Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 174

 

       

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн

улсын яллагч Б.Жаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Дамдинсүрэн, түүний өмгөөлөгч Д.Ганбат, Г.Батбаяр

шүүгдэгч Д.Буяннэмэх, түүний өмгөөлөгч Т.Булган

шинжээч эмч М.Золжаргал, М.Энхбаяр

сэтгэцийн шинжээч Ж.Нямцэцэг, Л.Баттулга

гэрч Ч.Цэнгүүн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 7 дугаар сарын 17-нд Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн цахилгааны болон барилгын инженер мэргэжилтэй, Халзанбүргэдэй  Хайрхан ХХК-ны захирал ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн0 16 дугаар хороо, 3-85 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:АЗ83071710/ Гөрөөс овогт Дисдаабазарын Буяннэмэхэд холбогдох эрүүгийн 201526022112 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр

Д.Буяннэмэх нь 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 18 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 6 дугаар бичил хороолол 19 дүгээр байрны хажуугийн грашны мухарт өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл дотор амь хохирогч М.Пүрэвсүрэн өөрийг нь хутгалж довтолсны улмаас санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ М.Пүрэвсүрэнг хутгалж санаатай алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч  Д.Буяннэмэх: Тэр залуу надаас “ах аа гар утас авах уу” гэж асуухаар нь би ямар гар утас болохыг асуусан. Тэгэхэд “2 ширхэг I phone 6s загварын гар утас ломбарданд тавьсан. Нэгийг нь сая хэдэн зуун мянган төгрөгөөр зарахаар тохирсон. Нэгийг нь та хямдхан авах уу” гэхээр нь би “ах нь гар утас авахгүй” гэхэд “гар утсаа ломбарданд алдах гээд байна. Та ломбарднаас чөлөөлж өгөөч” гэж гуйсан. Би түүнд “хагас сайн өдөр банк ажиллахгүй, надад бэлэн мөнгө байхгүй учраас ломбарднаас чөлөөлж өгөх боломжгүй” гэхэд “Бичил хороололд байдаг банк ажилладаг. Манай гэр Бичилд байдаг ломбард ч гэсэн ойрхон байдаг, удахгүй шүү дээ ах аа туслаач” гэхээр нь би зөвшөөрөөд Бичил хорооллын Хаан банкинд очиход хаалттай байсан. Тэгэхэд тэр залуу Өргөөгийн Хаан банк ороё гэхээр нь хамт очиход банк  ажиллаж байсан. Би тэр залуугийн хамт банк орж өөрийн данснаас 2.100.000 төгрөг авсан. Намайг банкнаас мөнгөө авсны дараа тэр залуу бичиг баримт энд ч  байгаа, тэнд ч байгаа гэж зам зааж олон газруудаар харанхуй болтол авч явж байгаад хамгийн сүүлд зам заагаад байрны хажууд байх 2 грашны завсар зогсоосон. Энэ үед 18 цаг болж гадаа харанхуй болсон байсан. Яг энэ үед би халдлагад өртсөн. Би тухайн үед Приус 11 загварын машинтай явж байсан. Намайг тэр залуу 21-22 см урттай хутгаар нийт 9 удаа хутгалсан. Одоо тэнгэр муухайрахаар миний зүүн дал өвддөг. Нүдэнд хутгалсан. Энэ нь миний дээд, доод зовхийг сэтэлж дээд талын зовхи салмарсан байдалтай болсон. Хоолойд хутгалагдсанаас болоод хүзүүний 2 булчин махны талыг таслаад миний хоолой доогуураа нарийсаад дээшээ бүдүүн болсон. Мөн миний суганд хутгалсан. Энэ нь зүрхтэй их ойрхон, уушги руу орж гялтан хальсыг цоолсон байсан. Хавирган тус газар нэг, хавирганы доор нэг, баруун бугалганд нэг нийт 9 удаа хутгалсан. Би эрүүл мэнддээ маш их санаа зовж байна. 18 цагт гадаа харанхуй болсон байхад тэр залуу олон юм ярьж байгаад нэг  давхрын гэрэлтэй цонх руу заагаад “тэр цонхоор би ордог байсан. Тэр ахаа хардаа гэхээр нь жолооны хүрд дээгүүрээ хартал миний араас хутгалж эхэлсэн. Ингэхдээ эхлээд даланд, дараа нь мөрөнд хутгалсан. Би “хүүе юу болж байна” гээд ухасхийгээд зугтах гэсэн боловч суудлын бүстэй байсан. Миний зүүн талаас хүчтэй татаж байгаад миний зүүн суганд хутгалсан. Би амжиж суудлын бүсээ тайлсан. Намайг хойшоо маш хүчтэй татаж байсан учраас татагдаад машины урд 2 суудлын завсраар эргэж харсан. Энэ үед миний нүдэнд нэг удаа, шанаанд нэг удаа хутгалсан. Надад зугтах боломж байгаагүй. Би хойшоо татагдаад ороход инэрцээрээ тэр залуу доор би дээр нь гарсан байдалтай арын суудал дээр дарж авсан. Нөгөө залуу маш хүчтэй хөл, гараараа өшиглөж довтолж байсан. Би түүний дээрээс дараад 2 гарыг нь хамаад барьсан. Би нүдрүүгээ хутгалуулахдаа өөрийгөө сохорсон гэж ойлгосон. Би тэр үед 2-3 удаа нүдээ илэхэд надад маш их цус мэдрэгдэж байсан. Ингэж илэхдээ би баруун талын нүдэндээ цус оруулсан байх. Энэ үеэс эхлээд би юу ч харахгүй болсон. Би нөгөө залуугийн гарыг барих байдлаар өөрийгөө хамгаалж байсан. Би “хүн аллаа цагдаа дуудаарай, эмч дуудаарай би цус алдаж үхлээ шүү дээ, чи болиоч ээ”  гэж хашхирч байсан. Би машины хаалгаа онгойлгоод орилъё гэж бодоод хаалганы бариулаас татсан. Яг энэ үед тэр залуу миний зүүн талаас хутгалах шиг болоход нь би өндийхөд миний хоолойд хутгалсан. Хоолойд хутгалахад миний дуу гарахаа больсон. Миний ам хамраас цус гарч байсан. Миний хүч тамир дуусч нөгөө залууг дийлэхээ больсон. Энэ үед тэр залуу миний баруун талын суган доогуур мултарсан. Би тэр тал руу эргээд түүнтэй ноцолдсон. Суудлынхаа баруун тал руугаа эргэж унаад гарыг нь барьж авах гэж ноцолдож байсан. Тэр залуу бид хоёр эргэлдсэн байдалтайгаар үргэлжилж байгаад бид газар унасан. Тэгэхэд би доош газар харсан байдалтай унасан. Би тэр залууг амь насаа алдсанд харамсдаг. Хэрвээ тэр залуу амьд байсан бол энд би биш, тэр залуу зогсож байх байсан. Тухайн үед намайг үхээд боссон гэж ойлгоход болно. Би машины  гадна унахдаа юм харсан. Хараад ухасхийж машиндаа суугаад центр товчлуур дараад хаалгаа түгжээд ухраад эргэх үед нэг залуу зогсож харагдсан. Би эргээд дэлгүүрийн тэнд нэг залуутай тааралдаад машины цонхоо онгойлгоод тусламж гуйхад тэр хүн намайг хараад шууд зугатсан. Би надад хүн туслахгүй юм байна гэж бодоод машинаа бариад цааш явсан. Миний толгой эргээд, зүрх базлаад, доош халуун оргиж байсан. Би тэр үед машин мөргөөд зогсдог юм бил үү гэж бодож өөрийн үхэлтэй эвлэрсэн байсан. “Надад хэн ч туслахгүй юм байна. Би ингээд үхэж байна” гэж бодсон. Тэгээд явж байтал Өргөөгийн тэнд гар утсаа хажуу талын суудал дээр байхыг хараад ах руугаа залгаж хэлсэн. Тэгтэл цагдаа харагдсан. Би цагдаа дээр очиж тусламж гуйхад цагдаа намайг эмнэлэгт хүргэж өгсөн. Би эмнэлгийн буянтай эмч нарын ачаар өнөөдөр амьд зогсож байна. Эмнэлэгт байхад маш хүнд байсан. Би ярьж, толгойгоо хөдөлгөж чадахгүй байсан. Би энэ байдпаа миний хоолойны булчин мах тасарсантай холбоотой гэж ойлгосон. Би өөрийн хоолой доошоо нарийссан, дээшээ бүдүүссэн, мах тасарсан байдлыг саяхан мэдсэн. Би тухайн үед толгойгоо хүнээр өргүүлж, сүүлдээ хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа үснээсээ татаж толгойгоо өргөдөг байсан. Би энэ хэрэг гарснаас 9 хоногийн дараа мэдүүлэг өгсөн. Тэр залууг нас барсныг мэдүүлэг өгөхийн өмнөх өдөр эгчээсээ сонссон. Би энэ талаар сонсоод итгээгүй. Дараагийн өдөр нь цагдаагаас энэ талаар сонсоод маш их харамссан. Намайг эмнэлэгт 10 хоносны дараа Дамдинсүрэн гэх хүн эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй ирж намайг хөдөлж ч чадахгүй байхад миний орон дээр гарч намайг зодсон. Миний зүүн талаас хэд хэдэн удаа цохиж, өшиглөж, хоолойд минь байсан сахиусыг тасдаж байсан. Хамт ирсэн залуу нь миний зүүн талаас өгзөг рүү маш хүчтэй өшиглөсөн. Миний нуруу чилж өвддөг байсан. Тэр залууг өшиглөснөөс болж хөл рүүгээ өвдөж хөлийн хуруу хүртэл мэдээгүй болсон. Би 3 дугаар эмнэлэгт үзүүлэхэд нуруунд төмөр суулгах хэрэгтэй гэсэн. Миний цусны улаан, цагаан эсийн нэг нь багассан, нөгөө нь ихэссэн. Цаашид миний биед ямар хор уршиг гарахыг мэдэхгүй, хагалгаа хийлгэсний дараа нарийн шинжилгээ хийлгэж болохгүй болчихно гээд нуруунд төмөр суулгах хагалгааг хойшлуулсан. Би хорих 461 дүгээр ангид хоригдсон. Дамдинсүрэн гэх эмэгтэй “чи миний хүүхдийг цагдаад өгөхгүй яасан юм бэ, чи миний хүүхдийг алсан. Одоо би чамайг энд чинь ална” гээд дайрч байсан. Би урьд нь айж байгаагүйгээрээ маш их айсан. Би хөдөлж чадахгүй байх үедээ зодуулсан. Хамт ирсэн залуу нь “шоронд хорьж байгаад араас чинь орж чамайг ална, танил тал байдаг болохоор чамайг захиалж алуулна” гэх зэргээр хэлж байсан. Энэ нь надад маш хүнд туссан. Хорих 461 дүгээр ангид байхад 7 хоногийн 1 болон 4 дэх өдөр салхилдаг байсан. Би энэ үед маш их айж хүнтэй ярьдаггүй, салхинд гаралгүй өрөөндөө байдаг байсан гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Дамдинсүрэн: Миний хүү 19 настай, ШУТИС-ийн 3 дугаар дамжааны оюутан байсан. 19 нас хүртлээ нэг ч удаа зодоон хийж үзээгүй гэдгийг нь бүх найзууд нь мэднэ. Хүү маань дөлгөөн зантай, аймхай, цагаахан сэтгэлтэй, хүнд тусархуу хүүхэд байсан. Ангийнхаа хүүхдүүдэд зодуулахаар том биетэй найзууд нь өмөөрдөг байсан. Хааяа марзан хошин зантай, надтай хүртэл алиалж марзагнадаг байсан. Шүүгдэгч үхсэн хүн үг хэлэхгүй гэж бодож бүгдийг өөрөө зохиож худлаа ярьж байна. Жишээ нь гэхэд хэрэгт байх дэлгүүрийн камерын бичлэгт Буяннэмэх өөрөө эхлээд миний хүүтэй юм ярьж танилцаж байгаа бичлэг байдаг. Буяннэмэхийн авсан гэмтлүүд дандаа зүүн талдаа байдаг, Буяннэмэх миний хүүг хутгалчихаад цагдаа харангуутаа айсандаа баруун гараараа өөрийгөө хутгалсан байх магадлал өндөр байна. Мөрөн гэх цагдаа мэдүүлэгтээ хутга нь жолоочийн хоёр хөлийн завсар бүлээн цустайгаа байсан талаар хэлсэн. Мөн Буяннэмэх өөрөө машинаа зогсоогоогүй. Мөрөн гэх цагдаа Бичил хорооллын замаар гэрэлгүй машин явж байхаар нь зогсоосон. Тэгээд “яагаад гэрэлгүй машинтай явж байна вэ” гэхэд “би хүнд хутгалуулчихлаа” гэж хэлсэн байдаг. Буяннэмэх утсаар яриад замдаа хүнтэй тааралдсан гээд өөрийгөө хамгаалах бүх зүйлээ хийгээд явж байсан. Миний хүүгийн баруун гарын 4 хуруу тасарсан. Нэг хуруу нь сүвлэгдсэн. Миний хүү 26 удаа хутгалуулж нас барсан. Хүн өөрийгөө ингэж гэмтээж алах боломжгүй. Дүү маань манай хүүг нутаглуулахдаа хурууг нь боож байсан. Буяннэмэх миний 19 настай хүүг 26 удаа хутгалж алчихаад нэг ч удаа хутгалаагүй гэж ярьж байна. Шинжээч эмч Оюун-Эрдэнэ “уушги руугаа хутгалуулсан хүн ямар ч идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй” гэж өмнөх шүүх хурал дээр хэлсэн. Буяннэмэх урд суудалд байхдаа энэ гэмтлийг авсан байж яаж  миний хүүг 26 удаа хутгалаад байна вэ. Буяннэмэх цагдаатай тааралдаад өөрийгөө хүнд хутгалуулсан, би тэнд  хүн хутгалаад үлдээсэн гэх зэрэг зүйл яриад өөрийн эмчлүүлэх эмнэлгийг хүртэл зааж өгч байсан. Буяннэмэхийн ээж нь эмч хүн бөгөөд энэ хүн эмнэлгийн байгууллагад танил талтай. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг бүгдийг нь өөрчлүүлсэн гэж бодож байна. Шүүхийн эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр Буяннэмэхэд учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл байсан. Түүний хоолойд учирсан гэмтэл гэж хаана ч байхгүй. Нүдэндээ хутгалуулсан гэж яриад байгаа хэрнээ нүд нь харж байна. Би Буяннэмэхийн эрүүл мэндийн талаар мэдээллийг авсан. Тэр угийн нүдний хараа муутай хүн байсан. Миний хүүг өөрөөсөө том биетэй гэж хэлж байна. Бичил хороолол маш их утаатай. Хүү маань уушгины архаг бронхиттой тул байнга маск зүүдэг байсан. Манайх Бичил хороололд амьдардаг бөгөөд хүүгээ нас барахаас хэдэн өдрийн өмнө хашаа маань эзэнгүй гээд хашаандаа очсон байсан. Манай хүү аавынхаа байранд голдуу байдаг байсан. Аав нь бие муутай группэд байдаг байсан. Тэгтэл Буяннэмэх маск зүүж өөрийг нь дээрэмдэх гэж байсан гэж ярьж байна. Миний хүү хүний ганц хүү бөгөөд өөрийн гэсэн унах машинтай, 2 байртай байсан. Би хүүхдээ юугаар ч дутаагаагүй элбэг хангалуун өсгөсөн. Миний хүү хүнээс 2 000 000 төгрөг дээрэмдэх хүн биш. Хүү маань төлөв даруу зантай байсан. Би маш их гомдолтой байна. Буяннэмэхийн талаас оршуулгын зардалд 9.403.340 төгрөг авсан. Буяннэмэхээс оршуулгын зардалд нэхэмжлэх зүйл байхгүй. Аав нь хүүгээ нас барснаас 10 сарын дараа нас барсан. Би Буяннэмэхээс 2 хүний амь нэхэж сэтгэл санааны хохиролд 40 сая төгрөг нэхэмжилж байна. Шинжээчийн дүгнэлтээр хэргийн зүйлчлэлийг өөрчилж, алуурчинг ял завшуулж болохгүй. Шүүх энэ хэргийг шударга шийдэж өгнө үү гэв.

 

Шинжээч эмч М.Энхбаяр: Талийгаачийн цогцост баруун гарын долоовор, дунд хуруунд зүсэгдсэн, ядам хуруунд хатгагдсан, зүүн гарын долоовор, дунд хуруунд зүсэгдсэн, зүүн чих, бугуй, шилбэний ар хэсэг, баруун гуяны шархнууд зүсэгдсэн, зүүн хацар, зүүн хөхний доод тал, хүйснээс цээж хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шархнууд нь хатгагдсан шарх байна гэсэн дүгнэлт гарсан. Цээж хэвлийн хөндийд нэвтэрч зүрхийг гэмтээсэн шарх нь талийгаачийг үхэлд хүргэсэн. Нийтдээ 16 шарх  тогтоогдсоны зарим нь давтан үйлдлээр, зарим нь нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байж болно. Зүсэгдсэн шарх гэдэг нь ир хэсгээр шулуун хөдөлгөөнөөр үүсгэгдсэн өнгөц шарх, хатгагдах шарх гэдэг нь үзүүр хэсгээрээ үүсгэгдсэн, хатгагдаж зүсэгдсэн гэдэг нь хатгаад буцаж хутгаа татахад ир хэсгээрээ нэмэлт зүсэлт хийгдсэнийг хэлдэг. Энэ гэмтэл нь хэвлий хэсгээсээ доороос дээш чиглэлтэй яваад зүрхэнд хүрсэн. Гэмтлийн үед зүрхний аль хэсэгт хүрснээсээ хамаараад тухайн этгээдийн хөдөлгөөн хийх боломж өөр өөр байдаг. Зүрхний баруун тосгуур хавьцаа хатгагдвал шууд газар дээрээ нас бардаг. Бусад хэсэгт хатгагдвал тодорхой хэмжээнд үйлдэл хийх боломжтой. Гэхдээ энэ нь 4-5 минутын үйлдэл хийх боломжтой гэв. Шархнууд зүсэгдсэн, хатгагдсан, няцарсан гэх зэрэг олон янз бөгөөд иртэй зүйлээр үүссэн тул зах ирмэг тэгш гэж хэлдэг. Талийгаачийн биед учирсан олон гэмтэл ноцолдох эсвэл  зориудаар үүсгэгдэх аль ч байдлаар үүсэж болно. Энэ гэмтлийг зориудаар үүсгэсэн үү, ноцолдох явцдаа үүсгэсэн үү гэдгийг хэлэх боломжгүй гэв.

Буяннэмэхийн биед гэмтлийн хүнд зэрэг тогтоогдсон. Цээжний хөндийд нэвтэрснээс бусад шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цээжний хөндийд нэвтэрсэн шархтай хүн машинаа барьж, гар утсаар ярьж, цагдаатай таарч болсон асуудлыг хэлэх боломжтой. Өөрөөр хэлбэл энэ гэмтэл тухайн хүнийг шууд ухаан алдуулаагүй. Цээжний хөндийд 600 мл орчим хий хурсан нь аажим амьсгалын хөдөлгөөнөөр буюу амьсгал авахад цээжний хөндийд хатгагдсан шархаар амьсгалын хөндийгөөр гаднаас агаар сорж аваад буцаж гаргаж чадахгүй байгаа учраас цээжний хөндийд хий хурсан. Энэ хий 600 мл болох хүртэлх  тодорхой хугацаанд үйл хөдлөл хийх боломжтой гэв. Бид хавтаст хэргийн материалаар бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг гаргасан, Буяннэмэхийг үзээгүй. Хэрэгт авагдсан зурган дээрээс харахад  Буяннэмэхийн хоолой хэсэгт боолт хийсэн байна. Энэ гэмтлийг Буяннэмэхийн биед анх үзлэг хийсэн шинжээч нар орхигдуулсан байж магадгүй. Зургаас харахад Буяннэмэхийн эгэм цээжний хэсэг хоолойны хэсгийг оролцуулаад боолт хийсэн байна. Яг хоолой руу орсон шархны чиглэл хаашаа байсан эсэх нь анхны үзлэг хийсэн дүгнэлтэд байгаагүй. Зургаас харахад эгэмний хэсэгт шархтай мэт харагдаж байна. Бид Буяннэмэхийн биед учирсан гэмтлийн цээжний хөндий рүү нэвтэрснээс бусад гэмтлүүдийг гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Амьд хүнд үүссэн гэмтлийг анхны тусламж үзүүлсэн эмч нь хэмжээг бичээгүй бол дахин боолтыг нь тайлж шалгах боломжгүй. Уушгинд шарх үүссэн үед амьсгалын болон хоол боловсруулах замаар цус гарч болно. Буяннэмэхийн эгэмний орчим хатгагдсан байна. Энэ шарх нь цаашаа аль чиглэлд явсныг бид мэдэхгүй. Энэ шарханд оёдол тавьсан байна.

Талийгаачийн баруун гарын долоовор, дунд ядам, зүүн гарын долоовор, дунд хурууны буюу нийтдээ 5 хуруунд шархтай,  эдгээр гэмтлүүдийг тус тусад нь тоолсон гэхдээ нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэж болно. Талийгаачийн биед учирсан гэмтлүүдийг өөртөө үүсгэх боломжтой яагаад гэхээр хүний гар хүрэх газрууд байх тул өөртөө үүсгэж болно. Гэхдээ бид хажууд нь байгаагүй учраас өөртөө үүсгэсэн эсэхийг мэдэхгүй. Уушгинд хүрсэн хүнд гэмтэл авсан хүн машины арын суудалд талийгаачтай ноцолдоод түүнд 26 тооны гэмтэл учруулсан байх боломжтой. Талийгаачийн цээжний хөндий болон хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх нь хүнд зэргийн гэмтэл, бусад нь хөнгөн гэмтэлд хамаарна. Зүрх гэдэг өөрөө бие махбодийг цусаар тэтгэдэг гол эрхтэн. Зүрхэндээ гэмтэл авсан хүн хэсэг хугацаанд үйлдэл хийсэн тохиолдол практикт байдаг.   

 

Сэтгэцийн шинжээч Л.Баттулга: Буяннэмэхийн сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан байх шинжлэх ухааны боломжтой. Бид Буяннэмэхийн  мэдүүлэг болон түүний үзлэгийн үед өгч байсан өгүүлэмж, хэргийн материалтай танилцаж дүгнэлт гаргасан. Буяннэмэх  хэрэг хариуцах чадвартай байсан. Энгийн сэтгэл цочрол нь санаа сэтгэл хүчтэй цочрон давчдуулсан мэдээлэл болон таагүй үйл явдлуудаас шалтгаалж үүснэ. Мөн богино хугацаанд үүснэ. Эрүүл хүнд ч үүсэх боломжтой. Ухамсарт ухааны алдагдалд ордоггүй. Сэтгэцийн байдалд нь ядрал сульдалт үүсэхгүй. Ойгүйдэлд ордоггүй учраас сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай гэж үздэг гэв.

 

Сэтгэцийн шинжээч Ж.Нямцэцэг: Цочирдол нь гаргаж байгаа хариу үйлдлээрээ харагддаг.  Энгийн сэтгэл цочирдол, эмгэг сэтгэл цочирдол хоёрын аль аль нь ухамсарлахгүйгээр гэнэтийн үйлдэл хийж болзошгүй. Үргэлжлэх хугацаа нь богино хугацаанд байж болно. Амьтан, хүнд ямар нэгэн аюултай нөхцөл бүрдэхэд өөрийн амиа хамгаалах чанар буюу зугтаах, тухайн асуудлыг шийдэх байдлууд гардаг. Энэ бол хүн хүний онцлог байдаг. Өөрөөр хэлбэл зарим хүн ийм байдалд ороод хөдөлж ч чадахгүй болоход зарим нь гэнэтийн үйлдэл хийгээд хүн алах байдал үүсдэг. Бид тухайн үед шүүгдэгч Буяннэмэхийг гэнэтийн цочролд орсон байж болзошгүй гэж үзсэн. Бид энгийн сэтгэл цочирдол гэж үзсэн шалтгаан нь тэрээр мэдүүлэгтээ болсон явдлыг хэлж байгаа тул түүнийг ойгүйдэлд ороогүйг баталж байна. Ухамсарт ухааны алдагдал гэдэг нь орон зай, цаг хугацаа болон өөрийгөө баримжаалах баримжаа алдагдахыг хэлнэ. Энэ нь урт болон богино хугацаанд үргэлжилж болно. Буяннэмэхэд тухайн үед энэ аюултай байдлаас холдох ёстой, надад эмнэлгийн тусламж хэрэгтэй гэсэн шийдвэр гаргаад дараагийн алхамуудыг хийсэн учраас түүнийг цочирдолд орсон байж болох бөгөөд энгийн цочирдол байсан гэж дүгнэлт гаргасан гэв.

 

Гэрч Ч.Цэнгүүн: Би талийгаачийн найз нь байгаа юм.  Талийгаач бие бялдрын хувьд жижгэвтэр биетэй хүүхэд байсан. Талийгаач амьдралын хувьд бололцоотой, биедээ хутга авч явдаггүй, өмнө нь хатгаа авч байсан учраас байнга маск зүүж явдаг байсан. Миний мэдэхээр талийгаач хүнтэй ам мурийж зодоон цохион хийж байсан зүйл байхгүй гэв.

 

Шүүх, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор

Д.Буяннэмэхийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хэргийн  118 дугаар хуудас/ Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй талаархи лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 40/, оршин суух хорооны тодорхойлолт /2хх-ийн 41/, сурагчийн хувийн хэрэг /2хх-ийн 46-48/, нийгмийн даатгалын дэвтэр /2хх-ийн 49/, бүрэн дунд боловсролын үнэмлэх /2хх-ийн 50/, сургуулийн тодорхойлолт /2хх-ийн 51-52/ баклаврын дипломын хуулбар /2хх-ийн 53-56/, сургуулийн тодорхойлолт /2хх-ийн 58/, байгууллагын тодорхойлолт /2хх-ийн 59-60/, улсын бүртгэлийн гэрчилгээ /2хх-ийн 61/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /2хх-ийн 62/,

 

амь хохирогчийн хувийн байдалтай холбоотойгоор

2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 7 дугаартай Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 7 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2 хх-ийн 78/,  

2014 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 151 дугаартай Прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн Мөнхжаргалын Пүрэвсүрэнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тогтоол /2хх-ийн 89/, ШУТИС-ийн тодорхойлолт /2хх-ийн 91/, бүрэн дунд боловсролын үнэмлэх /2хх-ийн 95/,

 

Мөрдөн байцаалтанд өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд

хохирогчоор Д.Буяннэмэх: “2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Эх нялхас дээр хүү Итгэлийг үзүүлээд улавч авах гэж дэлгүүр орсон. Энэ үед нэг залуу зогсож байгаад ах утас авах уу гэж надаас асуусан. Тэгээд би тэр залуутай уулзаад ломбарданд байгаа утас чөлөөлөхөөр болж банк орж өөрийн данснаас 2.100.000 төгрөгийг аваад ломбард руу явъя гэхэд бичиг баримт байхгүй байна гээд Бичил болон хойд талын гэр хорооллоор өчнөөн удаа бүрэнхий болтол явсан. Тэгээд сүүлд Бичил хорооллын 19 дүгээр байрны зүүн талын грашнуудын завсар орж зогсоод манай дүү миний бичиг баримтыг аваад гараад ирнэ гээд хүлээгээд машиндаа сууж байхад араас нөгөө залуу хэд хэдэн удаа цохиод авсан. Энэ үедээ намайг хутгалж байсан юм байна лээ. Тэгээд намайг 9-н удаа буюу эхлээд зүүн далны дээд хэсэг 1 удаа, зүүн мөрөн дээр 1 удаа, зүүн суганы доор 1 удаа, зүүн нүдний хажууд 2 удаа, зүүн хавирган тус газар 1 удаа, зүүн хавирганы доор 1 удаа, хоолойн доор эгэмний голд 1 удаа, баруун талын гарын бугалганд 1 удаа тус тус хутгалж хүнд гэмтэл учруулсан юмаа. Би гэмтлийн эмнэлэгт замын цагдаагаас тусламж авч хүргэгдэн очоод 12 хоног эмчлүүлээд цагдан хорих төвийн 461 дүгээр ангийн эмнэлэгт 2015 оны 12 дугаар сарын 10-наас шилжин ирж эмчлүүлж цагдан хоригдсон. ...Миний биеийн байдал одоо хүзүү хөдлөхөд хоолой татагдаж өвддөг, хоол залгихад горойж өвддөг, нүүрээ  угаах гээд тонгойход хоолойд горойж байгаа юм шиг  мэдрэмж төрдөг, толгой байнга эргэдэг, нойрондоо муу байна, хөл гар их даардаг болсон, зүрхээр хатгуулж өвддөг, хоёр гар чичирч салганадаг болсон. Тэр өдрөөс хойш аймхай болсон. Толгой өвдөхөөр эмч дуудаж үзүүлэхээр даралт ихэссэн байдаг. Сэтгэл санааны хувьд хүнд байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 91-92 дугаар хуудас/

 

хохирогч Т.Дамдинсүрэнгийн“...Талийгаач хүү Пүрэвсүрэн 1996 оны 5 дугаар сарын 30-нд Улаанбаатар хотод Эх нялхаст төрсөн...Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Үйлдвэр технологийн инженерийн сургуулийн мебел технологи инженерийн ангийн 3 дугаар курст сурдаг байсан. Талийгаач хүү надтай хамт амьдардаг байсан юм. Нас барахынхаа 4-5 хоногийн өмнө ирээд гэртээ хоночихоод орой ажилтай гээд гараад явсан юм. Талийгаач сургуульд сурахын хажуугаар оройн цагаар хорооллын Түмэн плаза караокед ажиллаж байгаад цалин бага гээд 10 дугаар хороололд нэг караокед зөөгчөөр найз Зэсэмтэйгээ хамт ажиллаж байгаа гэж байсан юм...Нас барахынхаа урд өдөр над руу дугаар нууцалсан утсаар яриад миний аксент машиныг зарсан уу надад мөнгө хэрэгтэй байна, танд мөнгө байна уу гэсэн. Тэгэхлээр нь чи яагаад дугаар нууцалсан утсаар яриад байгаа юм бэ гэхэд найз нар ээж чинь залгаад чамайг асуугаад чи хэн юм бэ гээд шалгаад байдаг юм гэж байсан...Миний талийгаач хүү бол хүнийг хутгалах хүн бишээ, би ёстой итгэхгүй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 83-84 дүгээр хуудас/

 

гэрч Б.Унаганхүүгийн: “Манай ломбарданд 2015 оны 11 сарын 19-нд Энхтайваны Баттэлмэн, 2015 оны 11 дүгээр сарын 24-нд Мөнхжаргалын Пүрэвсүрэн гэж хүмүүс Айфон 5 маркийн гар утаснуудыг 150.000 төгрөгний барьцаанд нийтдээ 300.000 төгрөгний барьцаанд тавьсан юм байна. Тэгээд Энхтайваны Баттэлмэн гэж нэрээр тавьсан утсаа 2015 оны 11 сарын 21-нд Баттэлмэн гэж хүн нь ирээд гарын үсгээ зураад авсан. Мөнхжаргалын Пүрэвсүрэн гэж нэрээр тавьсан Айфон утсыг 2015 оны 12 сарын 03-нд Мөнхжаргалын Пүрэвсүрэн гэж хүний нас барсан гэсэн бичиг баримтыг нь үзүүлээд ээж нь гэх Дамдинсүрэн гэж хүн ирээд мөнгөө төлөөд авсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 153-154 дүгээр хуудас/

           

гэрч Э.Баттэлмэнгийн: “...талийгаач өөрөө Айпоне 5 гар утсаа ломбарданд тавьсан гэж байсан. Нөгөө утас нь Сайнбаярынх байж магадгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 106-108 дугаар хуудас/

          

гэрч Т.Сайнбаярын “ ...2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 150.000 төгрөгөөр талийгаач Пүрэвсүрэнгийн нэрээр бид хоёр миний Айпоне загварын гар утсыг ломбарданд тавьсан. Одоо хугацаа нь дууссан байх. Хүлээлгийн 7 хоногтоо орсон байх” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 110 дугаар хуудас/

 

гэрч Э.Тунгалагтуяагийн “2015 оны 11 дүгээр сарын 28-нд 15 цаг 55 минутын үед 1 залуу орж ирээд 88327222 гэсэн утсаар яриад Айпоне 6 эс маркийн 2 утас байгаа, хоёулаа нийлээд 2.200.000 гэлүү, ломбарднаас чөлөөлүүлнэ гээд яриад байсан. Энэ үед гаднаас 30 орчим насны залуу орж ирээд 1 удаагийн улавч авсан. Тэгснээ тэр залуугийн яриаг сонсоод утсаар ярьж дууссаны дараа тэр залуутай яриад хамтдаа гарсан. Удалгүй нөгөө 2 залуу орж ирсэн. Тэгтэл утсаар ярьсан залуу нь маск зүүгээд орж ирээд улавч авсан залуу нь илүү улавч авсан байна гээд нэг улавч эргүүлж өгөөд хамтдаа гарч явсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 135-136 дугаар хуудас/

             

гэрч Д.Буян-Өлзийгийн “2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр миний төрсөн ах Д.Буяннэмэх 16 цаг 34 минутанд миний 86073738 дугаарын утас руу залгаж интернэттэй газар байна уу, Айпоне 6 эс маркийн гар утасны үнийг хараад эргээд залгаарай гэсэн. Тэгэхээр нь би интернэттэй газарт байсан болохоор Айпоне 6 эс маркийн гар утасны үнийг 880 ам.доллар гэж хараад 16 цаг 38 минутанд залгаад утасны үнэ асууж яах гэж байгаа юм бэ гэхэд ломбарданд нэг утас байгаа юм байна гэсэн. Над руу Буяннэмэх ах залгаад чи хямдхан утас авахгүй юм уу, хямдхан зарах юм шиг байна, чи сонирхох уу гэж асуусан. Тэгэхээр нь би утас авахгүй гэсэн юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 139-140 дүгээр хуудас/

 

гэрч Х.Мөрөнгийн: “2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр би ажилтай байсан бөгөөд Өргөө кино театрын зүүн талын урсгалаас хорооллын эцэс рүү явах эргэлтэнд 37-98 УНТ улсын дугаартай Тоёота Приус 11 маркийн машины жолоочийн гар нь цус болчихсон мөн өмсөж явсан хувцас нь хүртэл цус болсон байсан тул уг жолоочийг шууд цааш нь жолоочийн эсрэг талын урд суудал  руу шилжүүлэн суулгаж машиныг нь бариад шууд гэмтлийн эмнэлэгт ирсэн. Тэгээд гэмтлийн эмнэлгийн цагдаад хэлж уг хүнийг эмч нарт хүлээлгэн өгсөн. ...Тухайн жолоочийн хувцас нь цус болчихсон, 28 дугаар сургуулийн тэндээс ирлээ гэж хэлсэн бөгөөд би юу болов оо, яагаад цус болсон юм бэ гэж асуухад хүнд хулхидуулчихлаа, алуулах гэж байна ш дээ, би нөгөө хүнээ хутгалчихлаа гэж хэлэхээр нь нөгөө хүн чинь тэгээд зүгээр үү, хаана байгаа вэ гэхэд тэр хүний амин бус газар нь хутгалсан тул гайгүй байхаа, 28 дугаар сургуулийн хойд талын грашны дунд байгаа гэж хэлэхээр нь би 102-т болон 103-т дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 98-99 дүгээр хуудас/

“Тэр 3798 УНТ приус 11 маркийн машин Өргөөгийн зүүн талын уулзвар дээр хойноосоо зүүн гар тийшээгээ эргэж орж ирсэн машины гэрлээ асаагаагүй байсан. Тэгээд би дохих гэтэл жолооч нь цонх нь онгорхой “цагдаа намайг авраарай” гэж хэлсэн. Тэгээд намайг 1 дүгээр эмнэлэг рүү яаралтай хүргэж өгөөч гэсэн. Тэгээд би яасан бэ гэхэд намайг хүн хутгалчихлаа гэсэн. Би цааш нь шилжүүлж суулгаад яасан бэ гэхэд Бичилийн 28 дугаар сургуулийн хойд талын грашнуудын хажууд намайг хутгалсан хүн байгаа та тэр лүү цагдаа яаралтай явуулаарай гэж хэлээд тэгээд би 1  дүгээр эмнэлэг рүү зам бөглөөтэй учраас хорооллын хүнсний захаар урагш эргээд шууд гэмтлийн эмнэлэг рүү явсан. Тэр жолооч би гэмтлийн эмнэлэг очиж чадахгүй юм шиг байна, намайг хутгалсан хүн бид хоёр 16-17 цагийн хооронд Өргөөгийн Хаан банкнаас 2.000.000 төгрөг авсан. Намайг хутгалсан тэр залуу цэнхэр өнгийн масктай байсан шүү, нэг фэйсбүүк хаягтай шүү гэж байсан...Тэр жолооч залуу хөдөлж чадахгүй хүзүүнээс нь цус гараад хойшоогоо налаад хэвтсэн. Би гэмтлийн эмнэлэг орж чадах бол уу, миний бие халуу оргиод маш хүнд байна гэж байсан. Тэгээд тэр залуу гэмтлийн эмнэлгийн гадаа очтол ухаан алдаад ухаангүй болсон. Би  гэмтлийн эмнэлэг рүү орж эмч дуудсан. Эмч нар насилка авч ирээд аваад орсон...Би тэр залуугаас хутгалсан хүнээ яасан бэ гэж асуухад над руу тэр залуу улаан галзуу дайрч намайг хутгалсан би ноцолдож байгаад арай хийж хутгыг нь булааж аваад амин бус газар нь хутгалсан. Та тэр хүн лүү яаралтай цагдаа явуулаарай гэсэн. Би тэр залуугаа таньдаг юм уу гэхэд танихгүй би тэр залууд хулхидуулчихлаа  ямар аймар юм бэ гээд байсан...Машины жолоочийн сандлын шалавч дээр улбар шар өнгийн иштэй хутга байсан. Өөр эд зүйл байгаагүй. Би машиныг нь гэмтлийн эмнэлгээс савхин бээлийтэй бариад цагдаагийн хэлтсийн дулаан грашид тавьсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 98-99 дүгээр хуудас/

 

гэрч Д.Өлзийхутагийн “2015 оны 11 дүгээр сарын 28-нд Буяннэмэх 18 цаг 06 минутанд миний утас руу залгаад агаа намайг хүн алах гээд байна гэсэн. Тэгэхээр нь хаана байгаа юм бэ гэхэд Өргөө кино театрын энд гэж хэлээд өөр юу ч хэлээгүй. Би дахиж утас руу нь залгахад утсаа аваагүй. ...Би ахиад 18 цаг 14 минутанд залгахад нэг хүн аваад би цагдаа байна, дүүг чинь аваад гэмтлийн эмнэлэг явж байна, аймаар их цус гарч байна гэсэн. Би гэмтлийн эмнэлэгт очиход хүлээн авахын 3 номерын өрөөнд эмнэлгийн тусламж авч байна гэсэн. Тэгээд би гэмтлийн цагдаа дээр очиход хүргэж ирсэн цагдаа нь надтай уулзаад дүү чинь над дээр ирээд ухаан алдчихлаа, би машиныг нь бариад гэмтэл дээр ирсэн гэсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 124 дүгээр хуудас/

 

гэрч С.Довчинмахбалын: “2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нөхөр Буяннэмэхийн хамт 37-98 УНТ дугаартай машинтайгаа хүүхдээ үзүүлэхээр 14 цаг өнгөрч байхад Эх нялхсын хүлээн авах дээр очиход улавч өмсөөд дотогш орж үзүүл гэхээр нь Буяннэмэх улавч авахаар гадагш гараад улавч аваад ирсэн. Би уг улавчийг нь өмсөөд дотогшоо орсон. Би хүүхдээ үзүүлээд гараад ирэхэд нөхөр Буяннэмэх байхгүй байхаар нь нөхрийн 99774179 гэсэн дугаар руу нь 16 цаг 13 минутанд залгаад ... хаана байгааг нь асуухад одоохон очлоо гэсэн. Тэгээд 10-аад минутын дараа дахин залгаад Билэг их дэлгүүрийн 1 давхарт байна, өмнөөс чинь очих уу гэхэд наанаа байж бай гэсэн. Тэгээд 18 цаг 09 минутанд залгахад утсаа аваад би хүнд хутгалуулчихлаа үхэх гэж байна гэхээр нь чи хаана байгаа юм бэ гэхэд эмнэлэг явж байна гээд утас нь тасарсан. ...Манай машинд хутга байгаагүй. Хутга авч явдаггүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 126-127 дугаар хуудас/

 

насанд хүрээгүй гэрч З.Баяржавхлангийн “2015 оны 11 дүгээр сарын 28-ны 17 цаг 30 минутанд манай дүү Энхсувд над руу залгаад намайг ирж аваарай гэсэн тул би дүүгээ авахаар 18 цагийн үед гэрээсээ гарч 19 дүгээр байрны хойд талын автомашины граш дундуур гарч 28 дугаар сургууль руу алхаж очоод дүүгээ  аваад буцаад явж байхад 19 дүгээр байрны арын грашны хажууд үл таних эрэгтэй газарт хөдөлгөөнгүй хэвтэж байхаар нь Дөлмөнхийг Энхсувдтай хол байлгаж байгаад би өөрөө ойртож харахад тэр хүн ямар ч хөдөлгөөнгүй, амьсгалахгүй, гар нь цус болсон, биеийнх нь зүүн талын хэсгээр цус болсон байхаар нь би өөрийнхөө 91515197 гэсэн дугаараас 103 руу залгаж дуудлага өгсөн. ...Дөлмөнх бид хоёрыг 28 дугаар сургууль явах үед тухайн хүн байгаагүй. Мөн ямар нэгэн хүн болон тээврийн хэрэгсэл байгаагүй. Харин буцаж гэртээ харихаар явж байх үед тэр хүн газарт хэвтэж байсан. Хажууд нь ямар нэгэн хүн болон тээврийн хэрэгсэл байгаагүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 97 дугаар хуудас/

 

гэрч Т.Сайнбаярын “ 2015 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын 24-ний хооронд эгч Уянга 88854521 дугаарыг барьж байгаад энэ дугаараа 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр талийгаачийн нэрээр талийгаач бид хоёр утасны хамт ломбарданд тавьсан байсан. Түүнээс хойш энэ дугаарыг бариагүй. ...Тэр өдөр талийгаач намайг утасгүй явж байгааг мэдэж байсан. Энэ дугаараар би мессеж аваагүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 112-113 дугаар хуудас/

 

насанд хүрээгүй гэрч Э.Мөнхсүлдийн “2015 оны 11 дүгээр сарын 28-ны орой 16 цаг 45 минутанд 89434944 дугаарын утсаар талийгаач найз Пүрэвсүрэн миний 80890071 дугаарын утсаар залгаж намайг хаана байгаа юм бэ, би Бичил хороололд машинтай явж байна, хүрээд ирээч гэсэн. Тэр үед би завгүй байсан болохоор очиж амжихгүй нь гэж хэлсэн. Тэгэхэд утсаа салгасан. ...Талийгаач надаас тусламж хүсээд байгаа юм шиг гуйх маягтай ярьсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 116-117 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн дүгнэлтүүд болон мэдүүлэг

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2015 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн №17054 дугаартай шинжээчийн: Буяннэмэхийн биед цээжний зүүн дээд хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн хий хуралдалт, арьсан дор хий хуралдалт, зүүн хацар, цээж, баруун, зүүн бугалга, хэвлийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл болно. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас, 179 дүгээр хуудас/

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалаар нэмэлтээр хийгдсэн 2016 оны 01 дүгээр сарын 12 -ны өдрийн №64 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хэргийн товч: Шүүх эмнэлгийн №17054 дугаартай дүгнэлтэнд Буяннэмэхийн биеийн зүүн даланд учирсан гэмтлийг дурьдаж тусгаагүй гэх.

Дүгнэлтэнд: Буяннэмэхийн биед цээжний зүүн дээд хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн хий хуралдалт, арьсан дор хий хуралдалт, зүүн хацар, цээж, баруун, зүүн бугалга, зүүн дал,  хэвлийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл болно. Зүүн далны зүсэгдсэн шарх нь 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. /хэргийн 1 дүгээр хавтас, 67 дугаар хуудас/

           

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №1560 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчдийн:

Д.Буяннэмэхийн биед учирсан цээжний зүүн талын 2-3 дугаар хавирганы түвшинд цээжний хөндий рүү нэвтэрч хий хурсан, уушиг авчийсан, цээжний хөндийд хурсан хийх гаргах, уушиг сэргээх ажилбарын дараахь байдал зэрэг гэмтэл нь ШЭГЗТЖ-н 3.1.11-т зааснаар учрах үедээ амь биед аюултай тул хүнд зэргийн гэмтэл болно.

Зүүн хацар, баруун зүүн бугалга, мөр зүүн дал, хэвлийн зүүн доод хэсэгт шарх, баруун гарын алганд шалбаралт зэрэг гэмтлүүд  нь ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Тухайн үед хэвтэж эмчлүүлсэн өвчний түүх болон хэрэгт хавсаргагдсан фото зургаас үзэхэд биед байгаа шархнууд нь бүгд хурц иртэй зүйлээр үүссэн зүсэгдэж хатгагдсан шархнууд байна. Шархнуудад цэгцэлгээ хийж оёдол тавьсан байгаа тул чиглэл зэргийг нарийн тогтоох боломжгүй байна. Д.Буяннэмэхийн биед учирсан цээжний зүүн дээд шарх  нь өмсөж явсан хувцастай хамааралгүй нэвтэрч орох бөгөөд шарх үүссэн үеэс эхлэн цээжний хөндийд хий хурна. Дээрх гэмтлийг авсны дараа тодорхой хугацаанд заагдсан үйл хөдөлгөөнийг хийж явж болно. /3хх-ийн  220/ гэсэн дүгнэлт,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2124 дугаартай шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн актад: Талийгаач Пүрэвсүрэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний хөндий рүү нэвтэрч зүрхийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хурц цус алдалт /цээж хөндийд 650 мл/ хэвлийн зүүн хэсэг дэх хэвлийн хөндий рүү нэвтэрч ходоодыг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт 150 мл, зүүн хацарт амны хөндий рүү нэвт хатгагдсан, зүүн чихний дэлбэнгийн дунд хэсэг, баруун гарын 2,3,4-р хуруу, зүүн гарын бугуй, алга 2,3-р хуруунд зүсэгдсэн шарх, зүүн гуя, шилбэ, баруун гуяны шарх хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь цээжний хөндий рүү нэвтэрч зүрхийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас хурц цус алдаж нас баржээ. Талийгаач Пүрэвсүрэн нь А II бүлгийн цустай байсан байна. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ” гэсэн акт. /хэргийн 1дүгээр хавтас 170-173 дугаар хуудас/

 

Шинжээч эмч Д.Мөнхбатын “...Үхэлд хүргэсэн шарх нь зүрхийг гэмтээсэн шарх юм. Богино хугацаанд үхэлд хүргэнэ. Идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийх боломж багатай. ...Хуруу, бугуйн хэсэг, зүүн хөлийн шилбэ ар хэсэг, баруун гуяны дотор доод хэсэгт учирсан гэмтлүүдийн чиглэл тогтоох боломжгүй. ...Энэ харуулж буй хутгаар эдгээр гэмтлүүд үүсгэгдэх боломжтой” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 175-176 дугаар хуудас/

        

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №1560 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчдийн: Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2124 тоот шинжээчийн дүгнэлтэнд дурьдсан баруун гарын долоовор, дунд хурууны шарх нь зүсэгдсэн, ядам хурууны шарх нь нэвт хатгагдсан, зүүн гарны долоовор, дунд хурууны шарх  нь зүсэгдсэн, зүүн чих, бугуй, шилбэний ар хэсэг, баруун гуяны шархнууд нь мөн зүсэгдсэн, зүүн хацар, зүүн хөхний доод тал, хүйсний зүүн талын шархнууд нь цээж хэвлийн хөндий рүү нэвтэрч хатгагдсан шархнууд байна. Цээж хэвлийн хөндийд нэвтэрч зүрхийг гэмтээсэн шарх нь шууд үхэлд хүргэх гэмтэл болно. Ходоодыг гэмтээсэн шарх  нь учрах үедээ амь насанд аюултай тул хүнд зэргийн гэмтэл болно. Баруун зүүн гарын сарвуу, хуруу, алга, бугуй, зүүн хөлийн гуя, шилбэ, зүүн хацар, чихний шархнууд нь үхэлд нөлөөгүй хөнгөн гэмтэлд хамаарна. 2 гарын хуруу, бугуй, 2 хөлийн шилбэ гуянд нийт 16 ширхэг шарх тогтоогдсон байна. 2124 тоот актанд шархны чиглэлийг тодорхой тусгасан байна. /3 дугаар хавтасны 220 дугаар хуудас/ гэсэн дүгнэлт

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын  шинжээчдийн дүгнэлтүүд

Шүүх сэтгэц эмгэг судлалын 382 дугаартай дүгнэлтэнд:

1. Д.Буяннэмэх нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд өөрийнхөө үйлдлийг жолоодох чадвартай байсан байна гэсэн дүгнэлт үндэслэлгүй байна. Нэмэлт дүгнэлтээр Д.Буяннэмэх нь хэрэг үйлдэх үедээ санаа сэтгэл нь  хүчтэй цочрон давчидсан байх боломжтой байна гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Д.Буяннэмэх нь хэрэг үйлдэх үедээ санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан нь гэнэтийн маш хүчтэй сэтгэл цочирдсоны улмаас  өөрийн ухамсарт ухаан богино хугацаанд алдагдсан шинж илэрчээ.

3. Д.Буяннэмэх нь хэрэг үйлдэх үедээ  санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан байна” гэсэн дүгнэлт /2 хх-ийн 241-242/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 1132 дугаартай дүгнэлтэнд: Буяннэмэх хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд өөрийнхөө үйлдлийг жолоодох чадвартай байсан байна. сэтгэцийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна. Буяннэмэхэд эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна /1хх-ийн 223/

шүүх сэтгэц эмгэг судлалын 18 дугаартай дүгнэлтэнд:

1.1132 дугаартай дүгнэлтийн а,б дүгнэлтүүд үндэслэлгүй байна, харин “г” дүгнэлт үндэслэлтэй байна.

Нэмэлт 1132 дугаартай дүгнэлтийн а, б, в, г дүгнэлтүүд үндэслэлтэй байна. харин “д” дүгнэлт үндэслэлгүй байна.

382 дугаартай дүгнэлтийн 1,2,3 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

2.Д.Буяннэмэх нь гэмт хэрэг үйлдэх үедээ санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан буюу эмгэг сэтгэл цочирдолд орсон болно.

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах буюу сэтгэл цочирдолыг анагаахын шинжлэх ухаанд дараахь байдлаар талбарладаг.

-сэтгэл цочирдолыг гарал үүслийг нь харгалзан энгийн сэтгэл цочирдол, эмгэг сэтгэл цочирдол гэж хуваан үздэг.

-Д.Буяннэмэх нь гэмт хэрэг үйлдэх үедээ санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан буюу эмгэг сэтгэл цочирдолд орсон  нь анагаахын шинжлэх ухааны үүднээс дараахь шинжүүдээр илэрсэн байна.

Үүнд: Хүүхэд нь өвчилсний улмаас 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр эмнэлэгт хүүхдээ үзүүлэн сэтгэл зовинолын байдалтай байсан суурин дээр гэнэтийн хүчтэй, амь насанд нь аюултай заналхийлсэн халдлаганд өртсөний улмаас үхлийн айдас, түгшүүр, уур хилэн, хорсол,  занал, эгдүү зэвүүцэл зэрэг эрс хүчтэй сэтгэл хөдлөл үүсэж, ухамсарт ухаан нарийсаж, хүрээлэн байгаа орчинд болж байгаа үйл явдлыг мэдрэх, өөрийгөө ухаарах чадварууд нь алдагдан улмаар ухамсарт ухаан бүрийтэн балартаж сэтгэц хөдөлгөөний дошгиролд орж амь хохирогч руу автоматаар түрэмгийлэх дайрсан болно. /3хх-ийн 228/ гэсэн дүгнэлт

 

Эд мөрийн баримтаар хураагдсан СД бичлэг болон бусад баримтууд

Эмийн сангийн камерт үзлэг хийсэн тэмдэглэлд “... М.Пүрэвсүрэн нь ганцаараа саравчтай хар малгай, юүдэнтэй цамцны малгай, давхарлаж өмссөн хар өмдтэй, хар алаг пүүз өмссөн байдалтай ...1 ширхэг цэнхэр өнгийн амны маск аваад баруун гарын бээлийгээ тайлаад авсан маскаа зүүж байгаад зүүгээд толинд хараад бээлий мөнгөний хариултаа аваад ... ганцаараа гарч байгаа бичлэг” /хэргийн 1 дүгээр хавтас 60 дугаар хуудас/

“...ЭХЭМҮТ-ын үүдний мухлагт талийгаач М.Пүрэвсүрэн яллагдагч Д.Буяннэмэх нар анх уулзсан бичлэг, халуун усны  газарт талийгаач М.Пүрэвсүрэн 2 удаа ороод гарсан бичлэг, эмийн сангаас талийгаач М.Пүрэвсүрэн амны хаалт авсан бичлэгтэй Sony DVD R120 min 4.7 GB гэсэн бичигтэй сиди”. /хэргийн 1 дүгээр хавтас 53-54 дүгээр хуудас/

“Заяа” хүнсний дэлгүүрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “2015 оны 11 сарын 28-ны өдрийн 15 цаг 57 минут 22 секундэд чихтэй малгай өмссөн хар өмдтэй сэжигтэн Буяннэмэх орж ирээд лангуун дээр цэнхэр өнгийн улавч худалдан аваад утсаар яриад талийгаач Пүрэвсүрэн лүү хараад зогсоод байгаад утсаа баруун талын халаасандаа хийгээд улавчаа янзлаад зогсож байгаа бичлэг. Талийгаач Пүрэвсүрэн нь 15 цаг 58 минут 37 секундэд утсаар ярьж дуусаад халааснаасаа мөнгө гаргаж ирээд худалдагчид өгсөн, сэжигтэн Д.Буяннэмэх нь худалдан авсан улавчнаасаа нэгийг буцааж худалдагчид өгөөд талийгаач М.Пүрэвсүрэн гараараа хаалга руу заагаад хамтдаа  15 цаг 58 минут 57 секундэд гарч яваа бичлэг”. /хэргийн 1 дүгээр хавтас 56 дугаар хуудас/

Хаан банкны баруун хүрээ салбарын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “сэжигтэн Д.Буяннэмэх нь 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 16 цаг 37 минут 52 секундэд банкны теллерээс мөнгө аваад явж байгаа талийгаач М.Пүрэвсүрэн нь маскаа зүүсэн байдалтай сандал дээр сууж байгаад араас нь хамтдаа банкнаас 16 цаг 38 минут 31 секундэд гарч байгаа бичлэг”  /хэргийн 1 дүгээр хавтас 64 дүгээр хуудас/

“Ариун төв” халуун усны газрын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. “... талийгаач М.Пүрэвсүрэн нь ганцаараа саравчтай хар малгай, юүдэнтэй цамцны малгай давхарлаж өмссөн хар өмдтэй, хар алаг пүүз өмссөн байдалтай ...хаалга руу очингуутаа оролгүй буцаад явж байгаа бичлэг байв. ...маскаа зүүсэн байдалтай үүдний үйлчлэгч эмэгтэйгээс юм асуугаад явсан бичлэг талийгаач М.Пүрэвсүрэн нь камерын цагаар 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цаг 19 минут 55 секунд талийгаач гарч явж байгаа бичлэг”. /хэргийн 1 дүгээр хавтас 58 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол. /хэргийн 1 дүгээр хавтас 61 дүгээр хуудас/

Эд зүйл хураан авсан тэмдэглэлд “... иргэн Д.Буяннэмэхийн биед байсан эд зүйл болох 210 /хоёр зуун арван/ ширхэг 10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт ... хураан авч тэмдэглэл үйлдэв” гэжээ. /хэргийн 1 дүгээр хавтас 47 дугаар хуудас/

“... Улаан шар өнгийн пивор материалаар хийгдсэн иштэй, ишний урт 11 см урттай, 2.5 см өргөнтэй, ажлын хэсэг буюу хутганы ирэн дээр 6 ширхэг 3 мм-ын хэмжээтэй , ажлын хэсгийн урт 12 см урттай, өргөн нь 2.2 см-тай хутга 1 ширхэг” /хэргийн 1 дүгээр хавтас 52 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт  /хэргийн 1 дүгээр хавтас 65-70 дугаар хуудас/ хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 5-13 дугаар хуудас/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 14-20 дугаар хуудас/ , автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 21-25 дугаар хуудас/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 40-43 дугаар хуудас/, утсанд үзлэг хийсэн тэмдэглэл. /хэргийн 1 дүгээр хавтас 44-46 дугаар хуудас/ болон бусад бичгийн баримтуудыг  шинжлэн судлав.

 

 

Шүүхийн дүгнэлт

Баянгол дүүргийн Прокурорын газраас  Д.Буяннэмэхийг   Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 19 дүгээр байрны хажуугийн грашны мухарт 2015 оны 11 дүгээр сарын 28-ны  өдрийн 18 цагийн үед 37-98 УНТ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл дотор амь хохирогч М.Пүрэвсүрэн өөрийг нь хутгалж довтолсны улмаас санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ  М.Пүрэвсүрэнг хутгалж санаатай алсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар хэргийн үйл баримттай холбоотой дараах нөхцөл байдлууд тогтоогдсон байна.

 

Нэг. Шүүгдэгч Д.Буяннэмэх 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Эх нялхасын эмнэлэг дотор эхнэр хүүхдээ үлдээгээд 15 цаг 57 минутын орчим улавч авах зорилгоор дэлгүүр орж үйлчлүүлэх явцдаа уг дэлгүүрт амь хохирогч М.Пүрэвсүрэн утсаар “ломбарднаас утас чөлөөлүүлэх” талаар ярихыг хөндлөнгөөс сонсож улмаар iphone 6 s маркийн хоёр ширхэг гар утсыг авах зорилготой, тэд хамт явж Д.Буяннэмэх банкнаас мөнгө авсан болох нь:

“Заяа” хүнсний дэлгүүрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / 1 хх-ийн 56/,  гэрч Э.Тунгалагтуяагийн “2015 оны 11 дүгээр сарын 28-нд 15 цаг 55 минутын үед 1 залуу орж ирээд 88327222 гэсэн утсаар яриад IPhone 6s маркийн 2 утас байгаа, хоёулаа нийлээд 2.200.000 гэлүү, ломбарднаас чөлөөлүүлнэ гээд яриад байсан. Энэ үед гаднаас 30 орчим насны залуу орж ирээд 1 удаагийн улавч авсан. Тэгснээ тэр залуугийн яриаг сонсоод утсаар ярьж дууссаны дараа тэр залуутай яриад хамтдаа гарсан. Удалгүй нөгөө 2 залуу орж ирсэн. Тэгтэл утсаар ярьсан залуу нь маск зүүгээд орж ирээд улавч авсан залуу нь илүү улавч авсан байна гээд нэг улавч эргүүлж өгөөд хамтдаа гарч явсан” гэсэн мэдүүлэг. / 1хх-ийн  135-136/,  “...ЭХЭМҮТ-ын үүдний мухлагт талийгаач М.Пүрэвсүрэн яллагдагч Д.Буяннэмэх нар анх уулзсан бичлэг, халуун усны  газарт талийгаач М.Пүрэвсүрэн 2 удаа ороод гарсан бичлэг, эмийн сангаас талийгаач М.Пүрэвсүрэн амны хаалт авсан бичлэгтэй Sony DVD R120 min 4.7 GB гэсэн бичигтэй сиди”. / 1хх-ийн 53-54/, Хаан банкны баруун хүрээ салбарын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “ Д.Буяннэмэх нь 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 16 цаг 37 минут 52 секундэд банкны теллерээс мөнгө аваад явж байгаа талийгаач М.Пүрэвсүрэн нь маскаа зүүсэн байдалтай сандал дээр сууж байгаад араас нь хамтдаа банкнаас 16 цаг 38 минут 31 секундэд гарч байгаа бичлэг”  /1 хх-ийн 64/, гэрч Д.Буян-Өлзийгийн “2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр миний төрсөн ах Д.Буяннэмэх 16 цаг 34 минутанд миний 86073738 дугаарын утас руу залгаж интернэттэй газар байна уу, IPhone 6s маркийн гар утасны үнийг хараад эргээд залгаарай гэсэн. Тэгэхээр нь би интернэттэй газарт байсан болохоор IPhone 6s маркийн гар утасны үнийг 880 ам.доллар гэж хараад 16 цаг 38 минутанд залгаад утасны үнэ асууж яах гэж байгаа юм бэ гэхэд ломбарданд нэг утас байгаа юм байна гэсэн. Над руу Буяннэмэх ах залгаад чи хямдхан утас авахгүй юм уу, хямдхан зарах юм шиг байна, чи сонирхох уу гэж асуусан. Тэгэхээр нь би утас авахгүй гэсэн юм” гэсэн мэдүүлэг / 1хх-ийн 139-140/, “Ариун төв” халуун усны газрын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. “... талийгаач...маскаа зүүсэн байдалтай үүдний үйлчлэгч эмэгтэйгээс юм асуугаад явсан бичлэг талийгаач М.Пүрэвсүрэн нь камерын цагаар 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цаг 19 минут 55 секунд талийгаач гарч явж байгаа бичлэг”. / 1 хх-ийн  58/ эд зүйл хураан авсан тэмдэглэлд “.Д.Буяннэмэхийн биед байсан эд зүйл болох 210 /хоёр зуун арван/ ширхэг 10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт хураан авсан  тэмдэглэл” /1хх-ийн  47/ зэрэг баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хоёр. Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 19 дүгээр байрны хажуугийн гражны мухарт шүүгдэгч Д.Буяннэмэх өөрийн эзэмшлийн 37-98 УНТ улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн автомашины жолоочийн суудалд сууж байхад нь уг автомашины арын суудалд сууж байсан амь хохирогч М.Пүрэвсүрэн нь Д.Буяннэмэхийн ар талаас нь хэд хэдэн удаа хутгалж довтолсны улмаас хамтдаа автомашины хаалгаар унаж, улмаар Д.Буяннэмэх өөрийн автомашиныг жолоодож яваад Баянгол дүүргийн Өргөө кинотеатрын уулзвар Пост 343 дээр зохицуулагч цагдаагийн үүргийг гүйцэтгэж байсан замын цагдаад “амь авраарай” гэж  хэлэхэд уг цагдаа түүний автомашиныг жолоодож Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж өгсөн үйл баримт нь:

гэрч Х.Мөрөнгийн: “2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр би Баянгол дүүргийн Өргөө кинотеатрын уулзвар Пост 343 дээр зохицуулагч цагдаагийн үүргийг гүйцэтгэж байсан бөгөөд Өргөө кино театрын зүүн талын урсгалаас хорооллын эцэс рүү явах эргэлтэнд 37-98 УНТ улсын дугаартай Тоёота Приус 11 маркийн машин Өргөөгийн зүүн талын уулзвар дээр хойноосоо зүүн гар тийшээгээ эргэж орж ирсэн машины гэрлээ асаагаагүй байсан. Тэгээд би дохих гэтэл жолооч нь цонх нь онгорхой “цагдаа намайг авраарай”...намайг хүн хутгалчихлаа гэсэн...намайг хутгалсан хүн бид хоёр 16-17 цагийн хооронд Өргөөгийн Хаан банкнаас 2.000.000 төгрөг авсан. Намайг хутгалсан тэр залуу цэнхэр өнгийн масктай байсан шүү, нэг фэйсбүүк хаягтай шүү гэж байсан...тэр залуу гэмтлийн эмнэлгийн гадаа очтол ухаан алдаад ухаангүй болсон...” гэсэн мэдүүлэг. / 1 хх-ийн 98-99/

гэрч Б.Оюунмаагийн “2015 оны 11 дүгээр сарын 28-нд би ГССҮТ-ийн хүлээн авахад ажилтай байсан...Хувцсыг нь тайлахад бандаашандаа баачихсан байсныг аваад цэвэрлэсэн...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 141/

гэрч Д.Өлзийхутагийн “2015 оны 11 дүгээр сарын 28-нд Буяннэмэх 18 цаг 06 минутанд миний утас руу залгаад агаа намайг хүн алах гээд байна гэсэн... дахиж утас руу нь залгахад утсаа аваагүй...ахиад 18 цаг 14 минутанд залгахад нэг хүн аваад би цагдаа байна, дүүг чинь аваад гэмтлийн эмнэлэг явж байна, аймаар их цус гарч байна гэсэн.” гэсэн мэдүүлэг. / 1 хх-ийн 124/

гэрч С.Довчинмахбалын “...манай машинд хутга байгаагүй. Хутга авч явдаггүй” гэсэн мэдүүлэг / 1хх-ийн 126-127/ гэсэн баримтуудаар тогтоогдсон байна.

 

Гурав. Амь хохирогч М.Пүрэвсүрэн нь Д.Буяннэмэх рүү довтолж түүнийг араас нь түрүүлж хэд хэдэн удаа хутгалсны улмаас Д.Буяннэмэхийн биед учрах үедээ амь биед аюултай хүнд гэмтэл, Д.Буяннэмэх нь М.Пүрэвсүрэнгийн амь насыг хохироосон болох нь:

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2015 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн №17054 дугаартай шинжээчийн: Буяннэмэхийн биед цээжний зүүн дээд хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн хий хуралдалт...гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл болно. Дээрх гэмтэл нь...учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /1хх-ийн 179/ гэсэн дүгнэлт,

нэмэлт дүгнэлтээр...зүүн далны зүсэгдсэн шарх нь 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. / 1хх-ийн, 181/гэсэн дүгнэлт

бүрэлдэхүүнтэй шинжээчдийн:...Дээрх гэмтлийг авсны дараа тодорхой хугацаанд заагдсан үйл хөдөлгөөнийг хийж явж болно. /3 хх-ийн 220 / гэсэн дүгнэлт,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2124 дугаартай шинжээчийн: ...талийгаач нь цээжний хөндий рүү нэвтэрч зүрхийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас хурц цус алдаж нас баржээ. / 1хх-ийн 170-173/ гэсэн,

 

шинжээч эмч Д.Мөнхбатын “...Үхэлд хүргэсэн шарх нь зүрхийг гэмтээсэн шарх юм. Богино хугацаанд үхэлд хүргэнэ...” гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 175-176 /

болон цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 14-20/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн  21-25/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 40-43/,  эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэг /1 хх-ийн 52 / зэргээр нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Д.Буяннэмэхэд холбогдох хэрэгт түүний сэтгэцийн байдлыг өөрөөс нь асуумж, өгүүлэмж хэлбэрээр тодруулж хавтаст хэргийн материалтай танилцаж гаргасан гэх “санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан” гэж дүгнэсэн шинжээчдийн дүгнэлтээр Д.Буяннэмэхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж зүйлчилсэн нь хэргийн бодит байдал үйл баримттай нийцэхгүй байна.

 

Сэтгэцийн шинжээчдийн дүгнэлтүүд нь 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Д.Буяннэмэх өөрт учирсан бодитой халдлагын үед санаа сэтгэл нь чухам ямар байсныг шууд нотлосон гэж үзэхэд учир дутагдалтай тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 85 дугаар зүйлийн 85.4-т зааснаар энэ талаархи шинжээчдийн дүгнэлтүүдийг шүүх баримтлаагүй болно.

 

Мөн хавтаст хэрэгт авагдсан хэргийн үйл баримтуудаар Д.Буяннэмэхийн үйлдэлд  “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алах”  гэмт хэргийн гэм буруугийн шууд ба шууд бус санаатай субъектив байдал тогтоогдоогүй байна.

            

Нөгөөтэйгүүр Шүүхийн шинжилгээний бүрэлдэхүүнтэй 1560 дугаартай дүгнэлтээр шинжээчид Д.Буяннэмэхэд 9 тооны зүсэгдсэн, хатгагдсан,  амь хохирогч М.Пүрэвсүрэнд нийт 16 тооны зүсэгдсэн, хатгагдсан шарх гэмтлүүд учирсаныг аль нь гэмтлийн хөнгөн, хүндэвтэр, хүнд зэрэгт хамаарахыг ялгаж салгаж дүгнэсэн байх бөгөөд тэдгээр нь хэн алиндаа учруулсан олон тооны зүсэгдсэн, хатгагдсан шархнууд нь  амь хохирогч М.Пүрэвсүрэнгийн хууль бус бодит халдлагын эсрэг Д.Буяннэмэхийн идэвхитэй үйлдлээр тэмцэлдэх явцад үүссэн байх боломжтой юм.   

 

Мөн шүүгдэгч Д.Буяннэмэх өөртөө хөнгөн гэмтлүүд болон “цээжний зүүн дээд хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн хий хуралдалт, арьсан доорхи хий хуралдалт” учрах үедээ амь биедээ аюултай хүнд дээрхи гэмтлийг авсаны дараа тодорхой хугацаанд бусадтай утсаар ярих, автомашин жолоодох зэрэг цагдаад болсон асуудлын талаар хэлж ярих боломжтойг  шинжээчид анагаахын шинжлэх ухааны тусгай мэдлэгийн хүрээнд ямар нэг эргэлзээгүйгээр дүгнэж энэ талаар шинжээч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болно.

 

Эдгээр болон бусад байдлуудыг шүүх нэгтгэн дүгнэвэл Д.Буяннэмэхийн үйлдэл нь:  

хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хууль бус халдлагаас өөрийгөө хамгаалах аргагүй хамгаалалтын явцад  халдагч этгээдийн амь насыг хохироосон түүний санаатай, идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэм хорыг учруулсан боловч бодит байдлаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа аргагүй хамгаалалтын үйлдэл мөн гэж үзнэ.

  

Өөрөөр хэлбэл Д.Буяннэмэхийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “аргагүй хамгаалалтын байдалд, өөрөөр хэлбэл, энэ хуулиар хамгаалагдсан төр, нийгмийн ашиг сонирхол, өөрийн болон бусад бусдын амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, түүнчлэн бусад эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай халдлагаас хамгаалахдаа энэ хуулийн тусгай ангид заасан үйлдэл хийж, халдагч этгээдэд гэм хор учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан хуулийн заалттай нийцэж байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Буяннэмэхэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хэрэгсэхгүй болгож Д.Буяннэмэхийг цагаатгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт зааснаар Д.Буяннэмэх нь хуулиар хамгаалагдсан аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд бусдын амь насанд учруулсан гэм хорын хохиролыг хариуцан арилгах үүрэггүй бөгөөд Шүүх, түүнд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 40 сая төгрөгийн нэхэмжлэлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.2.2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхисон болно.