Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/205

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Ариунболд,

Улсын яллагч: Н.Цогням,

Шүүгдэгч: Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414000000217  дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын ******* /РД: *******/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 20 цагийн орчимд Баянхонгор аймгийн Жаргалант сумын Нам толгой 1 дүгээр багийн нутагт гүтгэсэн гэх шалтгаанаар *******тай маргалдаж, түүнийг гараараа нүүр хэсэгт 2 удаа цохиж, хөлөөрөө зулай хэсэгт 1 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь *******ын биед зулайн зүүн хажуу, зүүн нүдний дээд зовхинд шарх, хамрын нуруунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  Э.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Би 2015 онд Газарчин дээд сургуулийг Уул уурхайн инженер мэргэжлээр суралцаж төгсөөд дээд боловсрол эзэмшсэн. Бичиг үсэг мэднэ.. Тухайн асуудал маань архи согтууруулах ундааны зүйлээс болсон. Одоо ахиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй....гэх мэдүүлэг/ хх-ийн 54 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... Би өчигдөр орой буюу 2024 оны 06 дугаар сарын 13-ний орой 20 цагийн өөрийн төрсөн ах болох *******гийн очиход хүүхдүүд нь хотоос ирсэн гээд надад Соёрхол нэртэй 0,5 граммын савлагаатай архи гаргаж өгсөн тэгэхээр би тэр архийг өөрийн ахтайгаа хувааж уусан. Тэгээд гэртээ ирээд хоолоо идчихээд үхрээ хураахаар морьтой явж байтал над дээр Жаргалант сумын 1-р багийн иргэд болох *******,******* нар ирээд бууж ирээд наашаа суу гээд өврөөсөө нэг архи гаргаж ирээд 3 уулаа хувааж уусан. Урьд би 2020 оны 02 сард 5 ширхэг адуу алдсан. Тухайн үед хайгаад олоогүй тэрийг харин ******* мэддэг гэж надад 2020 оны цагаан сарын үеэр хэлж байсан. Тэгээд би өчигдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 13-ний орой *******,******* нартай архи ууж байгаад хэлсэн. Тэгээд тэрнээс болоод бид 2 жаахан маргалдсан. Тэгээд ******* босож ирээд миний толгой руу өшиглөсөн. Тэрнээс хойш би яг юу болсныг санахгүй байна нэг мэдсэн чинь******* *******аас намайг салгаад шууд мотоцикл дээрээ мордоод явсан миний толгой болон нүдний зовхи хэсгээс цус гоожоод байж байтал хажууд гэх хүн ирээд гэрт хүргэж өгөөд эмнэлэгт манай эхнэр дуудлага өгсөн. Тэгээд эмнэлгээс хүмүүс ирж намайг үзээд шууд сумын төв рүү авч ирээд миний толгойд 4 ширхэг оёдол тавиад харин зүүн нүдний зовхи хэсэг сэтэрсэн байна. Аймагт очиж оёулах шаардлагатай.. Тэгээд урьд болсон зүйлээс болж ******* миний толгой руу 1 удаа өшиглөсөн...гэх мэдүүлэг/хх-ийн 08-09 /,

....Баянхонгор аймгийн яаралтай түргэн тусламжийн тасагт зүүн зовхиндоо оёо тавиулж, тархины зураг авхуулсан. Тэгээд шүүх эмнэлэгт үзүүлсэн өөр газраас үзүүлээгүй. Надад тухайн эрүүл мэндийн байгууллагууд мөнгө төгрөг аваагүй. Миний биед зовиур байхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 11/,

4. Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би *******ын Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамрагдсан 960,207 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэгэн санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 /,

5. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....2024 оны 06 дугаар сарын 13-ны  өдөр гэрийн ажлаа хийж байсан. Манай нөхөр хониндоо өглөө явсан тэгээд орой ахындаа очоод ирлээ гээд архи уучихсан ирсэн. Тэгээд гэртээ хоол идчихээд үхрээ хурааж ирнэ гээд морьтой явсан. Тэгээд харанхуй болж 22 цагийн үед манай саахалт айлын гэх хүн манай нөхрийг морьтойгоо дагуулаад гэрт авчирч өгсөн. Тэгсэн чинь манай нөхрийн толгой, нүүр хэсгээс нь цус гойжиж хувцас хунар нь нэлээн цус болчихсон байсан. Тэгээд би нөхрөөсөө юу болсон талаар асуухад *******,******* гэх 2 хүнтэй 1 шил архи уусан. Тэгээд ******* гэх хүн нь намайг зодчихоод яваад өглөө гэж хэлсэн. Тэгээд би сумын төв рүү эмнэлэгт дуудлага өгөөд сумын төв рүү нөхрийг явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

6. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..Би 2024 оны 06 дугаар сарын 12-ний өдөр хөдөөнөөс Жаргалант сумд орж ирсэн тэгээд сумын төв дээр өөрийн сум дээр байдаг гэртээ хоночхоод маргааш буюу 2024 оны 06 дугаар сарын 13-ний өдөр тус сумын 1-р багийн иргэн *******тай 17 цагийн үед хүргэн ахынхаа мотоциклийг хөдөө хүргэж өгөөд тэгээд цаашаагаа явж байтал манай хамаатны ах гэх хүн үхрээ хураах гээд морьтой явж байж байхдаа ******* бид 2-г дуудсан тэгээд би өвөртөө байсан Агар нэртэй тал шилтэй архиа гаргаж ирээд 3 уулаа хувааж уусан. Тэгээд тэр 2 хоорондоо адуу мал яриад байсан. Тэгээд би босоод бие засах гээд голын хажууд бие засахгүй гээд жаахан холдож яваад бие засчхаад эргээд очтол ахын толгой болон зүүн талын хөмсөгнөөс цус гоожиж байсан. Тэгэхээр би *******д чи манай хамаатны ахыг яаж байгаа  гэж асуухад чи ахыгаа өмөөрөөд байгаа юм уу гэхээр би чамтай хамт явж байгаад ахыгаа ингээд чамд зодуулчихаар надад хэцүү байна ш дээ гэж хэлэхэд надад юм хэлээгүй. Тэгээд байж байтал бид нар дээр гэх хүн ирсэн. Тэгээд би д хандаад чи ахыг гэрт хүргээд өгчих би *******ыг хүргэж өгье гээд мотоциклоо унаад сумын төв рүү орж ирээд хашааных нь гадаа буулгаад би өөрөө Тухайн өдөр хөдөө гэртээ байсан. гэртээ очиж амарсан....гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

7. Гэрч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Намайг тэр 3 дээр очиход гэх хүн газар хэвтсэн байсан. Харин *******ыг******* салгаад чи яах гээд байгаа юм гээд *******ыгаа хажуугаас татаж чангаагаад мотоцикл дээр аваачсан. Би гэх хүнээс яасан талаар асуухад намайг ******* зодчихлоо гэчихсэн толгой болон нүүрнээс нь цус гарч байсан... Тэгэхэд ******* гэх хүн рүү хандаж чамайг ална гээд дайраад байсан. Харин******* нь салгаад аваад явсан...гэх мэдүүлэг / хх-ийн 22-23 /,

8. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 342 дугаартай шинжээчийн:1. *******ын биед зулайн зүүн хажуу, зүүн нүдний дээд зовхинд шарх, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт /хх-ийн 42-43 / болон шүүгдэгч Э.*******ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 20 цагийн орчимд Баянхонгор аймгийн Жаргалант сумын “Нам толгой” 1 дүгээр багийн нутагт өөрийг нь гүтгэсэн гэх шалтгаанаар *******тай маргалдаж, түүнийг гараараа нүүр хэсэгт 2 удаа цохиж, хөлөөрөө зулай хэсэгт 1 удаа өшиглөж,  *******ын биед зулайн зүүн хажуу, зүүн нүдний дээд зовхинд шарх, хамрын нуруунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт болсон нь хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч , , Б. нарын мэдүүлэг, шинжээчийн 342 дугаар дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Э.******* нь архидан согтуурч бусдын алдагдсан адууг мэддэг гэж өөрийг нь гүтгэсэн гэх үл ялиг шалтгаанаар *******тай маргалдаж, түүнийг гараараа нүүр хэсэгт 2 удаа цохиж, хөлөөрөө зулай хэсэгт 1 удаа өшиглөж,  *******ын биед зулайн зүүн хажуу, зүүн нүдний дээд зовхинд шарх, хамрын нуруунд зулгаралт бүхийн хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна гэж дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Э.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул Э.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Энэ хэргийн улмаас хохирогч ******* нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч ******* нь уг гэмтлийн улмаас Эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж эмчилгээ хийлгэж уг үйлчилгээний зардал 960.207 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн бөгөөд дээрх зардлыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн “12.1.Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ, 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж хуульчилсаныг үндэслэн шүүгдэгч Э.*******аас 960.207 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүх шүүгдэгч Э.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “ учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж торгох ял эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.

Шүүгдэгч Э.******* нь энэ хэргийн учир 07 хоног цагдан хоригдсон бөгөөд цагдан хоригдсон нэг хоногийн  хугацааг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас нь  хасаж нийт эдлэх ялыг тогтоолоо.

Шүүгдэгч Э.*******д шүүхээс торгох ял оногдуулсан тул түүнийг цагдан хорих байрнаас суллаж түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авлаа.

Шүүгдэгч Э.******* нь энэ хэргийн учир эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг зургаан зуун  / 600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган / 600.000 /    төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Э.*******ын энэ хэргийн учир цагдан хоригдсон долоо хоногийг нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас нь хасаж түүний торгох ялыг дөрвөн зуун ерэн таван / 495 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун ерэн таван мянган / 495.000 / төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.*******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

6. Шүүгдэгч Э.******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй,  эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Э.*******аас 960.207 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхийг  Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.*******ыг цагдан хорих байрнаас суллаж түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.БАТЦЭНГЭЛ