Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2017/0126

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Э” ХХК

Хариуцагч: Ү

Гуравдагч этгээд: Э М Я

Нэхэмжлэлийн шаардлага: “...Үндэсний аудитын газрын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1/28 тоот “Төлбөрийн акт тавих” тухай захиргааны актыг хүчингүй болгуулах

Шүүх хуралдаанд: Итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.М хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С , Б.А , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О  шүүх хуралдааны *******ийн бичгийн дарга М.Чингис ******* оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн Ерөнхий захирал Л. шүүхэд гаргасан нэхэмжлэл түүний хууль зүйн үндэслэлээ:

“...Манай компани 2014 онд Э М Я наас зарласан “Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 3-р шатлалын лабортори”-ын барилга угсралтын ажил гүйцэтгэх тендерт оролцон гүйцэтгэгчээр шалгарч улмаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулан гэрээний дагуу ажлаа явуулж байгаа болно. Гэтэл Ү 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1/28 тоот “Төлбөрийн акт тавих тухайакт тавьсан.  Манай компанийн гүйцэтгэж байгаа барилгын ажил нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусах  бөгөөд  барилгыг  бүрэн  гүйцэтгэж

 

дуусгаагүй байхад  энэхүү акт тавьсан нь гэрээний дагуу барилгын ажил гүйцэтгэж

буй ажилд хүндрэл, чирэгдэл учруулж байна.

Мөн манай компани барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах хөрөнгийг хариуцаж, гүйцэтгэн дуусгаж улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа бөгөөд Үндэсний аудитын газрын бүрэн бус, хувь хүний үзэмжээр тавьсан актыг эсэргүүцэж байна. Иймд Үндэсний аудитын газрын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1/28 тоот “Төлбөрийн акт тавих тухай” захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Н******* нэхэмжлэлийн хариу тайлбар, хууль зүйн үндэслэлдээ:

“...Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан “Э” ХХК-иас Үт холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

 Монгол Улсын Ерөнхий аудиторын 2016 оны А/05 дугаар тушаалаар батлагдсан “Үндэсний аудитын газрын 2016 онд нийлүүлэх аудитын болон ажил, үйлчилгээний төлөвлөгөө”-ний дагуу 2015 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, үр дүнд хийсэн аудитын хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр Эрүүл мэнд, спортын сайдын багцад хэрэгжүүлж буй Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 3 дугаар шатлалын лабораторийн барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг шалгасан. Аудитаар Э М Я /захиалагч/ Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 3-р шатлалын лабораторийн барилгын 19,140,517,447 (арван есөн тэрбум нэг зуун дөчин сая таван зуун арван долоон мянга дөрвөн зуун дөчин долоо) төгрөгийн үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээг “Э" ХХК /гүйцэтгэгч/-тай 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан бөгөөд гүйцэтгэгч нь 2014 оны 12 дугаар сарын18-ны өдөр 4894,868,840 (дөрвөн тэрбум найман зуун ерэн дөрвөн сая найман зуун жаран найман мянга найман зуун дөч) төгрөгийн дүнтэй хоёр дахь гүйцэтгэлийг хүлээлгэн өгч, 2,269,955,724 (хоёр тэрбум хоёр зуун жаран есөн сая есөн зуун тавин таван мянга долоон зуун хорин дөрөв) төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг худалдан авсан гүйцэтгэл гаргаж, санхүүжилт авсан боловч тоног төхөөрөмжийг худалдан авч нийлүүлээгүй зөрчил илэрсэн.

Э М Я “Э” ХХК-аас тоног төхөөрөмжийн гүйцэтгэлийг хүлээн авахдаа төсөвт өртгийн нэгдсэн товчоо, /тоног төхөөрөмжийг нийлүүлэх гэрээ, орлогын баримт, гаалиар тоног төхөөрөмж оруулж ирсэн баримт,
 

 төлбөрийн баримт зэргийг үндэслэн санхүүжилтийг олгож, биет байдлаар хүлээж аваагүй нь Сангийн сайдын 2012 оны 290 дугаар тушаалаар баталсан “Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн журам”-ын 3.5-д материалыг үндэслэн хянаж санхүүжүүлнэ, 3.14-т Захиалагч худалдан авсан тоног төхөөрөмжийг хүлээн авахдаа энэ журмын зургаадугаар хавсралтаар батлагдсан маягтийн/ дагуу акт үйлдэнэ, ТБОНӨХБАУХАтХ-ийн 46 дугаар зүйлийн Захиалагчийн эрх, үүргийн 46.1.6-д бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавих зэрэг заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Аудитын явцад Э М Яны холбогдох албан тушаалтнууд, Үндэсний аудитын газрын шинжээч Б.А  ******* “Э” ХХК-иас тоног төхөөрөмжүүдийг биет байдлаар үзүүлэн тоолуулахыг удаа дараа шаардсан боловч складад байгаа гэж амаар тайлбар өгч, биет байдлаар үзүүлээгүй бөгөөд тоног төхөөрөмж хадгалагдаж байгаа нь бодитоор нотлогдоогүй тул тоног төхөөрөмжийн санхүүжилтэд олгосон дүнгээр төлбөрийн акт тогтоосон болно. Э М Янаас актад ТНБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, ТЗУГ- ын дарга Д.О , С , эдийн засгийн хэлтсийн дарга Т.Б  ******* гарын үсэг зурж, актыг хүлээн зөвшөөрсөн болно.

 Иймд “Э”ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд Э М Я ны мэргэжилтэн О.Б  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн хариу тайлбар, хууль зүйн үндэслэлдээ:

“...Танай байгууллагаас 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Үт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралд гуравдагч этгээдээр тус яамыг оролцуулах холбогдох бичиг баримттай танилцан тайлбар хариуг үүгээр хүргүүлж байна.

Тус компани нь 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулж, гэрээнд 2014 онд 33,9%, 2015 онд 66,1%-ийн санхүүжилт олгоно гэж заасан байдаг. Нийт санхүүжигдэх төсөвт өртөг 19,140,517,447 төгрөг болно. Э М Яны хөрөнгө оруулалтын дансны Төрийн сангийн хуулгыг шүүж үзэхэд дараах байдалтай санхүүжигдсан байна. Үүнд:

2014 онд 9 дүгээр сарын 24-ны өдөр 150.000.000 төгрөг

10 дугаар сарын 14-ний өдөр 221,384,165 төгрөг, БЗА-28,615,835 төгрөг

10 дугаар сарын 23-ны өдөр 250,000,000 төгрөг

10 дугаар сарын 30-ны өдөр 100„000,000 төгрөг

11 дүгээр сарын 14-ний өдөр 200,000,000 төгрөг

11 дүгээр сарын 20-ны өдөр 200,000,000 төгрөг

12 дугаар сарын 03-ны өдөр 55,062,000 төгрөг

12 дугаар сарын 20-ны 107,248,751 төгрөг, БЗА- 42,751,249 төгрөг

12 дугаар сарын 26-ны өдөр 500,000,000 төгрөг. Нийт 2,005,062,000 төгрөг шилжсэн байна.

Сангийн яамнаас 12 дугаар сарын 29-ний өдөр 4,244,868,000 төгрөгийн санхүүжилтийн гүйцэтгэл Э М Яны 900020302 тоот хөрөнгө оруулалтын дансанд шилжиж Э М Яны 900020430 тоот барьцаа баталгаа данс руу шилжигдсэн. 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Э ХХК руу шилжигдсэн байна.

Мөн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 100,000,000 төгрөг санхүүжигдсан байна.

2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 21.000 төгрөг,  11 дүгээр сарын 25-ны өдөр 600,500,000 төгрөг санхүүжилт орсон боловч “Э” ХХК руу шилжигдээгүй байна. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Эрүүл мэндийн захиалгаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 3 дугаар шатлалын лабораторийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа “Э” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Этай яамны мэргэжилтнүүд лабораторид зориулагдсан тоног төхөөрөмжийг үзэхээр тухайн компанийн агуулах руу нь явж газар дээр нь үзлэг хийсэн байна.

Скаладанд очиж үзэхэд био устгалын танк болох 1ширхэг төхөөрөмж, арван долоон ширхэг азотын шингэн хадгалах сав байсан байна. Иймд Э М Я, Үндэсний аудитын газраас акт тавихад дээр дурдсан тоног төхөөрөмжүүд складдаа байсан гэдгийг нотлох гаалийн бичиг үзүүлэхийг хүссэн. “Э” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Энхбаяр нь захирлаасаа авч өгнө гэдэг хариу өгсөн боловч одоогийн байдлаар ирүүлээгүй байна.

Иймээс тендерийн бичиг баримтад тусгагдсан тоног төхөөрөмжүүд хэзээ гаалиар орж ирснийг нотлох бичиг баримтад үндэслэн шүүхийн, шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзэж байна. ” гэжээ.

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч *******аас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Э” ХХКомпани тус шүүхэд хандаж Үндэсний аудитын газрын 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 1/28 дугаар бүхий “Төлбөрийн акт тавих тухай” актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба уг шаардлагын үндэслэлээ “...барилгын ажил гүйцэтгэх гэрээний хугацаа дуусаагүй байхад...бүрэн бус, хувь хүний үзэмжээр акт тавьсан нь үндэслэлгүй...” гэж, хариуцагч дээрхи үндэслэлийг эс зөвшөөрч “...тоног төхөөрөмж худалдан авсан гүйцэтгэл гаргаж санхүүжилт авсан боловч тоног төхөөрөмжийг худалдан авч нийлүүлээгүй зөрчил илэрсэн...тоног төхөөрөмжийг биет байдлаар үзүүлэхийг удаа дараа шаардсан боловч үзүүлээгүй, хадгалагдаж байгаа нь бодитоор нотлогдоогүй тул тоног төхөөрөмжийн санхүүжилтэд олгосон дүнгээр төлбөрийн акт тогтоосон...” гэж гуравдагч этгээд тоног төхөөрөмж шилжүүлэгдсэн тохиолдолд маргах зүйлгүй гэж маргаж байна.

Маргаан бүхий захиргааны акт болох Монгол улсын Үндэсний аудитын газрын 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 1/28 дугаар “Төлбөрийн акт тавих тухай” актаар 2015 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, үр дүнд хийсэн аудитын явцад улсын төсвийн хөрөнгөөр Эрүүл мэнд спортын сайдын багцад хэрэгжүүлж буй Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 3 дугаар шатлалын лабораторийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч “Э*******” ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 2,269,955,724 /хоёр тэрбум хоёр зуун жаран есөн сая есөн зуун тавин таван мянга долоон зуун хорин дөрвөн/ төгрөгийн үнийн дүнтэй тоног төхөөрөмж худалдан авсан ажлын гүйцэтгэл гаргаж санхүүжилт авсан боловч нийлүүлэгдээгүй зөрчил илэрсэн, энэ нь Иргэний хуулийн 350.1.1-д “гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх” Сангийн сайдын 2012 оны 290 дүгээр тушаалаар баталсан “Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн журам”-ын 3.5-д “материалыг үндэслэн хянаж санхүүжүүлнэ”, 3.14-д “тоног төхөөрөмжийг хүлээн авахдаа...акт үйлдэнэ”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ  худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.6-д “захиалагч ...гэрээний биелэлтэд хяналт тавих” гэж заасныг тус тус зөрчсөн байна гээд уг актын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “тоног төхөөрөмж худалдан авсан гэх улсын төсвөөс санхүүжүүлсэн 2,269,955,724 төгрөгийг Төрийн сан дахь Үндэсний аудитын газрын Төсвийн орлогын 9000000601 тоот дансанд 2016 оны 10 дугаар сарын 25-ны дотор төвлөрүүлэх, актын биелэлтийг 2016 оны 10 дугаар сарын 30-ны дотор ирүүлэхийг Эрүүл мэнд спортын яаманд хариуцуулж шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн Монгол улсын Ерөнхий аудиторын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/05 дугаар тушаалаар батлагдсан Улс орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүн”-д хийх аудитын төлөвлөгөөний хүрээнд Эрүүл мэнд спортын сайдын багцад батлагдаж улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний  төлөвлөлт гүйцэтгэл хэрэгжилтийг Үндэсний аудитын газрын шинжээч Б.Анхбаатар шалгасан аудитын тайлангийн Бүлэг 3-ын 3.7-д “Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 3 дугаар шатлалын лабораторийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч “Э*******” ХХК нь тус барилгад суурилуулах био устгалын танк, азотын шингэн хадгалах сав тус бүр 1 иж бүрдэл системийг 15-90 хоногт багтаан нийлүүлэх нөхцөлтэйгээр 2014 онд “У” ХХК-тай худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна, уг тоног төхөөрөмжийг худалдан авахад 2014 онд №2 гүйцэтгэл гарган 2,269,955,724 сая төгрөгийн санхүүжилт авсан, аудитын явцад Ү болон Эрүүл мэнд спортын яамны холбогдох хүмүүс складад байгаа гэх тоног төхөөрөмжүүдийг удаа дараа үзүүлэхийг шаардсан боловч үзүүлээгүй тул тоног төхөөрөмжийн санхүүжилтэд олгосон дүнгээр төлбөрийн акт бичив...гээд хүснэгт-7д  Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 3 дугаар шатлалын лабораторийн барилга /Улаанбаатар, Баянзүрх дүүргийн төсөвт өртөг 20 тэрбум, нийт олгосон санхүүжилт 7 тэрбум 200 сая 500 мянган төгрөг гэж дүгнэж улмаар Эрүүл мэнд, Спортын сайд С.Ла******* зөвлөмж хүргүүлжээ.

Хэрэгт авагдсан Э М Яны Төрийн *******ийн бичгийн дарга А.Э*******, Э ХХК-ийн ерөнхий захирал Л.У*******ын хооронд 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн 3 дугаар шатлалын лабораторийн барилга /Улаанбаатар/ гэрээнээс үзвэл талууд инженерийн хийцтэй барилга байгууламж барих, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах иж бүрэн нөхцөлөөр 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ашиглалтад оруулахаар тохиролцсон байх ба 2016 оны 7 дүгээр сарын 21-ний өдөр дээрхи гэрээний хугацааг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан зэрэг үйл баримтууд тогтоогдож байна. 

Хариуцагч дээрхи “Төлбөрийн акт тавих тухай” актыг гаргахдаа нэхэмжлэгч компанийг 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2,269,955,724 /хоёр тэрбум хоёр зуун жаран есөн сая есөн зуун тавин таван мянга долоон зуун хорин дөрвөн/ төгрөгийн үнийн дүнтэй тоног төхөөрөмж худалдан авсан ажлын гүйцэтгэл гаргаж санхүүжилт авсан боловч уг тоног төхөөрөмжийг нийлүүлээгүй гэж дүгнэж буруутгаж байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдыг байлцуулан хийсэн шүүхийн үзлэгээр дээрхи тоног төхөөрөмжүүдийг нэхэмжлэгч компани худалдан авсан, агуулахад хадгалж байгаа нь тогтоогдсон болно.

Хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримт болох “Аудитын тайлан”-гаас үзвэл уг аудитыг хийхдээ төрийн хяналт шалгалтын стандарт, гүйцэтгэлийн аудитын удирдамжид заасны дагуу аудитын арга зүйг /холбогдох хүмүүстэй ярилцлага хийх, тодруулга авах, ажиглалт, ажил гүйлгээний сорил хийх зэрэг/ ашиглан аудитын дүн, дүгнэлтэд дэмжлэг болох нотлох зүйлс мэдээ судалгаа тайланг нотлох баримтаар хавсаргасны үндсэн дээр  Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12-т “аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих, албан шаардлага өгөх, хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээ тогтоосон бусад шийдвэрийг боловсронгуй болгох саналыг холбогдох байгууллагад тавих” гэж зааснаар “Төлбөрийн акт тавих тухай акт”-ыг гаргасан гэж  дурдсан боловч энэ нь бодит нөхцөл байдалтай нийцэхгүй, хариуцагч захиргааны актыг гаргахдаа тухайн үйл баримтыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй байна.

Учир нь нэхэмжлэгч “Э” ХХК нь Эрүүл мэнд спортын яамтай зөвхөн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, барилга угсралтын ажил гүйцэтгэхийн зэрэгцээ тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах иж бүрэн нөхцлөөр гэрээ байгуулсны дээр уг гэрээний хугацаа сунгагдсан, хариуцагчаас тухайн тоног төхөөрөмж бодитоор нийлүүлэгдсэн эсэхийг *******ийвчлан шалгаж тогтоогоогүй атлаа “складад байгаа болохоо үзүүлээгүй, нийлүүлэгдээгүй” гэж шууд дүгнэлт хийх нь  дээрхи тайланд дурдсанчлан аудит хийх аргазүйг бүрэн гүйцэд хэрэгжүүлсэн гэх үндэслэлгүй байна.

Хариуцагчаас “маргаан бүхий захиргааны актыг гаргах үед тухайн тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч оруулж ирээгүй байсан... хуурамч гаалийн мэдүүлэг ашигласан” гэж маргаж байх боловч эдгээр нь уг захиргааны актыг хууль зүйн хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж .  Үндэсний аудитын газрын 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 1/28 дугаар бүхий “Төлбөрийн акт тавих тухай” актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийд  вэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж .  Үндэсний аудитын газрын 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 1/28 дугаар бүхий “Төлбөрийн акт тавих тухай” актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Үндэсний аудитын газраас гаргуулсугай.

3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч ******* нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.Д