Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2017/0141

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.Б, З.З

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “...Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/488 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, цагдаагийн офицер цолыг сэргээлгэж, эрхэлсэн ажилдаа эгүүлэн томилуулах, цалингийн зөрүү, цагдаагийн цолны нэмэгдлийн зөрүүг тус тус нөхөн олгуулахыг даалгах

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О , гэрч Б.С , Ш.Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Б, З.З нар шүүхэд гаргасан нэхэмжлэл түүний хууль зүйн үндэслэлээ:

“...Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн цагдаа цагдаагийн ахлах ахлагч М.Б нь цагдаагийн байгууллагад 16 дах жилдээ ажиллаж байна. Ажиллаж байх хугацаандаа төрийн албаны \нэр хүндийг өндөрт өргөж албандаа чин шударгаар ажиллаж ирсэн.

 Миний бие Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн ахлах төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Асемийн уулзалт зохион байгуулах ажлын хүрээнд явагдсан цагдаагийн хамгаалалтанд албан ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэж удирдлагатай маргаан үүсгэсэн нэрийдлээр 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Цагдаагийн Ерөнхий газрын даргын Б/488 тушаалаар цагдаагийн ахмад цолыг хур'ааж цагдаагийн ахлах ахлагч, мөн эрүүгийн ахлах төлөөлөгч албан тушаалыг бууруулж хэв журмын цагдаа болгосон болно. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэв журмын эргүүлийн цагдаагийн жолооч З.З миний бие цагдаагийн байгууллагад 8 дах жилдээ ажиллаж байгаа бөгөөд цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/488 дугаар тушаалыг гархаас өмнө Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хзлтэст эрүүгийг төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд дээрх даргын тушаалаар эрүүгийн төлөөлөгч албан тушаалыг цагдаа болгож цагдаагийн ахлах дэслэгч цолыг хурааж-дагдаагийн ахлагч болгосон болно.

Бид сахипгын ямар нэгэн зөрчил тутагдал гаргаж байгаагүй бөгөөд согтууруулах ундаа хэрэглэснийг захиргааны байгууллагаас албан ёсоор тогтоогоогүй зөвхөн удирлагын хувийн зан байдлын улмаас согтууруулах ундаа хэрэглэсэн гэж тооцож сахилгын шийтгэлийн эрх зүйн байдлыг хэтрүүлэн дордуулан авсанд гомдолтой байна. Учир нь сахилгын зөрчлийг гаргасан цагдаагийн офицер албан хаагчийг албаны шалгалтаар зөрчлийг хянан тогтоож, Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын зөвлөл, эрүүгийн цагдаагийн газрын даргын зөвлөлөөр тус тус гаргасан зөрчлийг хянан хэлэлцэж Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэх ёстой атал түүнийг бидэнд танилцуулаагүй 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр шууд хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар асуудлыг хянан хэлэлцсэн байдлыг авч үзэн хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан билээ. Хэлтсийн даргын зөвлөлөөс гарсан шийдвэрээс 2 сар орчим буюу 51 хоногийн дараа сахилгын шийтгэлийг ногдуулсан байдал нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэлийг илрүүлснээс хойш 1 сар зөрчил гаргаснаас 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэх хуулийн заалт, 26 дугаар зүйлийн 26.5 дах хэсэгт заасан нэг төрлийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулж болохгүй гэх заалтыг тус тус ноцтойгоор зөрчиж байна.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчим болоод захиргааны шийдвэр гаргахад оролцогчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг тусгасан сонсох ажиллагаа явуулаагүй зэрэг нь тухайн актыг илт хууль бус болохыг харуулж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардалагыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтад заасны дагуу хангаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч  Цагдаагийн  ерөнхий  газрын  Дэд   дарга   нэхэмжлэлийн   хариу

 

тайлбар, хууль зүйн үндэслэлдээ:

“...Нэхэмжлэгч М.Б, З.З нарын Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

Цагдаагийн албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6-д “цагдаагийн төв байгууллагын дарга өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, цуцлах шийдвэр гаргах” бүрэн эрхийг эдлэхээр заасан бөгөөд “Цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрмийг хэрэгжүүлэх /код 101/ журам”-ын 101.5.1-д “өндөржүүлсэн бэлэн байдал”- эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлаас шалтгаалан хүн хүч, техник хэрэгслийг ажлын тусгай графикт оруулан, ажил, албаны зохион байгуулалтын горимыг өөрчлөн тухайн нөхцөл байдалд тусгайлан өгөгдсөн үүрэг, шийдвэр, тушаалыг биелүүлж ажиллах чадвартай байхыг.” гэж заасан.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/366 дугаар тушаалаар Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадам болон Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт /АСЕМ/-ын үед иргэд олон нийт, гадаадын зочин төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор төв, орон нутгийн цагдаагийн алба хаагчдыг 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэглэлд шилжүүлж, алба хаагчдын сахилга ёс зүй, ажлын хариуцлага, сонор сэрэмжийг дээшлүүлэх үүргийг харъяа нэгжүүдийн дарга нарт үүрэг болгосон.

Мөн тушаалын дагуу Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/53, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/18 дугаар тушаал гарч, цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэглэлд шилжин ажиллуулсан байдаг.

Тухайн үед нэхэмжлэгч М.Б З.З нар нь Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн ахлах төлөөлөгч, эрүүгийн төлөөлөгчөөр тус тус ажиллаж байсан.

2016 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүн Ази, Европын дээд хэмжээний 11 дүгээр уулзалт болон зочин төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах хамгаалалтын төлөвлөгөө, зураглалын дагуу  өндөржүүлсэн  бэлэн  байдалд  Хан-Уул  дүүргийн  Яармаг  орчмын  газар  нутагт хамгаалалт авч, мөн хорооны нутагт цагдаагийн түр хүрээ байгуулж  хамгаалалтад

 

ажилласан.

2016 оны 07 дугаар сарын 15-ны  өдрийн 18 цаг 00 минутын орчим хамгаалалтад ажилласан эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид цагдаагийн түр хүрээ байрласан хащаанд орж ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байгааг харсан хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ш.Ц  тус тасгийг ахалж удирдан зохион байгуулж байсан эрүүгийн ахлах төлөөлөгч М.Баттулгыг дуудан согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг асуугаад, тасгийн алба хаагчдыг дуудаж цуглуулах үүрэг өгсөн байна.

Тасгийн алба хаагчид түр хүрээ байрлаж байсан хашаанд цуглах үед М.Б, З.З нарын алба хаагчид согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуу байгаа нь илт мэдэгдэж байсан тул хаана согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг асууж, цагдаагийн хэлтсээс согтуурлын зэрэг шалгах багаж авчруулж алба хаагч нарыг шалгуулах хооронд М.Б, З.З нар бусад алба хаагчдыг уриалан түр хүрээнээс зугтаж явсан.

Хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ш.Ц  тасгийн дарга нарт хандаж эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчдыг цуглуулах үүрэг өгсөний дагуу эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагч нар луу утсаар ярихад алба хаагчид бүгд гар утсаа тэжээлээс салгасан байсан.

Тухайн өдрийн шөнө дээрх апба хаагчид хариуцсан хамгаалалтын цэг, байрлалдаа байгаагүй бөгөөд маргааш өглөө буюу 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн өглөө 10.30 цагт ирсэн байна.

Цагдаагийн хурандаа Ш.Цөндөржүүлсэн бэлэн байдал зарлаж хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа хэрэглэж, мөн хамгаалалтыг хаяж явсан асуудалд эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагч нарт албаны шалгалт явуулах үүргийг Төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн даргад өгч, албаны шалгалтыг явуулсан.

Албаны шалгалтын үед зөрчил гаргасан алба хаагчид гаргасан зөрчлөө үнэн зөвөөр мэдүүлээгүй боловч нэхэмжлэгч нар хамгаалалтын үүрэг гүйцэтгэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуурлын зэрэг шалгуулахаас зайлсхийж бусдыг уриалан хамгаалалт хаяж явж, маргааш өдрийн 10 цаг 30 минут хүртэл хариуцсан хамгаалалтын цэг байрлал дээрээ байгаагүй нь тогтоогдсон.

Албаны  шалгалтын  дүнг  Сонгинохайрхан  дүүрэг  дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргын зөвлөлөөр хэлэлцээд М.Б, З.З нарт Төрийн албаны тухай  хуулийн  26  дугаар  зүйлийн  26.1.3-т  заасан сахилгын  шийтгэл   ногдуулах  саналыг   албаны   шалгалтын   материалын   хамт   Эрүүгийн

 цагдаагийн  газарт хүргүүлжээ. Эрүүгийн цагдаагийн газраас албаны шалгалтын материалтай танилцаж 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргад албаны шалгалт явуулсан танилцуулга, саналыг хамт ирүүлсэн.

Нэхэмжлэгч М.Б, З.З нар 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргад хандаж өндөржүүлсэн бэлэн байдлын үед хамгаалалтад ажиллаж байхдаа архи согтууруулах ундаа хэрэглэж, ажил хаяж явснаа хүлээн зөвшөөрч, алдаа дутагдлаа ухамсарлан ойлгож цаашид дахин зөрчил дутагдал гаргахгүй, цагдаагийн байгууллагад ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, албанаас халах сахилгын шийтгэлээс өөр сахилгын шийтгэл ногдуулж өгөх талаар хүсэлт гаргасныг харгалзан үзэж нэхэмжлэгч нарт Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/488 дугаар тущаалазр албан тушаалаас нь чөлөөлж, цагдаагийн ахмад, цагдаагийн ахлах дэслэгч цолыг тус тус хурааж, цагдаагийн ахлах ахлагч, цагдаагийн  ахлагч  цол  тус  тус  олгон  Улаанбаатар  хотын  цагдаагийн  газрын  мэдэлд шилжүүлсэн.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно: гээд “23.1.1 албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн;” гэж заасан бөгөөд “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 7-д “Хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “...хангалтгүй биелүүлсэн...” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно.” гэж заасан.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар М.Б, З.З нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нар тус шүүхэд хандаж “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Б/488 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, цагдаагийн офицер цолыг сэргээлгэх, эрхэлсэн ажилдаа эгүүлэн томилуулах, цалингийн зөрүү, цагдаагийн цолны нэмэгдлийн зөрүүг тус тус нөхөн олгуулахыг даалгуулах” шаардлага  гаргасан,  хариуцагч  уг  шаардлагыг

бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Б/488 дугаар бүхий “Албан тушаал бууруулах, сахилгын шийтгэл ногдуулах, цагдаагийн цол хураах тухай” тушаалаар Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад М. Бүтээгдэхүүн , мөн хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Загдсүрэнгийн Зундуй нарыг өндөржүүлсэн бэлэн байдлын үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, албаны бэлэн байдал хангаж ажиллаагүй, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.5-д заасныг зөрчиж албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр албан тушаалаас нь энэ оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 9 дүгээр сарын 09-ний өдрөөс албан тушаал бууруулан М.Б г цагдаагаар ажиллуулахаар “цагдаагийн ахмад” цолыг хурааж, “цагдаагийн ахлах ахлагч” цол олгон, З.Зг мөн албан тушаал бууруулан цагдаагаар ажиллуулахаар “цагдаагийн ахлах дэслэгч” цолыг хурааж “цагдаагийн ахлагч” цол олгон тус тус Улаанбаатар хотын цагдаагийн газрын мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч уг тушаалыг эс зөвшөөрч буй үндэслэлээ “согтууруулах ундаа хэрэглэснийг шалгаж тогтоогоогүй...Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэх ёстой атал...2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхдээ эрхзүйн байдлыг дордуулсан...сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн...илт хууль бус захиргааны акт” гэж, хариуцагч “...шалгалтаар зөрчлийг бүрэн тогтоосон...өөрсдөө хүсэлт гаргасан тул ажлаас халахгүйгээр албан тушаал бууруулсан...” гэж тайлбарлан мэтгэлцэв. Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн төлөвлөлт зохион байгуулалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Я.Н  явуулсан албаны шалгалтын материал,  илтгэх хуудас, тус хэлтсийн даргын зөвлөлийн хурлын 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 14 дүгээр тэмдэглэлээс үзвэл тус хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Б, цагдаагийн ахлах дэслэгч З.З нар нь өндөржүүлсэн бэлэн байдал АСЕМ-ийн хамгаалалтын үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хариуцуулсан цэг  байршлыг  орхиж  явсан,  бусад  алба

 хаагчдаа хууль бус үйлдэл эс   үйлдэхүй  хийхийг  уриалах,  чиглүүлэх,  шууд  бус  хэлбэрээр  өдөөн  хатгасан үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн 13.1.5 /төрийн албаны болон төрийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж төрийн байгууллага, алба хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх/ 13.1.11 /хууль тогтоомжид заасан бусад үүрэг/ дүгээр заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн 26.1.3 дах хэсэгт зааснаар “Төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” санал оруулсныг тус зөвлөлийн хурлаар хэлэлцээд М.Б, З.З нарыг Цагдаагийн албанаас дутагдлаар халах саналыг холбогдох материалын хамт Эрүүгийн цагдаагийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэжээ. 

Үүний дагуу Эрүүгийн цагдаагийн газрын дарга Б.Б 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Цагдаагийн Ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Ч танилцуулга хүргүүлж түүндээ М.Б, З.З нарт “үндсэн байгууллагаас ирүүлсэн саналын дагуу төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулах” саналыг уламжилсан, 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр М.Б, З.З нараас Цагдаагийн ерөнхий газрын даргад хандаж “...архи согтууруулах ундаа хэрэглэсэн...зөрчил гаргасан, цаашид цагдаагийн байгууллагад үлдээж өгнө үү” гэж хүсэлт гаргаж байсан үйл баримтууд тогтоогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг тодорхойлсон бөгөөд 13.1.1-д “Монгол улсын Үндсэн хууль бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх”, 13.1.5-д “төрийн албаны болон төрийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж төрийн байгууллага, алба хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” , мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д “албан тушаал /ажлын байр/-ны тодорхойлолтонд заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар албан тушаал бууруулж болно гэж тус тус заажээ.

Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 869 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-д зааснаас үзвэл “сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарыг тоолохдоо шийдвэр гаргах эрх бүхий цагдаагийн байгууллагын дарга олж мэдсэн үеэс  эхэлж тоолох...,алба  хаагч  зөрчил  гаргасан  тохиолдолд...даргын  дэргэдэх

зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх...,Төрийн  албаны  тухай  хуулийн

 26.1.3-д заасан сахилгын шийтгэлийг зөвхөн цагдаагийн төв байгууллагын дарга нь ногдуулах...зөвлөлийн хуралдааны шийдвэрийг байгууллагын дарга сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гаргаж хэрэгжүүлэхээр, дүрмийн 12.9-д “албан үүргээ гүйцэтгэх явцдаа, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед...согтууруулах ундаа хэрэглэсэн алба хаагчид сануулах эсхүл албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах шийтгэл ногдуулах, уг зөрчлийг давтан гаргасан, хор хохирол учруулсан бол тухайн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах”  журамтай байна.

Гэтэл хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга нэхэмжлэгч нарын гаргасан гэх зөрчлийг шалгах ажиллагааг явуулж ирүүлсэн “төрийн албанаас халах” тухай саналыг өөрчлөн нэхэмжлэгч нарын албан тушаалыг бууруулахаар шийдвэрлэхдээ даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлээгүйн дээр “Албан тушаал бууруулах, сахилгын шийтгэл ногдуулах, цагдаагийн цол хураах тухай” Б/488 дугаар тушаалаар “сахилгын шийтгэл ногдуулаагүй, нэхэмжлэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь маргаж буй захиргааны актын агуулгаас үзвэл нэхэмжлэгч нарыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, албаны бэлэн байдлыг хангаж ажиллаагүй гэж буруутгасан, энэ нь тус албаны дүрэмд зааснаар цагдаагийн алба хаагчийн ёс зүйн зөрчилд хамаарч байх ба уг зөрчлийг гаргасан тохиолдолд эхний удаад сануулах эсхүл албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах шийтгэл ногдуулах, уг зөрчлийг давтан гаргасан тохиолдолд халах сахилгын шийтгэл ногдуулахаар байна.

Ингэснээр хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан “сонсох ажиллагаа”-г журмын дагуу явуулаагүй, нэхэмжлэгч нарыг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй нь үндэслэлгүй байх ба хариуцагч захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх” зарчмыг хангаагүй байна.

 Иймд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Б/488 дугаар бүхий “Албан тушаал бууруулах, сахилгын шийтгэл ногдуулах, цагдаагийн цол хураах тухай” тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” илт хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэв. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8 дахь хэсэгт “төрийн жинхэнэ  албан  хаагч  сахилгын  шийтгэл

Ногдуулсан  тухай  шийдвэрийг  үндэслэлгүй  гэж  үзвэл  энэ  тухай  гомдлоо...дээд

шатны байгууллага, эсхүл шүүхэд гаргаж болно” заасан, уг сонгох боломжийг үндэслэн нэхэмжлэл гаргасныг шүүх урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 –д зааснаар илт хууль бус захиргааны актын тухайд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Б, З.З нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Б/488 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарын цагдаагийн цолыг сэргээж, ажилд нь эгүүлэн томилох, цалингийн зөрүү, цагдаагийн цолны нэмэгдлийн зөрүүг тус тус нөхөн олгохыг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.Д