Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2017/0012/З |
Дугаар | 128/ШШ2017/0122 |
Огноо | 2017-02-15 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2017/0122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Т” ХХК
Хариуцагч: Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэс
Нэхэмжлэлийн шаардлага: “...MB-015642 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл цуцалсан 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн захирал Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл түүний хууль зүйн үндэслэлээ:
“...Манай компани 2008 оны 8-р сарын 23нд М\/-015642 дугаартай ‘Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл’ авсан . Авснааас хойш 6-н жил түгээмэл тархацтай ашигт малтмал болох тоосгоны шар шавар олборлон орон нутагт барилгын материал даацын улаан тоосго үйлдвэрлэж байна. Манай тусгай зөвшөөрлийн талбай 122,77 гектор ба 2040 он хүртэл хугацаатай байсан, 6-н жилийн турш жил бүр 8 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө тусгай зөвшөөрлийн төлбөр болох /1 га тутамд 5$/ 613,85 $-ыг төлөх ёстой байдаг ба уг төлбөрийг ашигт малтмал газрын тосны газрын тогтоосон ханш 1$-ыг 1450 төгрөгт бодож төлнө гэсэн журмын дагуу 890 100 төгрөгийг төлж тусгай зөвшөөрлөө сунгуулж ирсэн. Гэтэл энэ жилийн 8 дугаар сарын 10-ны өдөр компанийн захирал Д.Алдар миний бие 8 дугаар сарын 10-ны өдрийн өглөө авто осолд орж тархиндаа хүнд
гэмтэл авч биеийн байдал маш муу эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлсний улмаас энэ жилийн төлбөрөө төлж чадаагүй байсан. Ашигт малтмал газрын тосны газраас 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төлбөрөө төлөөгүй тухай бичиг хүлээн авч харахад тусгай зөвшөөрлийн төлбөр төлөгдөөгүй тул алдангийн хамт 09 дүгээр сарын 23-ны өдрөөс өмнө төлөх тухай 09 дүгээр сарын 08-ны өдөр явуулсан албан бичиг байсан. Увс аймгийн шуудан үйлчилгээний газрын ажилчдын хариуцлагагүй үйлдлээс болж уг бичиг саатсаар 09 сарын 29-ний өдөр надад ирсэн. Уг бичгийг аваад 10 дугаар сарын 0З-ны өдөр тусгай зөвшөөрлийн төлбөр 890 100 төгрөгийн алданги 110 000 төгрөгийг Ашигт малтмал газрын тосны газрын төрийн сан банк дахь 900000712 тоот дансанд төлсөн.
Ингээд манай компани 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын апбанд өргөдөл өгсөн. Тусгай зөвшөөрлийн төлбөр алданги төлсөн баримт, эмнэлэгийн магадлагаа зэргийг хавсаргасан/. Ашигт малтмап газрын тосны газар миний энэ аргагүй байдлыг харгалзан үзэж өргөдлийг маань хүлээж авахгүйгээр 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг маань цуцалсан тухай бичгийг 11 дүгээр сарын З0-ны өдөр хүлээж авсан. Улс орон даяар эдийн засгийн хямралтай байгаагийн улмаас тоосгоны борлуулалт эрс муудаж 2015 онд үйлдвэрлэсэн тоосго маань зарагдаагүй байсан учир 2016 онд үйлдвэр маань ажиллаагүй ажилчдаа тараасан байсан, бас өөрөө хүнд гэмтэж хэвтэрт байсан болохоор энэ жил лицензийн төлбөр хариуцаж төлөхөөр хүн байгаагүй энэ аргагүй байдлыг харгалзан үзэж манай компанийг цаашид хэвийн ажиллах нөхцлөөр хангаж тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал газрын тосны газрын 2016 оны 11дүгээр сарын 28-ны өдрийн 147 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга нэхэмжлэлийн хариу тайлбар, хууль зүйн үндэслэлдээ:
“...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Т” ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ дурьдсан Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 147 дугаар шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх шийдвэр гаргахыг даалгуулж өгөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.
Тус компанид Увс аймгийн Түргэн сумын нутаг Хээр морьт нэртэй 122.77 гектар бүхий талбайд ашигт малтмалын ашиглалтын МВ-015642 тоот тусгай зөвшөөрлийг анх Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2010 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 895 дугаар шийдвэрээр олгосон байна.
Ийнхүү төрийн захиргааны байгууллагаас тус компанид МВ-015642 тоот тусгай зөвшөөрлийг шинээр олгохдоо тодорхой эрх үүргийг хүлээж ажиллах тухай мэдэгдэлийг тодруулбал тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүрийн 08 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө төлж бүртгүүлж байхыг мэдэгдэж мэдэгдлийг компанийн эрх бүхий ажилтан Т.Оюунбилэгт гардуулсаныг 2010 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурьдсанаас үзвэл тус компанийн захирал Д.А 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн өглөө авто осолд орж тархиндаа хүнд гэмтэл авч биеийн байдал маш муу эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлсний улмаас энэ жилийн төлбөрөө төлж чадаагүй байсан. Ашигт малтмал, Газрын тосны газраас 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төлбөрөө төлөөгүй тухай бичиг хүлээн авч харахад тусгай зөвшөөрлийн төлбөр төлөгдөөгүй тул алдангийн хамт 09 дүгээр сарын 23-ны өдрөөс өмнө төлөх тухай 09 дүгээр сарын 08-ны өдөр явуулсан бичиг байсан тухай дурдсан байдаг. Мөн Увс аймгийн Шуудан үйлчилгээний газрын ажилчдын хариуцлагагүй үйлдлээс болж уг бичиг саатсаар 09 дүгээр сарын 29-ний өдөр ирсэн тухай бичжээ.
Нэхэмжлэгч компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрдсэн тул холбогдох нотлох баримтыг ирүүлэх тухай мэдэгдлийг Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан тоотоор хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгч компаниас төлбөр төлсөн баримтыг ирүүлээгүй болно.
Шуудангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д “Ердийн зэрэглэлийн илгээмжийг хотын дотор 2 хоног, аймаг, хотуудын хооронд 5 хоног, бусад газарт 12 хоногийн дотор хүргэсэн байна” гэж хуульчилсан бөгөөд түүнчлэн Улсын дээд шүүхийн 2010 оны 09 дүгээр тогтоолд 5-д “Хуулийн ... “бичгээр мэдэгдэх” гэж төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргасан этгээдэд гардуулсан буюу хүргүүлснийг хэлнэ”, 6-д “Хуулийн 56.2, 56.4 заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэж тус тус тайлбарласан байна.
Хуулиар хүлээсэн үүргийг биелүүлээгүй атал бусдад алдааг тохох зэргээр шууданчийн буруутай үйлдпээс болж мэдэгдлийг хоцроож авсан гэсэн нь үндэслэлгүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсгийг үндэслэн мөн хуулийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй тул ашигт малтмалын ашиглалтын МВ-015642 тоот тусгай зөвшөөрлийг цуцапж улмаар тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдлийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 7/2017 тоотоор хүргүүлж байсныг Ашигт малтмал, газрын тосны газрын явуулсан бичгийн бүртгэлийн дэвтрийн 316 дугаарт бүртгэж тэмдэглэгдсэн байна.
Иймд “Т” ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч тус шүүхэд хандаж “...манай компанийн эзэмшлийн 15642А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрийн өолбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба уг шаардлагын үндэслэлээ “...компанийн захирал Д.Алдар миний бие 8 дугаар сарын 10-ны өглөө авто осолд орсноос эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн...тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрөө төлж чадаагүй... мэдэгдлийг шуудангийн ажилтнуудын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж 9 сарын 29-нд аваад төлбөрөө 10 сарын 03-нд төлсөн...байхад тусгай зөвшөөрлийг цуцалсан нь үндэслэлгүй...” гэж, хариуцагч шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
Маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар бүхий “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэх үндэслэлээр Т ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.
Нэхэмжлэгч компанид Увс аймгийн Түргэн сумын нутаг Хээр морьт нэртэй 122,77 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын 015642 дугаар бүхий тусгай зөвшөөрлийг 2010 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 895 дугаар шийдвэрээр олгосон, уг тусгай зөвшөөрлийн 1-6 дахь жилийн төлбөрийг хугацаанд нь төлж харин 7 дахь жилийн төлбөрийг 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө төлөх ёстой атал хугацаанд нь төлөлгүй 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 890 100 төгрөгийг, алдангийн 110 000 төгрөгийн хамт төлсөн үйл баримт тогтоогдов.
Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт болох Т ХХК-ийн захирал Д.Алдар нь 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл эмнэлгийн чөлөөтэй байсан тухай Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн магадлагаа, өвчтөний түүх, амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэрэгт Д.А нь 2016 оны 8 дугаар сарын 10-наас 8 дугаар сарын 25-ны өдрүүдэд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, 8 дугаар сарын 10-ны өдөр анх эмнэлэгт үзүүлэхдээ “...09-нд осолд орсон...” гэж хэлснээс үзвэл эмнэлгийн магадлагаа нь Д.Алдарын өвчтэй байсан хугацааг зөв тодорхойлж чадаагүй байна.
Түүнчлэн Ашигт малтмал, газрын тосны газраас Т ХХК-д 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хаяглан явуулсан “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 7/295 дугаар албан бичгийг “М” ХК-ийн Увс аймгийн Шуудангийн үйлчилгээний газар 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч 2016 оны 9 дүгээр сарын 29-нд Т ХХК-ийн захирал Баяраад гардуулан өгсөн байх ба энэ үед нэхэмжлэгч эмнэлгээс гарсан, өөрөөр хэлбэл эрүүл мэндийн хувьд боломжтой байсан атлаа төлбөрийг 10 дугаар сарын 03-ны өдөр буюу мэдэгдлийг хүлээн авснаас хойш 4 хоногийн дараа төлжээ.
Нэхэмжлэгч ийнхүү төлбөрийг төлсний дараа 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Ашигт малтмал газрын тосны газарт хандаж “...эмнэлгээс гарсан даруй төлбөрөө төлсөн тул “хугацаандаа төлөөгүй” гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсныг сэргээлгэх”-ээр хүсэлт гарган түүндээ “М” ХК-ийн Увс аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын тодорхойлолт, төлбөр төлсөн тухай санхүүгийн баримтууд, эмнэлгийн магадлагаа зэргийг хавсаргасан байх боловч хариуцагч 12 дугаар сарын 17-ны өдөр 99452138 дугаарын утсанд холбогдож дээрхи албан бичгийн хариуг амаар өгсөн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.4-д “тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно”, 34.6-д “энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0,3 хувиар тооцож алданги ногдуулна”, 34.7-д “энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заажээ.
Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”, 56.3-д “...мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 56.4-д “төрийн захиргааны байгууллага 56.3-д заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох” -оор тус тус заасан байна.
Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн үйлдлээ хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх үндэслэл дурдан нотлох баримтыг хавсарган гаргасан хүсэлтийг төрийн захиргааны байгууллага хянаад “тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдэл”-ийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзсэн нь хуулийн 56 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тухайн захиргааны байгууллагын эрх хэмжээнд нийцжээ.
Улмаар тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй нь түүнийг цуцлах үндэслэл болох тул энэ үндэслэлээр Т ХХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар бүхий “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” шийдвэрийн холбогдох хэсэг нь хууль зөрчөөгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т ХХК-иас гаргасан “Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.Д