| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2024/0187/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/182 |
| Огноо | 2024-08-14 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/182
Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Д,
хохирогч Б.К,
хохирогчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.А,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, улсын ахлах өмгөөлөгч С.Т,
шүүгдэгч З.Мь нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Зы Мьд холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т овогт Зы Мь, 1988 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 36 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Б аймгийн Ө сумын Тохижилт үйлчилгээний газарт ажилладаг, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, тус аймгийн Ө сумын 03 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:000000000.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.Мь нь “К хороололд надад 1400 м2 газар байгаа” хэмээн өөрийн эзэмшилд байхгүй газрыг байгаа мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдын төөрөгдөлд оруулж, улмаар 2023 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр дээрх газрыг худалдан борлуулахаар хохирогч Б.Кгаас 2.500.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Х банкны 0000000000 тоот дансаар шилжүүлэн авч, хохирогчид 2.500.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохиорогч нараас гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч З.Мь мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Үлдэгдэл 2.000.000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын эхэнд төлж өгнө. Нэмж төлбөр төлөх боломжгүй.” гэв.
2. Хохирогч Б.К мэдүүлэхдээ: “Иргэн З.Мээс 2.500.000 төгрөгөөр газар худалдаж авахаар болсон. А гэдэг хүний талаар хэлээгүй. З гэдэг хүнээс газар худалдаж авна гэж хэлсэн. 2.500.000 төгрөг өгснөө батлахын тулд нотариатад очиж зээлийн гэрээ байгуулсан. Газар авч өгч чадахгүй бол 2.500.000 төгрөгийг хүүгийн хамт төлж өгөхөөр болсон. Би З гэдэг хүнээс болсон асуудлын талаар асуухад З нь “шүүгдэгч З.Мийг танихгүй, мөнгө аваарай” гэж хэлсэн. Энэ талаар шүүгдэгчид хэлэхэд З тэгж хэлэх ёсгүй, би Зтай ярилцаж байгаад газрыг чинь шийдэж өгнө гэж хэлсэн. Тэгээд 1 сарын дараа мөнгийг маань өгнө гэж хэлсэн боловч өгөөгүй тул цагдаагийн байгууллагад хандсан. Сая 500.000 төгрөгийг бэлэн тоолж авсан, одоо үлдсэн 2.000.000 төгрөгийг гэрээ ёсоор хүүгийн хамт төлүүлж өгнө үү, хүү төлж өгөхөөр болж гэрээ байгуулсныг анхаарч үзэхийг хүсэж байна. Залуу гэр бүл, хүний гэрт амьдарч байгаа. Газар худалдан авч байшин барих шаардлагатай байна.” гэв.
3. Эрүүгийн 0000000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Иргэн Б.Кгаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хавтаст хэргийн 03-04 дэх тал/, хохирогч Б.Кн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/, гэрч Т.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/, гэрч Т.Зын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/, гэрч П.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/, иргэн Б.К, З.Мь нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /хавтаст хэргийн 25-26 дахь тал/, иргэн Б.Кгийн эзэмшлийн Х банкны 0000000000 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 27 дахь тал/, Х банкны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 5180/341 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан дансны хуулга /хавтаст хэргийн 29-32 дахь тал/, яллагдагч З.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дахь тал/, шүүгдэгч З.Мийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлав.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
4.Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч З.Мийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Хэргийн үйл баримт.
5. Шүүгдэгч З.Мь нь “К хороололд надад 1400 м2 газар байгаа” хэмээн өөрийн эзэмшилд байхгүй газрыг байгаа мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдын төөрөгдөлд оруулж, улмаар 2023 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр дээрх газрыг худалдан борлуулахаар хохирогч Б.Кгаас 2.500.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Х банкны 0000000000 тоот дансаар шилжүүлэн авч, хохирогчид 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
5.1. Иргэн Б.Кгаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хавтаст хэргийн 03-04 дэх тал/,
5.2. Хохирогч Б.Кн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би 2023 оны 09 дүгээр сард Б аймгийн Улаанхус суманд амьдарч байгаад тус аймгийн Ө суманд амьдрахаар эхнэр, хүүхдийн хамт ирсэн. Ө сумын нутаг дэвсгэрээс газар авч хашаа татаж амьдрах зорилгоор газар хайж байсан ба 2023 оны 11 дүгээр сард З.Мь гэх эмэгтэй над руу залгаад “чи газар хайж байгаа юм уу, надад зарах газар байна” гэж хэлсэн. Тэгэхээр би “таны газрыг эхлээд нэг үзье” гэж хэлээд удалгүй З.Мь нөхрийн хамт төрөх эмнэлгийн гадаа машинтайгаа ирээд бид гурав хамт газар үзэхээр явахад К хороололд очиж надад 1.400 м кв газар үзүүлсэн, тэгэхээр би “өөр газар байгаа юм уу” гэхэд “байна, Ө сумын 13 дугаар баг, Бөхөн уулын тэнд 700 м кв хоёр газар байна. Энэ газрууд бүгд миний газрууд байгаа юм аа, авахаар бол 3 сая төгрөгт авч болно” гэж хэлсэн. Тэгэхээр би эхнэртэй ярилцаад маргааш гэхэд хариу өгнө гэж хэлээд явсан.
Тэгтэл маргааш орой нь нөгөө З.Мь гэх эмэгтэй над руу залгаад “чи яахаар болсон юм бэ, газар авах юм уу, юу болсон бэ” гэхэд би “К хороололд байгаа газрыг чинь авъя, хэд юм бэ” гэхэд “10,0 сая” гэхээр би “боломж гарахгүй байна, 5,0 сая төгрөгт өгчих” гэж хэлэхэд З.Мь “би З гэх хүнд хэлээд үзье, ярилцъя” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд тухайн өдрийн маргааш нь залгаад би З ахтай ярилцаад “5,0 сая төгрөгт зарахаар тохирсон, 5,0 сая төгрөгийн бүгдийг нь өгсний дараа газрыг өгөхөөр болсон” гэж хэлэхээр би эхлээд “2,500,000 төгрөгийг өгөөд үлдсэнийг нь газрын гэрчилгээг авч байгаад өгнө” гэхэд зөвшөөрөөд өөрийнхөө дансыг над руу явуулахаар би өөрийнхөө 0000000000 дугаарын данснаас 2,500,000 төгрөгийг гүйлгээний утга дээр 0000000000 гэх регистрийн дугаараа бичээд шилжүүлсэн. Тэр үед Мь нь би энэ мөнгийг өөрөө авахгүй өөрийнхөө данснаас аваад Зт өгнө гэж хэлсэн. Тэгэхлээр би одоо надаас 2,500,000 төгрөгийг газрын урьдчилгаа авлаа гэж бичиг хийж өг гэж З.Мьд хэлэхэд чи надад зээлсэн гэж наториатораар батлуулчихъя гэж хэлэхээр би зөвшөөрөөд батлуулсан байгаа. Тэгээд тухайн үеэс хойш би газраа ч авч чадаагүй надаас авсан мөнгийг ч өгөхгүй байсан болохоор цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж байна....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,
5.3. Гэрч Т.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 10 дугаар сарын сүүлээр 0000000000 дугаарын утастай хүн газар зардаг юм байна гэж хүмүүсээс сонсоод тухайн үед манай нөхөр бид хоёр ярилцаж байгаад нөгөө утас руу залгаж асуухад “газар байгаа, зарна, үнэ ханш нь янз янз байгаа” гэж хэлэхэд манай нөхөр тухайн хүнтэй очиж уулзаад газрыг нь үзсэн. Тэгээд надад “1.400 м кв газрыг 5,000,000 төгрөгөөр авахаар боллоо, одоо урьдчилгаа 2,500,000 төгрөгийг өг” гэж байна гэхэд би “тэгвэл мөнгө авсан” гэх баталгаа өг гэж хэлэхэд нотариатаар орж мөнгө зээлсэн болгоод бичүүлье гэж хэлээд бичүүлж авсан. Тэгээд тухайн хүн бид хоёрт тухайн газраа одоо болтол өгөхгүй залилсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
5.4. Гэрч Т.Зын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны сүүлээр надад нэг эмэгтэй хүн ирээд намайг ажлаас дуудаж гарч ирээд “Мь гэх эмэгтэй надад З гэх хүнд мөнгө өгнө, тэгээд газрыг чинь З гэх хүн бүтээж өгнө гэж хэлээд надаас мөнгө авсан, одоо болтол өгөхгүй байна” гэсэн. Тэгэхлээр нь би тухайн үед Мь рүү залгахад утсаа авахгүй байсан. Тэр үед л миний нэрийг барьж газар зардаг байсан талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
5.5. Гэрч П.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би Т банкны 00000000000 гэх данс, Х банкны 00000000000 дугаарын данснуудыг эзэмшдэг, өөр надад данс байхгүй. 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр манай ээж надруу залгаад М манай гэрт ирлээ, надад газар авч өгнө, одоо газрыг үзүүлнэ гэж байна, 5,000,000 төгрөгөөр зарна гэж байна, чи мөнгөө аваад авах газарт хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхлээр би дансанд мөнгө байсан болохоор шууд би тухайн худалдаж авах гэж байгаа газарт нь яваад очиход манай ээж, М хоёр зогсож байсан тэгтэл М энэ газрыг авч өгнө, газрын албанд миний нэг таньдаг хүн байгаа энэ газрыг нь 5,000,000 төгрөгөөр зарна гэж хэлэхээр би тэгвэл урьдчилгаа 2,5 сая төгрөгийг өгнө, үлдсэнийг нь гэрчилгээ гарсаны дараа өгнө гэж тохироод надад нэг данс өгөөд энэ рүү 500,000 төгрөгийг шилжүүлчих гэж хэлээд надад нэг данс өгсөн, тухайн данс руу нь би 500,000 төгрөгийг шилжүүлсэн. Удалгүй хоёр хоногийн дараа манай ээж надруу залгаад М ирчихлээ үлдэгдэл 2,000,000 төгрөгөө бэлнээр авна гэж байна гэхлээр би бэлнээр мөнгө өгөхгүй, дансаар өгнө, дансыг нь аваад надруу шилжүүлчих гэж хэлэхэд надруу 00000000000 тоот дансыг надруу явуулаад би тухайн данс руу нь үлдэгдэл 2,000,000 төгрөгөө шилжүүлсэн.
За тэр өдрөөс хойш М газар авч өгнө гэж хэлээд 3 сар худлаа яриад яваад байсан болохоор би намайг залилсан байна гэж бодоод би Мийн аавтай нь ярьсан, гэтэл М миний Х банкны 00000000000 тоот дансанд 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 300,000 төгрөг, 200,000 төгрөг тус тус 00000000000 тоот данснаас надаас авсан 2,500,000 төгрөгийг шилжүүлж өгсөн юм. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй, надаас авсан мөнгийг бүрэн төлж барагдуулсан байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
5.6. иргэн Б.К, З.Мь нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
5.7. Иргэн Б.Кгийн эзэмшлийн Х банкны 0000000000 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 27 дахь тал/,
5.8. Х банкны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 5180/341 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан дансны хуулга /хавтаст хэргийн 29-32 дахь тал/,
5.9. Яллагдагч З.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би уг тогтоолыг уншиж танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Б.К гэх хүнтэй утсаар холбогдож ярьсан бөгөөд тухайн үед би өөрөө Б аймгийн Ө сумын 10 дугаар багт 1400 м.кв газар авах ёстой байсан бөгөөд тэр газраа зарна гэж ярьж байсныг тэрээр хүнээс мэдээд над руу утсаар залгаж ярьсан би тэр хүнд уг газар байгаа 6,000,000 төгрөгөөр зарна8 та урьдчилгаа 2,500,000 төгрөг өгчих гэхэд тэрээр миний 0000000000 тоот данс руу 2,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үедээ би уг газрыг аваагүй байсан ба авах гэж газрын албанд очиход хүн авчихсан газар байхгүй гэж хэлсэн. Тэгээд Б.Кд уг газар байхгүй юм байна, та Бөхөн уулын тэнд миний газар байгаа тэрийг авах у гэхэд би авахгүй өмнө нь ярьсан газраа авах болно гээд бид хоёрын наймаа бүтээгүй. Би Б.Кгаас авсан мөнгөөрөө өөрийнхөө өр зээлд өгч хэрэглэсэн. Түүнд би мөнгийг чинь одоо өгөх боломжгүй байна 6 сарын дараа зээл авах боломжтой болно, тэр үедээ өгье гэсээр байгаад удсан, тэгээд Б.К нь цагдаад гомдол гаргасан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
6. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
7. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч З.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, хохирол 2.000.000 төгрөг гаргуулах” дүгнэлтийг,
8. Хохирогч, түүний өмгөөлөгч нараас “шүүгдэгч З.Мээс 500.000 төгрөгийг сая бэлэн тоолж авсан, үлдсэн 2.000.000 төгрөгийг зээлийн гэрээнд заасан хүүг өнөөдрийн байдлаар тооцож хамт гаргуулах” тухай тайлбар дүгнэлтийг,
9. Шүүгдэгч З.Мээс “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, үлдсэн 2.000.000 төгрөгийг хохирогчид төлж өгнө” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч З.Мийн гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй, хүүг гаргуулах боломжгүй” гэх дүгнэлтээ тус тус гаргаж, гэмт хэргийн хор уршгийн талаар мэтгэлцсэн болно.
10. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Эрх зүйн дүгнэлт.
11. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор хуурах эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар идэвхтэй үйлдэл хийгддэг бөгөөд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлж, улмаар тэдгээр үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
12. “Залилах” гэмт хэргийн субьектив тал нь гэмт этгээд үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилготойгоор хохирогчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, шунахай сэдэлттэй үйлдэгддэг.
13. Тухайн хэргийн хувьд шүүгдэгч З.Мь нь “К хороололд надад 1400 м кв газар байгаа” хэмээн өөрийн эзэмшилд байхгүй газрыг байгаа мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдын төөрөгдөлд оруулж, улмаар 2023 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр дээрх газрыг худалдан борлуулахаар хохирогч Б.Кгаас 2500000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Х банкны 0000000000 тоот дансаар шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг агуулж байна.
14. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч З.Мь нь хохирогч Б.К руу газрын гэрчилгээг хүлээлгэж өгөөгүй, түүнээс шилжүүлэн авсан 2.500.000 төгрөгийг өөрийнхөө хэрэгцээнд зарцуулсан нөхцөл байдал тогтоогджээ.
15. Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч З.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
16. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч З.Мийн хялбар аргаар хөрөнгөтэй болох зорилго, шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
17. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилсан байна.
18. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан байна.
19. Шүүгдэгч З.Мийн үйлдсэн “Залилах” гэмт хэргийн улмаас хохирогч Б.Кд 2.500.000 төгрөгийн бодит хохирол учирсан байх ба шүүгдэгч З.Мь нь шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө 500.000 төгрөгийг хохирогч Б.Кд төлж өгсөн, үлдэгдэл 2.000.000 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.Мээс 2.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Кд олгож шийдвэрлэв.
20. Харин хохирогч Б.Кн шүүх хуралдаанд мэдүүлсэн “шүүгдэгч З.Мтэй байгуулсан зээлийн гэрээ ёсоор 2.000.000 төгрөгийн өнөөдөр хүртэл хугацаанд гарсан хүүгийн хамт тооцож гаргуулах” тухай иргэний нэхэмжлэлийн хэсгийг хүлээн авах боломжгүй байна.
21. Учир нь, шүүгдэгч К.Мийн хохирогч Б.Кгаас залилж авсан 2.500.000 төгрөг нь гэмт хэргийн хохиролд хамаарах ба тэдний хооронд байгуулсан гэх хавтаст хэргийн 25 дугаар талд авагдсан “Зээлийн гэрээ” нь энэ хэрэгт хамааралгүй, уг гэрээнд заасан зээлийн хүү нь энэ гэмт хэргийн хор уршигт хамааралгүй гэж дүгнэлээ.
22. Хохирогч Б.К нь газар худалдаж авахаар шүүгдэгч Б.Кд шилжүүлсэн 2.500.000 төгрөгийг бусдаас зээлдэж авсны улмаас хүү төлсөн нь тогтоогдсон нөхцөлд гэмт хэргийн хор уршигт хамаарах тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2. “Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй” гэж заасныг үндэслэн хохирогч Б.К нь гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
23. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” дүгнэлтийг,
24. Хохирогч, түүний өмгөөлөгчөөс “Хохирлыг яаралтай төлүүлж өгөх, улсын яллагчтай санал нэг” гэх тайлбар, дүгнэлтийг,
25. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тээс “Гэм буруугийн талаар маргаангүй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирлын зарим хэсгийг төлж өгсөн. Улсын яллагчийн зүгээс 1 жилийн хугацаагаар Б аймгийн Ө сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналыг гаргаж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримтуудаас харахад миний үйлчлүүлэгч хохирлыг бүрэн төлж барагдуулах боломжтой байсан боловч тухайн ажиллаж байгаа газраас нь 6 дахь сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлж өгөөгүй байгаа. 6 дахь сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлж өгснөөр зээл авч хохирлыг төлж өгөхөө илэрхийлж байгаа. Ялын төрөл дээр үйлчлүүлэгчтэйгээ ярилцсан. Шүүгдэгч нь хүүхэд маань татаж унадаг өвчтэй тул хүүхдээ Ховд аймаг, Улаанбаатар хотод үзүүлэх шаардлага үүсдэг тул торгох ял оногдуулж өгөх хүсэлтээ надаар дамжуулж илэрхийлж байна. 450,000 төгрөгийн торгох ял оногдуулж өгөхийг хүсэж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тухай” дүгнэлтийг тус тус гаргасан болно.
26. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч З.Мийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгч З.Мьд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.
27. Шүүгдэгч З.Мьд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
28. Шүүгдэгч З.Мь нь хувийн байдлын хувьд 1988 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, эмэгтэй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Б аймгийн Тохижилт үйлчилгээний газарт ажилладаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй ял шийтгэлгүй нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
29. Шүүгдэгч З.Мь нь “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
30. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мьт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мь нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
31. Энэ хэрэгт шүүгдэгч З.Мь нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдав.
32. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч З.Мьд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Зы Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мьд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мьд нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.Мээс 2.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Кд олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.К нь гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт шүүгдэгч З.Мь нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч З.Мьд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч З.Мьд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ