| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2021/00138/И |
| Дугаар | 104/ШШ2021/00127 |
| Огноо | 2021-04-27 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, Гэрлэлт цуцалсан, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 104/ШШ2021/00127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******, дугаар гудамжны 1б тоотод оршин суух, ын /РД:*******/
Хариуцагч: *******,*******, дугаар гудамжны 1б тоотод оршин суух, ******* гийн /РД:*******/-т холбогдуулан
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л., хариуцагч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1998 онд Г.тай танилцаж, 2000 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2000 оны 7 дугаар сарын 11-ний өдөр хүү Г.Түвшинбаяр, 2003 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүү Г.Энхтүвшин, 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүү Г.Түвшинтулга, 2013 оны 3 дугаар сарын 06-ны өдөр охин Г.Номинхишиг нар төрсөн. Нөхөр Г. хамт амьдрах хугацаандаа байнга архи ууж, хэл амаар доромжилдог байсан. Мөн ямар ч хайр халамж байхгүй, бие өвдөөд хэвтэж байхад архи уугаад алга болчихдог байсан. Сүүлдээ гэртээ архиа нуугаад ганцаараа уудаг болсон. Би 2018 онд Солонгос улс руу ажиллахаар явсан. Г. байнга архи ууж, утсаар ярих аргагүй байдаг байсан. Би 2021 оны 02 дугаар сард Монголд ирсэн. Одоо 4 хүүхэдтэйгээ ахынхаа байранд түр амьдарч байна. Би 2019 онд Солонгос улсад ажиллаж байхдаа хамтран амьдрагчтай болсон. Энэ талаар Г.т хэлсэн. Бид тусдаа амьдраад 2 жил гаруй болж байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй. Надад түүнийг гэх сэтгэл байхгүй болсон.
Иймд гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Эд хөрөнгийн талаар маргаангүй гэв.
Хариуцагч Г. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1998 онд Л.тэй танилцан, 2000 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2000 оны 7 дугаар сарын 11-ний өдөр хүү Г.Түвшинбаяр, 2003 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүү Г.Энхтүвшин, 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүү Г.Түвшинтулга, 2013 оны 3 дугаар сарын 06-ны өдөр охин Г.Номинхишиг нар төрсөн. Бидний амьдрал 2018 он хүртэл хэвийн байсан. 2018 оны 7 дугаар сард эхнэр Л. Солонгос улс руу ажил хийхээр явсан. 2019 оны 3 дугаар сард надтай утсаар ярихдаа ...чи амьдралаа бод...би өөр хүнтэй болсон гэж хэлсэн. Би байнга архи уугаад байдаггүй. Харин энэ үгийг сонсоод сэтгэл санаагаар унаж архи их уух болсон.
Би Л.тэй утсаар ярьж хэл амаар доромжилж байсан нь үнэн. Л. 2018 оны 7 дугаар сард Солонгос улс руу яваад 2021 оны 02 дугаар сард Монголд ирсэн. Энэ хугацаанд би 4 хүүхдээ асраад амьдарч байсан. Л. Солонгос улсаас ирээд гэртээ ирээгүй. Л. надаас сална гэсэн. Өөр хүнтэй суусан гэсэн. Иймд гэрлэлтээ цуцлахад татгалзах зүйл байхгүй, хүүхдүүдээ ээжид нь үлдээнэ. Гэхдээ Л. охиноо аваад явахаар хүү нар маань миний асрамжид ирэх байх. Би одоо амьдарч байгаа хөрөнгөө охиндоо өгөхөөр тохирсон. Иймд бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л. хариуцагч Г.т холбогдуулан гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Хариуцагч Г. нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй.
Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасан. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэнэ.
Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй ч өсвөр насны хүүхдүүдтэй тул нэхэмжлэгч Л. гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д заасны дагуу хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.
Шүүх нэхэмжлэгч Л.ийн нэхэмжлэлийг харьяаллын дагуу хүлээн авч шийдвэрлэхээ дараах дүгнэлтийг хийлээ.
Нэхэмжлэгч Л. хариуцагч Г. нар 1998 онд танилцаж, 2000 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтээ батлуулсан, зохигчдын дундаас 2000 оны 7 дугаар сарын 11-ний өдөр хүү Г.Түвшинбаяр, 2003 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүү Г.Энхтүвшин, 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүү Г.Түвшинтулга, 2013 оны 3 дугаар сарын 06-ны өдөр охин Г.Номинхишиг нар төрсөн. Хүүхдүүд одоо эхийн асрамжид эрүүл бойжиж байгаа үйл баримт нь 67 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүү Г.Түвшинбаяр, хүү Г.Энхтүвшин нарын иргэний үнэмлэхний хуулбар, хүү Г.Түвшинтулга, охин Г.Номинхишиг нарын 0288856-660, 0000876223-191 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Ачлал Налайх ӨЭМТөвийн ...Г.Түвшинтулга, Г.Номинхишиг нар өрхийн эмчийн хяналтанд эрүүл бойжиж байгаа тул тодорхойлолт олгов гэсэн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /хх-7-11/
Нэхэмжлэгч Л. гэрлэлт цуцлуулах болсон шалтгаанаа ...Г. байнга архи ууж, гэр бүлдээ хайр халамж тавьж байгаагүй, хамт амьдарч байх хугацаанд үг хэлээр байнга дарамталдаг байсан. Би 2018 онд Солонгос улс руу яваад хамтран амьдрагчтай болсон тул одоо түүнийг гэх хайр сэтгэлгүй болсон... гэж тайлбарласан, хариуцагч Г. ...Л. өөр хүнтэй болсон тул хамт амьдрах хүсэлгүй болсон... гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрсөн байдлаас үзвэл, гэрлэгчдийн гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т ...Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх-аар заасан үүргээ биелүүлээгүйгээс болсон байна.
Үүнээс гадна шүүх гэрлэгчдийг тус тусдаа амьдарч байгааг шууд гэрлэлт цуцлах ноцтой нөхцөл байдал гэж үзэхгүй ч тэд тусдаа амьдрах хугацаанд эр, эмийн харьцаагүй, бие биеэ гэх хайр сэтгэлгүй, хэн хэн нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлгүй болсон нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд гэрлэлт цуцлахад хориглох үндэслэл байхгүй тул шүүх нэхэмжлэгч Л., хариуцагч Г. нарыг гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.
Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ч шүүх хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс хүү Г.Энхтүвшин, хүү Г.Түвшинтулга, охин Г.Номинхишиг нарын ...ээж надад анхаарал халамж тавьдаг, ээжийн асрамжид байна гэсэн саналуудыг харгалзан үзэж, 2003 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Г.Энхтүвшин, 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Г.Түвшинтулга, 2013 оны 3 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Г.Номинхишиг нарыг эх Л.ийн асрамжид үлдээлээ.
Хариуцагч Г. бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхдүүдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхдүүд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдүүдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлэхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй.
Харин хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдүүдийн асрамжийн талаар маргах эрх нээлттэй.
Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зааснаар хэвээр хадгалагддаг.
Иймд нэхэмжлэгч Л. хүүхдийн тэтгэлэг шаардаагүй ч хариуцагч Г. үр хүүхдүүдээ нэхэмжлэгчийн адил тэжээн тэтгэх үүрэг адил болохыг дурдаж байна.
Мөн зохигчид эд хөрөнгийн талаар маргаан байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргаагүй болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Л.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.аас 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т заасныг баримтлан 2000 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч ын , хариуцагч ******* гийн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 2003 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Г.Энхтүвшин, 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Г.Түвшинтулга, 2013 оны 3 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Г.Номинхишиг нарыг эх Л.ийн асрамжид үлдээсүгэй.
3.Зохигчид хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар шаардлага гаргаж маргаагүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Л. улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.аас 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.т олгосугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Батцэцэгт даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС