| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2024/0012/э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/140 |
| Огноо | 2024-10-01 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Арсланбаатар |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/140
2024 оны 10 сарын 01-ний өдөр Дугаар 2024/ШЦТ/140 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа,
Улсын яллагч Б.Арсланбаатар,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох 2428000000154 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт ******* Зоригтбаатар, 1985 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 304 дүгээр тусгай салбарт харуулчин ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Өмнөговь аймаг, ******* сум, ******* 3 дугаар баг Чандмань 4 тоотод оршин суух хаягтай, урьд Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар КЛ85020611,
Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 12 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн ******* сум 3 дугаар баг Агаарын цэргийн 0 дугаар ангийн хашааны гадаа хохирогч ******* тухай үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хүч хэрэглэж түүнийг өшиглөж хавсран унагааж түүний биед зүүн тахилзуур ясны хугарал зүүн шагайн үений мултрал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ыг яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж хэлэх зүйлгүй гэв.
Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр дугаар тусгай ротод ажил үүргээ гүйцэтгэж байхад өдөр 12 цагийн үед манай хажуу талын орлогчийн өрөөнд хүмүүс чанга чанга дуугарцгаагаад байсан. Би орлогчид албан бичиг танилцуулах гээд өрөөнд нь ороход манай ажлын жолооч ******* нь орлогчийн өрөөнд согтуу ороод ирчихсэн орлогч , Ротын ахлагч ******* хоёр руу дайраад хэрүүл маргаан хийгээд байж байсан. Тэгснээ намайг хараад чи муу яах гээд байгаа юм гээд шууд хоёр гараараа миний цээж хэсэгт цохьсон. Тэхээр нь би яасан юм намайг яагаад цохиж байгаа юм гэхэд өөдөөс хэл амаар дайрч доромжлоод чамайг ална шүү санаа муутай муу гөлөг гэх зэргээр дайрсан. Орлогч , ротын ахлагч ******* нар хориод, Зоригтбаатар та нарыг ална гэж хашхираад хэрүүл маргаан болсон. Тэгээд , ******* нар өрөөнөөс аваад гадаа гарсан. Би араас нь гараад очиход өөдөөс салаавч гаргаад чамайг ална гээд хэл амаар дайрч доромжлоод байхаар нь би явъя гээд ангийн хашаанаас гараад машины зогсоол дээр очиход Зоригтбаатар хүрч ирээд намайг заамдаж аваад өшиглөөд хавсарч унагаагаад дээрээс нүүр рүү гараараа 2 удаа цохьсон. Тэгэхэд миний хөл эвгүй болоод хугарчих шиг болсон. Би хөл хугарчихлаа болиоч гэхэд Зоригтбаатар нь дээр дараад суучихсан байсан. Тэр үед манай ажлын харж байсан хүмүүс болох , , , нар ирж дээрээс салгаж авсан. Би босох гэсэн зүүн хөл хугарсан гишгэж болохгүй байсан. Тэгээд би ******* хөл хугарчихсан байна. Дараа эрүүл дээр чинь уулзъя гэж хэлээд шууд өөрийнхөө машинд арай гэж орж суугаад машинаа унаад сумын эмнэлэг дээр шууд очиж үзүүлэхэд сумын эмч үзээд шууд аймаг явж эмнэлэгт үзүүлж зураг авхуул гэсэн. Тэгээд өөрийн хүргэн ах машинаа бариулаад хажууд нь сууж яваад аймгийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр ирж үзүүлэхэд миний зүүн хөлийн шилбэний нуман яс нь хугарсан байна гээд гипсдэж өгсөн. Зүгээр ажлаа хийгээд байж байхад архи ууж согтуу ажил дээр ирээд хэл амаар доромжилж зодож цохисонд гомдолтой байгаа болохоор цагдаагийн байгууллагад хандаж байна. /хавтаст хэргийн 11-12 дахь тал/
Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгтээ: Би анх аймгийн бүсийн эмчилгээний төвд ирж хөлийнхөө зургийг нь авахуулж үзүүлэхэд зүүн хөлийн шилбэний нуман яс хугарсан байна гээд гипсдүүлсэн. Тэгээд шагай хэсгээр өвдөөд болохгүй байхаар нь 4 хоногийн дараа Улаанбаатар хот руу явж цэргийн төв эмнэлэгт үзүүлэхэд хэвтэн эмчлүүл хагалгаанд орохоор байна гэсэн. Тэгээд цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж 4 хоноод зүүн хөлийнхөө шагайн гадна хэсэгт хагалгаа хийлгэж хадуулсан. Тэгээд тэр эмнэлэгтээ дахин 3 хоног эмчилгээ хийлгээд эмнэлгээс гарсан. Одоо гипстэй байгаа. Намайг хот руу Цэргийн төв эмнэлэгт очоод хэвтэж байхад Зоригтбаатар эмчилгээндээ хэрэглээрэй гэж 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Өөр бусдаар мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. /хавтаст хэргийн 14 дэх тал/
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Зоригтбаатар нь манай ангийн жолооч байгаа юм. Анги ганц жолоочтой болохоор тухайн өдөр хээрийн гаралт хийхэд албаны 4 тээврийн хэрэгсэл зэрэг хөдөлгөх болоод тухайн өдөр хээрийн гаралт хийхэд албаны 4 тээврийн хэрэгсэл зэрэг хөдөлгөх болоод хүмүүст хариуцуулаад өгсөн байсан юм. Зоригтбаатар нь архи уучихаад түүд уурласан юм шиг байгаа юм. Өрөөнд согтуу орж ирээд та нар дураараа машин хөдөлгөлөө гээд уурлаад ротын ахлагч бид хоёр руу дайраад байж байхад нь Отгончулуун гаднаас орж ирж таараад Отгончулуун руу бас уурлаж дайраад ийм зүйл болсон. ******* гаднаас орж ирсэн тэгсэн чинь Зоригтбаатар чи юу хараад байгаа юм гээд Отгончулууныг цээжин хэсэгт нь 2 гараараа хүчтэй түлхээд авсан. /хавтаст хэргийн 19-20 дахь тал/
Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ажил дээрээ ангийн орлогч ын өрөөнд албан ажилтай байж байхад өдөр 12 цаг өнгөрч байхад жолооч ахлах ахлагч ******* нь орлогчийн өрөөнд орж ирээд орлогч бид хоёр руу та нарын удирдлага гэж юу байдаг юм миний хариуцсан машиныг та нар дураараа хөдөлгөсөн байна гэсэн. Тэгэхдээ архи уучихсан согтуу байсан. Тэгэхээр нь би ажил төрөл их байна хаагуур яваад архи уучихсан юм гэсэн чинь Зоригтбаатар нь миний өөдөөс элдвээр хэлээд над руу дайрахад нь орлогч боль гээд маргаан болоод байж байхад гаднаас Отгончулуун орлогчийн өрөөнд орж ирсэн. Тэгсэн Зоригтбаатар нь чи муу юу харсан юм гээд Отгончулууны цээж рүү хоёр гараараа түлхээд авсан. Отгончулуун өөдөөс нь та яаж байгаа юм гээд хэрүүл маргаан болох гэхэд нь орлогч бид хоёр больцгоо гээд өрөөнөөс авч гаргаад штабаас гаргачихаад би буцаад өрөөндөө орсон. Орлогч аваад ангийн хашаанаас гарсан. Араас нь Отгончулуун гараад явж байсан. Тэгээд өрөөндөө сууж байгаад 20 орчим минутын дараа үүд рүү гараад ирсэн чинь Отгончулуун, Зоригбаатар нар гадаа муудалцаад Отгончулууны хөл нь эвгүй болсон гээд эмнэлэг рүү явсан гэж үүдэнд байсан харуул хэлсэн. /хавтаст хэргийн 25 дахь тал/
Гэрч Э. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр манай анги хээрийн гаралтын хуурай дадлага хийгээд ажил дээр байж байгаад бие бүрэлдэхүүн өдрийн цайны цагаар тарцгаасан. Тэгээд би ангид байж байгаад цайндаа явах гээд гараад ирсэн чинь машины зогсоол дээр манай ажлын Зоригтбаатар, Отгончулуун нар нь хоорондоо маргалдаад байгаа бололтой байсан. Тэгэхээр нь би тоглоцгоож байгаа юм байна гэж бодоод явж байсан. Тэгж байгаад нэг нэгнийгээ заамдалцаад байгаа бололтой байсан. Тэгээд машин руугаа алхаж байгаад эргээд харсан чинь тэр хоёр газар ойчсон зууралдаад байж байхаар нь би буцаж очоод салгасан. Тэгээд Отгончулуун босоод машин руугаа очоод машинаа унаад явсан. Зоригтбаатар унаагүй гэхээр нь би машиндаа суулгаад сумын төвд Гурванбулаг дэлгүүрийн гадаа буулгаж орхичихоод явсан. /хавтаст хэргийн 27 дахь тал/
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутагт байрлах Зэвсэгт хүчний 65 дугаар ангийн дугаар тусгай ротод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажил дээрээ очиж шиперчин ахлах ахлагч *******тай хэрүүл маргаан хийж улмаар муудалцаж заамдаж аван хавсарч унагахад *******ы зүүн хөлний шилбэний гадна талын тулгуур яс нь хугарч цагдаагийн байгууллагад шалгагдаж шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтээр *******ы биед хүндэвтэр гэмтэл учирсан. Тэгээд яллагдагчаар татагдах болсон. /хавтаст хэргийн 51-52 дахь тал/
Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн 276 дугаартай дүгнэлтэд: *******ы биед зүүн тахилзуур ясны хугарал, зүүн шагайн үений мултрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. *******ы биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. *******ы биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна." /хавтаст хэргийн 34-35 дахь тал/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 06 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 53 дахь тал/
Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/47 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 54-58 дахь тал/
Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 60 дахь тал/
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хавтаст хэргийн 64-68 дахь тал/
Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 61 дэх тал/
Хохирол төлбөрийн талаарх баримтууд /хавтаст хэргийн 55-62 дахь тал/
Зэвсэгт хүчний дугаар тусгай ротын шифрчин *******, ахлах ахлагч жолооч, механикч ******* нарын ажил байдлын тодорхойлолт, /хх- 69-83-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж, шүүгдэгч Х.Чинбатад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******ын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 12 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн ******* сум 3 дугаар баг Агаарын цэргийн 0 дугаар ангийн хашааны гадаа хохирогч ******* тухай үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хүч хэрэглэж түүнийг өшиглөж хавсран унагааж түүний биед зүүн тахилзуур ясны хугарал зүүн шагайн үений мултрал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 06 дахь тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч *******ы мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12, 14 дэх тал/, гэрч ын мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/, гэрч *******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/, гэрч Э.гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/, гэрч Б.ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 276 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч *******ы биед зүүн тахилзуур ясны хугарал, зүүн шагайн үений мултрал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 276 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон прокурорт гаргасан хүсэлтдээ: ...Цаашид хөлөө эдгээгээд авчихвал ямар нэгэн гомдол санал байхгүй байна. Тус хэргийн холбогдогч *******тай ямар нэгэн маргаан гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү /хавтаст хэргийн 103 дахь тал/ гэжээ.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд “... Нийлээд 3.500.000 төгрөг төлсөн байгаа” гэх тайлбар, мэдүүлэг гаргасан ба шүүгдэгч нь хохирогчид эмчилгээтэй холбоотой зардалд 3.500.000 төгрөгийн хохирол төлбөр болох нь хохирогчийн хүсэлт, шүүгдэгчийн тайлбар, мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь хувийн байдлын хувьд 39 настай, Өмнөговь аймгийн ******* сумын 3 дугаар баг, Чандмань 4 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/47 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 54-58 дахь тал/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 60 дахь тал/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хавтаст хэргийн 64-68 дахь тал/ зэргээр тодорхойлогдож байна.
Шүүгдэгч *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба харин шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Улсын яллагчийн зүгээс: Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг,
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөв.
Шүүх ялын санал, дүгнэлтийг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй гэж хуульчилсан байх тул шүүгдэгч *******т оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоног буюу 3 сарын дотор төлөхөөр тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирол төлбөрийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ