Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1035

 

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч П.Итгэл,

хохирогч ************,

хохирогч ************* өмгөөлөгч Ж.Хандсүрэн,

шүүгдэгч ************** нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************* холбогдох эрүүгийн 2403 00211 0581 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 05ы өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ********** оны ******** дугаар сарын *********-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ******** дүүргийн ******** дугаар хороо, ********** дугаар гудамж ******* тоотод оршин суух,

урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жил хорих ял,

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 764 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жил 9 cap хорих ял тус тус шийтгүүлж байсан, *********,***********,*************;

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ************ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *********** нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

хохирогч ********** шүүхийн хэлэлцүүлэгт “...Ослын улмаас нурууны яс цаашаа чихэгдсэн. “Гранд мед” эмнэлэгт цемент шахах хагалгаанд орох хэрэгтэй байна, тэр зардлыг гаргаж өгөх талаар Баярхүүд хэлж байсан. Эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хор уршгийн зардал гаргуулж авмаар байна...” гэв.

 

Эрүүгийн 2403 00211 0581 дугаартай хэргээс:

Улсын яллагчаас хохирогч ********* мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахьтал), хохирогч ******** мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал ), гэрч ******** мэдүүлэг (хавтаст хэргийн 102 дахь тал), иргэний хариуцагч ****** мэдүүлэг (хавтаст хэргийн 91 дэх тал), иргэний нэхэмжлэгч ******** мэдүүлэг (хавтаст хэргийн 88 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 4788 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 111-113 дахь тал ), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 4787 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 116-118 дахь тал), Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад ********** 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 11328 мөрдөгчийн магадлагаа (хавтаст хэргийн 145-146 дахь тал), “Тэнцвэр эстимэйт үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Ц-24-01 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 136-139 дэх тал), камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 21-22 дахь тал), сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар (хавтаст хэргийн 33, 84 дэх тал), хохирогч ****** өвчний түүх (хавтаст хэргийн 36-48 дахь тал), хохирогч ******** өвчний түүх (хавтаст хэргийн 58-83 дахь тал), эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл (хавтаст хэргийн 56,86 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дахь тал), “...хүн мөргөсөн...” гэх дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 8 дахь тал), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 9-13 дахь тал), шүүгдэгч ********* яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 159-160 дахь тал),

хохирогчийн өмгөөлөгчөөс шинээр гарган өгсөн хохирлын баримт (1 дүгээр хавтаст хэргийн 238-250, 2 дугаар хавтаст хэргийн 1-74 дэх тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

 

Шүүгдэгч, хохирогч нар нь нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *********** гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хоёр. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч, түүний өмгөөлөгч нар нэхэмжилсэн хохирлыг гаргуулах, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ********* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миний дэлгүүр” супермаркетын зүүн талын замд 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Toyota Prius 20 маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч ***********,********* нарыг мөргөж хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсны дараа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5.а, б-д “...зам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх…” гэсэн үүргийг биелүүлэлгүй зөрчиж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт тогтоогдлоо.

 

Энэ үйл баримт нь хохирогч ******* “...Би 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ...ажил 18 цагийн орчим тарсан учир нь ажлын машинаа гэрийн доод талд байрладаг грашд байрлуулаад 19 цагийн орчимд найз ********* гар утсаар ярьж байгаад уулзахаар болж бид хоёр 21 цагийн орчимд Баянгол дүүрэгт байрлах 10 дугаар хорооллын пабд орж суусан ...найз ******** гэрт очихоор болсон. Тэгээд хамт хоёулаа манайд очъё, манайд пиво байгаа гэхээр нь бид хоёр тэндээс гарч ******* гэр нь 1 дүгээр хороололд байдаг тул такси бариад явах гэтэл найз ойрхон юм чинь алхаад явчихъя гэхээр нь алхаад Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саппоро” төвийн явган хүний гарц гараад явж байтал “Миний дэлгүүр”-ийн зогсоол дээр зогсож байсан суудлын автомашин гэнэт хурдаа нэмээд давхиж ирэхэд бид хоёр бие, биенээ татаад хөдөлж чадахгүй байж байгаад мөргүүлсэн. Миний санаж байгаагаар би тэр машины доод хэсэгт хэвтэж байхдаа мөлхөж гарсан тэр машин найз ******** хөл дээгүүр гараад явах шиг болсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахьтал),

хохирогч ****** “...Би 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 22 цагийн орчим найз ******* залгаад гэрээсээ гарсан. Би найз ******* уулзах гээд 10 дугаар хороололд очоод уулзсан. Найз ******уулзаж 23 цагийн орчим 10 дугаар хорооллын зам дагуу байрлах бааранд ороод 2 ширхэг пиво захиалж аваад ****** хамт юм ярьж сууж байгаад сүүлийн захиалга гэж хэлэхээр нь баарнаас гараад явсан. Тэгээд ********** хамт гараад гэрт пиво байгаа гэж хэлээд манай гэрлүү алхаад явсан. Саппорогийн уулзвараар гараад туслах зам дээр явж байхад зүүн гар талаас бараан өнгийн машин мөргөсөн тэгээд газар унаад ухаан алдаж унасан. Би эмнэлэгт ухаан орсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал),

гэрч ******** “...би 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Орбитод гэртээ байж байгаад орой нь нар шингэсэн хойно утас авах гээд нөхөр ******* хамт ******** улсын дугаартай усан цэнхэр өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй гэрээсээ гараад нисэх орж lphone-12 маркийн утас аваад харих замдаа Саппорогийн шөлөндөө орж хоол идсэн. Тухайн үед ****** уурлаад түрүүлээд гарсан би араас нь хоол аваад машиндаа суухад маш хурдтай хөдөлсөн машины урдуур хүн гараад ирэхэд хурдаа хасаж амжилгүй тухайн хоёр хүнийг мөргөсөн. Би тухайн үед нүдээ аниад чи хүн дайрчихлаа хүүхдээ аллаа гэж хэлэхэд хурдаа хассан. Айсандаа бид хоёр гэртээ харьсан. Тухайн үед манай машины салхины шил хагарсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 102 дахь тал),

иргэний хариуцагч ******* “...Уг тээврийн хэрэгсэл миний өмчлөл, эзэмшилд байсан ба манай хүргэн ****** аваад гарсан байсныг мэдээгүй. Тухайн тээврийн хэрэгслийг 2024 оны 04 дүгээр сарын сүүлчээр манай хүргэн ******** зарж борлуулсан. Иргэнд учирсан хохирлыг төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 91 дэх тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 4788 дугаартай “...******** биед зүүн эгэм яс, баруун дунд чөмөг яс, зүүн шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал, зулайн хуйх, дух, зүүн тохой, цээжний зөөлөн эдийн няцрал, шарх, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 111-113 дахь тал ),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 4787 дугаартай “...******* биед бүсэлхийн 1, 4-р нугалмын шахагдсан хугарал, зүүн шилбэний шаант ясны далд хугарал, цээжний зүүн талын 10-р хавирганы хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 116-118 дахь тал),

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад О.Бадрахын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “...Тоёото приус 20 маркийн ****************** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон явсан ******** нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. жолооч дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох..., 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн ...Явган зорчигч *******,********** нар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна...” гэх мөрдөгчийн магадлагаа (хавтаст хэргийн 145-146 дахь тал ),

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 21-22 дахь тал), хохирогч ********** өвчний түүх (хавтаст хэргийн 36-48 дахь тал), хохирогч ******** өвчний түүх (хавтаст хэргийн 58-83 дахь тал), эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл (хавтаст хэргийн 56, 86 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дахь тал), “...хүн мөргөсөн...” гэх дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 8 дахь тал), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 9-13 дахь тал), “Тэнцвэр эстимэйт үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Ц-24-01 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 136-139 дэх тал), шүүгдэгч ******** яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 159-160 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Зам тээврийн осол нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүнийг хангахаар хуульчилсан.

 

Шүүгдэгч ******** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 3.5.а, 3.5.б заалтуудыг зөрчсөн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн цагдаагийн ерөнхий газар бүртгэл хяналтын төвийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 24-1/2580 дугаартай “...********** жолоочийн бүртгэлгүй...” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 213 дахь тал), 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 11328 дугаартай “... ******* Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтууд зөрчсөн...” гэх мөрдөгчийн магадлагаа (хавтаст хэргийн 145-146 дэх тал) баримтуудаар тогтоогджээ.

Дээрх зөрчлийн улмаас зам тээврийн осол гарч, хохирогч **********, ******** нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон тул шүүгдэгч ********** үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь зам тээврийн ослын улмаас эрүүл мэндийн хохирол учирсан хохирогчид цаг алдахгүйгээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж гэмт хэргийн улмаас бусдын амь нас, эрүүл мэндэд учирч болох хохирол, хор аюулыг багасгах, эрүүл мэндийн хохирол, зөрчигдсөн эрх нөхөн сэргээгдэх хугацааг богиносгох ач холбогдлыг харгалзан хууль тогтоогчоос зам тээврийн осол гаргасан жолоочийг үүрэгжүүлж, хариуцлагажуулсан, түүнд хамааралтай зохицуулалт юм.

 

Харин осол гаргасан жолооч айж сандарч хэргийн газрын орхисон нь уг гэмт хэргийн шинжийг үгүйсгэхгүй ба шүүгдэгч ******** нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэний дараа хэргийн газрыг орхиж явсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.

 

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “...цаашид хагалгаа хийлгэх зардал болон сэтгэцэд учирсан хор уршгий зардлаа гаргуулна...”, хохирогч ****** өмгөөлөгчөөс “...баримтаар нэхэмжилсэн зардал болон сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг гаргуулах...”, улсын яллагч “...баримтаар нэхэмжилсэн зардал болон сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг гаргуулах...” байр суурь тус тус илэрхийлсэн.

 

Хохирогч ******** өмгөөлөгчөөс гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан нийт 22,887,910 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн бөгөөд эдгээр баримтууд нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарснаас хойших баримтууд байх боловч зориулалтын хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хамаарахгүй зардал болон нотлох баримтын шаардлага хангахгүй баримтаар нэхэмжилсэн 20,291,308 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн нэхэмжилсэн баримтын хүрээнд эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн зардал 2,596,602 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч ********* олгохоор шийдвэрлэх нь зүйтэй.

Тодруулбал, шүүхээс хэрэгсэхгүй болгосон баримтад хүнсний дэлгүүрээс өдөр тутам авсан хоол хүнс, ахуйн хэрэглээний зардал (тамхи, пиво, архи, мах, бэлэн гоймон, сүү, шампунь, нойтон салфетка, зайдас, хиам, хүнсний ногоо, жүүс, кола гэх мэт...), шатахуун, гар утасны дата, нэгж, орон сууц ашиглалтын зардал болон хэзээ, хаанаас, юу авсан нь тодорхойгүй харагдахгүй, гараар бичсэн баримтууд хамаарсан болно.

 

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, түүнд нийцүүлэн гаргасан Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу “гуравдугаар” зэрэглэл тогтоосныг хохирогч **********,********** нар нь зөвшөөрсөн баримтыг (хавтаст хэргийн 33, 84 дэх тал) хэрэгт хавсаргасан тул хохирогч нарын эрүүл мэндийн байдал, хөдөлмөрийн чадвар алдсан хугацаа, эдгэрэлтийг харгалзан шүүгдэгч ******** сэтгэцэд учирсан хор уршгийн зардалд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,580,000 төгрөг гаргуулж хохирогч *******, 16 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 10,560,000 төгрөг гаргуулж ********* тус тус олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч нь хохирлыг төлж барагдуулахаар завсарлага авч хохирогчийн баримтаар нэхэмжилж шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн эрүүл мэндийн болон сэтгэцэд учирсан хор уршгийн зардлыг бүрэн төлж барагдуулан баримтыг шүүхэд ирүүлсэн.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан.

 

Харин шүүгдэгч нь хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлын улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч ******* эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал 343,800 төгрөг, хохирогч ****** эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал 3,721,880 төгрөгийг төлж барагдуулаагүй тул шүүгдэгч ********* нийт 4,065,680 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.

 

Хохирогч ***********,************ нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Гурав. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч ******** “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил хасаж, 2 жил зорчих эрхийг хязгаарлах ял...”, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 6 жилийн хугацаагаар тогтоож, энэ хугацаанд оршин сууж буй Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах...” ял оногдуулах, хохирогчийн өмгөөлөгчөөс “...эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хорих ялаас аль нэгийг, харин 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар тус тус хуульчилсан.

 

Шүүхийн оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.

 

Шүүгдэгч ********* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогч нарт учирсан шүүхээс гаргуулахаар заасан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт учирсан материаллаг хохирлыг төлж барагдуулсан, тэднээс эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх талаар санал гаргаагүй, хувийн байдал зэргийг харгалзан түүнд зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жил зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жил зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 сар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 жил 4 сарын хугацаагаар тогтоож, энэ хугацаанд түүнийг өөрийн оршин сууж буй Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жил хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, түүний цагдан хоригдсон 5 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тоолж, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч түүнийг суллав.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                        

                                             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******,*********,********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд,

мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч ********** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жил зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 (дөрөв) сар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 (хоёр) жил зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 (дөрөв) сар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 (хоёр) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** цагдан хоригдсон 5 (тав) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч ********* 2 (хоёр) жил 4 (дөрөв) сарын хугацаанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоож, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ******** мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** 4 (дөрөв) жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч ********* 4,065,680 (дөрвөн сая жаран таван мянга зургаан зуун наян) төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

 

9. Хохирогч ********** иргэний нэхэмжлэлээс 20,291,308 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч ********* жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Баярхүүд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, даруй сулласугай.

 

11. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

12. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

13. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.НАРАНЖАРГАЛ