Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 209

 

Б.Б-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Ш.Эрдэнэбилэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 727 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 63 дугаар магадлалтай, 201525011918 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэлийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Хотгойд овогт Б.Б нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт заасан “Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Б-ыг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар 16 жил хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос Б.Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж,

-шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Б.Б-ыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

 -2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ыг 5 жил хорих ял шийтгэсүгэй” гэж,

-3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-т оногдуулсан 5 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Баярцэцэг, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, Б.Соёл-Эрдэнэ, Д.Золзаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Хэрэгсэхгүй болгосон хэргийг Улсын Ерөнхий прокурорын газраас сэргээж, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулсан боловч уг дүгнэлт нь үндэслэл муутайн зэрэгцээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчиж цуглуулсан нотлох баримт байна. Дүгнэлтийг гаргуулахдаа 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр шинжээч томилсон байх бөгөөд тухайн үед Эрүүгийн байцаан шийтгэх хууль үйлчилж байсан. Уг хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаас бусад тохиолдолд шинжээч томилсон тогтоолыг танилцуулах, яллагдагчид мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.12, 157 дугаар зүйлийн 157.1-т заасан эрхийг эдлүүлэх ёстой байдаг. Эдгээр эрхийг нь зөрчиж цуглуулсан нотлох баримт буюу 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 692 тоот шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт зааснаар нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болох ёсгүй.

Түүнчлэн 692 тоот дүгнэлт нь яллагдагчийн мэдүүлэгт үндэслэн гарсан болохоос шинжлэх ухааны үндэслэлтэй, тусгай мэдлэгт суурилсан дүгнэлт биш юм. Тийм учраас яллагдагчийг өөрийнх нь мэдүүлэгт үндэслэн ялласан гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т яллагдагч өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болно гэж заасан байдаг. Харин яллагдагчийн мэдүүлгийг хууль зөрчиж цуглуулсан ба мэдүүлэгт нь үндэслэн гаргасан шинжээчийн дүгнэлтээр батлагдсан гэж үзэж ял шийтгэл оногдуулах боломжгүй юм. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа хэлсэн саналдаа: “Давж заалдах шатны шүүхийн магадлалтай маргаагүй боловч ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа учир шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө  үү” гэв.  

Мөн шүүх хуралдаанд прокурор Ш.Эрдэнэбилэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч Б.Б нь 1 нас 8 сартай өөрийн төрсөн хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй байгааг нь мэдсээр байж ваннтай усанд толгойгоор нь дүрж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь бодит байдалтай нийцсэн.

Харин давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчилж ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Давж заалдах шатны шүүх хүүхдийн толгойг усанд дүрж 10-15 секунд байлгасан нь тогтоогдсон байна гэж дүгнэсэн атлаа хүүхдийн биеийг чийрэгжүүлэх зорилготой байсан гэж дүгнэн болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаагүй, хязгаарлаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн ба анхан шатны шүүхээс Б.Б-ыг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж алсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д зааснаар 16 жил хорих ял оногдуулжээ.

Харин давж заалдах шатны шүүх хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдэн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б-ын үйлдэлд хүүхдээ санаатайгаар алах гэсэн санаа зорилго тогтоогдоогүй, тэрээр 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 40 дүгээр гудамжны 228 тоот хашаанд байрлах нийтийн байрны 04 тоотод өөрийн 1 нас 8 сартай хүү Б.Анхбаярыг усанд оруулах явцдаа, ваннтай усанд толгойгоор нь дүрснээс тэрээр амьсгалын замын бүтэлтэд орж нас барсан нь бусдыг болгоомжгүй алах гэмт хэргийн шинжийг агуулсан гэж хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөхдөө Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Давж заалдах шатны шүүх Б.Б-т Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Баярцэцэг нар нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Л.Батсайханы 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон тогтоолтой /хх-161/ танилцаж гарын үсэг зурснаас гадна хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 692 тоот дүгнэлттэй 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр танилцсан тухайгаа баталгаажуулж гарын үсэг зурсан /хх-165, 166/ байна. 

Шинжээч эмч Ч.Эрдэмболор, Ж.Ганцэнгэл, Ц.Оюун-Эрдэнэ нарын гаргасан 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 692 дугаар дүгнэлтэд “Амь хохирогч Б.Анхбаяр нь амьсгалын зам усаар бөглөрснөөс үүссэн амьсгал бүтэлтийн улмаас нас баржээ.” /хх-162/ гэж амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Баярцэцэгийн өгсөн “… хүүхэд маань хөдөөнөөс ирснээс хойш нэг ч усанд ороогүй байсан болохоор би ажилдаа явахдаа “Хүүхдээ усанд оруулчихаарай” гэж захиж хэлээд үлдээсэн /2хх-8/” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Б-ын яллагдагчаар өгсөн “… хүүхдээ усанд бүхлээр нь толгойг нь хүртэл дүрж авахад хүүхдийн уушиг тэлж, ханиад хүрдэггүй, эрүүл чийрэг болдог гэдгийг хүнээс сонсож байсан. Иймээс хүүгээ ваннтай усанд толгойгоор нь түргэн хугацаанд булхуулсан…” гэх /1хх-101, 190/ мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэх, бүрэлдэхүүнтэй шинжээчдийн гаргасан 692 дугаар дүгнэлтийг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмыг зөрчиж гарсан гэж үзэх, түүнчлэн шүүгдэгч Б.Б нь өөрийн төрсөн хүүхдийг гэм буруугийн санаатай хэлбэрээр зориуд усанд живүүлж алсан, эсхүл амь хохирогч Ө.Анхбаяр нь усанд орох үедээ вирусын гаралтай архаг халдварын улмаас зүрхний үрэвслээр хүндэрч шууд нас барсан гэж үзэх нөхцөл байдал анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

Иймд “Хууль зөрчиж авсан яллагдагчийн мэдүүлэгт үндэслэн шинжээчийн дүгнэлт гаргасан Б.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэлийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэлээ.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 727 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 63 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэлийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН