| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2024/0189/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/184 |
| Огноо | 2024-08-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Дорждэрэм |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/184
Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д,
хохирогч Ө.С,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.А,
шүүгдэгч Ө.Е нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дахь зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Өын Ед холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ш овогт Өын Е, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Б аймгийн Т суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Б аймгийн Т сумын 03 дугаар багт оршин суух хаягтай, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД:000000000.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.Е нь согтуурсан үедээ 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Б аймгийн Т сумын 03 дугаар багт байрлах гэртээ эхнэр Ө.Сийг “хүний боол болж гүү саалаа” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч Ө.Е мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй.” гэв.
2. Хохирогч Ө.С мэдүүлэхдээ: “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Нөхрөө уучилсан” гэв.
3. Эрүүгийн 0000000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Иргэн Ө.Сээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдлыг цагдаагийн байгууллагад хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/, хохирогч Ө.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/, шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Х.Еын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 443 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/, яллагдагч Ө.Еы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/, шүүгдэгч Ө.Еы хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
4. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ө.Еы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
Хэргийн үйл баримтын талаар.
5. Шүүгдэгч Ө.Е нь согтуурсан үедээ 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Б аймгийн Т сумын 03 дугаар багт байрлах гэртээ эхнэр Ө.Сийг “хүний боол болж гүү саалаа” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
5.1. Иргэн Ө.Сээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдлын цагдаагийн байгууллагад хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
5.2. Хохирогч Ө.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр нөхөр Ө.Е нь халамцуу байдалтай ирсэн ба би сүү саахаар явах гэхэд тэрээр “чи хүний боол болж гүү сааж байна” гэж хэрүүл маргаан хийж, надад уурлаж миний хацар руу нэг удаа гараараа алгадаж шилэн хүзүү рүү нэг удаа хүчтэй цохисон. Нөхөр маань намайг гэртээ ганцаараа үлдээчхээд ирсний дараа хэнтэй унтсан бэ, янхан минь гэж муухай үгээр хэлдэг. Намайг төрхөмд маань явуулдаггүй хамаатан садантай маань уулзуулаад байдаггүй. Тэр болгоныг цагдаад хэлж байдаггүй учраас зарим зүйлийг хэзээ болсныг санахгүй байна. Тухайн өдөр хүүхдүүдээ зодоогүй, зөвхөн намайг зодсон, урьд өмнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Би одоо нөхрийгөө уучилсан надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,
5.3. Шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай Х.Еын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 443 дугаартай “1. Ө.Сийн биед тархины эдэд хавантай, тархины доргилттой гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдагдуулахгүй. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
5.4. Яллагдагч Ө.Еы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... би тогтоолтой уншиж танилцлаа, уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би Т сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр “Хонгор өлөн” гэх газарт эхнэр, 3 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Тухайн өдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр эхнэр Ө.Сийг хүүхдүүдээ хараа хяналтгүй орхилоо, манай гэрийн ойролцоо гол байдаг учраас хүүхдүүд усанд орчих байх, мөн худын гүүг саах гэж явна гэхээр нь “хүний боол хийлээ, хүүхдээ хар” гэж хэлээд бид хоёр хэрэлдээд би түүний нүүр рүү баруун гараараа нэг удаа алгадаад ахиад баруун гараараа хүзүүнд нь нэг удаа хүчтэй цохисон. Би эхнэрийнхээ эмчилгээний зардалд ямар нэгэн төгрөг төлөөгүй, эхнэрээсээ уучлалт гуйж эвлэрсэн цаашид ийм зүйл гаргахгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
6. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Ө.Еы үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаан байхгүй” дүгнэлтийг, шүүгдэгч Ө.Е “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг тус тус гаргаж гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.
7. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан ноТл зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан ноТл зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Эрх зүйн дүгнэлт.
8. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэх нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
9. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт Монгол Улсын иргэн “халдашгүй чөлөөтэй... байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
10. Шүүгдэгч Ө.Е, хохирогч Ө.С нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, эхнэр нөхөр байх ба шүүгдэгч Ө.Е нь хохирогч Ө.Сийг “хүний боол болж гүү саалаа” гэх шалтгаанаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь тархины эдэд хаван, тархины доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдэх гэмт хэргийн шинжийг агуулж байна.
11. Шүүгдэгч Ө.Еы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ө.Еыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
12. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ө.Еы согтуурсан байдал, хувийн зан байдал шууд нөлөөлсөн байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
14. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 505.2. “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.” гэж заасан байна.
15. Шүүгдэгч Ө.Еы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ө.Сийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон байх ба мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирогчоос “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Ө.Еыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
16. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Ө.Ед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэх” дүгнэлтийг,
17. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч нь эхнэрээ зодсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Энэ талаар мэдүүлэг өгөхдөө хүлээн зөвшөөрч байгаа. Улсын яллагчийн зүгээс хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дурдсан. Хөдөө амьдарч байгаа гэр бүл. Торгох ял оногдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хязгаарлалт тогтоох боломжгүй гэж үзэж байна. Хадлангийн үе эхэлсэн. 500,000 төгрөгийн торгох ял оногдуулж өгөхийг хүсэж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
18. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ө.Еы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
19. Шүүгдэгч Ө.Ед эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.
20. Шүүгдэгч Ө.Ед эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5. 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
21. Шүүгдэгч Ө.Е нь хувийн байдлын хувьд 1997 онд төрсөн, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, малчин, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
22. Шүүгдэгч Ө.Е нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, шүүгдэгч Ө.Ед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
23. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4. “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж зааснаар шүүгдэгч Ө.Ед оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5. “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино.” гэж заасан тул шүүгдэгч Ө.Е нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
24. Шүүгдэгч Ө.Е энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болно.
25. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ө.Ед урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Өын Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Еыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ед оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Е нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ө.Е энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ө.Ед урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ө.Ед авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ