Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 125

 

“А-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00988/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийж:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1092 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “А-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ш-” ХК-д холбогдох

“171.500.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл  бүхий иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайваны давж заалдсан гомдлыг үндэслэн

          Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Нэхэмжлэгч “А-” ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч “А-” ХХК нь ашиглалт хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг операторын компани юм. Энэ компани нь өөрийн байгууллагын үндсэн хөрөнгө болох RC маркийн Hanjin гэдэг брэндийн өрмийн машиныг 190.000.000 төгрөгөөр хариуцагч “Ш-” ХК-д худалдан борлуулсан байдаг. Худалдан борлуулахдаа талууд тусгайлсан гэрээ байгуулаагүй, Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах харилцаа үүссэн, үүний дагуу “Ш-” ХХК өрмийн машины төлбөр 18.500.000 төгрөг 2015-2016 оны хооронд цувуулж төлсөн байдаг. Хариуцагч байгууллага өрмийн машиныг хүлээн авсан харин төлбөр мөнгийг барагдуулах асуудал дээр санхүүгийн байдал хүндрэлтэй үйл ажиллагаа доголдолтой байна ер нь болж өгвөл танайх өрмийн машинаа буцааж авах боломж байна уу гэсэн “А-” ХХК-аас буцаах боломжгүй гэсэн хариу өгсөн үлдэгдэл төлбөрөө цувуулаад өгч болно гэсэн гэвч 2018 оны 01 дүгээр сарын 10-аас хойш 2018 оны 08 дугаар сар хүртэл ямар нэгэн байдлаар төлөлт огт хийгдэхгүй учраас шүүхэд хандаж байна. Иймд “Ш-” ХК-аас өрмийн машины үлдэгдэл төлбөр 171.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Ш-” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайвангаас:

Нэхэмжлэлтэй холбоотой тайлбар гаргаагүй нь шалтгаантай. Хоёр байгууллагын хоорондын тооцоо нийлсэн баримтуудыг нягтлан бодогч амралттай байгаа учраас гаргаж өгөөгүй, мэдээллийг аваагүй өмнө нь төлбөр хийгдсэн эсэхийг сайн мэдэхгүй байна. Сая гаргаж өгсөн нотлох баримтууд 2015 оноос хойш графикийн дагуу төлбөр хийгдсэн эсэхийг мэдэхгүй. Гэрээ байгуулсан дээр бол маргаан байхгүй гарын үсэг нь байгаа учраас тэр техник яг “Ш-” ХК-ийн өмчлөлд очоод, хүлээж авсан эсэхийг мэдэхгүй бодитой үнэн зөв тайлбар хэлэхэд боломжгүй. Би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бодитой энэ гэрээ бичгээр болон амаар байгуулсан уу гэдгийг харах хэрэгтэй. Энэ гэрээг хэрэгт гаргаж өгөх шаардлагатай гэрээ бол байгаа түүнийг харж байж хэргийг шийдвэрлүүлбэл илүү бодитой болно. Мөн “Ш-” ХК-аас 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн албан тоот нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримтаар гаргаж байна. Миний хувьд 190.000.000 төгрөгийг нэг сараас хойш төлбөр төлөгдсөн эсэхийг нягтлан бодогчоосоо тодруулах шаардлагатай гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1092 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч “Ш-” ХК-аас 171.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А-” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.015.450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ш-” ХК-аас улсын тэмдэгтийн хураамж 1.015.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А-” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Зохигчдын хооронд Иргэний эрх зүйн харилцаа үүсэн эсэх нь эргэлзээтэй, тодорхой бус байхад талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэн нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа өрмийн машиныг зээлээр худалдсанаа хүлээн зөвшөөрдөг боловч төлбөрийг ямар хугацаанд буцаан төлөх, сар бүрийн төлөлт дээр ямар ч тайлбар хэлдэггүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хурал дээр талуудын хооронд байгуулагдсан бичгийн гэрээ байхгүй байгааг мэдээд хариуцагчаас гаргуулснаар шүүх бодитой дүгнэлт хийх боломжтой болно гэж тайлбарласан боловч шүүх талуудын хооронд эрх зүйн харилцаа буюу шаардах эрх нь хэрхэн үүссэн, шаардах эрх үүссэн нөхцөл байдал үүссэн эсэхийг шалгахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлох ёстой, шүүх нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулж шалгасны үндсэн дээр талуудын мэтгэлцэх нөхцөлийг хангах ёстой.

Нэхэмжлэгч өөрөө зээлсэн одоо үнийг нь төлүүлье гэж нэхэмжлэл гаргасан боловч ямар үндэслэлээр зээлээр худалдсанаа тайлбарлаж чадаагүй байна гэдэг нь шүүх бичгийн нотлох баримтыг нотлох баримтаар хэрэгт авсны үндсэн дээр дүгнэлт хийх нь зөв дүгнэлт хийх үндэслэл болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргасантай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо "...гэрээ хариуцагчид байгаа тул нотлох баримтаар гаргаж өгснөөр хэргийн талаар шүүх бодитой дүгнэлт хийнэ..." хэмээн дурдсан байна. Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан оролцсон. ...Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй байсан. Энэхүү үүргээ биелүүлээгүйн төлөө иргэний шүүх хариуцагчийн өмнөөс нотлох баримт бүрдүүлэх буюу өөрт нь байгаа баримтыг гаргах талаар шийдвэрлэх боломжгүй.

2. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч байгууллагаас өрмийн машин худалдан авсан болон тус машины төлбөрийг дутуу төлсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн баримт хавтаст хэрэгт авагдсан байдаг. Энэхүү үйл баримтаас зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан болох нь тодорхой харагдана.

 3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч яг ямар үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл тодорхой бус хэмээн үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа хариуцагч компани нь нэхэмжлэгчээс өрмийн машин худалдан авсан, төлбөрийн үлдэгдэл байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн тайлбар хэлдэг.

...хэргийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэн, дүгнэлт хийж, шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг  хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “А-” ХХК нь хариуцагч “Ш-” ХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэг  171.500.000 төгрөг гаргуулах  нэхэмжлэл гаргасан байна.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван “...хэдэн төгрөг төлөгдсөн, үлдэгдэл хэдэн төгрөг байгааг  нотлох баримтаас үндэслэн асуудлыг шийдвэрлэх боломжтой байх..,  ... би  энэ гэрээг  бичгээр хийсэн үү амаар байгуулсан уу  гэдгийг  харах хэрэгтэй байна..., ...санхүүгийн хүнээс  мэдээлэл авч  энэ асуудлыг тодруулах шаардлагатай байна...,  гэсэн тайлбарыг шүүхэд хуралдааны үед  гаргасан  байна.

            Шүүх зохигчдын хооронд өрмийн машин худалдах худалдан авах гэрээ  байгуулагдсан,  худалдан авагч  гэрээний зүйлийн  үнийн үлдэгдэл төлбөр 171.500.000 төгрөг төлөөгүй учир “Ш-” ХК-иас түүнийг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэн  нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж   шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүхийн  шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан  байна.

            Талууд  2015 оны 12 дугаар сарын 08-нд  өрмийн машин 190.000.000 төгрөгөөр  худалдах худалдан авах гэрээ байгуулж, худалдагч өрмийн машиныг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны  9 дүгээр сарын 30 хүртэл хугацаанд 18.500.000 төгрөг төлсөн, үлдэх төлбөр 171.500.000 төгрөг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан  тооцоо  нийлсэн  баримт \хэргийн 5, 6 дугаар тал\, өглөг, авлагын тайлан \хэргийн 7 дугаар тал\, Худалдаа хөгжлийн банкны дансны орлого, зарлагын  баримт \хэргийн 30-37 дугаар тал\ болон  өрмийн машиныг буцааж тооцоо хаах талаарх санал \хэргийн 29 дүгээр тал\ зэрэг нотлох баримтаар тогтоогджээ.

            Зохигчид нь худалдах, худалдан авах гэрээ болон гэрээний зүйлийн үнийн  хэмжээний талаар маргаагүй  байна.

            Хариуцагч “Ш-” ХК-ийн гүйцэтгэх захирал нь компанийн ажилтан  Ө.Энхтайванд 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр итгэмжлэл олгосон \хэргийн 11 дүгээр тал\, итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг  2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гардуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу 14 хоногийн дотор хариу тайлбарыг шүүхэд ирүүлэхийг мэдэгдсэн \хэргийн 12 дугаар тал \ .

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д заасан шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг  өөрөө нотлох,нотлох баримтыг цуглуулах, гаргаж  өгөх  үүрэгтэй.

Шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлэх  боломжоор хангах  үүрэгтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхээс тогтоосон хугацаанд болон  шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх үед ч нэхэмжлэлийн шаардлагыг  зөвшөөрсөн эсэх талаар тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба шүүх  хуралдаанд биечлэн оролцох үеэр тайлбар гаргаж,  харин  нотлох баримт ирүүлээгүй, мөн бүрдүүлэх талаар хүсэлт гаргаагүй болохыг  дурдах нь зүйтэй.

Худалдах худалдан авах гэрээний дагуу худалдагчийн өмчлөлд байгаа хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд зааснаар   худалдагчийн өмчлөх эрх дуусгавар болж худалдан авагчид өмчлөх эрх шинээр үүсэх ба “Ш-” ХК-ийн өмчлөлд өрмийн машин шилжсэн, одоо харин гэрээгээр хэлэлцэн тохирсон үнийг бүрэн төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь үнийг шаардах  эрхтэй юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдсан гомдолдоо “..шүүх  шаардах эрх үүссэн нөхцөл байдлыг шалгаагүй,  нэхэмжлэлийн  үндэслэлийг тодруулж, талуудын мэтгэлцэх нөхцөлийг хангах ёстой..,  гэж дурдсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6.1, 6.3-т зааснаар  хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагаа  мэтгэлцэх  үндсэн дээр хэрэгжинэ. Мэтгэлцэнэ гэдэг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага,  маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж  түүний татгалзлыг  үгүйсгэх, хариуцагч түүний  төлөөлөгч буюу өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах, түүнийхээ  үндэслэлийг нотлох  үүргийг хүлээнэ.

Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний харилцаанаас үүссэн нэхэмжлэлийн шаардлагын нотлох баримтаар тооцооны үлдэгдлийн баталгаа, тооцооны баримтын жагсаалт, өглөгийн тайлан, нэмүү өртгийн албан татвар төлөгчөөр  бүртгүүлэх  хүсэлт зэргийг  шүүхэд ирүүлсэн.

            Хариуцагч нь нэхэмжлэгчээс  ирүүлсэн нотлох баримтыг үгүйсгэсэн нотлох баримт, тайлбарыг  гаргаж  мэтгэлцээгүй.

Хариуцагч “Ш-” ХК нь гэрээний үнэ 190.000.000 байсан, үлдэх  171.500.000 төгрөгийг төлөөгүй талаараа талууд харилцан тооцоо нийлж  баталгаажуулсан, зохигчид  энэ талаар маргаагүй, нэхэмжлэгч нь  гэрээний үнээс үлдэх хэсгийг  нэхэмжилснээс  өөр  нэмэлт  үүрэгтэй холбоотой шаардлага гаргаагүй  учир худалдах, худалдан авах гэрээг хэрэгт авагдаагүй гэсэн үндэслэлээр шийдвэрийг  хүчингүй болгох  боломжгүй болно.

 

Нэхэмжлэлийн шаардлага нь  тухайн этгээдийн  зөрчигдсөн эрхэд хамааралтай бөгөөд  нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж  буйгаа илэрхийлдэг бол нэхэмжлэлийн үндэслэл нь  тухайн шаардлагынх нь боломж нөхцөл буюу  ямар үйл баримтаар  нөхцөлдөж буйг тодорхойлдог  бөгөөд  шүүх шаардлага үндэслэлд тулгуурлан  хэрэг маргааны эрх зүйн харилцааны төрлийг  зөв тодорхойлдог.

 

Иймд  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн  шаардлага тодорхой, үндэслэл, үйл баримт  нь нотлох баримтаар бүрэн тогтоогдсон, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг  хүчингүй болгуулахаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гомдлыг  хангах  хуулийн  үндэслэлгүй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1092 дугаар шийдвэрийг  хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 1.015.450  төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр  үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

 

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                                                                ШҮҮГЧИД                                    Л.АМАРСАНАА

                                                                                                                     С.ЭНХЖАРГАЛ