сэлэнгэ аймаг С******* сумын 8 дугаар баг "Аян" нэртэй дэлгүүрийн орчимд хохирогч Э.Саруулыг сүхний ар хэсгээр олон удаа цохисны улмаас бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал, баруун зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг,
Шүүгдэгч Э.Э******* нь хохирогч Б.Н сүхний ар хэсгээр цохиж зүүн VI хавирганы битүү хугарал, баруун сарвуунд зулгаахний зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүгдэгч Э.Э*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
Хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр мөн,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Э.С өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар хуудас/, /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Н өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч С.Б өгсөн мэдүүлэг /хх-ийн 138 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 394 дугаартай: "Б Н биед зүүн VI хавирганы битүү хугарал, баруун сарвуунд зулгаралт, цус хуралтын зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шинээр үүссэн, тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,
2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 19 цаг 25 минутын Яаралтай тусламжийн хуудас №5930, Б.Н шинжилгээний хариу /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 404 дугаартай "Э.С биед бүсэлхийн нугалмын L1, L2 хажуугийн сэртэнгийн хугарал, L4, L5, S1 нурууны нугалам хоорондын диск цүлхийсэн, фиброзон цагирагийн урагдал, баруун, зүүн өвдгөнд цус хуралтын зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шинээр үүссэн, тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1- д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлт, эрүүл мэндээс хамаарна" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 69-70 дугаар хуудас/,
2023 оны 10 сарын 28-ны өдрийн 19 цаг 00 минутын Яаралтай тусламжийн хуудас №5929, Э.С шинжилгээний хариу бүхий баримт /хх-ийн 78-79 хуудас/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 119 дугаартай "... Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээ №404 дугаартай дүгнэлтийн хүндэвтэр зэрэгт хамааруулсантай санал нэг байна. Тухайн үед Э.С биед бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал, баруун зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал-дузаараат гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тог журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар салх гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй. Э.С бүсэлхийн 3 дугаар нугалмаас ууцны 1 дүгээр нугалмын завсрын жийргэвчийн дохионы эрчим буурсан буюу дегенератив өөрчлөлттэй, нугалмын завсрын жийргэвч цүлхийсэн, фиброзон цагариг урагдалтай байгаа нь архаг өөрчлөлт бөгөөд 2023.10.28-ны өдөр болсон гэх хэрэгтэй шалтгаант холбоогүй байна. Э.С биед хүзүү, хоёр гар, хоёр хөлийн булчин, шант чөмөгт гэмтэл тогтоогдоогүй байна. Хоёр өвдөгт учирсан цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй" гэх бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх-ийн 104-108 дугаар хуудас/,
2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 449 дугаартай Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон: “Хохирогч Э.С сэтгэцэд 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байна. 2. Э.С сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. 3. Э.С сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 125-127 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ц.Д мэдүүлэг, иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтууд /хх-ийн 165-172 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Ц.Д өгсөн мэдүүлэг /хх-ийн 172 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 63-66, 92-95, 109-112 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 06-10 дугаар хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч Э.Э*******ын үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.
Харин шүүгдэгч Б.Г******* нь бүлэглэн хохирогч Э.Саруулыг зодож биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл бүрэн нотлогдон тогтоогдохгүй, эргэлзээтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э*******аас ... Энэ зодоонд Г******* огт оролцоогүй салгасан гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Г******* мэдүүлэхдээ: .. 2023 оны 10-р сарын 28-нд мал руугаа явж байгаад зам дээр Э*******тай таарсан, Э******* нь хоёр залуутай маргаад миний утас, малгай хоёр алгаа 2-лаа цуг яваад ирье гэхээр нь би тэр хүмүүсийг цагдаад өгөөч гэж хэлсэн. Ямар ч байсан утас малгайгаа олоодохъё гэхээр нь цуг очсон. Гэтэл Нарандэлгэр, Саруул нар нь шууд л дайраад ноцолдсон, би энэ үед эд нарыг салгасан, зодоон цохионд оролцоогүй, хэнийг ч зодож цохиогүй гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Саруул, Б.Нарандэлгэр нар нь шүүгдэгч Б.Г*******ыг цохисон гэж мэдүүлж байгаа боловч хохирогч Б.Нарандэлгэр нь хаана, юугаар цохисныг нотолж мэдүүлээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт ...Хохирогч Б.Н ... Энэ гурав зууралдаад үлдсэн. Тухайн үед би Саруулыг Г******* яг цохиж байгааг хараагүй, зугтааж явсан гэх мэдүүлэг, мөн шүүхийн хэлэлцүүлэгт ...Хохирогч Э.С ...Би Э*******тай зууралдаад газар унасан, энэ үед араас Г******* цохих шиг болсон. Тухайн үед би эргэж харах боломжгүй байсан. Би Г*******ыг цохисон гэж бодож байна гэх мэдүүлгээс дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Г******* нь хохирогч Э.Саруулыг зодож биед нь гэмтэл учруулсан болох нь эргэлзээтэй, хохирогч нар мөрдөн шалгах ажиллагаанд Б.Г******* нь зодож цохисон гэж мэдүүлсэн атлаа шүүхийн хэлэлцүүлэгт ...хохирогч Э.Саруулыг цохиж байсан талаар хараагүй, цохисон гэж бодож байна гэж зөрүүтэй мэдүүлж байгаа, мэдүүлгүүд нь тогтвортой биш байгаа нь шүүгдэгч Б.Г*******ад холбогдох хэргийг үгүйсгэх нөхцөл байдал бий болж байна гэж шүүх үзлээ.
Шүүх хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж, эрх тэгш талуудын мэтгэлцээн, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн үйл баримтад дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Г*******ад холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж хуульд заасан байх тул Б.Г*******ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Э.Э*******ыг Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Э.Э*******ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Э.Э*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” , мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэж, шүүгдэгч Б.Г*******ад холбогдох хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Э******* болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар улсын яллагчтай маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчлан заасны дагуу энэ гэмт хэргийн улмаас гарсан эмчилгээний зардлыг хуулиар шүүгдэгч Э.Э******* нь хариуцан арилгах үүрэгтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.С энэ гэмтлийн улмаас эмчилгээний зардал 2.176.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 7.150.000 төгрөг, цалингийн зөрүү 3.786.823 төгрөг, гинжний үнэ 1.222.000 төгрөг, түүний үнэлгээний зардал 40.000 төгрөг, бүгд 15.834.823 төгрөгийг нэхэмжилсэн.
Шүүх хэрэгт цугларсан баримт болон хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл байдлыг үндэслэн хохирогч Э.С гаргасан нэхэмжлэлээс сэтгэл санааны хохиролд 5.500.000 төгрөг, цалингийн зөрүү 3.786.823 төгрөг, гинжний үнэ 1.222.000 төгрөг, түүний үнэлгээний зардал 40.000 төгрөг, эмчилгээний болон бусад зардалд 1.984.765 төгрөг бүгд 12.533.588 төгрөг гаргуулж шийдвэрлэснээс шүүгдэгчийн өгсөн 1.500.000 төгрөгийг хасаж бүгд 11.033.588 / арван нэгэн сая гучин гурван мянга таван зуун наян найм/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Э.С нэхэмжилсэн нэхэмжлэлээс сэтгэл санааны хохирлыг 550.000х10=5.500.000 төгрөгөөр, эмчилгээ болон замын зардлын баримтаас нотлох баримтыг үндэслэн 191.235 төгрөгийг хасаж, мөн өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг нэхэмжилсэнийг хэрэгсэхгүй болгож, нийт нэхэмжлэлийн үнийн дүнгээс тус тус хасаж тооцсон болно.
Мөн иргэний нэхэмжлэгч Ц.Дэлгэрээс ... хохирогч Э.С биед гэмтэл учирсантай холбоотойгоор 10 удаагийн үйлчилгээгээр нийт 373.000 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ, мөн хохирогч Б.Н биед гэмтэл учирсантай холбоотойгоор 6 удаагийн үйлчилгээгээр нийт 295.000 төгрөгийн эмчилгээний төлбөрийг нэхэмжилсэн байх тул Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмчилгээний зардлыг шүүгдэгчээс гаргуулж, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор,
Хохирогч Э.Саруул нь энэ хэргийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Э.Э******* болон түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т заасан хохирол төлөх завсарлах 5 хоногийн хугацааг авч 11.033.588 төгрөгийг шүүх төлүүлэхээр шийдвэрлснээс дээрх хохирол төлүүлэх хугацаанд 5,000.000 төгрөгийг бэлнээр төлж, 6.033.588 төгрөгийн хохирлыг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн хүсэлт, баримтыг шүүхэд ирүүлснийг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Э.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч Э.Э******* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” ,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Э*******ад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,
Шүүгдэгч Э.Э*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг харьяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй бөгөөд шүүгдэгч Э.Э*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Г*******ад урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1. 8, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б******* овогт Э******* Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн өөрчилсүгэй.
3. Шүүгдэгч Б******* овогт Э******* Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан”, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
4. Шүүгдэгч Э.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дугаард зааснаар шүүгдэгч Э.Э*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялуудыг нэмж нэгтгэн бүгд 1.300.000 төгрөгийн торгох ял оногдуулсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.Э*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.Э******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Э.Э*******аас эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хохирол болон бусад зардалд бүгд 11.033.588 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Саруулд олгохоор шийдвэрлэснээс 5,000.000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх 6.033.588 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний дотор төлж барагдуулахаар илэрхийлж бичгээр баримтжуулж ирүүлснийг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Э.С нэхэмжлэлээс өмгөөлөгчийн зардал болон бусад зардлаас 4.301.235 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
10. Хохирогч Б.Нарандэлгэр нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурьдаж, хохирогч Э.Саруул нь энэ гэмт хэргийн улмаас цаашид эмчлэгдэх эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
11. Иргэнийн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Э.Э*******аас хохирогч Э.С эмчилгээ үйлчилгээнд 373.000 төгрөг, хохирогч Б.Н эмчилгээ үйлчилгээнд 295.000 төгрөг бүгд 668,000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
12. Шүүгдэгч Э.Э*******, Б.Г******* нарын хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
13. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Г*******ад авсан таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүйд тооцсугай.
14. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ