Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 88

 

Г.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0299/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч Ц.Амаржаргал, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Б.Батсүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Н.Баярмаа

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 320 дугаар шийтгэх тогтоолтой, Г-гийн Г-д холбогдох, 2018000000342 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 633 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан. ********** регистрийн дугаартай, С- овогт Г-гийн Г-.

Шүүгдэгч Г.Г- нь 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт байрлах “Комфорт” зочид буудлын 4 давхрын 406 тоот өрөөнд үйлчлүүлж байсан иргэн Ж.Т-ын хэтэвчнээс 3 ширхэг виза карт, бэлэн 5000 төгрөгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар Төрийн банкны виза картыг ашиглан бэлэн мөнгөний машинаас 645,000 төгрөгийн гүйлгээ хийж нийт 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 320 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч С- овогт Г-гийн Г-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Г.Г-д 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-гаас 196,000 төгрөгийг гаргуулж хохирогч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, 2-1-5 тоотод оршин суух Е- овогт Ж-ын Т- утас-********, ******** олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Г- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй 1 ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Г-д урьд авсан хувийг баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Г-гийн өмгөөлөгч Н.Баярмаа давж заалдах гомдолдоо:

Шүүгдэгч Г.Г- нь хэвтэрт байдаг байнгын асаргаа шаардлагатай ээжийгээ асардаг байсан ба одоо ээж нь асрах хүнгүй байгаа байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан үзэж зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Г-гийн өмгөөлөгч Н.Баярмаа тайлбартаа:

Шүүгдэгч Г.Г- нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирлыг төлсөн, өндөр насны байнгын асаргаанд байдаг ээжийн хамт амьдардаг гэх байдлуудыг харгалзан үзэж түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Батсүх дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэм буруутай үйлдэлд тохирсон ял шийтгэл оногдуулсан, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Г- нь 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт байрлах “Комфорт” зочид буудлын 4 давхрын 406 тоот өрөөнд үйлчлүүлж байсан иргэн Ж.Т-ын хэтэвчнээс 3 ширхэг виза карт, бэлэн 5000 төгрөгийг авч улмаар Төрийн банкны виза картыг ашиглан бэлэн мөнгөний машинаас 645,000 төгрөгийн гүйлгээ хийж нийт 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна.

Энэ нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт болох  шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг., болон хохирогч Ж.Т-ын “...2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотоос Дарханд ирсэн. Би амрахаасаа өмнө архи уусан юм. Тэгээд өглөө тамхи авахаар буудлаасаа гараад дэлгүүр хайгаад явж байтал ажлын хувцастай нэг залуу тааралдсан. Би Дарханыг мэдэхгүй болохоор тэр залуугаас тамхи зардаг дэлгүүр хаана байдаг вэ гэж асуусан чинь намайг дагуулаад таксинд суугаад дүүжин гүүрний ойролцоо байсан онгорхой дэлгүүр орсон. Бид 2 дэлгүүрээс тамхи аваад буцаад буудалдаа хамт очсон. Тэр залуу дарханд ирж ажил хийсэн чинь цалингаа өгөхгүй байна, өлсөөд байна гэхээр нь би өрөвдөөд байрлаж байсан буудал руу дагуулж ороод хоол захиалж идүүлсэн. Би тэр залууг хоол идэж байх зуур унтчихсан байсан. Би 9 цаг өнгөрч байхад сэрэхэд нөгөө залуу алга болчихсон миний хэтэвчинд байсан виза картууд, иргэний үнэмлэх, 100 долларын дэвсгэрт 1 ширхэг алга болсон байсан. Би Төрийн банкны байранд очоод дансны дугаараараа шүүлгэхэд 15 минутын өмнө 500,000 төгрөг гарсан байна гэж хэлсэн гэх мэдүүлэг.,

Гэрч Г.Х-ын ...мөрдөн байцаалтад 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн: “...Г. Г- надаас хийх ажил байна уу гэж асуухаар нь би Дархан, Сэлэнгэд хийх барилгын ажил байна гэж хэлсэн. Тэгсэн Г.Г- 07 дугаар сарын 18-ны өдөр Дарханд ирсэн. Тэгээд энд ажиллаж байгаад Сэлэнгэ аймаг руу 5 хоног ажиллаад 08 дугаар сарын 04-ний өдөр Дарханд ирээд ажлаа хийхээ болилоо гэр лүүгээ явлаа гээд байрлаж байсан Хуучин хорооллын 28 дугаар байрны 48 тоотоос хувцсаа аваад 09 цаг өнгөрч байхад явсан байсан гэх мэдүүлэг.,

Гэрч Г.Г-гийн ...ширээн дээр түрийвч байхаар нь 5000 төгрөг, 2 виза картыг нь авсан. Тэгээд “Хаан” банкны АТМ-ээс 500,000 төгрөг авч Улаанбаатар руу явсан. Тухайн хүн надтай хамт “Комфорт” зочид буудал ороод үүдний хэсэгт тооцоо төлөх гээд виза картаа уншуулж байхад нь түүний нууц үгийг харсан юм. Улаанбаатар хотод очоод бэлэн мөнгөний машинаас 145,000 төгрөг аваад гэртэй очиход манай гэрийн үүдэнд цагдаа хүлээж байсан. Тэгээд баригдаад Дархан-Уул аймагт ирсэн юм. Намайг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан хүн байхгүй. Энэ гэмт хэргийг би ганцаараа үйлдсэн гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдож тогтоогджээ.

Шүүгдэгч Г.Г-гийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэргийн улмаас учирсан  хохирлыг зөв тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан  ял оногдуулсан байна.

Шүүгдэгч нь үйлдсэн хэргийн талаар үнэн зөв хүлээн мэдүүлж гэм буруугаа ойлгож байгаа., ахуй амьдралын хувьд байнга асаргаанд байх шаардлагатай эх С.А-ийн хамт амьдардаг, хохирогч гомдол саналгүй гэсэн, мөн шүүгдэгч нь хохирлоос үлдэх 196.000 төгрөг төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.д заасан буюу тухайн зүйл хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 320 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2-р заалтыг:

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Г.Г-г 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй гэж.,

- шүүгдэгч Г.Г- энэ хэрэгт 51 хоног цагдан хоригдсон бөгөөд цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай дүйцүүлэн тооцож 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсугай гэж., өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. шүүгдэгч Г.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ТУЯА

                                                                      ШҮҮГЧ                                  Ц.АМАРЖАРГАЛ

                                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.МАНЛАЙБААТАР