| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2017/0127/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/117 |
| Огноо | 2017-05-04 |
| Зүйл хэсэг | 151.1., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 2017/ШЦТ/117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар О.Өлзийбуян
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн
Шүүгдэгч Г.О-, П.О-, Г.М- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.О-, П.О-, Г.М- холбогдох эрүүгийн 201722000203 тоот хэргийг 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Г.О-,
Монгол улсын иргэн, П.О-,
Монгол улсын иргэн, Г.М-,
Шүүгдэгч Г.О-, П.О-, Г.М- нар нь бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр иргэн Б.Ү-ын Чингис зоогийн газраар үйлчлүүлж байгаад мартаж явсан ХААН банкны ... тоот дансны виза картыг автомат машинд уншуулж 350.000 төгрөгийг авч ашигласан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч Г.О-, П.О-, Г.М- нар нь бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр иргэн Б.Ү-ын Чингис зоогийн газраар үйлчлүүлж байгаад мартаж явсан ХААН банкны ... тоот дансны виза картыг автомат машинд уншуулж 350.000 төгрөгийг авч ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
Хохирогч Б.Ү-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 13 цаг 30 минутын орчимд би Чингис зоогийн газарт орж хоол идсэн юм. Тэгээд тооцоо хийхдээ бармен охинд нь картаа өгөөд мартсан байсан. Гэтэл 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 16 цагт миний ХААН банкны ... тоот данснаас 300.500 төгрөг, 16 цаг 05 минутанд 500.500 төгрөгийн зарлага гарч гүйлгээ хийгдлээ гэх мессеж утсанд ирсэн юм. Тэгээд би гэнэт картаа хаясанаа мэдсэн. Хамгийн сүүлд “Чингис” зоогийн газарт хэрэглэснээ санаад очиж асуухад зөөгч охидууд нь та өөрөө аваад гарсан гэж хэлсэн. Би ХААН банкнаас лавлагаа авч үзэхэд миний картаар дансны үлдэгдлийг тус өдрийн 14 цаг 58 минутанд АНУ төвийн Төрийн банкны АТМ дээр шалгасан байсан. Яг тухайн цаг хугацааны камерийг шүүж үзэхэд богино савхин куртик, цагаан цамц, цагаан тэлээтэй охин байсан. Надад Чингис зоогийн газарт байсан зөөгч охинтой адилхан санагдаад цагдаагийн газарт мэдэгдсэн. Гэтэл 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр нөгөө охидууд над руу утсаар яриад картнаас мөнгө авсан талаар хэлээд уучлалт гуйсан. Камер дээр байсан охин нь тус зоогийн газрын зөөгч Г.О- гэх охин байсан. Тэгээд 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр картнаас авсан 350.000 төгрөгийг надад өгсөн. Надад одоо ямар нэг гомдол, санал шалгуулах зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Г.О-, П.О-, Г.М- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 201722000203 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45, 46, 47-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирогч шүүгдэгч нар нь эвлэрсэн болох нь 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн 201722000203 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298, 418 дугаар зүйлийн 418.2, 418.5-д дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Г.О-, П.О-, Г.М- нарыг бүлэглэн санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2- т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Г.О-, П.О-, Г.М- нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-, П.О-, Г.М- нарт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ