Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2020/ДШМ/1332

 

 

 

 

 

 

                                                       

Д.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ариунжаргал,

шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Р.О,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Ч.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/1525 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Р.О нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Бт холбогдох 2006000001682 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Дашийн Б, 1980 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад харилцааны менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ;

            Багануур дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 272 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан;

            Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 27-14 тоотод Б.Этай маргалдан цээжин тус газар хутгалж, эрүүл мэндэд нь зүүн суганы урд шугамаар 4 дүгээр хавирганы түвшинд цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд хий хуралдалт, зүүн талын 4 дүгээр хавирганы хугарал, зүүн мөрөнд шарх, зүүн бугалганд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Дашийн Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Бт 6 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан 6 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.Баас 673.650 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Эад олгуулж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Д.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие уур бухимдлаа барьж чадаагүйгээс болж хүний эрүүл мэндэд гэмтэл учруулсандаа маш их харамсаж, гэмшиж, гэм буруугаа ойлгож байна. Хохирогчид хохирлын үлдэгдэл 673.650 төгрөгийг төлж барагдуулсан. Хамгийн гол нь хохирол өгөхдөө биш хийсэн хэрэгтээ маш их харамсаж байгааг минь харгалзан үзнэ үү. Мөн нас өндөрт гарсан ээжийн минь биеийн байдал тогтворгүй, байнга эмнэлгийн хяналтад байх бөгөөд амьд сэрүүнд нь уулзахад гүн туслалцаа үзүүлж, хаалттай хорих дэглэмийг нээлттэй болгож өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж өгнө үү. ...” гэжээ.

            Шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Р.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтас хэрэгт авагдсан нотлох баримт /хх 9-20, 36/, гэрч, хохирогч, яллагдагчийн удаа дараагийн мэдүүлгүүд, хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий хэсгийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.4, 1.5, зарим талаараа 1.1-ийн шинжийг агуулсан зэргийг шүүх харгалзан үзэж ял хөнгөрүүлэх боломж байсан гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар хорих ялын дэглэмийг зөвхөн шүүх тогтоохоор заасан юм. Шүүх гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэж хугацаатай хорих ялыг 6 сараас 20 жил хүртэл хугацаагаар нээлттэй эсвэл хаалттай хорих байгууллагад тусгаарлан эдлүүлж болно гэснийг харгалзан үзэж хорих ялыг нээлттэй дэглэмд эдлүүлэх боломж шүүхэд байсан гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан ялын доод хэмжээгээр 5 жилийн хорих ял болгож, нээлттэй дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгч Д.Б нь өөрийнхөө үйлдлийг ухаарч ойлгосон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг харгалзаж ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж харж байна. Хохирогч, шүүгдэгч хоёр 30 жил найзалсан байдаг. Шууд санаа зорилготойгоор, өс хонзон агуулж хэргийг үйлдээгүй болох нь мэдүүлгээс нь тодорхой харагддаг. Хохирогч мэдүүлэхдээ “эмнэлэгт хэвтэж байхад шүүгдэгч эмчилгээний мөнгийг асуудалгүй гаргаж өгсөн, эмнэлгийн тусламж хурдан үзүүлсэн, надад гомдол, санал байхгүй” гэсэн байдаг. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээс өмнө хохирогч ажилгүй байсан хугацааныхаа цалин болох 673.000 төгрөгийг нэхэмжилсэн баримт гаргаж өгснийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн. Хохирогчийн буруутай үйл ажиллагаа байсан болох нь мэдүүлгээс нь харагддаг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар ялыг хөнгөрүүлэх боломжтой. ...” гэв.

            Прокурор Д.Ариунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэдийгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж байгаа боловч хэрэгт авагдсан бүх баримтаар хангалттай нотлогдсон. Шүүгдэгчийн өмнөх ялтай байдлыг тооцохгүй ч хувийн байдал нь түүний үйлдлээс харагдаж байгаа. Хохирогч цалингаа нэхэмжлээгүй, 673.000 төгрөг нь эмчилгээний зардал байдаг. Шүүгдэгч үнэхээр гэм буруугаа ойлгож байсан бол хохирлоо тухайн үед нь төлөх боломжтой байсан. Давж заалдах гомдол гаргахдаа хохирлоо төлөөд, гэм буруугаа ойлгож байна гэж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 27-14 тоотод Б.Этай маргалдан цээжин тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь зүүн суганы урд шугамаар 4 дүгээр хавирганы түвшинд цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд хий хуралдалт, зүүн талын 4 дүгээр хавирганы хугарал, зүүн мөрөнд шарх, зүүн бугалганд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            хохирогч Б.Эын “...Найзуудын хамт архи ууж байсан ба би өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байсан. Нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн. ...Миний биеийн цээж, хэвлий хэсэгт хутгалсан байсан. ...Найз Ш.Б нь үл ялих зүйлээс болж маргалдаж байхдаа миний зүрхний дээд тал руу 2 удаа хутгалсан. ...Д.Б намайг эмнэлэгт хэвтэж байхад КТГ-ын зурагны үнэ 360.000 төгрөг, ор хоногийн мөнгө болох 100.000 төгрөг буюу нийт 460.0000 төгрөгийг миний төрсөн эгч Наранцэцэгийн данс руу шилжүүлсэн. ...Д.Баас ... 6 сарын цалин болон 9.000.000 төгрөгийг нэхэмжилж байна” /хх 9-10, 13-15/,

            гэрч Д.Нямцэрэнгийн “...Хохирогч Б.Э нь архи уухаар жаахан агсам зантай ба Д.Б, Б.Э хоёр хоорондоо тоглож юм яриад байсан. Д.Б нь Б.Эыг “халтар, халтар” гээд хочоор нь дуудаад байсан. Б.Э уурлаад Д.Бын нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохиод ... би буруу хараад ... сууж байхад Э “энэ муу намайг хутгаар шаачихлаа” гэхээр нь ... очиход Эын цээжнээс цус гараад байсан. ...Би ... “яаралтай тусламж дуудаж өгөх хэрэгтэй” гээд гараад ... хар машинтай хүн байхаар нь түүний утаснаас дуудлага өгсөн. ...” /хх 18-19/,

            гэрч М.Эрдэнсүхийн “...Намайг нойлын өрөөнөөс гарч ирэхэд Б “энэ муу чинь намайг зүгээр байж байхад миний хамар руу цохичихлоо” гэсэн ба Э газарт ... хэвтсэн түүний цээжний дээд талаас цус гарч байхаар нь ... Эын өөрийнх нь фудволкоор ... цус гарч байгаа газар нь дарсан. ...” /хх 20-21/ гэх мэдүүлгүүд,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6520 дугаартай “...Б.Эын биед зүүн талд суганы урд шугамаар 4 дүгээр хавирганы түвшинд цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд хий хуралдалт, зүүн талын 4 дүгээр хавирганы хугарал, зүүн мөрөнд шарх, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цээжний хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1 -д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн талын 4 дүгээр хавирганы хугарал, зүүн мөрний шарх гэмтэл нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 24-25/ гэх дүгнэлт,

            гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-2/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-5/, фото зургийн үзүүлэлт /хх 6-7/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

            Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Быг хохирогч Б Б.Этай маргалдан цээжин тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь зүүн суганы урд шугамаар 4 дүгээр хавирганы түвшинд цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд хий хуралдалт, зүүн талын 4 дүгээр хавирганы хугарал, зүүн мөрөнд шарх, зүүн бугалганд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

            Шүүгдэгч Д.Быг хохирогч Б.Этай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний цээжин тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын хэмжээний дотор буюу 6 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

            Шүүгдэгч Д.Баас “...Миний бие уур бухимдлаа барьж чадаагүйгээс болж хүний эрүүл мэндэд гэмтэл учруулсандаа маш их харамсаж, гэмшиж, гэм буруугаа ойлгож байна. Хохирогчид хохирлын үлдэгдэл 673.650 төгрөгийг төлж барагдуулсан. ...Нас өндөрт гарсан ээжийн минь биеийн байдал тогтворгүй, байнга эмнэлгийн хяналтад байх бөгөөд амьд сэрүүнд нь уулзахад гүн туслалцаа үзүүлж, хаалттай хорих дэглэмийг нээлттэй болгож өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж өгнө үү. ...” гэсэн,

            шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Р.Оаас “...Шүүгдэгч Д.Б нь өөрийнхөө үйлдлийг ухаарч ойлгосон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг барагдуулсан бөгөөд гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг харгалзаж ялыг хөнгөрүүлэх боломжтой. Хохирогч “эмнэлэгт хэвтэж байхад шүүгдэгч эмчилгээний мөнгийг асуудалгүй гаргаж өгсөн, эмнэлгийн тусламж хурдан үзүүлсэн, надад гомдол, санал байхгүй” гэсэн байдаг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар ялыг хөнгөрүүлж, дэглэм өөрчилж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар ялыг хөнгөрүүлэх боломжтой. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлтэй байна. Учир нь:

            Шүүгдэгч Д.Бын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн, түүний анхан шатны шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй байна.

            Иймд шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Р.О нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Бт 6 жил хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Бт 5 жил хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан 6 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуулыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б нь хохирогч Б.Эад 673.650 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдаж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/1525 дугаартай шийтгэх тогтоолын:

            тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Бт 6 жил хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Бт 5 жил хорих ял шийтгэсүгэй. ...” гэж,

            тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан 6 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

            2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Баас хохирогч Б.Эад 673.650 төгрөгийн хохирлыг давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө төлсөн болохыг дурдсугай.

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                                       Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ