| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2023/04844/И |
| Дугаар | 001/ХТ2025/00194 |
| Огноо | 2025-11-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2025/00194
Э.Яын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, Н.Батзориг, Э.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/04113 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2025/01221 дугаар магадлалтай,
Э.Яын нэхэмжлэлтэй
Г.Б, Г.Д, Д.Тнарт холбогдох
Амины орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, олох ёстой байсан орлогод 89,600,000 төгрөг, ашиглалтын зардал 11,115,655 төгрөг, нийт 100,715,655 төгрөг гаргуулах тухай үндсэн,
Амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Г.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагч нарын өмгөөлөгч Г.У нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагчийн өмгөөлөгч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Я нь хариуцагч Г.Б, Г.Д, Д.Тнарт холбогдуулан амины орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, олох байсан орлогод 89,600,000 төгрөг, ашиглалтын зардалд 11,115,655 төгрөг, нийт 100,715,655 төгрөг гаргуулах үндсэн, нэхэмжлэгч Э.Яад холбогдох амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч Г.Б, Г.Д нар сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргаж зохигч маргажээ.
2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.05.15-ны өдрийн 192/ШШ2025/04113 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 106 дугаар зүйлийн 106.1, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Г.Б, Г.Д, Д.Тнараас цахилгаан эрчим хүчний төлбөрт 11,115,655 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Яад олгож, нэхэмжлэлээс үлдэх амины орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, орон сууц хөлслүүлж олох ёстой байсан орлого 89,000,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 109 дүгээр зүйлийн 109.1-т заасныг баримтлан хариуцагч Г.Б, Г.Д нарыг Байршилтай, амины орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Э.Яын нэр дээрх байршилтай, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Г.Б, Г.Д нарын өмчлөлд бүртгүүлэхийг нэхэмжлэгч Э.Яад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Яаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 731,730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б, Г.Д нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,716,369 төгрөгөөс 1,202,047 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1,514,322 төгрөгийг улсын орлогоос гаргуулан хариуцагч нарт олгож, хариуцагч Г.Б, Г.Д, Д.Тнараас улсын тэмдэгтийн хураамжид 192,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Яад олгож шийдвэрлэсэн.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.07.21-ний өдрийн 210/МА2025/01221 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.05.15-ны өдрийн 192/ШШ2025/04113 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205. 1, 496 дугаар зүйлийн 496.1. 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн байршилтай амины орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч Г.Б, Г.Д, Д.Тнарт даалгаж, хариуцагч нараас 11,115,655 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Яад олгож, нэхэмжлэгч Э.Яаас 208,819,500 төгрөг гаргуулж, хариуцагч Г.Б, Г.Д нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 89,600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан байршилтай амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч Г.Б, Г.Д нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Э.Яын төлсөн 731,730 төгрөг болон хариуцагч Г.Б, Г.Д нарын төлсөн 2,716,369 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б, Г.Д, Д.Тнараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, хариуцагч Г.Б, Г.Д нараас 192,800 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.Яад олгосугай." гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 731,730 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагч Г.Б, өмгөөлөгч Г.У, хариуцагч Г.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.07.21-ний өдрийн 210/МА2025/01221 дугаартай магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, 172.2.2-т “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” гэж заасны дагуу эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4.1. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрүүтэйгээр тайлбарлаж хэрэглэсэн. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлдээ “...хариуцагч Г.Б, Г.Д нараас амины орон сууцны төлбөрт 208,819,500 төгрөгийг нэхэмжлэгч Э.Яад шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон...”, энэ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн болохыг дүгнэсэн. Давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн. Г.Б шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “... Э.Ятай хамтран ажиллах талаар, тэр дундаа загварын байрыг үндсэн өртөг үнээр нь буюу 120.000.000 төгрөгөөр худалдаж авах талаар тохиролцсон..." гэдгээ буюу хамтран ажиллах, ажил гүйцэтгүүлэх гэрээний харилцааг зөвшөөрч, тохиролцсоны үндсэн дээр хөрөнгө оруулалтаа хийсэн байдаг.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэж зааснаар талуудад харилцан үүрэг үүсдэг бөгөөд нэхэмжлэгч Э.Я болон хариуцагч Г.Б, Г.Д нарын хооронд амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьж ашиглалтад оруулах, Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-т “Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ" гэж зааснаар Э.Яаас саналаа тавьж, Г.Б, Г.Д нар хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож тус гэрээ байгуулагдсан бөгөөд тохиролцсон төлбөр тооцоогоо бүрэн төлж орон сууцыг хүлээн авсан, дээр нь хотхоныг хэвийн ус, цахилгааны хангамжтай байлгах үүднээс нэмж мөнгө зээлж ажлыг нь хийлгэж өнөөдрийг хүрсэн байдаг. Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсэж, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар амаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна гэдгийг анхан шатны шүүх дүгнэсэн.
Анхан шатны шүүх шийдвэртээ “...Хариуцагч Г.Б, Г.Д нараас амины орон сууцны төлбөрт 208,819,500 төгрөгийг нэхэмжлэгч Э.Яад шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон...”, “... хэргийн 2хх-4 дүгээр талд /ар/ авагдсан нэхэмжлэгч Э.Яын Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан өргөдөлд “... Уг газар дээр өөрийн хөрөнгөөр 80,000,000 төгрөгийн өртөгтэй, 8,5*9 хэмжээтэй 126 м.кв талбайтай төмөр бетонон багана суурьтай блокоор шийдсэн 2 давхар 100 хувь гүйцэтгэлтэй барилгыг барьж дууссан болно...” гэж өөрөө үнийг тодорхойлсон. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1, 344.2 дахь хэсэгт заасан ... нэхэмжлэгчээс маргаан бүхий орон сууцыг үнэлгээний байгууллагаар үнэлүүлж үнэлгээ тогтоолгосон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ. Хариуцагч нар нь орон сууцыг 120,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон, нэхэмжлэгчид нийт 336,058,000 төгрөг шилжүүлсэн тул үнийг бүрэн төлсөн гэж тайлбарласан ба “СҮ” ХХК-ийн 483,425,712 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг “бодит байдалтай танилцаагүй, фото зурагт тулгуурлан үнэлгээ гаргасан” гэж татгалзсан боловч уг үнэлгээг няцаасан баримтыг гаргаагүй, өөрийн тайлбар, татгалзлаа нотлоогүй байна” гэж дүгнэсэн байна.
Гэтэл уг үнэлгээний талаар хариуцагч тал дараах нотлох баримт, тайлбарыг илэрхийлсэн. Үүнд: үнэлгээ хийгдсэн гэх 2022 оны 6 дугаар сард бид тухайн орон сууцанд бодитоор амьдарч байсан, үнэлгээ хийсэн байгууллагын ажилтан ирж газар дээр нь танилцаагүй атлаа “... Дотоод засал, тавилга Luxury...” гэж зөвхөн фото зурагт тулгуурлан үнэлгээ гаргасан. Энэ тайлбарыг нэхэмжлэгчийн зүгээс үгүйсгээгүй бөгөөд ямар нэгэн нотлох баримтаар няцаагаагүй болно. Мөн талуудын аль аль нь 2021 оны 6 дугаар сард амины орон сууцыг хүлээн авах үед гүйцэтгэл нь 90 хувьтай байсан гэдэгт маргаагүй. Тухайн үеийн зах зээлийн үнэ ийм өндөр гарах боломжгүй бөгөөд үнэлгээний бодит байдалд эргэлзээ үүсгэж байна. Мөн 2021 оны цаг үеийн байдал буюу ковид цар тахлын нөлөөт үнийн өсөлт, хил гаалийн хязгаарлалт нөлөөлөөгүй байсан үед баригдсан орон сууцыг 2022 оны 6 дугаар сард үнэлсэн үнэлгээг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэх ёстой атал давж заалдах шатны шүүх дээрх үнэлгээг үндэслэл болгон, хариуцагчаас няцаах баримт шаардан хийсвэр дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан “нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн шаардлагатай нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж, зөрүүтэй хэрэглэсэн байна.
Түүнчлэн нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараа ямар нэгэн нотлох баримтаар нотлоогүй, нотлох баримт гаргаж өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус заасан үүргээ биелүүлээгүй.
4.2. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзах буюу мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх заалтыг хууль хэрэглээний зөрүүтэйгээр тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээг цуцлахдаа мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заасны дагуу уг гэрээнээс татгалзах эрх хангагдахын тулд хуульд заасан урьдчилсан нөхцөлийг хангасан байх ёстой боловч хариуцагч талыг ноцтой зөрчил гаргасан болохыг бодитой баримтаар нотлоогүй, гэрээг цуцлах талаар хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй гэдэг нь шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар нотлогддог.
Мөн Иргэний хуулийн 204.1-д зааснаар зохих ёсоор нөгөө талд гэрээнээс татгалзах болсноо мэдэгдээгүй гэдгийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрсөн байдаг. Нэхэмжлэгч талын шаардлагыг хангах үндэслэлгүй бөгөөд нотлох баримтаар тогтоогдоогүй байтал давж заалдах шатны шүүх Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзах журмыг ноцтой зөрчсөн шийдвэр гаргаж зөвхөн Иргэний хуулийн 205.1 буюу гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагавартай холбож тайлбарласан нь учир дутагдалтайн дээр маш их гомдолтой байна.
4.3. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т заалтыг хууль хэрэглээний зөрүүтэйгээр тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгчээс 2022.06.22-ны өдөр ирүүлсэн “СҮ" ХХК-ийн Үнэлгээний тайлангаар байршилтай амины орон сууцны зориулалттай хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 2022.06 дугаар сарын байдлаар 483,425,712 төгрөгөөр тодорхойлж байна гэсэн дүгнэлтийн дагуу анхан шатны шүүх “...нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дах хэсэгт зааснаар амины орон сууцны үнийг 460,000,000 орчим төгрөг гэж тодорхойлон үлдэгдэл төлбөрийг хариуцагч нар төлөөгүй үндэслэлийг дурдаж амины орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсан нь үндэслэлгүй байна...” гэж тодорхой дүгнэсэн.
Давж заалдах шатны шүүх ямар нэгэн нотлох үйл баримтгүйгээр “...Ажил гүйцэтгэх гэрээний талууд гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг тохиролцон тодорхойлохоор, ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлөхөө Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1, 344.2 дахь хэсэгт заасан ба нэхэмжлэгчээс маргаан бүхий орон сууцыг үнэлгээний байгууллагаар үнэлүүлж үнэлгээ тогтоолгосон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ...” гэж хуулийн зүйл заалтыг бичээд нийцжээ гээд л тайлбарлачихсан. Гэтэл энэ үнэлгээ нь хууль, журам зөрчсөн, бодит байдалд нийцээгүй үнэлгээ болохыг дээр дэлгэрэнгүй тодорхой бичсэн байгаа.
4.4. Давж заалдах шатны шүүх хуралдаан, уг шүүх хуралдаанаас гарсан магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн. Гомдол гаргасан талын төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд илтгэгч шүүгч гомдлыг танилцуулахдаа хэт нэг талыг барьж, үйл явдлыг зөрүүтэйгээр тайлбарлаж “...үнээ тохиролцоогүй та нарын асуудлаас болж энэ маргаан үүссэн гэдгийг олгож байна уу...” гэх зэргээр шүүх бүрэлдэхүүнд нөлөөлөх байдлаар хариуцагч Г.Бг буруутгасан нь магадлалыг хууль зүйн үндэслэлгүй гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.
Мөн нэхэмжлэлийн шаардлага, давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоос хальж дүгнэлт хийн үндэслэлгүй шийдвэр гаргасан. 2 өөр хэргийг нэг магадлалаар шийдвэрлэсэн байж боломгүй алдаа гарсан байна. Магадлалын тодорхойлох хэсгийн 4-т “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Монгол Улсын Иргэний хуулийн 106.1 дэх заалтыг буруугаар хэрэглэсэн, хэрэгт авагдсан баримт, нотлох зүйлсийг бүрэн судлаагүй, илт хууль бус, хүчин төгөлдөр бус баримтыг үнэлсэн бодит байдлыг үнэнээр үнэлээгүй байна”, 4.1-т “Тодруулбал, хариуцагч нарын шүүхэд гаргаж өгсөн гар бичмэлээр хуулийн шаардлага хангахгүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй, зөвхөн хариуцагч талын дангаар үйлдсэн бичиг байсаар байтал шүүх “...2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Д.Б, Д.Т нар 2 өрөө орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж, байршилтай орон сууцыг 58,300,000 төгрөгийг бэлэн төлж, ипотекийн зээлийн үлдэгдлийг сар бүр 502,000 төгрөг төрийн банкны 341303220431 тоот дансанд үргэлжлүүлэн төлж төлбөрийг 100 хувь төлж барагдуулсны дараа худалдан авагч тал Д.Бын нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцсон..." гэж илт буруу дүгнэлт хийсэн нь хууль бус байна...”, 4.2-т “...Х.П нь А.Аы орон сууцыг Д.Баас худалдаж авсан гэж тайлбарладаг боловч шүүхэд гаргаж өгсөн баримт нь хуулийн шаардлага хангаагүй, үнэлэх боломжгүй байдаг... Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэж өөр агуулга бүхий гомдлыг оруулсан нь 2 өөр хэргийг нэг магадлалаар шийдвэрлэсэн мэт ойлгомжгүй, байж боломгүй алдааг гаргасан байна. “Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Би орон сууцыг худалдаж авахдаа хууль ёсны өмчлөгчийн тухай мэдээгүй. Аяллаар явж байхад бичиг ирсэн...” гэх зэргээр хэрэгт авагдаагүй үйл баримтыг дурдаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2-т “Магадлалд анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн агуулга, давж заалдах гомдлын үндэслэл, гаргаж байгаа магадлалын үндэслэлийг тус тус тусгана” гэж заасан шаардлагыг зөрчсөн, шүүхийн шийдвэр нэг мөр ойлгомжтой бичигдэх хуулийн шаардлагыг хангаагүй хууль бус магадлал гарсан байна.
Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2025/01221 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны 192/ШШ2025/04113 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.10.31-ний өдрийн 001/ШХТ2025/01029 дугаар тогтоолоор хариуцагч Г.Б, хариуцагч Г.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагч нарын өмгөөлөгч Г.У нарын гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгч Э.Я нь хариуцагч Г.Б, Г.Д, Д.Тнарт холбогдуулан амины орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, олох байсан орлогод 89,600,000 төгрөг, ашиглалтын зардалд 11,115,655 төгрөг, нийт 100,715,655 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ “... Маргаан бүхий амины орон сууцыг захиалах болон худалдан авахтай холбоотой гэрээ хариуцагч нартай байгуулаагүй. ... Амины орон сууцыг 2021 оны 6 сард ашиглалтад оруулсан, зах зээлийн үнэлгээ нь 460,000,000 төгрөг юм. ... Хариуцагч Г.Б болон түүний дүү Г.Д нар амины орон сууцны төлбөрийн 30 орчим хувийг хэсэгчлэн төлсөн, бусад төлбөрийг төлөөгүй. ... Тэдний гуйлтаар амины орон сууцыг ашиглалтад ороогүй байхад тэднийг оруулсан. 2021.10 сараас хойш хариуцагч нар амины орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа. 2021.10 сараас 2024.06 сар хүртэл амины орон сууц хөлслүүлсэн бол орлого олох байсан. 2021.07 сараас хойш ашигласан цахилгааны төлбөрийг тэд төлөөгүй” гэжээ.
7. Хариуцагч Г.Б, Г.Д нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбарын үндэслэлдээ “Э.Я, Г.Б нар 2020.09 сард хөрөнгийг Г.Б гаргах, амины орон сууцыг Э.Я барих, эхний амины орон сууцыг Г.Бд үндсэн өртгөөр нь өгөх, дараагийн захиалгаас ашгаа хувааж авахаар тохиролцсон. Г.Б нь дүү Г.Дт амины орон сууц худалдаж авахыг санал болгож, Э.Ятай тохиролцоод эхний хаусыг 120,000,000 төгрөгт барихаар болсон. Хаусыг төлбөрт Э.Яын дансруу 336,058,037 төгрөгийг шилжүүлсэн. Үүнд мөн захиалагч О.Аийн амины орон сууцны төлбөр 115,418,500 төгрөгийг Э.Я руу шилжүүлсэн. Хариуцагч нар *** тоот орон сууцны төлбөрт 220,639,537 төгрөгийг шилжүүлж төлбөр төлөгдсөн. 2021 оны 6 сард түлхүүрээ авахад амины орон сууц 90 хувийн гүйцэтгэлтэй байсан. Бид бүх дутуу зүйлсийг өөрийн хөрөнгөөр хийж дуусгасан. Нэхэмжлэгч нь амины орон сууцыг зарна гээд зар тавьсан учраас хүргэн дүү Д.Тг гуйж түр байлгасан. Энэ асуудалд Д.Тямар ч хамааралгүй” гэжээ.
8. Хариуцагч Д.Тшүүхэд тайлбар гаргаагүй.
9. Хариуцагч Г.Б, Г.Д нар нэхэмжлэгч Э.Яад холбогдуулан амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ “Амины орон сууцны төлбөрт Э.Яын Хаан банк дахь *** тоот данс руу Г.Даас нийт 115,418,500 төгрөг, Г.Бгээс 220,639,537 төгрөг нийт 336,058,000 төгрөгийг шилжүүлж, төлбөрийг бүрэн төлсөн. Э.Я нь маргаан бүхий амины орон сууцыг хүлээлгэн өгсөн. Амины орон сууц халуун хүйтэн усгүй, бохир, гадна цахилгаан холболт хийгдээгүй байсан. Бид нүүж орохдоо доторх бүх тавилга болон сангийн хоолой, цахилгаан зэрэг бүхий л асуудлыг өөрсдийн мөнгөөр хийж нийт 161,585,848 төгрөг зарцуулсан. Э.Яаас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авъя гэхээр удахгүй гаргаж өгнө гэж хэлдэг байсан” гэжээ.
10. Нэхэмжлэгч Э.Я сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбарыг үндэслэлдээ “2021.10 дугаар сард өмчлөх эрхийн гэрчилгээ гарснаас хойш өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч нар шаардаж байгаагүй. Г.Б нь захиалагч, хөрөнгө оруулагч гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. 483,000,000 төгрөгийг өгөөгүй, шаардах эрхгүй” гэжээ.
11. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Э.Яын нэр дээр улсын бүртгэлд бүртгэн 2021.10.14-ний өдөр Ү-***тоот өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон. ... Нэхэмжлэгч Э.Я болон хариуцагч Г.Б, Г.Д нарын хооронд амины орон сууц барих ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, Г.Б, Г.Д нар 2020.09.25-ны өдрөөс 2021.10.21-ний өдрийг хүртэл нэхэмжлэгч Э.Яын дансанд маргаан бүхий амины орон сууцны төлбөрт 208,819,500 төгрөгийг шилжүүлж төлбөр төлөх үүргээ биелүүлсэн. Харин хариуцагч Г.Б, Г.Д нараас нэхэмжлэгч Э.Яад шилжүүлсэн 115,000,000 төгрөг энэ хэрэгт хамааралгүй. Нэхэмжлэгч Э.Я амины орон сууцыг хариуцагч нарын өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул хариуцагч нарыг уг амины орон сууцны өмчлөгчөөр тогтоож, тэдний өмчлөлд шилжүүлж бүртгүүлэхийг нэхэмжлэгчид даалгана. Амины орон сууц Г.Б, Г.Дын эзэмшилд байгаа, эзэмшил хууль бус гэж үзэхгүй тул тэднээс олох ёстой байсан орлого гэх үндэслэлээр 89,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Э.Я шаардах эрхгүй. Цахилгааны төлбөр төлсөн гэх тайлбараа хариуцагч нотлоогүй тул 11,115,655 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгоно” гэжээ.
12. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан гэрээний үнийг талууд тохиролцоогүй бол мөн хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1, 344.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнийг тодорхойлно. “СҮ” ХХК амины орон сууцыг 483,425,712 төгрөгөөр үнэлснийг хариуцагч нар баримтаар няцаагаагүй, уг үнээс хариуцагч нарын төлсөн 208,819,500 төгрөгийг хасч тооцвол үлдэх төлбөрийг тэд төлөөгүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын эзэмшлээс амины орон сууцыг чөлөөлүүлж, нэхэмжлэгчээс 208,819,500 төгрөгийг гаргуулж хариуцагч нарт олгоно. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар цахилгааны төлбөр төлөх үүргээс хариуцагч нар чөлөөлөгдөж үндэслэлгүй хөрөнгөжсөн тул тэднээс 11,115,655 төгрөгийг гаргуулна. Олох ёстой байсан орлого 89,600,000 төгрөгийн шаардлагаа нэхэмжлэгч нотлоогүй тул хэрэгсэхгүй болгоно. Үүргийн зөрчил гаргасан тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно” гэж дүгнэжээ.
13. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн зарим дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзлээ.
13.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж хоёр шатны шүүх зөв дүгнэсэн боловч талуудын маргасан гэрээний төлбөрийг өөрөөр тодорхойлсон. Анхан шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг 208,819,500 төгрөг гэж зөв тогтоосныг давж заалдах шатны шүүх 483,425,712 төгрөг гэж залруулахдаа хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй алдаа гаргажээ.
13.2.Талуудын хооронд гэрээ байгуулагдаж, хариуцагч Г.Б, Г.Д нараас 2020.09.25-ны өдрөөс 2021.10.21-ний өдрийг хүртэл нэхэмжлэгч Э.Яын дансанд маргаан бүхий амины орон сууцны төлбөрт 208,819,500 төгрөгийг төлсөн бөгөөд үүнийг талуудын тайлбар болон энэ хугацаанд хамаарах бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэх учиртай. Э.Я Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст 2021.09.17-ны өдөр гаргасан амины орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлт гаргасан ба уг хүсэлтдээ уг амины орон сууцны өртөгийг 80,000,000 төгрөг гэж тодорхойлсон. Мөн хотхонд байршилтай тоот 126 м.кв талбай бүхий ижил төстэй амины орон сууцыг худалдах-худалдан авах талаарх маргаантай иргэний хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.11.29-ний өдрийн 183/ШЗ2024/05044 дүгээр захирамжаар шийдвэрлэсэн ба энэ хэргийн нэхэмжлэгч Э.Я, хариуцагч О.А нар байсан. Энэ хэргийн хүрээнд мөн хаягт оршин байх ***дугаартай 126 м.кв талбай бүхий амины орон сууцыг худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 85,000,000 төгрөгийг О.А нь Э.Яад төлөхийг зөвшөөрсөн байна. Түүнчлэн Г.Б, Г.Д нар О.Ад 115,000,000 төгрөгийг зээлдүүлсэн ба уг мөнгөн хөрөнгийг Г.Б, Г.Д нар нь Э.Яад О.Аийн өмнөөс шилжүүлжээ. Нэгтгэн дүгнэвэл О.А ***тоот амины орон сууцны үнэд 200,000,000 /115,000,000 + 85,000,000/ төгрөг төлсөн гэж дүгнэхээр байна. Иймд маргаан бүхий *** тоот амины орон сууцны үнэ нь анхан шатны шүүхийн тодорхойлсноор 208,819,500 төгрөг байх боломжтой.
Харин давж заалдах шатны шүүхийн үндэслэл болгосон “СҮ” ХХК-ийн үнэлгээний тайлангаар маргааны зүйл болох *** тоот амины орон сууцны зах зээлийн үнэлгээг 483,425,712 төгрөг гэж тогтоохдоо 2022.06.18-ны өдрийн байдлаар үнэлсэн нь талуудын тохиролцсон анхны хугацаа болох 2020.09 дүгээр сараас даруй 1 жил 9 сарын дараа байх тул энэ үнэлгээгээр талуудыг тохиролцсон гэж дүгнэхгүй. Түүнчлэн уг үнэлгээний тайланг үнэн зөв гэж дүгнэхэд эргэлзээтэй байна. Учир нь тайланд “захиалагчийн хүсэлтийг хүлээн авсны дараа 2022.06.18-ны өдөр хөрөнгөд үзлэг хэмжилт хийж, ашиглалтын байдалтай танилцсан болно”, анхдагч эх сурвалжийг “хөрөнгийн ашиглалт, байдлын талаар эзэмшигч, өмчлөгчийн өгсөн мэдээлэл” гэж тус тус заасан атлаа уг амины орон сууцыг бодитойгоор эзэмшиж буй Г.Б, Г.Д нараас мэдээлэл аваагүй, орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн Э.Яын эзэмшилд уг амины орон сууц байхгүй байгаа тохиолдолд хэрхэн хэмжилт хийсэн талаарх тайлбаргүй, хэмжилтийн баримтгүй байна. Түүнчлэн уг тайланд хөрөнгийн мэдээллийг “салбарын статистик судалгааны тайлан, цахим дэлгүүр, зарын сайтын үнийн судалгаа, “СҮ” ХХК-ийн үнийн мэдээллийн судалгааны эх сурвалж” гэж заасан атлаа зөвхөн арилжаалахаар зарласан үл хөдлөх эд хөрөнгийн зарын дагуу биечлэн хийсэн гэх /зөвхөн утасны дугаар тэмдэглэгдсэн/ ярилцлагын үр дүнд үнэлэгдэж буй хөрөнгөтэй ижил төстэй хөрөнгийг сонгож жишиг нэгжийн үнэд тохируулга хийсэн, хөрөнгийн байдлыг харуулсан зургийг бодитойгоор авсан гэх байдал эргэлзээтэй байна.
Түүнчлэн хариуцагч Г.Б, Г.Д нар “...хүлээлгэж өгсөн амины орон сууцны халуун хүйтэн ус байхгүй, бохир, гадна цахилгаан холболт хийгдээгүй, ... сангийн хоолой, цахилгаан зэрэг бүхий л асуудалд бид нар ... нийт 168,585,848 төгрөг зарцуулсан. ... амины орон сууцыг хүлээлгэж өгөхөд 90 хувийн гүйцэтгэлтэй байсан” гэх тайлбарыг нэхэмжлэгч Э.Я нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар эсэргүүцээгүй, бичгээр тайлбар өгөөгүй.
Дээрх нотлох баримтуудыг зохигчийн тайлбартай харьцуулан дүгнэвэл ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг 208,819,500 төгрөгөөр тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй болно.
13.3. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 343.2 дахь хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна”, 343.3 дахь хэсэгт “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж тус тус заажээ.
Анхан шатны шүүх хариуцагч Г.Б, Г.Д нар гэрээнд заасан төлбөрийг төлж үүргээ гүйцэтгэсэн гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх гэрээнд заасан төлбөрийг төлөөгүй гэж залруулсан нь буруу болжээ.
Иймд хариуцагч Г.Б, Г.Д нар төлбөрийг төлж үүргийг зохих ёсоор биелүүлсэн тул амины орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэхийг шаардах эрхтэй юм.
Харин анхан шатны шүүх хариуцагч Г.Б, Г.Д нарыг өмчлөгчөөр бүртгүүлэхийг нэхэмжлэгч Э.Яад даалгаж шийдвэрлэсэн нь найруулгын хувьд алдаатай болсныг залруулна. Учир нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг улсын бүртгэлийн байгууллага эрхлэн гүйцэтгэнэ. Мөн анхан шатны шүүх Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой хүсэлт гаргах журмын зохицуулалтыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хийлгэх шаардах эрхээр тодорхойлж хууль хэрэглээний алдаа гаргажээ. Иймд дээрх алдааг залруулж, шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтад найруулгын өөрчлөлт оруулна.
14. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар гэрээний төлбөрийг төлж үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тул нэхэмжлэгч Э.Я нь мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээний эсрэг талын үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээнээс татгалзах эрхгүй юм. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийн зохицуулалт нь гэрээнээс татгалзах эрхийг хэрэгжүүлэх эрхийг олгосноос гэрээний эсрэг талаас үүрэг гүйцэтгэхийг шаардах эрх биш тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлахгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулна.
15. Түүнчлэн хариуцагч Г.Б, Г.Д нарын эзэмшил хуулийн дагуу үүссэн, нэхэмжлэгч Э.Я нь маргаан бүхий амины орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ зөрчсөн. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өмчийн эрх зүйн шаардлага гаргах эрхгүй тул холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
16. Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 89,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлэхтэй холбоотойгоор үүрэг гүйцэтгүүлэгч хохирол шаардах эрхийн зохицуулалтыг баримталж хууль хэрэглээний алдаа гаргасныг хяналтын шатны шүүхээс залруулж мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгүүлэгч хүлээсэн үүргээ зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй байх тул хохирол шаардах эрхгүй байна.
17. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэж заажээ.
Нэхэмжлэгч Э.Я нь хариуцагч нарын ашигласан эрчим хүчний төлбөрт 11,115,655 төгрөгийг төлсөн тул тэднээс гаргуулахыг шаардсан байх бөгөөд анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хууль баримтлаагүй алдааг давж заалдах шатны шүүх залруулсан нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нарын ашиглалтын зардлыг нэхэмжлэгч төлснөөр тэд үүргээс чөлөөлөгдсөн байна.
18. Давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсгийн 4-т нэхэмжлэгчийн давж заалдах гомдол, 5-д хариуцагчийн тайлбарыг заагаагүй харин энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй иргэн Д.Б, Д.Т, А.А нарын нэрийг дурдсан өөр хэргийн давж заалдах гомдол, тайлбарыг тусгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2 дахь хэсэгт заасан магадлалд давж заалдах гомдлын үндэслэлийг заана гэснийг зөрчжээ. Ийнхүү бичсэнийг магадлалыг хүчингүй болгох үндэслэл гэж дүгнэхгүй.
19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохыг бичгээр хүсвэл шүүх давж заалдах шатны шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэх үүрэгтэй.”, 165.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 165.1-д заасан этгээд шүүх хуралдаанд ирээгүй явдал давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.” гэж тус тус заажээ. Иймд давж заалдах журмаар гомдол гаргасан нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд ирээгүй нь шүүх хуралдааныг явуулахгүй байх үндэслэл болохгүй тул энэ талаарх хариуцагч талын хяналтын гомдол үндэслэлгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.5 дахь хэсэгт “Шүүх хуралдаанд хэргийг нэг шүүгч илтгэнэ. Дараа нь ... хэргийн материалыг судалснаар шүүх хуралдаан завсарлан шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөнө” гэж заасан байх бөгөөд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүний илтгэгч шүүгч хэт нэг талыг барьж хэргийг танилцуулсан, үйл явдлыг зөрүүтэй тайлбарласан гэх, илтгэх шүүгч шүүх бүрэлдэхүүнд нөлөөлсөн гэх хариуцагч талын хяналтын гомдол үндэслэл болохгүй.
20. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагч нарт олголгүй орхигдуулсныг залруулна.
21. Дээрх үндэслэлээр хариуцагч талын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2025/01221 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/04113 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1,106 дугаар зүйлийн 106.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Г.Б, Г.Д, Д.Тнараас цахилгаан эрчим хүчний төлбөрт 11,115,655 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Яад олгож, нэхэмжлэлээс үлдэх амины орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, орон сууц хөлслүүлж олох ёстой байсан орлого 89,000,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж
Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Б, Г.Д нарыг тоот хаягт байршилтай, 126 м.кв талбайтай, амины орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг хариуцагч Г.Б, Г.Д нарт олгохыг нэхэмжлэгч Э.Яад даалгасугай” гэж тус тус өөрчлөн найруулж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтад “56.1” гэсний дараа “56.2” гэж, “илүү төлсөн 1,514,322 төгрөгийг улсын орлогоос” гэсний дараа “болон нэхэмжлэгчээс 1,202,047 төгрөгийг гаргуулж хариуцагч Г.Б, Г.Д нар тус тус” гэж тус тус нэмж шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан хяналтын гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.08.22-ны өдөр 1,203,000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАЯРМАА
Э.ЗОЛЗАЯА
Б.УНДРАХ