Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2017/0195

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Б.Наранбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, хариуцагч Ж.Ганбат, гуравдагч этгээд Н.Батдорж нарыг оролцуулан хийж, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 111/ШШ2016/0031 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Наранбаатарын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дүгээр сарын 08-ны өдрийн 111/ШШ2016/0031 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсгийг тус тус баримтлан Б.Наранбаатарыг ажиллуулахгүй байгаа үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Б.Наранбаатарыг Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллуулахыг хариуцагчид даалгаж, 2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.13 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан “Б.Наранбаатарыг Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд буцаан томилохыг Баацагаан сумын Засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Миний бие Лус овогт Жаргалын Ганбат нь 1985 онд төрсөн, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн аймгийн Засаг даргын 474 дүгээр захирамжаар Баацагаан сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байна.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга Б.Наранбаатар нь Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, өмнө эрхэлж байсан сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажил, албан тушаалдаа эгүүлэн орох тухай нэхэмжлэлийг гаргаж, нэхэмжлэлийн дагуу Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сайнбилэг даргалж, нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг, нэхэмжлэгч Б.Наранбаатар, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал, хариуцагч Ж.Ганбат миний бие, гуравдагч этгээд Н.Батдорж нарын бүрэлдэхүүнтэй оролцсон шүүх хуралдаан нээлттэй зохион байгуулагдсан. Зохион байгуулагдсан хугацаа нь 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр.

Шүүх хуралдааны үр дүн нь Б.Наранбаатарыг Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллуулахыг хариуцагч Ж.Ганбат миний биед даалгасан шийдвэр гаргасан.

Ж.Ганбат миний бие шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөн хуулийн хугацаанд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж байна.

Учир нь Б.Наранбаатар нь Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргаар ажиллаж байгаа болно” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

Нэхэмжлэгч анх “Төрийн албаны тухай хууль тогтоомжийн дагуу урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах эрхээ сэргээн тогтоолгохыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг дарга Б.Наранбаатарыг ажилд авахгүй байгаа нь хууль бус тул үүнийг хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгох, Б.Наранбаатарыг Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд буцаан томилохыг Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргад даалгах” гэж өөрчилжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 53 дугаар захирамжаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Наранбаатарыг байгууллагын дотор мэргэжлийнх нь чиглэлээр сэлгэн ажиллуулахаар болж, мөн сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Батдоржийн 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 12 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Наранбаатарыг сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргаар сэлгэн томилжээ. Үүний дараа хариуцагч 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 45 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Наранбаатарын сэлгэн ажиллуулах хугацааг 1 жилээр сунгасан байна.

Нэхэмжлэгч 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр сэлгэн ажиллуулах хугацаа дууссан тухай хариуцагчид мэдэгдэж, хуулийн дагуу урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа орохыг хүсч өргөдөл гаргасан байх бөгөөд уг өргөдөл хариуцагчаас 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1/162 дугаар албан бичгээр “боломжгүй” гэсэн хариу өгчээ. Үүний дараа Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/609 дүгээр захирамж гарч Баацагаан сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Сэлгэн ажиллуулах тухай” 53 дугаар захирамжийг хүчингүйд тооцсон байна. Энэхүү аймгийн Засаг даргын захирамжид хэргийн оролцогчид маргаагүй байна.

Хариуцагч давж заалдах гомдлын үндэслэлээ “...Б.Наранбаатар нь Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргаар ажиллаж байгаа болно” гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т “Давж заалдах гомдолд дараахь зүйлийг тусгана” гээд 115.2.4-д “шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл ямар үндэслэл, заалтыг зөвшөөрөхгүй байгаа”, 115.2.5-д “гомдлын шаардлага” гэж тус тус заасан. Хариуцагчийн давж заалдах гомдол нь дээрх хуулийн шаардлагын хангаагүй байх боловч давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах эрхийг хязгаарлалгүй гомдлын хүрээнд шийдвэрийг хянасан болно.

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно”,  22.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно”, 22.З-д “Энэ зүйлийн 22.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах хугацаа дуусмагц түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авна” гэж тус тус заажээ.

Гэтэл нэхэмжлэгч Б.Наранбаатарыг Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргаар сэлгэн ажиллуулах хугацаа 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дууссан байх бөгөөд Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 дугаар 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/609 дүгээр захирамж[1]-аар Баацагаан сумын Засаг даргын “Сэлгэн ажиллуулах тухай” 2013 оны 53 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсон байна.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч Б.Наранбаатарыг сэлгэн ажиллуулах хугацаа дуусаж, түүнийг сэлгэн ажиллуулах захирамж хүчингүй болсон байхад нэхэмжлэгчийг урьд эрхэлж Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус гэж үзэхээр байна.

Мөн Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоонд зарласан сонгон шалгаруулалтад гуравдагч этгээд Н.Батдорж орж тэнцжээ. Анхан шатны шүүх энэ талаар “уг орон тоог сул орон тоо гэж үзэхгүй, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 22 дугаар зүйлийн 22.3-д заасныг тус тус зөрчиж, сул орон тоо үүсээгүй байхад сонгон шалгаруулалт зарлаж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, Н.Батдоржийг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилсон нь буруу” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагч Б.Наранбаатарыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах ёстой. Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн бичилт оновчтой биш ойлгомжгүй, хоёрдмол утгатай байх тул өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 111/ШШ2016/0031 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 22 дугаар зүйлийн 22.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б.Наранбаатарыг Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Б.Наранбаатарыг Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд томилохыг хариуцагч Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргад даалгасугай” гэж, 3 дахь заалтын дугаарыг 2 болгон тус тус өөрчилж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                                    ШҮҮГЧ                                                            Э.ХАЛИУНБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН

                                    ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР


[1] ХХ-ийн 70 дугаар хуудас