Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2025/00226

 

 Д.З-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/05289 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 210/МА2025/01499 дүгээр магадлалтай 

Д.З-гийн нэхэмжлэлтэй,

“ХЗТТ” ТБАГУТҮГ-т холбогдох

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 2024 оны сүүлийн хагас жилийн үр дүнгийн урамшуулал 3,995,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.М-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, хариуцагчийн өмгөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.З нь хариуцагч “ХЗТТ” ТБАГУТҮГ-т холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 2024 оны сүүлийн хагас жилийн үр дүнгийн урамшуулал 3,995,100 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/05289 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан “ХЗТТ” ТБАГУТҮГ-т холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 2024 оны сүүлийн хагас жилийн үр дүнгийн урамшуулал 3,995,100 төгрөг гаргуулах тухай Д.З-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.З-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Д.З-д олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 210/МА2025/01499 дүгээр магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/05289 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.З-г ХЗТТ-ийн Дархан-Уул аймаг дахь салбарын улсын өмгөөлөгчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “ХЗТТ” ТБАГУТҮГ-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 25,246,395 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, уг дүнгээс тооцож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг “ХЗТТ” ТБАГУТҮГ-т даалгаж, нэхэмжлэлээс үлдэх 3,995,100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч “ХЗТТ” ТБАГУТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 284,182 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн өмгөөлөгч Ц.М-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.09.05-ны өдрийн 210/МА2025/01499 тоот магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэг.Нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй, тал бүрээс нь бодитой үнэлээгүйн улмаас хуулийг зөрүүтэй хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь, тал бүрээс нь бодитой үнэлээгүй болно. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.08.01-ний өдрийн 210/МА2025/01305 тоот магадлалын хянавал хэсэгт “...4.1. Иймээс иргэн Б.Б-аас 2023.06.30-ны өдөр шилжүүлсэн 500,000 төгрөгийг нэхэмжлэгч нь үйлчилгээ үзүүлсний төлөө өмгөөллийн хөлс, бусад төлбөр хэлбэрээр авсан нь тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ... дээр дурдсан улсын өмгөөлөгчид хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж хууль болон гэрээнд заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчжээ.” гэсэн.

Анхан шатны тойргийн шүүхийн 191/ШШ2025/05289 дүгээр шийдвэрийн Үндэслэх хэсэгт “5...ХЗТТ-ийн захирал Монголын Өмгөөлөгчдийн Холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны 2024.10.22-ны өдрийн МТ/2024/35 дугаар тогтоол, холбогдох хуулийг үндэслэн улсын өмгөөлөгчид хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан Дархан-Уул аймаг дахь салбарын улсын өмгөөлөгч Д.З-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2024.12.31-ний өдрөөр дуусгавар болгон цуцалж, улсын өмгөөлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцэж байна” гэжээ. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.З-г үйлчлүүлэгчээс төлбөр (мөнгө, тодорхой эд зүйл, эсхүл өмгөөллийн үйлчилгээ үзүүлсний хариуд ямар нэг үйлчилгээ авах) авсан нь тогтоогдсон гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх ажил олгогч өөрөө тогтоож чадаагүй гэж дүгнэжээ. Анхан болон давж заалдах шатны шүүх үйл баримтыг өөр, өөрөөр тайлбарлан дүгнэжээ.

Давж заалдах шатны шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн дансны хуулга, сонсох ажиллагааны тэмдэглэл, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоол зэргийг тал бүрээс нь бодитой үнэлээгүй байна. Тухайлбал, зохигчийн тайлбар, Даргалагчаас: 500,000 төгрөгийг аваагүй гэж үзэж байгаа юм уу? Аваагүй бол захиргааны хэргийн шүүхэд яагаад гомдол гаргаагүй вэ? гэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч: “Авсан гэдэг үйл баримт дээр маргаагүй. Ёс зүйн асуудал байсан учраас энэ дээр нэхэмжлэгч өөрийнхөө байр суурийг хүлээн зөвшөөрөөд холбогдох шүүхэд гомдол гаргаагүй” гэх хариулт, Даргалагчаас: Хохирлын мөнгө, төлбөр ч бай бусад байдлаар мөнгө авч болдог юм уу? гэхэд нэхэмжлэгч: “Хуулиараа болохгүй тэрийг мэдэж байсан. Гэхдээ миний хажууд манай үйлчлүүлэгч нар байсан, Н.Б өмгөөлөгч бид хоёр яахав тэгээд онцлогт нь тохируулаад аваад дамжуулаад төлөх ч юм уу? Бэлнээр нь авчирсан мөнгийг данс руугаа шилжүүлээд, гэм буруу нь тогтоогдсон үед хохиролд гаргаж өгдөг ийм үе зөндөө л байдаг” гэх хариулт.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.” гэж заасан байна. Гэвч давж заалдах шатны шүүх зохигчийн тайлбарыг тал бүрээс нь үнэлээгүй байна. Нэхэмжлэгчийн дансны хуулга хавтаст хэргийн 124 дүгээр талд нэхэмжлэгчийн Депозит дансны хуулга авагдсан байна. Тус дансны хуулгаар 2023.06.30-ны өдөр Б.Б-аас 500,000 төгрөгийг шилжүүлж орлогодож, улмаар нэхэмжлэгч нь тус мөнгөнөөс 85,500 төгрөгөөр Орифлэйм, 39,800 төгрөгөөр бараа, 51,000 төгрөгөөр Сар, 64,900 төгрөгөөр малгай, 50,000 төгрөгийг хандив, 20,000 төгрөгийг кофе, 130,000 төгрөгийг Зээл төлөлт (Баагий) гэх мэт хувьдаа зарцуулсан болох нь дансны гүйлгээ болон үлдэгдэлтэй харьцуулахад тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, дээрх баримтаар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.8 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан болох нь тогтоогдож байна. 2024.12.16-ны өдөр явуулсан сонсох ажиллагааны тэмдэглэл хэрэгт байх бөгөөд нэхэмжлэгч Д.З нь тайлбарыг цахимаар ирүүлнэ гэсэн боловч тайлбарыг ирүүлээгүй болох нь тогтоогдож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана.” гэж заажээ. Нэхэмжлэгч нь тайлбараа ирүүлээгүй нь өөрийгөө өмгөөлөх, сахилгын шийтгэл сонгон хэрэглэхэд ач холбогдолтой байх бөгөөд ирүүлээгүй, зөрчлийг хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлнэ. Дээрх захиргааны үйл ажиллагааг шүүхээс тал бүрээс нь бодитой дүгнээгүй байна. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоол: Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг давж заалдах шатны шүүхээс буруу үнэлжээ. Тус дүрмийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч нь үйлчилгээ үзүүлэх явцад зайлшгүй шаардлагаар үйлчлүүлэгчийн, эсхүл гуравдагч этгээдийн эд хөрөнгийг хүлээн авч болох боловч тухайн эд хөрөнгийг үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулж, ашиглаж болохгүй” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэсэн. Хэдийгээр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ёс зүйн дүрмээр зайлшгүй шаардлагаар үйлчлүүлэгчийн эд хөрөнгийг хүлээн авч болох боловч гэж заасан боловч ХЗТТ, нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээгээр улсын өмгөөлөгч нь ямар ч тохиолдолд үйлчлүүлэгчээс төлбөр, эд хөрөнгө, үйлчилгээ авахыг хориглосон байна. Дээрх хориглосон хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 дэх хэсэгт нийцүүлэн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар ноцтой зөрчлийг харилцан тохиролцжээ. Нэхэмжлэгч нь зайлшгүй шаардлага байгаагүй, хүлээн авч болохгүй гэдгийг мэдсээр байж авч, хувьдаа ашигласан нь түүний дансны хуулга, өөрийнх нь Мэргэжлийн хариуцлагын хороонд гаргасан тайлбар зэргээр нотлогдоно. Өөрөөр хэлбэл, хохирлын мөнгө байсан бол хохирогчид шилжүүлэхээс бусад хувьдаа бараа бүтээгдэхүүн авч зарцуулахгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.” гэж заасан. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримт бүрийн талаар шүүх үнэлгээ өгсөн байх шаардлагатай. Энэхүү үнэлгээ нь тухайн нотлох баримтын хамаарал, ач холбогдол, зөвшөөрөгдсөн байдлаас шалтгаалан өөр өөр байх боловч үнэлэгдэхгүй орхигдох ямар ч нотлох баримт байх учиргүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларч буй аливаа нотлох баримтыг шүүх үнэлэх учиртай. Ямар ч нотлох баримтыг шүүх бусад нотлох баримтаас дээгүүр тавьж, илүү хүчин чадалтай гэж үзэж болохгүй. Нөгөө талаар зохигчдын гаргасан зарим нотлох баримтын талаар ямар нэгэн дүгнэлт өгөхгүй байх, нэг талын баримтыг нөгөө тал баримтаар үгүйсгэсэн байхад түүнийг нь үнэлэхгүй байх, эсрэг талаас үгүйсгэгдээгүй баримтыг шүүх өөрөө үгүйсгэх, баталсан, үгүйсгэсэн хоёр баримтыг хоёуланг нь биш харин аль нэгийг нь л үнэлэх зэргээр нотлох баримтыг тал бүрээс үнэлэх хуулийн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

Хоёр. Хууль буруу тайлбарлан хэрэглэсэн тухай: Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.8 дахь хэсэгт Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4 дэх хэсэгт заасныг дэлгэрүүлж “Төлбөр, мөнгө, эд хөрөнгө, үйлчилгээ авахыг хоригложээ.” Давж заалдах шатны шүүхээс Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.8-д заасныг зөвхөн төлбөр гэх агуулгаар хязгаарлаж, хаалтад байх агуулгыг орхигдуулж хэрэглэж буй нь талуудын гэрээний чөлөөт байдлын зарчим, гэрээг тайлбарлах онол, арга зүйд нийцэхгүй юм. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт “Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно”, 198 дугаар зүйлийн 198.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 198.1-198.5-д заасан журмаар гэрээний агуулгыг тодорхойлох боломжгүй бол гэрээний зорилгыг харгалзан талуудын нэгдмэл санааг тодруулах бөгөөд үүний тулд гэрээ байгуулахаас өмнө хийсэн хэлэлцээ, харилцан илгээсэн баримт бичиг, талуудын хооронд тогтсон практик, ажил хэргийн хүрээнд тогтсон заншил зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэж заасныг баримтлаагүй байна. Өөрөөр хэлбэл, 7 дугаар зүйлийн 7.2.8 дахь хэсэг нь аливаа хэлбэрийн мөнгө, эд хөрөнгө, үйлчилгээг хориглосон заалт болохыг харгалзан үзээгүй, улмаар Өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасантай уялдуулан үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүхийн 2025.08.01-ний өдрийн 210/МА2025/01305 тоот магадлалын хянавал хэсэгт “Ажил олгогч нь тушаалд дурдсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах хууль болон гэрээнд заасан ноцтой зөрчлийг нэхэмжлэгч гаргасан болохыг тогтоож чадаагүй байх тул уг тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасантай тус тус нийцэхгүй. Иймд ажилтныг урьд эрхэлж байсан улсын өмгөөлөгчийн ажилд эгүүлэн тогтооно” гэжээ. Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан улсын өмгөөлөгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчилтэй холбогдсон аливаа үйлдэл, эс үйлдэхүйг холбогдох байгууллагад мэдэгдэнэ” гэж заасан байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022.12.09-ний өдрийн “Журам батлах тухай” А/351 дүгээр тушаалаар батлагдсан “Хууль зүйн туслалцаа үзүүлэх журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэмд хамаарах асуудлыг байгууллагын ёс зүйн зөвлөл, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчилд хамаарах асуудлыг Монголын Хуульчдын Холбооны мэргэжлийн хариуцлагын хороо, улсын өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн зөрчилд хамаарах асуудлыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны мэргэжлийн хариуцлагын хороонд зохих журмын дагуу тус тус шилжүүлж, шийдвэрлүүлнэ” гэжээ. Өөрөөр хэлбэл, ёс зүйн зөрчил, мэргэжлийн ёс зүйн зөрчлийн харьяаллыг захиргааны хэм хэмжээний актаар тусгайлан зохицуулсан атал байгууллага дотооддоо тогтоох ёстой гэж үзсэн нь хуульд нийцэхгүй юм. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоол нь улсын өмгөөлөгч үйлчлүүлэгчээс мөнгө авчхаад хувьдаа ашигласан, зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулсан гэдгийг тогтоосон. Дээрх үйлдлийг нэхэмжлэгч Д.З хүлээн зөвшөөрч анхан шатны шүүх, Мэргэжлийн хариуцлагын хороонд маргаагүй болно. Гэтэл мөнгө авсан үйлдэл нь тогтоогдсон атал тус дүрмийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг агуулгын хувьд буруу тайлбарлан хэрэглэж буй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан хууль хэрэглээний зөрүүтэй байдлыг үүсгэж байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.09.05-ны өдрийн 210/МА2025/01499 тоот магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5.Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.11.27-ны өдрийн 001/ШХТ2025/01131 дүгээр тогтоолоор хариуцагчийн өмгөөлөгч Ц.М-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Хариуцагчийн өмгөөлөгч Ц.М-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

7.Нэхэмжлэгч Д.З нь хариуцагч “ХЗТТ” ТБАГУТҮГ-т холбогдуулан  ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн баталгаажуулалт хийлгэх, мөн 2024 оны сүүлийн хагас жилийн үр дүнгийн урамшуулал 3,995,100 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “ажлаас үндэслэлгүйгээр халагдсан” гэж тодорхойлж, “...улсын өмгөөлөгчөөр ажиллаж байгаад 2024.12.31-ний өдөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон ба шалтгаан нь миний үйлчлүүлэгчийн ээж 2024.05.07-ны өдөр гомдол гаргасныг ажил олгогч нь 8 сард Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд шилжүүлсэн. Энэ хороо намайг шалгаад 2024.10.22-ны өдөр сануулах арга хэмжээ авсан ба үндэслэл нь Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 14 дүгээр зүйлийн 14.1.8, 14.1.9, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.4 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзсэн ч би захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаагүй. Учир нь, үйлчлүүлэгчийнхээ надад хадгалуулахаар өгсөн хохирлын төлбөр гэх мөнгийг би хадгалсан. Гэхдээ тухайн үйлчлүүлэгч надад маш олон дарамт үзүүлдэг байсан тул өөр өмгөөлөгч хууль зүйн туслалцаа үзүүлж эхэлсэн. Шилжүүлсэн мөнгө нь надад байж л байсан. 10 хоногийн хугацаанд буцаагаад шилжүүлнэ гэдэг дүрмийг нарийвчилж хараагүй байсан, мэдсэн бол шилжүүлчих байсан. Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан улсын өмгөөлөгчийн хориглосон үйл ажиллагааг явуулсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Намайг ХЗТТ өөрсдөө шалгаагүй, Мэргэжлийн ёс зүйн хороогоор гаргуулсан дүгнэлтээр хориглосон үйл ажиллагааг явуулсан нь тогтоогдоогүй. Хурал болох үед нь мөнгийг нь гаргаад өгчихнө л гэсэн байр суурьтай байсан болохоор хариуцлагагүй хандсан байна гэж өөрийгөө дүгнэж байгаа” гэсэн тайлбар гаргасан.

Хариуцагч тал нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, маргахдаа “...Манайх төрөөс хууль зүйн туслалцаа үнэ төлбөргүй үзүүлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулдаг үндсэн чиг үүрэг бүхий төрийн байгууллага тул улсын өмгөөлөгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, төлбөрийн чадваргүй болон эмзэг бүлгийн иргэдэд өмгөөллийн үйлчилгээг үзүүлдэг. Хууль зүйн туслалцааны тухай хуулийн дагуу улсын өмгөөлөгч нь төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг эдлэхийн зэрэгцээ улсын өмгөөлөгчийн нийгмийн баталгаагаар давхар хангагдаж ажилладаг. Гэтэл улсын өмгөөлөгч үйлчлүүлэгчээс үйлчилгээний хөлс авсан гэсэн гомдол гарсан. Улсын өмгөөлөгчийн цалин хангамжийг нэмэгдүүлсэн, прокурорын цалинтай дүйцүүлсэн. Үүн дээр төрийн албан хаагчтай адил сар болгон ур чадварын урамшууллыг үндсэн цалингийн 20-30 хувиар нэмэгдүүлж олгодог. Мөн орон нутагт болон алслагдсан сум дүүрэгт ажиллаж байгаа улсын өмгөөлөгчид 5 жил тутамд 6-12 сарын цалингийн тусламж өгдөг. Мөн төрийн албан хаагчийн нэгэн адил хагас жил тутам үр дүнгийн урамшууллыг үндсэн цалингаас нь бодож 100 хувиар тооцож олгох зэрэг олон нэмэгдлүүдийг авдаг. 1 өмгөөлөгч ойролцоогоор сард 6-7 сая төгрөгийн цалинтай ажиллана. Ийм байхад энэ хүн үйлчлүүлэгчээс үйлчилгээний хөлс авч төрөөс зорилтот бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх үндсэн чиг үүрэг болон хуульд заасан шударга ёсны зарчмаас хазайж, төрийн байгууллагын нэр хүнд болон ХЗТТ-ийн үйл ажиллагаанд сөрөг үр дагавар гаргасан гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, улсын өмгөөлөгч Д.З-д үйл ажиллагааны зардал гээд 500,000 төгрөгийг өөрийнх нь дансанд шилжүүлсэн гэсэн гомдлыг зохих журмын дагуу Мэргэжлийн хариуцлагын хороонд хүргүүлснийг шалгаад Д.З-д сануулах арга хэмжээ хүлээлгэсэн шийдвэр гаргасны дагуу сонсох ажиллагаа хийж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хууль зүйн туслалцааны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн” гэсэн агуулгатай тайлбар гаргасан байна.

8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... Д.З нь ХЗТТ-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан ба иргэн Б.Б-ын гомдлын дагуу Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024.10.22-ны өдрийн МТ/2024/35 дугаар тогтоолоор өмгөөлөгч Д.З-г Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 14.1 зүйлийн 14.1.8, 14.1.9 дэх заалт, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож, Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1-д зааснаар сануулах хариуцлага хүлээлгэж, шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна. Энэхүү тогтоолоор өмгөөлөгч Д.З нь 2023.05.15-ны өдөр үйлчүүлэгч Б.О-тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан өмгөөлөгчөөр нь ажилласан бөгөөд түүний ээж Б.Б-аас 500,000 төгрөгийг шилжүүлэн авсан нь Д.З-гийн Хаан банкны ...дугаартай депозит дансны хуулгаар тогтоогдсон. ХЗТТ-тэй Д.З-гийн 2023.01.03-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.2.8-д “Үйлчлүүлэгчээс төлбөр (мөнгө, тодорхой эд зүйл эсхүл өмгөөллийн үйлчилгээ үзүүлсний хариуд ямар нэг үйлчилгээ авах) авсан нь тогтоогдсон тохиолдолд ноцтой зөрчилд тооцно” гэж заасан ба хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан Дархан-Уул аймаг дахь салбарын улсын өмгөөлөгч Д.З-г үүрэгт ажлаас чөлөөлсөн ХЗТТ-ийн захирлын тушаал нь хуульд нийцэж байна” гэж дүгнэсэн.

9.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.

Магадлалд “...ажилтны гаргасан зөрчил тогтоогдсон байхыг шаардах бөгөөд үүнийг ажил олгогч нотлох үүрэгтэй. Хариуцагч байгууллага нь ажилтныг сахилгын зөрчил гаргасан эсэхийг тогтоох ажиллагааг хийгээгүй байх ба ажилтанд холбогдуулан гаргасан иргэн Б.Б-ын гомдлыг шалгуулахаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд шилжүүлж, 2024.10.22-ны өдрийн тогтоолоор Д.З нь иргэн Б.Б-ын 2023.06.30-нд шилжүүлсэн 500,000 төгрөгийг үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулсан, хохирлын төлбөрт шилжүүлсэн мөнгийг тусгай дансанд байршуулаагүй, өмгөөлөгчийн зүгээс хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнээс татгалзсанаас хойш хуулийн хугацаанд хохирлын төлбөрийг хохирогч талд шилжүүлэн өгөөгүй нь өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэж, сануулах ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн буюу нэхэмжлэгчийг үйлчлүүлэгчийн мөнгөн хөрөнгийг хадгалах, буцаан өгөх талаарх журмыг зөрчсөн гэж үзжээ. Иймээс иргэн Б.Б-ын шилжүүлсэн 500,000 төгрөгийг нэхэмжлэгч нь үйлчилгээ үзүүлсний төлөө өмгөөллийн хөлс, бусад төлбөр хэлбэрээр авсан нь тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг улсын өмгөөлөгчид хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж хууль болон гэрээнд заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчжээ. Ажил олгогч нь тушаалд дурдсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах хууль болон гэрээнд заасан ноцтой зөрчлийг нэхэмжлэгч гаргасан болохыг тогтоож чадаагүй байх тул ажилтныг урьд эрхэлж байсан улсын өмгөөлөгчийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 25,246,395 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгана. Нэхэмжлэгч нь ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас “үр дүнгийн урамшуулалд 3,995,100 төгрөг гаргуулах” хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхино” гэжээ.

10.Анхан болон давж заалдах шатны шүүх ажил олгогч, ажилтны хооронд үүссэн хөдөлмөрлөх эрхийн ганцаарчилсан маргааныг хянан шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад хууль хэрэглээний зөрүүтэй дүгнэлт хийж, өөр шийдэл гаргасан ба хариуцагч талын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.

11.Хэргээс үзэхэд нэхэмжлэгч буюу улсын өмгөөлөгч Д.З-гийн талаар иргэн Б.Б-ын гаргасан гомдлын дагуу МӨХ-ны мэргэжлийн хариуцлагын хороо 2024.10.22-ны өдөр хуралдаж, МТ/2024/35 дугаар тогтоолоор Д.З-г Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 14.1 дүгээр зүйлийн 14.1.8, 14.1.9 дэх заалт, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож, Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1-д зааснаар сануулах хариуцлага хүлээлгэж, шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна. Энэхүү тогтоолын агуулгаас үзэхэд Д.З нь 2023.05.15-ны өдөр үйлчүүлэгч Б.О-тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан өмгөөлөгчөөр нь ажилласан бөгөөд Б.О-ын ээж Б.Б-аас 500,000 төгрөгийг шилжүүлэн авсан нь түүний банкны дансны хуулгаар тогтоогдсон байна.

12.Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025.01.20-ны өдрийн 22 тоот хурлын тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх журмаар эрх бүхий байгууллагад гаргаж шийдвэрлүүлжээ.

13.Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-т “улсын өмгөөлөгч үйлчлүүлэгчээс үйлчилгээ үзүүлсний төлөө өмгөөллийн хөлс, бусад төлбөр шаардах, авахыг хориглоно”, 27 дугаар зүйлийн 27.3-т “Энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан улсын өмгөөлөгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчилтэй холбогдсон аливаа үйлдэл, эс үйлдэхүйг холбогдох байгууллагад мэдэгдэнэ” гэж зохицуулсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах”-аар зохицуулсан.

ХЗТТ-ийн захирал болон Д.З нарын хооронд 2023.01.03-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 7.2.8-д “Үйлчлүүлэгчээс төлбөр (мөнгө, тодорхой эд зүйл эсхүл өмгөөллийн үйлчилгээ үзүүлсний хариуд ямар нэг үйлчилгээ авах) авсан нь тогтоогдсон тохиолдолд ноцтой зөрчилд тооцно” гэж талууд тохиролцжээ.

14.Нэхэмжлэгч Д.З нь ХЗТТ-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад тус төвийн захирлын 2024.12.19-ний өдрийн Б/107 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн ба тушаалд Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.5, 18 дугаар зүйлийн 18.1.4, 27 дугаар зүйлийн 27.3, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Д.З-тай байгуулсан 2023.01.03-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 7.2.8, МӨХ-ны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024.10.22-ны өдрийн МТ/2024/35 дугаар тогтоол, 2024.12.16-ны өдрийн Сонсох ажиллагааны мэдэгдлийг тус тус үндэслэсэн гэжээ.

15.Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн хүний хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах, төрөөс хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх зорилгоор Хууль зүйн туслалцааны тухай хууль 2022.07.01-ний өдөр батлагдаж, 2022.10.01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн ба энэ хуулиар улсын өмгөөлөгчийн эрх зүйн байдал, түүний цалин хөлс, нийгмийн баталгаа, эрх үүрэг, хориглох үйл ажиллагааг тусгайлан зохицуулсан байна.

Тухайлбал, улсын өмгөөлөгч нь хууль зүйн туслалцаа үзүүлэх үндсэн үүрэгтэй, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй, хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан албан хаагч байх бөгөөд гол онцлог нь үйлчлүүлэгчид хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх үүрэгтэй юм. Харин үйлчлүүлэгчээс үйлчилгээ үзүүлсний төлөө өмгөөллийн хөлс, бусад төлбөр шаардах, авахыг энэ хуулиар хориглосон байна. Улмаар, улсын өмгөөлөгч нь Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан баталгаанаас гадна өмгөөлөгчийн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангагдах, жил бүр эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд төрийн зардлаар хамрагдах, аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа улсын өмгөөлөгчид таван жил тутамд 12 сарын, аймгийн төв, алслагдсан дүүрэгт тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа улсын өмгөөлөгчид таван жил тутамд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулсны төлөө хариуцлага хүлээхгүй байх, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Өмгөөллийн тухай хуульд заасан гишүүний татвар, өмгөөлөгчийн хариуцлагын даатгалын хураамж, хуульчийн үргэлжилсэн сургалтын төлбөрөөс улсын өмгөөлөгчөөр ажиллах хугацаанд чөлөөлөгдөх ба энэ зардлыг төр хариуцах, ажиллаж байх хугацаандаа хуульчийн үргэлжилсэн сургалтад үнэ төлбөргүй хамрагдана, гурван жил тасралтгүй ажилласан албан хаагчийг цэргийн албыг дүйцүүлэн хаасанд тооцох зэрэг нэмэлт баталгаагаар хангагджээ.

16.Хууль зүйн туслалцааны тухай хуулийн нарийвчилсан зохицуулалтын зорилго, агуулга, зохигчийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 7.2.8 дахь заалт зэргээс үзэхэд улсын өмгөөлөгч Д.З нь үйлчлүүлэгчээс ямар нэгэн хөлс авах, шаардах эрхгүй байх бөгөөд хэрэгт авагдсан банкны дансны хуулга, МӨХ-ны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024.10.22-ны өдрийн МТ/2024/35 дугаар тогтоол зэрэг баримтаар үйлчлүүлэгч Б.О-ын ээжээс өөрийн хувийн харилцах дансанд 500,000 төгрөг авсан нь тогтоогдсон ба нэхэмжлэгчийн “...үйлчлүүлэгчийн “хохирлын мөнгө” гэж өгснийг хадгалсан ч зохих журмаар буцаагаагүй” гэх тайлбарыг хуульд нийцсэн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, дээрх хуульд улсын өмгөөлөгч үйлчлүүлэгчээс хохирлын мөнгийг урьдчилан авч, хадгалах эрх зүйн зохицуулалт байхгүй буюу нэхэмжлэгч нь төрийн албан хаагчийн эрх зүйн статустай субъектийн хувьд хуулиар зөвшөөрөөгүй үйлдэл хийх нь ноцтой зөрчилд тооцогдоно. Улмаар уг мөнгийг ХЗТТ-ийн дансанд бус өөрийн хувийн харилцах дансанд авсныг буруутай гэж дүгнэх тул нэхэмжлэгч Д.З-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

17.Давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тогтоосон боловч нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, маргааны үйл баримтад хэрэглэх ёстой хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх “...ажилтны гаргасан зөрчлийг ажил олгогч нотлоогүй буюу иргэн Б.Б-аас шилжүүлсэн 500,000 төгрөгийг нэхэмжлэгч нь үйлчилгээ үзүүлсний төлөө өмгөөллийн хөлс, бусад төлбөр хэлбэрээр авсан нь тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг дээр дурдсан улсын өмгөөлөгчид хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж, хууль болон гэрээнд заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн” гэж анхан шатны шүүхийг буруутгасан нь Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4, 27 дугаар зүйлийн 27.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т нийцсэнгүй.

Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ц.М-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн    176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 210/МА2025/01499 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/05289 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ц.М-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч “ХЗТТ” ТБАГУТҮГ-ын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.10.03-ны өдөр төлсөн 284,182 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Н.БАЯРМАА

             ШҮҮГЧИД                                                           Н.БАТЗОРИГ

                                                                                         Э.ЗОЛЗАЯА

                                                                                         Б.УНДРАХ

                                                                                        Д.ЦОЛМОН