| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2024/0157/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/216 |
| Огноо | 2024-09-19 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.П |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/216
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.П-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А-,
Шүүгдэгч А.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.П-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт А-ийн А-ад холбогдох эрүүгийн 2313002590307 дугаартай хэргийг хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2.... оны ... дугаар сарын ...-ний өдөр, Баян-Өлгий аймгийн Б- суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Б- сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар ял оногдуулахыг тэнцэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсэн, мөн тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/09 дугаар шийтгэх тогтоолоор 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Ж овогт А-ийн А-, регистрийн дугаар БВ.......;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.А- нь 2023 оны 07 дугаар сарын 15-наас 07 дугаар сарын 16-нд шилжих шөнө тус аймгийн Б- сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын тамгын газрын байрны нэг давхрын хойд талын цонхоор нь орж, эд зүйл хадгалах өрөөний хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, дотор нь байсан “Мустанг-5” загварын, улсын дугааргүй, ........................... арлын дугаартай, цэнхэр өнгийн мотоциклийг нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас Б- сумын Засаг даргын тамгын газарт 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал, дүгнэлт:
1. Улсын яллагч М.П- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Мотоциклийг бүрэн хүлээлгэж өгсөн тул хохирлын талаар маргаангүй. Хохирогч нь хохирлын талаар баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй.” гэв.
2. Шүүгдэгч А.А- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тус аймгийн Б- сумын Засаг даргын тамгын газрын цонхноос нь орж мотоциклийг сонирхож авсан. Нагац ахынхаа гэрт сүү авахаар очсон. Мотоцикл эвдэрсэн ба тухайн үед цагдаагийн албан хаагч аавын хамт ирж мотоциклийг авч явсан. Тухайн өдрийн орой мэдүүлэг өгсөн. Миний буруу, Мотоциклийг 2 удаа хулгайлсан” гэв.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Гэм буруугийн маргаангүй. Сонирхлоороо мотоциклыг хулгайлсан байна. Хөдөө очих үед дугуй нь хагарах үед цагдаа нар аавын хамт очсон байна. Шүүгдэгч бусадтай бүлэглэж хулгай хийсэн талаар яриагүй. Шүүгдэгчийн эрх зүйн байдал доордож байна. 2024 оны 01 дүгээр сард ял шийтгэгдсэн. 2023 оны 7 дугаар сард энэ хэргийг үйлдсэн байна. Энэ гэмт хэргийг үйлдсэн нь шалгагдсан боловч хэрэг нь ирээгүй байсан. Манаачийн хариуцлагагүй байдал харагдаж байна. Хохирогч талын буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэж байна. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Эрүүгийн 2313002590307 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд, Улсын яллагчаас:
4. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 06-14 дэх тал/,
5. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 15-19 дэх тал/,
6. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 22 дахь тал/,
7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-37 дахь тал/,
8. Гэрч М.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,
9. Гэрч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,
10. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ны 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1439 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 49-53 дахь тал/,
11. Орлогын баримт, Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, гүйцэтгэх баримт бичигт зааан хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх тухай тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 90-92 дахь тал/,
12. Шүүгдэгч А.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 75 дахь тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
13. Харин шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хавтаст хэргээс нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
14. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
15. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч А.А-ад холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
16. Шүүгдэгч А.А- нь 2023 оны 07 дугаар сарын 15-наас 07 дугаар сарын 16-нд шилжих шөнө тус аймгийн Б- сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын Тамгын газрын байрны нэг давхрын хойд талын цонхоор нь орж, эд зүйл хадгалах өрөөний хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, дотор нь байсан “Мустанг-5” загварын, улсын дугааргүй, ........................... арлын дугаартай, цэнхэр өнгийн мотоциклийг нууцаар, хууль бусаар хулгайлсан гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
17. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 06-14 дэх тал/,
18. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 15-19 дэх тал/,
19. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл //хавтаст хэргийн 22 дахь тал/,
20. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 17 цагийн үед ажил руу Засаг даргын Тамгын газрын сахиул Ү.М-тэй хамт ажил дээр ирэхэд Тамгын газрын байрны гадна талын хаалга онгорхой байсан болохоор дотогш орж шалгахад нэг давхрын хойд талын цонх онгорхой байхаар нь өрөөнүүдийн хаалгыг шалгаж үзэхэд эд зүйл хадгалах өрөөний хаалга онгорхой хаалганы рамын цоож тогтоодог хэсгийн мод нь хугарч газар унасан байдалтай байсан. Нэг давхрын хойд талын цонхноос хулгайч орсон эд зүйл хадгалах өрөөнөөс эд зүйл хулгайлсан юм шиг байна гэхээр нь сахиул Ү.М-ийн хамт ирж эд зүйл хадгалах өрөөнд байсан Мустанг-5 загварын, улсын дугааргүй, ........................... арлын дугаартай мотоцикль хулгайд алдагдсан болохоор нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Би уг мотоциклийг бүрэн бүтэн хүлээж авлаа надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжпэх зүйл байхгүй болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-37 дахь тал/,
21. Гэрч М.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 17 цаг 05 минутын үед ажлын газар дээр Засаг даргын тамгын газрын хууль эрх зүй хариуцсан ажилтан С.М-гийн хамт очиход гадна талын хаалга нь онгорхой байсан. Тэгээд бид хоёр дотогш ороод үзэхэд нэг давхрын коридорын цонх онгорхой байсан болохоор нь өрөөнүүдийн хаалгыг шалгаж үзэхэд эд зүйл хадгалах өрөөний хаалга онгорхой хаалганы рамын цоож тогтоодог хэсгийн мод нь хугарч газар унасан болохоор хулгайч эвдэн орсныг мэдэж, Мишатай хамт эд зүйл хадгалах өрөөг үзэхэд дотор нь байсан Мустанг-5 загварын, улсын дугааргүй, цэнхэр өнгийн мотоцикль алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,
22. Гэрч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....2023 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 13 цагийн үед манай гэрт А.А- ирж ах миний мотоциклийг янзлаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би А.А-тай хамт очиж үзэхэд сумын төв хэсэгт ойролцоо хуучин ашиглагдаагүй дэлгүүрийн амбаар дотор Мустанг-5 загварын цэнхэр өнгийн мотоцикль байсан. Тэгээд би А.А-т энэ чинийх юм уу гэж асуухад энэ миний мотоцикль байгаа юм аа асахгүй болоод ийшээ оруулаад тавьсан гэж хэлсэн. Тэгээд уг Мустанг-5 загварын мотоциклийг шалгаж үзэхэд асаалтын системийн тог нь салсан байсан ба тэрийг би янзалж өгч яваад өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,
23. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ны 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1439 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 49-53 дахь тал/,
24. Орлогын баримт, Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, гүйцэтгэх баримт бичигт зааан хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх тухай тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 90-92 дахь тал/,
25. Шүүгдэгч А.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би энэ хэргийг 2023 оны 07 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө ганцаараа Б- сумын Засаг даргын тамгын газрын эд зуйл хадгалах өрөөний гадна талын салхивчийг онгойлгож ороод өрөөний хаалгыг өшиглөж онгойлгон мотоциклээ авч гарсан юм. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” мэдүүлэг /хавтаст хэргийн 75 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрх зүйн дүгнэлт:
26. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүхээс үнэллээ.
27. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заажээ.
28. Шүүгдэгч А.А- нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдад мэдэгдэлгүй үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нууцаар орсон, хэн нэгэн хүнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан өмчийн эзэд нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй, хууль бусаар нэвтрэх аргаар бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн дээрх баримтуудаар нотлогдож байна.
29. Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах боломжтой болсноор уг хэрэг үйлдэгдэж дууссанд тооцдог. Шүүгдэгч нь хууль бусаар олсон эд зүйлсийг өөрийн дураар захиран зарцуулсан буюу унаж хэрэглэж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул дээрх хууль бус үйлдэл нь төгссөн гэмт хэргийн шинжийг агуулж байна.
30. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч энэ гэмт хэргийг хүсэж, шунахайн сэдэлтээр, санаатай үйлдсэнээр хохирогч Баян-Өлгий аймгийн Б- сумын Засаг даргын Тамгын газарт 500.000 төгрөгийн хохирол учирсан байна гэж үзлээ.
31. Шүүгдэгч нь Б- сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын Тамгын газрын байрны нэг давхрын хойд талын цонхоор нь орж, эд зүйл хадгалах өрөөний хаалганы цоожийг эвдэж, хууль бусаар, нууцаар нэвтрэн орж “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг байр нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хамаарна.
32. Шүүгдэгч А.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
33. Мөн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэмт хэргийн тайлбараас үзвэл, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хохирлын хэмжээ хэд байхаас үл хамаарч хүндрүүлэх нөхцөл байдалтай хулгай хийсэн гэж үзнэ.
34. Иймд шүүгдэгч А.А-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
35. Гэмт хэрэг гарахад хохирогч байгууллагын эд хөрөнгөө тогтмол хараа хяналтгүй орхисон байдал, шүүгдэгчийн хууль зүйн ухамсар, ёс суртахууны хүмүүжил дутмаг байдал, дохиолол, камержуулалт байхгүй зэрэг хохирогч байгууллагын эд хөрөнгөө хамгаалах хамгаалалт сул байдал нөлөөлсөн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
36. Шүүгдэгч А.А-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Баян-Өлгий аймгийн Б- сумын Засаг даргын Тамгын газарт 500.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ны 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1439 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 49-53 дахь тал/-ээр тогтоогдож байна.
37. Шүүгдэгч А.А- нь дээрх хулгайд алдагдсан мотоциклийг хохирогч байгууллагад биет байдлаар буцааж өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 22 дахь тал/-ээр тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
38. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/09 дугаартай шийтгэл тогтоолоор 3 жил 6 сарын хорих ял авсан. Нийтдээ эдэлсэн ял нь 8 сар 10 хоног ба 2 жил 9 сар 20 хоног үлдсэн. 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Баян-Өлгий аймгийн цагдан хорих байранд хоригдож байгаа. 50 хоног эдэлсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно“ гэж заасан. Нийт эдлэх ялыг 4 жил 10 сарын хугацаагаар тооцох нь зүйтэй байна.” гэх дүгнэлтийг,
39. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Улсын яллагчаас ялын доод хэмжээг санал болгож байна. Шүүхээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг доордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулж өгөхийг хүсэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг баримтлан шийдвэр гаргаж өгөхийг хүсье” гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн болно.
40. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.А-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
42. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
43. Шүүхээс шүүгдэгч А.А-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
44. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна” гэж заажээ.
45. Шүүгдэгч А.А-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэв.
46. Шүүгдэгч А.А- урьд нь ял шийтгүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/09 дугаар шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байгаа ба шүүгдэгчийн уг хэрэгт ял оногдуулахаас өмнө дээрх гэмт хэрэг нь илэрч прокуророос ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэгдсэн мөртлөө дээрх шийтгэх тогтоол гарахаас өмнө нэмж нэгтгэж шийдвэрлэхгүйгээр ялтны эрх зүйн байдлыг дордуулсан нөхцөл байдал тогтоогдсон тул шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа уг нөхцөл байдлыг харгалзан үзэж ял оногдуулсныг тэмдэглэх нь зүйтэй байна.
47. Шүүгдэгч А.А- нь тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/09 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгүүлжээ.
48. Шүүгдэгч А.А- нь дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурван/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаас 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар 2 /хоёр/ жил 9 /есөн/ сар 20 /хорь/ хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан ялын тооцоо /хавтаст хэргийн 110 дахь тал/-оор тогтоогдож байна.
49. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж зааснаар шүүгдэгч А.А-ад тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурван/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил 9 /есөн/ сар 20 /хорь/ хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 3 /гурван/ жил, 10 /арван/ сар, 20 /хорь/ хоногийн хугацаагаар тогтоохоор шийдвэрлэлээ.
50. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасныг удирдлага болгон дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч А.А-ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
51. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/291 дугаар захирамжаар шүүгдэгч А.А-ыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-хорих 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорих байранд 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл шилжүүлэн цагдан хорьсон бөгөөд өнөөдрийн байдлаар 51 /тавин нэг/ хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ын цагдан хоригдсон 51 /тавин нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
52. Энэ хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж байна.
53. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч А.А-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт А-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.А-ыг 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.А-ад тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 /гурван/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил, 9 /есөн/ сар, 20 /хорь/ хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 3 /гурван/ жил, 10 /арван/ сар, 20/ хорь/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ад оногдуулсан 3 /гурван/ жил, 10 /арван/ сар, 20/ хорь/ хоногийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ын энэ хэргийн улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон 51 /тавин нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК