Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 117/ШШ2022/0020

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэрэнрагчаа даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Чимэддулам

Хариуцагч: Дундговь аймаг дахь *******

Хариуцагч: ******* нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэддулам,  хариуцагч *******, нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч ******* нь Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор *******т холбогдуулан “... тус газрын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” 55/А 1270320 дугаар албан шаардлагыг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж, маргасан байна.  

2. “*******” ХХК нь 2020 оноос Дундговь аймгийн Луус сумын төвд төвлөрсөн дулаан хангамжийн систем буюу дулаан үйлдвэрлэн албан газар, хувийн хэрэглэгч нарт түгээх үйл ажиллагаа явуулсан.

3. Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 55/А 1270320 дугаар албан шаардлагад “... Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т /Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө/ Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалаар баталсан журмын 4.2.1.8-д заасныг үндэслэн ...  сургуулийн дотуур байрны халаалтын төлбөрийг 2022 оноос эхлэн талбайн хэмжигдэхүүнээр тооцож, дулааны эрчим хүч үйлдвэрлэгч байгууллагатай халаалтын гэрээг шинэчлэн хийж, төсвийг хэмнэх, албан шаардлагын биелэлтийг 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор Дундговь аймаг дахь *******т ирүүлэхийг Дундговь аймгийн Луус сумын Ерөнхий боловсролын сургуулийн шууд захирагч Н.Долгоржав, нягтлан бодогч Ө.Ариунзаяа нарт даалгав” гэжээ.   

4. Нэхэмжлэгч “*******” ХХК нь албан шаардлагын хуулбарыг тус сургуулийн захиргаанаас хүлээн авч, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 29 дүгээр захирамжид зааснаар Үндэсний аудитын газарт гомдол гаргасан ба тус газрын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01/1029 дүгээр албан бичгээр “... ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******гийн Үндэсний аудитын газарт гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 55/А1270320 дугаар албан шаардлагыг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.3-т заасны дагуу Дундговь аймаг дахь *******т зохих шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэлээ” гэсэн хариуг авсан байна.

5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “ ... Манай компани нь Дундговь аймгийн Луус сумын ерөнхий боловсролын сургуультай 2022 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр Дулааны эрчим хүчээр хангах тухай гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр талууд Дундговь аймгийн Адаацаг сумын ерөнхий боловсролын сургуулийг дулаанаар хангахаар харилцан тохиролцож 7104 м.куб хэмжээтэй байрыг 1 м.куб тутамд 1235 төгрөгөөр, 1 сард 8773440 төгрөг, нийт 7 сарын хугацаанд 61,414,080 төгрөг байхаар харилцан тохиролцсон болно.

... Дээрх гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу дулааны төлбөр cap бүр манай компанид шилжин орж ирж байсан бөгөөд 2022 оны 2 дугаар 25-ны өдөр 2 сарын төлбөр 3,547,908 төгрөг орж 5,225,532 төгрөгийг нийт төлбөрөөс суутган авсан байсан.

... Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” 55/А 1270320 дугаар албан шаардлага нь дараахь байдлаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бөгөөд хууль бус захиргааны акт байна.

... Тус захиргааны актыг бүхэлд нь авч үзвэл ямар нэгэн байдлаар материаллаг хуулийн зохицуулалтыг огт хэрэглээгүй, албан шаардлагад дурьдсанаар сургуулийн дотуур байрны халаалтын төлбөрийг 2022 оноос эхлэн талбайн хэмжигдэхүүнээр тооцож, дулаан эрчим хүч үйлдвэрлэгч байгууллагатай байгуулсан гэрээг шинэчлэн хийж, төсвийг хэмнэлттэй зарцуулах гэх боловч захиргааны актыг гаргахдаа хуульд үндэслэх зарчмыг баримтлалгүй, ямар нэгэн хуулийн үндэслэлгүйгээр бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Дундговь аймгийн Лyyc сумын ерөнхий боловсролын сургууль болон манай компанийн хооронд байгуулагдсан гэрээ нь хувийн эрх зүйн гэрээний үндсэн дээр харилцан тохиролцож байгуулсан гэрээ болно.

Дундговь аймгийн Лyyc сумын ерөнхий боловсролын сургуульд хяналт шалгах явцад манай компанитай байгуулсан хувийн эрх зүйн гэрээг шинэчлэн, дахин байгуулах талаар гаргасан албан шаардлага гэж үзэж болохоор байгаа бөгөөд үүнээс үзвэл манай компани Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар захиргааны акт гаргах ажиллагаанд оролцогч байхаар, Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан “аудитад хамрагдагч” этгээд байна. Мөн энэхүү актын улмаас манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа юм.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй этгээдээс тайлбар, саналыг гаргуулах ажиллагааг огт явуулаагүй бөгөөд манай компанид уг албан шаардлага гарсан талаар хуульд заасан журмын дагуу огт мэдэгдээгүй. Хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болох ёстой бөгөөд манай байгууллагад мэдэгдээгүй тул хууль бус, хүчин төгөлдөр бус захиргааны акт юм.

Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 292 дугаар тогтоолоор батлагдсан “Аж ахуйн үйл ажиллагааны дүрэм”-ийн 5.3.1-д “Аливаа барилга байгууламж, орон сууц нь дулааны тоолуур суурилагдаагүй бол дулааны эрчим хүчний төлбөр тооцоог энэхүү дүрэмд заасны дагуу эзэлхүүн болон талбайн хэмжигдэхүүнээр гэрээний дагуу тооцно. Орон сууцны барилгыг ахуйн зориулалтаар нь ашиглаж, хүн амьдарч байгаа бол талбайн хэмжигдэхүүнээр, үүнээс бусад нөхцөлд эзэлхүүнээр тооцно” гэж заасан.

Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр нь Ерөнхий боловсролын сургуулийн барилга төлөвлөлтөд хамаардаг бөгөөд орон сууцны барилгын төрөлд хамаардаггүй. Орон сууцны барилгын төрөлд хамаарахгүй учраас ахуйн зориулалтаар ашиглаж, хүн амьдарч байгаа гэх шалгуураар нь талбайн хэмжигдэхүүнээр тооцох боломжгүй юм.

... Дээрх гэрээгээр тохиролцсоны дагуу төлж байгаа төлбөр нь зөвхөн дулааны системийн зардал буюу дулаанаар хангасан төлбөр. ... Иймд Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” 55/А 1270320 дугаар албан шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “*******” ХХК нь Луус сумын Ерөнхий боловсролын сургуультай 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс дулаанаар хангах гэрээ байгуулж, сургууль болон дотуур байрыг халаалтаар хангаж ирсэн.  Манай байгууллагын хувьд дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг авсан байгууллага. Гэрээнд зааснаар сургуулийн 3492, дотуур байрны 2828 метр куб газрыг халааж нийтдээ сард 8 сая гаруй төгрөгийг авдаг байсан. 2022 оны 2 дугаар сарын сүүлчээс дотуур байрны халаалтын төлбөрийг манайд дутуу шилжүүлж ирсэн. Яагаад дутуу шилжүүлээд байгаа талаар асууж тодруулахад Дундговь аймгийн Төрийн аудитын газраас албан шаардлага гарсан гэж хэлсэн. Энэ нь өнөөдөр бидний зүгээс хүчингүй болгуулах тухай 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” 55/А 1270320 дугаар албан шаардлага юм. Ингээд захирал бидэнд мэдэгдэж танилцуулснаар бид гэрээнд заасны дагуу төлбөрөө авч чадахгүй явж байна. Албан шаардлагатай танилцаж үзэхэд Луус сумын Ерөнхий боловсролын сургууль болон манай байгууллага хоёрын хооронд байгуулсан хувийн эрх зүйн гэрээнд хөндлөнгөөс оролцсон, эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэж сонсох ажиллагааг явуулах ёстой байсан. Гэвч мэдэгдэлгүй, сонсох ажиллагаа явуулалгүй албан шаардлагыг гаргасан. Ийм учраас энэ албан шаардлагыг хууль бус захиргааны акт гэж үзээд шүүхэд хандсан. Бид Үндэсний аудитын газарт гомдлоо гаргахад 2022 оны 5 сарын 2-ны өдөр захиргааны акт гаргахыг даалгасан шийдвэр гаргасан. Энэ шийдвэрт Угтахбаяр сонсох ажиллагааг явуулаагүй, хамрагдагч байгууллага болох манайд хариу мэдэгдээгүй, зохих журмаа баримтлаагүй гэдэг. Энэхүү албан шаардлага нь хэлбэрийн шаардлага болоод материаллаг эрх зүйн шаардлагыг хангаагүй. Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа хууль дээдэлж Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.8-т заасан үндэслэл бүхий байх зарчмыг баримтлаагүй. Мөн энэ хуулийн 48 дугаар зүйлд зааснаар хууль бус акт юм. Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд зааснаар холбогдох нотлох баримтыг цуглуулж, нөхцөл байдлыг тогтоогоогүй байна. Уг албан шаардлагад Аж ахуйн харилцааны дүрмийн 5.3.1-т зааснаар сургуулийн дотуур байрыг хүн амьдрах зориулалттай байр гэж үзээд квадрат метрээр тодорхойлсон байх ёстой гэсэн байдаг. Гэтэл сургуулийн дотуур байр орон сууц биш зөвхөн хүүхэд хөгжүүлэх байр юм. Мөн яг ямар хуулийн заалтыг баримтлаад метр квадратаар тооц гэсэн нь өөрөө үндэслэлгүй байна. 2022 оны 02 дугаар сард шалгаад метр квадратаар тооц гэж албан шаардлагыг өгсөн болохоос Дундговь аймгийн хэмжээнд сүүлийн 20 жил сургуулийн дотуур байрны тооцоог метр кубээр тооцож байсан. Сургуулийн дотуур байр нь хүн байнга амьдардаг орон сууцны зориулалттай биш. Энэ талаар Орон сууцны тухай хуулийн 3.1.2-т тодорхойлсон байдаг. Дотуур байр нь орон сууцны зориулалттай гэж гэрчилгээн дээр бичигдээгүй байдаг. Энэ бол сургуулийн нэг хэсэг, байнга хүн суурьшин амьдардаггүй газар.

Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 292 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Аж ахуйн харилцааны дүрэм нь нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ мөн үү гэдэг нь өөрөө асуудалтай. Хууль зүйн яамнаас зөвшөөрөл авсан эсэх нь тодорхойгүй учраас материаллаг хэм хэмжээг хэрэглээгүй. Бусад байгууллагууд хүлээн зөвшөөрсөн гэдэг нь маргаантай. Зарим байгууллагууд шүүхэд хандсан тохиолдол бий. Ерөнхий аудиторын 2020 оны 12-р сарын 9-ний өдрийн А/95 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам”тай бол маргаад байгаа зүйл байхгүй. 2018 онд энэ дүрэм нь үйлчилж байсан юм бол яагаад 2022 оноос өмнөх онуудад үүнийг хэрэгжүүлж байгаагүй юм бэ? Ямар ч байсан энэ компани тусгай зөвшөөрөлтэй. Хууль бусаар үйл ажиллагаа явуулсан гэж үзэхгүй. Луус сумын сургуультай анх хэзээ гэрээ байгуулсныг мэдэхгүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд албан шаардлагатай холбоотойгоор төлөөлж байгаа учраас энэ талаар судлаагүй, 2022 оноос өмнөх үйл явдлыг би мэдэхгүй. Албан шаардлагад тусгай зөвшөөрөлгүй гэдэг асуудал яригддаггүй. Мөнхбаатар гэдэг хүн энэ компанийн дулааныг хариуцсан инженер хүн. 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан гэрээ бол хүчин төгөлдөр гэж үзэж байна.  Дотуур байрнаас авах төлбөр багцаагаар сард 396000 төгрөгөөр багасна. Албан шаардлагатай холбогдуулан маргасны дараа өөр журмаар асуудлаа шийдвэрлүүлнэ. Мөн 1 сарын хэдний өдөр гэрээ байгуулсныг мэдэхгүй. Тусгай зөвшөөрөл бол гэрээнд заасан метр кубтэй хамаагүй. Гэрээ бол талуудын хооронд байгуулсан иргэний эрх зүйн гэрээ. Бид дулаан үйлдвэрлээд энэ хүмүүс дулаан өвөлжсөн. Дулааны тоолуур тавих арга хэмжээг авах талаар шаарддаггүй. Албан шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 37.1-д заасан 6 шинжийг бүгдийг агуулсан тул Захиргааны хэргийн шүүхийн маргаан мөн. Сөрөг үйлчлэл бүхий акт. Ашиг орлого 10 хувь буурснаар энэ компани дампуурлын ирмэгт хүрнэ. Иймд дээрх үндэслэлүүдээр албан шаардлагыг хүчингүй болгуулж өгнө үү” гэв.

7. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “ ... Тус аудитаар Луус сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны халаалтын төлбөрийг төсөв, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын халаалтын тарифаар тооцон шилжүүлсэн нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2-т /Батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих/, Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 292 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 5.3.1-т /Аливаа барилга байгууламж, орон сууц нь дулааны тоолуур суурилагдаагүй бол дулааны эрчим хүчний төлбөр тооцоог энэхүү дүрэмд заасны дагуу эзлэхүүн болон талбайн хэмжигдэхүүнээр гэрээний дагуу тооцно. Орон сууцны барилгыг ахуйн зориулалтаар нь ашиглаж, хүн амьдарч байгаа бол талбайн хэмжигдэхүүнээр, үүнээс бусад нөхцөлд эзлэхүүнээр тооцно/ заасныг тус тус зөрчсөн гэж үзэн, 2022 оноос эхлэн талбайн хэмжигдэхүүнээр тооцож, дулаан эрчим хүч үйлдвэрлэгч байгууллагатай халаалтын гэрээг шинэчлэн байгуулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу төсвийг хэмнэлттэй зарцуулахыг сургуулийн захирал Н.Долгоржав, няглан бодогч Ө.Ариунзаяа нарт даалган зөрчлийг таслан зогсоох албан шаардлага хүргүүлсэн. Албан шаардлагыг Луус сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал, нягтлан бодогч нарт 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр танилцуулж, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүргүүлсэн.

Луус сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Н.Долгоржав нь албан шаардлагыг ******* ХХК-д танилцуулж, гэрээг шинэчлэн, төлбөр тооцоо барагдуулах талаар хүсэлт тавьсан боловч өнөөг хүртэл гэрээг шинэчлэн байгуулаагүйгээс халаалтын төлбөрийг төлж барагдуулаагүй байна.

Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалаар баталсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам”-ын 10.1-т “Албан шаардлага, төлбөрийн акттай холбоотой хүсэлт, гомдол, мэдээллийг зохих журмын дагуу хянан үзэх бөгөөд илт хууль бус болон зөрчилтэй болох нь холбогдох нотлох баримтаар тогтоогдсон бол уг албан шаардлага төлбөрийн актыг Монгол Улсын Ерөнхий аудиторын шийдвэрээр бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно” гэж зааснаар Монгол Улсын Ерөнхий аудитор Төрийн аудитын газраас тогтоосон төлбөрийн акт болон албан шаардлагыг хүчингүй болгох зохицуулалттай. ******* ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр албан шаардлагыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Ерөнхий аудиторт гомдол гаргасан бөгөөд албан шаардлага нь илт хууль бус, зөрчилтэй болох нь тогтоогдоогүй тул Үндэсний аудитын газрын 2022 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн 01/1029 тоот албан бичгээр “Захиргааны зохих акт гаргах”-ыг Дундговь аймаг дахь *******т даалгасан. Түүний дагуу 2022 оны 05 сарын 20-ны өдөр *******а ХХК-д 55/А1270320 дугаар “3өрчил арилгах тухай” албан шаардлагыг танилцуулах мэдэгдэл хүргүүлж, 2022 оны 06 сарын 20-ны өдөр компанийн бие төлөөлөгчтэй уулзалт хийсэн. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэсэхгүй болгож, Төрийн аудитын газрын 55/А1270320 дугаар “Зөрчил арилгах тухай” албан шаардлагыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

8. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... Аудит хийх явцад холбогдох эрх бүхий байгууллагын журмыг баримтлахгүй гэрээ хэлцэл хийж төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байсан. Энэ нь метр квадратаар тооцох ёстой байсан хэмжээг метр кубээр тооцож төлбөрийг илүүтэйгээр авч байсан асуудал байсан учраас бидний зүгээс энэ зөрчлийг таслан зогсоох цаашид гаргахгүй  байх албан шаардлагыг гаргасан. Энэ нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2, Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 292 тогтоолын хавсралтаар батлагдсан Аж ахуйн харилцааны дүрмийн 5.3.1-д заасныг зөрчсөн. Луус сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2021 оны санхүүгийн баримтад шалгалт хийхэд ******* ХХК нь тусгай зөвшөөрөлгүй компани байсан. Төрийн аудитын байгууллага нь УИХ, Засгийн газар, эрх бүхий байгууллагаас баталсан дүрэм, журмыг хэрэгжүүлэгч байгууллага. Өөрөөр хэлбэл эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс тогтоосон метр квадратаар тооц гэсэн дүрмийг баримталсан. Төсөв захирагчид сонсох ажиллагааг хийж баримтжуулсан. Сургуулийн захирал, ерөнхий нягтлан нар нь албан шаардлагаас хойш ******* ХХК-тай уулзаж гэрээ контрактаа шинэчлэх, хууль журмын дагуу төлбөрөө өгөх талаар хэлэхэд тус компани нь шүүхэд хандсан тул төлбөрийн асуудлаа түр байзнаж байгаач гэж харилцан ярилцаж тохиролцсон гэсэн. Үндэсний аудитын газар энэ албан шаардлагыг хүчингүй болгох үндэслэл байхгүй байна гэж хариу мэдэгдсэн. Энэ албан шаардлагыг ганц Луус сумын сургуульд өгөөгүй Дундговь аймгийн хэмжээнд Сайнцагаан сумын сургуулийн дотуур байрыг халаалтаар хангаж байгаа бүх компанид хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсийн холбогдох албан тушаалтнуудаас тодруулахад Ган-Илч зэрэг компаниуд дотуур байрны хэмжилтээ хийгээд санхүү төрийн сангийн хэлтэстэй хамтран метр квадратаар шинэ төсвийн төслөө боловсруулсан юм билээ. Өөрөөр хэлбэл бусад халаалтын компаниуд манайхаас гаргасан албан шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгогдохоор байна.  Шүүх хуралд анх удаа орж байгаа учраас туршлагагүй зүйл байгаа байх. 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хууль зүйн сайд Х.Нямбаатар нь захиргааны хэм хэмжээний актад 1/627 дугаараар бүртгэлээ гэсэн баримт байдаг. Нэхэмжлэгч 292 дугаар дүрмийг баримталсан нь зөв үү гэж яриад байх шиг байна. Хэрэв энэ дүрмийг буруу гэж үзэж байгаа бол энэ дүрмийг гаргасан эрх бүхий байгууллагад хандах нь зөв байсан болов уу. Төрийн аудитын байгууллагууд жил бүрийн 1-р сарын 25-наас 02 дугаар сарын 25-ны хооронд Дундговь аймгийн хэмжээн дэх бүх төсвийн байгууллагуудын ерөнхий захирагч нарын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт хийж аудитаар баталгаажуулдаг. Бидний хувьд хүн хүчний байдлаас шалтгаалаад тухайн байгууллагын бүх ажиллагааг хамруулах боломжгүй байдаг. Тухайн үед ямар асуудал түлхүү байгааг судалж шалгалт хийдэг. Өмнөх онуудад дулааны хууль хэрэгжүүлэхтэй холбоотой асуудал гараагүй болохоор ийм асуудал үүсээгүй. Дотуур байр нь анхнаасаа хүүхэд амьдрах зориулалтаар баригдсан болохоор хүн амьдрах байр. Боловсролын байгууллагаас энэ талаар судалсан. Аудитын менежерт энэ тухай баримт байж магадгүй. Хэрэгт бол байхгүй. Бид ******* ХХК-тай үйлчилгээ үзүүлж буй төсвийн байгууллагыг шалгасан учраас төсвийн ерөнхий захирагчид үүрэг өгсөн. Энэ ч үүднээс ******* ХХК-д мэдэгдэх шаардлагагүй гэж үзсэн. Сүүлд Үндэсний аудитын газраас ирүүлсэн хариунаас үзэхэд сонсох ажиллагааг явуулах ёстой юм байна гэдгийг ойлгосон учраас сонсох ажиллагаа явуулаагүйгээ хүлээн зөвшөөрч байна.  Бид 2021 оны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөлгүй гэдэгтэй холбоотой. Ундармаатай бид уулзаж байгаагүй, сонсох ажиллагааг явуулахаар мэдэгдэхэд олоогүй. Ингээд Мөнхбаатар гэдэг хүн төлөөлөн уулзсан.  Тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсантай холбогдуулж мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавих ёстой. “Тайдама” ХХК-ийн эзэн нь Мөнхбаатар юм болов уу гэж ойлгосон. Ингээд бид Мөнхбаатартай уулзахад ерөнхийдөө танай актыг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ 292 дугаар тогтоолыг хүчингүй болгох зорилгоор шүүхэд хандсан гэж байсан.  Ашиг 10 дахин буурснаар дампуурна гэж байна. Тийм асуудал байхгүй. Би санхүүгийн мэргэжилтэй хүний хувьд мэднэ. Албан шаардлага хууль ёсны болов уу гэж бодож байна. Ийм учраас хэвээр үлдээж өгнө үү” гэв.   

ҮНДЭСЛЭХ НЬ:

  

1. Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон албан шаардлага болон дээрх маргааны үйл баримтын хүрээнд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ хувийн эрх зүйн гэрээнд хөндлөнгөөс оролцсон, бидэнд мэдэгдээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй. Үүнийг Үндэсний аудитын газар хүлээн зөвшөөрсөн. Мөн хэлбэрийн болоод материаллаг эрх зүйн шаардлагыг хангаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.8, 24, 25 дугаар зүйлүүдэд заасныг тус тус баримтлаагүй, зөрчсөн тул уг хуулийн 48 дугаар зүйлд зааснаар хууль бус акт юм. Сургуулийн дотуур байр орон сууц биш зөвхөн хүүхэд хөгжүүлэх байр...” гэж, хариуцагч “ сургуулийн дотуур байр хүн амьдрах зориулалттай. Иймээс талбайн хэмжигдэхүүнээр тооцож, гэрээг шинэчлэн хийж, төсвийг хэмнэх ёстой” гэж тус тус шаардлага ба татгалзлын үндэслэлээ тайлбарлаж, маргана.

2.Нэхэмжлэгчийн зүгээс Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” 55/А 1270320 дугаар албан шаардлагыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргадаг ч Тайдама ХХК нь үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй эсэх буюу эрх үүссэн үндэслэлд дүгнэлт өгөх нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх нөхцөл болно.

Учир нь хүн, хуулийн этгээдийн эрхийг захиргааны байгууллагын хууль бус шийдвэр, үйл ажиллагаанаас захиргааны хэргийн шүүх хамгаалах, зөрчигдсөн тохиолдолд сэргээн тогтоох үндэслэл нь маргаж буй захиргааны акт хууль зөрчсөн байх, тухайн маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол /хуулийн дагуу үүссэн буюу хууль ёсны/ зөрчигдсөн байх нөхцлийг хамтад нь хангасан байхыг шаардана.    

3. ******* ХХК нь 2020 оноос Дундговь аймгийн Луус сумын төвд дулаан үйлдвэрлэн албан газар, хувийн хэрэглэгч нарт дулаан түгээх үйл ажиллагаа явуулсан, мөн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тусгай зөвшөөрөл олгосон зэргээс дүгнэвэл тусгай зөвшөөрөл олгохоос өмнөх хугацаанд буюу 2020, 2021 онд нэхэмжлэгч компани Эрчим хүчний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Цахилгаан, дулаан үйлдвэрлэх, тусгай зөвшөөрлөөр хуулийн этгээдэд цахилгаан, дулаан үйлдвэрлэж, эрчим хүчний эх үүсвэрийг цахилгаан, дулаан дамжуулах, түгээх сүлжээнд холбох эрх олгоно”, 22 дугаар зүйлийн 22.4-т “Тусгай зөвшөөрөл нь түүнийг олгосон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. /Хавтаст хэргийн 1, 49-50-р хуудас/

4. Мөн тусгай зөвшөөрөл олгохоос өмнөх хугацаанд 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ******* ХХК-ийн захирал *******, Луус сумын сургуулийн захирал Н.Долгоржав нар дулааны эрчим хүчээр хангах тухай гэрээг 2022 оны 01-р сарын 01-ний өдрөөс 2022 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан байна. /Хавтаст хэргийн 37-40-р хуудас/

5.Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-т “аж ахуйн үйл ажиллагааны дүрэм батлах”, Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 292 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Аж ахуйн харилцааны дүрмийн 1.1-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч-Хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрмийн зорилго Эрчим хүчний тухай хуульд заасан дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчээс /цаашид “Хангагч” гэх/ хэрэглэгчийг дулаанаар хангахтай холбогдож үүссэн гэрээний нөхцөл, түүнд тавигдах шаардлага, үйлчилгээний түвшин, чанарын үзүүлэлт, төлбөр тооцооны нөхцөлийг тусгасан хэм хэмжээг тодорхойлоход оршино”, 1.2-т “Энэхүү дүрмийг хангагч, хэрэглэгч болон шинээр гэрээ байгуулахыг хүссэн иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө” гэж тус тус заажээ.   

6. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “2022 оны 1 сарын 10-ны өдөр байгуулсан гэрээгээр тохиролцсон нөхцлийн дагуу дулааны төлбөр cap бүр манай компанид шилжин орж ирж байсан. Энэ гэрээг  талууд өөр хоорондоо харилцан тохиролцож байгуулсан гэрээ. Тусгай зөвшөөрөл бол гэрээнд заасан метр кубтэй хамаагүй. Гэрээ хүчин төгөлдөр. Аудитын байгууллагаас гаргасан гэрээг шинэчлэн хийх тухай албан шаардлага нь хууль бус “ гэж маргадаг ч ******* ХХК-ийн хувьд тусгай зөвшөөрөл олгосны үндсэн дээр дээрх дүрмийн хүрээнд гэрээг байгуулах нь үндэслэлтэй юм.   

Нэгтгэн дүгнэвэл Тайдама ХКК нь тусгай зөвшөөрөл олгохоос өмнө Луус сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрыг дулаанаар хангаж, дулаан өвөлжүүлсэн хэдий ч энэ нь тус компанийг хуулийн дагуу үйл явуулсан гэж үзэх үндэслэл биш, өөрөөр хэлбэл 2020, 2021 онуудад Тайдама ХХК нь тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулсан нь баримтаар тогтоогдоогүй, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан гэрээ хүчин төгөлдөр гэх боловч гэрээг тусгай зөвшөөрөлгүй хугацаанд байгуулсан, нөгөө талаас хариуцагчаас Луус сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2021 оны санхүүгийн баримтад хийсэн шалгалтыг үндэслэн албан шаардлага гарсан гэх тайлбарыг гаргасан, уг албан шаардлага нь Луус сумын Ерөнхий боловсролын сургуульд зориулагдсан, ******* ХХК-д ямар нэгэн үүрэг даалгавар өгөгдөөгүй буюу хамааралгүй байх тул ******* ХХК нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байхаас гадна тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.

Түүнчлэн ******* ХХК-ийн захирал *******, Луус сумын сургуулийн захирал Н.Долгоржав нарын хооронд байгуулсан дулааны эрчим хүчээр хангах гэрээг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, шинээр байгуулах, эсхүл гэрээнд өөрчлөлт оруулах, эс оруулах нь  талуудын шийдвэрлэх асуудал бөгөөд дээрх тохиолдолд маргаан үүсвэл ердийн шүүхээр шийдвэрлэвэл зохино.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11, 13 дугаар зүйлийн 13.1, 22 дугаар зүйлийн 22.4-т заасныг тус тус баримтлан “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******гийн нэхэмжлэлтэй, Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор *******т хариуцагдах тус газрын “2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” 55/А 1270320 дугаар албан шаардлагыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод  хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт  заасны дагуу хэргийн  оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн  дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 В.ЦЭРЭНРАГЧАА