Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 104/ШШ2022/00024

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэ багийн 36-2 тоотод оршин суух, Цагаагчууд овогт Нямхүүгийн Гэрлээ /РД:ОА99063002/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Налайх дүүрэг, 4 дүгээр хороо, Нисэхийн 40-6 тоотод оршин суух, Даваанямын Буянцог /РД:ОЙ95031417/-т холбогдох

Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч Н.Гэрлээ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

/Хариуцагч Д.Буянцог нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, үүнтэй нэхэмжлэгч маргаагүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв/.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Нэхэмжлэгч Н.Гэрлээ нь Д.Буянцогт холбогдуулан 2020 оны 05 дугаар сарын 03-нд төрсөн охин Г.Гэгээлэнгийн төрсөн эцэг Д.Буянцог болохыг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Д.Буянцогтой хамт амьдраагүй, цаашид хамтран амьдрах боломжгүй гэж тодорхойлсон.

2.  Хариуцагч Д.Буянцог нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна гэж байр сууриа илэрхийлжээ.

3.     Хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Төрийн үйлчилгээний цахим машины 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн оршин суух хаягийн тодорхойлолт, Г.Гэгээлэнгийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтууд авагдсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхийн зүгээс нэхэмжлэгч Н.Гэрлээгийн гаргасан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2020 оны 05 дугаар сарын 03-нд төрсөн охин Г.Гэгээлэн нь Д.Буянцогийн хүүхэд мөн эсэх, одоо эхийн асрамжид байгаа болон гэрлэлтээ бүртгүүлээгүй асуудал дээр талууд маргаагүй, харилцан мэтгэлцээний өөр байр суурь илэрхийлээгүй.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар эцэг тогтоолгох тухай шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчтэй гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч эцгийн хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг хариуцагч Д.Буянцог хүлээх болохыг хуульд тодорхойлсон байна.

Иймд эхийн асрамжид байгаатай нь холбогдуулан охин Г.Гэгээлэнг эцэг Д.Буянцогоор нь хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь нээлттэй, энэхүү шийдвэр нь зөвхөн хүүхдийн тэтгэлгийн асуудлыг шийдвэрлэж байгаа болохыг дурдвал зохино.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас 108 070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийг баримтлан 2020 оны 05 дугаар сарын 03-нд төрсөн охин Цагаагчууд овогт Гэрлээгийн Гэгээлэнгийн эцгээр Даваанямын Буянцогийг тогтоосугай.

 

2.  Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Г.Гэгээлэнг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Буянцогоор нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Н.Гэрлээд даалгасугай.

 

3.  Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

4.  Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 108 070 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 108 070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

6.  Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай

 

7.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ