Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/985

 

 

 

 

 

    2024        09          13                                  2024/ШЦТ/985

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Д.Энхбаяр,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чаминчулуун,

шүүгдэгч Б.И нарыг оролцуулан тус шүүхийн Ж танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Бын Иийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Иийг хххх цагийн орчимд тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож байхдаа эгнээ байр эзлэх явцад хохирогч Э.Этай Баянзүрх дүүргийн хххх хороо Зүүн хүрээ хотхоны хажуу талын туслах зам дээр маргаан үүсгэж, хохирогч Э.Эын эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж гараараа нүүр хэсэгт цохиж, хоолойг нь боох зэргээр зодон хохирогчид тархи доргилт, духны зүсэгдсэн шарх, баруун нүдний дээд зовхи, хамар, хүзүүнд зулгаралт, цээж, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлджээ.

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад:

шүүгдэгч Б.И нь хххх-ны өдрийн ххххх орчимд хохирогч Э.Эын эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж гараараа нүүр хэсэгт цохиж, хоолойг нь боох зэргээр зодон хохирогчид тархи доргилт, духны зүсэгдсэн шарх, баруун нүдний дээд зовхи, хамар, хүзүүнд зулгаралт, цээж, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Эрүүгийн хэрэг нээж яллагдагчаар татах тухай 2406000001162 дугаар прокурорын тогтоол /хх-ийн 01-03/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/,

Шуурхай удирдлагын тасаг, Дуудлагын лавлагааны хуудас /хх-н 07/,  

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчийн үзлэгийн хуудас /хх-н 87-89/,

Хохирлын баримтууд, холбогдох бусад баримтууд /хх-ийн 90-100/,

Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх-ийн 104/,

 

Хохирогч Э.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

ххххх-ны өдрийн 16 цагийн орчим Баянзүрх дүүрэг хххх хороо хххх хотхоны туслах замаас гарах гэж байхад цагаан өнгийн ххххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон үл таних эрэгтэй эмэгтэй хоёр урсгал сөрж орж ирээд машин таглаж тавиад намайг ухраад гар гэж маргаан үүсэгсэн. Би тухайн хүнд хэлэхдээ нэг урсгалтай зам чи дүрэм зөрчөөд байна гэж хэлсэн. Тэгсэн чинь би дүрэм зөрчдийн гээд маргаан улам даймжирсан. Тэгээд би эхнэртээ машинаа өгөх гээд машинаас буугаад цүнхээ үүрээд явсан. Манай эхнэр офицер руу өөр ажилтай байсан учраас машин авч явах гэж байсан. Тэгсэн тухайн машины жолооч хэл амаар доромжилж манай эхнэрт зам тавьж өгөхгүй байсан. Тэгэхээр нь би буцаж очоод дүрэм зөрчөөд байна гэж хэлсэн. Тэгсэн чинь өөрийнхөө машины хаалгаар миний толгой хэсэг pүү 2 удаа хүчтэй савсан. Тэгээд тэр залуу бууж ирээд бид хоёр барьцалдаж авсан. Хамт явж байсан эмэгтэй нь мөн адил дайрсан манай эхнэр ххххх-ны өдөр төрөх хугацаатай байсан тул ойртоогүй. Тухайн залуу хоёр гараараа намайг заамдаж байгаад нүүрэн хэсэг рүү 3 удаа мөргөж гэмтээсэн. Тэгээд би цагдаа дуудсан чинь эмэгтэй нь машины жолоон дээр суугаад эрэгтэйгээ аваад зугтаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,

 

Гэрч У.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Би өнөөдөр буюу ххххх-ны өдөр Баянзүрх дүүргийн хххх хорооны нутаг дэвсгэрт байрлах зүүн хүрээ хотхоны туслах зам дээр нөхрийн хамт машинтайгаа нарийн замаар явж байсан. Тэгтэл өөдөөс нэг машин гарч ирсэн, тухайн машинтай зөрөх гээд чигээрээ урагшаа аль болох зай гаргаад зогссон. Тэгтэл нөгөө машины ах бууж ирсэн, манай нөхөр И ийшээ орчьё гэж хэлсэн. Гэтэл нөгөө ах чи дүрэм зөрчих гээд байгаа юм уу гэж хэлсэн. Манай нөхөр хариуд нь ийшээ орчихъё орчдог шүүдээ гэж хэлсэн. Тэгээд тухайн машины жолооч ах бид хоёрыг машиндаа сууж байх үед цонхоор толгойгоо оруулж ирээд хуулийг чинь сахиулна писда минь гэж хэлсэн. Манай нөхөр машинаасаа буугаад тухайн хүнтэй барьцалдаж аваад бие биенийгээ заамдсан. Би тэр хоёрыг салгах гээд дундуур нь ортол нөгөө ах миний нүд рүү нэг удаа цохисон. Би цохиулсан даруйдаа доошоо болсон. Тухайн ах намайг ахиж цохих гэж байтал манай нөхөр гарыг нь татаж аваад тухайн ахын дух хэсэг рүү нь нэг удаа мөргөсөн. Гэтэл нөгөө талаас цагдаад дуудлага өгчихөөд өөрийн утсаар бичлэг юм уу лайв хийгээд “Иймэрхүү хүмүүст би хууль сахиулдаг байхгүй юу, ялыг нь эдлүүлнэ" гэж намайг хэл амаар доромжлоод бичлэг хийгээд байхаар би машинтайгаа яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

 

Гэрч Ж.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

ххххх-ний өдрийн хххх орчим хххх хотхоны арын зогсоолын гардаг гарц дээр урсгал сөрөөд хххх улсын дугаартай үл таних эрэгтэй, эмэгтэй хүмүүс ороод ирсэн. Тэгээд нөхөр зам гарган ажил руугаа орчъё гэж хэлэн буун нөгөө машины хүнийг холдооч гэж хэлхэд би ингэж зөрчихдөг юм гэж хэлсэн. Гэтэл нөхрийг маань машины хаалгаар түлхээд бууж ирээд цохиод эхэлсэн. Тэгээд би буугаад орилоод болиоч ээ,  би жирэмсэн хүн гээд тэр хүний цохиж байсан гараас нь татсан. Тэгээд цохихоо больж хэрэлдэж эхэлсэн. Нэг нэгэнтэйгээ зууралдсан байсан тавьчих аа гэхэд нөхөр энэ зугтаад явчихна гээд цагдаа иртэл тавихгүй гэсэн. Миний нуруу өвдөж байсан учраас толгой руугаа нэмээд цохиуллаа, миний бас нуруу өвдөөд байна, төрлөө гэж хэлээд болиулсан. Тэгээд зууралдахаа болиод салсан. Тэгтэл нөгөө залуу зугтсан. Эхнэр нь машинаа төв зам руу оруулаад зогсоосон байсан. Тэгээд нөхрөө аваад зугтсан. Бид хоёрын хажууд машинаа зогсоосон байсан залуу хажууд хараад зогсож байсан тэр залуу цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 103/,

 

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээч Т.Чимэд-Очирын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5444 дугаар:

“Э.Эын биед тархи доргилт, духны зүсэгдсэн шарх, баруун нүдний дээд зовхи, хамар, хүзүүнд зулгаралт, цээж, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх духны зүсэгдсэн шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 33-34/, 

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Иийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

...Тэгээд тухайн жолооч машиныхаа урдуур алхаж байгаад буцаад над дээр ирээд цонхоор чи юу гээд байгаа юм писда минь, дүрмээ мэдэхгүй дүрэм зөрчих гээд байгаа юм уу гэж хэлсэн. Мөн тухайн хүн над руу албаар шүлсээ цацаад байсан. Би машинаас буух гэтэл тухайн жолооч миний машины хаалгыг түлхээд буулгахгүй байсан. Би хүчээр түлхэж буутал шууд намайг заамдаад авсан. Нөгөө машинаас тухайн ахын эхнэр бололтой эмэгтэй хүн бууж ирээд болиочээ гэж хэлээд орилоод байсан. Түүний дараа манай эхнэр Д бид хоёрыг салгах гээд оролдсон. Тэгэхэд манай эхнэрийг тухайн жолооч ах нэг удаа нүүр лүү нь цохисон. Тэгээд манай эхнэр доошоо ёооё гээд доошоо тонгойгоод байж байтал миний цээж рүү нэг удаа цохисон. Манай эхнэрийг ахин цохих гээд гараа далайхад би түүний гарыг барьж аваад түүний дух хэсэг рүү нь нэг удаа мөргөсөн. Тухайн хүнд манай эхнэр цохиулснаас болж манай эхнэрийн шил хугарч газар унасан. Тэгээд түүний эхнэр гарч ирээд болиоч ээ гэж салгах гэж үзсэн. Тухайн эмэгтэй жирэмсэн гэдгийг би мэдсэн учраас больсон. Гэтэл нөгөө залуу болихгүй надтай зууралдаад байсан. Би түүнд хандаж эхнэр чинь жирэмсэн байна, чи больчих, хоёулаа цагдаа дуудсан цагдааг ирэхээр учраа олъё гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

Хохирогч Э.Э гэгч хүн нь энэ асуудал үүссэн талаарх шалтгааныг огт худал, ор үндэсгүй зүйл ярьж мэдүүлсэн байна. Би тухайн үедээ 1 урсгалтай замаар орж ирээд автомашиныг нь огт таглаж тавиагүй. Тэгэхэд Э гэгч нь мөн урсгалын дагуу явж байсан боловч намайг автомашинаа байрлуулах гэж байхад урдаас гарах гэж байгаа юмуу гэж асуугаад гарах гэсэн юм гэж хэлэхэд өөдөөс гаргадаггүй юмдаа, энэ замыг нэг урсгалтай гэдгийг мэдэх үү? гэх мэтээр егөөдөж яриад байсан. Би тэрийг нь мэднэ гэдгээ хэлээд, мэдээд таныг гарсны дараа автомашинаа байрлуулья гэсэн бөгөөд Зүүн хүрээ хотхонд миний эхнэр Дгийн ах нь амьдардаг бөгөөд байнгын тэнд очиж байсан учраас би замыг нь мэддэг байсан. Тэгэхэд намайг хөөе муу хулгайч минь, ялтан минь гэх мэтээр надруу дайрч давшлаад хамаг маргааныг өөрөө уурлаж бухимдаж эхлүүлсэн. Бодвол эхнэртэйгээ маргалдаад ууртай байсан байна гэж бодсон. Тэгээд намайг сууж байхад цонхоор гар нь орж ирээд заамдаад байсан ба ямар аймар юм бэ гэж хэлэхэд "Чам шиг юмнуудыг хэн дарах юм, би л дардаг байхгүй юу" гэсэн зүйл ярьсан ба тэгэхэд нь би хаалгаа онгойлгож түлхээд бууж ирэхэд намайг заамдаад байсан. Тэгээд миний эхнэр тойроод бууж ирээд салгах гээд дундуур орж ирэхэд зүүн гараараа миний эхнэрийн нүүр рүү цохисон. Тэгэхэд нь миний эхнэр нүүрээ барьж суухад би яаж байгаа юм яагаад цохиж байгаа юм гэж асуухад "Чи миний гарыг барьж байгаад цохиулчихлаа, муу ялтан минь" гэж хэлэхэд нь би түүнийг нүүр рүү нь нэг удаа өөрийнхөө толгойгоороо мөргөж цохисон. Тэгэхэд түүний эхнэр гэх эмэгтэй машинаасаа бууж ирсэн бөгөөд нэлээн том гэдэстэй жирэмсэн эмэгтэй байсан ба "Миний дүү одоо больчих, би жирэмсэн, удахгүй төрөх гэж байна, би гуйж байна" гээд сөгдөж гуйгаад надаас гуйхад нь би хоёр гараа дээш өргөөд нөхрөө авчих, би бол ямар ч асуудал үүсгэхгүй одоо больё гэхэд нөхөр нь салахгүй бүр манай эхнэр бид хоёрыг "Хэрэг хамуудаа, та хоёр сая нийлээд хүн зодчихлоо" гэх мэтээр орилж хашгирч байсан. Мөн түүний өөрийнх нь шил уначихсан чинь газраас миний эхнэрийн шилийг авч дээш нь өргөөд шил хугалчихлаа гэх мэт зүйл ярьж байснаа миний эхнэрийн шилийг газраас авсныгаа мэдээд буцааж сольж өөрийнхөө шилийг нь авч өргөөд дахиж орилж эхэлсэн. Би бас адилхан эхнэртэй хүүхэдтэй, миний эхнэр жирэмсэн байж үзсэн учраас би түүний эхнэрийг нь бодоод нэлээн сэтгэл зүйн хувьд хэцүү байдалтай уйлаад газарт сөгдөж суугаад байхаар нь би түүнтэй сөрж маргалдахаа больсон боловч нөхөр нь болихгүй дайраад мөн өөрөө нөхрөөсөө айгаад нөхөртөө ч ойртож чадахгүй надаас гуйж байсан. Би өөрөө больё гээд гараа дээш өргөчихсөн байхад намайг монжоод заамдсан байхдаа зөндөө миний эрүү, хүзүү орчимд цохисон гэх мэдүүлэг /46-47/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Иийн АСАП сангийн мэдээлэл /хх-ийн 17-22/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 50/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 51/, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах /хх-ийн 52-53/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 54/, иргэний үнэмлэхийн лавлагаа, регистрийн дугаарын лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 55-58/, хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 59-70/, Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 71-86/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Гэм буруугийн талаар:

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүх Шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5444 дугаартай дүгнэлтээр хохирогч Э.Эын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч нь хохирогчийн нүүр хэсэгт гараараа цохих, хоолойг нь боох зэргээр биед нь хүч хэрэглэн халдаж байгаа нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шууд шалтгаан нь шүүгдэгч Б.Иийн хууль бус үйлдэл болжээ. Тэрээр Замын хөдөлгөөний дүрэмийг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон, нэг чигийн хөдөлгөөнтэй замд урсгал сөрж зорчин бусдын хөдөлгөөнд саад учруулсан болох нь оролцогч нарын мэдүүлгээр тогтоогдсон байна.

Хохирогч нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж байгаа талаар зөв зүйтэй шаардлагыг шүүгдэгчид шудрагаар тавьжээ. Харин энэхүү шудрага шаардлагыг шүүгдэгч Б.И биелүүлээгүйгээр зогсохгүй түүнтэй маргалдаж улмаар биед нь хүч хэрэглэн халдаж байгаа нь хууль бус үйлдэл болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Шүүгдэгч өөрийн үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учирсаныг хүлээн зөвшөөрч байх ба хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд хохирогч өөр хүчин зүйлээс шалтгаалж гэмтсэн эсэх нь тогтоогдоогүй болно.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Иийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

511 дүгээр зүйлийн “Энэ хуулийн 230.2 / Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана./ -т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Хохирогч Э.Эт 2024 оны 04 дүгээр сарын 20, 23, 25-ны өдрүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлсний төлбөрт Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 201.842 төгрөгийн зардалыг санхүүжүүлжээ. 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байна.

Шүүгдэгч Б.Иээс уг 201.842 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх нь зүйтэй.

 

Хохирогч Э.Эт гэмт хэргийн улмаас 849.016 төгрөгийн хохирол учирсан бөгөөд тэрээр хавтаст хэрэгт 2024.04.20-ны өдрийн Med Trauma эмнэлгээр үйлчлүүлсэн 150.000 төгрөгийн баримт, 2024.04.26-ны өдрийн Гэмтэл Согог Судлалын үндэсний төвөөр үйлчлүүлсэн 120.000 төгрөгийн баримт, 2024.04.23-ны өдрийн Монос эмийн сангаар үйлчлүүлсэн 52.976 төгрөгийн, 66.420 төгрөгийн баримт, 2024.05.06-ны өдрийн Хүрмэн эмийн сангаар үйлчлүүлсэн 36.800 төгрөгийн баримт, 2024.05.11-ний өдрийн Optolux эмнэлгээр үйлчлүүлсэн 380.000 төгрөгийн баримт, 2024.04.20-ны өдрийн UBCAB-р үйлчлүүлсэн 17.260, 13.120, 7.540, 4.900 төгрөгийн нотлох баримтыг гаргаж өгсөн бөгөөд түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд өөрт хэргийн улмаас учирсан хохирлоо нэхэмжилнэ, хамрын хагалгаанд орж байгаа учир шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтийг гаргасан.

 

Гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хохирол учирсаны улмаас мэдэрч буй өвдөлт шаналал, сэтгэл санааны байдал өөрчлөгдсөн байдал, өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа болон харилцаа алдагдах, өөрчлөлт орох зэргээр хүний хэвийн амьдрах нөхцөл байдалд орсон өөрчлөлтийн улмаас түүний сэтгэцэд хор уршиг учирдаг.

Ийнхүү учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх эрх зүйн зохицуулалт үйлчилж байна.

 

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон 2024 оны 04 сарын 12-ны өдрийн 364 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.Эын сэтгэцэд гэмт хэргийн улмаас сэтгэл зүйн тулгамдсан асуудал түр хугацаанд үүссэн.

Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6. Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс ... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах (Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг) гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ.

Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байгаа нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-р тогтоогдож байна.

 

Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д “гэмт хэргийн нөхцөл байдал, хохирогчид учирсан гэмтэлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, түүнээс үүссэн сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, түүнийгээ гэмшиж байгаа байдал, гэмт этгээдийн холбогдсон хэргийн талаар гаргаж байгаа дүгнэлт, хувийн байдал зэргийг харгалзан” нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохоор заажээ. 

Сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлийн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр дээрх шаардлагыг харгалзаж шүүх тогтоодог.

 

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг  2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.000 төгрөгөөр тогтоосон болно.

 

Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг тогтоохдоо хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн бүхий л нөхцөл байдлыг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5.280.000 төгрөгөөр тогтоов.

 

Шүүгдэгч Б.И нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байх учир түүнээс 6.129.016 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Эт, 201.842 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Хохирогч Э.Эын уг гэмт хэргийн улмаас гарсан бусад зардал болон цаашид гарсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтыг хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирч, шударга ёсны зарчимд нийцэх ёстой.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тусгайлан заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

 

Шүүгдэгч Б.Иийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, арга хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ялыг хуульд заасан их хэмжээгээр оногдуулж, тодорхой хугацаа тогтоож хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг тогтоол хүчин төгөлдөр болмогц хадгалуулахаар тус шүүхийн Тамгын газарт даалгаж, шүүгдэгч Б.И нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Бын Иийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Иийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ид оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Иээс 6.129.016 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Э /РД: /-т олгосугай.

 

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Иээс 201.842 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Баттүшигийн энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

9. Гэмт хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ