Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/211

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Б.Байгаль,

Нарийн бичгийн дарга: Б.Ариунболд,

Хохирогч: *******,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414002700220 тоот хэргийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овгийн *******ын /РД: ******* /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 14-ний шөнийн 22 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн *******гийн өмчлөл, эзэмшлийн Самсунг эс5 маркийн гар утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хууль бусаар авч дээрэмдэх гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:... Би уг тогтоолтой танилцлаа. Миний хувьд тухайн хүний гар утсыг авсан унэн. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. гэх хүний хохирлыг барагдуулаагүй байгаа хохирлыг би бүрэн барагдуулна...гэх мэдүүлэг /хх-ийн 110-111/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, мэдүүлэг өгөхгүй гэв.

3.  Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ... Би 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн шөнийн 22 цагийн үед 9 дүгээр багт байх гэрээсээ гараад Төв эмнэлэг рүү явж байсан. Би гэрээсээ гараад гудамжныхаа үзүүрээр гарч ирээд дээш өгсөөд 7 дугаар багийн 4 дүгээр гудамж рүү орсон. Уг гудамжаар явж, ертөнцийн зүгээр зүүн талын үзүүрээр гарч ирээд доош уруудаж, Стандарт хэмжил зүйн газрын урдуур гараад баруун эргэж динозавртай парк, уурын зуух хоёрын дундуур явдаг явган хүний замтай харанхуй хэсэг рүү ороод явж байтал араас нэг үл таних эрэгтэй хүн ирээд баруун гараараа ам дараад, зүүн гараараа шилэн дээр дараад арагш авч явсан. Тэр хүн надад дуугарах юм бол ална шүү, би шоронгоос гарч ирсэн хүн шүү гэж хэлсэн. Тэгээд би тэр хүнээс айгаад эсэргүүцэл үзүүлээгүй. Намайг арагш нэлээн урт зайнд авч яваад улаан өнгийн контейнер, давхарлуулан байрлуулсан байсан бетонон хавтан хоёрын дундуур оруулсан. Тэр үедээ тэр хүн "миний аам цангаад байна, би шоронгоос гарч ирсэн хүн шүү, дуугарах юм бол хутга дүрнэ шүү” гэж хэлсэн. Тэгтэл миний куртикний баруун талын халааснаас миний гар утас газарт унасан чинь тэр хүн ам дарж байсан гараараа газарт унасан гар утсыг авах гээд тонгойсон. Яг энэ үед урд нэг хүүхэд гарч ирэхээр нь би амь авраарай гэж дуугартал нөгөө залуу намайг тавиад, миний гар утсыг аваад 3 дугаар сургуулийн бага сургуулийн зүг зугтаасан. Ийм учраас би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Миний араас барьж авсан болохоор сайн харж чадсангүй. Тийм учраас би тэр хүнийг дахин харвал, мөн түүний дууг дахин сонсвол танихгүй. Тэр хүний өмссөн хувцсыг сайн ажиж харж амжаагүй. Ямартай ч цэнхэр өмд өмссөн байсан. Намайг 7 дугаар багийн 4 дүгээр гудамжинд явж байхад нэг хаалганаас нохой дайрсан. Тэр үед араас нэг цагаан өнгийн машинтай хүн ирээд нохойноос гаргаад өгье гээд би гэрэлд явж байгаад нохойноос өнгөрч гаргуулчихаад явуулсан. Тэгтэл тухайн гудамжны үзүүр дээр гарч ирэхэд гудамжны үзүүр дээр цэнхэр жинсэн өмдтэй, бараан өнгийн куртиктэй залуу зогсож байсан. Одоо бодоод байхад эдгээр хүмүүсийн аль нэг байж магадгүй. Миний хамрын арьс хууларсан, хүзүү бага зэргийн зовиуртай байгаа. Гэхдээ гэмтэл аваагүй юм шиг байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Миний гар утас Самсунг А2 загварын, цагаан өнгөтэй, ямар нэгэн гэмтэлгүй, ажиллагаа хэвийн гар утас байсан. Тэр гар утсыг 2020 онд сонгуулийн сурталчилгаанд хамт явж байсан хүн өгч байсан болохоор худалдаж авч байсан үнийг нь мэдэхгүй байна..гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,

.... Би гар утасны загвар сайн мэдэхгүй. Тухайн үед сандарсан байсан учир самсунг А2 гэж хэлсэн байх. 2021 онд охин надад өгч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 40/,

.....Би өмнө нь хохирогчоор өгсөн мэдүүлэг дээрээ болсон зүйлийн талаар үнэн зөв ярьсан одоо надад нэмж ярих зүйл байхгүй. надтай уулзаагүй миний гар утсыг өгөөгүй хохирол барагдуулаагүй. Намайг ахиж гудамжинд барьж авна гэж бодоод айдастай байгаа....гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ:  2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр манай нөхөр эмнэлэгт хэвтсэн байсан.  Би орой 22 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад эмнэлэг явж байтал гудамжны өнцөг дээр нэг хүүхэд ирээд зогссон байсан. Би хашаа руу орох гэж байгаа юм байх гэж бодоод хараачгүй чигээрээ явсан. Гэтэл 3 дугаар арван жилийн баруун талд явж байтал араас ирээд ам бариад намайг шууд хойш нь чирсэн. Тэгээд “...дуугарч болохгүй шүү та, дуугарвал хохь чинь шүү та, би шоронгоос гарч ирсэн хүн шүү...” гэж хэлсэн. Тэгээд хойш нь намайг чирээд явсан. Контейнеруудын  дундуур намайг чирээд орсон. Тэгтэл миний утас газарт унасан. Нөгөө талаас нэг хүүхэд хөөе юу болж байна гэж орилсон. Тэгтэл энэ залуу миний гараас тавиад утас аваад зугтаасан.

5.  Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:... Би *******гийн хүүхэд нь байгаа юм. Ээжийн дээрэмдүүлсэн гар утас нь самсунг эс5 загварын цагаан өнгөтэй гар утас байсан. Тухайн гар утсыг би 2020 онд таньдаг хүнээсээ 180,000 төгрөгөөр худалдаж аваад, 2021 онд ээждээ үнэ төлбөргүй өгсөн юм...гэх мэдүүлэг / хх-ийн 46/,

6. Насанд хүрээгүй гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: .... Би 2024 оны 04 дүгээр сарын 14-ний 20 цаг 40 минутын үед фитнесээсээ гараад гэр рүүгээ явсан. Намайг 3 дугаар сургуулийн бага сургуулийн араар гараад динозавртай парк, уурын зуух хоёрын дундуур ертөнцийн зүгээр хойшоо явж, үзүүр дээр ирж байхад эмэгтэй хүн "ааааааа" гэж орилоод, дууг нь хааж байгаа мэт авиа сонсогдоод чимээгүй болсон. Тэгэхээр нь би нэг согтуу хүн эхнэрээ зодоод байгаа юм болов уу гэж бодоод салгая гэж бодоод буцаад очсон. Тэгтэл улаан өнгийн контейнер, давхарлуулан байрлуулсан байсан бетонон хавтан хоёрын хооронд 2 хүн хөдөлгөөнгүй байж байсан. Тэгээд би “хөөе юу болоод байна” гэж хэлээд гар утасныхаа чийдэнг асаах гэж байсан чинь нэг эрэгтэй хүн урагшаагаа зугтсан. Тэгтэл үлдсэн эмэгтэй хүн нь над дээр ирээд ахаа, эгчээ авраарай гээд гараас барьж байсан. Тэр эмэгтэй надад саяны хүн надад би шоронгоос гарч ирсэн, чамайг дүрчихнэ шүү, дуугүй байгаарай, гар утас аваад явсан гэх мэт зүйл хэлж байсан.Тэгээд би тэр хүнийг дагуулаад цагдаагийн газарт ирсэн. Би тэр хүнийг зугтахаар нь араас нь харсан чинь цэнхэр жинсэн өмдтэй, бараан өнгийн малгайтай цамцтай, 175 орчим өндөртэй, махлагдуу эрэгтэй хүн байсан. Би дуу хоолойг нь сонсоогүй, царайг нь хараагүй. Тэр эмэгтэй хүн их айсан, сандарсан, хамрын үзүүр нь шалбарсан, цус гарсан, өмд шороо болсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 49 /,

7. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээч А.Баярболдын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 16 дугаартай шинжээчийн:...1. Хэргийн газраас бэхжүүлж авсан 2 ширхэг гутлын улны мөр нь оношлогооны шинжилгээнд тэнцэнэ. Уг мөрүүд нь ажлын болон энгийн хэрэглээний, нийт урт нь 29 см, өлмийн өргөн 11 см, өлмийн өргөн 9 см хэмжээтэй гутлын мөрүүд байж болно.

2. Уг гутлын мөрүүд нь ямар хүйсийн хүний гутлын мөр эсэхийг тогтоох боломжгүй байна.

3. Уг гутлын мөрүүд нь 1 хүний баруун, зүүн хөлийн өмсгөлтэй гутлаар үүсгэгдсэн мөрүүд байна.

4. Шинжлэгдэж буй гутлын мөрүүд нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Шинжлэгдэж буй мөрүүдээр тухайн хүний биеийн өндрийг ойролцоогоор тогтоох томъёо ашиглан үзэхэд 170-175 см орчим өндөртэй хүний өмсөж явсан гутлын улаар үүсгэгдсэн байх боломжтой.

6. Мөрний үүссэн зураглалаас үзэхэд ямар нэгэн зүйл татаж чангаах үедээ үүсгэсэн байх боломжтой байна....гэх дүгнэлт /хх-ийн 60-63/,

8. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээч С.Каделын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 253 дугаартай шинжээчийн:...1. *******гийн биед гэмтэл тогтоогдсонгүй...гэх дүгнэлт /хх-ийн 69-70/,

9. Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээч Б.Галбадрахын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1585 дугаартай шинжээчийн:..... 1. Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн 2 дугаараар дугаарласан гутлын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн 3 дугаараар дугаарласан гутлын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэж байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн 3 гэж дугаарласан гутлын мөр харьцуулах загварт ирүүлсэн зүүн гутлын улны хээний дардастай хээний хэлбэр, хэмжээ, хээ хоорондын зай, хээний ерөнхий дүрслэл, тоо, ширхэг зэрэг ерөнхий шинж тэмдгүүдээрээ тохирч байна.

4. Шинжилгээ хийх явцад нэмэлтээр хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдал илрээгүй болно....гэх дүгнэлт /хх-ийн 75-76/,

10. Шинжээч Л.Наранцэцэгийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 94 дугаартай:....Самсунг С5 маркийн гар утас 80.000 төгрөг,

Шинжилгээний объектын нийт үнэ цэнэ 2024 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар 80.000 / Наян мянга / төгрөг болохыг тодорхойлов....гэх дүгнэлт /хх-ийн 86/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч 3 хуудас нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үндэслэн дүгнэхэд шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 14-ний шөнийн 22 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн *******гийн өмчлөл, эзэмшлийн Самсунг эс5 маркийн гар утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хууль бусаар авч дээрэмдэх гэх гэмт хэргийг үйлдсэн үйл баримт болсон нь хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Би 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн шөнийн 22 цагийн үед 9 дүгээр багт байх гэрээсээ гараад Төв эмнэлэг рүү явж байсан. Би гэрээсээ гараад гудамжныхаа үзүүрээр гарч ирээд дээш өгсөөд 7 дугаар багийн 4 дүгээр гудамж рүү орсон. Уг гудамжаар явж, ертөнцийн зүгээр зүүн талын үзүүрээр гарч ирээд доош уруудаж, Стандарт хэмжил зүйн газрын урдуур гараад баруун эргэж динозавртай парк, уурын зуух хоёрын дундуур явдаг явган хүний замтай харанхуй хэсэг рүү ороод явж байтал араас нэг үл таних эрэгтэй хүн ирээд баруун гараараа ам дараад, зүүн гараараа шилэн дээр дараад арагш авч явсан. Тэр хүн надад дуугарах юм бол ална шүү, би шоронгоос гарч ирсэн хүн шүү гэж хэлсэн. Тэгээд би тэр хүнээс айгаад эсэргүүцэл үзүүлээгүй. Намайг арагш нэлээн урт зайнд авч яваад улаан өнгийн контейнер, давхарлуулан байрлуулсан байсан бетонон хавтан хоёрын дундуур оруулсан. Тэр үедээ тэр хүн "миний аам цангаад байна, би шоронгоос гарч ирсэн хүн шүү, дуугарах юм бол хутга дүрнэ шүү” гэж хэлсэн. Тэгтэл миний куртикний баруун талын халааснаас миний гар утас газарт унасан чинь тэр хүн ам дарж байсан гараараа газарт унасан гар утсыг авах гээд тонгойсон. Яг энэ үед урд нэг хүүхэд гарч ирэхээр нь би амь авраарай гэж дуугартал нөгөө залуу намайг тавиад, миний гар утсыг аваад 3 дугаар сургуулийн бага сургуулийн зүг зугтаасан....” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч *******ын “....Би 2024 оны 04 дүгээр сарын 14-ний 20 цаг 40 минутын үед фитнесээсээ гараад гэр рүүгээ явсан. Намайг 3 дугаар сургуулийн бага сургуулийн араар гараад динозавртай парк, уурын зуух хоёрын дундуур ертөнцийн зүгээр хойшоо явж, үзүүр дээр ирж байхад эмэгтэй хүн "ааааааа" гэж орилоод, дууг нь хааж байгаа мэт авиа сонсогдоод чимээгүй болсон. Тэгэхээр нь би нэг согтуу хүн эхнэрээ зодоод байгаа юм болов уу гэж бодоод салгая гэж бодоод буцаад очсон. Тэгтэл улаан өнгийн контейнер, давхарлуулан байрлуулсан байсан бетонон хавтан хоёрын хооронд 2 хүн хөдөлгөөнгүй байж байсан. Тэгээд би “хөөе юу болоод байна” гэж хэлээд гар утасныхаа чийдэнг асаах гэж байсан чинь нэг эрэгтэй хүн урагшаагаа зугтсан. Тэгтэл үлдсэн эмэгтэй хүн нь над дээр ирээд ахаа, эгчээ авраарай гээд гараас барьж байсан. Тэр эмэгтэй надад саяны хүн надад би шоронгоос гарч ирсэн, чамайг дүрчихнэ шүү, дуугүй байгаарай, гар утас аваад явсан гэх мэт зүйл хэлж байсан.Тэгээд би тэр хүнийг дагуулаад цагдаагийн газарт ирсэн. Би тэр хүнийг зугтахаар нь араас нь харсан чинь цэнхэр жинсэн өмдтэй, бараан өнгийн малгайтай цамцтай, 175 орчим өндөртэй, махлагдуу эрэгтэй хүн байсан....” гэх мэдүүлэг болон үй баримтын орчны камерын бичлэгт уг үйл баримт болон гэмт этгээдийн талаар бичигдсэн СД, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн 80.000 төгрөгийн үнэтэй гар утсыг дээрэмдсэн нь нотлогдсон байна гэж үзлээ.

Дээр үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь шунахай сэдэлтийн улмаас бусдын гар утсыг дээрэмдсэн гэж  дүгнэлээ.

Ийм учраас шүүгдэгч *******ийг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцлоо.

Шүүгдэгч *******ийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байна гэж үзлээ.

Дээрх үйл баримт нь шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь гар утасны үнэ хохирлыг нөхөн төлсөн гэж илэрхийлсэн тул тэднийг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж шийдвэрлэлээ.

Энэ хэргийн учир шүүгдэгч *******  нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Хэрэгт шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан хар өнгийн үдээстэй арзгар ултай хагас түрийтэй гутал 1 хос, тухайн үйл баримтын бичлэг бүхий СД 1 ширхэгийг эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн тул гутал 1 хосыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж, СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргалаа.

Шүүгдэгч *******ийн асрамжид байгаа  Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5.2.233 тоотод оршин суух 6 настай,  төрсөн хүү Д.Эрхэмбаярт асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоохыг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргад үүрэг болгож шүүхийн шийдвэрийг хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн  6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар  шүүгдэгч ******* овогт *******ын ийг нарыг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан нэг / 01 / жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Өсвөр насны шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.1-д зааснаар шүүгдэгч *******ийн төрсөн хүү Д.Эрхэмбаярт асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоохыг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын засаг даргад даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт үйл баримтын талаарх бичлэг бүхий СД 1 ширхэгийг эд мөрийн баримтаар хураан ирүүлснийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан хар өнгийн хагас түрийтэй гутал нэг хосыг эд мөрийн баримтаар хураан ирүүлснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар өсвөр насны  шүүгдэгч *******ид  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн  цагдан хорьж түүний эдлэх ялыг 2024 оны 09 дүгээр сарын 16-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл өсвөр насны шүүгдэгч *******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.БАТЦЭНГЭЛ