Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
Хэргийн индекс | 155/2022/00046/И |
Дугаар | 155/ШШ2022/00212 |
Огноо | 2022-02-18 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 155/ШШ2022/00212
2022 оны 02 сарын 18 өдөр | Дугаар 155/ШШ2022/00212 | Хөвсгөл аймаг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б
Хариуцагч: Л
Нэхэмжлэлийн шаардлага: 14,000,000 (арван дөрвөн сая) төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Б.Ганчимэг,
Хариуцагч: Л,
Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Түвшинтөгс,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2021 оны 7 сарын эхээр Н гэх хүнээс Т сумын 3-р баг Д дөрөлж, С гэх газруудад өвөлжөө хаваржаа зарна гэж байна гэсэн мэдээллийн дагуу Лийн төрсөн ах ЛЖ гэх хүнтэй уулзаж, өвөлжөө хаваржааны 2 газрыг нь хамт явж үзэж харж байгаад бид үнэ ханшаа тохирч ярилцаж байгаад 2021 оны 07 сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Т сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах Д дөрөлж гэх газар байрлалтай хаваржааны хашаа, С гэх газар байрлаж байгаа өвөлжөөний газар хашаа зэргийг нийт 14,000,000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, би Лийн 5901000000 дугаар бүхий хаан банкны данс руу 14,000,000 төгрөгийг бэлнээр шилжүүлсэн. Ингээд бид өвөлжөө хаваржааны хашаа, орчин тойрны газраа тохижуулахаар худалдаж авсан эд хөрөнгөө зориулалтаар нь эзэмшиж ашиглах гэтэл нутгийн иргэд гадны иргэдийг суурьшуулахгүй, бэлчээрийн даац хэтэрсэн гэж эсэргүүцэж, тус багийн Засаг дарга биднийг тус газар мал маллаж оршин суулгах боломжгүй, зөвшөөрөхгүй гэж бидэнд хэлж мэдэгдсэнээр би худалдаж авсан өвөлжөө, хаваржааны хашаа бэлчээрийн газар оршин суух эзэмшиж ашиглах боломжгүй байдалд хүрээд байна. Нэгэнт бидний худалдаж авсан боловч уг зориулалтаар гадны иргэдийг эзэмшиж, ашиглах суурьшуулах боломжгүй гэж эрх бүхий албан тушаалтан, нутгийн иргэд эсэргүүцэж байгаа тул бид худалдах, худалдан авах тухай гэрээ хэлцлээ цуцлаж, авсан өгснөө буцаахаар, мөнгөө буцааж авахаар Лд хэлж шаардсан боловч мөнгийг буцааж өгөхгүй хашаагаа авдагаараа ав гэж эсэргүүцэж байгаа тул бид шүүхэд хандахаас өөр аргагүй байдалд хүрээд байна.
Иймд Дын Лээс нийт 14,000,000 (арван дөрвөн сая) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр н.Н гэдэг хүнээс өвөлжөө хаваржаа зарах гэж байгаа гэсэн мэдээллийн дагуу Лийн утасны дугаарыг нь олж аваад энэ хүнээс өвөлжөө хаваржаа худалдаж авсан. ...Талын усны хойд талд айлын зуслангийн ойролцоо буучихаад Л рүү утсаар яриад ах эгч хоёр нь ирчихлээ одоо яах вэ гэсэн чинь манайхан 11 сараас нааш өвөлжөөлдөггүй юм та хоёр наанаа байж бай гэсэн. Хэдий хүртэл тэнд байхав дээ, таних хүнгүй. Тэгээд бид хоёр 10 дугаар сарын 10-ны үе хүртэл байж байгаад нөхөртэйгөө яриад хоёулаа Тосон орж өвөлжөө, хаваржаагаа шилжүүлж авч бууя гээд шилжилт хөдөлгөөнөө хийлгэхээр хоёр хүүхдийнхээ бичиг баримттай, нөхөр бид хоёр сум орсон чинь авсан газрын талын бие төлөөлөгч байх ёстой гэхээр нь Л рүү ярьсан чинь “аав байгаа аавыг дагуулж очоод шилжүүлээд ав” гэсэн. Тэгээд аавынх нь өвөлжөөн дээр очоод аавыг нь авъя гэсэн чинь аав нь “та хоёр буух газраа буу, надад хамаагүй. Тэр модныхоо учрыг ол” гэсэн. Модоо учрыг нь ол гэснийг нь тухайн үедээ жаахан ууртай байсан учраас тэгсэн байх гэж бодоод “ах малтуур хүрзээ өгөөч бид хоёр бууцаа янзалъя. Нэгэнт тэндээс энд ирсэн юм чинь буух бууцаа янзалъя” гэсэн чинь “энд буулгах ямар ч үндэс байхгүй. Ахын хоёр дүү байх газраа л бай” гэсэн. Тэгэхлээр нь бид хоёр Т сумандаа буцаж орж ирээд иргэний шилжилт хөдөлгөөний хүнтэй нь “бид хоёр ийм болсон нэг ч хүн танихгүй. Одоо яах вэ” гэж байхад Лийн төрсөн ах н.ЛЖ нь “өө та хоёр хүрээд ирэв үү бууцаа янзлах гэж байна уу” гээд “тийм аав нь зөвшөөрөхгүй байна” гэсэн чинь та нар надтай биш миний дүүтэй наймаа хийсэн юм чинь гэж хэлээд яваад өгсөн. Ингээд бид хоёр яахаа мэдэхгүй гэртээ буцаж ирээд яах вэ гээд байж байтал 4 дүгээр багийн ойролцоох хүмүүс бэлчээрээ харамлаж байгаа учраас одоо та хоёр даруйхан нүү энэ чинь 4 дүгээр багийн малын бэлчээр гээд хөөсөн. Лийн аав нь маргааш 9 цагт би явж ороод үүнийг чинь болгоод өгье гэсэн болохоор бид хоёр өдөржингөө хүлээгээд ирээгүй. Л рүү яриад ингэлээ, ах эгч хоёр нь иймэрхүү байдалтай байна гэсэн. Анх аав нь бид хоёрт малтуур хүрзээ өгөөд бууцаа янзлуулж тэндээ буулгасан бол бид хоёр хэл ам хийж явахгүй байсан. Тэгээд бид хоёр хаашаа ч явах аргагүй учраас н.Мягмардорж гэдэг хүний өвөлжөөг 2,000,000 төгрөгөөр түрээсэлж байгаа. Өнөөдөр би Лээс 2,000,000 төгрөг гэж нэхэхгүй 14,000,000 төгрөгөө авчихвал болно. ...Нэгэнт хийсэн наймаа юм чинь гээд тэнд байя гэхээр угаасаа тэнд байх боломжгүй юм байна лээ. Тэнд байгаа 10 айлаас байж болно гэсэн гарын үсэг зуруулж авдаг юм байна. ...Ийм их мал руу танай 1000 гаруй мал орж ирэхээр манай бэлчээрийн даац үнэхээр хомсдолд орно гэсэн. Сын хашаа гэдэг нь яг айлын өвөлжөөний хажууд юм байна лээ. Тэрний иргэн нь та модоо ав. Эндхийн газар ганга жалга манайх учраас энд буулгахгүй гэсэн. Наана байдаг хаваржаа нь ойролцоо хүн тавьдаг газар байсан. Гэхдээ тэрийг эсэргүүцсэн зүйл байхгүй. Тэгээд нутаглая гэхээр тэр жалгын 10 айл үнэхээр байлгахгүй гэсэн. Би хоёр гурван удаа тойрч үзсэн. Энэ дүүгийн ярьж байгаагаар аав нь надтай мод гэж анхнаасаа харьцсан. Би аавынх нь уур гарсан хойно хашааных нь хаягийг аваад хууч хөөрөх гээд орой очсон чинь эдний аав надад бэлчээр нутгаа яаж ашиглана яана ийнэ гэж хэлээгүй. Та нар тэр авсан модоо яаж ашиглаж хаанаа яаж авч явах нь та нарын дур гэж хэлсэн. Малчин хүн мод 14,000,000 төгрөгөөр худалдаж авахгүй биз дээ гэж бодоод би заза угаасаа модоо л үнэлсэн юм байна, бид хоёр энэ нутагт байж болохгүй юм байна гэдэг үүднээс хэдэн өрхөөр оръё орохдоо байлгана гэвэл байя гэж бодоод зөвшөөрнө зөвшөөрөхгүй гэсэн хоёр гарын үсэгтэй орсон. Тэгэхэд манай энэ жалгад ийм 1,200, 1,300 толгой нарийн малтай айл багтахгүй. Та нар тэр модоо л ав. Угаасаа тэр Лд энд хашаа угаасаа байдаггүй юм байна лээ. Би бүр гайхсан. Бэлчээр эзэмших гэрчилгээ хоёр газрын гэрчилгээ гэсэн бичиг баримт, хүнд үзүүлж харуулах юу ч байхгүй. Бид хоёр Лтэй худалдах, худалдан авах гэрээ цаасаар хийгээгүй амаар хийсэн. Тэгэхээр ямар ч хүнд үзүүлэх нотлох баримт байхгүй өдийг хүрсэн. ...Одоо би малаа туугаад буцах ямар ч боломжгүй, мал төллөж эхэлнэ. н.Мямардорж гэдэг хүний хашааг түрээсэлж байгаа. Одоо гэрээ нь дуусаж байгаа. Гэрээ дуусахаар хаашаа яаж явах вэ гэдэг нь үнэхээр хүнд байгаа. Өнөөдөр би ямар эвлэрэлгүйгээр 14,000,000 төгрөгийг гаргуулах гэж байна. Анх бас “өвс хадах талбай нь байгаа. Ах эгч хоёр хүрээд ир” гэсэн. Манайх яагаад тэр хашааг авах болсон, тэр өвөлжөө дээрээ буулгаач гэж гуйх шалтгаан нь тэр хаваржааны хашаан дээр угаасаа айл буух боломжгүй. Наад 10 цагираг хашааны хувьд айл огт нутагладаггүй нэг газар дээр хэрүүлтэй 10 дугуй бариад бид хоёрт өгчихсөн юм байна лээ. Бид хоёр тэрийг нь мэдэхгүй авчихсан юм байна лээ. Нутгийнх нь иргэд ч ярьж байсан. Харин хаваржаа дээрээ хоёр гурван хавар хаваржсан байсан. Тэнд өвөлжих ямар ч боломжгүй учраас ах эгч хоёр энэ өвөлдөө манай өвөлжөө дээр өвөлжчих тэгээд нутгийнхаа хүмүүстэй танилцсаныхаа дараа хашаагаа яаж хийх үү яах уу гэхээр нь өө тэгье гээд ааваас нь малтуур хүрзийг нь гуйгаад аав нь зөвшөөрөөгүй. Хадлангийн талбай байгаа, бүгд манай ах дүү нар байгаа. Та хоёр манай энд ирж нутаглахад болно. Дүү нь ах эгч хоёрыг нутгаас хөдлөнгүүт нь 9 дүгээр сарын үед давхиж очоод ах дүү нартайгаа, энэ хавийн бүх хүмүүстэй танилцуулаад өвсөө авахдаа хүрээд ирээрэй хамт өвс авч хадалцаад өгье гэж хэлсэн. Тэгээд үнэнийг хэлэхэд дүү мөнгөө хийснээс хойш огт ярихаа больсон. Манай нөхөр алийн болгон хадлангүй байхав гээд очсон чинь бүх хадланг аав нь хадаад авчихсан байсан. Манайх хохирлыг хангалттай амсаж байгаа... гэв.
Хариуцагч Л шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Л нь нэхэмжлэгч Бгийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
2121 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Т сумын 3 дугаар багийн нутаг Д дөрөлж, Ст гэх газруудад байрлах өвөлжөө, хаваржаагаа 14,000,000 төгрөгөөр худалдсан юм. Өвөлжөө, хаваржааны хашааг худалдан авах үед тус багийн засаг дарга болон нутгийн иргэд тус газар оршин суулгах боломжгүй, зөвшөөрөхгүй гэх ямар нэгэн асуудал болоогүй байх гэж бодож байна. Тухайн үед намайг өөрөө эрж, хайж, сураглаж байж миний өвөлжөө болон хаваржааны хашааг худалдаж авчихаад одоо мөнгөө авъя гэж байгаад гайхаж байна. Мөн нэхэмжлэгч Бг уг өвөлжөө, хаваржааны хашаанд буулгахгүй гэж, маргалдах асуудал болоогүй, харин тухайн нутагт оршин суулгахгүй гэж гарын үсэг зурж өгөөч гэж сум орон нутгийн зарим хүмүүсээр өөрөө явж гарын үсэг зуруулж авсан гэж орон нутгийн хүмүүс ярьдаг. Харин өөр хүнээс өөр хашаа худалдан авахаар боллоо мөнгөө буцааж өгөөч гэж байсан хирнээ одоо ингэж байгаад гайхаж байна. Тухайн үед би өвөлжөө, хаваржааны хашаагаа худалдсанаас хойш хашаа байшингийн үнэ болох 14.000.000 төгрөгийг өөр зүйлд зарцуулсан тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан худалдах, худалдан авах тухай гэрээг цуцалж, хашааны үнэ 14.000.000 төгрөгийг төлөх боломжгүй. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 7 дугаар сарын эхээр Ц суманд ажилтай явж байхад утас дугарахаар нь авсан чинь нэг хүн чи хашаа зарах юм уу гэж асуусан. Би хашаа зарна гэж хэдэн хүнд ярьж байсан. Бид нар хашаа худалдаж авах гэж байгаа хүмүүс байна даруйхан үзмээр байна гэсэн. Би өөрөө Ц суманд ажилтай байсан учраас төрсөн ах н.ЛЖдоо “хашаа хүн үзье гээд байна та үзүүлээд харуулаад өгөөч” гэсэн. Тэгсэн ах маань зөвшөөрөөд энэ хүн нөхөртэйгөө очиж үзээд маргааш нь “надад таалагдлаа” гэж энэ хоёр хүн зөвшөөрөөд мөнгө төгрөгийг чинь шилжүүлье гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө дансыг хэлсэн. Тэгтэл хаваржаа нь жаахан тийм байна, өвөлжөө нь бүгчим халуун байна гээд надад хоёр өвөлжөө байдаг учраас манай аавынхтай ойрхон өвөлжөөн дээрээ ганц жил өвөлжүүлээч гэж өөрсдөө гуйсан. Наймаа хийсэн хүмүүс учраас би тэр дээр нэг их татгалзаагүй. Тэг тэг нэг жил буугаад нүүх юм бол болно гээд зөвшөөрсөн. Тэгээд 10 дугаар сард дахиад утсаар яриад “ах эгч хоёр нь нүүгээд ороод ирлээ, ийм байна” гэхээр нь би аав руу очоод хэлчих гэсэн. Аавд хэлсэн чинь аав “тухайн худалдаж авсан хашаан дээрээ буу бэлчээр нутаг нь ойртоод байна” гэж хэлсэн байсан. Тэгээд аав чинь ингэлээ тэглээ, бид нар иймэрхүү байдалд хүрээд байна гэхээр нь би өөрөө ирсэн. Ирээд юу болов ийм байх учиргүй. Наймаа хийсэн учраас буулгүй яах вэ гээд аавд учирлаж хэлээд буухаар болгосон. Би өвөлжөөн дээрээ буулгана гэдгээ аавд хэлээгүй юм. Тэгээд одоо эндээ ингээд буу гээд гуйсан чинь “үгүй ах эгч хоёр нь Т суманд өөр хашаа авахаар болчихлоо. Тэгээд ч тэр өвөлжөө хаваржаа чинь таалагдахаа больчихлоо. Тийм юм байхгүй, даруйхан мөнгийг минь гаргаж өг” гэсэн. Тэгэхээр нь тухайн үедээ надад гаргаж өгөх мөнгө байгаагүй учраас сандраад “за эгч ах хоёр минь надад одоохондоо ийм мөнгө байхгүй байна” гэж ярьж байгаад би нэг ахдаа наймаа хийсэн чинь ийм зүйл боллоо гээд хэлсэн чинь “наадах чинь та хоёр нэгэнт тухайн үедээ хэн хэндээ үзүүлээд таалагдаад наймаа хийсэн бол дахиж ийм маргаан гарна гэдэг чинь буруу” гэж хэлсэн. Тэгээд ойр ойрхон залгаад мөнгө гээд байхаар нь дүү нь мөнгийг чинь өгч чадахгүй, тэр мөнгийг чинь өөр зүйлд зарцуулсан учраас мөнгө байхгүй гээд үнэнээ хэлсэн. ...Анх наймаа хийхдээ санамсаргүй санаа авна биз гээд хэлж байсан. За ах эгч хоёр минь хүний нутагт нүүж ирж байгаа юм чинь тодорхой хэмжээнд нутгийн хүмүүс ингэж ярьж болох талтай. Тийм болохоор та хоёр нэгэнт нутгаасаа нүүгээд манай нутгийг зориод ирж байгаа юм байна. Тийм учраас нууж суухаасаа өмнө шилжилт хөдөлгөөнөө хийлгээд өвөлжөө хаваржаагаа авсан гээд нүүгээд ороод ирэх юм бол манай нутгийн хувьд тойроод манай ах дүү нар байгаа эсэргүүцэх зүйл байхгүй. Монгол хүн хаана ч оршин суух эрхтэй байх. Тийм учраас тийм асуудал байхгүй гэж сануулж хэлж байсан. Хоёрдугаарт гарын үсэг гэж ярьж байна. Энэ хүн байж байгаад 10 дугаар сар гарангуут миний хашаа авахаа больё гэж бодсон юм байна лээ. Тэгээд би Тариалан руу хашаа авна гэж байсан. Дараа нь 12 дугаар сард байх гарын үсэг цуглуулж явсан гэсэн. Нэгдүгээрт та шилжиж ирээгүй хоёрдугаарт хүмүүстэй буулгах юм уу буулгахгүй юм уу буулгахгүй бол гарын үсгээ зур гээд явсан байсан. Наад хүмүүс чинь өөрсдөө л гарын үсэг цуглуулж явсан шүү гэж гарын үсэг зурсан хүн надад хэлж байна лээ. Мэдээж бид нар харьцаа муутай байхаар нь гарын үсгээ буулгахгүй гээд гарын үсгээ зурсан тэр үнэн гэж хэлж байсан.... Төлөх боломжгүй. Мөнгийг өөр юманд зарцуулсан. Тэр өвөлжөө хаваржааны газар эзэмших эрхийн гэрчилгээ надад байхгүй. Би хөдөөний хүмүүсхийн жишгээр л наймаа хийсэн. Манай суманд гэрчилгээ гэрээ гэж өгч байгаагүй. Миний өөрийн эзэмшлийн өвөлжөө, хаваржааны газар хашаа мөн. Би худалдах эрхтэй... гэв.
Нэхэмжлэгчээс Бгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Г сумын З багийн иргэн Бг Лийн хашаан дээр буухыг зөвшөөрөхгүй гэх нутгийн иргэдийн гарын үсэг бүхий баримт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Хөвсгөл аймгийн Т сумын Т багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2/03 дугаар тогтоол, “Багийн дотоод зохион байгуулалт бэлчээр ашиглалт, байгаль орчныг хамгаалах “Аравт” журам” гэх гарчигтай багийн Иргэдийн нийтийн хурлын 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн II хуралдааны 2 тогтоолын 03 хавсралт зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн болно.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Бгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б нь хариуцагч Лд холбогдуулан худалдах худалдан авах гэрээг цуцалж, 14,000,000 (арван дөрвөн сая) төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
Үүнд: Бид хариуцагчтай өвөлжөө, хаваржааны хашааг тэндээ нүүж буун нутаглах зорилгоор тухайн өвөлжөө хаваржааны хашааны эзэн болох Лтэй ярьж тохиролцон амаар наймаа хийж, 14,000,000 төгрөгийг түүний эзэмшлийн дансанд шилжүүлсэн боловч тухайн өвөлжөө, хаваржааны газарт буух гэтэл нутгийн иргэд эсэргүүцэж буулгахгүй гэсэн бөгөөд нутгийн захиргааны байгууллагаас шилжилт хөдөлгөөнийг хүртэл хийх боломжгүй болсон тул одоог наймаагаа буцааж мөнгөө гаргуулж авмаар байна гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.
Үүнд: Мөнгийг одоо буцааж өгөх боломжгүй, өөр зүйлд зарцуулсан. Мөн энэ хүмүүс өөрсдөө үзэж хараад миний өвөлжөө, хаваржааг болж байна гээд надтай наймаа хийсэн. Одоо тэнд буух бүрэн боломжтой. Өөрсдөө өөр өвөлжөө, хаваржааны хашаа авахаар болсон учраас наймаагаа буцаах болсон. Тэгээд нутгийн иргэдийг өөрсдөө буулгахгүй гэсэн гарын үсэг зурж өгөөч гэж явсан байсан. Би тухайн өвөлжөө хаваржааны эзэмших эрхтэй хүн мөн. Хөдөөний хүмүүсийн жишгээр ярьж тохироод наймаа хийсэн. Манай суманд угаасаа тийм гэрээ гэрчилгээ гэж юм өгөөгүй. Энэ хүмүүс өөрсдөө л буугаагүй гэжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн тайлбар зэргээр нэхэмжлэгч хариуцагч нар нь 2021 оны 7 дугаар сард Хөвсгөл аймгийн Т сумын Тээл багийн нутагт байрлах Д дөрөлж, Ст гэх газарт байрлалтай өвөлжөө, хаваржааны хашаа, түүний газрыг эзэмших эрхийг 14,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшлийн дансанд 14,000,000 (арван дөрвөн сая) төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдлоо.
Дээрхи үйл баримтад талууд маргаагүй.
Талууд тухайн худалдаж авсан өвөлжөө хаваржааны газарт буух боломжгүй болсон, боломжтой байсан өөрсдөө татгалзсан гэх үйл баримтад маргаснаас нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 14,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардсан байна.
Талуудын хооронд өвөлжөө, хаваржааны хашааг тухайн газрын эзэмших эрхийн хамт худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн байна.
Үүнээс үзвэл газрыг бусдын эзэмшилд шилжүүлэх гэрээ нь тухайн харилцааг зохицуулж буй газрын тухай хуульд нийцэх учиртай.
Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана. Тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сум, дүүргийн Засаг дарга тогтоож, баг, хорооны Засаг дарга, иргэд мөрдөж хэрэгжүүлнэ. Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно гэж,
Мөн зүйлийн 52.7-д Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно.,
Газрын тухай хуулийн 27 дугаар 27.1-д газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж тус тус хуульчилснаас үзэхэд хуульд заасан журмаар гаргасан Засаг даргын захирамж, газрын албатай байгуулсан гэрээ, тэдгээрээс олгосон гэрчилгээ нь цогцоороо газар эзэмших эрхийг баталгаажуулж байна.
Хариуцагч өөрийн эзэмших эрхийг бусдад худалдсан гэх Хөвсгөл аймгийн Т сумын Тээл багийн Д дөрөлж, Ст гэх газрыг эзэмших эрхтэй этгээд болох талаараа баримтыг ирүүлээгүй, мөн шүүх хуралдаанд би гэрээ, гэрчилгээг аваагүй гэж тайлбарласан тул түүнийг тухайн өвөлжөө хаваржааны газрыг эзэмших эрх бүхий этгээд гэж үзэх боломжгүй.
Мөн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх харилцааг зохицуулсан бөгөөд дээрхи өвөлжөө хаваржааны хашаа, түүний газрыг эзэмших эрхийг хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн нь энэ зүйлд нийцээгүй байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл байхаар хуульчилсан байх ба талуудын хооронд хийсэн өвөлжөө, хаваржааны газрын эзэмших эрхийг худалдаж, худалдан авсан хэлцэл нь хууль зөрчсөн тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж шүүх дүгнэлээ.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч Лээс 14,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Бд олгох нь зүйтэй юм.
Хариуцагч Лийн одоо мөнгийг буцаан өгөх боломжгүй, мөнгийг өөр зүйлд зарцуулсан гэж нэхэмжлэлийг үгүйсгэж байгаа нь түүнийг дээрх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид нийт 227,950 төгрөгийг төлсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийг журамлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Лээс 227,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Бд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан 56.5-д зааснаар хариуцагч Лээс 14,000,000 (арван дөрвөн) сая төгрөг гаргуулж нэхэмжлэгч Бд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийг журамлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Лээс 227,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Бд олгосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА