| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 181/2025/00179/И |
| Дугаар | 001/ХТ2025/00233 |
| Огноо | 2025-12-18 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 001/ХТ2025/00233
А.Н-н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн
2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/05058 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2025/01546 дугаар магадлалтай,
А.Н-н нэхэмжлэлтэй
“Э” ХХК-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагчийн өмгөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А.Н нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/05058 дугаар шийдвэрээр:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч А.Н-г “Э” ХХК-ийн “Нягтлан бодогч-Эдийн засагч” албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 29,232,544 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Н-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч А.Н-н 2024.08.13-ны өдрөөс 2025.06.04-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч “Э” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “Э” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 604,113 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2025/01546 дугаар магадлалаар:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/05058 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч А.Н-н гаргасан хариуцагч “Э” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 604,113 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.
4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-т заасныг “нэгэнт болж өнгөрсөн үйл баримт тул ажил хүлээлцэх хугацааг заагаагүй нь цаашид хөдөлмөрийн гэрээг сунгах эсэхийг шийдвэрлэх эрх хэмжээг үгүйсгэх үндэслэл болохгүй” гэж буруу тайлбарлан хэрэглэсэн. Мөн хуулийн 83.6-д заасныг зөрчиж, ажил олгогчийн ажлаас чөлөөлөх тушаалыг 2 сар 12 хоногийн дараа нөхөж гаргасан, ажилласан хугацааны цалинг дутуу олгосон, тушаалыг хугацаандаа гаргаагүйн улмаас нэхэмжлэгчийг ажилгүйдлийн тэтгэмж авах эрхгүй болгож хохироосон, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хуульд заасан журмын дагуу дуусгавар болгоогүй нөхцөл байдлыг буруу дүгнэсэн. Түүүнчлэн хариуцагчийн зүгээс мэргэжил, ур чадвартаа тэнцэхгүй байсан гэх тайлбар гаргасан ч А.Н нь ажлын гүйцэтгэлээ 93,6 хувиар үнэлүүлэн урамшуулал авсан баримт хэрэгт байгаагаас гадна түүнийг албан тушаалдаа тэнцэхгүй байгааг тогтоосон зохих байгууллагын дүгнэлт гараагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.12.02-ны өдрийн 001/ШХТ2025/01139 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б-н хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
7.Нэхэмжлэгч А.Н хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, ажил хүлээлцсэн хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг даалгах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...2023.05.01-ний өдөр хариуцагч компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулан Логистикийн албаны даргаар ажиллаж байгаад удирдлагын саналын дагуу 2024.05.13-ны өдрөөс туршилтын хугацаагаар нягтлан бодогч-эдийн засагчаар ажиллаж эхэлсэн боловч 2024 оны 08 сард ээлжийн амралттай байх үед туршилтын хугацаа дууссан, ур чадварын хувьд ажлын байранд тэнцэхгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн, ингэхдээ 2024.08.13-ны огноотой тушаалыг 2024.10.25-ны өдөр авсан, дутуу ажлаа дуусгаж хүлээлгэн өгөхийн тулд 2024.09.20 хүртэл ажилласан ч тухайн хугацааны цалинг олгоогүй, тушаалын огноо зөрүүтэй байдлаас шалтгаалан ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй, тушаал хууль зүйн үндэслэлгүй...” гэж тайлбарласан.
8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...2023.05.01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж эхэлсэн ч ажлын гүйцэтгэл, үр дүн хангалтгүй байсан тул 2024.05.10-ны өдөр ажлаас чөлөөлсөн ба түүнд дахин боломж олгож 2024.05.13-ны өдрөөс өөрийнх нь мэргэжлийн дагуу нягтлан бодогчоор ажиллуулах хөдөлмөрийн гэрээг туршилтын хугацаатай байгуулсан. Гэтэл мөн л ажлын гүйцэтгэл хангалтгүй байсан тул туршилтын хугацаа дуусахад хөдөлмөрийн гэрээ цуцлах талаар мэдэгдэхэд 4 хоног ажлаа дур мэдэн хаяж явсан, дараа нь ажлаа зохих ёсоор хүлээлцээгүй бөгөөд удаа дараа шаардлага тавьсны эцэст ажлаа дуусгаж хүлээлгэн өгсөн тул хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд зааснаар 2024 оны 09 сард ажилласан хугацааны цалин хөлс олгохгүй байх үндэслэлтэй, А.Н 2023 онд ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу Логистикийн албаны даргаар ажиллаж байх үедээ захирлын тушаалд зааснаар ээлжийн амралт авах эрхтэй байсан ч тухайн хөдөлмөрийн гэрээ 2024.05.10-ны өдөр дуусгавар болж, 2024.05.13-ны өдөр шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулан туршилтаар 3 сар ажилласан тул ээлжийн амралт авах эрх үүсээгүй, түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй...” гэж маргасан.
9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ; “...А.Н нь “Э” ХХК-тай 2023.05.01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус байгууллагын Логистикийн албаны даргын албан тушаалд ажиллаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн, Логистикийн албаны даргын албан тушаалаас чөлөөлж, 2024.05.13-ны өдрийн Б/24-163 тоот тушаалаар нэхэмжлэгчийг нягтлан бодогч-эдийн засагчийн ажлын байранд томилсон, уг үйл баримтад зохигч маргаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-т зааснаар ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн хугацааг дуусгавар болгосон шийдвэртээ ажил хүлээлгэн өгөх хугацааг заана, 83.4-т ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө танилцуулна гэх журмыг баримтлаагүй буюу хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо хуульд заасан журмыг зөрчсөн, А.Н-г албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэх зохих байгууллагын дүгнэлт гараагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй...” гэж дүгнэсэн.
10.Давж заалдах шатны шүүх дээрх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо: “...ажилтныг шинэ албан тушаалд томилохдоо тухайн ажилд мэргэжил, мэргэшил, чадварын хувьд тэнцэх эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болно, А.Н өмнө нь Логистикийн албаны даргын үүргийг гүйцэтгэж байсан нь хожим түүнийг нягтлан бодогч-эдийн засагчийн шинэ албан тушаалд томилоход туршилтын хугацаа шаардахгүй гэж үзэх үндэслэл болохгүй тул ажлаас чөлөөлсөн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасантай нийцсэн, хэдийгээр ажлаас чөлөөлсөн тушаалд ажил хүлээлцэх хугацааг тодорхой заагаагүй ч энэ нь А.Н-тэй туршилтын хугацаагаар байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгах, эсхүл түүнийг ажлаас халах ажил олгогчийн эрх хэмжээг үгүйсгэх үндэслэл болохгүй...” гэсэн дүгнэлтийг хийжээ.
11.Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулах, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үндэслэлд ажил хүлээлцэх хугацаа заагаагүй нь тушаалыг үндэслэлгүй гэж үзэх эсэх, улмаар урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох үндэслэл болох тухайд ялгаатай дүгнэлт хийж, зөрүүтэй шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б-н гомдлоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийн хүрээнд хэргийг хянан хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
12.Хоёр шатны шүүхийн дүгнэснээр дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
-А.Н 2023.05.01-ний өдрөөс хариуцагч “Э” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан Логистикийн албаны даргаар ажиллаж байсан, уг гэрээг 2024.05.10-ны өдрийн Б/24-162 тоот тушаалаар цуцалсан,
-хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2024.05.13-ны өдрийн Б/24-163 тоот тушаалаар А.Н-г агуулах хариуцсан нягтлан бодогч-эдийн засагчийн албан тушаалд томилж, туршилтын 3 сарын хугацаагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан,
-гүйцэтгэх захирлын 2024.08.13-ны өдрийн Б/24-225 тоот тушаалаар А.Н-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон үндэслэлээр гэрээг цуцалсан, А.Н 2024.09.08-ны өдөр ажлаа дуусгаж хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон.
13.Талууд нэхэмжлэгч А.Н-н хариуцагч “Э” ХХК-ийн Логистикийн албаны даргаар ажиллаж байсан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон талаар маргаагүй, харин нягтлан бодогч-эдийн засагчийн албан тушаалд туршилтын 3 сарын хугацаатай ажиллаж байсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь хууль ёсны болсон эсэх талаар маргажээ.
14.Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2-т зааснаар туршилтын хугацаагаар ажиллуулах тохиолдолд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах бөгөөд мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д “Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.” гэж, 64.2-т “Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно.” гэж тус тус заасан.
15.Анхан шатны шүүх “...ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хуульд заасан журмын дагуу дуусгавар болгоогүй...” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус нийцээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
16.Нэхэмжлэгч А.Н туршилтын 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан ба уг хугацаа 2024.08.13-нд дуусгавар болсон, хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал 2024.08.13-ны өдөр Б/24-225 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цааш сунгахгүйгээр дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасныг зөрчөөгүй байна. Мөн тэрээр туршилтын хугацаа дуусгавар болсонтой холбоотойгоор нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж, ажил олгогчоос олгох тэтгэмжийн талаар хариуцагч байгууллагын Хүний нөөцийн албаны дарга н.У-тэй фэйсбүүк мессенжерээр харилцаж байсан болох нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогджээ. Харин ажил олгогч ажилтанд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тухай шийдвэрээ хожим гаргаж өгснөөр нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрх зөрчигдсөн эсэх асуудал нь энэ хэргийн маргааны зүйл биш бөгөөд энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна.
17.Нэхэмжлэгчийн өмнөх Логистикийн албаны даргаар ажиллаж байх хугацааны ээлжийн амралтын олговрыг дараагийн ажилд томилохоос өмнө түүнд олгосон талаар хариуцагч тайлбарласан, өмнөх хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон үйл баримтын талаар нэхэмжлэгч маргаагүй байна.
Энэ талаар давж заалдах шатны шүүх “...шинээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан 6 сар ажиллаагүй нэхэмжлэгчид ээлжийн амралт эдлэх эрх үүсээгүй...” гэсэн агуулгаар дүгнэсэн нь зөв тул нэхэмжлэгчийн “...ээлжийн амралтаа эдэлж байх хугацаанд ажлаас чөлөөлсөн ...” гэх тайлбар, үндэслэл хуульд нийцээгүй.
18.Мөн ажил олгогч ажлаас чөлөөлсөн тушаалд ажил хүлээлцэх хугацааг тодорхой заагаагүй, тушаалыг хожим бичгээр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3, 83.4, 83.6-д тус тус нийцээгүй боловч энэ нь туршилтын 3 сарын хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлийг үгүйсгэх, улмаар нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох үндэслэл болохгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт буруу байна.
19.Иймд ажил олгогчийн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т нийцсэн үндэслэлээр ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх...” тухай гомдлыг хангахгүй.
20.Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нь туршилтын хугацаа дууссанаас хойш тодорхой хугацаанд ажлаа хүлээлгэж өгөхөөр ажилласан үйл баримт тогтоогдсон байхад энэ хугацааны цалин хөлсийг түүнд олгох эсэхийг шийдвэрлэлгүй орхигдуулсан. Нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд “...2024.09.20-ны өдрийг хүртэл ажилласан хугацааны цалин хөлсийг өгөөгүй...” гэж тайлбарласан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...бодит байдал дээр 09 сарын 20-ны өдрийг хүртэл ажилласан өдрөөр нь цалинг нөхөж олгох боломжтой...” гэж тус тус тайлбарлаж хариуцагч маргаагүй байгааг хоёр шатны шүүх анхаараагүй байна.
А.Н-н ажлаас гарах тойрох хуудаст “...ажилд орсон огноо 2023.05.01, ажлаас чөлөөлөгдсөн огноо 2024.09.20...” гэж бичигдсэн, хэрэгт 2024.08.16-ны өдрөөс хойш 2024.09.20-ны өдөр хүртэл 18 өдөр ирж ажилласан тухай баримт авагдсан, хариуцагч тал “...8 өдөр, 4 хагас өдөр ажилласан...” гэж тайлбарлаж байгаа хэдий ч тайлбар, татгалзлаа нотлоогүй тул А.Н ажил хүлээлгэн өгөхөөр 18 өдөр ажилласан гэж үзнэ.
Дээрх байдлаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.5-д заасны дагуу ажил олгогч ажилтанд мөн хуулийн 83.3-т заасан хугацааны цалин хөлсийг тооцож олгох тул А.Н-н нэг өдрийн ажлын хөлсийг тооцвол 139,534.8 (3,000,000÷21.5) төгрөг болох ба нийт 2,511,626 (139,534.8*18) төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2025/01546 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/05058 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 85 дугаар зүйлийн 85.3, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч А.Н-н гаргасан хариуцагч “Э” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Э” ХХК-аас ажил хүлээлгэн өгөх хугацааны цалин хөлс 2,511,626 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Н-д олгосугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 2 дахь заалт болгож, уг заалтын “56.1” гэснийг “56.2”, “604,113” гэснийг “55,136” гэж өөрчлөн, 4 дэх заалтыг 3, 5 дахь заалтыг 4 гэж тус тус дугаарлан өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАЯРМАА
Б.УНДРАХ