Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 126

 

С.Т- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00979/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийж:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1093 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Т-, Т.Д- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Ө-ад холбогдох

“Ү-2003003026 улсын бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р баг, 4-1 байр 223 тоот 2 өрөө сууцны үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр С.Ө-ыг нэмж оруулах тухай 2003 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хариуцагч С.Ө-ыг улсын бүртгэлийн Ү-2003003341 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум 9-р баг, 4-1 байрны үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөс хасуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж-, хариуцагч С.Ө-, түүний өмгөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч Т.Д-, С.Т- нараас:

С.Ө- нь хэдийгээр нэхэмжлэгч С.Т- миний төрсөн эгч боловч өөрийн гэсэн орон сууцтай хүн бөгөөд миний хүү Т.Д- насанд хүрээгүй мөн намайг эмзэг сул биетэй байдлыг далимдуулан айлгаж, сүрдүүлэх, дарамтлах байдлаар албадан тулгаж сэтгэц мэдрэлийн эмгэг, согогтой гэж түүнчлэн орлого хөрөнгөгүй, амьдрал дорой байсныг ашиглан 2003 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгч бидний өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-20030033026 дугаартай Дархан-Уул аймаг Дархан сум 9-р баг 4-1 байр 223 тоотод байршилтай орон сууцны зориулалтай 2 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр хэлцэл хийж орсон нь Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан хүч хэрэглэхээр заналхийлж хийсэн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.

...Хуулийн дагуу өмч хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж ашиглаж захиран зарцуулж хувийн амьдралаа зохиоход С.Ө-.... ноцтой саад учруулж байгаа тул С.Ө-ыг Ү-2003003341 улсын бүртгэлийн дугаартай Дархан сумын 9-р багийн 4-1 байрны 25 тоот 18 м.кв 1өрөө орон сууц үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн хамтран өмчлөгчөөс хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч С.Ө-:

С.Ө- миний бие нь төрсөн дүү С.Т- хүү Т.Д-ий хамтаар надад холбогдуулж шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй нь танилцаж доорх тайлбарыг гаргаж байна. Т- 2009 оны 04 дүгээр сарын 16-нд сэтгэцийн өвчнөөр 70% грүппт тогтоогдоход эгч нь нөхрийнхөө ятгалгаар дарамталж өөрт нь байсан байрыг булаацалдан танил тал эмнэлэгт ажилддагаа ашиглан сэтгэцийн хуурамч онош тавиулж согогтой болгон ашиглахаар хөөцөлдөөд чадаагүй материалыг нь Д.Ж- өвгөн үргэлжлүүлэн бүтээж өгсөн мэтээр хууль зөрчиж байгаа гэж эгчийнх нь эрхийг хасуулахаар удаа дараа гүтгэн итгэмжлэл авч зарга үүсгэсэн ч хууль үнэн зөвийг нь олж хэрэгсэхгүй болгож байсан. Грүпп тогтоогдсоноос нь эхлэн байрыг хөлслөх буюу үр хүүхдээ амьдруулж 13 жил болсон...4-1-р байр 223 тоотыг миний оролцоогүй намайг эзгүйчлэн байр эзэмшилдээ байгаагаар түрэмгийлж 4-1-25 тоот 1 өрөө болгон гарын үсэг төлөөлөн зурж арилжааны гэрээ үйлдсэн. ...Д.Ж- өвгөн дүүг дарамтлан ...гүтгэж байсан. Иймд төрөл садан бус хөндлөнгийн өвгөн худал хуурмаг гүтгэлгээр байнга нэхэмжлэл гаргаж шүүхэд өгч байдаг зуршлыг нь үл зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг нь хүлээж авах боломжгүй байна. Шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбар гаргажээ.

Нэхэмжлэгч Т.Д-өөс:

Дархан-Уул аймаг, Дархан сумын 9-р баг, 4/1-25 тоот арктай 1 өрөө байр нь миний ээжийн байр юм. Энэ 1 өрөө байрны өмчлөх эрхийн гэрчилгээнд миний болон миний эх С.Т-, хариуцагч С.Ө- нарын нэр байдаг. Миний эх С.Т-гийн нэр дээр авсан орон сууцад С.Ө- нь ээж, бид хоёрыг дарамтлан нөхрийн хамт ирж хаалганы голыг сольсон байдаг. Би том болж, оюутан болсон... Тэгээд өөрийн орон сууцыг захиран зарцуулах боломж өгөхгүй байна.. Одоо 25 тоот орон сууцад манай ээж, бид хоёр хамт амьдарч байгаа. С.Ө- эгч 2003 онд хамтран өмчлөгч болж дундуур орж ирсэн. 2003 онд уг орон сууцын өмчлөх эрхийн гэрчилгээнээс миний нэрийг хассан байсан. Тухайн үед ээжийн биеийн байдал муу, С.Ө- ээжийн төрсөн эгч гэдэг утгаар итгэж, эгч С.Ө-ын нэр дээр байраа шилжүүлсэн. С.Ө- эгч манай байрны өмчлөгч болсон өдрөөс хойш байрандаа амьдрахад дарамттай байдаг болсон. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж-ээс:

... нэхэмжлэгч С.Т-, Т.Д- нар нь маргаж байгаа байрны хууль ёсны эзэмшигч. ... С.Ө- нь С.Т-, Т.Д- нарыг та хоёр ядуу, уг байрны зардал мөнгийг төлөх боломжгүй, өр төлбөрт орно гэх мэтээр өмчлөгчийн хөрөнгөд аюул учруулах байдлаар итгүүлж байгаа үйлдлийг Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасан үндэслэл гэж үзэж болохоор байна. Сүүлд С.Ө- нь С.Т-гаас уг байрны хамтран өмчлөгчөөр эгчийнхээ нэрийг оруулаад өгөөч ээ, оруулах юм бол байрны бүх зардлыг би төлнө, та хоёрыг тэжээн тэтгэнэ гэх зэргээр дарамт үзүүлсэн. Ингээд 2003.09.22-ны өдөр 2 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр оруулсан байгаа. С.Ө- уг орон сууцын хамтран өмчлөгчөөр орсноос хойш түүний амлалт хий хоосон зүйл болсон. 2003.9.22-ны өдрийн хэлцэлд Т.Д-ийг оролцуулахгүйгээр С.Т-, С.Ө- нар хэлцэл байгуулсан. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болсон юм. С.Ө- энэ байрны хамтран өмчлөгчөөр тогтоогдсоноос хойш С.Т-, Т.Д- нар өөрийн байрандаа амьдрах боломжгүй болж, гадуур зугтаж амьдрах болсон. Одоо 25 тоот арктай 1 өрөө байрыг С.Т-, Т.Д- нар хүнд түрээслэн амиа зогоож явна. Өөрөөр хэлбэл 25 тоот арктай 1 өрөө байраа бусдад түрээслэн амьжиргаагаа залгуулан явж байна. Байрыг түрээслүүлж байгаатай холбоотой баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. С.Т-, Т.Д- нарын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасан эрхээс гадна Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т заасан эрх давхар зөрчигдөж байна. Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан өмчлөгчийн эрхийг С.Ө- нь удаа дараа зөрчиж байгаа учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэж байна. Тухайн үед 2003.09.22-ны өдөр С.Ө-ыг хамтран өмчлөгчөөр нэмж байгаа үйлдэл нь Т-гийн хувьд бие байдал муу, хийж байгаа үйлдлээ ухамсарлах боломжгүй байсантай холбоотой. Иймээс Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-т заасан хэлцэл тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэж тайлбар гаргасан байна.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1093 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.2-д тус тус зааснаар С.Т-, Т.Д- нарын нэхэмжлэлтэй С.Ө-ад холбогдох Ү-2003003026 улсын бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р баг, 4-1 байр 223 тоот 2 өрөө сууцны үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр С.Ө-ыг нэмж оруулах тухай 2003 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хариуцагч С.Ө-ыг улсын бүртгэлийн Ү-2003003341 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум 9-р баг, 4-1 байрны үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөс хасуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж- давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 Нэхэмжлэгч С.Т-, Т.Д- нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үл хөдлөх эд хөрөнгийн гэрээний үүрэгтэй холбоотой бус харин Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3, Иргэний уулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан өмчлөх эрх нь зөрчигдсөнийг хамгаалуулах зорилгоор эрх зүйн үр дагавар бүхий шаардлага гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрт иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх, 75.2.2 дахь хэсэгт заасныг хэрэглэхдээ Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасан “Хуульд тусгайлан заасан бол эд хөрөнгийн зарим эрхэд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй” гэж, “76 дугаар зүйлийн 76.4  шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно” гэж , 78 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, 79 дүгээр зүйлд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, журмыг хууль хэрэглэхдээ харгалзан үзсэн бол Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх 75.2.2 дахь заалтыг хэрэглэх нь буруу, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж байгаагаа ойлгох боломжтой байсан...

Хариуцагч С.Ө- хэдийгээр миний өмч гэж маргаж байгаа боловч үүнийг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдоогүй байна. Хариуцагч С.Ө- нь нэхэмжлэгч С.Т-тай 2003.09.22-ны өдөр тухайн  байрны хамтран өмчлөгчөөр нэмж оруулах талаар хийсэн хэлцлийн үндсэн дээр эрх олж авахыг  Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт хориглосон. С.Т- С.Ө- нарын хооронд 2003.09.22-ны өдөр хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль эрх зүйн үндэслэлтэй гэж би үзэж байна. Энэ тохиолдолд дараа нь арилжааны гэрээгээр сольсон улсын бүртгэлийн Ү2003003341 дугаартай Дархан Уул аймгийн Дархан сумын 9-р баг 4-р хорооллын 1-р байрны 25 тоот 1 өрөө орон сууц үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөс С.Ө-ыг хасах эрх зүйн баримт бичгийг шинээр гаргах үйлдэл хийх эрх үүрэг улсын бүртгэлийн албанд үүснэ гэж үзэж байна. Иймээс миний гаргасан гомдлыг дахин хянан шийдвэрлэж хүчин төгөлдөр бусад тооцож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч С.Т- давж заалдсан гомдлын нэмэлт тайлбартаа:

            ...С.Ө- миний нэрийн хамтран өмчлөгчөөр оруулчих гэж ятгаж, айлгах, сүрдүүлэх аргаар олон жил хоргоож зовоож байсан тул миний бие энэ бүхнээс миний бие залхаж С.Ө-ыг хамтран өмчлөгчөөр нэмж оруулах хэлцэл хийсэндээ одоо харамсаж байна. Шинээр гэрчилгээ гарсны дараа том байр их мөнгө гарна жижиг байраар сольё гээд 1 өрөө болгож байрны зөрүү 500.000 төгрөгийг С.Ө- ашигласан. Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхээс хүү Д-ий өмчлөх эрхийг сэргээж хамтран өмчлөгчөөр буцааж оруулсан. Энэ цагаас хойш С.Ө- нь дарамтлан сүрдүүлэх нь хэтэрсэн тул бид амьдрах аргагүй болон тул байраа бусдад хөлслүүлэн байр түрээслэн Улаанбаатар хотод амьдрах болсон. Орон байрандаа амар тайван амьдрах боломжгүй болсон тул шүүхэд 2018.08.20 өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн аваад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна гэжээ.

            Хариуцагч С.Ө- давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

            Давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмчлөх эрхээрээ хохирч явуу тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Т.Д-, С.Т- нар нь хариуцагч С.Ө-ад холбогдуулан Ү-2003003026 тоот улсын бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р баг, 4-1 байр, 223 тоот, 2 өрөө сууцны үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр С.Ө-ыг нэмж оруулах тухай 2003 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, мөн тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөс С.Ө-ыг хасуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч С.Ө- нь маргааны зүйл болох орон сууц нь миний өмчлөлийн байр тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

Хэргийг хуульд заасны дагуу бүхэлд нь хянахад:

-  Орон сууц хуваарилах комисс С.Т-д орон сууц эзэмших №22730 дугаартай эрхийн гэрчилгээ олгож 1996 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, 4 дүгээр хорооллын 1 дүгээр байрны 223 тоот орон сууцыг эзэмшүүлж байсан,

- Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны 1998 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 13 дугаар тогтоолоор С.Т-, Т.Д- нарт дээрх орон сууцыг хувьчилж, Орон сууц өмчлөх №0026654 ДА дугаартай эрхийн гэрчилгээ олгосон,

- Нэхэмжлэгч С.Т- нь 2003 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр С.Ө-тай Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай хэлцэл хийж уг орон сууцны хамтран өмчлөгчөөр С.Ө-ыг нэмж бүртгүүлсэн,

- С.Т- нь С.Балжиннямтай 2005 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр арилжааны гэрээ байгуулан С.Т-, С.Ө- нарын өмчлөлийн Дархан сумын 9-р баг, 4-1-р байрны 223 тоот, Ү-2003003026 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 2 өрөө орон сууцыг, Дархан сумын 9-р баг, 4-1-р байрны 25 тоот, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцаар сольж, тухайн байрны хууль ёсны өмчлөгчөөр С.Т-, С.Ө- нар улсын бүртгэлд бүртгүүлсэн,

- Нэхэмжлэгч С.Т- урьд нь 2009 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхэд Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн албанд холбогдуулан Дархан сумын 9-р баг, 4-1-р байрны 25 тоот орон сууц өмчлөх эрхийн Ү-20036003341 дугаар гэрчилгээнд С.Ө-ын нэрийг хууль бусаар хамтран өмчлөгчөөр бүртгэснийг хүчингүй болгож, гэрчилгээг С.Т- болон төрсөн хүү Т.Д- нарын нэрээр шинэчлэн олгохыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанд даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд тус шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж-, хариуцагчийн төлөөлөгч О.АмарТ-, гуравдагч этгээд С.Ө-, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам нар Т.Д-ийг өмчлөх эрхийн гэрчилгээнд нэмж оруулахаар эвлэрсэн тул шүүх талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

- Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн шүүгчийн захирамжийн дагуу 2005 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр С.Т-, С.Ө- нарт олгосон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож, 2009 оны 7 дугаар сарын 23-ны өдөр С.Т-, С.Ө-, Т.Д- нарыг Дархан сумын 9-р баг, 4-1-р байрны 25 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003003341 дугаартай орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэсэн үйл баримтууд тогтоогджээ.

Нэхэмжлэгч С.Т- болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Үндсэн хууль болон бусад хуульд заасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх  эрх, өөрөөр хэлбэл эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх хөндөгдөж байна гэж давж заалдах гомдол гаргажээ.     

Нэхэмжлэгч С.Т- нь 2003 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгчөөр С.Ө-ыг нэмж оруулах тухай хэлцэл нь ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн нь  эрх ашиг хөндөгдсөн, нөгөө талаас хүч хэрэглэсэн хэлцэл гэж нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг тодорхойлсон боловч энэ талаар Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу шүүхэд нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна”, 75.2.2-т “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна” гэж тус тус зохицуулжээ.

Нэхэмжлэгч С.Т- нь хариуцагч С.Ө-тай 2003 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр орон сууцны /Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, 4 дүгээр хорооллын 1 дүгээр байрны 223 тоот/ өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай хэлцэл хийсэн бөгөөд энэхүү хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хариуцагчийг хамтран өмчлөгчөөс хасуулахаар 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Дээрх хэлцлийг зохигчид 14 жилийн өмнө хийсэн байх бөгөөд хэрвээ эрх зөрчигдсөн гэж үзсэн бол хэлцэл хийсэн тэр үеэс дээрх хуульд заасан хугацаанд шаардах эрхтэй байсан юм.

Тодруулбал нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэл болон тайлбартаа бидний өмч хувьчлалаар авсан байрны хамтран өмчлөгчөөр 2003 онд хариуцагч С.Ө- бүртгүүлсэн үеэс бидний орон сууцаа чөлөөтэй өмчлөх эрх зөрчигдсөн гэсэн нь энэ үеэс тэдний эрх ашиг зөрчигдсөн үзэж хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь зүйтэй.

Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ гэж хуулиар зохицуулсан байна.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасан “Хуульд тусгайлан заасан бол эд хөрөнгийн зарим эрхэд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй”, “76 дугаар зүйлийн 76.4  шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно” гэсэн агуулгаар гаргасан гомдлын хувьд энэ заалт нь тухайн хэргийн хүрээнд хэрэглэх хуулийн зохицуулалт болж чадахгүй, өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийн хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулиас өөр хуульд тусгайлсан зохицуулалт байхгүй, нэхэмжлэгчийн хийх ёстой байсан үйлдэл нь тогтоогдоогүй байна.

Иргэний хуулийн 78 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, 79 дүгээр зүйлд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах журмыг шүүх хэрэглээгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн гомдлын хувьд хэргийн нөхцөл байдлаас үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон,  тасалдсан үйл баримт тогтоогдоогүй.

Нэхэмжлэгч эрхээ хэрэгжүүлээгүйгээс хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн нэхэмжлэгч нар ямар үндэслэлээр С.Ө-ыг өмчлөгчөөс хасах талаар шаардлагынхаа үндэслэлийг хуульд нийцүүлэн тайлбарлаагүй болно.

Иймд нэхэмжлэгч С.Т- болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч С.Т-гийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1140 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

                                     

                              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 О.НАРАНГЭРЭЛ

                                                                 ШҮҮГЧИД                                  Л.АМАРСАНАА

                                                                                                                    С.ОЮУНЦЭЦЭГ