Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2025/00217

 

О.Оын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Н.Батзориг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг шүүгч Н.Батчимэг, Э.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн  2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/04508 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2025/01439 дүгээр магадлалтай,

О.Оын нэхэмжлэлтэй

О.О ХХК УУАҮЭХнд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд өмнө авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулалт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч Д.Х /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.О нь хариуцагч О.О ХХК УУАҮЭХнд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд өмнө авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулалт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.

2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/04508 дугаар шийдвэрээр: “Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2, 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар О.О ХХК УУАҮЭХнд холбогдох, “ОО” ХХК-ийн УУАҮЭХны нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2024.09.02-ны өдрөөс ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг сарын 1,500,000 төгрөгөөр тооцон гаргуулах, 2021 оны 06 сараас шүүхийн шийдвэр гаргах хүртэлх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах тухай” нэхэмжлэгч О.Оын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч О.О нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул 38,950 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж буцаан олгож шийдвэрлэсэн.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2025/01439 дүгээр магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/04508 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Оыг О.О ХХК УУАҮЭХны нарийн бичгийн ажилд эгүүлэн тогтоож, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 17,571,288 төгрөгийг  О.О ХХК УУАҮЭХноос гаргуулж, нэхэмжлэгч О.От олгож, нэхэмжлэгч О.Оын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг дуусталх хугацаагаар нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч О.О ХХК УУАҮЭХнд даалгасугай” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 зааснаар нэхэмжлэгч О.О нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул 38,950 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч О.От олгож, хариуцагч О.О ХХК УУАҮЭХноос улсын тэмдэгтийн хураамжид 245,806 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: О.Оын нэхэмжлэлтэй О.О ХХК УУАҮЭХнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.08.27-ны өдрийн 210/МА2025/01439 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, 172.2.2-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, 172.2.3-т “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, 172.2.4-т “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан зохицуулалтын хүрээнд дараахь гомдлыг гаргаж байна.

4.1 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хууль, тухайн хэрэг маргаанд хамаарах хууль тогтоомжуудыг үндэслэл бүхий дүгнэсэн байдаг.

О.О ХХК УУАҮЭХнд О.О нь ажиллаж байгаад 2020 оны 11-р сард 10,000,000 төгрөгийг хувийн дансаар шилжүүлэн авсан үйлдэл тогтоогдож, улмаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст "ОО" ХХК-ийн УУАҮЭХны гомдлоор хянагдаж байгаа эрүүгийн 220900190 дугаартай хэрэгт шалгагдаж байгаа. Үүнтэй холбоотой баримтуудыг хариуцагч шүүхэд хүсэлт гаргаж шүүхэд цагдаагаас ирүүлсэн байдаг.

О.О нь О.О ХХК УУАҮЭХны гишүүдийн цалингаас хуримтлагддаг мөнгөнөөс 10,000,000 төгрөгийг авах үндэслэлгүй бөгөөд үүнийгээ юунд захиран зарцуулсан тухай нотолж чадаагүй. Улмаар 2020 оны 12-р сард ажлаасаа зугтаад гарсан байдаг.  Г.Бгийн гэрчийн мэдүүлэг, О.Оын шүүхэд гаргасан нэхэмжлэл, давж заалдах журмаар гаргасан гомдлоор хангалттай тодорхой нотлогдог. Энэ үед О.О ХХК УУАҮЭХны дарга гэх н.Д болон түүний хамаарал бүхий хүмүүс, мөн О.О нар нь О.О ХХК УУАҮЭХны нэрийг сольсон, мөн хорооны “ОТ” ХХК-ийн гишүүдийн мөнгөнөөс 386,269,051 төгрөгийг завшсан. Үүнээс болж "ОО" ХХК-иас О.О ХХК УУАҮЭХны үйл ажиллагааг бүхэлд нь зогсоосон байдаг.

Дээрх учир шалтгаануудын улмаас О.О нь 2020 оны 12-р сараас хойш огт ажиллаагүй. Харин тэрээр ажлын байраа орхиж явсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг нь дуусгавар болсон байдаг.

2021.01-р сараас 2021.06-р сар хүртэл О.О болон хуучин О.О ХХК УУАҮЭХнд ажиллаж байсан хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан С.Маар төлүүлсэн байдаг. Энэ 6 сарын хугацаанд О.О нь огт ажил үүргээ хэрэгжүүлээгүй, цалин ч аваагүй байхад давж заалдах шатны шүүх “Нэхэмжлэгч О.О ямар шалтгааны улмаас ажлын байран дээр ирж ажиллахгүй байгаа талаар ажил олгогч бүрэн мэдээлэлтэй байсан ба ажилтны хүсэлтүүдийг хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаатай холбогдуулан хойшлуулсан нь тогтоогдож байхад анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн, … ажлаас халсантай адилтган үзсэн...” гэж илтэд үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн.

Мөн Хөдөлмөрийн тухай хууль /1999/-ийн 104 дүгээр зүйлийн 104.1-д “... Эхэд жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралт олгоно...” гэж зааснаас үзвэл О.О нь 2021 оны 09-р сард төрсөн байдаг бөгөөд төрөхөөс өмнө жирэмсний болон амаржсаны амралт авах хүсэлтээ О.О ХХК УУАҮЭХнд огт өгөөгүй байдаг.

Гэсэн атлаа О.О нь 2021 оны 06-р сард жирэмсний амралтаа авсан гэж тайлбарладаг боловч огт тийм хүсэлт, тушаал гаргаагүй байдаг.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хууль /1999/-ийн 106 дугаар зүйлийн 106.1-д “... Ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно. ...” гэж заасан байхад О.О нь хүүхэд асрах чөлөө авах тухай хүсэлтээ өгөөгүй бөгөөд 3 жил 9 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа хуульд үл нийцнэ.

4.2 Магадлалын хянавал хэсгийн 9-д “...Хариуцагч О.О ХХК УУАҮЭХ нь зөвхөн нэхэмжлэгч О.Оыг биечлэн ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байсан биш, харин байгууллагын дотоод асуудал буюу нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар улсын бүртгэлийн маргаантай холбоотой асуудлаас шалтгаалан ажилчдаа ажлын байраар, цалин хөлсөөр хангаж чадаагүй...” гэж дүгнэсэн.

Давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт нь бодит нөхцөлд нийцээгүй, үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгч О.О нь 2020 оны 12-р сараас хойш ажилдаа ирээгүй, цахимаар ажиллаагүй, ажлын байрыг өөрийн дураар орхин явсан. Нэхэмжлэгч тухайн үед Ковид-19 цар тахлаас үүдэн ажиллах боломжгүй байсан, гэрээр ажиллаж байсан гэх боловч хэргийн материалд байх үзлэг хийсэн и-мэйлд 2021 оны 01-р сараас хойш цахимаар ажилласнаа  нэхэмжлэгч  нотолж чадаагүй.

Мөн түүнчлэн шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эргэн томилогдсон Г.Б даргыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар ажлаа хүлээж авахад шийдвэр гүйцэтгэлийн шаардлагын дагуу О.О тухайн үед ажлын байранд ирж ажил хүлээлцэхэд байсан бөгөөд түүнээс хойш надтай хамтран ажиллаагүй гэх Г.Бгийн мэдүүлгээр ажлын байраа орхин явсан гэдэг нь нотлогддог.

Хариуцагчийн зүгээс ажилтан ажил үүргээ хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний дагуу гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд харин нэхэмжлэгч О.О нь дээрх үүргээ үл биелүүлэн байгууллагын мөнгийг зориулалтын бусаар зарцуулсантай холбоотойгоор шалгагдаж эхэлснээс хойш ажилдаа ирээгүй, ажлын байрыг орхин явсан, цахимаар болон өөр ямар нэгэн байдлаар ажил үүргээ гүйцэтгээгүй, мөн тухайн 2021 оны 01-р сараас 2021 оны 06 дугаар сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг сүүлд нөхөн төлүүлсэн болохыг нэхэмжлэгч өөрөө гомдол, нэхэмжлэлдээ дурдсан зэрэг нь өөрөө сайн дураар ажлаа орхин явсан болохыг нотлон харуулдаг.

Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч О.Оыг өөрийн дураар ажлаа орхин явсан нь Хөдөлмөрийн тухай хууль /1999/-ийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т “Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалж болно”, мөн хуулийн 39.1-т “Хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно” гэж заасантай нийцсэн.

4.3 Нэхэмжлэгч О.О 2021 оны 01-р сараас хойш хөдөлмөрийн эрх нь зөрчигдсөн, хариуцагчийн эс үйлдэхүйтэй холбоотой асуудлыг мэдэж байсан, цалин хөлсөө зохих журмын дагуу аваагүй, мөн үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй байсан зэрэг илэрхий үйл баримттай холбогдуулан зохих журмын дагуу эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүй.

Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсгийн 13-д “Нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сараас 06 дугаар сар хүртэлх хугацааны цалин болон 2020-2021 оны ээлжийн амралтын олговрыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тул хариуцагчийн зүгээс уг хугацааны цалин болон ээлжийн амралтын олговортой холбоотой өгсөн хариу үндэслэлтэй эсэх талаар шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй” гэсэн нь маргааны гол үйл баримтад буюу хөөн хэлэлцэх хугацаа тоолохтой холбоотой асуудлыг нэхэмжлэгч уг хугацаанд хамаарах асуудлаар нэхэмжлэл гаргаагүй гэж орхигдуулсан нь хэргийг бүх талаас нь бүрэн гүйцэт хянаагүй болохыг харуулж байна.

Маргааны гол үйл баримт нь нэхэмжлэгч О.О нь 2021 оны 01-р сараас ажлын байраа орхин явж, үүний улмаас хөдөлмөрийн гэрээ ажилтны санаачилгаар цуцлагдсан бөгөөд нэхэмжлэгч хөдөлмөрийн эрхээ хамгаалахаар зохих эрх бүхий байгууллагад хандаагүй нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

Учир нь 2020 оны 12-р сард ажиллаад түүнээс хойш ажиллаагүй хүн 2024 оны 09-р  сард Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд  3 жил 9 сарын дараа гомдол, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийг илтэд зөрчөөд байна.

Хөдөлмөрийн тухай хууль /1999/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1-т “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй”, мөн хуулийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж тус тус заасан.

Гэтэл нэхэмжлэгч О.О 2020 оны 12-р сард ажил үүрэг нэг ч удаа гүйцэтгээгүй, мөн ажил олгогчийн зүгээс цалин хөлс олгоогүй буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон бөгөөд үүнтэй холбоотойгоор ямар нэгэн байдлаар нарийн бичгийн ажлаа хийх талаар хүсэлтийг гаргаагүй байдаг нь Ц.Дгийн асуудалтай шууд холбоотой. Хэрэв хөдөлмөрлөх эрхийн харилцаанд үүргийн зөрчил гарсан, ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байгаа бол дээрх 3 сар, 30 хоногийн хугацаанд хууль журмын дагуу зохих газарт нь гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байсан. Гэтэл тухайн үед гомдол гаргаагүй байж одоо гомдол гаргаж байгаа нь хуулийн дээрх заалтын дагуу хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байгаа тул давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй.

Маргааны үйл баримтад анхан шатны шүүх үндэслэл бүхий, хуульд нийцсэн дүгнэлт хийсэн бөгөөд харин давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа тоолох хуулийн зохицуулалтыг өөрөөр тайлбарлан дүгнэлт хийсэн нь хуульд нийцээгүй, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.08.27-ны өдрийн 210/МА2025/01439 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.05.19-ний өдрийн 191/ШШ2025/04508 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.11.14-ний өдрийн 001/ШХТ2025/01031 дүгээр тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эын гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

 ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч О.О нь хариуцагч О.О ХХК УУАҮЭХнд холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд өмнө авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор, цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулалт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан ба үндэслэлийг “... Хариуцагч байгууллагад нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. 2020.05.28-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. 2020.11 дүгээр сард Ковид-19 цар тахал гарсны улмаас байгууллага цахим хэлбэрт шилжин ажилласан. ... байгууллагын статус солигдож  буцаад хорооны статустай болох гэж байгаа тул байгууллагын тамга, гэрчилгээ хураагдаж, данс хаагдсан гэсэн шалтгаанаар ажил хийлгээгүй, “түр хүлээж бай” гэсэн. ... ажил хийх нөхцөл боломжоор хангалгүй явсаар 2021 онд жирэмсний амралтаа авч 2021 оны 9 сард хүүгээ төрүүлсэн боловч ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийг 2021 оны 01-06 сарын хугацаагаар төлөөгүйн улмаас хуульд заасан жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг авч чадаагүй хохирсон. Цахимаар удаа дараа жирэмсний амралтаа авах, 2021 оны 01-06 capын цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлүүлэх, ээлжийн амралтын цалин гаргуулахаар удаа дараа хандаж байсан ч Үйлдвэрчний эвлэлийн хороо шүүхээр маргаантай явсаар хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусч 2024.04.28-ны өдөр Монгол шуудан компаниар дамжуулан, мөн 2024.07.31-ний өдөр өөрийн биеэр ажилдаа орохоор удаа дараа хүсэлтээ өгсөн боловч шийдвэрлэхгүй удаашруулж, улмаар ажилд эргүүлж авахгүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болсон талаар 2024.09.02-ны өдөр и-мэйлээр хариу ирүүлсэн. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон албан ёсны шийдвэр тушаал гаргаагүй. Миний бие нь хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, ямар нэг сахилгын зөрчил гаргаж байгаагүй” гэж тайлбарлажээ. 

7. Хариуцагч тал нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа О.О ХХК УУАҮЭХны дарга Г.Б 2018.19.13-ны өдөр жирэмсний амралтаа авсны дараа Ц.Д тус  хорооны даргын үүргийг түр гүйцэтгэж байхдаа хорооны үйл ажиллагааг доголдуулж, хууль бус тушаал, шийдвэр тогтоолуудыг гаргаж, байгууллагаас их хэмжээний хөрөнгийг нягтлан бодогч, ажилтнуудтай нийлж хувьдаа завшсан, хороог холбоо болгож хууль бусаар өөрчилсөн асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа. Шинжээчийн дүгнэлтээр Ц.Д, түүний удирдлага дор ажиллаж байсан этгээдүүд нь 386,269,051 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан нь тогтоогдсон. 2021 онд тэд нар нь хорооны өмч хөрөнгийг авч явсны зэрэгцээ, хорооны оффисын хаалга үүдийг түгжиж зугтаасан. Дахиж Ц.Д, О.О нар нь тус оффис дээр ирээгүй. О.О ажлаа хийж байгаад дарга Ц.Д цагдаагийн байгууллагад шалгагдаад эхлэнгүүт ажлаа орхиж явсан, тухайн үед ямар нэгэн чөлөө хүссэн өргөдөл өгөөгүй, эмнэлгийн магадалгаа болон бусад баримт өгөөгүй, жирэмсний амралтаа авсан тушаал гаргуулаагүй, жирэмсний чөлөө хүссэн хүсэлтийг гаргаагүй. Нэгэнт ажлаа хаяж явсан тул О.От 2020 оны сүүлээс цалин хөлс олгоогүй бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа тухайн үед дуусгавар болсон. Ажилтан нь ажил үүргээ гүйцэтгээгүй, ажлын байрыг удирдлагын ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр орхин явсан тул ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ажилтан О.О нь тухайн үйл явдлаас хойш 4 жилийн дараа ажлаас хууль бусаар халагдсан гэж байгаа нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байсан бол тухайн үед хууль журмын дагуу зохих газарт нь гомдол гаргаж шийдвэрлүүлээгүй” гэжээ.

      8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “ОО ХХК-ийн УУАҮЭХны 2015.08.14-ний өдрийн 06 тушаалаар О.Оыг тус хорооны нарийн бичгийн ажилд томилж, 2015.09.14-ний өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулсан. О.Оыг “ОТ” ХХК-ийн УУАҮЭХны нарийн бичгийн албан тушаалд ажиллаж байх хугацаанд ажил олгогчоос ажилтныг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргаагүй, 2020 оны 12 дугаар сараас хойш нэхэмжлэгчид цалин хөлсийг нь олгоогүй атлаа 2020.12-2021.06 дугаар сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн, нэхэмжлэгч О.О нь 2021.04 дүгээр сараас 2022.03 дугаар cap хүртэлх хугацаанд амаржсантай холбоотой тушаал авах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх, амаржсаны амралтаа авах хүртэлх олгогдоогүй цалин хөлс, ээлжийн амралтын олговор зэргийг яаралтай шийдвэрлүүлэх талаар ажил олгогчтой и-мэйлээр харьцаж байсан боловч хариуцагч нь холбогдох асуудлыг шийдвэрлээгүй, нэхэмжлэгч нь 2024.07.31-ний өдөр тухайн асуудлаар ажил олгогчид дахин  хандахаас өмнө буюу 2022.03 дугаар сараас 2024.07 дугаар сарыг хүртэлх 2 жил гаруй хугацаанд хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн талаар холбогдох байгууллага болон шүүхэд хандаагүй. Тэрээр хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн, хариуцагчийн эс үйлдэхүйтэй холбоотой асуудлыг 2021 оноос хойш мэдэж байсан, 2021.01 дүгээр сараас хойш цалин, хөлсөө зохих журмын дагуу аваагүй, мөн үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй байсан зэрэг илэрхий үйл баримттай холбогдуулан зохих журмын дагуу эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүй, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэжээ.

            9. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ “Нэхэмжлэгч О.О удаа дараа ажил олгогчид хандаж хүсэлтээ и-мэйлээр хүргүүлсэн, ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаагүй, ажилтны ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үзнэ. Нэхэмжлэгч О.Оыг өмнө ажиллаж байсан ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулахаас татгалзсан хариуг авсан 2024.09.02-ны өдрөөс гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа тоолбол тэрээр уг хугацааг хэтрүүлээгүй. Ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болоогүй” гэж дүгнэжээ.

             10. Хоёр шатны шүүх ажилтнаас хөдөлмөр эрхлэлтийн эрхийн маргаанд гомдол гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны талаар зөрүүтэй дүгнэснээс өөр өөр шийдэл гаргасан байна. Хяналтын шатны шүүх хэргийг хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхино.  

            11. Нэхэмжлэгч О.О нь 2015.08.14-ний өдрөөс хариуцагч байгууллагад нарийн бичгийн даргын ажил, албан тушаалд ажиллаж байсан, 2017 онд хүүхэд төрүүлж, хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад 2019 онд ажилдаа орсон, 2021 оны 4 дүгээр сараас ажил эрхлээгүй, 2021 оны 9 дүгээр сард дахин хүүхэд төрүүлсэн, ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болоогүй, ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан шийдвэр гаргаагүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв.

            12. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй”, 154.2.1-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор”, 154.2.2-д “энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор”, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт “Дараах хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүх шууд хянан шийдвэрлэнэ” гээд 158.1.1-д “энэ хуулийн 154.8-д заасны дагуу гаргасан гомдол” гэж тус тус заажээ.

            Анхан шатны шүүх нэхэмжлэгч 2022 оны 3 дугаар сараас 2024 оны 7 дугаар сар хүртэлх 2 жил гаруйн хугацаанд гомдлыг зохих байгууллагад гаргаагүй нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж алдаатай дүгнэжээ.

            Учир нь С.О нь 2021.04.14, 2021.08.06, 2021.08.23, 2022.02.28, 2022.03.10, 2024.07.31, 2024.09.02-ны өдрүүдэд хариуцагч байгууллагад и-мэйл явуулсан ба уг цахим захидлуудын агуулга нь жирэмсний болон амаржсаны амралт авах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх, үндсэн цалин болон ээлжийн амралтын цалинг нөхөн олгуулах асуудлуудыг шийдвэрлүүлэх тухай бөгөөд ажил олгогч эдгээр асуудлуудад тодорхой хариулт өгөөгүй.  

            Хариуцагч байгууллагаас ажилтан О.От цахимаар 2021.08.23-ны өдөр “... Тэргүүлэгчдийн хурлаар ... өргөдлийг хэлэлцсэн бөгөөд аудитын шалгалтаар тогтоол, шийдвэргүй өөрийн чинь хувийн данс руу шилжсэн 10,100,000 төгрөг дээр дэлгэрэнгүй тайлбар, холбогдох баримтыг ... ирүүлсний дараа өргөдлийн чинь асуудлыг шийдвэрлэхээр хурлын шийдвэр гарсан. ...” гэж, 2022.03.03-ны өдөр “ ... хүсэлтийг 2022.03.02-ны өдрийн Тэргүүлэгчдийн хурал дээр танилцуулсан. Сүхбаатар дүүргийн цагдаа дээр шалгагдаж байгаа материалын дотор өөрийн тань данс руу шилжсэн 10 сая төгрөгийн гүйлгээг зөрчилтэй гэж үзэж байгаа учир энэ асуудал шийдэгдэж, хуулийн байгууллагын дүгнэлт гарсны дараа дээрх хугацааны цалинг нөхөж олгож болно” гэж, 2024.09.02-ны өдөр хүсэлтийг хүлээж авахгүй талаар мэдэгджээ.

            Үүнээс үзэхэд ажил олгогч 2022.03.03-ны өдөр ажилтны гаргасан хүсэлтийн дагуу асуудлуудыг дараа шийдвэрлэх агуулгаар хариу өгч ажилтан ажлын байрыг орхиж явснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа ажилтны санаачилгаар дуусгавар болсон гэж үзэхгүй.

13. Мөн ажилтны 2022.03.10-ны өдрийн цахимаар гаргасан хүсэлтдээ амаржсаны тэтгэмж авахтай холбоотой ажил олгогчоос гаргах тушаал шийдвэрийг гаргуулах талаар дурдсан бөгөөд ажил олгогч тал уг хүсэлтэд огт хариу өгөөгүй. Харин ажилтны 2024.07.31-ний өдрийн “ ... удаа дараа гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаатай холбогдуулж өмнөх хүсэлтүүдийг дахин хүсэлт гаргаж байгаа” агуулгатай хүсэлтэд ажил олгогч 2024.09.02-ны өдөр цахимаар хариу өгөхдөө “2021.01-2021.06 хүртэлх саруудад ажиллаагүй тул цалин олгохгүй, ажлаас халсан эсхүл ажил орхиж явсан нь тодорхой бус, үйлдвэрчний эвлэлийн хороотой бус холбоотой хөдөлмөрийн гэрээ байгуулсан, үйлдвэрчний эвлэлийн хороонд ажилаагүй, 2024.09.15-аас ажилдаа эргэн орох боломжгүй” гэх агуулгаар мэдэгдлийг хүргүүлжээ. Энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэхдээ 2024.09.02-ны өдрийн хариу мэдэгдлийг ажилтныг ажлаас халагдсантай адилтган үзэж, гомдол гаргах хугацааг мөн өдрөөс тоолж, ажилтан 2024.09.18-ны өдөр Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан, улмаар уг хорооны 2024.09.27-ны өдрийн хурлын тэмдэглэлийг 2024.10.02-ны өдөр хүлээн авч шүүхэд 2024.11.01-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан гомдол гаргах хугацааны дотор байна гэж Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлажээ.

            14. Түүнчлэн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн хүрээнд маргааныг шийдвэрлэж ажилтныг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг 17,571,288 төгрөгөөр тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2021.07.01-ний өдрөөс давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2025.08.27-ны өдрийг дуусталх хугацаагаар нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасантай нийцжээ. 

15. Иймд давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эын хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах үндэслэл тогтоогдсонгүй.  

16. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2025/01439 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч О.О ХХК УУАҮЭХны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч О.О ХХК УУАҮЭХ нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.09.15-ны өдөр 240,806 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                   

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ                    

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                               Г.АЛТАНЧИМЭГ

         ШҮҮГЧИД                                                              Н.БАТЧИМЭГ

                                                                                           Э.ЗОЛЗАЯА

                                                                                           Х.ЭРДЭНЭСУВД