Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/183

 

Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Д,

шүүгдэгч К.Е нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Кн Ед холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

Монгол Улсын иргэн, М овогт Кн Е, 0000 оны 00 дугаар сарын 00-ны  өдөр Б аймгийн Ц тосгонд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Төрийн банкны Б аймаг салбарт ажилладаг гэх, ам бүл 5, ээж, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Б аймгийн Ө сумын 05 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:000000000.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч К.Е нь согтуурсан үедээ 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Б аймгийн Ө сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ө сумын цагдаагийн хэсгийн байрны гадна хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Иын албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, улмаар түүний нүүр тус газарт цохих, хувцсыг нь урах зэргээр хүч хэрэглэн хууль сахиулагчийг эсэргүүцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1.Шүүгдэгч К.Еаас мэдүүлэхдээ: “Тухайн үед нэлээн согтуу байсан. Намайг саатуулах ёсгүй гэж цагдааг эсэргүүцсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй” гэв.

2. Эрүүгийн 0000000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: цагдаагийн ажилтан Т.Иаас гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/, Ө сумын Засаг даргын тамгын газрын хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-06 дахь тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон бичлэг /хавтаст хэргийн 07-08 дахь тал/, цагдаагийн ажилтан Т.Иын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 09-16 дахь тал/, яллагдагч К.Еы согтуурлын зэргийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 29 дэх тал/, хохирогч Т.Иын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/, гэрч Ж.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/, шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай Х.Еын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 452 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 48-49 дэх тал/, яллагдагч К.Еы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 72-73 дахь тал/, хохирогч Т.Иын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 86 дахь тал/, шүүгдэгч К.Еы хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

3. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч К.Еы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

Хэргийн үйл баримтын талаар.

4. Шүүгдэгч К.Е нь согтуурсан үедээ 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Б аймгийн Ө сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ө сумын цагдаагийн хэсгийн байрны гадна хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Иын албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, улмаар түүний нүүр тус газарт цохих, хувцсыг нь урах зэргээр хүч хэрэглэн хууль сахиулагчийг эсэргүүцсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

4.1. Цагдаагийн ажилтан Т.Иаас гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,

4.2. Ө сумын Засаг даргын тамгын газрын хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-06 дахь тал/,

4.3. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон бичлэг /хавтаст хэргийн 07-08 дахь тал/,

4.4. Цагдаагийн ажилтан Т.Иын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 09-16 дахь тал/,

4.5. Яллагдагч К.Еы согтуурлын зэргийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 29 дэх тал/,

4.6. Хохирогч Т.Иын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Б аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагчаар 2022 оноос хойш ажиллаж байна. Миний бие 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр томилгооны дагуу 24 цагийн хугацаанд жижүүрийн хэсгийн байцаагчаар үүрэг гүйцэтгэсэн. Өглөө 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 06 цаг 40 минутын үед Цагдаагийн газрын жижүүрийн 00000000 тоот дугаартай утаснаас “Ө сумын 05 дугаар багийн иргэн К.Е нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна” гэсэн дуудлага өгсөн. Түүний дагуу гомдол, мэдээллийг хүлээн авч материалжуулсан. 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр К.Еы эхнэр Ж.Аээс мэдүүлэг аваад явуулсан бөгөөд Ж.А дахин орж ирээд “би мэдүүлгээ буцааж авмаар байна” гэж хэлэхээр нь би “тэгэх боломжгүй” гэж хэлээд шинжээч томилж явуулсан. Хохирогч Ж.А надад “би гомдлоо буцааж авмаар байна, надад хэцүү байна” гэж хэлсэн. Тэгээд холбогдогч К.Еыг саатуулах шаардлагатай байхаар прокурорт нь танилцуулж К.Еыг дуудахад хүрээд ирсэн. Тухайн үед К.Е архи уусан согтуу байсан. Холбогдогчийг саатуулах тогтоолоо бичиж үйлдээд цагдаагийн газрын саатуулах байранд Ө сумын цагдаагийн хэсгийн байрнаас машинтай хүргэх гэж машинд суух шаардлагыг тавьсан. Тэр үед К.Е “машинд суухгүй” гэж эсэргүүцэж зугтахаар нь түүний гараас барьж татах үед тэр надтай ноцолдож эхэлсэн. Ноцолдож байгаад намайг хэд хэдэн удаа цохиж биед маань халдсан учраас би түүнд Цагдаагийн албаны тухайн хуульд зааснаар биеийн хүч, тусгай мэх хэрэглэсэн. Биеийн хүч, тусгай мэх хэрэглээд холбогдогч К.Еыг газар унагааж гарыг нь ард нь өчиж байх үед баруун талын хуучин 5 давхрын байранд байрлах салоноос нэг хүн гарч ирээд гартаа байсан утсаар бичлэг, лайв хийж “Б аймгийн цагдаа хүний эрхийг зөрчиж байна, манай Хынхон орж ирээрэй, 58 хүн ороод ирлээ одоо 60 боллоо” гэж хэлсэн. Тэр үед би тэр хоёр эмэгтэйд “та нар зөвшөөрөлгүй бичлэг хийж болохгүй” гэж хэлсэн. Тэгж байх хооронд би Цагдаагийн газрын жижүүрийн 0000000 дугаар луу холбогдож цагдаа явуулаарай гэж хэлэхэд хэсэг хугацааны дараа жолооч цагдаа Т албаны фургон машинаар ирсэн. Бид хоёр холбогдогч К.Еыг эхнэр болох Ж.Аийн хамт албаны фургон машинд суулгаж Цагдаагийн газарт авч ирж эрүүлжүүлэх саатуулах байранд саатуулсан болно. Тэр үед холбогдогч К.Е нь машинд суухгүй миний хууль ёсны тавьсан шаардлагыг эсэргүүцэж, зугтах үед би түүнийг гараас нь барьж авсан. Тэр үед К.Е миний аман тус газар нэг удаа гараараа цохиж надтай ноцолдсон. Тэр үед би түүнийг барьж байхад тэр намайг дахин 2 удаа цохисон. Тэр үед би түүнд биеийн хүч, тусгай мэх хэрэглэж газарт унагааж дарж авсан. Тухайн үед К.Е надтай ноцолдсоноос болж миний өмд шороогоор бохирлогдсон байсан. Харин албан Поло футолкийн зах хэсэг, албаны хээрийн өмдний зүүн талын халаасны оёдол хэсгээр 2 см орчим урагдсан байна. Тухайн үед К.Е халамцуу байсан бөгөөд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь илт мэдэгдэж үнэртэж байсан.

... надад уг асуудлын улмаас албаны поло фудболкны зах хэсэг нь урагдсан. Өмдний зүүн талын халаасны оёдол 2 см орчим урагдсан. Өмдөө бол оёод авчихсан. Харин фудболкийг бол өсөж хэрэглэгдэхээргүй болсон бөгөөд 60.000 төгрөгийн үнэтэй байдаг түүнийг К.Е төлсөн. Уг хувцаснуудын үнэлгээг гаргах шаардлага байхгүй. Мөн надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34, 86 дахь тал/,

4.7. Гэрч Ж.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...нөхөр маань 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 06 цагийн үед архи ууж ирсэн үедээ амгалан тайван байдлыг маань алдагдуулж надад гар хүрэхээр нь би Ө суманд очиж гомдол гаргасан. Тухайн үед Ө сумын цагдаагийн хэсэгт Т.И гэдэг цагдаа байсан. Би очиж учир байдлаа хэлж гомдол гаргасан. Тухайн үед Т.И мэдүүлэг аваад явуулсан. Тухайн үед нөхөр маань гэртээ унтаж байсан. Т.И надад “би таныг дуудахад ирээрэй, би өдөр тийшээ дуудна” гэж хэлсэн. Тэгэхэд би гэртээ очиж байж байхад нөхөр маань надаас уучлалт гуйсан. Нөхөр бид хоёр хоорондоо учраа олоод би тухайн өдрийн 13 цагийн үед гаргасан гомдлоо буцааж авахаар дахин Т.И цагдаад очсон. Т.И цагдаа надад “за зүгээр, гэмтэл аваагүй бол гайгүй” гэж хэлээд надад шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол өгч явуулсан. Би шүүх эмнэлэгт очиж үзүүлээд ойр зуурын ажлуудаа амжуулаад орой гэртээ 18 цаг өнгөрч байхад очсон. Гэртээ очиход манай гэрт хүн байхгүй байсан. Нөхөр лүү утсаар залгахад нөхрийн маань гар утсыг цагдаа Т.И авсан. Т.И аваад надад “нөхөр чинь миний өрөөнд байна” гэж хэлсэн. Тэр үед би Ө сумын цагдаагийн хэсэгт ирэхэд цагдаагийн хэсгийн урд талд миний нөхөр К.Е, Т.И нар нь нэг нэгнийхээ захнаас барьж авсан байдалтай зогсож байсан. Тухайн үед нөхөр маань “би машинд суухгүй” гэж хэлж байсан. Би очиход Т.И надад “нөхөр чинь намайг цохисон” гэж уруулаа үзүүлсэн. Харин би миний нөхөр Т.Иыг цохисныг бол хараагүй. Би ирэхээс өмнө цохисон байж магадгүй гэж бодсон. Тэгэхэд Т.И миний нөхрийн захнаас барьж авад машинд суулгах гэж татаж чирээд, машинд шахаж түлхээд, тэгж байгаад газарт унагааж аваад миний нөхрийн толгойг газар луу нухаж нүүрээр нь газарт хэвтүүлсэн. Тэгээд миний нөхрийн гарыг нь мушгиж, дээр нь гарч өвдгөөрөө сууж авсан. Тэр үед нөхөр маань түүнд “би болилоо” гэж хэлсэн. Тэгээд Т.И боссон бөгөөд нөхөр гэр лүүгээ явна гэж явах гэж байхад араас нь хөөж очоод дахин түүний захнаас барьж аваад хавирч газар унагаасан. Газар унагаасны дараа Т.И миний нөхрийн толгой руу өвдгөөрөө өшиглөж толгойн нь газарт хүргэсэн. Дараа нь гарыг нь мушгиж өвдгөөрөө толгойн дээр гарч суусан. Би тэр үед “та хүн аллаа” гэж орилж хашхирсан. Тэр үед И боссон бөгөөд миний нөхрийн толгойны арьс нь шалбарч их цус гарч манарсан байдалтай газраас босож чадахгүй суучихсан юм. Нөхөр маань хэсэг сууж байсны дараа боссон бөгөөд би үхлээ гэж хэлсэн. Мөн И гарыг нь мушгиж толгойноос нь өвдгөөрөө дарж авахад миний нөхөр маш чангаар “үхлээ, гар хугарлаа” гэж орилсон. Нөхөр маань газраас босож чадахгүй хэсэг сууж байгаад арай гэж босоод Ө сумын цагдаагийн хэсгийн буланд очоод сууж амарсан. Тэр үед бас өөр цагдаа нар ирсэн бөгөөд тэр цагдаа нар бүгдээрээ миний нөхрийг аваад явсан. Тэр өдөр миний нөхрийг саатуулсан байсан" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

4.8. Шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай Х.Еын гаргасан 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 452 дугаартай “1. Иргэн Т.Иын биед дээд болон доод уруулын няцрал, баруун эгэм, баруун шуу, бугалганд цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 48-49 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.

5. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч К.Еы үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлтийг, шүүгдэгч К.Е нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг тус тус гаргасан болно.   

6. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв гэж үнэлэв.

Эрх зүйн дүгнэлт.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт: “-Энэ хуульд заасан "хууль сахиулагч" гэж цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно.” гэж, Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1. “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно” гэж тус тус заасан байна.

8. Тухайн хэргийн хувьд хууль сахиулагч Т.И нь хууль бус үйлдлээ таслан зогсоохыг шаардаж хууль ёсны шаардлага тавихад шүүгдэгч К.Е нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн үйл баримт бүрэн тогтоогджээ.

9. Шүүгдэгч К.Еы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн шинжийг агуулж байна.

10. Иймд улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч К.Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

11. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч К.Еы согтуурсан байдал шууд нөлөөлсөн гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

13. Хохирогч Т.И нь мөрдөн шалгах ажиллагааны үед “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 60.000 төгрөгийг төлж өгсөн, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч К.Е энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

14. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч К.Ед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” дүгнэлтийг,

15. Шүүгдэгч К.Еаас “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эхнэр маань өвчтэй Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэхээр явна. Эхнэр маань хөхүүл хүүхэдтэй. Мөн Дорноговь аймагт ажил хийхээр явна. Ар гэрийн маань нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгөхийг хүсье.” гэх тайлбарыг тус тус гаргасан болно. 

16. Шүүхээс шүүгдэгч К.Ед эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

17. Шүүгдэгч К.Ед эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон байх ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч К.Е урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

18. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1. “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.

19. Шүүгдэгч К.Е нь хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлсөн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэгт тус тус нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, шүүгдэгч К.Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож, түүнд 2.800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.  

20. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4. “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” зааснаар шүүгдэгч К.Ед оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй .

21. Энэ хэрэгт шүүгдэгч К.Е нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй,  шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.   

22. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг СД-ийг эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалах нь зүйтэй.

23. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч К.Ед урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  М овогт Кн Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Еыг 2.800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ед оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Е нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч К.Е нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг СД-ийг эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч К.Ед урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч К.Ед авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

     

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ