Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/189

 

 

 

 

 

 

 

2024           09           24                                    2024/ШЦТ/189

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн,

улсын яллагч М.Сайнзаяа,

хохирогч Э.Б*******,

иргэний нэхэмжлэгч Д.Б*******,

шүүгдэгч Э.Б*******,

түүний өмгөөлөгч С.Болортуяа нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Б*******од холбогдох эрүүгийн 2415001610169 дугаартай, 163/2024/0192/Э индекстэй хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ш******* овогт Э******* Б*******, ******* аймгийн  З******* суманд 1993 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, 30 настай, ам бүл 2, ээжийн хамт, О аймгийн Б сумын Э баг Т тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:*******.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Э.Б******* нь 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг Х гэх газарт Э.Б*******ын эзэмшлийн улсын дугаартай “Тоёота приус-30” загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад урд яваа тээврийн хэрэгслүүдийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2.В, 13.4.а, 12.4 дэх заалтуудыг тус тус зөрчиж замын уулзвараар зүүн гар тийш эргэх дохио өгч эргэх үйлдэл хийж байсан 33-16 УНП улсын дугаартай “Тоёота Ланд крузер-200” загварын Д.Б*******ын жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Э.Б*******ын эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Б, Э.Ижилцэцэг, Ё.Нарангэрэл нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э Б******* нь 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг “Х” гэх газарт иргэн Э.Б*******ын эзэмшлийн улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замыг хөдөлгөөнд оролцож яваад урдаа явсан тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4, 13.2.В, 13.4.а дахь заалтыг тус тус зөрчиж,  уулзвараар зүүн гар тийш эргэх дохио өгч, эргэх үйлдэл хийж байсан 33-16 УНП улсын дугаартай “Тоёота Ланд крузер-200” маркийн Д.Б*******ын жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөсөн зам тээврийн осол гарган зорчигч Э.Б*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

1.2.Нотлох баримтын үнэлгээ:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

-Хохирогч Э.Б*******ын “...2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр би манай эхнэр Ижилцэцэг, хүү Б Х манай эхнэрийн ах Б*******, түүний охин У нарын хамт О аймгаас Булган Хялганат тосгон орж салхинд гарах гээд өөрийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Тухайн үед манай хүү жаахан уйлагнаад байсан болохоор миний машиныг манай эхнэрийн ах Б******* барьж явж байсан. Би яг осол болохыг хараагүй О аймгаас гарсан юм чинь жаахан нүдээ аниад явъя гэж бодоод нүдээ аниад ярьж байсан. Тэгээд нээсэн чинь нэг машин зүүн гар тийш дохио өгөөд эргэж байсан. Тэгээд манай машин тухайн машинтай мөргөлдсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67 дахь тал/,

- Д.Б*******ын иргэний нэхэмжлэгчээр болон гэрчээр өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр би О аймгаас Булган аймгийн Хангал сум руу зуслангийн байшин дээрээ очих гээд эхнэр Г.Нарангэрэл, найз Ё.Н хамт хүүгийнхээ 33-16 УНП улсын дугаартай “Ланд крузер-200” маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан юм. Тэгээд би зүүн гар тийш эргэх дохио өгөөд хурдаа хасаад уулзвар руу эргэтэл хойноос нэг “приус-30” маркийн тээврийн хэрэгсэл миний ард байсан машиныг гүйцэж түрүүлээд миний машины зүүн талаар ирээд мөргөсөн... Тухайн тээврийн хэрэгсэл миний хүү болох Б.Эбаярын нэр дээр бүртгэлтэй байдаг. Манай хүү Б.Эбаяр 2023 онд Канад улс руу ажиллаж амьдрахаар гэр бүлээрээ явсан. Явахдаа машинаа надад өгчхөөд явсан юм... Би буруутай этгээдээс автомашиныхаа хохирлын мөнгийг үнэлгээний байгууллагын дүгнэлтийг үндэслэн нэхэмжилнэ. Мөн тээврийн хэрэгслийн ачилтын мөнгө 80,000 төгрөг, журмын хашааны 30 хоногийн мөнгө 180,000 төгрөг, хамт явсан Ё.Нарангэрэл, мөн эхнэр бид гурав О аймгаас ирж буцсан зардал 60,000 төгрөг, нийт 320,000 төгрөг, мөн Ё.Нарангэрэлд 35,000 төгрөгийн эм авч өгсөн зардлуудыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71,74-75, 109 дэх тал/,

-Иргэний нэхэмжлэгч П.О “... 2 тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар гаргуулахад үнэлгээчний хөлс болох нийт 1,905,000 төгрөгийг Цагдаагийн газрын мөрдөн шалгах ажиллагааны зардлаас гаргасан. Уг мөнгийг буруутай этгээдээс нэхэмжилж уг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. 33-16 УНП улсын дугаартай Ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээний зардал 1,200,000 төгрөг, улсын дугаартай Т.Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээний зардал 705,000 төгрөг нийт 1,905,000 төгрөг нэхэмжилж байна. Булган аймгийн Цагдаагийн газрын 100040012001 тоот данс руу Э-Очирийн Б******* гэх хүнээс 2024 оны 08 сарын 15-ны өдөр барагдуулсан байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 79-80, 83-84 дэх тал/,

-Э.И иргэний нэхэмжлэгчээр болон гэрчээр өгсөн: “...Б.У нь манай ах Б*******ын хүүхэд, нөгөө хоёр хүүхэд нь манай хүүхдүүд. Б.Б нь 4 настай, Б.Х нь 10 сартай, Б.У нь 10 настай хүүхдүүд. Одоо хүүхдүүдийн биеийн байдал хэвийн ямар нэгэн гэмтэл байхгүй зүгээр байна мөн годол санал нэхэмжлэх зүйл байхгүй...

..Манай нөхөр Б*******ын улсын дугаартай Тоёота приус-30 маркийн машиныг манай ах Б******* бариад нөхөр Б*******, би, хүү Х, хүү Б манай ахын охин У бид нар О аймгаас Булган аймгийн Хангал сумын чиглэлд салхинд гарах гээд явж байсан. Тэгээд тухайн өдрийн 14 цагийн үед би хойд суудлын голд хүүхдээ хөхүүлээд явж байсан чинь манай машин эсрэг урсгалд ороод машинуудыг гүйцэх гээд явж байхад нэг машин нь шууд зүүн гар тийш эргэх дохио өгөөд эргэсэн. Тэгээд манай машин тухайн машиныг очоод мөргөсөн. Манай нөхөр Б*******ын өөрийнх нь нэр дээр бүртгэлтэй байдаг...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 89-90, 106 дахь тал/,

              -Ё.Н иргэний нэхэмжлэгчээр болон гэрчээр өгсөн: “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.,.2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Б*******, Г.Нарангэрэл хоёр О аймгаас Булган аймгийн Хангал сум руу зуслангийн байшин дээрээ оччихоод ирье гэхээр нь би 33-16 УНП улсын дугаартай Ланд крузер маркийн тээврийн хэрэгслийн хойд суудал дээр суугаад явж байсан юм. Тэгээд миний сууж явсан машин зүүн тийш эргэх дохио өгөөд хурдаа хасаад эргэтэл хойноос машин ирээд мөргөсөн. Толгойн ар дагз хэсэг хавдсан өвчтэй байна. толгой зүгээр болчихвол надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 94, 97 дахь тал/,

-Гэрч Г.Н: “...2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр би О аймгаас Булган аймгийн Хангал сум руу зуслангийн байшин дээрээ очих гээд нөхөр Б*******, найз Ё.Н хамт хүүгийнхээ 33-16 УНП улсын дугаартай Ланд крузер-200 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан юм. Тэгээд манай нөхөр жолоогоо барьж яваад зүүн гар тийш эргэх дохио өгөөд хурдаа хасаад уулзвараар зүүн тийш эргэтэл хойноос нэг машин ирээд мөргөсөн. Баруун гарын сарвуу хэсэг хөхөрсөн байна. бүснээс болоод мөрний хэсэг өвдөж байна. тухайн тээврийн хэрэгсэл миний хүү болох Б*******ын Эбаярын нэр дээр бүртгэлтэй байдаг. Манай хүү Б.Эбаяр 2023 онд Канад улс руу ажиллаж амьдрахаар гэр бүлээрээ явсан. Явахдаа машинаа надад өгөөд явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 100 дахь тал/,

-Арвижих-Эстимэйт ХХК-ийн шинжээчийн  2024 оны 06 сарын 12-ны өдрийн дугаартай  “...33-16 УНП улсын дугаартай “Toyota land Cruiser V8” маркийн тээврийн хэрэгслийн хохирлын хэмжээ 46,569,034 төгрөг болсноос шууд зардал 37,334,534 төгрөг шууд бус зардал 9,234,500.00 төгрөг гэж тус тус тогтоолоо...” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 118-129 дэх тал/,

-Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 06 сарын 09-ний өдрийн 694 дугаартай “... улсын дугаартай тоёота “приус-30” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ 23,000,000 төгрөг, эвдрэлийн үнэлгээ шууд зардал 9,909,000 төгрөг, шууд бус зардалд 700,000 төгрөг. Нийт дүн 10,609,000 төгрөг...” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 140-145 дахь тал/,

-Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 06 сарын 17-ны өдрийн 164 дугаартай:

          1.Э.Б*******ын биед хамар, зүүн эгэм, шууны далд зөрөөтэй хугарал, духанд язарсан шарх, зүүн хөмсөг, дээд зовхинд зулгаралт, хамрын таславчны муруйлт гэмтэл тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, үрэгдэх механизмаар үүснэ.

          3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. /Тогтоогдсон гэмтлээс зүүн эгэм, шуу ясны далд хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хамар ясны хугарал, муруйлт, духны язарсан шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна/.

          4.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.

          5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 171-173 дахь тал/,

-Булган аймгийн цагдаагийн газрын мөрдөгчийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №59 дугаартай:

          -Жолооч Данзан овогтой Б******* нь цагдаагийн хайлт мэдээллийн санд “ВСD” ангиллын жолооны эрхтэй байна.

          -Харин жолооч Э-Очир овогтой Б******* нь цагдаагийн хайлт мэдээллийн санд жолооны “ВС” ангиллын эрх хүчинтэй төлөвтэй байна.

          -Жолооч Э.Б******* нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.

          -13.2 Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно.

                 в/. Урд яваа тээврийн хэрэгсэл зүүн гар тийш дохио өгч байгаа үед,

          13.4. Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно.

                 а/. Уулзвар болон гарц дээр /1.2.7 “гарц” гэж замын зэргэлдээх нутаг дэвсгэр рүү орох, түүнээс гарахад зориулсан зорчих хэсэг замтай нийлсэн бэлчрийг/,

           12.4.Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна.

          -Харин Д.Б******* нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна.

          -Осол болох үндсэн шалтгаан нь Э.Б******* нь урд яваа тээврийн хэрэгсэл зүүн эргэх дохио өгч байх үед, мөн гарц хэсэг дээр гүйцэж түрүүлэх үйлдэл хийсний улмаас осол гарсан байна...” гэх магадалгаа / хавтаст хэргийн 205 дахь тал/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 5-9, 10-13 дахь тал/,

-Яллагдагч Э.Б*******ын “Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. хохирогчид эмчилгээ хагалгааны зардалд 1,500,000 төгрөг өгсөн. Би анх осол болсон үед тухайн тээврийн хэрэгслийг О аймаг руу ачиж оруулан 150,000 төгрөгийг өгч ачуулсан. Нэхэмжилсэн зүйлийг шүүх хуралдаанаас өмнө тодорхой хэмжээнд барагдуулна” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 222-223 дахь тал/,

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б*******: “...2024 оны 6 дугаар сарын 1-ний өдөр дүүгийнхээ машиныг унаад Булган аймгийн Хангал сумын Хялганат сум руу салхинд гарах гээд явж байсан. Өөрийнхөө буруутай үйлдлээс болоод осол гаргасан...” гэв.

                                                                                     зэрэг нотлох баримт болно.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн эцэслэн шийдвэрлэх хангалттай байна.

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт:

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд өөрийн сонгон авсан өмгөөлөгч С.Болортуяагийн хамт шүүх хуралдаанд оролцсон болно.

1.4.Эрх зүйн дүгнэлт:

          Шүүгдэгч Э.Б*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрээр урдаа яваа тээврийн хэрэгсэл зүүн эргэх дохио өгсөн үед, замын гарц хэсэгт тогтоосон хурд хэтрүүлэн гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч зам тээврийн осол гаргаж зорчигч Э.Б*******ын биед хүндэвтэр хохирол учруулсан байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 171 дугаартай дүгнэлтээр хохирогч Э.Б*******ын биед хүндэвтэр гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгч Э.Б******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн хориглосон заалтыг зөрчиж зам тээврийн осол гарган иргэн Э.Б*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Э.Б*******ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Э.Б*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд хохирогч нь эмчилгээний зардалд 1,500,000 төгрөг хүлээн авсан, цаашид эмчилгээ хийлгэхтэй холбоотой нэхэмжлэх зүйлгүй, өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй болохоо илэрхийлсэн тул түүнд төлөх төлбөргүй гэж үзэв.

Иргэний нэхэмжлэгчээр Булган Цагдаагийн газрыг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон Д.Отгонсүрэн нь шинжээчийн зардалд 1,905,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төлсөн, иргэний нэхэмжлэгч Э.Ижилцэцэг Ё.Нарангэрэл нар нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдав.

Иргэний нэхэмжлэгч Д.Б******* нь тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 46,569,034 төгрөг, бусад зардалд 360,000 төгрөг, нийт 46,929,034 төгрөг нэхэмжилсэн.

Үүнээс 11,360,000 төгрөгийг шүүгдэгч төлсөн бөгөөд үлдэгдэл 35,569,000 төгрөгийг шүүгдэгч Э.Б******* сайн дураараа нөхөн төлөхөө илэрхийлэн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр иргэний нэхэмжлэгч Д.Б*******тай бичгээр “Эвлэрлийн гэрээ” байгуулан шүүхэд гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.

Иргэний нэхэмжлэгч Д.Б******* нь хохирол төлөхтэй холбоотой маргаан гарвал иргэний Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхтэй болохыг шийтгэх тогтоолд зааж шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1.Талуудын санал, дүгнэлт

-Улсын яллагч: “...Шүүгдэгч Э.Б*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналыг шүүхэд гаргаж байна. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг давхар шүүхээс хэрэгжүүлэх боломжтой байна гэсэн саналтай байна...” гэв.

-Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хамгийн доод хэмжээ буюу 2,000,000 төгрөгөөр торгож өгөөч. Иргэний нэхэмжлэлийн тухайд иргэний хуулийн зохицуулалтаар явах учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан шаардлагагүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийг хэрэглэхгүйгээр шийдэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна...” гэв.

2.2.Эрүүгийн хариуцлага:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтас хэргийн 209 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа / хавтас хэргийн 211 дэх тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 212 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Э.Б*******ын хувийн байдлыг тодорхойллоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.Б******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн  төлсөн, үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн  зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй нөхцөл байдал үүсээгүй болно.

Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж дүгнэв.

Шүүгдэгч Э.Б*******ын хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрх зүйн үр дагавартайг шүүгдэгч Э.Б*******од сануулав.

Шүүгдэгч Э.Б******* нь иргэний нэхэмжлэгч Д.Б*******т учруулсан эд хөрөнгийн хохирол болох 46,929,034 төгрөгийн 11,360,000 төгрөгийг шүүх хуралдаанаас өмнө төлсөн байх ба, үлдэгдэл 35,569,000 төгрөгийг сайн дураараа нөхөн төлөхөө илэрхийлэн иргэний нэхэмжлэгч Д.Б*******тай бичгээр “Эвлэрлийн гэрээ” байгуулан шүүхэд гаргаж өгсөн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

2.3.Бусад асуудал:

Шүүгдэгч Э.Б******* нь энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол уншиж танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Б*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 зүйлийн 1, хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш******* овогт Э******* Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4, 13.2.В, 13.4.а дахь заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасаж, 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б*******од оногдуулсан 3,000,000 төгрөгөөр торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4. Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Б*******од сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б*******од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Э.Б******* нь хохирогч Э.Б*******т 1,500,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Отгонсүрэнд 1,905,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Э.Б*******, иргэний нэхэмжлэгч Д.Отгонсүрэн, Э.Ижилцэцэг, Ё.Нарангэрэл нар нь нэхэмжлэх зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Д.Б*******т 11,360,000 төгрөг нөхөн төлсөн, 35,569,000 төгрөгийг сайн дураараа нөхөн төлөхөө илэрхийлэн түүнтэй бичгээр “Эвлэрлийн гэрээ” байгуулан шүүхэд гаргаж өгсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцон, иргэний нэхэмжлэгч Д.Б******* нь хохирол төлөхтэй холбоотой маргаан гарвал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шүүгдэгч Э.Б******* нь энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт, жолоочийн үнэмлэх шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Б*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ЁНДОНСАМБУУ