Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/76

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгч С.Г нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт С-ын Гт холбогдох 2340000000047 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны ... дугаар сарын ...-ний өдөр Хэнтий аймгийн ....суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл ....хамт Хэнтий аймгийн ... сум ... дүгээр баг ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, .... регистрийн дугаартай Т овогт С-ын Г.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө 23 цагийн орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” гэх баарны гадаа хохирогч Ц.Г-этэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар пивоны шилээр, нүүр, толгой хэсэгт гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

 

Хохирогч Ц.Г-ийн Би тухайн өдөр найз болох О, З гэх 2 найзын хамтаар 21 цаг нилээн өнгөрөөгөөд караокед сууцгаасан. Бид 3 ороод 6 лаазтай 0.5 литрийн пиво авсан. Тэрийгээ ууж байхад манай хамт орсон 2 найзын найзууд нь ирсэн гээд М баарны зааланд ороод сууцгаая гээд орсон. Ороод бид хэд "Ауруг" нэртэй 0.75 литрийн архийг зургуулаа хувааж уусан. Би архийг нь талдаа орж байхад би гараад нойл ороод эргээд ортол зааланд миний таньдаг залуу байхаар нь очоод юм яриад зогсож байхад Г гэх залуу ирээд чи хэн юм манай ширээнд юу хийж байгаа юм гэхээр нь би таньдаг хүнтэйгээ юм ярьж байна гэсэн чинь чи эндээс зайл гээд л аягүй хэгжүүрхээд байсан. Тэгснээ шууд хоёулаа гараад уулзъя гээд намайг дагуулаад гарсан. Гадаа гартал хамт явсан залуучууд нь хамт гарч ирээд тэгээд бүгд тойрч зогсоод чи яадаг болсон юм яах гээд байгаа юм гээд бүгд хэл амаар өдөөд яриад зогсож байхад манай ажлын эгч А, Д нар ирээд чи муудаад байгаа юм уу юу хийгээд байгаа юм та нар олуулаа ганц хүн дээрэлхээд байгаа юм уу гээд намайг машинд суучих хүргээд өгье гээд дагуулаад явах гэтэл шууд хажуу талаас Г гэх залуу ууж байсан пивоныхоо шилээр миний зүүн шанаа хэсэгт нэг удаа цохисон. Цохиултал шил нь хагараад газарт унаад би толгой эргээд шууд газар унасан. Унатал миний нүүр лүү Г нь цохиод баруун нүд хөх болгоод бас уруул хэсэгт дахиад нэг удаа цохисон. Манай ажлын хоёр эгч салгаад машиндаа суулгаад намайг цусаа тогтоож байх хооронд А, Д эгч нар цагдаа дуудсан байна лээ. Би цагдаа иртэл нөгөө залуучууд зугтаагаад араас нь цагдаа хөөгөөд яваад өгөхөөр нь би эмнэлэг явсан. Миний баруун нүд хөхөрсөн. Уруул сэтэрч 3 оёдол тавиулсан Зүүн хацар зүсэгдэж 3 оёдол тавиулсан. Миний духны зүүн дээд хэсэг шалбарсан шархтай байна. Би оёдол тавиулаад шархаа цэвэрлүүлээд л ирлээ. Одоогоор яг хийлгэсэн эмчилгээ алга. Одоогоор зардал гараагүй байна. Цаашдаа эмчилгээ хийлгээд баримтаа цуглуулаад гаргуулж авна. " гэх мэдүүлэг (хх-ийн 5-6-р хуудас)

Гэрч Б.Л-гийн ...Сүүлд гадаа гараад хартал Г, Г-э хоёр салаад больцгоосон. Би тэнд байсан нэг залуутай юм яриад урд захад зогсож байхад гэнэт л шил хагарах чимээ гарахаар нь хартал Г-э тонгойгоод Гыг тэврээд авч байсан. Би хараад яваад очтол хамт газарт унахаар нь би Гыг татаад салгаад босгоод ирэхэд Г-э босоод ирсэн. Тэгтэл цагдаа нар яваад ирсэн. Ирээд Гыг авч яваад тэгээд Г-ийг харахад нүүр нь цус болчихсон байсан. " гэх мэдүүлэг (хх-ийн 8-9-р хуудас)

Гэрч Б.Аын ...Тэгтэл Г-э нилээн согтсон байсан учраас тэр хүмүүстэй муудаад машинд суухгүй үгэнд орохгүй байсан. Тэгээд Г гэх залуутай зууралдаад газар унахад Г дээр нь гараад дээрээс нь цохиод байх шиг байсан. Би яг хаана нь цохисныг бол мэдэхгүй байна. Д бид 2 очоод салгаад босгоод машин руугаа авч яваад дахиад машинд суучих гэхэд суухгүй дахиад өөрөө очоод Гтай муудаад байсан. Арай гэж дахиж очоод явъя гээд дагуулаад явж байхад Г араас нь алхаж ирээд толгой руу ууж байсан Эсса нэртэй пивоны шилээр цохисон. Тэр дороо шил нь хагарсан. Би тэгэхээр нь цагдаа дуудаад тэгээд цагдаа ирэхээр нь болсон асуудлыг хэлээд Г-ийг эмнэлэг рүү дагуулаад явсан. " гэх мэдүүлэг (хх-ийн 11-12-р хуудас)

Гэрч Б.УуГын ...Тэгтэл хоёр эмэгтэй хүн ирээд тэр залууг машинд суу гээд суулгах гээд байхад Г гэх залуу суухгүй өөдөөс нь Г ууж байсан пивоныхоо шилээр нэг удаа толгой хэсэгт нь цохиод зууралдаад газарт унасан. Г газарт унагаад дээрээс нь нэг цохиод би чамайг ахиж цохихгүй гэтэл нөгөө эгч нар салгаад босгосон.” гэх мэдүүлэг (хх-ийн 14-15-р хуудас)

 

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 44 дугаартай  дүгнэлтэд

 

1. Ц.Г-ийн биед зүүн хацар, доод эрүүний хэсгүүдийн зүсэгдсэн шарх, доод уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи болон доод уруулын дотор салстын цус хуралт, духны зүүн хэсэг, зүүн нүдний гадна хажуу хэсэг, зүүн чамархай, бүсэлхийн зүүн хажуу хэсгүүдийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. (хх-н 21-22-р хуу)

 

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би Г-ийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хх-н 33-34-р хуу) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

Шүүгдэгч С.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Г-э нь “хохирол 800,000 төгрөг авсан нь үнэн болно” гэх хүсэлтийг (хх-н 55-р хуу) гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 6 сарын хугацаанд  хэсэгчлэн төлүүлэх” санал нь хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч С.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн       5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Т овогт С-ын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гт оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл С.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ            ШҮҮГЧ                            Р.БАТБАЯР