Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/194

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Б.Байгаль,

Нарийн бичгийн дарга: Б.Ариунболд,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 24140000000239 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овгийн *******ын ******* /РД:*******/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын сүүл үед *******ын эзэмшлийн гээсэн гээгдэл хөрөнгө болох Ред ми ноте 11 Про 5 жи (Red mi note 11 Pro 5G) загварын гар утсыг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 48 дугаар байрны хажуугийн тээврийн хэрэгслийн зогсоолоос олж, бусдын эзэмшил, өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж, уг гар утасны нууцлалыг гаргуулж, өөрийн эзэмшлийн Мобиком Корпорац ХХК-ийн 85119300 дугаарын сим картыг хийж, завшсаны улмаас хохирогч *******од бага хэмжээнээс хохирлоос дээш буюу 560,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Надад эрх, үүрэгтэй холбогдуулан асууж тодруулах зүйл байхгүй байна. Би Монгол улсын Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би Говь-Алтай аймгийн Анагаахын шинжлэх ухааны их сургуулийг 2014 онд эм найруулагч мэргэжлээр төгссөн. Би өмнө нь гэрчийн мэдүүлгээр болсон зүйлийг үнэн зөвөөр бүгдийг нь хэлсэн байгаа тул энэ удаа мэдүүлэг өгөхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:  Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би гар утсаа гээсэн учир цагдаагийн байгууллагад хандаж байна. Юу болсон бэ гэхээр би 2024 оны 05 дугаар сарын 20-дын үеэр Баянхонгор сумын 9 дүгээр багийн 5 дугаар гудамжны 17 тоот хаалгатай миний төрсөн дүү болох Дэмбэрэлтогоогийн хашаанд машин янзалж байгаад 21 цагийн үед эхнэр лүүгээ залгаад хүрч ирээд авчих гэж хэлээд гар утсаа цамцныхаа халаасанд хийсэн. Тэгтэл удалгүй манай эхнэр хүрээд ирэхээр нь машиндаа суугаад, тухайн гудамжинд байдаг худган дээр очоод ус авчихаад гэр лүүгээ ирсэн. Ирээд гар утсаа халааснаасаа авах гэсэн боловч гар утас байхгүй байсан. Тэгээд буцаад явсан замаараа явж үзэхэд миний гар утас олдоогүй. Миний бодлоор дүүгийнхээ хашааны гадна машиндаа суухдаа эсвэл худган дээр ус аваад явахдаа гар утсаа гээсэн байх гэж бодож байна. ...гэх мэдүүлэг / хх-ийн 22/,

.... Би гар утсаа хүлээн авч, ажиллагаа, эвдрэл гэмтэл үүссэн эсэхийг шалгасан, хэвийн байна. Одоо надад цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

....Манай гэр Дөвөнтийн-48 дугаар байрны урд талд нь байрлах ногоон алаг өнгөтэй 74 дүгээр байранд байдаг болохоор байрныхаа гадаа машинаас буухдаа унагасан байж магадгүй. Миний машин тавсан газраас Дөвөнтийн-48 дугаар байрны зүүн талын засмал замын зогсоол хүртэл 20 орчим метр байдаг. Гэхдээ тэнд гар утсаа гээгээгүй гэж бодож байна....гэх мэдүүлэг /хх-ийн 24/,

....Тухайн Ред ми ноте 11 про 5 жи / Redmi note 11 pro 5 g / загварын гар утсыг манай эхнэр 2024 оны 04 дүгээр сард надад шинээр нь худалдан авч өгсөн юм. Би мөн өмнө нь өөрийн барьж байсан гар утсыг хаячихаад түүний оронд нь эхнэр надад авч өгсөн юм. Эхнэр аймгийн төвөөс худалдан авч өгсөн байх, би тухайн үед нь хамт явж аваагүй юм. Гар утасны баталгааны хуудас, гэрээ бол байхгүй, гар утасны хайрцаг нь байсан ба хайрцаг дээрээс эмей кодоор нь би цагдаад хандсан юм. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Цаашид гаргах ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

4. Баянхонгор аймгийн үнэлгээний “Энх-Нахиа” ХХК-ийн  2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 117 дугаартай шинжээчийн: 1. Redmi note 11 pro 5g маркийн гар утас 560.000 төгрөг, Эд зүйлийн нийт үнэ цэнэ 2024 оны 05 дугаар сарын 20-ны байдлаар 560.000 /Таван зуун  жаран мянга / төгрөг болохыг тодорхойлов.....гэх дүгнэлт / хх-ийн 33-34 / болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл / хх-ийн 08/,  Мобиком ХХК, Юнител ХХК-ийн албан бичиг /хх-ийн 13-15 /, шүүгдэгч *******гийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/, эд зүйл баримт бичиг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 16-17/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын сүүл үед хохирогч *******ын эзэмшлийн гээсэн гээгдэл хөрөнгө болох Ред ми ноте 11 Про 5 жи (Red mi note 11 Pro 5G) загварын гар утсыг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 48 дугаар байрны хажуугийн тээврийн хэрэгслийн зогсоолоос олж, бусдын эзэмшил, өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж, уг гар утасны нууцлалыг гаргуулж, өөрийн эзэмшлийн Мобиком Корпораци ХХК-ийн 85119300 дугаарын сим картыг хийж, завшсаны улмаас хохирогч *******од бага хэмжээнээс хохирлоос дээш буюу 560,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон  байна.

Энэ үйл баримт нь хохирогч *******ын мэдүүлэг үнэлгээний шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь бусдын гээсэн гар утсыг олсон бөгөөд уг гар утас бусдын өмч гэдгийг мэдсээр байж зохих хуулийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлэлгүй шунахай сэдэлтээр уг гар утсыг өөрийн өмчлөл, эзэмшилд авч ашигласан байгаа нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж  дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******г гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь гар утсаа буцаан авсан нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн  байгаа зэргийг харгалзан түүнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулж, уг оногдуулсан эрүүгийн хариуцлагаас шийдвэрлэв.

Учир нь шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас хохирогчид гар утсыг буцаан өгсөн бөгөөд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэсэн учир түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн *******ын *******г гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ын *******г зургаан зуун  / 600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун  мянган / 600.000/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан зургаан зуун  / 600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун  мянган / 600.000 / төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.БАТЦЭНГЭЛ