Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 201/МА2018/00031

 

“А” ХК-ийн нэхэмжлэлтэй,

“Н” ХХК-д холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран, хариуцагчийн төлөөлөгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 21-ний өдрийн 138/ШШ2018/00687 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн төлөөлөгч Д.Гын давж заалдах гомдлоор “А” ХК-ийн нэхэмжлэлтэй, “Н” ХХК-д холбогдох “А” ХКомпани, ”Н” ХХКомпаниудын хооронд байгуулсан 2017 оны 6 сарын 28-ны өдрийн 01 тоот Адуунчулуун нүүрсний ордын 1364/А тусгай зөвшөөрлийн талбайд “Хамтран ажиллах гэрээ”-г хүчин төгөлдөрт тооцуулж гэрээний үүрэг биелүүлэхийг даалгах, “А” ХКомпаний 2018 оны 04 сард олох байсан борлуулалтын орлого 727 700 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Гэрээний үүрэг зөрчснөөс учирсан хохирол 25 387 978 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2018 оны 11 сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “А” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А” ХК болон “Н” ХХК-иудын хооронд 2017 оны 06 сарын 28-ны өдөр 01 тоот Адуунчулуун нүүрсний ордын 1364/А тусгай зөвшөөрлийн талбайд “Хамтран ажиллах гэрээ”-г талууд байгуулан 2018 оны 1 дүгээр улирал хүртэл хэвийн ажилласан. Нэхэмжлэгч гэрээний 1.3 дахь хэсгээр үүрэг хүлээсэн бөгөөд дээрх гэрээний үүргийг цаг тухай бүрт нь бид хангалттай биелүүлж ирсэн. Гэрээний талуудын харилцан хүлээх үүргийг гэрээний 2.5 дахь заалтад тодорхойлохдоо “Газрыг зориулалтын бусаар ашиглаж зөрчил гарвал хохирлын дүнг буруутай тал хариуцна.”, “Ашиглаж буй газрыг бусдад шилжүүлж барьцаалахгүй байх.” үүргийг газар эзэмшигч буюу хариуцагч тал хүлээсэн. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хариуцагч нь гэрээний 2 дугаар зүйлийн 2.5, 2.6 дахь заалтуудыг ноцтой зөрчиж гэрээний бус аргаар нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулж нүүрс олборлолтын хэвийн үйл ажиллагааг тасалдуулж байгаа нь хариуцагч гэрээний үүргээ зөрчиж байгааг нотолж байна. Нэхэмжлэгч нь гэрээний 3 дугаар заалтаар төлбөр тооцоо хийх үүргээ хугацаанд нь гэрээнд заасан хэмжээгээр зохих ёсоор биелүүлж ирсэн ба түүнийг хэрэгт нотлох баримтаар хавсаргасан санхүү бүртгэлийн баримтуудаар нотолж байна. Гэрээний 3.1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр 2017 оны газрын түрээсийн төлбөрт 152 023 365 төгрөг 52 мөнгийг хариуцагч талд гэрээний дагуу шилжүүлсэн. Гэрээний хугацааг гэрээний 5.1 дэх хэсгээр 1 жил байхаар талууд харилцан тохиролцсон боловч гэрээний хугацаа дуусаагүй байхад хариуцагч тал ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үүргээ биелүүлэхээс татгалзаж байгаа нь манай компанийн олох байсан үр ашгийг эрс дордуулж хувьцаа эзэмшигчдийн эрх ашигт сөргөөр нөлөөлж байна. Гэрээний 5.2 дахь заалтаар энэхүү гэрээний үйлчлэх хил хязгаар, ашиглалтын талбайн хэмжээг тодорхой буюу зөвхөн 1364/А талбайд үйлчлэхээр заасан. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд заасан талбайд хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлаа гүйцэтгэж байхад хариуцагч нь гэрээнд заасан талбайд нэхэмжлэгчийн үйл ажиллагааг явуулахад саад учруулж байгаа нь хариуцагч гэрээний үүргээ зориуд санаатай зөрчсөн болохыг нотолж байна. Гэрээний 5.4 дэх хэсэгт “Гэрээнд заасан үүрэг биелэгдээгүй буюу биелэгдэх боломжгүй болсон тохиолдолд талууд хэлэлцэн гэрээг өөрчлөх эсвэл цуцалж болно.” гэж заасан. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар манай компани нь гэрээний 1.3, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасан үүргээ бүрэн биелүүлж хариуцагчийн өмнө хүлээсэн үүрэг болох борлуулалтын 2.5 хувийн төлбөр төлөх, шаардлагатай уулын ажлын мэдээллийг танилцуулах үүргээ бүрэн биелүүлж ирсэн тул гэрээний үүрэг зөрчигдсөн талаарх ямар нэгэн нөхцөл байдал үүсээгүй. Нөгөө талаас хөрс хуулалт хийгдсэн 1364/А талбайд нүүрс олборлолт хийх бүрэн боломжтой байгаа тул нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч саад тотгор учруулахгүй нөхцөлд хэвийн ажиллаж, нүүрсээ олборлож зах зээлд борлуулахад ямар нэгэн саад хүндрэлгүй байгаа нь гэрээнд заасан гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэх  нөхцөл байдал мөн тогтоогдохгүй байгааг тодорхой нотолж байна. “Н” ХХКомпани нь 2018 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлэн 1364/А талбайд нэвтрүүлэхгүй байгаагаас манай компани 2018 оны 04 сард захиалгын дагуу “ДБЭХС” ТӨХК-д 43 000 тонн нүүрс нийлүүлж 727.7 сая төгрөгийн борлуулалтын орлого олох боломжийг алдаж байна. “Н” ХХК дээрх гэрээг зөрчсөн үйлдэл нь зөвхөн “Н” ХХК болон “А” ХК-ийн хоорондох харилцаа төдий биш “ДБЭХС” компанийн үйл ажиллагаанд саад учруулж байна. Иймд хариуцагч “Н” ХХК-д “Адуунчулуун” нүүрсний ордын 1364/А тусгай зөвшөөрлийн талбайд 01 тоот “Хамтран ажиллах гэрээ”-ний үүрэг биелүүлэхийг даалгах, “Н” ХХК-иас “А” ХК-ний 2018 оны 04 сард олох байсан борлуулалтын орлого 727 700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна. “Н” ХХКомпани нь тус компанитай байгуулласан гэрээнээс татгалзсан тохиолдолд саналаа Иргэний хуулийн 204.1-д зааснаар хүргүүлж санал гаргаагүй тал нь хугацаа заах ёстой байсан. Энэ шаардлагыг хангаагүй. Манай компанид албан бичгээр мэдэгдсэн гэж байгаа боловч энэ албан бичиг манайд ирээгүй. Өөрсдөө нотлох баримтаар гаргаагүй байна. Тус компаний үйл ажиллагааг зогсоосноос станцын өмнө хүлээсэн үүргээ тасалдахад хүрээд байсан учир бид МАК-тай ашиггүй гэрээ байгуулж станцад нийлүүлэх нүүрсээ нийлүүлсэн байгаа. Энэ хоёр компаний хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээг түрээсийн гэрээ гэж байна. Хамтран ажиллах гэрээ мөн. “Н” ХХКомпани нь ТУЗ-ийн хуралдаанд гаргасан саналдаа борлуулалтын төлбөрөө 5 хувь болгох, компаний удирдлагыг авах саналаа хэрэгжүүлж чадаагүй учир гэрээнээс татгалзах асуудал тавьсан байдаг. Энэ бол хоёр компаний хоорондоо ярилцаад шийдвэрлэчих асуудал юм. Гэтэл удирдлагууд хоорондоо тохиролцоогүй талаар удаа дараагийн хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа. “Адуунчулуун” нүүрсний ордын 1364/А тусгай зөвшөөрлийн талбайд хамтран ажиллах №01 тоот гэрээний 1.3 дахь хэсэгт “А” ХК буюу Б талын үүргийг тодорхойлсон байх ба сөрөг нэхэмжлэлд хариуцагч Б тал гэрээний 1.3 дахь хэсгийн аль хэсгийг зөрчсөнөөс компанид нь хэдий хэмжээний хохирол учирсан талаар үндэслэл бүхий нотолгоонд суурилсан шаардлага гаргаагүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийг дурдахдаа “А” ХК гэрээний аль нөхцөлийг зөрчсөн, мөн “Н” ХХК-иас “А” ХК-д ямар үүрэг хүлээлгээд тухайн үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацааг хэзээ, ямар хэлбэрээр Б тал болох “А” ХК-д өгснөө нотлох баримтаар нотлоогүй байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар “Н” ХХК-ний зүгээс гэрээнээс татгалзах талаар “А” ХК-д Иргэний хуулийн 204.1 дэх хэсэгт зааснаар огт мэдэгдээгүй бөгөөд 204.2-т зааснаар хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал буюу “А” ХК гаргах хууль зүйн үндэслэлтэй юм. Нэгэнт “Н” ХХК гэрээнээс татгалзах тухай мэдэгдээгүй, татгалзах хугацааг хуульд зааснаар мэдэгдээгүй “А” ХК-д мэдэгдээгүй тул татгалзлын талаар хуулийн үндэслэлээр гэрэээнээс үүссэн хохирол гэж нэхэмжлэх эрхгүй. Иргэний хуулийн 408 дугаар зүйлийн 408.2.1 дэх хэсэгт гэрээнд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг цуцалсан тохиолдолд гэсэн үндэслэлээр гэрээг цуцлах хууль зүйн үндэслэл бий болж гэж илт төөрөгдөн тайлбарлажээ. Гэтэл гэрээний 5.4 дэх хэсэгт гэрээнд заасан үүрэг бүрэн биелэгдээгүй буюу биелэгдэх боломжгүй болсон тохиолдолд талууд хэлэлцэн гэрээг өөрчлөх, эсвэл цуцалж болно гэж тодорхой заажээ. Гэрээний хүсэл зориг болсон 1364/А талбайгаас нүүрс олборлох, мөн зохих хувийг “Н” ХХК-д төлөх нөхцөл “Н” ХХК нүүрсний олборлолтыг үндэслэлгүйгээр санаатай тасалдуулахаас өмнө хэвийн хэрэгжиж байсан. Түүнээс гэрээ биелэгдэх боломжгүй буюу олборлох нүүрсгүй болсон “А” ХК гэрээний үүргээ биелүүлэх санхүүгийн чадавхигүй болсон эсвэл төрийн зүгээс холбогдох эрхүүдийг цуцалсан зэрэг нөхцөл байдал огт үүсээгүй тул гэрээний үүрэг хэвийн биелэгдэх одоо ч бүрэн боломжтой хэвээр байна. Нөгөө талаар гэрээний 5.4-т зааснаар гэрээг цуцлах нөхцөл байдал үүссэн, гэрээг цуцлах талаар гэрээний зохицуулалтын дагуу “Н” ХХК-ний зүгээс “А” ХК-тай хэлэлцсэн зүйл огт байхгүй байгаа нь “Н” ХХК гэрээний 5.4 дэх хэсгийг зөрчиж гэрээний нөхцөлд тусгагдаагүй эрхийг дангаар эдлэж гэрээг цуцлах талаар шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. “А” ХК нь нүүрсийг сорчлон авах уулын ажлын хувьд боломж байхгүй бөгөөд нүүрсийг ахуйн болон үйлдвэрлэлийн горимд ашиглах шаардлагад нийцүүлэн олборлолтыг 2004 оноос хойш бид хийж ирсэн бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн асуудал огт үүсэж байгаагүй. Уурхайн ТЭЗҮ болон Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ХХ-13-02 тоот дүгнэлтийн 7 дугаар заалтад хаягдлыг 4.6 хувь, бохирдол 2.9 хувь байхаар тооцсон бөгөөд нийт 7.5 хувьтай тэнцэх хаягдал, бохирдол байх техник, эдийн засгийн боломжтой. ТЭЗҮ дүгнэлтийн хэмжээнээс хэтрүүлсэн хаягдал, бохирдлыг гаргаж байгаагүй тул сорчлон авсан зүйл байхгүй, ХК-ний ТУЗ-ийн гишүүдээр ажиллаж байсан тул сөрөг нэхэмжлэлийн үндэслэл үгүйсгэгдэнэ. 2355.1 тонн хаягдал хэтрүүлсэн гэж сөрөг нэхэмжлэлд дурджээ. Дээрх хаягдлын хэмжээг тогтоосон ажлын хэсэгт уулын мэргэжилтэй ажилтан хоёр байгаа ба дүгнэлтээр тогтоосон хаягдал нь зөвхөн 2017 оны хаягдал гэж тооцох боломжгүй ба өмнөх онуудын нийт нүүрс цэвэрлэгээний хаягдлын талбай дээрх шавартай нүүрсийг тооцсон. Сөрөг нэхэмжлэлд 2355.1 тонны 70 хувийг цэвэр нүүрс гэж үзвэл 1648.57 тонн нүүрс хаягдсан гэж тойм төдий үндэслэл гаргасан байх ба хавтаст хэрэгт 1648.57 тонн нүүрс хаягдал гэж тогтоогдсон нотлох баримт огт байхгүй байна. Гэрч маркшеэйдэр Даваанямын мэдүүлгээр дээрх тооцоолол нь үгүйсгэгддэг ба нүүрс цэвэрлэгээний хаягдлын талбайгаас дүгнэлт гаргаснаас хойш 3700 гаруй тонн нүүрсийг дахин цэвэрлэж борлуулсан талаар мэдүүлсэн байна. “А” ХК-ний зүгээс жилийн уулын ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлийн тайлан, ашиглалтын тайланг гаргаж эрх бүхий байгууллагад хүргүүлсэн. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлт, уулын ажлын төлөвлөгөөг батлагдсан загварын дагуу төрийн захиргааны байгууллагад шилжүүлсэн бөгөөд батлах эрх нь “А” ХК-д биш Ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хадгалагдах учир төлөвлөгөөг батлуулаагүй гэж “А” ХК-ийг буруутгах үндэслэл байхгүй. “Н” ХХК хуулиар өөрт нь олгосон үүргийг бусад этгээдээс шаардах нь зохимжгүй юм. Сөрөг нэхэмжлэлд дурдсан Ашигт малтмалын тухай хуулийн 47.1, 47.3.1, 47.5, 48.6.1, 48.6.2, 48.6.3 дахь заалтуудаа өөрөө эргэж нэг харах нь зүйтэй. Ямар нэг байдлаар өөрийнхөө эрх ашгийг дордуулсан, үүргээ бусдад тохох нь зүйд нийцэхгүй. “А” ХК хамтран ажиллах гэрээний дагуу дотоодод борлуулж байгаа нүүрсний нөөц ашигласны төлбөр тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү төлбөрийг “Н” ХХК-д төлж бусад татвар хураамжаа хуулийн дагуу төлж байгаа. Тиймээс үндэслэлгүй сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад “А” ХК нь 2017 оны тайлант хугацаанд орд газар ашиглахдаа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй түүний улмаас гэрээг цуцлах зайлшгүй нөхцөл үүссэн гэх үндэслэлийг дурдсан нь тодорхойгүй байна гэжээ.

            Хариуцагч “Н” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Н” ХХК нь 1364/А тусгай зөвшөөрөлтэй нүүрсний ордын газрыг 1998 оноос хойш эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд “А” ХК-тай 2004 оноос хойш уг орд газар дээр хамтран ажиллах гэрээг байгуулж ажилласаар ирсэн билээ. 2017 оны 06 сарын 28-ны өдөр №01 тоот хамтран ажиллах гэрээг хариуцагчтай шинэчлэн байгуулсан. “А” ХК нь 2017 оны тайлант хугацаанд орд газар ашиглахдаа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, түүний улмаас манай компанид хохирол учруулсан тул хамтран ажиллах гэрээг цуцлуулах зайлшгүй шаардлага бий болсон. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний аль нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 480 дугаар зүйлийн 480.2-т гэрээнд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг цуцалсан тохиолдолд дуусгавар болно гэж зааснаар гэрээг цуцлах хууль зүйн үндэслэл бий болж байгаа юм. “Н” ХХК нь гэрээний 1.2-т заасан үүргээ биелүүлсэн бөгөөд хариуцагчийн гэрээний дагуу үүргээ биелүүлэх нөхцөл боломжийг хангалттай бүрдүүлж өгсөн. Гэтэл “А” ХК нь хамтран ажиллах гэрээний 1.3.2 дахь заалтаа зөрчиж “Н” ХХК-д хохирол учруулсан нь “А” ХК-ний захирлын 2018 оны 02 сарын 12-ны А/11 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтээр батлагдаж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах эрхийг эдэлж үүргийг хүлээнэ.”, 27.1.1-д “Тухайн уурхайн эдэлбэрт оршин байгаа ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл журмын дагуу ашиглах.” 35.5-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөцийг бүрэн ашиглах үүрэг хүлээх бөгөөд зөвхөн ашиг олох зорилгоор түүнийг сорчлон ашиглахыг хориглоно.” гэсэн байх ба дээр дурдсан ажлын хэсгийн дүгнэлтэд 2017 оны эцэст маркшеэйдэр инженерийн хийсэн хэмжилтээр 67436.4 тонн нүүрс хаягдалд оруулсан, уг хаягдлаас 1634/А тусгай зөвшөөрөлтэй талбайд хийсэн ТЭЗҮ-ээр хаягдлыг нийт олборлосон нүүрсний хэмжээнээс 4.6 хувь байхаар тооцож тогтоосон байдгаар тооцож үзвэл нүүрсний баруун жигүүрийн шавартай нүүрсний цэвэрлэгээнд хаягдсан 41595 тонн ногоон шаврыг хасан 25841.4 тонн нүүрс хаягдалд тооцсон гэсэн байна. Уг хаягдал нь хаягдалд тооцох зөвшөөрөгдөх хэмжээ буюу 4.6 хувиас 0.4 хувиар хэтэрсэн буюу 2355.1 тонн хаягдал хэтрүүлэн хаясан. Уг хаягдлын 70 хувийг цэвэр нүүрс байсан гэж үзвэл 1648.57 тонн цэвэр нүүрсийг хаяж зах зээлд борлуулах 25 387 978 төгрөгийн /1 тонн нүүрсийг иргэдэд олгодог үнээр буюу 15400 төгрөгөөр тооцсон/ бодит хохирлыг “Н” ХХК-д учруулжээ. Мөн гэрээний 1.3 дугаар зүйлийн 1.3.1.14-т “Жилийн уулын ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлийн тайланг гаргах, ашиглалтын үйл ажиллагааны тайланг батлуулах, 1.3.4-т Ашигт малтмалын тухай хуулийн 47.1, 47.3.1, 47.5, 48.6.1, 48.6.2, 48.6.3 ...гэх заалтуудыг бүрэн биелүүлж ажиллах гэх заалтыг ноцтой зөрчсөн. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6.2-т “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлт, уулын ажлын төлөвлөгөөг батлагдсан зааврын дагуу 12 дугаар сарын 01-ний дотор төрийн захиргааны байгууллагад ирүүлж батлуулах үүрэгтэй гэж заасан. Бидний хооронд байгуулсан гэрээний дагуу энэхүү үүргийг “А” ХК-д оногдуулсан байхад хугацаандаа батлуулаагүйгээс “Н” ХХК өнөөдөр үйл ажиллагаа явуулахад саад учирсаар байна. Тиймээс гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 25 387 978 төгрөгийг “А” ХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “А” ХК болон “Н” ХХК-иуд Адуунчулуун нүүрсний ордын 1364/А тусгай зөвшөөрөлтэй талбайд 2004 оноос хойш хамтран ажиллаж ирсэн. “А” ХК-ний 2017 оны жилийн эцсийн тайланд ордыг ашиглах ТЭЗҮ-д заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэн их хэмжээний нүүрсийг хаясан зөрчил гарсан талаар тусгагдсан. Тухайн үед энэ талаар “А” ХК-ний захирал Б.Шатарт хэлж анхааруулж байсан боловч дорвитой арга хэмжээ авахгүй байсан. Аргагүй эрхэнд 2018 оны 01 сарын 23-нд “Н” ХХК-д учруулж байгаа хохирлыг зогсоох, гэрээ цуцлагдах болсныг албан бичгээр мэдэгдсэн. Гэрээ цуцлагдсанаар “А” ХК-ний Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж энэ зөрчлийн талаар холбогдох арга хэмжээг авч ТУЗ-д эргэж мэдэгдэх 04 тоот тогтоол 2018 оны 02 сарын 08-ны өдөр гарсан. Гэрээ цуцлах мэдэгдлийг авсны дараа өөрийн буруутай үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч захирал Б.Шатар нь 2018 оны 02 сарын 12-ны өдөр Нүүрс цэвэрлэгээнээс хаягдсан нүүрсний хэмжээг нарийвчлан тогтоох, учирсан хохирлын хэмжээг тодорхойлох, холбогдох ажил хариуцсан албан тушаалтанд хариуцлага тооцох тухай тодорхой саналуудыг бэлдэж танилцуулахыг даалгасан ажлын хэсэг томилсон А/11 тоот захирлын тушаалыг гаргасан. Улмаар ажлын хэсэг ажилласан бөгөөд ажлын хэсгийг газар дээр нь шалгалт явуулж байх үед хүртэл зөрчил гарч ямар ч хяналтгүйгээр цэвэр нүүрсийг хаяж байсан. Ажлын хэсэг дүгнэлтээ гаргасан боловч уг актын талаар ТУЗ болон “Н” ХХК-д эргэж мэдэгдээгүй нуун дарагдуулж өнгөрөөсөн. Мөн 2 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад “Газрыг зориулалтын бусаар ашиглаж зөрчил гарвал хохирлын дүнг буруутай тал хариуцна.” гэсэн байх ба газарт үр ашигтай орборлолт явуулах ёстой “А” ХК-ний гаргасан үйлдэлд илүү хамаарах заалт юм. “А” ХК-ний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй, сөрөг нэхэмжлэл 25 387 978 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 21-ний өдрийн 138/ШШ2018/00687 дугаар шийдвэрээр:

1/ Монгол Улсын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.4, 326 дугаар зүйлийн 326.2-т заасныг баримтлан “А” ХКомпаний нэхэмжлэлтэй “Н” ХХКомпанид холбогдох “А” ХКомпани болон “Н” ХХКомпаниудын хооронд байгуулсан 2017 оны 6 сарын 28-ны өдрийн 01 тоот “Адуунчулуун нүүрсний ордын 1364/А тусгай зөвшөөрлийн талбайд хамтран ажиллах гэрээ”-г хүчин төгөлдөрт тооцуулж гэрээний үүрэг биелүүлэхийг даалгах, 2018 оны 04 сард олох байсан борлуулалтын орлого 727 700 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, “Н” ХХКомпаний “А” ХКомпаниас Гэрээний үүргийг зөрчснөөс учирсан хохирол 25 387 978 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “А” ХКомпаний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 3796500 төгрөг, “Н” ХХКомпанийн улсын тэмдэгтийн хурааамжинд урьдчилан төлсөн 284900 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, ...шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Г давж заалдах гомдолдоо: “ ...шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т заасан “Н” ХХКомпаний “А” ХКомпаниас гэрээний үүргийг зөрчснөөс учирсан хохирол 25 387 978 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, нотлох баримтуудыг зохих ёсоор үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт сөрөг нэхэмжлэлийн талаар “Н” ХХК нь цэвэр нүүрс хаягдалд тооцсон талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулаагүй, нэг тонн нүүрсний үнэлгээг хэрэгт гаргаж ирүүлээгүй байна гэжээ. Хэрэгт авагдсан байгаа “А” ХК-ийн захирлын тушаалаар байгуулагдсан нүүрсний хаягдал тооцох, учирсан хохирлыг арилгуулах, холбогдох буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох үүрэг бүхий ажлын хэсгийн томилогдсон тушаал, ажлын хэсгийн хуралдаан, түүний тэмдэглэл, дүгнэлт зэрэг хэдий хэмжээний хохирол тооцсон түүнийгээ харилцан хүлээн зөвшөөрсөн нотлох баримт байсаар байтал түүнийг үнэлсэнгүй. Мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулаагүй гэж өрөөсгөл дүгнэжээ. Уул уурхайн компани ашигт малтмалыг ашиглахдаа түүнд тохируулан хийгдсэн техник эдийн засгийн үндэслэл, түүнд хаягдал бохирдлыг тооцох дээд хэмжээг тооцсон тооцоолуур бүхий бичиг баримтыг удиртгал болгон мөрдөж ашигладаг. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-т “ашигт малтмал ашиглах техник эдийн засгийн үндэслэл болон зохих байгууллагаар хянуулсан уулын ажлын төлөвлөгөө” батлуулах, мөн 10 дугаар зүйлийн 10.1.9-т “Монгол улсын төрийн захиргааны байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн геологийн судалгааны ажлын тайлан, ашигт малтмалын ордыг ашиглах болон баяжуулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлд дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах үүрэгтэй” гэж зааснаас харахад мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг техник эдийн засгийн үнэлгээгээр тогтоон гаргасан хангалттай бичгийн нотлох баримт байхад шүүх үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

“А” ХК-ийн тухайн жилд хаясан нийт нүүрс нь мэргэжлийн байгууллагаас баталсан хэмжээнээс илт их хэмжээгээр зөрчсөн, тус компани түүнийгээ хүлээн зөвшөөрсөн баримт материалууд хэрэгт авагдсан байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-г баримталсан нь буруу юм. Мөн Дорнод аймаг тэр дундаа Чойбалсан хотод нэг л нүүрсний уурхайтай, түүнээс сүүлийн 3 жил нэг л үнээр ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд худалдан борлуулсаар ирсэн нийтээр мэддэг үнэ юм. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасантай нийцэх юм. Мөн хэрэг хянан шийдвэрлэх явцад нүүрсний үнийн талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч маш ойлгомжтой тайлбарласан, хэрэгт нүүрсний үнийг тодорхойлох нотлох баримтууд байсаар байтал түүнийг үнэлсэнгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлага болох учирсан хохирол 25 387 978 төгрөгийг “А” ХК-иас гаргуулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “А” ХК нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан “А” ХК, “Н” ХХК-ийн хооронд 2017 оны 06 сарын 28-ны өдөр байгуулагдсан 01 тоот “Адуунчулууны нүүрсний ордын 1364А тусгай зөвшөөрлийн талбайд хамтран ажиллах гэрээ”-г хүчин төгөлдөрт тооцуулж, гэрээний үүрэг биелүүлэхийг даалгах, “А” ХК-ийн 2018 оны 04 сард олох байсан борлуулалтын орлого 727 700 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “Н” ХХК эс зөвшөөрч маргажээ. /хх-ийн 1-3 дахь талууд/

Хариуцагч “Н” ХХК нь нэхэмжлэгч “А” ХК-иас “ гэрээний үүргээ биелүүлээгүйгээс компанид учруулсан хохирол 25 387 978 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг сөрөг нэхэмжлэлийн хариуцагч “А” ХК нь эс зөвшөөрч маргасан байна. /хх-ийн 1 дэх хавтас, 248-250 дахь талууд/

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “А” ХК нь хариуцагч “Н” ХХК-ийн “Адуунчулууны” нүүрсний ордын 1364А тусгай зөвшөөрлийн талбайд 2004 оноос эхлэн нүүрсний олборлолтыг хийж борлуулан, борлуулалтын орлогоос тодорхой хувийг “Н” ХХК-д өгч ирсэн ба талууд энэ талаар маргаагүй байна.

Талуудын хооронд 2017 оны 06 сарын 28-ны өдөр 01 тоот “Адуунчулууны нүүрсний ордын 1364А тусгай зөвшөөрлийн талбайд хамтран ажиллах гэрээ” байгуулагдсан ба гэрээний агуулгаас үзэхэд нэхэмжлэгч “А” ХК нь хариуцагч “Н” ХХК-ийн нүүрсний ордын 1364А тусгай зөвшөөрлийн талбайд өөрийн техник тоног төхөөрөмж, хүн хүчээр олборлолт явуулж, ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнийн 2,5 хувьтай тэнцүү хэмжээгээр ашигласны төлбөр өгөх, гэрээний хугацаа нь байгуулагдсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэхээр зохигчид гэрээндээ заажээ. /хх-ийн 33-36 дахь талууд/

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ.” гэж заасан.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээнд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3.5, 476.3.8-д заасныг тусгаагүй, зохигчдын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэсэн нь буруу байна. Учир нь зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 3.1-д “Тусгай зөвшөөрлийн талбай ашигласны төлбөр нь ... борлуулалтын үнийн 2,5 хувьтай тэнцүү байна.” гэж заасан нь хариуцагч “Н” ХХК-д тодорхой хувь өгөх талаар талууд тохирсон байна. Түүнээс гадна талууд дундаасаа эд хөрөнгө нийлүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүйн зэрэгцээ энэ нь хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч “Н” ХХК нь нэхэмжлэгч “А” ХК-ийг нүүрсний ордыг ашиглах явцдаа “Техник эдийн засгийн үндэслэл”-д заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэн их хэмжээний нүүрс хаясан зөрчил гаргасан гэж “А” ХК-ийн нүүрс олборлолтын ажиллагааг 2018 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлэн зогсоосон үйл баримт хэрэгт тогтоогджээ.  

Эрдэс баялаг, эрчим хүчний яамны харьяа Ашигт малтмалын газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2011 оны 07 дугаар сарын  08-ны өдрийн ХХ-13-02 дугаар дүгнэлтийн 7.-д “Орд газрыг ашиглах ТЭЗ-ийг урьдчилсан тооцоогоор /2010 оны 01-р сарын 01-ний үлдэгдэл нөөц/ жилд 500.0-1,000.0 мян.тн нүүрс олборлохоор тооцож, дундажаар жилд 965.77 мян.тн бохирдсон нүүрс олборлосон тохиолдолд ашиглалтын хаягдлыг 4.6%, бохирдол 2.9%... байхаар тооцжээ.” гэсэн байна. /хх-ийн 165 дахь тал/

Нэхэмжлэгч “А” ХК-ийн захирлын  2018 оны 02 сарын 12-ны өдрийн А/11 дугаар “Ажлын хэсэг томилох тухай” тушаалаар “Тус компаний Уулын хэсгийн 2017 онд гүйцэтгэсэн нүүрс цэвэрлэгээнээс хаягдсан нүүрсний хэмжээг нарийвчлан тогтоох, учирсан хохирлын хэмжээг тодорхойлох, холбогдох саналыг бэлтгэн гаргах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийг томилсон байна. /хх-ийн 74 дэх тал/

2018 оны 02 сарын 14-нд ажлын хэсгийн гаргасан дүгнэлт, саналд “... “Адуунчулуун”-ы нүүрсний ордын геологийн судалгааны ажлын тайланд нүүрсний хаягдлын байж болох хувь хэмжээг 4,6%, ашиглалтын 1364А талбайд хийгдсэн ТЭЗҮ-д нүүрсний хаягдал 3,0%, тээврийн хаягдал 1,5% байхаар тооцсонтой харьцуулахад 2017 онд 510573,1 тн нүүрс олборлож 67 436,4 тн нүүрс хаягдалд оруулсан нь жилийн хэмжээнд нүүрсний хаягдал 13,2% болжээ. Үүнээс нүүрсний баруун жигүүрийн шавартай нүүрсийг 730-р түвшингээс цэвэрлэхэд 41 595 м3 хаягдсаныг улны ногоон  шавраар тооцож дээрхи дүнгээс хасахад 25 841,4 тн нүүрс үлдэж нүүрсний хаягдлын зөвшөөрөгдөх дээд хэмжээг 4,6% гэж тооцоход даруй 0,4% хэтэрчээ. Нүүрсний хаягдлын боломжит хязгаарыг хэтрүүлэн компанийн нэг өдрийн борлуулалттай тэнцэхүйц 2355,1 тн нүүрс хаяж үргүй зардал гаргаж, хохирол учруулсан байна. Зардлын тооцоонд хаягдал нүүрсэнд цэвэр нүүрс 70 хувь байснаар тооцоход хаягдсан цэвэр нүүрс 1648,57 тн болно. Компанид учруулсан хохирол зардлын хэмжээний тооцоо, хурлын протоколыг хавсаргав.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2018 оны 02 сарын 13-ны өдөр хуралдаж нүүрсний хаягдал үүссэн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярилцаж, нүүрсний хаягдлаас учирсан хохирлын хэмжээг мөнгөн дүнгээр 22 277 990 төгрөг байна.” гэжээ. /хх-ийн 75-76, 77-83 дахь талууд/

Хэрэгт авагдсан “А” ХК-ийн захирлын А/11 дугаар тушаал, ажлын хэсгийн дүгнэлт, санал, ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл, “А” ХК-ийн нүүрсний хаягдлын зардлын тооцоолол зэрэг баримтуудаар нэхэмжлэгч “А” ХК-ийн 2017 онд олборлосон нүүрснээс хаягдсан цэвэр нүүрс нь  Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2011 оны 07 сарын 08-ны өдрийн ХХ-13-02 дугаар дүгнэлтээр тогтоогдсон хэмжээнээс 0,4 хувь их буюу 1648,57 тн байсан болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “А” ХК-ийн 2017 онд олборлосон нүүрснээс хаягдсан цэвэр нүүрс нь ТЭЗҮ-ээр тогтоогдсон хэмжээнээс 0,4 хувь их буюу 1648,57 тн байгаа нь талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээг цуцлах хэмжээний зөрчил болох эсэх, цаашид хариуцагч “Н” ХХК-ийн хэвийн үйл ажиллагааг явуулахад энэ зөрчил нь сөргөөр нөлөөлөхүйц хэмжээний болох, гэрээнд энэ талаар заасан эсэхийг үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлах хэмжээний зөрчил гэж үзэх боломжгүй, ялимгүй хэмжээний зөрчил гэж үзлээ.  

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-ийн “үүргийг ялимгүй зөрчсөн тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй.” гэх заалтыг гэрээг цуцлах харилцаанд төсөөтэй хэрэглэх боломжтой юм.

Мөн Монгол хэлний их тайлбар толь-д “ялимгүй” гэдгийг хэл зүйн утгын хувьд “үл ялих, аар саар зүйл” гэж тайлбарлажээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэг хангагдах боломжтой хэдий ч  нэгдүгээрт, талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2018 оны 06 сарын 28-ны өдөр дууссан, хоёрдугаарт нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив /талуудын зарчим/ зарчмыг хадгалах зорилгоор анхан шатны шүүхийн шийдвэрт энэ асуудлаар өөрчлөлт оруулах шаардлагагүй, гагцхүү хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч “А” ХК нь нэхэмжлэлийн шаардлагын хоёр дахь хэсэгтээ 2018 оны 04 сард олох байсан борлуулалтын орлого 727 700 000 мян төгрөгийг хариуцагч “Н” ХХК-иас гаргуулахаар нэхэмжилснийг хангах боломжгүй байна.

Хариуцагч “Н” ХХК нь нэхэмжлэгч “ Адуунчулуун” ХК-ийг 2018 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлэн “Н” ХХК-ийн “Адуунчулууны нүүрсний ордын 1364А тусгай зөвшөөрлийн талбайд нүүрсний олборлолт хийлгэхгүй, үйл ажиллагааг нь зогсоосон үйл баримт хэрэгт тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгчийн тайлбараар нэхэмжлэгч “А” ХК нь учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж “МАК” компанитай гэрээ байгуулж “ДБЭХС” ТӨХК-д 2018 оны 04 сард нийлүүлэх байсан 43 000 тн нүүрсээ нийлүүлсэн болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч байгууллага нь “манай  компани “М” компанитай ашиггүй гэрээ байгуулж “ДБЭХС” ТӨХК-д нүүрсээ нийлүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч ашиггүй гэрээ байгуулсанаас хичнээн хэмжээний хохирол тус компанид учирсан, гэрээ цуцлагдсанаас компанид нийт хичнээн хэмжээний бодит хохирол учирсан талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй ба /Сул зогсолтын хугацааны ажилчдын цалин, техник тоног төхөөрөмжийн зардал, цахилгаан дулааны зардал гэх мэт/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотлох баримтаар нотолж чадаагүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэг хангагдах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар.

Хариуцагч “Н” ХХК нь нэхэмжлэгч “А” ХК-иас 2017 онд хаясан 1648.57 тн цэвэр нүүрсийг 1 тн нүүрсний борлуулалтын орлого 15400 төгрөгөөр тооцож нийт 25 387 978 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “Адуунчулуун” нь 2017 онд “Н” ХХК-ийн “Адуунчулууны нүүрсний ордын 1364А тусгай зөвшөөрлийн талбайд нүүрсний олборлолтын үйл ажиллагааг явуулахдаа Эрдэс баялаг, эрчим хүчний яамны харьяа Ашигт малтмалын газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гаргасан дүгнэлтийн “... ашиглалтын хаягдлыг 4.6%, бохирдол 2.9%... байхаар тооцно.” гэснээс  /хх-ийн 165 дахь тал/ 0,4 хувь их буюу 1648,57 тн цэвэр нүүрс хаясан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Хариуцагч “Н” ХХК нь хаясан 1648,57 тн цэвэр нүүрсийг 1 тн нүүрсний борлуулалтын үнэ болох 15400 төгрөгөөр тооцож 25 387 978 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 06 сарын 28-ны өдөр 01 тоот “Адуунчулууны нүүрсний ордын 1364А тусгай зөвшөөрлийн талбайд хамтран ажиллах гэрээ”-ний 3.1-д “Тусгай зөвшөөрлийн талбай ашигласны төлбөр нь ... борлуулалтын үнийн 2,5 хувьтай тэнцүү байна.” /хх-ийн 35 дахь тал/ гэж заасан байх тул хариуцагчийн нэхэмжилсэн 25 387 978 төгрөгийн 2,5 хувь буюу 634699 төгрөгийг сөрөг нэхэмжлэлийн хариуцагч “А” ХК-иас гаргуулж сөрөг нэхэмжлэгч “Н” ХХК-д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хариуцагч “Н” ХХК-ийн давж заалдах гомдлын зарим хэсэг буюу сөрөг нэхэмжлэлийн зарим хэсэг хангагдаж байх тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сөрөг нэхэмжлэгч “Н” ХХК-ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 21-ний өдрийн 138/ШШ2018/00687 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар “А” ХК-ийн нэхэмжлэлтэй “Н” ХХК-д холбогдох “А” ХК, “Н” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 06 сарын 28-ны өдрийн01 тоот “Адуунчулууны нүүрсний ордын 1364А тусгай зөвшөөрлийн талбайд хамтран ажиллах гэрээ”-г хүчин төгөлдөрт тооцуулж, гэрээний үүрэг биелүүлэхийг даалгах, 2018 оны 04 сард олох байсан борлуулалтын орлого 727 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн хариуцагч “А” ХК-иас гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 634699 төгрөгийг гаргуулж сөрөг нэхэмжлэгч “Н” ХХК-д олгож,сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 22 753 279 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “ ...”Н” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 284 900 төгрөгийн 19691 төгрөгийг “А” ХК-иас гаргуулж “Н” ХХК-д олгож, үлдэх 265 209 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                         

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.НАРАНБАЯР

    ШҮҮГЧИД                                                              Ж.ДОЛГОРМАА

                                                                                   З.ЭНХЦЭЦЭГ