| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2024/0079/э |
| Дугаар | 2024/ШЦТ/89 |
| Огноо | 2024-09-09 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,
улсын яллагч Т.Түмэнжаргал,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Б-ын Бд холбогдох эрүүгийн 2417000800078 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, М овогт Б-ын Б /РД:.............../, Булган аймгийн Бугат суманд 1984 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “........... ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, ........... дүүрэг, ......... дугаар хороо, ............ дугаар хороолол, ................оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/11.4
Яллагдагч Б.Б нь 2024 оны 05 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Этай үл ялих зүйлийн улмаас маргалдаж түүнийг унагаасны улмаас хохирогчид зүүн эгмийн далд хугарал, цээжний зүүн дээд хэсгээр цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Э агсам тавиад яваад байхаар нь салгах гэж яваад өөрөө хэрэгт орсон. Эгийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 1 500 000 төгрөг өгсөн. Эрүүл мэнд даатгалаас гаргуулсан мөнгийг төлж барагдуулна. Эг санамсаргүй байдлаар унагаасан. Тэрэн дээр гэмтсэн гэж л ойлгоод байгаа. Миний буруу гэв.
2. Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр уурхайгаас нүүрс ачиж ирээд түүнийг Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Говь-Урал” гэх газрын хашаанд нь нүүрсээ буулгасан. Тэгээд тухайн хашааны гадна гараад машинаа байрлуулсан, тухайн үед надтай хамт З гэх хүн том оврын ачааны машинтайгаа, А гэх хүн том оврын машинтайгаа байсан, мөн тухайн үед Эын машин нь эвдэрсэн байсан болохоор Улаанбаатар хотоос түүний машиныг нь засахаар Б гэдэг хүн ирчихсэн байсан. 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр А, З бид 3 тухайн газрын хойно гэр хороолол дунд байдаг дэлгүүрээс 0.5 литрийн савлагаатай, цэнхэр өнгийн лаазтай Lite гэдэг нэртэй 10 ширхэг шар айраг авч ирээд түүнийгээ машиныхаа гадна сууж байгаад хүн тус бүр 1 ширхэг шар айраг уусан. Тэгээд караокед 1 өрөө аваад 0.75 литрийн савлагаатай Jack нэртэй виски, 0.5 литрийн савлагаатай Нийслэл нэртэй 3 ширхэг шар айраг аваад түүнийгээ ууцгаасан. Биднийг караокед ороод нэг их удаагүй байхад Б, Э хаана байгаа талаар асуухаар нь байгаа газраа хэлээд удаагүй байхад хүрч ирээд бидэнтэй хамт сууцгаасан. Тухайн хүмүүс нэмж уух зүйлс аваагүй. Нэг мэдсэн өглөө болсон байсан. Би өөрийнхөө машины кабинд ганцаараа унтаж байсан бөгөөд босох гэтэл миний бие дийлэхгүй, зүүн мөр орчим маш их өвдөж байсан. Тэгэхээр нь би эхнэр рүүгээ залгаж болсон зүйлийн талаар хэлсэн. Тэгтэл манай эхнэр найзынхаа аавыг дуудаад намайг эмнэлэг рүү хүргүүлсэн. Би өглөөний 06 цагийн орчим эмнэлэг дээр очсон бөгөөд миний зүүн талын эгэм хугарсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу болсон талаар Заас асуухад Б, Э нартай муудалцаад Б гэдэг залуу намайг 2-3 удаа алгадаад, мөн тонгорч унагаагаад дээрээс өвдөглөөд босгохгүй байсан талаар ярьсан. Б гэдэг хүнийг сайн танихгүй. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байсан болохоор юу ч санахгүй байгаа. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Эмчилгээний зардалд гарсан 1 500 000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 16-21 хуудас/
3. Иргэний нэхэмжлэгч Б.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон Б.Эд аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж авахад 141 480 төгрөг, Монгол Японы хамтарсан эмнэлэгт мэс засал хийлгэхэд 2 520 320 төгрөг, амбулторын үзлэг, оношилгоо, шинжилгээ хийлгэхэд 87 360 төгрөг, Гэмтэл Согог үндэсний төвийн яаралтай тусламж үзүүлэхэд 124 762 төгрөг зэрэг тусламж үйлчилгээг үзүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хооронд нийт 2 873 922 төгрөгийн зардал гарсан байна. Тухайн мөнгийг буруутай этгээдээс нэхэмжилнэ. Эрүүл мэндийн Ерөнхий газрын төрийн сангийн 100900020080 тоот дансаар эргүүлэн авна” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 28 хуудас/
4. Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Манай нөхөр Э нь Хөөт гэдэг уурхайгаас том оврын машинаар нүүрс зөөдөг ажил хийдэг. 2024 оны 05 дугаар сарын 15-ны өглөө 06 цагийн орчим манай нөхөр залгаад миний 1 юм хугарсан юм шиг байна. Би босож чадахгүй байна. Би урьд шөнө Б, Э, З нартай хамт архи уусан, юу болсон талаар мэдэхгүй байна. Бтой маргалдаад байх шиг байсан гэж ярьсан. Тэгэхээр нь найзынхаа аавыг гуйгаад Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргүүлсэн. Тэгтэл манай нөхрийн зүүн талын эгэм нь хугарсан гээд боолт хийлгүүлсэн байдалтай байхаар нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 30 хуудас/
5. Гэрч Ч.З мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Караоке суугаад 1 цаг 20 минут орчим болж байхад Э, Б нар Улаанбаатар хотоос шууд ирлээ гээд орж ирсэн. Тухайн хүмүүсийг ирэх үед бидний авсан байсан виски нь бараг дуусах дөхсөн байсан, Б бид хоёр тухайн вискинээс бараг уугаагүй, харин Э С нар их уусан. Тэгээд бид хоёр явган алхаж байгаад замаараа дэлгүүр орж хүнсний зүйл аваад төмөр замын баруун талд байдаг "Говь урал" гэх нэртэй хашааны гадаа явган алхаад 17-18 цагийн орчим ирсэн, тухайн газар бид нар машинаа тавьчихсан байсан юм. Биднийг очиход А гэдэг хүн машинаа янзлаад байж байсан, тэгтэл Б шууд машин руугаа ороод унтчихсан юм. Тэгээд байж байтал 18-19 цагийн орчим Б, Э, Э С нар машин дээр хүрч ирсэн. Э, С нар нэлээд согтсон харин Б, Э нар гайгүй байсан. Тэгтэл С гэх хүн Эт хандаад "Чи өөрөө машинаа янзлахгүй, А ахаар янзлуулдаг" гэх утгатай зүйл хэлээд маргалдаж эхэлсэн, тэдний маргааныг Б таслаад "Холоос зорьж ирж байхад хоорондоо муудалцаад байх юм наадахаа дараа бол" гэж хэлээд машинаасаа 0,5 литрийн савлагаатай, 24 ширхэг "Нийслэл" нэртэй шар айраг, 0,75 литрийн "Агар" гэдэг нэртэй архи гаргаж ирээд ууцгаасан. Тухайн архийг ууж байх явцад С, Э нар "Э, З нар амиа бодож явдаг түрүүлээд хаяж явдаг" гэх мэт зүйл яриад хэрүүл өдөөд байсан, мөн Э нь Эд хандан "Танай ах чинь цагдаа гэсэн биз дээ, чи ахынхаа нэрийг бариад хэр хол явах юм бэ" гэх зүйл хэлээд агсраад байсан. Тухайн үед архийг нь Э, Б, Э, С нар хувааж уусан, мөн шар айраг уусан. Би тухайн үед 4-5 лааз шар айраг уусан болохоор ямар нэгэн согтсон зүйл байгаагүй болсон зүйлийг бүгдийг нь санаж байгаа юм. Тэгтэл Э хандан “Чи цагдаа ахтай юм чинь яав л гэж яваач” гээд хэний ч дургүйг хүргэж уурлуулахаар зүйл хэлээд байсан гээд хэний ч дургүйг хүргэж уурлуулахаар зүйл хэлээд байсан. Тэгээд Э, Э нар маргалдаж, муудалцаад нэг л таагүй байдал үүсэхээр нь би машиндаа ороод хэвтчихсэн юм, тэгээд хэвтэж байтал шөнийн 23 цагийн орчим Э миний гар утас руу залгаад "Энэ 2 намайг алах гээд байна" гэж хэлэхээр нь би хувцсаа өмсөөд машинаасаа гараад иртэл Э нь Эд хандан "Чи намайг цагдаад барьж өгөх гэж байгаа юм уу?" чи бид хоёрын нөхөрлөл ийм болчихсон юм уу?" гээд улам их уурлаад дайраад байсан. Би тэдний ярианаас сонсоход цагдаа ирчхээд явсан юм шиг яриад байсан. Э Бд уурлаж босож ирээд "Чи миний амьдралд оролцдог хэн бэ" гэж хэлээд Эг цохих гээд гараа далайсан чинь Э бултсан би тэр үед дундуур нь ороод салгасан чинь Э Бгийн хойноос хөөж очоод энгэрээс заамдсан чинь Б Эгийн зүүн талын хацар орчим 2 удаа алгадсан. Тэгэхээр нь би Бг цааш нь түлхээд "Э согтуу байна, та бараг эрүүл байгаа юм чинь Эыгаа аваад машиндаа ороод амарчих" гэж хэлчхээд би өөрөө Эг машин руу нь аваад явж байсан чинь Э бидний хойноос ирээд "Цагдаа ах руугаа залгаад саяны цагдаагаар бариулаач" гэж утгатай зүйл хэлсэн. Э нь Э руу дайрахаар нь би түүнийг хойш нь түлхээд явж байтал Б хүрч ирээд Этай муудалцаад байсан, тэгээд Б нь Эг тонгороод доороо хийгээд унагаасан бөгөөд түүний хүзүү рүү нь нэг гараараа заамдаж шахаад нэг гараараа Эгийн хацар орчим нь 2 удаа алгадсан. Тэгэхээр нь би тэднийг салгаад Б, Э нарыг машин руу нь явуулаад Эг машин руу нь оруулах гэтэл тэр өөрөө машиндаа орж чадахааргүй их хэмжээний согтолттой байсан, тэгэхээр нь би түүнийг машин руу нь оруулаад оронд нь оруулж хэвтүүлээд хаалгыг нь хаасан. Б, Э нарыг муудалцах үед хажууд Э бид хоёр л байсан, бусад нь болох Б, А, С нар машиндаа унтацгаасан байсан. Тухайн үед миний нүдэн дээр Э, Э маргалдаад байсан хэдий ч тэд бие биеийнхээ биед халдаагүй, харин Б, Э нар зууралдсан, Б Эг газар тонгорч унагаагаад дээрээс алгадаад байсан, тэр үед л эгэм нь хугарсан байх гэж бодож байна. Тухайн өдөр Этай зууралдаж ноцолдсон хүн бол ганцхан Б л байгаа юм “гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 35-36 хуудас/
6. Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Надтай хамт тээвэрт явж байсан Э, Б, С, З нар караокед сууж байна хүрээд ир гээд гар утсаар яриад байхаар нь Б бид хоёр "Андууд" дэлгүүрийн хажуу талд 2 давхар хүрэн байшинтай караокед очсон. Биднийг очиход тухайн караокены 2 давхрын нэг өрөөнд Э, Б, С, З гэх хүмүүс сууж байсан бөгөөд 1 литрийн савлагаатай нэрийг нь мэдэхгүй виски ууж байсан бөгөөд тухайн виски нь бараг дуусаж байсан. Тэгээд бид нар жаахан сууж байгаад караокеных нь цаг нь дуусахаар нь тэндээсээ гараад шууд төмөр замын баруун талд байдаг "Говь урал" гэх нэртэй хашааны гадна ирсэн. Тэгээд байж байтал Э нэлээд согтсон байсан бөгөөд хүн болгон руу агсраад "Би Чойрын цагдаа нарыг мэднэ, эндхийн цагдаад манай ах ажилладаг, хурандаа цолтой хүн байдаг, та нарыг баривчлуулна" гэх мэт зүйл яриад өөртэй нь тааралдсан хүн болгонтой муудалцаад байсан бөгөөд ихэнхдээ Б бид хоёр руу агсраад, хэл амаар доромжлоод байсан. Тэгээд Э өөрөө гар утсаараа цагдаад дуудлага өгөөд байсан, би юу гэж дуудлага өгсөн талаар мэдэхгүй байна, удаагүй байж байтал 2 цагдаа хүрч ирээд юу болсон талаар асуугаад Эг дагуулж яваад уулзаж байгаад буцаагаад авч ирээд "Одоо та нар амарцгаа" гэж хэлсэн. Тухайн үед би нэлээд согтсон байсан болохоор түүнээс хойш юу болсон эсэхийг санахгүй байна. Би Эгийн биед халдаж цохиж, зодоогүй, би тухайн үед нэлээд согтсон байсан болохоор эрт унтсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 38-39 хуудас/
7. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 164 дугаартай дүгнэлтэнд: “Б.Эгийн биед зүүн эгэмний далд хугарал, цээжний зүүн дээд хэсгээр цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн эгэмний далд хугарал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цээжний зүүн дээд хэсгийн цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /1-р х.х-ийн 59-60 хуудас/
8. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 168 дугаартай дүгнэлтэнд: “Б.Бгийн биед гэмтэл тогтоогдсонгүй
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /1-р х.х-ийн 73 хуудас/
9. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р х.х-ийн 2-3, 4-10 хуудас/
10. Хохирогч Б.Эгийн Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлэгт үзүүлсэн тэмдэглэл, рентген зураг, /1-р х.х-ийн 117-155 хуудас/
11. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р х.х-ийн 94 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Э, гэрч Б.Т, Ч.З, Д.Э нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 164 дугаартай дүгнэлт гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эмнэлгийн үзлэг, оношлогооны баримт, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.
Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж шүүхээс дүгнэж, Прокуророос хэргийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон, гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б нь хүлээн зөвшөөрсөн ба хэргийн зүйлчлэлтэй холбоотой маргаагүй болохыг тус тус дурдлаа.
Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй байна.
ХОЁР. Шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Т.Түмэнжаргал эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулах дээрх торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргажээ.
Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсан, үлдэгдэл хохирлыг төлөхөө илэрхийлж хохирогчтой хэлцэл байгуулсан зэргийг мөн улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагыг саналыг тус тус харгалзан шүүгдэгч Б.Бг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Бг нь гэм хорын хохиролд 1 500 000 төгрөг төлснийг, хохирогч Б.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Б-ын Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Бг нь гэм хорын хохиролд 1 500 000 төгрөг төлснийг, хохирогч Б.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Б.Бгоос 2 873 922 /хоёр сая найман зуун далан гурван мянга есөн зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сангийн 100900020080 тоот дансанд олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ